| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 135/2019/01209/И |
| Дугаар | 135/ШШ2019/01177 |
| Огноо | 2019-12-18 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 135/ШШ2019/01177
| 2019 оны 12 сарын 18 өдөр | Дугаар 135/ШШ2019/01177 | Дархан-Уул аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 135/2019/01209/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* тоотод оршин суух******* /утас ******* -ий нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг даргын тамгын газарт холбогдох
"Дархан-Уул аймгийн Дархан сумын засаг даргын тамгын газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Б/123 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, Малчин багийн нийгмийн ажилтан албан тушаалд эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай" иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Содболд, хариуцагчийн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
******* миний бие 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс Дархан сумын Малчин багийн нийгмийн ажилтнаар томилогдон 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл ажилласан. Дархан сумын Малчин багийн Иргэдийн нийтийн 8 дугаар хурал хуралдаж тус багийн засаг даргаар ажиллаж байсан******* нь эрүүл мэндийн шалтгаанаар ажлаас чөлөөлөгдөх хүсэлт өгснийг 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Малчин багийн Иргэдийн нийтийн хурлаар хэлэлцэж 8/01 дугаар Иргэдийн нийтийн хурлын тогтоолоор багийн засаг даргаар ажиллаж байсан*******ийг ажлаас нь чөлөөлж, улмаар тус багийн засаг даргыг шинээр сонгох асуудлыг хэлэлцсэн. Миний бие Малчин багийн засаг даргад нэр дэвшиж *******тай өрсөлдөж нийт хуралд оролцсон 81 иргэнээс 73 иргэний санал буюу 90.1 хувиар ялалт байгуулж, Малчин багийн засаг даргаар сонгогдсон. Уг хурлын үр дүнгээр тус багийн Иргэдийн нийтийн хурлын 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 8/02 дугаар тогтоолоор ******* намайг Малчин багийн засаг даргаар томилох захирамжийг Сумын засаг дарга ******* гаргана гэж хэлсний дагуу миний бие 2019 оны 10 дугаар сарын 6-ны өдөр Нийгмийн ажилтны ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгч улмаар Дархан сумын засаг даргын тамгын газрын 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Б/123 дугаар тушаалын дагуу 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр албан ёсоор ажлаа хүлээлгэж өгсөн. Гэвч өнөөдрийг хүртэл Дархан сумын Засаг дарга ******* ******* намайг Малчин багийн засаг даргад томилсон захирамж гаргахгүй байгаа бөгөөд 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр миний бие засаг дарга *******тай 2 удаа уулзахад би чамайг зөвшөөрөхгүй чамайг ер нь Малчин баг дээр байлгахгүй, нийгмийн ажилтныг чинь хийлгэхгүй, засаг даргаар томилох захирамж гаргахгүй гэж хэлсэн. Ийнхүү миний бие Монгол улсын иргэн хүнд Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхээ шударгаар хэрэгжүүлснийхээ төлөө засаг дарга *******д таалагдахгүй байна гэх шалтгаанаар Малчин багийн засаг даргаар томилогдохгүй, Нийгмийн ажилтны ажлын байрнаасаа үндэслэлгүйгээр халагдаж Хөдөлмөрлөх эрх маань хүртэл давхар давхар зөрчигдөж хөндөгдөөд байна. Иймд шүүх нэхэмжлэлийг маань хүлээн авч Дархан-Уул аймгийн Дархан сумын засаг даргын тамгын газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Б/123 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, Малчин багийн Нийгмийн ажилтан албан тушаалд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
Хариуцагч ******* нь шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаан гаргасан тайлбартаа:
... 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр зохион байгуулагдсан Дархан сумын Малчин багийн Иргэдийн нийтийн хурлын 8 дугаар хуралдаанаар багийн Засаг даргад тус багийн нийгмийн ажилтан ******* өрсөлдөн улмаар Иргэдийн нийтийн хурлын 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 8/02 дугаар тогтоолоор Малчин багийн засаг даргад нэр дэвшүүлж сумын засаг даргад уламжилсан болно.
Үүнтэй холбогдуулан холбогдох хууль тогтоомжийн дагуу өмнө эрхэлж байсан албан тушаалаас нь ******* өөрийнх нь гаргасан хүсэлтийн дагуу 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Б/123 дугаар тушаалаар нийгмийн ажилтны албан үүргээс нь чөлөөлж, холбогдох материалыг бүрдүүлэн багийн засаг даргаар томилох тухай сумын засаг даргын захирамжийн төслийг боловсруулан сумын засаг даргад уламжилсан болно.
Үүний дараа сумын засаг дарга *******тэй ярилцлага уулзалт хийсэн бөгөөд ярилцлагын үр дүнд Монгол улсын Засаг, захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Малчин багийн засаг даргаар томилохоос татгалзсан.
Өнгөрөгч хугацаанд буюу 2019 оны 10 дугаар сарын 23, 2019 оны 11 дүгээр сарын13-ны өдрүүдэд сумын Засаг дарга *******тэй болон түүний ээж ******* нартай уулзсан 2 удаагийн уулзалтын үеэр Малчин багийн нийгмийн ажилтнаар эргүүлэн томилон ажиллуулах боломжтойг мэдэгдсэн бөгөөд сумын засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 1/1573 албан бичгээр Малчин багийн нийгмийн ажилтны орон тоонд эргүүлэн томилох боломжтой тухай мэдэгдлийг *******д хүргүүлсэн боловч өдийг хүртэл буюу 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл ажилдаа эргэн орох хүсэлт гаргаагүй болно.
Иймд ******* гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үүгэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг даргын тамгын газарт холбогдуулан Дархан сумын засаг даргын тамгын газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Б/123 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан болно.
Нэхэмжлэгч ******* нь Дархан сумын Засаг даргын тамгын газарт Малчин багийн нийгмийн ажилтнаар 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн ажилласан бөгөөд Дархан сумын Засаг даргын тамгын газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Б/123 дугаартай тушаалаар түүнийг дээрх ажлаас чөлөөлжээ. /хх-4-7/
Дархан сумын Засаг даргын тамгын газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Б/123 дугаартай тушаалаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4, 33.5 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 38 дугаар зүйлийн 38.1.1 дэх заалтыг үндэслэн тус сумын Малчин багийн Нийгмийн ажилтан ******* нь өөр ажилд шилжих болж ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан тул 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр шийдвэрлэжээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8-т хөдөлмөрийн гэрээг ажилтны буюу ажил олгогчийн санаачилгаар цуцалсан бол хөдөлмөрийн гэрээ дуусгавар болно, 38 дугаар зүйлийн 38.1.1-т ажилтан санаачилснаар хөдөлмөрийн гэрээг цуцлана гэж тус тус заасан байна.
Нэхэмжлэгч ******* нь дээрх ажлаас чөлөөлүүлэх тухай хүсэлт гаргах үедээ тэрээр Малчин багийн Засаг даргад нэр дэвшсэн, иргэдийн олонхын санал авсан учир тус багийн Иргэдийн нийтийн хурлаас тогтоол гарч түүнийг Засаг даргад батламжлуулахаар Дархан сумын Засаг даргад уламжилсан байсан болох нь хэрэгт авагдсан Дархан сумын Малчин багийн Иргэдийн нийтийн хурлын 8 дугаар хуралдааны тооллогын комиссын 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 01 дугаартай санал хураалтын дүнгийн тухай тогтоол, Дархан сумын Малчин багийн Иргэдийн нийтийн хурлын хуралдааны 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 8/02 тоот тогтоол зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан нотлох баримт, нэхэмжлэгч талын тайлбараас үзэхэд ******* ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлт нь бусдын дарамт шахалтгүй, өөрийн хүсэл зоригийн үндсэн дээр гаргасныг ажил олгогч Дархан сумын Засаг даргын тамгын газар хүлээн авч хөдөлмөрийн харилцааг дуусгавар болжээ гэж дүгнэхээр байна.
Харин нэхэмжлэгч *******г малчин багийн Засаг даргаар батламжлах эсэх асуудал нь эрх бүхий албан тушаалтанд хуулиар олгогдсон бүрэн эрхэд хамаарч байхаас гадна *******г малчин багийн Засаг даргаар батламжлаагүй нь түүнийг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоох үндэслэл болохгүйг тайлбарлах нь зүйтэй байна.
Өөрөөр хэлбэл Дархан сумын Засаг даргын тамгын газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Б/123 дугаартай тушаал гарснаас хойш болсон үйл баримт нь *******г ажлаас чөлөөлсөн энэхүү тушаалыг хүчингүй болгох үндэслэл болохгүй болно.
Иймд Дархан сумын Засаг даргын тамгын газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Б/123 дугаар тушаалыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-т сонгууль, томилолтоор өөр орон тооны ажил, албан тушаалд ажиллах болсон үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлана гэж заасан үндэслэлээр *******г ажлаас чөлөөлөх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй болохыг дурьдаж байна.
Иймд ******* гаргасан Дархан-Уул аймгийн Дархан сумын засаг даргын тамгын газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Б/123 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, Малчин багийн нийгмийн ажилтан албан тушаалд эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч ******* хариуцагч Дархан сумын Засаг даргын тамгын газарт холбогдуулан гаргасан Дархан-Уул аймгийн Дархан сумын засаг даргын тамгын газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Б/123 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, Малчин багийн нийгмийн ажилтан албан тушаалд эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 1,128,861 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч *******г улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА