Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 128/шш2022/0106

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дуламсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Н” ХХК /РД:___/,

Хариуцагч: Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Эрчим хүчний хяналтын улсын ахлах байцаагч А.Бнарын хооронд үүссэн улсын байцаагчийн дүгнэлтийг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, хариуцагч А.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Мнар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Н” ХХК нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эрчим хүчний хяналтын улсын ахлах байцаагч А.Бид холбогдуулан “Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Эрчим хүчний хяналтын улсын ахлах байцаагч А.Бийн 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 01-07-106/259 дүгээр дүгнэлтийн “Н” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргаж байна.

2. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргын 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 01/16 тоот удирдамжийн дагуу шатахууны бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгч аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн байх бөгөөд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 01/1297 тоот албан бичгээр “...АИ-92 автобензин, дизелийн түлшийг мэргэжлийн лабораториудаар шинжлүүлсэн үр дүнд дүгнэлт гаргуулах”-аар Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хүргүүлсний дагуу тус газрын 2021 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 07/1577 тоот албан бичгээр Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 01-07-106/259 дүгээр дүгнэлтийг ирүүлсэн байна. Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 01-07-106/259 тоот дүгнэлтэд “... MNS 0216:2017, MNS 6861:2020 стандартын шаардлага хангахгүй” талаар тус дүгнэжээ.

3. Нэхэмжлэгч нь маргаан бүхий актыг эс зөвшөөрч 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Ч.Гд хандаж гомдол гаргаснаар 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Тамгын газрын дарга Ч.Энхбатаас 03/2138 дугаар албан бичгээр “...улсын байцаагчийн дүгнэлтүүдийг хүчингүй болгох эрх зүйн үндэслэлгүй байна” гэсэн хариу өгсөн байх ба үүнийг нэхэмжлэгч эс зөвшөөрч 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

            4. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “...1/ “...Шинжилгээний сорилтын СШ21/138, СШ21/137 дугаарууд бүхий манай "Н” ХХК-ийн № 210759 кодтой дизель түлшний Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо, хэмжил зүйн лабораторид хийсэн сорилгын хариу цетаны тоо 43 нэгж гарсан. Мөн дээжийг Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхай, газрын тосны төв лабораторид шинжлэхэд сорилгын хариу цетаны тоо 47,2 нэгж гарсан байна.

“Иргэний нисэхийн үндэсний төв оношилгоо хэмжил зүйн лаборатори”-д дээжийн нягт байдлыг тодорхойлохоор MNS ASTM D 4052:2016 шинжилгээний стандартаар судлахад сорилгын хариу 817.6 нэгж гарч, энэ нь лавлах хэмжээ болох 840-860 нэгжийн хоорондхоос "ихгүй байх” MNS 6861:2020 Дизелийн түлш Техникийн шаардлага-д бүрэн нийцэж гарсан байна.

Дээрх 2 Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо, хэмжил зүйн лабораторт болон Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхай, газрын тосны шинжилгээний хариу хоорондоо зөрүүтэй. Газрын тосны бүтээгдэхүүний ижил дээжийг хоёр төв лабораторид шинжилгээний аргын стандартын нэгдмэл байдлыг үндэслэж шинжилгээ хийж дүгнэлт гаргаагүй, лаборатори хоорондын хэмжлийн эргэлзээг тооцоогүй, лаборатори хоорондын багажны зөвшөөрөгдөх алдаанаас илүү зөрүүтэй шинжилгээний дүгнэлтийг үндэслэж дүгнэлт, тайлан гаргасан.

2/ Монгол Улсад өнөөдрийн байдлаар "Дизелийн түлш Евро Техникийн шаардлага" MNS0216:2017 стандарт, "Дизелийн түлш, Техникийн шаардлага" MNS 6861:2020 стандарт” зэрэг стандартууд мөрдөгдөж хүчин төгөлдөр үйлчилж байна.

Монгол Улсын нийт шатахууны хэрэглээний 90 гаруй хувийг хангадаг Оросын холбооны улсын Роснефть компаниас Оросын холбооны улс дотооддоо Евро стандартад шилжиж байгаа тул Монгол улсад Евро ангиллын шатахууны их хэмжээгээр нийлүүлэх боломжгүй гэдгээ Монгол Улсын талд мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл "Дизелийн түлш Евро Техникийн шаардлага" MNSO216:2017 стандартыг хангасан дизель түлшийг Оросын холбооны улсын Роснефть компаниас нийлүүлэх боломжгүй гэдгээ мэдэгдсэн. Үүнээс шалтгаалж 2019 оноос цетан тоо, хүхрийн хүчлийн хэмжээ өндөр гэх шалтгаанаар гаалийн хилээр их хэмжээний шатахуун нэвтрэх боломжгүй болж гацаа үүссэн. Үүссэн нөхцөл байдлаас шалтгаалж Оросын холбооны улсаас Евро стандартын шатахуун нийлүүлэх боломжтой болох хүртэл хугацаанд шилжилтийн үеийн "Дизелийн түлш, Техникийн шаардлага" MNS6861:2020 стандартыг баталж хэрэгжүүлж байгаа.

Хэдийгээр Дизель түлшинд 2 стандарт хүчин төгөлдөр үйлчилж байгаа ч Монгол Улс өөрөө нефтийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч биш 100 хувь импортын бүтээгдэхүүнээс хараат байгаа тул ханган нийлүүлэгчээс нийлүүлж буй шатахууны стандартад өөрийн улсын дотоодын стандартыг нийцүүлэх зайлшгүй шаардлага үүсээд байгаа бөгөөд энэ асуудлыг бодлогын түвшинд шийдвэрлээгүйн улмаас дизель түлш импортолж дотоодод худалдан борлуулах үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд хохирдог шударга бус нөхцөл байдал үүсээд байна.

Мөн Иргэний нисэхийн оношилгоо хэмжилзүйн лабораторийн /өөрсдийн/ багажны тохируулгын аргачлалаар цетон тооны үзүүлэлтийн шинжилгээ хийсэн нь Дизелийн түлш Техникийн шаардлага MNS6861:2020, Дизель түлш Евро Техникийн шаардлага" MNS0216:2017 зэрэг стандартуудын шинжилгээний аргын стандартын дагуу хийгдээгүй шинжилгээний дүгнэлтийг үндэслэж Мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлт гаргасан.

3/ Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасны дагуу Улсын байцаагч нь өөрийн хяналт шалгалт хийсэн, нөхцөл байдлыг нарийн судалж шалгасны үндсэн дээр өөрийн дүгнэлтийг гаргах үүрэгтэй. Гэвч Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эрчим хүч /газрын тос хий/ хяналтын улсын ахлах байцаагч А.Бнь өөрийн шалгаагүй асуудлаар, стандартын зөрүүтэй, 2 лабораторийн шинжилгээний хариу зөрүүтэй, дахин шинжилгээ хийлгэх дээжийн хугацаа дууссан гэх шалтгаанаар стандартуудыг зөрчсөн гэх дүгнэлт үйлдсэн байх тул Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эрчим хүч /газрын тос хий/ хяналтын улсын ахлах байцаагч А.Бийн 2021 оны 7 дугаар сарын 02-ны 01-07-106/259 хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...1/ Хуульд заасан дээж авах журам болон бусад хууль, журамд заасан үндэслэлээр зайлшгүй 45 хоногийн хугацаатай маргаан таслах дээжийг авч лабораторид хадгалдаг. Гэтэл энэ ажиллагааг огт хийлгүйгээр зөрүүтэй дүгнэлтийг нэгтгэж аль буруу гарсан дүгнэлтийг түүж шууд дүгнэсэн байгааг хууль зөрчиж байна гэж үзэж байна.

2/ Мөн гэрчийн мэдүүлгээр эдгээр зүйлүүдийг хэлдэг. Зөрүүтэй байгаа дээжүүд болох хадгалалт хамгаалалтын горим болон бусад үед шинж чанар тоо, индексээ алдах боломжтой. Энэ нь өөрөө химийн бодис учраас дээж аваад явах хугацаандаа ч гэсэн өөрчлөгдөх бүрэн боломжтой гэж мэдүүлсэн. Шинжилгээ дүн зөрүүтэй асуудлуудыг зайлшгүй гурав дахь шинжилгээ, гуравдагч байгууллагаар заавал дараагийн шинжилгээг хийх ёстой гэж гэрчүүд мэдүүлээд байдаг.

3/ Шинжилгээ хийгдсэн байгууллагуудад итгэмжлэл олгох тухай Стандартчилал, хэмжил зүйн газрын даргын тушаалаар итгэмжлэл олгодог юм байна. Тэр итгэмжлэл нь хохирлын үнэлгээний байгууллагын чадавхийг тогтоох гээд Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3.1-д зааснаар байгууллагын хохирлын үнэлгээг чадавхийг тогтоодог юм байна. Энэ байгууллагаас тогтоохдоо Иргэний нисэхийн ерөнхий газрын төв лабораторийг цетаны тоо тогтоох боломжгүй, чадахгүй гэж тогтоосон. Энэ байгууллага өөрөө материал бүрдүүлж өгөхдөө цетаны тоо тогтоож шинжилж чадахгүй. Манайх тоног төхөөрөмж байхгүй. Тоног төхөөрөмжийн чадавх байхгүй гэдгээ өөрөө мэдүүлээд өөрөө тогтоож өгсөн байдаг. Тэр нь итгэмжлэл дээрээ тусгагдаад нийт хийх боломжтой тоног төхөөрөмжийг чадавхийн хүрээнд хийх боломжтой шинжилгээний жагсаалтад цетаны тоо гэж байдаггүй. Үүнээс нь өгсөн үүрэг даалгаврыг дагуу шинжилгээнд хамрагдсан дээжүүдийг нийт тогтоох ёстой шинж чанаруудаас хийх чадавхгүй байгууллагаар шинжилгээ хийлгээд энэ нь алдаатай зөрүүтэй хариу гарсныг улсын байцаагч уг нь алдаа гэж олж харж тодорхой нөхцөл байдлуудыг тодруулж шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулж талуудыг энэ ажиллагаанд оролцуулж үнэн зөвийг илэрхийлж энэ дүгнэлтийг гаргасан бол үнэнд нийцэх байлаа. Улсын байцаагч бол зөвхөн буруу гаргасан дүгнэлтэд шууд хариу өгч, шууд цуглуулж авчраад ямар нэгэн ажиллагаа хийлгүйгээр шууд дүгнэсэн байгаа нь байцаагчийн өөрийнх нь ёс зүйн хувьд ч тэр асуудалтай. Дүрэм, хууль зөрчиж байгаа байдал нь ч асуудалтай учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү. 

4/ Ашигт малтмалын газраас гаргасан дүгнэлтүүд нь Монгол улсын стандартад мөрдөгдөж байгаа стандартад бүгдэд нь нийцээд байдаг. Бүгдэд нийцээд асуудалгүй гараад байдаг. Дүгнэлтэд энэ талаар огт дурдагдаагүй. Зөвхөн Иргэний нисэхийн ерөнхий газрын гаргасан асуудалтай гарчхаад байгаа, зөрүүтэй гарчхаад байгаа дүгнэлтийг зөвхөн тусгаад байдаг.

5/ Манай байгууллагын зүгээс үзэж байгаагаар бол хариуцагч энэ дүгнэлтийг, захиргааны актыг гаргахдаа тодорхой ажиллагаа, процессуудыг хийх ёстой байсан. Оролцогч талууд эрх ашиг нь хөндөгдөж байгаа талуудаас мэдээ, мэдүүлэг болон нотлох баримтуудыг цуглуулж аваад захиргааны байгууллага нотлох гэдэг үүргээ ухамсарлаад ажилтныхаа болон төрийн албан хаагчийнхаа эрх үүргийн дагуу шаардлагатай мэдээ мэдээллийг олж аваад, сонсгол зарлаад гэх мэтчилэн процессуудыг хийсний үндсэн дээр энэ дүгнэлт хамгийн үнэн зөв байхаар гарах ёстой байсан. Гэвч хуулийн процессыг ч тэр ёс зүйн дүрэмд ч тэр бүгдийг л зөрчсөн гэж маргаж байгаа.” гэв.  

5. Хариуцагч Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Эрчим хүчний хяналтын улсын ахлах байцаагч А.Бшүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “...1/ Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын баталсан 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 01/16 дугаартай Шатахууны бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх тухай удирдамжийн хүрээнд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Эрчим хүч, хэмжил зүйн хяналтын хэлтсийн дарга , эрчим хүчний /газрын тос, хий/ улсын ахлах байцаагч А.Бминий бие тус шалгалтын ажлын хэсгийн бүрэлдэхүүнд оролцсон.

Хяналт шалгалтад оролцох байгууллагуудын төлөөлөл бүхий ажлын хэсгийн хурлаар тус хяналт шалгалтын зохион байгуулалтын талаар хэлэлцсэний үр дүнд газар дээр нь шалгалт хийх, бүтээгдэхүүний дээж авах бүрэлдэхүүнийг дээрх удирдамжийн нэгдүгээр хавсралтаар баталсан бөгөөд тус ажлын хэсгээс шинжилгээнд авсан дээжийг тусгай кодоор тэмдэглэж холбогдох лабораториудад өгч шинжлүүлэхээр, мөн лабораторийн шинжилгээний хариуг үндэслэн дүгнэлт гаргах этгээд /А.Б/-ийг нууцлалыг хангах зорилгоор дээж авах, шинжилгээ хийлгэх ажлын хэсэгт оролцуулахгүй байхаар төлөвлөж шийдвэрлэсэн.

2/ Дээрх ажлын хэсэг шатахуун хадгалах, түгээх байгууламжийн савнаас 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдрөөс 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдрүүдэд автобензиний 60ш дээж, дизель түлшний 84ш, нийт 144 дээж авч Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхай, газрын тосны төв лаборатори, Иргэний нисэхийн ерөнхий газрын оношилгоо, хэмжил зүйн лабораториудад тусгай нууц кодоор тэмдэглэж шинжлүүлсэн байна.

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 01/1297 тоот албан бичгээр Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт ирүүлсэн “Дүгнэлт гаргуулах тухай" хүсэлтийн дагуу Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д "хяналт шалгалтыг давхардуулахгүй бөгөөд төрийн эрх бүхий байгууллагаас хийсэн шинжилгээний дүн дүгнэлтийг хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага харилцан хүлээн зөвшөөрөх" гэж заасныг баримтлан гаргасан 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 01-07-106/259, 01-07-106/260 дугаартай улсын ахлах байцаагчийн дүгнэлтүүдийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2021 оны 7 сарын 07-ны өдрийн 01/1577 тоот албан бичгээр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хүргүүлсэн. Техникийн шаардлага "Дүгнэлт гаргуулахаар ирүүлсэн кодоор тэмдэглэгдсэн нийт 144 шинжилгээний сорилтын тайланд тусгагдсан үзүүлэлтийг Монгол улсад хучин төгөлдөр мөрдөгдөж буй "Хөдөлгүүрийн түлш. этилжүүлээгүй бензин. MNS 0217:2017, “Дизелийн түлш Евро Техникийн шаардлага” MNS0216:2017, “Дизелийн түлш.Техникийн шаардлага” MNS 6861:2020 стандартуудад тавигдсан шаардлагатай харьцуулсан бөгөөд шинжилгээний сорилтын тайланд аж ахуйн нэгжийн нэр болон ямар объектоос хэдэн дээж авч шинжлүүлсэн эсэхийг мэдэх боломжгүй байсан нь хяналт шалгалтын хараат бус зарчимд нийцсэн гэж үзэж байна.

3/ Нэхэмжлэлийн шаардлагад тусгагдсан улсын ахлах байцаагчийн 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 01-07-106/259 дугаартай дүгнэлтэд тус компанид хамааралтай гэх Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо, хэмжил зүйн лабораторийн химич инженер С.А, ахлах инженер Ж.С, эрхлэгч Г.Б нарын баталгаажуулсан 2021 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн СШ21/137, СШ21/138 дугаартай сорилтын үр дүнгийн тайланг "Дизелийн түлш.Техникийн шаардлага" MNS6861:2020 стандартын 5.2 дахь /Түлшний физик, химийн болон ашиглалтын үзүүлэлтийн хэмжээ 1-р хүснэгтэд заасан шаардлагыг хангасан байна/ заалтын шаардлага хангасан эсэхийг хянан үзэж улсын байцаагчийн дүгнэлтийг гаргасан.

Тухайлбал: СШ21/137 дугаартай шинжилгээний сорилтын үр дүнгээр 20ºС дахь нягт 817.6±0.1 кг/м3 тодорхойлогдсон нь "Дизелийн түлш.Техникийн шаардлага" MNS6861:2020 стандартын 5.2 дахь заалтын 1-р хүснэгтийн 17 дахь хэсэгт тусгагдсан нягт буюу хувийн жин 840-860 кг/м3 хооронд байх шаардлагыг хангахгүй байгааг дүгнэлтэд тусгасан байна.

СШ21/138 дугаартай шинжилгээний сорилтын үр дүнгээр цетаны тоо 43.0±0.1 тодорхойлогдсон нь "Дизелийн түлш Техникийн шаардлага” MNS6861:2020 стандартын 5.2 дахь заалтын 1-р хүснэгтийн 1 дэх хэсэгт тусгагдсан цетаны тоо 45-аас багагүй байх шаардлагыг хангахгүй байгааг дүгнэлтэд тусгасан байна.

4/ Нэхэмжлэлд дурдагдсан лабораторийн шинжилгээний сорилтын үр дүнг алдаатай хийгдсэн, өөр өөр шинжилгээний аргын стандарт ашигласан, лаборатори хоорондын хэмжлийн эргэлзээг тооцоогүй, сорилтын дүн нь зөвшөөрөгдөх алдаанаас илүү зөрүүтэй, багажийн зөвшөөрөгдөх алдааг тооцоогүй гэх тухайн лабораторийн чадавх болон шалгах аргын стандарттай холбоотой болон бycaд асуудал нь манай газрын чиг үүрэгт хамааралгүй бөгөөд бөгөөд эрх бүхий лабораторийн нэгэнт баталгаажуулсан ур дүнгийн тоон утгыг улсын байцаагч дур мэдэн өөрчлөн дүгнэх боломжгүй юм.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас баталсан удирдамжийн хүрээнд хяналт шалгалт хийхэд Монгол улсад итгэмжилсэн хоёр лабораторийг сонгон авч шинжилгээ хийлгэсэн. Эдгээр лаборатори нь шинжилгээний аргын стандартад нийцсэн хариуг хариуцна. Үүнийг Мэргэжлийн хяналтын байгууллага, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар хяналт шалгалтын хараат бус байх зарчмын хүрээнд ямар нэгэн байдлаар дүнг өөрчлөх боломжгүй. Төрийн хяналт шалгалтын зарчим гэж Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан байгаа. 4.1.7-д “төрийн эрх бүхий байгууллагаас хийсэн шинжилгээний дүн дүгнэлтийг хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага харилцан хүлээн зөвшөөрнө” гэж заасан. Үүний үндсэн дээр Мэргэжлийн хяналтын байгууллага нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас албан бичгээр хүсэлт ирүүлсний дагуу шинжээчийн дүгнэлтийг үйлдсэн.

Тус дүгнэлтийг үйлдэхдээ мэргэжлийн хяналтын байгууллага нь Захиргааны ерөнхий хуулийн 10 дугаар зүйлд заасан харилцан туслах үүргийнхээ хүрээнд гаргасан. Хуулийн 10.1.2-т “үйл ажиллагаа явуулахад шаардлагатай хүний нөөц, эсхүл бүтэц, тогтолцоо бодитоор дутагдсан бол” гэж заасны дагуу Мэргэжлийн хяналтын байгууллагын ахлах байцаагч А.Бнь нарийн мэргэжлийнхээ хүрээнд тухайн лабораториос ирүүлсэн сорилтын дүнд үндэслээд Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа стандартуудтай тулгаад тус дүгнэлтийг үйлдсэн.

Монгол улсын Засгийн газраас үүрэг чиглэл өгөөд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын удирдамжаар энэхүү хяналт шалгалт явагдаад улсын хоёр лаборатори шинжилж сорилтын дүнд гарын үсэг зурж, тэмдгээ дарж баталгаажуулаад ирүүлсэн шинжилгээний дүнгүүдийг Мэргэжлийн хяналтын байгууллага нь стандарттай харьцуулаад дүгнэж гаргасан байгаа. Ийм учраас “Н” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч болон хариуцагч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараах хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            Нэхэмжлэгч “Н” ХХК-ийн Захирал Х.Б тус шүүхэд хандаж “Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Эрчим хүчний хяналтын улсын ахлах байцаагч А.Бийн 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 01-07-106/259 дүгээр дүгнэлтээс “Н” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, түүний үндэслэлээ “...2 лабораторийн шинжилгээний хариу хоорондоо зөрүүтэй гарсан, энэ тохиолдолд маргаан таслах шинжилгээг зайлшгүй хийх ёстой байсан..., Улсын байцаагч нь нөхцөл байдлыг нарийн судалж шалгасны үндсэн дээр өөрийн дүгнэлтийг гаргах үүрэгтэй боловч энэ үүргээ биелүүлээгүй,...Иргэний нисэхийн ерөнхий газрын төв лаборатори нь цетаны тоог тогтоох чадваргүй байхад тухайн лабораторид шинжилгээг хийлгэж, түүний гаргасан сорилтын дүнг үндэслэсэн нь хууль бус” гэж тодорхойлсныг хариуцагчаас “...эрх бүхий лабораторийн нэгэнт баталгаажуулсан үр дүнгийн тоон утгыг улсын байцаагч дур мэдэн өөрчлөн дүгнэх боломжгүй...” гэж тайлбарлан бүхэлд нь эс зөвшөөрч маргав.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргаас 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 01/16 дугаар удирдамж болон Шатахууны бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх бүрэлдэхүүнийг баталсан, тухайн бүтээгдэхүүнээс шинжилгээний дээж авах бүрэлдэхүүнд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын ахлах байцаагч А.Бийг оролцуулахгүй байхаар шийдвэрлэсэн, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 01/1297 дугаар албан бичгээр Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт “Дүгнэлт гаргуулах”-аар хандсан, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2021 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 071577 дугаар албан бичгээр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргад “Шатахууны чанарын тухай” албан бичгийн хавсралтаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын байцаагч А.Бийн гаргасан “Дизель түлшний шинжилгээний дүнгийн тухай” 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 01-07-106/259 тоот дүгнэлтийг хүргүүлсэн үйл баримтууд тус тус тогтоогдсон, эдгээр үйл баримтын талаар хэргийн оролцогчид маргаагүй.

Маргаан бүхий захиргааны акт болох Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын байцаагч А.Бийн гаргасан “Дизель түлшний шинжилгээний дүнгийн тухай” 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 01-07-106/259 дүгээр дүгнэлтийн 2 дахь заалтаар “Шинжилгээний сорилтын СШ21/138 дугаар бүхий үр дүнгээр цетаны тоо 41.4-44.5 буюу дунджаар 43.2 тодорхойлогдсон нь “Дизелийн түлш Евро. Техникийн шаардлага” MNS 0216:2017, “Дезилийн түлш. Техникийн шаардлага MNS6861:2020 стандартын шаардлагыг хангахгүй байна” гэж, мөн уг дүгнэлтийн 3 дахь заалтаар “Шинжилгээний сорилтын СШ21/137 дугаар бүхий үр дүнгээр 200С дахь хувийн жин 796.30-829.4 кг/м3 тодорхойлогдсон нь “Дизелийн түлш. Техникийн шаардлага” MNS 6861:2020 стандартын шаардлагыг хангахгүй байна” гэж дүгнэсэн байна.

Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах талаар дараах зарчмыг баримтална” 4.1.1-д “зах зээлд нийлүүлж байгаа бараа, ажил, үйлчилгээ нь хэрэглэгчийн аюулгүй байдал, тоо, хэмжээ, чанар, хугацаа, зориулалтын зохих шаардлагыг хангасан байх” гэж, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчийн зах зээлд нийлүүлж байгаа бараа, ажил, үйлчилгээ нь хэрэглэгчийн амь нас, эрүүл мэнд болон хүрээлэн байгаа орчинд гэм хор учруулахгүй байх, заавал мөрдөх стандартын болон техникийн зохицуулалтын шаардлагыг хангасан байна” гэж тус тус заажээ.

            Иргэний нисэхийн ерөнхий газрын лабораторид нэхэмжлэгч компанийн дизель түлшний дээжийг 210759 кодтойгоор шинжилж СШ21/137 дугаар үр дүнгийн тайланд дизель түлшний нягт 200С-д 817,6 кг/м3 гэж, СШ21/138 дугаар үр дүнгийн тайланд дизель түлшний цетаны тоо 43.0 гэж тус тус тодорхойлсон байна.

            “Дизелийн түлш Техникийн шаардлага MNS 6861:2020” стандартын 5 дугаар зүйлийн 5.2-т “Түлшний физик, химийн болон ашиглалтын үзүүлэлтийн хэмжээ 1-р хүснэгтэд заасан шаардлагыг хангасан байна” гэж заасан ба тухайлбал дизель түлшний нягт 200С-д 817,6 кг/м3 гэж гарсан нь “Дизелийн түлш. Техникийн шаардлага MNS 6861:2020” стандартын 5.2 дахь хэсгийн 1 дүгээр хүснэгтийн 17-д “200С-д нягт буюу хувийн жин 840-860 кг/м3 хооронд байх” шаардлагыг хангаагүй, дизель түлшний цетаны тоо 43.0 гэж гарсан нь уг стандартын 5.2 дахь хэсгийн 1 дүгээр хүснэгтийн 1-д “цетаны тоо 45-аас багагүй байх” шаардлагыг мөн хангаагүй болох нь тогтоогдсон гэж үзэж Улсын ахлах байцаагч дүгнэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Газрын тосны бүтээгдэхүүн, Дээж авах арга 0218:2008 стандартын 7 дугаар зүйлийн 7.2-т “Газрын тосны болон газрын тосны бүтээгдэхүүний дундаж дээжийг хоёр хувааж нэг дээжийг лабораторид шинжлүүлэхээр өгч, нөгөөг нь битүүмжилж маргаан таслахад зориулж тунадас, тоосноос хамгаалагдсан байранд хадгална...”, 7.7-д “Маргаан таслахад зориулсан, газрын тосны бүтээгдэхүүний дээжийг уг бүтээгдэхүүнийг илгээсэн өдрөөс хойш 45 хоног хадгална. Удаан хугацаагаар хадгалах буюу алс хол оршдог захиалагчид илгээсэн газрын тосны бүтээгдэхүүний маргаан таслах дээжийг 3 сар хадгална” гэж заасан.

Нэхэмжлэгчээс “шинжилгээний дүн нэг бүтээгдэхүүний тухайд 2 өөр гарсан байхад маргаан таслах шинжилгээг дахин хийгээгүй нь хууль бус”  гэж маргасан ба хариуцагч А.Бнь тухайн хяналт шалгалтын бүрэлдэхүүнд орсон боловч бүтээгдэхүүний дээж авах ажиллагаанд оролцоогүй болох нь тухайн ажлын хэсгийн уулзалтын 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн тэмдэглэлээр тогтоогдсон, нөгөө талаар хариуцагч нь нууц кодоор кодолж ирүүлсэн шинжилгээний дээжид хийсэн лабораториудын дүнг Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй стандарт үзүүлэлттэй харьцуулан үзэх байдлаар дүгнэлтээ гаргасан байх тул хариуцагч Мэргэжлийн хяналтын улсын байцаагч нь маргаан таслах шинжилгээг дахин хийх эрх, үүрэг бүхий этгээд гэж үзэхээргүй байна.

Түүнчлэн Хэмжил зүйн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Хэмжил зүйн төрийн хяналтыг Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан байгууллага хэрэгжүүлнэ”, 13.2-т “Энэ хуулийн 13.1-д заасан байгууллага Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.9-д зааснаас гадна дараах хяналтыг хэрэгжүүлнэ” 13.2.2-т “хэмжлийн нэгж нь зөвшөөрөгдсөн нэгжтэй тохирч байгаа эсэхэд хяналт тавих” гэж, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д “хяналт шалгалтыг давхардуулахгүй бөгөөд төрийн эрх бүхий байгууллагаас хийсэн шинжилгээний дүн, дүгнэлтийг хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага харилцан хүлээн зөвшөөрөх”-өөр, 9 дүгээр зүйлийн 9.2-т “Мэргэжлийн хяналтын байгууллага нь мэргэжлийн хяналтын төв байгууллага, аймаг, нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, сумын мэргэжлийн хяналтын улсын байцаагчаас бүрдэнэ”, 10.9-д “Мэргэжлийн хяналтын улсын байцаагч дараах нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гэж тус тус зааснаас үзвэл хариуцагч Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын байцаагчийн дүгнэлт нь түүнд хуулиар тусгайлан олгосон чиг үүргийн хүрээнд хамаарч байна.  

Нэхэмжлэгчээс, Иргэний нисэхийн ерөнхий газрын лаборатори нь цетаны тоог тодорхойлох чадавхигүй байхад шинжилгээг хийлгэхээр хүргүүлсэн нь хууль бус гэж маргасан ба Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо, хэмжил зүйн лабораторийн итгэмжлэлийн хүрээний тодорхойлолтод “цетаны тоо” гэж заагдаагүй боловч шүүхэд гэрчээр дуудагдсан Ж.С, Ж.Бадамсүрэн нараас “...энэ нь тухайн лаборатори цетаны тоог тодорхойлох чадавхгүй гэсэн агуулга биш... итгэмжлэлийн хүрээнээс гадуур ажлыг хийж болно, ...итгэмжлэлд ороогүй бол худлаа, итгэмжлэлд орсон бол үнэн гэсэн үг биш...” гэж мэдүүлснээс үзвэл уг үндэслэл нь маргаан бүхий захиргааны акт болох Улсын ахлах байцаагчийн дүгнэлтийг хүчингүй гэж үзэх үндэслэл болохгүй. 

Иймд дээр дурдсан хууль зүйн үндэслэлүүдээр  нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг удирдлага болон ТОГТООХ нь:

1. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7, 10 дугаар зүйлийн 10.9-д заасныг тус тус баримтлан “Н” ХХК-ийн захирал Х.Бээс гаргасан, “Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Эрчим хүчний хяналтын улсын ахлах байцаагч А.Бийн 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 01-07-106/259 дүгээр дүгнэлтийн “Н” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н.ДУЛАМСҮРЭН