| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балгансүрэнгийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 167/2023/0102/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/105 |
| Огноо | 2023-06-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Ариунтөр |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 2023/ШЦТ/105
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Байгалмаа даргалж,
нарийн бичгийн дарга Ж.Одтуяа,
улсын яллагч Б.Ариунтөр,
шүүгдэгч М.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Бд холбогдох эрүүгийн .... дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:М.Б
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч М.Б нь 2022 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Дорноговь аймгийн Иххэт сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Ю.Бтэй гэрийн урдуур адуу явуулж хашаа эвдлээ гэх зүйлээр шалтаглан маргалдаж түүний нүүрэн тус газар нь цохих, өшиглөх зэргээр халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч М.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Хохирогчид учирсан гэмтлийг хүлээн зөвшөөрнө. Хавирч унахад нь нүүрэн тус газарт нь өшиглөсөн. Надаас хохирол нэхэмжлээгүй. Хохирол нэхэмжилбэл төлнө. Миний буруу гэсэн мэдүүлэг,
-Хохирогч Ю.Бийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Би Төгсөөтэй хамт машин дотроо байх үед манай адуу Дорноговь аймгийн Иххэт сумын Хашаатын уурхайн уснаас уучихаад гарч байх үед М.Б ганцаараа мотоциклтэй ирээд манай адууг зүүн тийш нь хөөсөн. Би тэгж хөөхөөр нь гайхаад очиж М.Бтэй маргалдсан. Тэгсэн Б миний нүүр лүү нэг цохиод, газар унасан нүүр лүү өшиглөсөн. Би газар уначихаад босож чадахгүй байх үед миний хүү ирсэн. Тэгээд Б яваад өгсөн. Би тэгээд босох гэсэн боловч босож чадахгүй байсан. Тэрнээс хойш яг согтуу хүн шиг хөл дээрээ тогтож чадахгүй байсан. ...Би тархины хагалгааны дараа дахиж хамрын хагалгаанд ороогүй. Надад нэмж гарсан зардал байхгүй. Надад нэхэмжлэх зүйлгүй, гомдол санал байхгүй гэсэн мэдүүлэг, /хх 06-07, 67 ху/,
-Шинжээч эмч У.Энхмаагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2014 оны Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалын нэгдүгээр хавсралтын 1.3-т зааснаар эмнэлгийн бичиг баримт буюу өвчний түүх, эмчлүүлэгчийн карт, шинжилгээний хариу зэрэг нь эх хувиараа мөн тухайн үзсэн эмч болон тухайн эмнэлгийн байгууллагын тамга, тэмдгээр баталгаажсан байх ёстой гэж заасан байдаг. Тухайн хавсарган ирүүлсэн бичиг баримт нь эмчийн гарын үсэг зурсан боловч ямар ч тамга тэмдэггүй байсан тул миний хувьд Ю.Бийн 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлэгт хийлгэсэн Толгойн компьютер томографын шинжилгээний тайлбарыг эмнэлгийн бичиг баримт гэж үзээгүй учир дүгнэлтэнд тусгаагүй. Харин 2022 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн Гэмтлийн эмчийн үзлэгийн тэмдэглэл нь эмчийн гарын үсэг болон тухайн үзсэн эмчийн хувийн тамгаар баталгаажсан байсан тул үндэслэж дүгнэлт гаргасан гэсэн мэдүүлэг /хх 101-102 ху/,
-Яллагдагч М.Бийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би 2022 оны 08 сарын үед хөдөө гэртээ байж байтал саахалт айлын хүний адуунууд манай урдуур гарсан. Тэгэхээр нь би адуунуудыг нь хөөж холдуулсан. Учир нь энэ үйл явдал нь удаа дараа болж байсан. ...Тэгээд би нөгөө адуунуудаа хөөж холдуулчихаад байж байтал Б согтуу над дээр ирээд чи муу цагаач яахаараа миний малыг хөөдөг юм гээд над руу дайраад байсан. Тэгээд л би тухайн үед тэсэлгүй хавирч унагаад нэг удаа нүүрэн тус газар нь өшиглөсөн. Тэгээд Б босож ирээд шууд явсан. Өөр зүйл болоогүй. Би буруу үйлдэл гаргаснаа хүлээн зөвшөөрч байна гэсэн мэдүүлэг /хх 33 ху/,
-Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 02/028 дугаартай дүгнэлтэнд:
1.Ю.Бийн биед баруун шанаанд шарх гэмтэл тогтоогдлоо.
2.Учирсан гэмтэл нь мохоо эсвэл ир үзүүртэй зүйлийн аль нэгийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3.Учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.
5.Ю.Б нь зүүн бага тархи, гүүр булангийн хавдар өвчний улмаас мэс засалд орсон байна гэсэн дүгнэлт /хх 21 ху/,
-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 24 ху/
-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 29-30, 33 ху/,
-Шийтгэх тогтоолын хуулбар /хх 35-37 ху/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Шүүгдэгч М.Б нь 2022 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Дорноговь аймгийн Иххэт сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Ю.Бтэй гэрийн урдуур адуу явуулж хашаа эвдлээ гэх зүйлээр шалтаглан маргалдаж түүний нүүрэн тус газар нь цохих, өшиглөх зэргээр халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч М.Бийн “...Хохирогчид учирсан гэмтлийг хүлээн зөвшөөрнө. Хавирч унахад нь нүүрэн тус газарт нь өшиглөсөн” гэсэн мэдүүлэг, хохирогч Ю.Бийн “Б миний нүүр лүү нэг цохиод, газар унасан нүүр лүү өшиглөсөн. Би газар уначхаад босож чадахгүй байх үед миний хүү ирсэн. Тэгээд Б яваад өгсөн. Би тэгээд босох гэсэн боловч босож чадахгүй байсан. Тэрнээс хойш яг согтуу хүн шиг хөл дээрээ тогтож чадахгүй байсан...Би тархины хагалгааны дараа дахиж хамрын хагалгаанд ороогүй” гэсэн мэдүүлэг, шинжээч эмч У.Энхмаагийн “Ю.Бийн 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлэгт хийлгэсэн Толгойн компьютер томографын шинжилгээний тайлбарыг эмнэлгийн бичиг баримт гэж үзээгүй учир дүгнэлтэд тусгаагүй. Харин 2022 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн Гэмтлийн эмчийн үзлэгийн тэмдэглэл нь эмчийн гарын үсэг болон тухайн үзсэн эмчийн хувийн тамгаар баталгаажсан байсан тул үндэслэж дүгнэлт гаргасан” гэсэн мэдүүлэг, хохирогчийн эрүүл мэндэд баруун шанаанд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсныг тогтоосон 02/028 дугаартай шинжээчийн дүгнэлт, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч М.Бийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байх ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч М.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгчийн хувьд хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй, мөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд гэмт хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчийн санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэлээ.
Гэмт хэргийн улмаас хохирогч Ю.Бийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч хохирол нэхэмжлээгүй тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөр байхгүй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч нь хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч М.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.
4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5.Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч нь хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА