| Шүүх | Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Базаргарьдын Сүхгомбо |
| Хэргийн индекс | 226/2020/0002/Э |
| Дугаар | 02 |
| Огноо | 2020-01-15 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., |
| Улсын яллагч | Г.Мөнхболд |
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 02
Э-, Н- нарт холбогдох
эрүүгийн хэргийн талаар
226/2020/0002/Э
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сүхгомбо даргалж, шүүгч Я.Алтаннавч, Б.Дэнсмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэйгээр,
Нарийн бичгийн дарга Г.Отгонзаяа,
Прокурор Г.Мөнхболд,
Шүүгдэгч Э, Н, тэдгээрийн өмгөөлөгч Г.Ганбадрах нарыг оролцуулан
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 67 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э, Н, тэдгээрийн өмгөөлөгч Г.Ганбадрах нарын давж заалдах гомдлоор Э, Н нарт холбогдох эрүүгийн 1840000990063 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Дэнсмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Дорноговь аймгийн Иххэт суманд 1992 онд төрсөн, эрэгтэй, 28 настай, дээд боловсролтой, барилгын техникч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорноговь аймгийн Иххэт сумын 2 дугаар баг “Цагаан толгой” гэх газар оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Ө овогт Б-н Э,
Дорноговь аймгийн Иххэт суманд 1980 онд төрсөн, эрэгтэй, 40 настай, бүрэн бус дунд боловсролтой, ам бүл 1, Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг Энхтайваны гудамж 06-09 тоотод оршин суух, урьд Дорноговь аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2002 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 19 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 1231 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай гэх Б овогт Т-н Н,
Э, Н нарт нь бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр иргэн Б-ын олон тооны малыг буюу 11 тооны адууг Хэнтий аймгийн Галшар сумын “Оч” багийн нутаг “Цагаан толгой” гэх газарт байх бэлчээрээс тээврийн хэрэгсэл буюу “Даюун” маркийн мотоцикл ашиглан хулгайлж 15250000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүх: Шүүгдэгч Ө овогт Б-н Э, Б овогт Т-н Н- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө овогт Б-н Э, Б овогт Т-н Н нарыг тус бүр 2 /хоёр/ жилийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э, Н нарт оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, 00431230 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, 0421087 дугаартай авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр төлөгчийн гэрчилгээ зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц өмчлөгч Ч.Батсайханд буцаан олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан БНХАУ-д үйлдвэрлэсэн “Даюун” маркийн мотоциклыг хурааж улсын орлого болгож, хэрэгт битүүмжлэгдсэн “Киа бонго-3” маркийн автомашиныг битүүмжилсэн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, өмчлөгч Б-д буцаан олгож, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдахаар тус тус заан шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Ганбадрах давж заалдах гомдол болон шүүхэд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх миний “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасны дагуу шүүгдэгч нарын ялыг хөнгөрүүлэх тухай” хүсэлтийг “шүүгдэгч нар нь мал хулгайлах гэмт хэрэг үйлдээгүй гэж мэтгэлцэж байх тул дээрх хуулийн зохицуулалтыг хэрэглэх нөхцөл хангагдаагүй” гэх үндэслэлээр хүлээж аваагүй.
Мөн анхан шатны шүүх шүүгдэгч нарт ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэн, шүүгдэгч нарын гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож хэргийг шийдвэрлэсэн.
Шүүгдэгч Э-, Н- нар нь бусдын олон тооны малыг бүлэглэн хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд хохирогч Б-т учруулсан бодит хохирол 7742000, 3258000 төгрөг, нийт 11000000 төгрөг /1хх-ийн 122, 215 хуудас/ болон хохирогчийн өмгөөлөгчийн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Хохирогч Б- нь шүүгдэгч нартай сайн дурын үндсэн дээр эвлэрсэн, хохирол, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй талаарх саналаа нотариатаар гэрчлүүлж хэрэгт хавсаргасан /1хх-ийн 123 хуудас/.
Шүүгдэгч Э-, Н- нар нь гэмт хэргийн улмаас учруулсан бодит хохирол, зардлаа бүрэн төлж барагдуулсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь шүүгдэгч нартай эвлэрсэн зэрэг нөхцөл байдлуудыг болон миний үйлчлүүлэгч нарын хувийн байдлыг харгалзан үзэж тэдэнд оногдуулсан 2 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг үндэслэн хоёрны нэгээр багасгаж өгнө үү гэжээ.
Шүүгдэгч Э- давж заалдах гомдол болон шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие анхан шатны шүүхийн шийдвэрийг болон өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. Бид хоёр хохирогч Б-т нийт 5250000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд саарал азарга, даага хоёрыг буцаан өгч, үлдсэн хохирол болон адуугаа эрж хайсан зардал 7742000 төгрөгийг тус тус төлж барагдуулсан. Хүний адууг хулгайлж чирэгдэл учруулсан болохоор хохирогч Б-т 3258000 төгрөг, өөрийн хурдан удмын 1 морь нэмж өгсөн. Мөн хохирогчийн нэхэмжилсэн өмгөөлөгчийн зардал 2000000 төгрөгийг төлсөн.
Э- миний бие 10 жилийн сургуулиа Дорноговь аймагт төгсөж, Улаанбаатар хотод коллеж төгсөөд мэргэжлээрээ ажиллаж байгаад хүүхдээ эрүүл агаарт, Монгол ахуйд өсгөхөөр эхнэр, хүүхдийн хамт Иххэт суманд ирж мал маллаад 4 жил болж байна. Миний бие бага насны буюу 3-5 насны хоёр охинтой бөгөөд хялбар аргаар бэлэн олз олох шунахай хүсэлдээ дийлдэн бусдын адууг хулгайлж, бусдад болон өөртөө асар их хохирол учруулснаа ойлгож чин сэтгэлээсээ гэмшиж байна.
Хохирогч Б- нь Н- бид хоёрт гомдол саналгүй, эвлэрсэн тухайгаа илэрхийлсэн. Иймд дээрх байдлуудыг харгалзан үзэж надад оногдуулсан 2 жилийн хорих ялыг багасгаж 1 жилийн хорих ял оногдуулж өгнө үү гэжээ.
Шүүгдэгч Н- давж заалдах гомдол болон шүүхэд гаргасан тайлбартаа: Би Э-ыг хулгай хийх гэж байгааг мэдсэн атлаа хорьж зогсоогоогүй, харин дэмжиж хамт бусдын адууг туусандаа чин сэтгэлээсээ гэмшиж байна. Хэрэв тухайн үед би Э-ыг хориглосон бол Э- миний үгэнд орж хулгай хийхгүй байсан. Шүүхээс надад оногдуулсан ялыг эдэлж дуусаад дахин гэмт хэрэг, зөрчилд холбогдохгүй байж чадна гэдгээ илэрхийлж байна.
Э- бид хоёр хохирогч Б-т 11000000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 2000000 төгрөг төлж хохиролгүй болгосон ба хохирогч Б- Э- бид хоёртой сайн дурын үндсэн дээр эвлэрсэн. Би айлд хөлсөөр мал маллаж, хөгшин настай ээжийгээ тэжээн тэтгэдэг. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж надад оногдуулсан 2 жилийн хорих ялыг хөнгөрүүлж 1 жилийн хорих ял болгож өгнө үү гэжээ.
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Г.Мөнхболд давж заалдах шатны шүүхэд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатын шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гэж үзэж байна. Учир нь мал хулгайлах, алдуул мал завших гэмт хэргүүд нь хоорондоо ялгаатай байдаг.
Мөн шүүгдэгчийн өмгөөлөгчийн “Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т зааснаар ял хөнгөрүүлж өгнө үү” гэсэн хүсэлтийг анхан шатны шүүх хүлээж аваагүй нь үндэслэлтэй байна. Учир нь Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1-т гэмт хэрэг үйлдсэн этгээдийг гэмт буруугаа хүлээн зөвшөөрсөн байхыг шаарддаг. Шүүгдэгч нарын хувьд анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй тул дээрх хуулийн заалтыг хэрэглэх боломжгүй юм.
Давж заалдах шатны шүүх шүүгдэгч нарын гомдлоор хэргийг бүхэлд нь хянаж үзээд шүүгдэгч нарын ялыг хөнгөрүүлэх эсэх нь тухайн шүүхийн эрх хэмжээний асуудал гэж үзэж байна гэжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Э-, Н- нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч нарын болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Э-, Н- нарт нь бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр иргэн Б-ын олон тооны малыг буюу 11 тооны адууг Хэнтий аймгийн Галшар сумын “Оч” багийн нутаг “Цагаан толгой” гэх газарт байх бэлчээрээс тээврийн хэрэгсэл буюу “Даюун” маркийн мотоцикл ашиглан хулгайлж 15250000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Шүүгдэгч Э-ын анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Н- бид хоёр хойд уулаар ороогоод, Цайдамаас буцаад явж байхад дунд Эрээний урд талын тогтоол усан дээр 11 тооны саарал азаргатай адуу таарсан. ...Тэгээд бид хоёр ярилцаж байгаад туугаад явсан...” гэх мэдүүлэг /3хх-ийн 7 хуудас/,
Шүүгдэгч Н-ийн анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Намайг 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр гэртээ байж байхад Э- манайд ирээд “би 3 бяруугаа хайгаад ирье, мотоциклоо түр хэрэглүүлээч” гэж гуйсан. ...Цайдамаас буцаж явахад нуурын хажууд 10-аад тооны саарал азаргатай адуу байсан. ...Уг газрын ойр орчим айл нутаглаж байгаа зүйл ажиглагдаагүй тул бид хоёр ярилцаж байгаад адууг туусан” гэх мэдүүлэг /3хх-ийн 6 хуудас/,
Хохирогч Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Манайх 2018 оны 9 дүгээр сарын 25-наас хойш Галшар сумын “Оч” багийн “Цагаан толгой” гэх газраас саарал азаргатай 11 тооны адуу алдсан” гэх мэдүүлэг /2хх-ийн 162-164 хуудас/,
Би алга болсон сааралд азаргатай адуугаа 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс хойш хайж байгаад 2018 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Дорноговь аймгийн Иххэт сумын 2 дугаар багийн нутагт Б гэдэг айлын хашаанд саарал азарга уяатай байгааг олж мэдсэн. ...Тэгээд 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр цагдаад дуудлага өгч, цагдаа нартай хамт очиход Э- гэх залуу аваад явсан гэж хэлсэн. Э-ын гэрт очоод хаваржаан дээрээс нь саарал азаргаа олж авсан. ...Би адуугаа орон нутгийн зах зээлийн ханшаар үнэлнэ..” гэх мэдүүлэг /1хх-ийн 20-21 хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1хх-ийн 2 хуудас/,
Мал хураан авсан, хүлээлгэн өгсөн талаарх тэмдэглэл, саарал азарганы гэрэл зураг /1хх-ийн 5-7 хуудас/,
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 18 хуудас/,
Хөрөнгийн үнэлгээний “Фэйр Валуэшн” ХХК-ийн “11 тооны адууг 15250000 төгрөгөөр үнэлнэ” гэх 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 139 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 79 хуудас/,
Шүүгдэгч нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 107-108 хуудас/,
Хохирогч Б-ын ял хөнгөрүүлэх талаар гаргасан хүсэлт /1хх-ийн 123 хуудас/,
Хохирол барагдуулсан талаарх баримт /1хх-ийн 122, 215 хуудас/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон, анхан шатны шүүх Э-, Н- нарын үйлдсэн гэмт хэргийн талаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
Анхан шатны шүүх Э-, Н- нарын бусдын олон тооны адуу хулгайлсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-т зааснаар зүйлчилж, энэ хэрэгт Э-, Н- нарыг гэм буруутайд тооцож, тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотлогдвол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад болон эрүүгийн хэргийг шийдвэрлэхдээ оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасч хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн болон нөлөөлж болохуйц нөхцөл байдал, зөрчил тогтоогдоогүй болно.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт оногдуулсан ял нь үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон байх шударга ёсны зарчимд нийцсэн байна гэж үзээд шүүгдэгч нарын болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн ял хөнгөрүүлэх тухай давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 67 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч нарын болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Э-, Н- нарын цагдан хоригдсон 85 хоногийг тус тус ял эдлэх хугацаанд оруулж тооцсугай.
Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.СҮХГОМБО
ШҮҮГЧ Я.АЛТАННАВЧ
Б.ДЭНСМАА