Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 135/шш2019/01098

 

  

 

 

 

2019 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 135/ШШ2019/01098

Дархан-Уул аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс 135/2019/01005/И

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй, онлайнаар хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот,  *******,*******, ******* тоотод оршин суух, *******, утас:*******/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, *******, ******* тоотод оршин суух *******-т холбогдох,

 

******* ХХК-ий хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулж, компанийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг танилцуулахыг даалгах, *******ын ******* ХХК дахь хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас бусад гүйцэтгэх удирдлагын эрх 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөр дуусгавар болсныг тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Мөнх зангилаа ХХК-ий үүсгэн байгуулагч, компанийн хувьцааг дангаар ******* эзэмшигч болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* онлайнаар, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...******* би *******тай ******* ХХК-ийг байгуулж 2012 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хуулийн этгээдийн бүртгэлд ******* дугаарт бүртгүүлсэн байдаг. Уг компани нь нэг бүр нь 1,000 төгрөгийн үнэтэй нийт 1,300 ширхэг хувьцаатай буюу дүрмийн сан 1,300,000 төгрөг болно. ******* 51 хувийг буюу 663 ширхэг хувьцааг эзэмшдэг бол ******* би 49 хувийг буюу 637 ширхэг хувьцааг тус тус эзэмшдэг. ******* компанийн үйл ажиллагаанд намайг 2017 оноос эхлээд оролцуулахаа больсон. Би түүнтэй холбогдож, учраа олох гэхээр өнөөдрийг хүртэл таг чиг болсон. Түүгээр ч зогсохгүй ******* ХХК-ий хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол, протоколыг хуурамчаар үйлдэн, миний гарын үсгийг дуурайлган зурж ашигласныг ******* ХХК-ий нэхэмжлэлтэй,******* ХХК-д холбогдох Улаанбаатар хот дахь Монголын олон улсын ба үндэсний арбитрын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас олж, мэдэж тухайн хэрэгт гэрчээр мэдүүлэг өгч миний гарын үсэг биш гэдгээ гэрчилж байсан бөгөөд миний гарын үсэг биш гэдэг нь шинжилгээгээр тогтоогдсон. Хувьцаа эзэмшигч надад мэдэгдэлгүйгээр хувьцаа эзэмшигчдийн хурал хийсэн мэт шийдвэр гаргаад миний гарын үсгийг дуурайлган зурж ашигласан байсан. Өөр бусад энэ мэт байдлаар хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр гаргаж байж ч болох юм. Мөн нөгөө хувьцаа эзэмшигч бөгөөд компанийн гүйцэтгэх захирал ******* миний гарын үсгийг хуурамчаар зурж, миний нэрийг барьж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь нотлох баримтыг хүртэл хуурамчаар үйлдэж миний гарын үсгийг дуурайлган ганцаараа хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол гарган хувьдаа ашиглаж байгааг зүгээр хараад суух боломжгүй.

Би хувьцаа эзэмшигч атлаа хувьцааг нь эзэмшдэг ******* ХХК-ийхаа үйл ажиллагаанд оролцож чадахгүй, хувьцаа эзэмшигчийнхээ эрхийг эдэлж чадахгүй, ногдол ашиг хүртэж чадахгүй компанийн санхүүгийн үйл ажиллагааны мэдээлэл ч авч чадахгүй байна. Хувьцаа эзэмшигч миний Компанийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1-т хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцож, хурлаар хэлэлцэж байгаа бүх асуудлаар өөрийн эзэмшлийн хувьцааны тоотой хувь тэнцүүлэн санал өгөх гэж заасан хуралд оролцох эрх зөрчигдөж байна.

Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-т Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-ийн шийдвэрээр санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор зарлан хуралдуулна 59.1.11-т Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар энэ хуулийн 62.1.9-д заасан асуудлыг заавал хэлэлцэнэ 62 дугаар зүйлийн 62.1-т Дараах асуудлыг зөвхөн хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ: 62.1.9.компанийн жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх төлөөлөн удирдах зөвлөлийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэж батлах гэж тус тус заасан буюу гүйцэтгэх захирал ******* 2017 оны санхүүгийн жил дууссанаас хойш 4 сарын дотор буюу 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр гэхэд ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг зарлан хуралдуулж, компанийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг танилцуулах үүрэгтэй байсан. Ийнхүү танилцах нь хувьцаа эзэмшигч миний хувьд мэдээлэл авахын зэрэгцээ өөрт ногдох ашгаа хүртэх эрхээ хэрэгжүүлэх байсан. ******* мөн л 2018 оны санхүүгийн жил дууссанаас хойш 4 сарын дотор буюу 2019 оны 04 дүгээр сарын 30-ны дотор хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа хуралдуулаагүй миний эрхийг зөрчиж байна. Ийнхүү хуралдуулаагүй учраас 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлээд хурал зарлахаас бусад гүйцэтгэх удирдлагын эрх нь дуусгавар болсон. ******* ээлжит хурлаа зарлан хуралдуулах ёстой бөгөөд хуульд заасны дагуу хариуцлага хүлээх ёстой гэж үзэж байна.

Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-т заасан хугацаанд хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хуралдуулаагүй тохиолдолд төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас бусад энэ хууль болон компанийн дүрмээр тогтоосон бүрэн эрх дуусгавар болно гэж заасан. Гэтэл ******* Компанийн тухай хуулийн 60 дугаар зүйл, компанийн дүрмийн 9.3-т заасныг тус тус зөрчиж ээлжит хурлаа хуралдуулахгүй, хувьцаа эзэмшигч миний эзэмшиж буй хувьцааныхаа тоогоор санал гаргах, ногдол ашиг хүртэх, компанийн үйл ажиллагаа болон санхүүгийн мэдээлэл авах гэх зэрэг эрхийг зөрчиж байна. Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 59.5-д тус тус заасан зохицуулалт нь гүйцэтгэх удирдлагын хариуцлагатай холбоотой буюу хариуцлага тооцож байгаа хэлбэр тул эрх зүйн ач холбогдолтой юм. Нөгөөтээгүүр 2017, 2018 оны санхүүгийн жилүүд дууссаны дараа ээлжит хурлуудаа зарлаагүй хуулиар тусгайлан заасан үүргээ хэрэгжүүлээгүй учраас хуульд заасан хариуцлагыг хүлээх нь гүйцэтгэх захирлын үүрэг болно. Ингэснээр хувьцаа эзэмшигчдийн хурлаар дахин өөр гүйцэтгэх удирдлага томилох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх, миний компанийн үйл ажиллагаанд хувьцаандаа хувь тэнцүүлэн оролцох эрх хангагдах юм.

Иймд нэгдүгээрт хариуцагчид ******* ХХК-ий хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулж, компанийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг танилцуулахыг даалгуулж өгнө үү.

Хоёрдугаарт *******ын ******* ХХК дахь хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас бусад гүйцэтгэх удирдлагын эрх 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөр дуусгавар болсныг тогтоож өгнө үү гэв.

 

Хариуцагч ******* нь шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие анх *******тай Comport рестораны байранд барилгын ажил гүйцэтгэж байхдаа танилцаж байсан. Би 2012 оны 02 дугаар сард Барилга угсралт, засвар үйлчилгээ, барилгын материалын үйлчилгээ, интерьер засал чимэглэл, тавилгын үйлдвэрлэл худалдаа, авто засвар үйлчилгээ, газар тариалан эрхлэх үйл ажиллагаа явуулах зорилгоор ******* ХХК-ийг үүсгэн байгуулах шийдвэрээ гаргаж байсан юм. Ингээд өөрийн байгаа хөрөнгөө компанийн нэр дээр бүртгүүлж компани нь нийт 1300 ширхэг хувьцаатай буюу 1,300,000 төгрөгийн дүрмийн сантай болсон. Энэ үед *******тай уулзаж ярилцаж байгаад бид хамтран ажиллахаар хэлэлцэж тохиролцоод түүнийг өөрийнхөө үүсгэн байгуулж буй компанид нэрийг нь оруулан компанийн хувьцаа эзэмшигч мэтээр баримт бичиг анкетыг бичиж дүрмээ баталж өөрөө *******ын нэрийн өмнөөс гарын үсгийг зуран хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлж байсан байдаг.

******* нь энэ талаар сайн ойлголт мэдлэггүй явж байснаа ******* гэж хүнтэй холбогдож, тэр хүнээс компанийн баримт бичигт өөрийн нэр байна гэдгийг мэдэж аваад сая шүүхэд хандаж байгаа юм. Өмнө нь надтай компанийн хувьцаа эзэмшигчийн талаар огт маргаж байгаагүй, энэ талаар бидний хооронд огт яриа хэлцэл хийгдэж байгаагүй юм. *******той би хамтран ажиллах үед ******* нь илүү хүн байлгаад байх юм. Энэ хүнээ явуулаач гээд байдаг байсан. Тэгээд ч ******* компанид ямар нэгэн үүрэг гүйцэтгэж ажилд оролцохоо болиод явсан. Ингэж бидний хооронд холбоо тасарсан.

2016 оноос би ******* гэх хүнтэй хамтарч ажилласан гэрээнээс болж арбитр, цагдаа, шүүхийн байгууллагаар явах болсон бөгөөд энэ үеэс эхлэн ******* нь ******* үгээр үг хийж худал үнэн гэрчийн мэдүүлэг өгч яваад зогсохгүй шүүхэд үндэслэлгүй нэхэмжлэл гаргаж байна.

Тэр компанийг үүсгэн байгуулахад нэг ч төгрөг, нэг ч хөрөнгө оруулалт хийгээгүй байж яаж хувьцаа эзэмшигч гэж өөрийгөө үзэж чадаж байнаа.

Компанийн үүсгэн байгуулсан баримт бичиг анкетанд ******* хэзээ ч өөрөө гарын үсэг зурж байгаагүй, харин би түүнийг тууштай хамтран ажиллах байх гэж итгэж найдан өөрийн үүсгэн байгуулсан компанийн баримт бичигт түүний нэрийн өмнөөс гарын үсэг зурж нэрийг нь оруулаад явсан юм. ******* нь манай компанид ямар ч хамааралгүй этгээд учраас түүнд тайлан тавих шаардлагагүй.

Ийм учраас ******* нь миний үүсгэн байгуулсан*******ХХК-д огт холбогдолгүй хүн надад холбогдуулж шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж би үзэж байгаа болно. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Хариуцагч ******* нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

******* миний бие нь 2012 оны 02 дугаар сарын 09-ний өдөр*******ХХК-ийн үүсгэн байгуулах шийдвэрийг гаргаж, өөрийн хөрөнгийг дүрмийн санд оруулж компанийн дүрмийн сангийн эхлэлтийн балансыг 1,300,000 төгрөгөөр эхлүүлж байсан. Мөн компанийн хөрөнгийг өөрөө хүсэлт гарган Капитал зууч үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ гаргах эрх бүхий ХХКомпаниар үнэлүүлж байсан.

Энэ үед ******* нь хамтарч ажиллая гэсэн санал тавьж байсан учраас түүнийг компанийн гишүүнээр бүртгэж, анкетыг би өөрөө бөглөөд ХХК-аа хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлэхдээ нэрийг нь оруулж бүртгүүлсэн. *******ын хувьд компанид нэг ч төгрөгийн хөрөнгө оруулаагүй байж компанийн хувьцаа эзэмшигч гэж өөрийгөө үзэж байгаа нь үндэслэлгүй юм.

Миний бие *******ын нэрийн өмнөөс анкетыг нь бөглөж, түүний гарын үсгийг зурж, тус компанийн гишүүнээр бүртгүүлж байсан бөгөөд өөрөө компанид нэг ч төгрөгийн хөрөнгө оруулаагүй, гишүүн болох хүсэлт гаргаж байгаагүй учраас компанийн хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагч биш юм. Иймд ******* ХХК-ий үүсгэн байгуулагч, хувьцааг дангаар эзэмшигч ******* мөн болохыг тогтоож өгнө үү гэв.

Нэхэмжлэгч ******* нь сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:

Бид компани байгуулахад ******* 2012 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлэх маягтыг ******* бөглөж, бүртгэлийн асуудлыг хариуцаж бүртгүүлсэн. Анхнаасаа энэ компанийг бид хоёр хамтарч ажиллая хэмээн бүртгүүлж байгуулсан нь ******* бид хоёрын хүсэл зоригийн илэрхийлэл байсан. Улсын бүртгэлийн маягтыг үүсгэн байгуулагчийн аль нэг нь бөглөх боломжтой. ******* хэлэлцэн тохирсныхоо дагуу компаниараа барилгын ажил хийх гэтэл надтай түнжин хагарч хувь иргэнээрээ бусадтай хамтарч барилга барьж, өөрөө ашгаа хүртсэнээс хойш намайг компаний ажилд оролцуулахгүй дураар аашлах болсон ба би бол Дарханы цагдаа шүүхэд танил талтай гэсэн шиг зан гаргах болсон. Төлөөлүүлэгчийн зүгээс ийнхүү ярьсан. *******, ******* нар*******ХХК-ийг байгуулсныг Дархан-Уул аймгийн улсын бүртгэл 2012 оны 02 дугаар сарын 17-ны өдөр бүртгэж, гэрчилгээ олгосон. *******ын сөрөг нэхэмжлэлээс үзэхэд энэхүү бүртгэл буруу хийгдсэн мэтээр ойлгогдож байна. Гэвч хуульд зааснаар төрийн эрх бүхий байгуллагын хийсэн бүртгэл хүчин төгөлдөр хэвээр байна. Мөн Ууганбаатар нь 49 хувийн хувьцааг эзэмшиж буй үндэс нь *******тай хамтарч 637,000 төгрөгийн үнэ бүхий хөрөнгөө нэгтгэсэнд байгаа юм. Улсын бүртгэл хүчинтэй учир сөрөг нэхэмжлэл хууль зүйн үндэслэлгүй болно. Манай компаниас 2012 онд байгуулагдсанаа хойш 2019 он болтол ******* ингэж бодож байсан юм бол аль эрт яагаад хэлээгүй юм гэдэг асуудал байна. Би 49 хувийн хувьцаа эзэмшигч учраас хувьцаа эзэмшигчдийн хурал зарлалаа ч хуулийн хүчин төгөлдөр тогтоол гаргаж чадахгүй харин ******* 51 хувийн хувьцааг эзэмшиж, тамга, гэрчилгээг хадгалдгийн хувьд хувьцаа эзэмшигч бага хувьцаа эзэмшигч ******* миний эрх зөрчиж байна гэж миний төлөөлүүлэгч хэлж байгаа нь хууль зүйн үндэслэлтэй байна. Компани байгуулах болохоороо сэтгэл санаа, хүсэл зоригоо нэгтгээд хуульд зааснаар бүртгүүлчхээд ашиг хуваах болохоороо бага хувьцаа эзэмшигчээ үйл ажиллагаандаа оруулахгүй тэр ч бүү хэл мэдээлэл өгөхгүй, хуульд зааснаар хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа зарлахгүй *******ыг хохироож байна. ******* болон *******ын хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр хэвээр байна. ******* сөрөг нэхэмжлэлдээ ...хамтарч ажиллая гэсэн санал тавьж байсан учраас түүнийг компанийн гишүүнээр бүртгэж... гэснээс үзэхэд тухайн үед *******, ******* нарын хэн аль нь уг компанийг байгуулах хүсэл зоригоо илэрхийлж байсан нь нотлогдож байна. *******ын тайлбар, сөрөг нэхэмжлэлээс үзэхэд төрийн эрх бүхий байгууллагыг хууран мэхэлж компани бүртгүүлсэн мэтээр ойлгогдож байна. Ийм болчимгүй тайлбар гаргаж байгаа нь гэмт хэргийн шинжтэй мэдэгдэл гэж үзэж байна. Хэрэв иймдээ тулсан бол цагдаагийн байгууллага шалгавал зохино. Сөрөг нэхэмжлэл нь мөн тодорхойгүй байна. Учир нь ... компанийн хувьцааг дансаар ******* миний бие эзэмшигч болохыг тогтоолгох гэжээ. Чухам хэдэн хувийг дангаар эзэмшдэг гэдгээ тогтоолгох гээд байгаа нь тодорхойгүй байна. Сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан ******* ХХК-ий хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулж, компанийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг танилцуулахыг даалгах, *******ын ******* ХХК дахь хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас бусад гүйцэтгэх удирдлагын эрх 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөр дуусгавар болсныг тогтоолгох үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч *******ыг ******* ХХК-ний гүйцэтгэх захирлын албан тушаал эрхэлж байгаатай нь холбогдуулан дээрх нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэж тодруулсан болно.

 

Хариуцагч ******* нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан бөгөөд тэрээр*******ХХК-ий үүсгэн байгуулагч, компанийн хувьцааг дангаар эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч тал хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан болно.

 

Хэрэгт авагдсан баримтаар:

 

******* ХХК нь газар тариалан, автомашин засвар үйлчилгээ, барилгын худалдаа гадаад дотоод , интерьер засал чимэглэл, тавилгын үйлдвэрлэл худалдааны үйл ажиллагаа эрхлэх чиглэлээр 2012 оны 02 дугаар сарын 09-ны өдөр үүсгэн байгуулагдан, улсын бүртгэлд 2012 оны 02 дугаар сарын 17-ны өдөр бүртгэгдэж, Дархан-уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 000027645 тоот хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг олгосон байна. /хх-54/

Улсын бүртгэлийн*******  тоот гэрчилгээнд компаний гишүүдийн тоо 2 гэсэн бөгөөд улсын бүртгэл болон ******* ХХК-ний дүрэмд үүсгэн байгуулагч, хувь нийлүүлэгчээр *******, ******* нарыг бүртгэж, хувь нийлүүлэгч ******* нь компаний хөрөнгө буюу дүрмийн санг эзлэх хувь нь 51 %, ******* нь 49 %-г эзлэхээр заасан байна.

******* ХХК-нийг үүсгэн байгуулах 2012 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 01 дугаартай шийдвэрээр тус компаний захирлаар *******ыг ажлуулахаар тогтсон бөгөөд *******ыг дээрх компаний гүйцэтгэх захирлын албан тушаал эрхэлдэг эсэх талаар талууд маргаагүй болно.

 

Нэхэмжлэгч тал ...******* ХХК-ний гүйцэтгэх захирал ******* нь 2014 оноос хойш хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулаагүй, Компаний тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, компаний дүрмийн 9.3-т заасны дагуу үүргээ биелүүлээгүй тул гүйцэтгэх захирал *******ыг ******* ХХК-ий хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулж, компанийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг танилцуулахыг даалгуулахаар,

Компаний тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-т зааснаар *******ын ******* ХХК дахь хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас бусад гүйцэтгэх удирдлагын эрх 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөр дуусгавар болсныг тогтоолгох-оор нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан гэж тайлбарлажээ.

 

Компаний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т Хувьцаа эзэмшигчийн эрхийг энэ хууль болон компанийн дүрмээр тогтоох бөгөөд хувьцаа эзэмшигч нь ногдол ашиг авах, хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцож, хэлэлцэж байгаа асуудлаар санал өгөх, компанийг татан буулгасны дараа үлдсэн эд хөрөнгийг худалдсанаас олсон орлогоос хувь хүртэх зэрэг үндсэн эрх эдэлнэ, 59 дүгээр зүйлийн 59.4-т Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-ийн шийдвэрээр санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор зарлан хуралдуулна, ******* ХХК-ний дүрмийн 9 дүгээр зүйлийн 3-т Хувь нийлүүлэгч /үүсгэн байгуулагч/-дийн ээлжит хурлыг жил бүрийн эхний 4 сарын дотор хуралдуулна гэж тус тус заасан байна.

******* ХХК-ний гүйцэтгэх захирал ******* нь Компаний тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-т заасан үүргээ 2014 оноос хойш биелүүлээгүй, хувьцаа эзэмшигч *******ыг хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцох, компаний үйл ажиллагаанд оролцох, санал өгөх эрхээр хангаагүй болох нь шүүх хуралдаан дээр гаргасан талуудын тайлбар болон хэрэгт авагдсан үйл баримтаар тогтоогдож байна.

Иймд ******* ХХК-ний гүйцэтгэх захирал *******т компаний хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулахыг даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Компаний тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-т Энэ хуулийн 59.4-т заасан хугацаанд хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хуралдуулаагүй тохиолдолд төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас бусад энэ хууль болон компанийн дүрмээр тогтоосон бүрэн эрх дуусгавар болно, 59 дүгээр зүйлийн 59.7-т Хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/ энэ хуулийн 59.4-т заасан хугацааны дотор хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах тухай шийдвэр гаргаагүй бол Санхүүгийн зохицуулах хороо тухайн компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурал хуралдуулахаас бусад бүрэн эрх нь дуусгавар болсныг нийтэд мэдээлнэ гэж заасны дагуу нэхэмжлэгчийн гаргасан *******ын ******* ХХК дахь хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас бусад гүйцэтгэх удирдлагын эрх 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөр дуусгавар болсныг тогтоолгохоор гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Өөрөөр хэлбэл Компаний тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-т заасан үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр гүйцэтгэх захирлын хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас бусад бүрэн эрх нь дуусгавар болсныг нийтэд мэдээлэх эрх нь Санхүүгийн зохицуулах хороонд байгаа болно.

 

Хариуцагч ******* нь*******ХХК-ий үүсгэн байгуулагч, компанийн хувьцааг дангаар эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Тэрээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...******* нь компаний үйл ажиллагаанд оролцдоггүй, компанид оруулсан нэг ч төгрөгийн хөрөнгө, хувь нэмэр байхгүй... гэж тайлбарлаж байх боловч хариуцагчийн гаргасан энэхүү тайлбар нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэл болохгүй болно.

Өөрөөр хэлбэл Компаний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-т Компани байгуулах тухай шийдвэр гарснаас хойш 30 хоногийн дотор компанийг улсын бүртгэлд бүртгүүлэхээр холбогдох баримт бичгийг бүртгэх байгууллагад өгнө, 17 дугаар зүйлийн 17.9-т Компанийн дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлт, шинэчлэн найруулсан дүрэм нь улсын бүртгэлд бүртгэснээр хүчин төгөлдөр болно гэж заасны дагуу хуулийн этгээдийн улсын бүртгэл болон компаний дүрэмд *******ыг хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагчаар бүртгэсэн, энэхүү бүртгэл хүчин төгөлдөр бөгөөд хариуцагчийн гаргасан дээрх тайлбараар улсын бүртгэлд бүртгэгдсэн байдлыг өөрчлөх үндэслэл байхгүй болохыг дурдаж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Компаний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.9, 59 дүгээр зүйлийн 59.4, 59.7-т заасныг баримтлан ******* ХХК-ний гүйцэтгэх захирал *******т тус компани хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулахыг даалгаж,

үндсэн нэхэмжлэлийн үлдэх шаардлага болох *******ын ******* ХХК дахь хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас бусад гүйцэтгэх удирдлагын эрх 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөр дуусгавар болсныг тогтоолгох тухай шаардлагыг, хариуцагч *******ын гаргасан*******ХХК-ий үүсгэн байгуулагч, компанийн хувьцааг дангаар эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,000 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА