| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Давагийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 135/2019/01029/И |
| Дугаар | 135/ШШ2019/01048 |
| Огноо | 2019-11-07 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 135/ШШ2019/01048
| 2019 оны 11 сарын 07 өдөр | Дугаар 135/ШШ2019/01048 | Дархан-Уул аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2019/01029/И
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Оюундарь би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг,******** тоотод оршин суух ******** /-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, *******, 1******** тоотод оршин суух ******** *****/-д холбогдох
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч ********, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Чинбаатар, хариуцагч ******** шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******** шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Бид хоёр 2009 онд танилцсан, танилцахдаа өөрсдийн хүслээр биш ********ын төрсөн ахын охиных нь захиалгаар танилцаж байсан. Тэгээд танилцаад би 26 нас хүрсэн байсан болохоор оройтлоо хүүхэдтэй ч болцгооё гэж бодоод ******** бид хоёр 2009 оны 12 дугаар сарын 01-нээс хамт амьдарч эхэлсэн. ********ын хувьд уух, тоглох дуртай зэрэг муу зуршил байсан. Ийм зүйлд дургүй гэхэд хаяж чадсан. Бид 2 хувь хүний хувьд асуудал гардаггүй байсан. Гол хэцүү юм нь өөр өөрийн өссөн орчин өөр, яг миний хүсдэг нөхөр байгаагүй, гэхдээ би мэддэг байсан ч гэсэн бусад муу хүнтэй адил биш учраас тэсээд амьдарсан. Бид хоёр гадаадад танилцаад, бичиг баримтгүй байсан учраас бичиг баримтын төлөө гэрлэсэн. Түүнээс яг хайр сэтгэлээр холбогдоод, гэрлэлт хурим хийгээгүй. 5-6 жил хамт амьдраад огт хүүхэдтэй болоогүй. Одоо ч дундаасаа хүүхэдтэй болоогүй. ******** миний санасан хэмжээнд огт байдаггүй. Үүрэг хариуцлага хүлээх гэдэг тал дээр ч санаачилгагүй байсан. Хүүхэдтэй болвол өөр болох байх гэж хүлээсэн. ******** хүн амьтантай найз нөхөд биш, ажил хийх ч дургүй. Ер нь л таарахгүй байсан, тэгээд хүүхэд өргөж авах шийдвэр гаргаад хүүхэд өргөж авсан чинь бүр илүү асуудал гарсан. Ямар ч байсан энэ хүнийг хариуцлага хүлээж чадахгүй, эхнэрээ гэх сэтгэлгүй, хувиа хичээсэн, хамаатан садныхаа үгийг дагадаг, намайг гэх гэдэг сэтгэлгүй гэдгийг мэдсэн. Хамаатнууд нь бидний амьдрал дундуур ордог. Хамаатнууд нь намайг солиотой хүүхэн болгоод дууссан. Хүүхдийг хүүхэлдэй л гэж бодсон байх, ерөөсөө халамжилдаггүй, хүүхдээ төрөнгүүт өөрийн нэр дээр болгоод Щведийн виз гартал Монголд манайд амьдарч болох байсан. Тэгтэл тэгээгүй, Щведэд зүгээр л телевиз үзээд хэвтэж байдаг байсан. Би хүүхэд өргөх бүх бичиг баримтаа өөрөө хөөцөлдөж байсан. Өнгөрсөн оны 9 сар хүртэл овоо гайгүй байсан, ажил хийхгүй байсан болохоор хүүхдээ хардаг байсан. Сүүлдээ хүүхэддээ хоол унд ч өгөхгүй, живхийг нь солихоо больсон. Хүүхдийг манай ахаас өргөж авсан. Манай гэрийнхэнийг огт хүндэлдэггүй. Тийм учраас би ерөөсөө буруу юм хийгээд байна гэдгээ мэдээд салъя л гэж бодсон. гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Чинбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Нэхэмжлэгч болон хариуцагч нарын тайлбарыг сонслоо. Өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хувиар оролцож байгаа учраас нэхэмжлэгчийн шүүхэд гарсан нэхэмжлэлийг хуульд заасны хангаж өгнө үү. гэв.
Хариуцагч ******** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...******** бид хоёр 2009 оноос хойш хамт амьдарсан. Би ********д анхнаасаа хэлсэн, батлуулчихаад дараа нь сална, бичиг баримтнаас болж ингэсэн тэгсэн гэх зүйл битгий яриарай гэхэд за л гэсэн. 2009 оны 09 дүгээр сард танилцаж уулзсан. Тэгээд 12 дугаар сараас одоог хүртэл хамт амьдарсан. 2019 оны 01 дүгээр сард ******** Монгол руу ирсэн, би 3 дугаар сард ирсэн, дунд нь Монголд ирж, очдог байсан. Хүүхдийг ах эгчээс нь өргөж авсан. Анх төрөх гээд байхад нь би ирж төрөхийг нь хүлээж, гаргаж өгч байсан. ******** тухайн үед Щведэд байсан. Охиноо хүлээж байгаад виз нь гарахаар аваад очих уу? гэхэд эхнэр өөрөө яахын бэ? ирээд ажлаа хий гэсэн. Тэгээд би очиж байж байгаад охины виз гарахаар нь аваад очсон. Тэнд очоод хэн нэг нь хүүхдээ харах хэрэгтэй болсон. Би охиноо хараад ажил хийгээд байж чадахгүй. 2019 оны 1 сараас эхлээд ******** өөрөө зайл яв, би өөр нөхөртэй, хүүхэдтэй болсон гээд хөөсөн. Тэгээд гараад ирсэн. гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******** нь хариуцагч ********ад холбогдуулан гэрлэлт цуцлуулах, 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр төрсөн охин ********ын асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч ********, хариуцагч ******** нар 2009 онд танилцан улмаар 2015 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Гэр бүлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар гэрлэлтээ иргэний гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэлд бүртгүүлэн гэрлэлтийн үр дүнд буй болсон, эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдон хамтран амьдарч байсан гэр бүлийн гишүүд байна.
Нэхэмжлэгч ********, хариуцагч ******** нар нь гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд маргаангүй байна.
Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар зохигчид бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх адил үүргийг хамтран хэрэгжүүлэх боломжгүй байдал бий болсон, өөрөөр хэлбэл гэрлэгчид таарамжгүй харьцаанаас болж хамтран амьдрахаа больсон, эвлэрэх боломжгүй болсон, эвлэрүүлэн зуучлал хэрэглэхээс татгалзсан, хэн аль нь гэрлэлтээ цуцлуулах хүсэл зоригоо илэрхийлсэн, Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-д зааснаар гэрлэлтийг цуцлахад хориглох үндэслэл тогтоогдоогүй.
Иймд шүүх нэхэмжлэгч ********, хариуцагч ******** нарын гэрлэлтийг цуцалж шийдвэрлэв.
Гэрлэгчдийн хамтран амьдрах хугацаанд 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр төрсөн охин ********ыг үрчлэн авсан байна.
Гэр бүлийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-д зааснаар үрчлэгдсэн хүүхэд нь төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээх бөгөөд үрчлэн авсан эцэг, эх нь төрсөн эцэг, эхийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ.
Хариуцагч ******** охин ********ыг өөрийн асрамжид авна гэж маргаж байгаа боловч хүүхэд өсгөх, асран хамгаалах, тэжээн тэтгэх талаар эх ********гаас давуу байдалтай гэдгээ нотлох баримтыг ирүүлээгүй, охин ******** одоо Швед улсад сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж байгаа, хүүхдийг эх ******** ийн төрсөн ахаас гэрлэгчид үрчлэн авсан зэрэг байдал, мөн Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар хүүхдийн нас, эцэг эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг харгалзан 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр төрсөн охин ********ыг эх ********гийн асрамжид үлдээж шийдвэрлэв.
Хүүхдийг эхийн асрамжид үлдээж шийдвэрлэж байгаа нь хүүхэд эхийн оршин суугаа газрын харьяаллаар суурь боловсрол, эрүүл мэндийн болон төрийн бусад үйлчилгээг авах боломжийг олгож байгаагийн зэрэгцээ хүүхдийн оршин суугаа газрыг шийдвэрлэж буй хэрэг юм.
Эцэг ******** эх ******** нар тусдаа амьдарч байгаа явдал нь хүүхдээ хүмүүжүүлэхэд хүлээх үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй, цаашид хүүхдийн хүмүүжил, хөгжилд тэгш хариуцлага хүлээх учиртай.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар гэрлэгчид гэрлэлт цуцлуулах үед хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан шийдвэрлэж болно гэснээр талууд эд хөрөнгийн маргаан гаргаагүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэх бөгөөд улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгохоор хуульчилсан тул нэхэмжлэгч ********гийн 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Төрийн банк, Төрийн сан 100190000941 тоот дансанд урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ********аас 140,400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ********д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар ******** нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр төрсөн охин ******** /РД: ********/-ыг эх ********гийн асрамжид үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар ********гийн 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Төрийн банк, Төрийн сан ********тоот дансанд урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ********аас 140,400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ********д олгосугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар энэхүү шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгаж, Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т зааснаар зааснаар шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлт цуцалсны бүртгэлд бүртгүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 1-т зааснаар хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийн торгуулийн шийтгэл хүлээх болохыг дурдсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг дурдсугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглохыг мэдэгдсүгэй.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ