Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 20

 

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Долгормаа даргалж, шүүгч Д.Цэдэнпэлжээ, Б.Энхбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар;

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Гансувд 

     Иргэдийн төлөөлөгч Н.Гантуяа

     Улсын яллагч Б.Ичинхорол

            Хохирогчийн төлөөлөгч Д.Хоролсүрэн, түүний өмгөөлөгч Д.Галтогтох

Шинжээч эмч Н.Уянга

     Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч М.Энхтуяа, Д.Ганхуяг нарыг оролцуулан Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.3, 91.2.10, 91.2.12, 91.2.15 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хатгин овогт ******* холбогдох эрүүгийн 201611000245 дугаартай хэргийг 2017 оны 01 сарын 06-ны өдөр хүлээн авч шийдвэрлэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Чойбалсан суманд 1974 оны 06 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, 43 настай эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн ******* тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэл Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 48 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар 10 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, 2013 оны 03 дугаар сарын 28-ны өдөр эдлээгүй үлдсэн 01 жил 07 сар 21 хоногийн ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, мөн Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 142 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 2 сарын баривчлах ялаар тус тус шийтгүүлсэн, бие эрүүл, ******* регистрийн дугаартай, Хатгин овогт *******.

     Шүүгдэгч ******* нь согтуугаар хүнийг алах гэмт хэрэгт шийтгүүлж, ялтай байх хугацаандаа давтан үйлдлээр Дорнод аймгийн Матад сумын 4 дүгээр багийн нутаг "Зүүн тосон" гэх газарт 2016 оны 06 дугаар сарын 07-ны орой ******* өс хонзонгийн сэдэлтээр, биеэ хамгаалж чадахгүй байгааг нь мэдсээр байж, онц харгис хэрцгий аргаар олон тооны гэмтэл шарх учруулан зодож амь биед нь аюултай хүнд гэмтэл учруулан санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2016 оны 6 сард Матад сумын нутагт байшин барьж байгаад цемент авахаар аймагт ирсэн. Тэгээд гэртээ ирээд худгаас ус авах гээд явж байтал талийгаач гудамжинд 2 хүнтэй архи уугаад сууж байхаар нь би талийгаачид хөдөө явж ажиллах уу гэхэд тэр зөвшөөрсөн. Ингээд маргааш нь буюу 6 сарын 7-нд бид цементээ худалдаж авчихаад  Матад сум руу гарахынхаа өмнө манай гэрт 1 шил архи, замдаа бас 1 шил архи уугаад орой 20 цагийн үед ******* ирсэн. Тэнд байсан хүмүүст захисан архийг  нь өгчихөөд нэлээн сууж байгаад би хоол хийхээр  гарсан. Намайг гарах үед талийгаач хэвтээд үлдсэн. Хоолныхоо махыг хэрчээд эргээд ороход архи ууж байсан хүмүүс бүгд согтоод унтчихсан, талийгаач машины доор хэвтэж байсан. Би талийгаачийг  босгоод “Хойшоо вагончик руу явъя, чи хоол хийх түлээ хагалчих” гэхэд талийгаач “Чи битгий хуцаад бай” гэсэн. Эндээс л бид маргалдаж эхэлсэн. Талийгаач вагончикний гадаа ирээд орохгүй гээд байхаар нь би түлхчихсэн чинь төмөр зуухны доод талыг мөргөөд унах шиг болсон. Би түүнийг 2-3 удаа өшиглөсөн. Хэсэг хугацааны дараа босохгүй байхаар нь талийгаачийг Цолмонтой орон дээр өргөж тавиад бүгд унтацгаасан. Өглөө сэрэхэд талийгаач их сонин байдалтай хурхираад унтаад байсан. Намайг элсэнд яваад ирэхэд талийгаач босоогүй байсан. Тэгэхэд ******* “нэг л сонин байна,  эмнэлэг рүү яв” гэсэн. Би сумын эмнэлэг авч явах гэснээ болиод аймаг руу ирж талийгаачийг эмнэлэгт хэвтүүлсэн. Бид хоёр багын найзууд, урд өмнө муудаж маргалдаж байгаагүй. Би ямар нэгэн өс хонзон санаж яваагүй юм. Би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү  гэв.

Хохирогчийн төлөөлөгч Д.Хоролсүрэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Нэхэмжлэх ёстой юм болов уу гэж бодоод оршуулгын зардлыг тооцож гаргасан.  Одсүрэн юугаар ч миний хүүгийн амь насыг төлж чадахгүй. Би маш их гомдолтой байна. Гомдол маань хэрхэвч тасрахгүй. Одсүрэн манайхаар орж гараад миний хүүтэй найзлаад л явдаг байсан. Би нэг ч удаа ******* загнаж зандарч байгаагүй. Миний хүүг алчихна гэж хэзээ ч бодож явсангүй. Миний хувьд хүүг минь өс хонзонгоор алсан гэж бодож байна. Хэргийг хуулийн дагуу шийднэ биз дээ гэв.

Шинжээч эмч Н.Уянга гаргасан дүгнэлтээ тайлбарлахдаа: Миний бие 2016 оны 6 сарын 20-ны өдрийн 55 тоот дүгнэлтийг гаргасан. Задлан шинжилгээгээр их тархины баруун зүүн чамархайн дэлбэнд зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалт, баруун талын  бөмбөлөгийн чамархай, дух, дөрөвдүгээр ховдлын урд хананд няцрал, баруун чамархай, зулайн хатуу хальсны доорх цусан хураа үүссэн байсан. Эдгээр гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсэх бөгөөд гэмтлийн хүнд зэрэгт хамаарах юм. Мөн зүүн гарын сарвууны ард зүсэгдсэн шарх үүссэн байсан. Энэ нь ир үзүүртэй  зүйлээс үүснэ. Талийгаачийн хувьд амь аврагдах боломж тун муу, тэрээр хүнд гэмтлийн улмаас нас барсан. Мөн талийгаачийн баруун нүдний эргэн тойрон цус хурсан, баруун хөмсөгний гадна хэсэг, баруун нүдний дээд зовхи, зүүн хацар, зүүн хөмсөгний гадна хэсэг, духны доод хэсэгт олон тооны жижиг, баруун дал орчим, нурууны доод хэсэг, баруун ташаа, баруу тохой, баруун, зүүн чихний дэлбээ, цээжний дээд хэсэг шархтай байсан. Эдгээр гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсдэг гэв.

Гэрч мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 06 сарын 07-ны өдрийн нар жаргаагүй байхад морь малаа тэжээчихээд явж байхад Одсүрэн, талийгаач нар ирсэн. Морь малаа тэжээчихээд ******* ахын гэр рүү ороход араас Одсүрэн ах орж ирсэн. Түүний араас ах орж ирсэн. Одсүрэн ах талийгаач ахын цээж рүү 2 удаа өшиглөхөд нь боль боль гэж хэлээд болиулсан. Одсүрэн ах арай бага согтсон байсан бөгөөд талийгаач ах нилээн согтсон байсан. Одсүрэн ах ахыг аваад манай гэр лүү орсон. Намайг анх орж ирэхэд ахыг орон дээр хэвтүүлчихсэн байсан бөгөөд дахин гурил авахаар орж ирэхэд ахыг Одсүрэн ах толгой руу нь 2-3 удаа өшиглөж байсан. Би боль гэж хэлэхэд надад дийлдэхгүй миний хажуугаар орж ирээд гар руу нь өшиглөж байсан. Одсүрэн ах ахыг зодож байхдаа “Чи муу миний 2 хонийг ээжтэйгээ нийлж идсэн биз дээ. Чи намайг дор байхад ганц ч удаа утсаар яриагүй” гэж хэлэхэд үгүй ээ, үгүй гэж хэлж байсан. Тухайн үед хоол болсон байсан болохоор хоолыг нь авчирч өгсөн. Намайг хоол ид гэж хэлэхэд “Хоол аваад ир” гэж хэлсэн болохоор хоолыг нь авчирч өгсөн. Намайг хоолыг авчирч өгөхөд Одсүрэн ах талийгаачийг зодож байсан учраас салгасан. Тэгээд хоолоо идчихээд буцаад орж ирэхэд талийгаач дээшээ харсан байдалтай ухаангүй хэвтэж байсан. Одсүрэн ах орон дээр сууж байсан бөгөөд намайг орж ирсний дараа мөн талийгаачийг зодож өшиглөөд байсан учраас болиулах гэсэн боловч дийлдэхгүй байсан. ах ямар ч ухаангүй хэвтэж байсан ба гэрээс чирч аваад ахыг гэрийн үүдэнд авчирч “Чамайг ална аа, пизда минь” гэж хэлээд толгой руу нь өшиглөөд байсан учраас ахаа наад хүн чинь үхлээ ш дээ гэж хэлэхэд үхэхгүй гээд байсан. Намайг харахад нүд нь сонин болчихсон их муу харагдаж байсан учраас талийгаачийг эргэж гэрт оруулаад орон дээр өргөн тавьсан. Гэрт орсны дараа Одсүрэн ах талийгаачийг сэрээх гэж оролдсон боловч сэрэхгүй байсан чинь яах ч үгүй, үхэхгүй гэж хэлсэн. Би урьд гэртээ унтаж, Одсүрэн ах ахын ар талаар унтаж, Баяржаргал ах газраар унтсан. Би өглөө нь морь малаа тэжээчихээд гэрт орж ирэхэд ах хурхираад унтаад байсан учраас сэрээх гэсэн боловч сэрэхгүй байсан болохоор зүүн гэр рүү ороход ******* ах яачихсан юм бэ гэж асуухад нь “Өчигдөр орой Одсүрэн ах ахыг зодсон” гэж хэлсэн. Тэгсэн чинь ******* ах Одсүрэн ахыг “наадах чинь энд үхчихвэл яах юм бэ, аваад яв, аймагт очиж тариа хийлгэ” гэж хэлэхэд Одсүрэн ах “тэгье тэгье” гэж хэлээд Дорнод аймаг аваад явсан. Цээж толгой руу нь өшиглөөд байсан бөгөөд Баатар чамайг 100 гаруй мянган төгрөгөөр хувцаслаад явуулсан биз дээ, арчаагүй пизда гэж хэлээд байсан. Чамаас болж шоронд явсан биз дээ гэж хэлж байсан гэжээ. /хх-ийн 45-47/

Гэрч мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: ”…Талийгаач гуйвчихсан, Одсүрэн бол гайгүй байсан. … Маргааш өглөө нь бид нар элс ачих гээд *******ийн том машинаар явсан юм. Элс ачиж ирчихээд байхад Одсүрэн сэрдэггүй гээд адуучин залуутай хамт ирсэн. Бид нарыг элсэн дээр очоод элс ачиж байхад , ******* бид 3 хар багын найзууд бид 2 нэг хэрэг хийсэн юм. Тэгээд би шоронд ороод нэг ч удаа эргэж ирж байгаагүй дээ гэж хэлж байсан” гэжээ. /хх-ийн 39-40/

Гэрч мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “…Орой 22 цагийн үед , бид гурвыг амарч байхад тэр хэд ирсэн. Бид нар дээр орж ирэхдээ сайн уу ах нар гээд жижиг сандал дээр сууж байгаад Одсүрэн нь бид нарт архи авчирч өгсөн. Манай найз задлаад тойруулахад нь амсаагүй амсах ч тэнхэлгүй болтлоо уучихсан байсан. Маргааш өглөө нь болоход бид 3 дээр Одсүрэн орж ирээд өмнө бид нар найзууд байхдаа хэрэг хийгээд би хэргийг нь үүрээд шоронд 10 жил хоригдож байхад нэг ч удаа ирж байгаагүй, би тэрэнд нь их гомдож явдаг юм гэж ярьсан” гэжээ. /хх-ийн 41-43/

Гэрч Б.******* мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “… Би Дорнод аймагт ажлаар явж байгаад 2016.06.08-ны шөнийн 01-02 цагийн орчимд хөдөө байдаг гэртээ эхнэр, хүүхдийн хамтаар очиход гэрт хүн байхгүй байсан болохоор унтаж амарсан. Тэгээд өглөө 8 цагийн орчимд босоход манай малчин болон тэнд ажиллаж байсан хүмүүс бүгд босчихсон байсан. Дотор байгаа хүмүүс боссон уу гэж асуусан чинь ыг босоогүй унтаж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь Цолмонгийн амьдарч байгаа сууц руу ороход орон дээр хурхирсан байдалтай унтаж байсан болохоор сэрээх гэсэн чинь сэрэхгүй хурхираад унтаад байсан учраас энэ яагаад сэрэхгүй байгаа юм бол гэж бодоод малчин Цолмонгоос яагаад босохгүй байгаа юм бэ? гэж асуухад “Одсүрэн, ах хоёр өчигдөр архи уугаад хоорондоо муудалцаад зодолдоод байсан би 2-3 удаа салгасан. Тэгээд унтаж амарсан” гэж хэлсэн болохоор ямар нэгэн юм болчихсон юм шиг байна гэж ойлгоод *******ийн араас нуур руу очсон боловч зөрчихсөн байсан учраас буцаж гэртээ ирээд Одсүрэнтэй уулзаж “Та хоёр муудалцаад чи Түвшинг зодчихсон юм уу” гэж асуусан чинь “Бид хоёр муудалцаагүй, би ганц 2 цохиод түлхсэн. Би өөр зодож барьсан зүйл байхгүй. Хар багын найзаа зодохгүй. Архи уугаад архиныхаа шоконд ороод босохгүй байгаа юм байлгүй дээ” гэж хэлсэн гэжээ. /хх-ийн 32-34/

 Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 2016 оны 06 сарын 20-ны өдрийн шинжээчийн 55 тоот актын дүгнэлтэд: Талийгаач Н.ын цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр их тархины баруун зүүн чамархайн дэлбэнд зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалт, баруун тал бөмбөлгийн чамархай, дух, 4-р ховдлын урд хананы няцрал, баруун чамархай, зулайн хатуу хальсны доорх цусан хураа, дух, зулай, дагзны хуйхны цус хуралт, баруун нүд, баруун зүүн чих, цээжний цус хуралт, дух, баруун, зүүн хөмсөг, баруун нүдний дээд зовхи, зүүн хацарт, нуруу, баруун ташаа, баруун тохойд зулгаралт, зүүн гарын сарвууны өнгөц зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь хатуу мохоо болон ир үзүүртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байх боломжтой байна. Тогтоогдсон гэмтлүүд нь биеийн гэмтэл авсан хэсэг бүрт хүч үйлчилснээс үүссэн байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар их тархины баруун зүүн чамархайн дэлбэнд зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалт, баруун тал бөмбөлгийн чамархай, дух, 4-р ховдлын урд хананд няцрал, баруун чамархай, зулайн хатуу хальсны доорх цусан хураа гэмтлүүд нь гэмтлийн хүнд зэрэгт, 2.4.1-д  зааснаар      дух, зулай, дагзны хуйхны цус хуралт, баруун нүд, баруун зүүн чих, цээжний цус хуралт, дух, баруун, зүүн хөмсөг, баруун нүдний дээд зовхи, зүүн хацарт, нуруу, баруун ташаа, баруун тохойд зулгаралт, зүүн гарын сарвууны өнгөц зүсэгдсэн шарх гэмтлүүд нь бүрдэл байдлаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Н.ын цогцосноос авсан цусанд спиртийн алкоголь илрээгүй. Талийгаач нь цээжний зүүн хөндий зүүн уушгины гялтан хальсны наалдцат үрэвсэл өвчтэй байна. Талийгаач Н. нь их тархины баруун зүүн чамархайн дэлбэнд зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалт, баруун тал бөмбөлгийн чамархай, дух, 4-р ховдлын урд хананы няцрал, баруун чамархай, зулайн хатуу хальсны доорх цусан хураа гэмтлийн улмаас нас барсан  гэжээ. /хх-ийн 57-60/

Шүүх эмнэлгийн шинжээчийн 2016 оны 06 сарын 14-ний өдрийн 60 тоот актын дүгнэлтэд: Шинжилгээнд Н.ын цогцосноос авсан цусанд спиртийн алкоголь илэрсэнгүй гэжээ. /хх-ийн 61/

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2014 оны 07 сарын 25-ны өдрийн 24 тоот дүгнэлтэд: *******гийн сэтгэцийн байдалд эмгэг, өвчин тогтоогдохгүй байна. Сэтгэцийн хувьд эрүүл байна. ******* нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн учир холбогдлыг ойлгож, үнэн зөвөөр тайлбарлаж, мэдүүлэг өгч, хэрэг хариуцах чадвартай байна гэжээ. /хх-ийн 79-80/

- Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-7/

- Хохирогч Д.Хоролсүрэнгийн мэдүүлэг /хх-ийн 29-31, 183/

- Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 62-66/

- Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 182/

- Шинжээч эмч Н.Уянгыг байцаасан тэмдэглэл /хх-ийн 75-76/

-Гэрч Ш.Ариунцэцэгийг байцаасан тэмдэглэл /хх-ийн 184-186/

-Гэрч Х.Туулыг байцаасан тэмдэглэл /хх-ийн 187-189/

-Насанд хүрээгүй гэрч А.Түвшинбаярыг байцаасан тэмдэглэл /хх-ийн 190-191/

- Баянтүмэн сумын ИТХ-ын “Малын жишиг үнэ батлах тухай” 11 дүгээр тогтоол /хх-ийн 220/

-Мал, мах түүхий эдийн гарал үүслийн гэрчилгээ /хх-ийн 221-222/

-Оршуулгын зардалд нэхэмжилсэн баримтууд /223-234/

-М.Чинбатыг асууж авсан тэмдэглэл /хх-ийн 20/

-Гэрч С.Ариунгэрэлийг байцаасан тэмдэглэл /хх-ийн 50-53/

-Гэрч Б.Хандсүрэнг байцаасан тэмдэглэл /хх-ийн 54-55/

-*******г асуусан тэмдэглэл /хх-ийн 8-9/

-*******г сэжигтнээр дахин байцаасан тэмдэглэл /хх-ийн 97-99/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай бусад нотлох баримтыг шинжлэн судаллаа.

Шүүгдэгч ******* нь хүнийг алах гэмт хэрэгт ял шийтгүүлж, ялтай байх хугацаандаа давтан үйлдлээр согтуурсан үедээ Дорнод аймгийн Матад сумын 4 дүгээр багийн нутаг "Зүүн тосон" гэх газарт 2016 оны 06 дугаар сарын 07-ны орой хохирогч ******* зодож “…их тархины баруун зүүн чамархайн дэлбэнд зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалт, баруун тал бөмбөлгийн чамархай, дух, 4-р ховдлын урд хананы няцрал, баруун чамархай, зулайн хатуу хальсны доорх цусан хураа гэмтэл буюу амь биед нь аюултай хүнд гэмтэл учруулан санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******, хохирогч Д.Хоролсүрэн нарын өгсөн мэдүүлэг, гэрч Б.*******,, , нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 2016 оны 06 сарын 20-ны өдрийн шинжээчийн 55 тоот акт, шүүх эмнэлгийн шинжээчийн 2016 оны 06 сарын 14-ний өдрийн 60 тоот акт,  Шүүх сэтгэц эмгэг судлалын 2014 оны 07 сарын 25-ны өдрийн 24 тоот дүгнэлт, хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол, шинжээч эмч Н.Уянгын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн  мэдүүлэг зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Харин шүүгдэгч *******г өс хонзонгийн сэдэлтээр, биеэ хамгаалж чадахгүй байгааг нь мэдсээр байж, олон тооны гэмтэл шарх учруулан онц харгис хэрцгий аргаар хүнийг санаатай алсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.3, 91.2.12, 91.2.15 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар бүрэн гүйцэд тогтоогдохгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* “Би хохирогч ******* өс хонзонгийн болон онц харгис хэрцгий аргаар алаагүй. …” гэж мэдүүлсэн ба шүүх хуралдааны шүүмжлэлд түүний өмгөөлөгч М.Энхтуяа, Д.Ганхуяг нар “Шүүгдэгч *******гийн үйлдсэн хэргээс өс хонзонгийн сэдэлтээр, онц харгис хэрцгий аргаар хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж алсан гэж зүйлчилсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.3, 91.2.12, 91.2.15 дахь зүйлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж тус тус мэтгэлцэв.

Хүнийг санаатай алах гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдлын нэг болох өс хонзон гэдэгт хохирогчийн хэлсэн үг, хийсэн үйлдэлд гэмт этгээд өөрийнх нь үзэл бодол, үнэлэмжид нийцээгүй гэж дургүйцэн гомдож, түүнээс хариу авах, хорсол тайлах гэсэн санаа зорилгоор хүнийг алсан байхыг хамруулан үздэг. Гэрч гийн “…Чи муу миний 2 хонийг ээжтэйгээ нийлж идсэн биз дээ. Чи намайг дор байхад ганц ч удаа утсаар яриагүй” гэж хэлж мэдүүлснээс өөр нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.  Шүүгдэгч нь хэрэг үйлдэгдсэний маргааш нь “…, ******* бид 3 хар багын найзууд бид 2 нэг хэрэг хийсэн, би хэргийг нь үүрээд шоронд 10 жил хоригдож байхад нэг ч удаа ирж байгаагүй, би тэрэнд нь их гомдож явдаг…” гэж ярьсныг нь мөрдөн байцаалтад гэрч, нар мэдүүлсэн, мөн  хохирогчийн төлөөлөгч Д.Хоролсүрэн шүүгдэгч, талийгаач нарыг багын найзууд, урд өмнө нь ямар нэгэн байдлаар муудаж маргалдаж байгаагүй талаар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн зэргээс үзэхэд өс хонзонгоор талийгаач ******* алсан гэдэг нь тогтоогдоогүй байна.

Хүнийг санаатай алах гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдлын нэг болох онц харгис хэрцгий аргаар хүнийг алах гэдэгт хүнийг алахын өмнө буюу алах явцдаа хохирогчид олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон, ойр дотно хүмүүсийнх нь дэргэд алсан зэрэг шинж чанарын хувьд хүнийг алахдаа гэмт хэрэгтний сонгож авсан онц жигшүүртэй, хэрцгий аргуудыг хамруулан үздэг. Шүүгдэгч ******* нь хохирогчийг өшиглөж зодсоны улмаас амь насыг нь хохироосон болох нь шүүгдэгч *******гийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, гэрч , Б.******* нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүдээр тогтоогдож байх бөгөөд тэрээр хохирогчид өвчин шаналал учруулах, тарчилган зовоох ямар үйлдэл, арга хэрэглэсэн, эсхүл ойр дотны хэн нэгэн хүний дэргэд санаатай алж хэн нэгэнд шаналал учруулсан талаар ямар нэгэн баримт хэрэгт авагдаагүй байна.

Хүнийг санаатай алах гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдлын нэг болох хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж гэдгийг бие махбодийн болон сэтгэцийн хувьд өөрийгөө хамгаалах, түүнчлэн гэмт этгээдийн үйлдлийн эсрэг идэвхтэй эсэргүүцэл үзүүлж чадахгүй болохыг ухамсарлан ойлгосон байхыг хэлэхээс гадна биеэ хамгаалж чадахгүй гэдэгт “…хүчтэй мансуурсан, согтуурсан болон бусад шалтгаанаар өөрийгөө хамгаалах, хянах чадваргүй этгээд хамаардаг. Шүүгдэгч ******* талийгаач Н. нар нь Дорнод аймгийн төвөөс Матад сум руу явахаасаа өмнө 2016 оны 06 сарын 07-ны өдрийн 14 цагийн орчим *******гийнд 0.5 литрийн архи ууж улмаар хөдөө явж байхдаа 0.75 литрийн архи хувааж уусан тухай шүүгдэгч *******, гэрч С.Ариунгэрэл, мөн хэрэг гарсан тухайн цаг хугацаанд тэдний хэн алиныг нь архи уусан согтуу байсан талаар гэрч , , нар тус тус мэдүүлснээс гадна Н.ын цогцосноос авсан цусанд спиртийн алкоголь илрээгүй тухай Шүүх эмнэлгийн шинжээчийн 2016 оны 06 сарын 14-ний өдрийн 60 тоот актын дүгнэлт гарсан зэргээс үзэхэд шүүгдэгч өөрөө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн /согтуу/ байсан тул  хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгаа гэдгийг ухамсарлан ойлгож байсан гэж үзэх боломжгүй байна.  

Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд шүүгдэгч ******* нь өс хонзонгийн сэдэлтээр, биеэ хамгаалж чадахгүй байгааг нь мэдсээр байж, олон тооны гэмтэл шарх учруулан онц харгис хэрцгий аргаар хүнийг санаатай алсан гэдэг нь тогтоогдохгүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.3, 91.2.12, 91.2.15-д зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийг нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.    

Иймд шүүх, шүүгдэгч *******г хүнийг давтан үйлдлээр санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ял оногдуулах үндэслэлтэй байна гэж үзэв.

Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******г “Онц аюултай гэмт хэрэгтнээр тооцох” тухай хүсэлт гаргасан байна.

Шүүгдэгч ******* нь Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 48 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар 10 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, 2013 оны 03 дугаар сарын 28-ны өдөр эдлээгүй үлдсэн 01 жил 07 сар 21 хоногийн ялаас хугацааны өмнө тэнсэж, суллагдсан, мөн Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 142 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 2 сарын баривчлах ялаар тус тус шийтгүүлж 2016 оны 09 сарын 28-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан байх бөгөөд ялтайд тооцох хугацаа дуусаагүй байхдаа давтан үйлдлээр хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн тул шүүх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******г “Онц аюултай гэмт хэрэгтэн”-ээр тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.7 дахь хэсэгт зааснаар түүнд оногдуулсан хорих ялыг онцгой дэглэмтэй хорих ангид эдлүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

     Энэ хэрэгт ял хөнгөрүүлэх нөхцөл байдал байхгүйг дурдах нь зүйтэй.

     Хохирогчийн төлөөлөгч Д.Хоролсүрэн нь шүүхийн хэлэлцүүлэгт оршуулгын ажилд зарцуулсан 3 хонь, 1 ямаа, 1 үхрийн үнийг Баянтүмэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 11 дүгээр тогтоолоор баталсан малын жишиг үнэлгээний нөхөн төлбөрийн мөнгөн дүнгээр тооцож нийт 3951122 төгрөг нэхэмжилнэ гэж байгаа боловч хэрэгт 4392774 төгрөгийн нотлох баримт хавсаргаж өгсөн байна. Хэрэгт цугларсан нотлох баримтаас нийт 731010 төгрөгийн нотлох баримт нь хуулийн шаардлага хангахгүй /432490+7350+26800+249870+14500₮/ байх тул нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгсэхгүй болгож, үлдэх 3661764 төгрөгийг шүүгдэгчээр төлүүлэхээр шийдвэрлэв.

     Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй бөгөөд эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн гэрч г байцаасан байцаалтыг бэхжүүлж авсан DVD-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээх нь зүйтэй.

     Харин баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч *******гийн ******* регистрийн дугаартай Монгол Улсын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны Цагдан хорих байранд нэн даруй хүргүүлбэл зохино.

Шүүгдэгч *******гийн 2016 оны 06 сарын 11-ний өдрөөс 2017 оны 01 сарын 26-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 229 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248, 283, 286, 294, 295, 296, 297 298 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******д Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.3, 91.2.12, 91.2.15 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч Хатгин овогт *******г давтан үйлдлээр хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3.  Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******г 22 /хорин хоёр/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т зааснаар ялтан *******г онц аюултай гэмт хэрэгтнээр тооцсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.7 дахь хэсэгт зааснаар ялтан *******д оногдуулсан  22 жилийн хорих ялыг онцгой дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар ялтан *******гийн 2016 оны  сарын 06 сарын 11-ний өдрөөс 2017 оны 01 сарын 26-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 229 /хоёр зуун хорин ес/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Гэрч г байцаасан тэмдэглэл”-ийг бэхжүүлж авсан DVD-г шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар ялтан *******гээс 3661764 /гурван сая зургаан зуун жаран нэгэн мянга долоон зуун жаран дөрөв/ төгрөгийг гаргуулж, хохирогчийн төлөөлөгч Дорнод аймгийн Баянтүмэн сумын Б.Хоролсүрэнд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 731010 /долоон зуун гучин нэгэн мянга арав/ төгрөг төлүүлэхийг хэрэгсэхгүй болгосугай.

9. Хэрэгт баримт бичгээр хураагдан ирсэн ялтан *******гийн ******* регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны Цагдан хорих байранд нэн даруй хүргүүлсүгэй.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, эдлэх ялыг 2017 оны 01 сарын 26-ны өдрөөс эхлэн тоолсугай.

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг ялтан түүний өмгөөлөгч хохирогчийн төлөөлөгч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                           Ж.ДОЛГОРМАА

ШҮҮГЧИД                              Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ 

    Б.ЭНХБААТАР