Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 135/ШШ2019/01084

 

 

 

 

 

2019 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 135/ШШ2019/01084

Дархан-Уул аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2019/01088/И

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Оюундарь би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* ************** /-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, *******, *******  тоотод оршин суух ******* /-д холбогдох

 

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгч Б.Чинбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

******* би 1998 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Нийслэлийн *******т *******той гэр бүл болсноо батлуулсан бөгөөд бидний дундаас том охин *******2000 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр, бага хүү ******* 2011 оны 12 дугаар сарын 19-ний өдөр төрсөн. Бидний хамтын амьдрал 2012 оноос хоёр тийш болсон ба том охиноо өөрийн төрсөн дүү болох *******, түүний гэр бүлд 2013 онд үрчлүүлсэн, тэрээр одоо Канад улсад амьдарч байгаа болно. Хүү ******* одоо 8 настай Тусгал бүрэн дунд сургуульд 3-р ангид суралцдаг, миний халамж хайр асаргаанд эрүүл саруул өсөн торниж байна. ******* бид хоёрын дунд эд хөрөнгийн болон хувийн ямар нэг асуудал маргаан байхгүй. Бидний хамтын амьдрал дуусгавар болоод хэдийнэ 7 жил өнгөрсөн, цаашид тус тусын амьдралаар явах нь тодорхой, хамтран амьдрах боломжгүй юм. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, хүү *******д хүүхдийн тэтгэлэг тогтоож, эцэг *******оос гаргуулж өгнө үү. гэжээ.

 

Хариуцагч ******* нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Тус шүүхэд гаргасан *******гийн нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Миний бие *******тай 1998 оны 12-р сарын 18-ны өдөр гэрлэлтээ батлуулсан ба 2010 оноос эхлэн тусдаа амьдарч байгаа ба 2011 оноос *******тэй гэр бүл болж одоо 2 хүүгийн хамт Дархан-Уул аймагт амьдарч байна. Хэн аль нь тус тусын амьдралтай, цаашид хамтран амьдрахгүй болох нь нэгэнт тодорхой тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Бидний дунд эд хөрөнгийн болон бусад ямар нэгэн маргаангүй болно. гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******од холбогдуулан гэрлэлт цуцлуулах, 2011 оны 12 дугаар сарын 19-ний өдөр төрсөн хүү *******гийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нар нь 1998 оны 12 дугаар сарын 18-ны өдөр гэр бүл болж, Гэр бүлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар 2000 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр гэрлэлтээ Иргэний гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэлд бүртгүүлэн гэрлэлтийн үр дүнд буй болсон эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдон амьдарч байсан гэр бүлийн гишүүд байна.

Зохигчид 2011 оноос тусдаа амьдарч, бусадтай хамтран амьдарч байгаа зэрэг нь Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2, 10.3-т заасан гэрлэгчид гэр бүлээ төлөвлөх, оршин суух газар, эрхлэх ажил, мэргэжлээ чөлөөтэй сонгох, хуваарьт эд хөрөнгөтэй байх, дундаа хамтран өмчлөх эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах, материалын болон сэтгэл санааны хохирлоо буруутай этгээдээс гаргуулах тэгш эрх, бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх, угийн бичиг хөтлөх адил үүргийг хамтран хэрэгжүүлэх боломжгүй байдлыг бий болгож байна.

Мөн гэрлэгчид үүссэн маргааныг эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаар шийдвэрлүүлэх боломжгүй байгаа байдал бий болсон, хэн аль нь гэрлэлт цуцлуулах талаар маргаангүй байгаа, Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-д заасан гэрлэлтийг цуцлахад хориглох үндэслэл тогтоогдоогүй.

Иймд шүүх нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нарын гэрлэлтийг цуцлав.

Гэрлэгчдийн хамтран амьдрах хугацаанд 2011 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүү ******* төрсөн нь төрсний бүртгэлийн лавлагаагаар нотлогдож байгаа, зохигчдын хэн аль нь төрсөн эцэг, эх гэдэгт маргаагүй.

Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5, 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар Хүүхдийг гэр бүлийн дотор эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, хөгжүүлэх нь эцэг, эхийн үүрэг бөгөөд хүүхдийн эрх, ашиг сонирхлыг нь нэн тэргүүнд хамгаалахыг эрхэмлэнэ, Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх талаар тохиролцож болно гэснээр нэхэмжлэгч ******* 2011 оны 12 дугаар сарын 19-ний өдөр төрсөн хүү *******г өөрийн асрамжид үлдээх талаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч энэ талаар маргаагүй тул хүү *******г эх *******гийн асрамжид үлдээж шийдвэрлэв.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж заасны дагуу эцэг *******, эх ******* нар нь хүүхдээ хүмүүжүүлэхэд хүлээх үүргээс эцэг, эх тусдаа амьдрах болсон тохиолдолд чөлөөлөгдөх үндэслэлгүй болохыг дурдаж байна.

Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т зааснаар ...хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх үүрэгтэй..., мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т зааснаар ...хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй тул 2011 оны 12 дугаар сарын 19-ний өдөр төрсөн хүү *******д эцэг *******оос тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар гэрлэгчид гэрлэлт цуцлуулах үед хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан шийдвэрлэж болно гэснээр талууд эд хөрөнгийн маргаан гаргаагүй.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******гаас 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотын банк, Төрийн сан *******тоот дансанд урьдчилан төлсөн 106,100 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******оос 106,068 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар *******/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2011 оны 12 дугаар сарын 19-ний өдөр төрсөн хүү ******* /*******/-г эх *******гийн асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2011 оны 12 дугаар сарын 19-ний өдөр төрсөн хүү *******д 11 нас хүртэл амьжиргааны баталгаажих түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас, насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд/ хүртэл амьжиргааны түвшингийн /тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн/ хэмжээгээр эцэг *******оос сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 106,100 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******оос 106,068 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар энэхүү шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгаж, Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т зааснаар шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлт цуцалсны бүртгэлд бүртгүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 1-т зааснаар хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийн торгуулийн шийтгэл хүлээх болохыг дурдсугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг дурдсугай.

 

7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглохыг мэдэгдсүгэй.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ