| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
| Хэргийн индекс | 128/2025/0148/З |
| Дугаар | 221/МА2025/0475 |
| Огноо | 2025-07-04 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 221/МА2025/0475
“О******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: шүүгч Н.Хонинхүү
Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Г.Билгүүн
Илтгэгч: шүүгч Э.Лхагвасүрэн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С*******
Нэхэмжлэгч: “О******* ББСБ” ХХК
Хариуцагч: Санхүүгийн зохицуулах хороо
Нэхэмжлэлийн шаардлага: Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 86 дугаар тогтоолыг илт хууль бус акт болохыг тогтоолгох
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 128/ШШ2025/0274 дүгээр шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С*******
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Чулуунцэцэг
Хэргийн индекс: 128/2025/0148/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “О******* ББСБ” ХХК-иас Санхүүгийн зохицуулах хороонд холбогдуулан “Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 86 дугаар тогтоолыг илт хууль бус акт болохыг тогтоолгох”-оор маргасан.
2.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 128/ШШ2025/0274 дүгээр шийдвэрээр:
“Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3, 6.2.1, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2, 19.2.4, Зөвшөөрлийн тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 6.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Оаквүүд капитал ББСБ” ХХК-иас Санхүүгийн зохицуулах хороонд холбогдуулан гаргасан “Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 86 тоот тогтоолыг илт хууль бус акт болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
3.Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С******* дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1.“...Манай компани нь 2017 оноос банк бус санхүүгийн байгууллагын чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 419 дүгээр тогтоолоор манай компанийн санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлж мөн 2024 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 86 дугаар тогтоолоор тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосныг эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т заасны дагуу тус 86 дугаар тогтоолыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-т заасан “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэж үзэн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Ингэхдээ бидний хувьд хариуцагч нь хариуцлага тооцохдоо Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйл 19.3-т заасан “Энэ хуулийн 19.2-т дурдсан арга хэмжээг авахдаа адил зөрчилд адил арга хэмжээ авах зарчмыг баримтлах бөгөөд эдгээр арга хэмжээг хэрэгжүүлэх журмыг Санхүүгийн зохицуулах хороо батална” гэснийг тус тус зөрчсөн гэж үзэж байгаа юм.
Анхан шатны шүүхээс холбогдох нотлох баримтуудыг үнэлсэн ч хариуцагчийн шийдвэр гаргах эрх, хуулийн үндэслэлийг бүрэн авч үзээгүй буюу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.5-т заасан шүүх хэрэглэх ёсгүй хуулийг, эсхүл хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байгаа юм.
Анхан шатны шүүх шийдвэрийн 2.7-д хариуцагчийн эрхийг шалгахдаа Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль, Банк бус санхүүгийн байгууллагын тухай хууль, Зөвшөөрлийн тухай хуулиас зөвхөн ерөнхий олгосон эрхийг дурдсан. Гэтэл Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т “Энэ хуулийн 19.2-т дурдсан арга хэмжээг авахдаа адил зөрчилд адил арга хэмжээ авах зарчмыг баримтлах бөгөөд эдгээр арга хэмжээг хэрэгжүүлэх журмыг Санхүүгийн зохицуулах хороо батална” гэсэн байх ба үүнийг зохицуулж буй “Банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаанд эрсдэлд суурилсан хяналт шалгалт хийх журам”-аас 6 болон 7 дугаар зүйл заалтууд буюу тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сэргээх, мөн хүчингүй болгох бүх зохицуулалт хэсгүүд нь Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 381 дүгээр тогтоолоор хүчингүй болсон юм.
Журмаас тус хэсгүүд хүчингүй болсноор хариуцагч зөвхөн хуульд заасан ерөнхий зохицуулалтуудыг хэрэглэх нөхцөлд хүрч байгаа ба Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 19.3-т “Энэ хуулийн 19.2-т дурдсан арга хэмжээг авахдаа адил зөрчилд адил арга хэмжээ авах зарчмыг баримтлах” гэж тусгайлан заасныг баримтлаагүй гэж бид үзэж байгаа юм.
Хэрэгт авагдсан баримтууд, хариуцагчийн тайлбар нь бүхэлдээ хяналт шалгалт хийхэд тухайн байршилд үйл ажиллагаа явуулж байгаа нь нотлогдоогүй буюу өмнө тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн ижил зөрчилд энэ удаад хүчингүй болгосон шийдвэр гаргасан нь дээр дурдсан зарчмыг баримтлаагүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангасангүй.
1.Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлд зааснаар Санхүүгийн зохицуулах хорооноос банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх этгээдэд хяналт тавьж, шалгалт хийх эрхтэй бөгөөд хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийн шинжээс хамаарч:
19.2.1.бичгээр, эсхүл цахим хэлбэрээр сануулах, зөрчлийг арилгах талаар хугацаатай үүрэг, даалгавар өгөх;
19.2.2.зөвшөөрлийг түдгэлзүүлэх;
19.2.3. гүйцэтгэх захирлыг өөрчлөх, түүнд хариуцлага тооцох талаар банк бус санхүүгийн байгууллагын төлөөлөн удирдах зөвлөлд санал оруулах;
19.2.4.зөвшөөрлийг хүчингүй болгох арга хэмжээ авахаар хуульчилсан, харин давж заалдах гомдлын гол үндэслэл болгосон энэ зүйлийн 19.3 дахь хэсгийн “Энэ хуулийн 19.2-т дурдсан арга хэмжээг авахдаа адил зөрчилд адил арга хэмжээ авах зарчмыг баримтлах бөгөөд эдгээр арга хэмжээг хэрэгжүүлэх журмыг Санхүүгийн зохицуулах хороо батална” гэснийг нэг компанийн тухайд бус харин 2 буюу түүнээс дээш компаниудын хувьд адил төрлийн зөрчилд ялгавартайгаар хариуцлага хүлээлгэж болохгүй, жишээлбэл адил зөрчилд заримынх нь тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлж, заримынх нь зөвшөөрлийг хүчингүй болгохгүй байх гэсэн агуулгаар тайлбарлана, гэтэл энэ тохиолдолд Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 419 дүгээр тогтоолоор нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг 3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж, улмаар одоогийн маргаан бүхий тогтоолоор банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосныг адил зөрчилд өөр, өөр арга хэмжээ авсан гэж буруутгах, энэ үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй.
Учир нь “Оаквүүд капитал” ХХК нь Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 2017 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр анх авснаас хойш үйл ажиллагаа явуулаагүй, тухайлбал 2022 оны 1 дүгээр улирлаас 2023 оны 1 дүгээр улирлыг дуусталх нийт 5 улирлын зохист харьцааны шалгуур үзүүлэлтийн тайлангаар нийт актив 2.6 тэрбум төгрөгийг 100 хувь бэлэн мөнгөөр тайлагнасан зэргээс шалтгаалж газар дээрх хяналт шалгалт явуулсан боловч Хороонд бүртгэлтэй хаягтаа үйл ажиллагаа эрхлээгүй нөхцөл байдал тогтоогдсонтой холбогдуулан 2023 оны 419 дүгээр тогтоолоор тусгай зөвшөөрлийг 3 сарын хугацаатай түдгэлзүүлсэн, гэтэл энэ хугацаанд компанийн хаяг, гүйцэтгэх захирлын өөрчлөлтийг тус тус бүртгүүлсэн ч шинэ хаягтаа мөн л үйл ажиллагаа явуулдаг болох нь тодорхойгүй, өөрийн үйл ажиллагаанд зориулагдсан гэх 2.6 тэрбум төгрөгийг ББСБ-ын банкин дахь харилцах дансанд байршуулаагүй, энэ талаар удаа дараа шаардсан боловч байршуулсныг нотлох баримтыг гаргаж өгөөгүй, мөн бусад нөхцөл шаардлагыг хангаагүй байх тул тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосны улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй, энэ талаар шийдвэрт хангалттай зөв дүгнэжээ.
2.Түүнчлэн процессийн хувьд тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх болон хүчингүй болгох хуульд заасан үндэслэл бүрдсэн талаар тухай бүр нэхэмжлэгчид мэдэгдэж байсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог, мөн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргаан бүхий тогтоолыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэж үзэх ямар ч үндэслэл байхгүй, өөрөөр хэлбэл хуулийн дагуу тавьсан хугацаатай шаардлагыг нэхэмжлэгч биелүүлээгүй, хэрэгжүүлэхгүй байгаа энэ тохиолдолд 2024 оны 86 дугаар тогтоолыг хууль ёсны гэж үзнэ.
Түдгэлзүүлсэн хугацаанд шинээр зээлийн гэрээ байгуулахыг хориглосон байхад 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн ЗГ-23/012/001, 07-ны өдрийн ЗГ-23/012/003 тоот зээлийн, мөн үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээг шинээр байгуулсан зэрэг нь тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулж байгааг нотлох хангалттай баримт болохгүй талаар шийдвэрийн үндэслэл хэсгийн 2.4-т тодорхой дүгнэжээ.
3.Давж заалдах гомдолд “…шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн…” гэсэн нь ойлгомжгүй, угтаа 86 дугаар тогтоолд Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3 буюу Хороо “санхүүгийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг биелүүлж байгаа эсэхэд хяналт тавих” эрхийг хэрэгжүүлнэ, 6.2.1 буюу Хороо “банк бус санхүүгийн үйл ажиллагааны чиглэлээр Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуульд заасан” бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, Зөвшөөрлийн тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 буюу Эрх бүхий этгээд “энэ хуулийн 8.1, 8.2 дугаар зүйлд заасан зөвшөөрлийг олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох шийдвэр гаргах” бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 6.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 буюу “зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлөө арилгаж, зөвшөөрлийг сэргээлгэх тухай хүсэлтийг ирүүлээгүй” тохиолдолд хүчингүй болгоно”, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.4 буюу Банк бус санхүүгийн байгууллага нь хяналт шалгалтаар энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан шаардлагыг зөрчсөн нь гэмт хэрэг, зөрчлийн шинжгүй бол Санхүүгийн зохицуулах хороо “зөвшөөрлийг хүчингүй болгох” арга хэмжээ авна гэснийг тус тус үндэслэснийг хуулиар эрх олгосон “ерөнхий” заалтууд гэж үзэхгүй.
Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 381 дүгээр тогтоолоор “Банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаанд эрсдэлд суурилсан хяналт шалгалт хийх журам”-ын Зургаадугаар бүлэг “Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сэргээх”, Долоодугаар бүлэг “Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох” хэсгийг бүхэлд нь тус тус хүчингүй болсонд тооцсон ч, өөрөөр хэлбэл журмын холбогдох зохицуулалтыг ийнхүү хүчингүй болгосон нь хариуцагчаас хуулиар олгогдсон эрх хэмжээ, чиг үүргээ хэрэгжүүлэхэд саад болохгүй.
Хариуцагчаас “Журамд өөрчлөлт оруулах тухай дээрх 381 дүгээр тогтоолыг гаргахдаа Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсгийг үндэслэсэн нь “Энэ хуулийн 19.2-т дурдсан арга хэмжээг авахдаа адил зөрчилд адил арга хэмжээ авах зарчмыг баримтлах…” гэсний дагуу өмнө нь тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн шалтгаан нөхцөл адил байхад дахин хүчингүй болгох арга хэмжээ авч болохгүй гэх агуулгатай нэхэмжлэгч талын тайлбарыг зөвтгөх хууль зүйн үндэслэл болохгүй.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан эвлэрэн хэлэлцэх хугацаа олгохыг хүссэний дагуу 2025 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдааныг хойшлуулсан, гэвч дахин энэ талаарх хүсэлтээ гаргасан боловч үүнийг нотлох баримтгүй, мөн хэрхэн эвлэрэх нь тодорхойгүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ч эвлэрэх санал бичгээр ирээгүй байгаа гэсэн тул шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болохыг тэмдэглэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 128/ШШ2025/0274 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сод-Эрдэнийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д заасан хугацааны дотор, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН