Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 135/ШШ2019/01096

 

 

 

 

 

2019 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 135/ШШ2019/01096

Дархан-Уул аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2019/01047/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг,  *******, ******* оршин суух, /утас *******/,*******, *******ын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, *******, ******* тоотод оршин суух, /утас *******/, ******* регистрийн дугаартай,*******д холбогдох

 

5 бүлэнцэр буюу 5 хайрцаг зөгий гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ******* хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

******* би *******тай 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр бичгээр хэлцэл хийж, 2019 оны 6 дугаар сард түүнээс 5 бүлэнцэр буюу 5 хайрцаг зөгий авахаар харилцан тохиролцсон юм. Тохирсон хугацаа 2019 оны 06 дугаар сард болж зөгийгөө авах гэтэл элдэв шалтаг тоочсоор зөгийгөө ч өгсөнгүй 4 сар гаруй хугацаа өнгөрлөө. Иймд *******гаас 5 бүлэнцэр зөгийг гаргуулж өгнө үү. 5 бүл зөгийг 2 500 000 төгрөгт бодож авахаар болсон юм. Нэхэмжлэлийг маань шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

******* миний бие нь *******ад 2019 оны хавар тус бүр нь 700 000 төгрөгийн үнэтэй 10 бүл зөгийг 7 сая төгрөгөөр зарсан. ******* мөнгөгүй гээд тал үнэ болох 3 500 000 төгрөгийг бэлэн өгч, үлдсэн 3 500 000 төгрөгөө 2018 оны намар өгнө гэж авсан. Гэвч төлөөгүй тул миний бие нь 2019 оны 5 сард эвлэрүүлэн зуучлалд нэхэмжлэл гаргасан. Ингээд ******* нь төлж барагдуулахаар болж 2019 оны 12 сард дуусгавар болохоор тохирсон. Гэвч төлөлт нь 5 сараас эхэлсэн боловч нэг ч төгрөг төлөөгүй тул би шийдвэр гүйцэтгэлд өргөдөл гаргасан юм. Ингээд бидний хоорондох маргааныг шүүх үнэн зөвөөр нь шийдэн ******* нь төлөхөөр зөвшөөрсөн зөвшөөрсөн мөртлөө миний нэхэмжилсэн 2 500 000 төгрөгийг өөрөө дахин нэхэмжилсэнд миний бие маш их гайхаж байна. Бидний хоорондох маргааныг 2019 оны 05 сарын 15-ны өдрийн эвлэрлийн гэрээгээр баталгаажуулсан шүүгчийн захирамж гарсан. Төлөлт цаг хугацаандаа нэг ч төлөгдөөгүй тул миний бие албадан гүйцэтгүүлэхээр шүүгчийн захирамж гарсан боловч өнөөдрийг хүртэл авлага тооцоогоо авч чадаагүй байна. Иймд *******ын нэхэмжлэл ямар ч үндэслэлгүй гэж үзэж байна. Харин би 3 500 000 төгрөг авах байснаа больж зөгийгөө өсгөн үржүүлж чадаагүй үхүүлсэн гэхээр нь сайхан сэтгэл гарган 1-5 бүлэнцэр өгч болох юм гэж байсан тул 1 сая төгрөгийг авах авлагаасаа хасаж тооцон 2 500 000 төгрөг авч өгөхөөр тохирсон. Харин ингэж хариу нэхэмжлэл гаргасан нь утгагүй, үндэслэлгүй тул миний бие хүлээн зөвшөөрөхгүй болно. Би түүнээс *******аас авлагатай болохоос өгөх зүйл байхгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан 5 бүлэнцэр буюу 5 хайрцаг зөгий гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч нь нь эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад төлбөрийн үлдэгдэл 3,5 сая төгрөгнөөс 1 сая төгрөгийг *******ын нөхцөл байдлыг харгалзан үзэж хасч 2,5 сая төгрөгийг графикийн дагуу авахаар гэрээ байгуулсан. 5 бүлэнцэр зөгийг би өгөх албагүй, нэхэмжлэгч ******* нь зөгийгөө өөрийн эзэмшилд авч тэжээж, хооллодог байсан, намайг байхгүйд буруу хоолож зөгий үхсэн байсан, би сайхан сэтгэлийн 5 бүлэнцэр өгье гэхэд заавал гарын үсэг зур гэсний дагуу гарын үсэг зурсан, энэ асуудлыг Эвлэрүүлэн зуучлалын журмаар эвлэрч дуусгавар болсон тул зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа болно.

 

Нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийнхээ шаардлагын үндэслэлийг ...*******гаас худалдаж авсан 10 бүл зөгийнүүд намар *******гийн хашаанд үхсэн. Би маш их хохирсон тул ******* 2018 оны 10 дугаар сарын 10-нд өөрийн гараар бичиж өгсөн Хэлцлийн гэрээнд 2019 оны 6 сард 5 бүлэнцэр 5 хайрцагт хийж өгөхөөр зөвшөөрч харилцан гарын үсэг зурсан. Гэтэл тохиролцсон хугацаа болоход зөгийгөө өгөхгүй байгаа тул гаргуулахаар шүүхэд хандсан гэж тодорхойлж байгаа болно.

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******гаас 2018 оны 5 сард 10 бүл зөгийг нэг бүрийг нь 700 000 төгрөгөөр нийт 7 сая төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, 10 хайрцаг зөгийг хүлээн авч урьдчилгаа төлбөр 3,5 сая төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгч үлдэгдэл 3,5 сая төгрөгийг намар 10 сард ногоо, зөгийн балаа зарж борлуулсан дүнгээс төлж барагдуулах талаар харилцан тохиролцож, гэрээний зүйлийн өөрийн эзэмшилд шилжүүлсэн үйл баримт тогтоогдож, талууд маргаагүй болно.

Хариуцагч ******* нь дээрх гэрээний дагуу үлдэгдэл 3,5 сая төлбөрөө төлөөгүй үндэслэлээр 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдөр шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд хандсан байх бөгөөд талууд 3,5 сая төгрөгийн маргааны талаар эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр эвлэрч 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан гэрээндээ ******* нь *******д төлөх 2 500 000 төгрөгийг 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл сар бүр 312500 төгрөгөөр 8 удаагийн давтамжтайгаар Хаан банкны ******* тоот дансанд харилцан хийхээр, өргөдөл гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 30 000 төгрөгийг уригдсан тал өргөдөл гаргагчид буцаан төлөхөөр эвлэрсэн эвлэрлийн гэрээг тус шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 2047 дугаартай Эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр байгуулсан эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай захирамжаар баталж шийдвэрлэсэн байна.

Дээрх хүчин төгөлдөр шүүгчийн захирамжийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа болох нь хэрэгт авагдсан тус шүүхийн шүүгчийн 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 3644 дугаартай Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, талуудын тайлбараар тогтоогдож байна.

Нэхэмжлэгчээс шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахад гэрээнээс учирсан хохирол шаардаж байгаа гэж тайлбар гаргаж байгаа боловч Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн уулзалтын 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн тэмдэглэлд ...Уригдсан тал: ...худалдаж авсан зөгийнүүд үхсэн учир төлбөр төлөх боломжгүй болсон гэсэн тайлбар, өргөдөл гаргагч: зөгий үхсэн нь надаас шалтгаалаагүй шүү дээ. Би зөндөө тусалсан ярилцаж тохиролцсоны үндсэн дээр 7 000 000 төгрөгийн зөгий худалдан авсан байж намайг ингэж хохироож болохгүй шүү дээ, би дахиад зөгийний бүлэнцэр өгье. Тэрийг үржүүлээд миний өрийн даруйхан барагдуулмаар байна гэсэн санал тавьж байсан гэсэн тайлбар, уригдсан тал: би боломжоороо 2,5 сая төгрөгийг бага багаар төлөх санал байна гэсэн тайлбар зэргээс талууд нь 10 бүл зөгий худалдах, худалдан авах гэрээ болон гэрээнээс учирсан хохирлын талаар харилцан ярилцаж, хариуцагч нь гэрээний үлдэгдэл төлбөрөөс учирсан хохиролд тооцож 1 сая төгрөгийг хасаж тооцсон гэсэн тайлбар үндэслэлтэй байх бөгөөд дээрх баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.4-д Зохигч ба хэргийн бусад оролцогч, түүнчлэн тэдгээрийн эрх залгамжлагч шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэгдсэн маргааны талаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах буюу шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримт, эрх зүйн харилцаа, иргэний хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй гэжээ.

 

Иймд нэхэмжлэгч нь эвлэрүүлэн зуучлалын ажиллагааны явцад нэгэнт дуусгавар болсон маргааны талаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д тус тус зааснаар *******ын нэхэмжлэлтэй *******д холбогдох 5 бүлэнцэр буюу 5 хайрцаг зөгий гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 54950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

4.Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА