Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 2023/ШЦТ/107

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                         

         Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Байгалмаа даргалж,

         нарийн бичгийн дарга Ж.Одтуяа,

         улсын яллагч Б.Дашням,

         хохирогч Д.С,

         шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Амарбаясгалан,

         шүүгдэгч Э.Х нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

         Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Хд холбогдох эрүүгийн .... дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

         Биеийн байцаалт: Э.Х

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Э.Х нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулиас баруун тийш явах гудамжинд хохирогч Д.Сийн нүүрэн тус газар нь шалтгаангүйгээр цохиж эрүүл мэндэд нь эрүү ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

         -Шүүгдэгч Э.Х шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2023 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө ажлынхаа хүнтэй 3 лааз пиво уучихаад харихаар явсан. Замдаа эхнэрээ авахаар ангийнх нь хүүхэд болох Мтэй утсаар яриад маргалдсан. Тэгээд эд нартай таараад Мг цохисон. Тэгээд зугтаагаад гудамж руу явчихсан. Би цагдаа дуудсан. Эхнэртэйгээ гудамжинд юм яриад зогсож байхад эд нар бөөндөө ирээд үгийн зөрүүгүй намайг цохисон. Доошоо толгойгоо бариад сууж байхад хамар руу цохисон. Тэгээд би гараа савчиж байх үед С цохиулсан байх. Хийсэн үйлдлээ бүрэн санаж байгаа. Хохирогчид хот явсан болон хагалгааны зардлыг бүрэн төлсөн ба 4.000.000 орчим төгрөг төлсөн. Хохирогчид учирсан гэмтлийг хүлээн зөвшөөрнө. Маргахгүй, миний буруу гэсэн мэдүүлэг,

           -Хохирогч Д.Сийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Бид нар тэр орой зам дагаад явж байсан. Гэтэл өөдөөс 2-3 залуу ирж явсан. Нэгийг нь Бийн нөхөр байна гэсэн. Энэ залуу эхнээс нь цохиод яваад байсан. Б, У, М нар байсан. Б намайг 2 удаа цохисон гэж хэлж байсан. Би зодоонд оролцоогүй ба дунд нь зогсож байсан. Тэгтэл миний шанаа хэсэгт цохисон. Миний эрүү 2 газар хугарсан. Одоогоор хадаастай байгаа. 6 сарын дараа хадаасыг нь авна гэсэн. Одоо юм сайн зажилж чадахгүй байна. Хохиролд 2.650.000 төгрөгийг баримтаар өгсөн. Одоо 10.000.000 төгрөг нэхэмжилж байна. Хагалгааны зардал 3.605.000 төгрөг, хагалгааны дараа гажиг заслын эмчилгээ 2.000.000 төгрөг, бусад зардал 1.000.000 төгрөг, эрүүл мэндийн даатгал 2.736.150 төгрөг, эмчид үзүүлсэн зардал 278.000 төгрөг, нийт 9.619.150 төгрөг болж байгаа. Хохирол барагдуулчихвал гомдол, саналгүй. Бид нар айлд 9 том савтай пиво уусан. Бүгд л ижилхэн уусан. Айхтар согтуугүй ба халаалттай л байсан. Шүүгдэгч талаас хохиролд тооцож баримтаар 3.723.058 төгрөг болж байгааг хүлээн зөвшөөрнө. Намайг эмнэлэгт байхад байнга эргэж байсан. Эрүүл мэндийг даатгалыг хасаж тооцоход татгалзахгүй. Гажиг засал 2.000.000 төгрөг, бусад зардал 1.000.000 төгрөг, хагалгааны зардал 3.605.000 төгрөг, нийт 6.605.000 төгрөгийг нэхэмжилнэ гэсэн мэдүүлэг,

           -Хохирогч Д.Сийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Гын гэрээс гараад явж байх замд хаанаас ч юм Бийн нөхөр гарч ирэн манай ангийн хүүхдүүд болох М, Б, У нарыг цохиж байхыг би харсан. Намайг цохих үед би бултсан. ...Сийг Бийн нөхөр гэх залуу өөдөөс нь шууд нүүрэн хэсэгт нь нэг удаа цохисон чинь С газарт унасан гэсэн мэдүүлэг /хх 11, 89 ху/,

           -Гэрч М.Оийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Бийн нөхөр гэх залуу Сийг шууд нүүр хэсэгт нь 1 удаа цохисон чинь С газарт унасан гэсэн мэдүүлэг /хх 18 ху/,

           -Гэрч Ч.Цын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Гын гэрээс 23 цагийн үед гараад засмал замын урд талын явган хүний замаар явж байх замд бид нарын өөдөөс нэг залуу гүйж ирэн Б, С, Б, У, М нарыг хоёр гараараа цохиод, өшиглөхийг нь өшиглөхөд нь бид нар боль гэж хэлээд болиулсан чинь Бийн нөхөр байна гэж Б хэлсэн. ...Сийг цохисон чинь С газар ойчсон гэсэн мэдүүлэг /хх 19 ху/,

           -Гэрч Л.Мийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2023 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 3 дугаар курсийн дунд зохиосон тэмцээнд манай анги түрүүлсэн шилжин явах цом авсан. М, Г хоёрын гэрт манай ангийн М, Б, С, О, Б, У, Б нарын хамт очиж, 2,5 литрийн Сэрүүн пивоос 5 ширхэгийг бид нар 21 цагийн үед пиво уусан. Гын гэрт бид нар пиво ууж байх үед Б нь нөхөр болох Хтэй миний гар утсаар ярьсан. Нөхөр нь ажлынхантай цуг байгаа юм, би гэртэй харьчихаад ирье гэж Б хэлэхэд нь манай хэд явуулаагүй. Гын гэрээс 23 цаг өнгөрч байхад гаран засмал замын урд талын явган хүний замаар явж байх замд бид өөдөөс Х ирээд У бид хоёрыг яасан их утсаа авдаггүй юм гэж хэлээд намайг нэг алгадан, Уянгыг бас нэг алгадан засмал замын харанхуй руу ороод нуугдсан. Б нь Х гудамжинд байна гэж хэлсэн. Б уулзахаар очиход харанхуй гудамжнаас гарч ирээгүй. Тэгээд бид нар явах гээд зам дагаад явж байсан. Манай нэг найз Х гудамжнаас гарч ирлээ гэж хэлээд Х рүү очихоор гүйхээр нь араас нь би очсон чинь С газар хэвтэж байсан. Сийн толгой хэсэг, амнаас нь цус гарч байсан. С нь яаж Хд цохиулж газар унасан талаар хараагүй болохоор хэлж мэдэхгүй байна. Цагдаа болон Эмнэлгийг Уянгын утсаар М дуудлага өгсөн гэсэн мэдүүлэг /хх 22 ху/,

           -Гэрч Э.Бийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Бид нар Гын гэрээс 23 цагийн үед гарч засмал замын урд талд гаран зүүн тийш Сайншанд төв рүүгээ явж байсан. Хамгийн түрүүнд М, Б хоёр такси барих гээд явж байсан чинь бид нарын өөдөөс нэг эрэгтэй аймаар эрчтэй гүйж ирээд эхлээд Мгийн нүүр хэсэг цохин гийчийнүүдээ гэх мэт үг хэлэн Мийг нүүрэн хэсэгт цохиход, манай хэд боль гээд барьсан чинь миний зүүн гарын бугалаг хэсэгт хүчтэй савж цохисон. Тэгээд бид нараас бултан Бийг засмал замын гол байхад нүүрэн хэсэгт 1 удаа цохиход Б ойчиход, гэдэс хэсэгт нь 1 удаа өшиглөхөд дуу алдсан. Х нь эхнэрийгээ ямар залуучуудтай явалдсан бэ, хаана байна тэд нар чинь гэж байсан. Тэгээд Х харанхуй гудамж руу гүйгээд орохоор бид нар араас нь гүйгээд олоогүй. Буцаад явж байсан чинь Х бид нарын араас хөөе Б гэж орилоход, Б нь нөхөртэйгөө ярилцана гэж хэлээд нөхрийнхөө байгаа газар руу очин нөхрийгөө чанга дуугаар загнан 2-3 удаа нүүрэн хэсэгт нь алгадсан. /Бийн ус нь задгай алгадах үед нь хоёр тийш болж байсан/ М нь Бийг нөхөр нь цохичихлоо гэх шиг болохоор нь бид нар Бийг нөхөртэй байгаа газар руу нь гүйж очоод М нь Хд хандан чам шиг эмэгтэй хүнийг ингэж цохидог хүн байдаггүй гэж хэлээд нүүрэн хэсэгт нь цохисон чинь Х уурлан миний урд байсан Мийг нүүрэн хэсэгт нь аймар хүчтэй цохихоор нь би "чи ингэж болохгүй шүү" гэж хэлэн хоёр гараа урдаа барин намайг битгий цохиорой гэсэн чинь миний зуун талын шанаа хэсэгт нэг удаа хүчтэй цохиход газарт унасан, газраас босоод ирсэн чинь миний хоёр чих дүнгэнээд, толгой эргэж байсан. Тэгээд ойр орчмоо харсан чинь С надаас баруун тийш 6 метрийн зайд газарт хэвтэж байсан. Бусад нь тойрч сууж байхад Б нь Сийн толгой хэсгээс цус гарч байсныг гараараа дараад байж байсан. Би С рүү очоод яачив гэж хэлээд нүүрэнд хүрсэн чинь эрүү хэсэг нь сул байсан, хэн цагдаа, эмнэлэг дуудсаныг мэдэхгүй байна. Цагдаа бид нарын байгаа газарт ирсэн гэсэн мэдүүлэг /хх 24-25 ху/,

           -Гэрч Н.Бийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Ц хүн алчихлаа гэж хашгирахаар нь би эргэж харсан чинь С газар унасан байхаар нь С дээр очсон чинь Сийн духны баруун дээд хэсгээс цус гарч байхаар нь хуруугаараа цус гарч байгаа хэсэгт дарсан чинь манайхны нэг нь хүүе шүд нь цаашаа орсон байна гэхээр нь шүдийг нь харсан чинь шүднүүд нь дотогш орсон байсан гэсэн мэдүүлэг /хх 27-28 ху/,

           -Гэрч Г.Бийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...М бид хоёроос бусад нь Х дээр очсон. М бид хоёр болио яах гээд байгаа юм гээд хорьсон чинь Х тойрон цохиж байсан чинь гэнэт Х хамар гэж хэлээд нөгөө хэдийн дундаас гарсан чинь С газар унасан байсан. Сийг яаж цохиулсныг хараагүй. Харанхуй гудамжинд байсан, дээрээс нь бүгд согтолттой байсан гэсэн мэдүүлэг /хх 27-28 ху/,

          -Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 02/147 дугаартай дүгнэлтэнд: 

          1.Д.Сийн биед эрүү ясны хугарал, дух, баруун хацар, доод эрүүнд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.

          2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

          3.Дээрх эрүү ясны хугарал гэмтэл нь эрүүл мэндийн удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.

         4.Дээрх дух, баруун хацар, доод эрүүнд зулгаралт гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

         5.Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтлүүд байна гэсэн дүгнэлт /хх 34-35 ху/,

          -Яаралтай тусламжийн хуудас, амбулаториор эмчлүүлэгчдийн карт /хх 36-46 ху/,

          -Хохирлын баримт /хх 67-73, 91-94 ху/,

          -Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 101 ху/,

          -Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 77-78, 84 ху/ зэрэг болно.

         Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

           Шүүгдэгч Э.Х нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулиас баруун тийш явах гудамжинд хохирогч Д.Сийн нүүрэн тус газар нь шалтгаангүйгээр цохиж эрүүл мэндэд нь эрүү ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Х өгсөн “...би гараа савчиж байх үед С цохиулсан байх. Хийсэн үйлдлээ бүрэн санаж байгаа. Хохирогчид учирсан гэмтлийг хүлээн зөвшөөрнө. Маргахгүй, миний буруу” гэсэн, хохирогч Д.Сийн өгсөн ” Энэ залуу эхнээс нь цохиод яваад байсан. Б, У, М нар байсан. Б намайг 2 удаа цохисон гэж хэлж байсан. Би зодоонд оролцоогүй ба дунд нь зогсож байсан. Тэгтэл миний шанаа хэсэгт цохисон. Миний эрүү 2 газар хугарсан” гэсэн мэдүүлгүүд, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн гэрч М.О /хх 19 ху/, гэрч Л.М /хх 22 ху/, гэрч Э.Б /хх 24-25 ху/, гэрч Н.Б /хх 27-28 ху/,          гэрч Г.Б /хх 27-28 ху/ нарын мэдүүлгүүд, хохирогчийн биед эрүү ясны хугарал бүхий хүндэвтэр гэмтэл учирсныг тогтоосон 02/147 дугаартай дүгнэлт, яаралтай тусламжийн хуудас, амбулаториор эмчлүүлэгчдийн карт, хохирлын баримт болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

          Шүүгдэгч Э.Х үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байх ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Э.Х Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгчийн хувьд хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй, мөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

         Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгтЭрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 Иймд түүний хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын хэм хэмжээ, хор уршиг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа болон хохирол төлөхөө илэрхийлж байгаа байдал, прокурорын дүгнэлт, өмгөөлөгчийн санал зэргийг харгалзан шүүгдэгч Э.Х  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхаарууллаа.

          Гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд эрүү ясны хугарал бүхий хүндэвтэр гэмтэл учирсан бөгөөд шүүгдэгч Э.Х нь гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан материаллаг хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй. 

         Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч талаас хохиролд эм тарианы зардал, мэс заслын төлбөр болон бусад зардалд нийт 3.723.058 төгрөг төлсөн гэж тайлбарласныг хохирогч хүлээн зөвшөөрч маргаагүй болно.

         Шүүх хуралдаанд хохирогч Д.С нь цаашид хийгдэх ялтас авах хагалгааны зардалд 3.605.000 төгрөг, хагалгааны дараа гажиг заслын эмчилгээнд 2.000.000 төгрөг, бусад зардалд 1.000.000 төгрөг, эрүүл мэндийн даатгал 2.736.150 төгрөг, эмчид үзүүлсэн зардалд 278.000 төгрөг, нийт 9.619.150 төгрөг нэхэмжилсэнээс эрүүл мэндийн даатгал 2.736.150 төгрөг, эмчид үзүүлсэн зардал 278.000 төгрөг /3.723.058 төгрөгийн тооцоонд орсон/, нийт 3.014.150 төгрөгийн нэхэмжлэлээсээ татгалзаж, үлдэх 6.605.000 төгрөгийг нэхэмжилж Эм Би Жи Мед эмнэлгийн нэхэмжлэхийг хавсарган ирүүлсэн байна.

         Шүүх нотлох баримтуудыг шинжлэн судлаад цаашид хийгдэх эмчилгээ болох ялтас авах хагалгааны зардал 3.605.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэж, харин дээрхи хагалгааны дараа гажиг заслын эмчилгээ 2.000.000 төгрөг, бусад зардал 1.000.000 төгрөг, нийт 3.000.000 төгрөгийн хохирлыг нотлох баримтгүй гэж үзэж хэлэлцэхгүй орхиж, энэ талаархи нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдлаа.

        Шүүхийн хэлэлцүүлгийн явцад шүүгдэгч Э.Х нь хохирол төлөх талаар завсарлага авч 3.605.000 төгрөгөөс 1.500.000 төгрөгийг төлсөн тул үлдэх 2.105.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч Д.Сд олгох нь зүйтэй.

         Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

         1.Шүүгдэгч Э.Х Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Х 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700.000 /долоон зуун мянга/  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Х нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

         4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Хд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Хэс 2.105.000 /хоёр сая нэг зуун таван мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч С-д олгож, нэхэмжлэлээс 3.000.000 төгрөгийг хэлэлцэхгүй орхисугай.

         6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч нь эрүүл мэндийн даатгалын сангийн төлбөр 3.014.150 төгрөгийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг, мөн цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

          7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                     Ж.БАЙГАЛМАА