Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 2023/ШЦТ/143

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уянга, улсын яллагч Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Батцоож, хохирогч (цахимаар), түүний өмгөөлөгч Г.Батзаяа, шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар эрүүгийн 233600000093 дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Найман ургийн овогт Аманы *******, 2000 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Ховд аймгийн Буянт суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, суурь боловсролтой, мужаан мэргэжилтэй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл зургаа, эцэг эх, дүү нарын хамт Ховд аймгийн Жаргалант сумын 08 дугаар (Наран) багийн ******* тоотод оршин суудаг, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар: *******.

Холбогдсон хэргийн талаар: Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Батцоож “шүүгдэгч *******г 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 02-нд шилжих шөнө 23 цагийн үед Ховд аймгийн Жаргалант сумын 03 дугаар (Бичигт) багийн нутаг дэвсгэрт байх “Оюу мандал” шатахуун түгээх станцын урд талын засмал зам дээр улсын дугааргүй, ногоон өнгийн “Super dayun” маркийн мотоциклыг А ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчиж явган зорчигч ******* мөргөж, зам тээврийн осол гарган хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг, мөн уг хэргийн газрыг зориуд орхиж зугтаах гэмт хэргийг тус тус үйлдсэн нь нотлогдсон” гэж дүгнэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалт, мөн тус хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

А. Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

1.1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан “...д/а М.Сэргэлэнгээс гаргасан “Жаргалант сумын Бичигт багийн нутаг дэвсгэрт байрлах “Оюу-Мандал” ШТС-ын урд талын засмал зам дээр хүн дайрчихлаа” гэх гэмт хэргийн талаарх ...гомдол, мэдээллийг 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 01 цаг 10 минутад хүлээн авч, тэмдэглэл үйлдэв” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 2 дугаар хуудас);

- Хэргийн газрын үзлэг хийсэн “...Хэрэг учрал ...Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн нутаг дэвсгэрт байрлах Оюу Мандал бензин колонкийн хажуу талын хар зам дээр болсон байв. ...Хэргийн газрын үзлэгээр шар өнгийн гурван ширхэг хуванцар эд зүйлийн хагархайг хураан авав” гэх тэмдэглэл, үзлэгийн явц байдлыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 3-12 дугаар хуудас);

- Хэргийн газрын үзлэгээр хурааж авсан эд зүйлд үзлэг хийсэн “...Улаан шар өнгийн 4.5 см өргөнтэй, 6 см өргөнтэй, 4.7 см урттай, 3 см өргөнтэй, 4 см урттай, 3.5 см өргөнтэй, 3 ширхэг ...хэлбэр дүрсээ алдсан хуванцар эд зүйл байв” гэх тэмдэглэл, үзлэгийн явц байдлыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд  (хавтаст хэргийн 16-17 дугаар хуудас);

- “Алтай ойл” шатахуун түгээх станцын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “...“АЛТАЙН ОЙЛ” ШТС-ийн ...1 гэсэн бичиглэлтэй камерт үзлэг хийхэд уг хяналтын камерт Ховд аймаг харагдах ба хаяг нь тодорхойгүй бензин колонк харагдана, уг бензин колонкын урд талаар /дээш, урагш, хойш/ чиглэсэн хар зам харагдах бөгөөд колонкын дээрээс буюу баруунаас чиглэлтэй суудлын жижиг саарал өнгийн тээврийн хэрэгсэл ирж бензин колонкийн урдуур тойрч хойд зүгт эргэж улаан гэрэл асаж зогсож байв. Удалгүй тухайн тээврийн хэрэгслээс бараан өнгийн хувцастай хүн ...баруун талын хаалгаар бууж, уг тээврийн хэрэгслийн араар тойрч хар зам хөндлөн гарч байхад, тухайн зогсож байсан машины чиглэлийн хар замаар тод гэрэл гарч ирээд замаар гарч байсан хүнийг мөргөж чигээрээ яваад “Алтайн ойл” ШТС-ийн зогсоол дээр эргэж байх ба эргэж байх хугацаанд уг мотоцикл нь ногоон өнгөтэй, мотоцикл жолоодож явсан хүн цайвар цэнхэр өнгийн дээлтэй, улаан хүрэн өнгийн малгайтай куртиктэй хүн ард нь суусан, дундаа юм тэвэрсэн мотоциклтой хоёр хүн буцаж, мөргөсөн хүний чиглэлд явж байгаад бензин колонкын наад талд очиж буцаж эргээд урд зүг рүү /модон овоо/ чиглэлд явж камераас гарч байв” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас);

- Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг (хавтаст хэргийн 25 дугаар хуудас);

- Гэрч ийн “...2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Ховд аймгийн төвд гэртээ байтал найз ******* залгаад “чи ирээд надад нэг өдөр хань болоод өгөөч” гэхээр нь би тэгье гэж хэлээд орой 21 цагийн аав *******аар Модон овооны цаад талд найз *******н гэрт хүргүүлсэн. Аав ******* намайг буулгачхаад гэрт оролгүй буцсан, би найз *******н гэрт ороход нэг ахтай хоёулаа хоолоо идэж байсан. Бид гурав юм яриад сууж байтал бас нэг ах ирсэн /нэрийн мэдэхгүй/ бид дөрөв мөн юм ярьж сууж байгаад архи уухаар болж ******* бид хоёр ногоон өнгийн мотоциклоор /хэний мотоциклыг мэдэхгүй/ аймгийн төв орж ирээд зүүн хаалганд байдаг /нэрийн мэдэхгүй байна/ дэлгүүр орж 0.75 литрийн соёрхол нэртэй 2 шил архи, 1.25 литрийн гурван савтай кола, 2.5 литрийн сэнгүр нэртэй пиво 1 ширхэг, кастер тамхи 1 хайрцаг, Кент тамхинаас 2 хайрцаг, эссэ тамхинаас 1 хайрцаг, даблис тамхи 1 хайрцгийг тус тус авч буцаж Оюу-Мандал ШТС-ын хажуугаар өнгөрч байтал гэнэт ямар нэгэн зүйл дээгүүр мотоцикл гарах шиг болоод би барьж явсан хайрцагтай зүйлээ алдаж унагаасан. Би найз *******д хайрцагтай юмаа унгаачихлаа гэж хэлсэн чинь “би хүн дайрчихлаа” гэж хэлээд эргэсэн, тэгтэл цагдаа зогсож байхаар нь манай найз айж байна гээд буцаж эргээд явсан юм. ...*******н унаж явсан мотоцикл супер даюн загварын ногоон өнгийн мотоцикл байсан. ...Ховд аймгийн төв рүү орохдоо найз ******* цэнхэр өнгийн дээлтэй байсан, би улаан өнгийн малгайтай куртиктэй байсан. ...Манай найз зогсоох арга хэмжээ аваагүй, хэдэн км цагийн хурдтай явж байсан эсэхийг мэдэхгүй байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 59-61 дүгээр хуудас);

- Хохирогч “...2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр гэрээсээ гараад төв бараан захын дээд талын гудамжинд төрсөн ах Дашнямын хүү Галбадрахынд очоод цай уугаад гарсан. Д.Галбадрахын гэрээс гараад захын урд талд байрлах автобусны зогсоол дээрээс такси аваад Бичигт багт байх авга ахын хүргэн залуугийнд /нэрийг нь мэдэхгүй байна/ очиж хагас шил архи ганцаараа уусан. Тухайн айлаас ганцаараа гарч гэх айлд очсон бөгөөд ах байхгүй, залуу нь байхаар тухайн залуугаар такси бариулаад таксинд суугаад “Оюу мандал” шатахуун түгээх станцын хажууд бууж зам хөндлөн гарах гэж байтал мотоциклтой хүн ирээд дайрсан. ...миний гарсан зам явган хүний гарц байхгүй байсан. Би зам хөндлөн гарахдаа машин тэрэг /хөдөлгөөн/ харж байгаад гарсан, гэнэт мотоцикл ирээд мөргөсөн тэрнээс хойш юм санахгүй байна” гэх мэдүүлэг /ХХ-ийн 64-67 дугаар хуудас/, (хавтаст хэргийн 64-67 дугаар хуудас);

- Шүүгдэгч *******н гэм буруугаа хүлээн зөвшөөрч, яллагдагчаар өгсөн “...2023 оны 03 дугаар сарын 01-ний орой 23 цагийн үед Буянт сумын Цагаан-Эрэг багийн нутаг дэвсгэрт байрлах “Цахир” гэх газраас нагац ах Серкболын супер даюн загварын ногоон өнгийн мотоциклтой найз хамт Ховд аймгийн төвд орж ирээд зүүн хаалганд байдаг /нэрийн мэдэхгүй байна/ дэлгүүрээс 0.75 литрийн соёрхол нэртэй 2 шил архи, 1.25 литрийн 3 савтай кола, 2.5 литрийн сэнгүр нэртэй пиво 1 ширхэг, кастер тамхи 1 хайрцаг, Кент тамхинаас 2 хайрцаг, эссэ тамхинаас 1 хайрцаг, даблис тамхи 1 хайрцгийг тус тус авч буцаж хөдөө гарахаар “Оюу-Мандал” шатахуун түгээх станцын хажуугаар өнгөрч байтал гэнэт урдуур хүн ороод ирсэн. Тэгээд мотоциклын урд дугуй тухайн хүний баруун хөл дээгүүр гарчих шиг болсон. Тухайн үед ард сууж явсан дэлгүүрээс авсан архи, тамхи, ундаагаа алдаж унагаасан, би сандарсандаа зогсолгүй явж Алтайн ойл ШТС-ын зогсоол дээр мотоциклоо эргүүлж буцаж дайрсан хүн дээрээ очих гэхэд “Оюу-Мандал” ШТС-ын хажууд цагдаа зогсож байхаар нь айгаад мотоциклоо буцааж эргүүлээд шууд модон овоо давж гэр лүүгээ явсан юм. ...Ховд аймгийн төв рүү орж ирэхдээ цэнхэр өнгийн дээлтэй байсан, миний ард сууж явсан найз улаан өнгийн малгайтай куртиктэй байсан. ...Зогсоох арга хэмжээ авч чадаагүй, 40-50 км цагийн хурдтай явж байсан, миний унаж явсан мотоциклын торомз ажилладаг” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 109-111 дүгээр хуудас) зэргээр 2023 оны 03 дугаар сарын 01-ний шөнө 23 цагийн үед Ховд аймгийн Жаргалант сумын 03 дугаар (Бичигт) багийн нутаг дэвсгэрт байх “Оюу мандал” шатахуун түгээх станцын урд талын засмал зам дээр улсын дугааргүй, ногоон өнгийн “Super dayun” загварын мотоциклыг шүүгдэгч ******* жолоодож, гэрч хойноо суулгаж яваад хохирогч ******* мөргөж зам тээврийн осол гаргасан байна. Мөн уг зам тээврийн ослыг цагдаагийн байгууллагад мэдэгдэлгүй, хохирогчид тусламж үзүүлэхгүйгээр ослын газрыг орхиж явсан нь нотлогдож байна.

1.2. Цагдаагийн ерөнхий газрын жолоодох эрхийн “******* нь В ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй” гэх агуулгатай лавлагаагаар шүүгдэгч нь тухайн үед А ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй болох нь нотлогдож байна.

1.3. Шүүх шинжилгээний 249 дугаартай “...Б биед их тархины зүүн талын синус болон дагзны хэсгийн зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, хамар ясны далд хугарал, баруун талын дунд чөмөгний хүзүүгээр далд хугарал, баруун ташаа, гуянд цус хуралт, зүүн талын шилбэ ясны дунд 1/3 хэсгээр хөндлөн бяцарсан зөрөөтэй далд хугарал, тус хэсгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хөмсөгт шарх, зөөлөн эдийн няцрал, хамрын баруун хэсэгт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь нэг удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ... биед учирсан дээрх гэмтлүүд нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюул учруулна” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 75-77 дугаар хуудас)-ээр хохирогч эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь нотлогджээ.

1.4. Дээр дурдсан үйл баримтуудыг нэгтэн дүгнэвэл 2023 оны 03 дугаар сарын 01-ний шөнө 23 цагийн үед Ховд аймгийн Жаргалант сумын 03 дугаар (Бичигт) багийн нутаг дэвсгэрт байх “Оюу мандал” шатахуун түгээх станцын урд талын засмал зам дээр шүүгдэгч ******* А ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ улсын дугааргүй, ногоон өнгийн “Super dayun” загварын мотоциклыг жолоодож, гэрч ийг хойноо суулгаж яваад хохирогч ******* мөргөж зам тээврийн осол гаргасан байна. Уг зам тээврийн ослын улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан ба шүүгдэгч нь ослын талаар цагдаагийн байгууллагад мэдэгдэлгүй, хохирогчид тусламж үзүүлэхгүйгээр ослын газрыг орхиж явсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдсон гэж дүгнэлээ.

2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:

2.1. Шүүгдэгч ******* нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар зүйлийн 3.4.в-д “мотоцикл жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэж, 3.4.г-д “хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд ноцтой хохирол учирсан байж болзошгүй зам тээврийн ослын тохиолдол харсан даруйд очиж бололцоотой тусламж үзүүлэх, цагдаа, эмнэлгийн байгууллагад яаралтай мэдэгдэх” гэж, 3.7.а-д “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэж, 3.7.в-д “зохих журмын дагуу улсын бүртгэлд хамруулаагүй буюу бүртгэлийн дугаарын тэмдэггүй ...тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох” гэж, 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж тус тус заасныг зөрчсөн байна.

Шүүгдэгч ******* нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасныг зөрчсөний улмаас буюу шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас уг зам тээврийн осол гарчээ.

2.2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн шинжийг тодорхойлохдоо обьектив болон субьектив шинжүүдээс гадна учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээг харгалздаг. Тодруулбал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар жолооч Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол уг гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан гэж үздэг. Харин хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бол хүндрүүлэн зүйлчилдэг болно.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч ******* Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасныг зөрчиж, хохирогч ******* мөргөсний улмаас эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн” гэх шинжийг хангаж байна. Мөн Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.1-т зааснаар мотоцикл нь А ангиллын тээврийн хэрэгсэлд хамаарах бөгөөд тухайн тээврийн хэрэгслийг А ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй хүн жолоодож замын хөдөлгөөнд оролцохыг зөвшөөрдөг. Шүүгдэгч нь “В” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй боловч “А” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй тул уг гэмт хэргийг үйлдэх үедээ тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байсан гэж үзнэ. Энэхүү үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн үйлдсэн” гэх шинжийг хангаж байна.

2.3. Шүүгдэгч *******н үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн дөрөвдүгээр бүлэгт заасан гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3, 4 хэсэгт заасан хүндрүүлэх шинж тогтоогдоогүй болно. Иймд шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ.

2.4. Шүүгдэгч ******* нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4.г-д “хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд ноцтой хохирол учирсан байж болзошгүй зам тээврийн ослын тохиолдол харсан даруйд очиж бололцоотой тусламж үзүүлэх, цагдаа, эмнэлгийн байгууллагад яаралтай мэдэгдэх” гэж заасан үүргээ биелүүлэхгүйгээр ослын газрыг орхиж явсан үйл баримт тогтоогджээ.

Тодруулбал шүүгдэгчийн буруутай үйлдлийн улмаас гарсан зам тээврийн осол буюу түүний үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг бөгөөд хохирогчид тусламж үзүүлэхгүйгээр хэргийн газрыг орхиж зугтаасан байна. Шүүгдэгчийн хэргийн газраас явсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “энэ хуулийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан” гэх шинжийг хангаж байна. Иймд шүүгдэгч *******г авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй.

3. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

3.1. Энэхүү гэмт хэргийн улмаас хохирогчийн биед их тархины зүүн талын синус болон дагзны хэсгийн зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, хамар ясны далд хугарал, баруун талын дунд чөмөгний хүзүүгээр далд хугарал, баруун ташаа, гуянд цус хуралт, зүүн талын шилбэ ясны дунд 1/3 хэсгээр хөндлөн бяцарсан зөрөөтэй далд хугарал, тус хэсгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хөмсөгт шарх, зөөлөн эдийн няцрал, хамрын баруун хэсэгт зулгаралт гэмтлүүд буюу эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан байна.

Хохирогч мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт 19’115’699 нэхэмжилсэн байх боловч талууд шүүхийн шатанд хохирол, хор уршгийн талаар харилцан тохиролцож эвлэрчээ. Тодруулбал шүүгдэгч бэлнээр 7’500’000 төгрөг, 300’000 төгрөгөөр тооцож нэг хонь буюу нийт 7’800’000 төгрөгийг өгч, 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн дотор 2’500’000 төгрөгийг хохирогчид өгөхөөр тохиролцсон байна.

Хохирогч цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай, байнгын асаргаанд байгаа талаар түүний өмгөөлөгчийн гаргаж өгсөн баримтаар нотлогдсон, мөн энэ талаар талууд маргаагүй байна.

Иймд шүүгдэгч *******, хохирогч нар нь хохирол, хор уршгийн талаар эвлэрснийг үндэслэн шүүгдэгчээс 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн дотор 2’500’000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгож, шүүгдэгч нь хохирогчид 7’800’000 төгрөгийг төлснийг дурдаж, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардал болон ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө нотолсон баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Б. Эрүүгийн хариуцлагын талаар:

1. Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

 2.1. Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 136 дугаар хуудас), шүүгдэгч *******н яллагдагчаар өгсөн “...би гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 109-111 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ. Эдгээр нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ойлгон ухамсарласан, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал тогтоогдож байна.

2.2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

3. Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч “...*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилээр хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэрэгт 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг, ... Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т заасан гэмт хэрэгт оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгийн торгох ялыг тусад нь эдлүүлэх, шүүгдэгч *******д оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг эрэгтэйчүүдийн хорих байгууллагад эдлүүлэх саналыг, мөн оногдуулсан 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгийн торгох ялыг Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” гэх санал;

- Шүүгдэгчийн өмгөөлөгч “...тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3-н жилийн хугацаагаар хасахад татгалзах зүйлгүй, 6-н сараас 3-н жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял байгаа үүнийг Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн нутаг дэвсгэрт оршин суудаг хаягтай учраас 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулж өгнө үү. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 1 сарын хугацааг зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тус оногдуулж өгнө үү” гэх санал тус тус гаргасан байна.

3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т заасан гэмт хэрэгт үйлдсэн хүнд тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар тус тус хуульчилжээ.

3.2. Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ойлгон ухамсарласан, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хохирол, хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлж, хохирогчтой эвлэрсэн гэх хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар 3 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 6 (зургаан) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 (нэг) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

3.3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох; эсхүл тодорхой газар очихыг хориглох; эсхүл шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих; эсхүл эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэх гэсэн хэлбэрийн аль нэгээр тогтоодог.

Шүүгдэгч нь Ховд аймгийн Жаргалант сумын 08 дугаар (Наран) багт байнга оршин суудаг гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн, мөн Жаргалант сумын Наран багийн Засаг даргын тодорхойлолтоор нотлогдож байх тул түүнд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг Ховд аймгийн Жаргалант сумын 08 дугаар (Наран) багийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглохоор тогтоов.

3.4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтоодог. Иймд шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах, 6 (зургаан) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 (нэг) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах, 7 (долоон) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоов.

3.4. Мөрдөгч 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр шүүгдэгч *******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ (хавтаст хэргийн 106 дугаар хуудас) авсан байх ба шүүгдэгчийг энэхүү хэрэгт холбогдуулан шүүхийн зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүйгээр баривчлаагүй, мөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно. Шүүгдэгчид зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан тул түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлэх нь зүйтэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн хоёр ширхэг сиди диск нь нотолгооны ач холбогдолтой тул хэргийн хамт хадгалах нь зүйтэй байна. Харин улбар шар өнгийн гурван ширхэг хагархай хуванцрыг үзлэгийн тэмдэглэлээр бэхжүүлсэн, уг эд зүйлсийг дахин ашиглах боломжгүй байх тул шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэв.

Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Найман ургийн овогт Аманы *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд;

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар 3 (гурван) жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 6 (зургаан) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар;

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 (нэг) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******д оногдуулсан 6 (зургаан) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр 1 (нэг) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 3 (гурван) жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах, 7 (долоон) сарын хугацаагаар Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай. 

4. Энэ хэрэгт шүүгдэгч ******* нь баривчлагдаагүй, цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.

5. Шүүгдэгч *******, хохирогч нар нь хохирол, хор уршгийн талаар эвлэрснийг үндэслэн шүүгдэгчээс 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн дотор 2’500’000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгож, шүүгдэгч нь хохирогчид 7’800’000 төгрөгийг төлснийг дурдаж, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардал болон ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө нотолсон баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.  

6. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн хоёр ширхэг сиди дискийг хэргийн хамт хадгалж, улбар шар өнгийн гурван ширхэг хагархай хуванцрыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

7. Шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Б.МӨНХЗАЯА