| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мянганы Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 135/2019/00476/И |
| Дугаар | 135/ШШ2019/01049 |
| Огноо | 2019-11-07 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 135/ШШ2019/01049
| 2019 оны 11 сарын 07 өдөр | Дугаар 135/ШШ2019/01049 | Дархан-Уул аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2019/00476/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Орхон аймгийн Баян-Өндөр сумын ******* тоотод оршин суух, *******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* тоотод оршин суух, *******/-д холбогдох,
"Хүүхдийн асрамж тогтоолгох, дундын өмчлөлийн эд хөрөнгөөс ногдох хэсэг болох 21,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 2 хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах, дундын өмчлөлийн эд хөрөнгөөс ногдох хэсэг болох 29,660,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Эрдэнэзаяа, Б.Долгорсүрэн, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч И.Атарбямба, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хүүхдийнхээ төлөө ижил тэнцүү үүрэг хүлээж, том охин *******ийг эхийн асрамжинд үлдээж, бага хүү *******ийг өөрийн асрамжинд авах хүсэлтэй байна. Хүүхдүүдээ нэг нэгээр авах саналтай байгаа учраас хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй. Мөн хүүхдийн тэтгэлэг төлөхгүй. Хамтран амьдрах хугацаанд бий болсон дундын хөрөнгө болох үл хөдлөх эд хөрөнгө Дархан-Уул аймгийн *******, 17 дугаар хороолол, 5 дугаар байрны 15 тоот, 2 өрөө орон сууц *******гийн өмчлөлийн бүртгэлтэй байгаа. ******* нь дундын хөрөнгөөс 29,660,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тул миний бие 2 өрөө орон сууц худалдан авсан 21,000,000 төгрөгийг *******гаас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Хамтын амьдралын дундаас бий болсон эд хөрөнгийн маргаангүй болно гэв.
Хариуцагч*******шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний охин ******* нь төрөлхийн 2 түнхний мултралтай. 2019 он хүртэл байнгын асаргаанд байсан бөгөөд одоо асаргаанаас гарсан ч эмчийн хяналтанд байдаг. Хүү ******* нь мэдрэлийн эмчийн хяналтанд байж, тогтмол үзүүлдэг. 2019 оны 10 сарын 09-нд оношлогдож, аутизмтай гэсэн. Одоо миний асрамжинд байгаа. Миний хувьд Дархан-Уул аймагт өөрийн гэсэн амьдрах байртай, хүүхдүүд маань сургууль, цэцэрлэгт явж байгаа. Хүүхдүүдээ асраад явж чадах учир 2 хүүхдээ өөрийн асрамжиндаа авч, эцэг *******аас хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна. ******* миний бие нөхөр *******аас дундын өмчлөлийн эд хөрөнгөөс 29,660,000 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан шүүхэд анх 2 хүүхдээ өөрийн асрамжинд авч, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, дундын өмчлөлийн эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсэг болох 29,107,500 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 21,000,000 төгрөг гаргуулах, хүү *******ийг өөрийн асрамжинд авч, хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагаасаа татгалзсан,
Хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******д холбогдуулан, 2 хүүхдээ өөрийн асрамжинд авч, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, дундын өмчлөлийн эд хөрөнгөөс ногдох хэсэг болох 29,660,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргажээ.
Шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч ******* дундын өмчлөлийн эд хөрөнгөөс ногдох хэсэг болох 21,000,000 төгрөгийн, хариуцагч ******* нь дундын өмчлөлийн эд хөрөнгөөс ногдох хэсэг болох 29,660,000 төгрөгийн шаардлагаасаа тус тус татгалзсан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол шүүх нэхэмжлэгчийн татгалзлыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгохоор заасан байх тул нэхэмжлэгч *******ын 21,000,000 төгрөг гаргуулах тухай, хариуцагч *******гийн 29,660,000 төгрөг гаргуулах тухай шаардлагуудаасаа тус тус татгалзсан татгалзлыг баталж, энэхүү шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Зохигчдын дундын өмчлөлийн эд хөрөнгөөс ногдох хэсгийн үнийг гаргуулах тухай шаардлагаасаа татгалзсаныг шүүх баталж байгаа тул хэрэгт авагдсан эд хөрөнгөтэй холбоотой нотлох баримтуудыг дүгнэх шаардлагагүй болохыг дурдах нь зүйтэй юм.
Хоёр хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах шаардлагуудын тухайд:
Зохигчид 2011 оноос танилцан, хамтын амьдралтай болж, улмаар 2011 оны 12 сарын 15-ны өдөр охин *******, 2015 оны 10 сарын 26-ны өдөр хүү ******* нарыг төрүүлсэн болох нь зохигчдын тайлбар, хүүхдүүдийн төрсний бүртгэлийн гэрчилгээгээр тус тус тогтоогдож байна.
Нэхэмжлэгч ******* нь охин *******ийг эх *******гийн асрамжид үлдээж, хүү *******ийг өөрийн асрамжинд авах, хариуцагч ******* нь хоёр хүүхдийг өөрийн асрамжиндаа авч, хүүхдүүддээ эцэг *******аас тэтгэлэг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргаж, маргаж байгаа болно.
Зохигчид 2019 оны 03 дугаар сараас хойш тусдаа амьдарч байгаа бөгөөд энэ хугацаанд охин *******, хүү ******* нар нь эх *******гийн асрамжинд байгаа, охин ******* нь Дархан-Уул аймгийн Дархан сумын Ерөнхий боловсролын ******* сургуулийн 2д ангид, хүү ******* нь Дархан-Уул аймгийн ******* цэцэрлэгийн ахлах бүлэгт тус тус суралцаж байгаа болох нь сургууль, цэцэрлэгийн тодорхойлолт, Дархан-Уул аймгийн Дархан сумын Ерөнхий боловсролын ******* сургуулиас *******ийн эх *******тай байгуулсан 2019 оны 09 сарын 24-ний өдрийн суралцагчийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчтэй байгуулах гэрээ, ******* цэцэрлэгээс эх *******тай байгуулсан 2019 оны 10 сарын 13-ны өдрийн гэрээ зэргээр тогтоогдож байна. /хх-179-180/
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар хүүхдийн асрамжийн талаар зохигчид харилцан тохиролцож болохоор заасан бөгөөд охин *******ийг эх *******гийн асрамжинд үлдээх талаар зохигчид маргаангүй, харилцан зөвшөөрч байна.
Нэхэмжлэгч ******* нь хүү *******ийг өөрийн асрамжинд авна гэж байгаа боловч хүү ******* нь одоо 4 настай, эрүүл мэндийн хувьд Детский аутизм гэсэн оноштойгоор байнгын асаргаанд байх шаардлагатай, мөн 2019 оны 11 сарын 06-ны өдрийн байдлаар эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаа болох нь хэрэгт авагдсан 2019 оны 10 сарын 09-ний өдрийн байнгын асаргаа шаардлагатай иргэний тодорхойлолт /хх-79/, 2019 оны 11 сарын 06-ны өдрийн эмчийн үзлэгийн тэмдэглэл, эмнэлэгт өвчтөн илгээх хуудас, хариуцагч *******ийн шүүх хуралдаанд гаргасан ...хүү *******ийн чихний арын булчирхай нь хавдаад, улаан хоолой нь идээлээд бугласан. Эх нялхсын эмнэлэгт хагалгааны заалттай хэвтэж байгаа... гэсэн тайлбар зэргээр тогтоогдож байна.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар хүүхдээ хэний асрамжинд үлдээх талаар тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэний асрамжид үлдээх асуудлыг шүүх шийдвэрлэнэ.
Дээрх хуульд зааснаар хүү *******ийн насны болон эрүүл мэндийн байдал, сурч боловсрох нөхцөл, амьдрах орчин зэргийг харгалзан эх *******гийн асрамжинд үлдээх нь зүйтэй байна гэж үзлээ.
Хүү ******* нь Дархан-Уул аймгийн ******* цэцэрлэгт суралцаж, төрсөн эгч *******ийн хамт эх *******гийн асрамжинд өөрийн өмчлөлийн орон байранд амьдарч байгаа зэргээс үзэхэд түүний одоогийн суралцах, амьдрах орчин нөхцлийг өөрчлөх шаардлагагүй байна.
Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаан дээр ... ******* нь хүүхдүүдрүүгээ гарт таарсан зүйлээ шиддэг, хажууд нь хүүхэд тайван амьдрах боломжгүй гэж тайлбарлаж байгаа боловч энэхүү тайлбар нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
Иймд хариуцагч *******гийн хүүхдүүддээ үзүүлж байгаа асрамж, халамжийн талаар дутагдалтай байдал баримтаар тогтоогдоогүй байхад зөвхөн нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэх боломжгүй юм.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, 21 дүгээр зүйлийн 21.1-т хүүхэд төрснөөр эцэг, эх хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, 38 дугаар зүйлийн 38.1-т эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж тус тус заасан байна.
Иймд охин *******, хүү ******* нарт Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан хэмжээгээр эцэг *******аас тэтгэлэг гаргуулж олгох нь зүйтэй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******г хүүхдүүдтэй уулзуулах боломж олгодоггүй, утсаар яриулдаггүй гэж тайлбарладаг бөгөөд шүүх хоёр хүүхдийг эх *******гийн асрамжинд үлдээсэн хэдий ч эцэг, хүүхдийн хоорондын харилцаа хэвээр үргэлжлэх тул түүний хуульд заасан эрх, үүрэг хязгаарлагдахгүй юм.
Өөрөөр хэлбэл Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэг хэвээр үргэлжлэхийг дурдаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 14.6-д тус тус зааснаар 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдөр төрсөн охин *******, 2015 оны 10 сарын 26-ны өдөр төрсөн хүү ******* нарыг эх *******гийн асрамжинд үлдээсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т тус тус зааснаар 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдөр төрсөн охин *******, 2015 оны 10 сарын 26-ны өдөр төрсөн хүү ******* нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр тус тус сар бүр эцэг *******аас тэтгэлэг гаргуулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч ******* нь дундын өмчлөлийн эд хөрөнгөөс ногдох хэсэг болох 21,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ, хариуцагч ******* нь дундын өмчлөлийн эд хөрөнгөөс ногдох хэсэг болох 29,660,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлээсээ тус тус татгалзсан нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, энэхүү шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч *******аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 373,690 төгрөг, хариуцагч *******гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 376,450 төгрөгийг тус тус Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж, хариуцагч *******д олгож, хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд ногдох тэмдэгтийн хураамж болох 50,873 төгрөг гаргуулж, Төрийн сангийн орлогод оруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ