Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 77

 

 

185/2019/0258/Э

 

 

  2020            01            16                                        2020/ДШМ/77    

 

Ц.У-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Б.Зориг, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

шүүгдэгч Ц.У-ын өмгөөлөгч П.Эрдэнэтуяа,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 2019/ШЦТ/943 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.У-ын өмгөөлөгч П.Эрдэнэтуяагийн гаргасан давж заалдах гомдлоор Ц.У-т холбогдох 1903010630475 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

...... У-, 1984 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Дорнод аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, арматурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Дорнод аймгийн ...... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч Чингэлтэй дүүргийн ..... тоотод оршин суудаг гэх, /РД:..../,

Баянгол дүүргийн шүүхийн 2003 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 227 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 2005 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хугацаа дуусч суллагдсан,

 Баянзүрх дүүргийн шүүхийн 2008 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 612 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 3 сарын хорих ялаар шийтгүүлж, 2010 оны 7 дугаар сарын 10-ны өдөр хугацаа дуусч суллагдсан,

 Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 22-ны өдөр 22/А дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 5 сарын хорих ялаар шийтгүүлж, 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 1 жил 1 сар 10 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан;

 

Ц.У- нь 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаагийн 75 дугаар гудамжны 989 тоот байрлах иргэн Д.Э-гийн байшинд хууль бусаар нэвтэрч, 6 ширхэг мөнгөн аяга, 2 ширхэг хөөрөг, 1 ширхэг “Kamus” нэртэй виски, 3 ширхэг “Chenet” нэртэй вино, 2 ширхэг ноолууран цамц, 1 ширхэг эмэгтэй хүний платье, 2 ширхэг “Christian dior” нэртэй үнэртэй ус, 1 ширхэг мөнгөн гинж, бор өнгийн үүргэвчин цүнх, 0.5 литрийн “Хараа” нэртэй архи зэрэг эд хөрөнгийг хулгайлан авч, 1.971.550 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Ц.У-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: ..... /РД:........./-г тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдэлд гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 02 /хоёр/ жил, 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн СD-г хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, түүний цагдан хоригдсон 42 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.У-аас 28.750 /хорин найман мянган долоон зуун тавь/-н төгрөгийг гаргуулж хохирогч ...... Э- /РД:..../-д олгож, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.У-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ. 

 

Шүүгдэгч Ц.У-ын өмгөөлөгч П.Эрдэнэтуяа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчийн зүгээс “Ц.У- нь хулгайлах гэмт хэрэг үйлдэхийг завдсан гэм буруугаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд хүлээн зөвшөөрч, үнэн зөв мэдүүлэг өгч байсан, хохирогч Д.Э-гийн нэхэмжилсэн 200.000 төгрөгийн хохирлыг төлсөн, гэмт хэрэг завдалтаар төгссөн зэрэг байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг баримтлан нэг жилийн хорих ял оногдуулж өгнө үү” гэх санал гаргасан. Гэвч шүүх шүүгдэгч Ц.У-т ашигтай дээрх нөхцөл байдлуудыг урьд өмнө ял шийтгүүлж байсан болон шүүхийн шатнаас оргон зайлсан зэрэг хувийн байдлаар нь үгүйсгэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэх үндэслэлгүй гэж дүгнэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэх шударга ёсны зарчимд нийцээгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Ц.У-т оногдуулсан 2 жил 1 сарын хорих ялыг 1 жил болгон хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.

 

Ц.У- нь 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаагийн 75 дугаар гудамжны 989 тоот байрлах иргэн Д.Э-гийн байшинд хууль бусаар нэвтэрч, 6 ширхэг мөнгөн аяга, 2 ширхэг хөөрөг, 1 ширхэг “Kamus” нэртэй виски, 3 ширхэг “Chenet” нэртэй вино, 2 ширхэг ноолууран цамц, 1 ширхэг эмэгтэй хүний платье, 2 ширхэг “Christian dior” нэртэй үнэртэй ус, 1 ширхэг мөнгөн гинж, бор өнгийн үүргэвчин цүнх, 0.5 литрийн “Хараа” нэртэй архи зэрэг нийт 1.971.550 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг хулгайлахыг завдсан болох нь:

 

Хохирогч Д.Э-гийн “...гэртээ ирэхэд манай гэрийн гадаа цагдаа нар ирсэн байсан бөгөөд бид хоёрыг ирсний дараа үзлэг шалгалтаа эхэлсэн юм. Манай байшингийн хоёр давхрын баруун тийш харсан цонхыг хагалж хулгайч орсон байсан. ...” /хх 25-26/,

гэрч Ө.Түвшинжаргалын “...“Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаагийн 75-989 тоотод хулгайч орсон байна” гэх мэдээлэл ирсний дагуу шуурхай очиж шалгахад саарал өнгийн төмөр хаалгатай хашаатай айл байсан бөгөөд хашаан дотор улаан тоосгон 2 давхар байшин байсан...1 давхрын хаалгаар дамжиж гараж руу ороход хар ногоон өнгийн “Ланд 80” маркийн машины доор хүн хэвтэж байсан. Тэр хүнийг татаж гаргаж ирэхэд архи согтруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай, 30 орчим насны 165 см орчим нуруутай,...эрэгтэй хүн байсан. Уг хүнээс “өөрийг чинь хэн гэдэг юм бэ? ямар учраас байшин руу орсон юм бэ? ямар эд зүйл хулгайлсан юм бэ” гэж тодруулахад өөрийгөө У- гэж хэлсэн ба “хулгайлсан эд зүйл машин дотор байгаа" гэж хэлсэн. ...” /хх 35-37/,

Ц.У-ын яллагдагчаар өгсөн “...гэр хороолол дундуур явж байгаад гадуураа банзан хашаатай, дотроо хоёр давхар улаан тоосгон байшингийн хамаг цонх хөшиг нь хаалттай байхаар нь эзэнгүй айл гэж мэдээд хашааг нь давж орсон. ...Байшин олон өрөөтэй байсан ба согтуу байсан болохоор яг сайн санахгүй байна. Ямар ч байсан цонхыг нь хагалж ороод өрөөнд байсан бор өнгийн үүргэвчийг аваад дарс, мөнгөн аягануудыг нь цүнхэнд хийсэн. Тэгээд гал тогооных нь өрөө рүү ороод хөргөгчин дотор тал шил Хараа байхаар нь тэрийг нь уусан. Тэр архийг уугаад улам согтчихсон ба байшингийн гадаа хоёр цагдаа ирчихсэн цонхоо онгойлго гээд байхаар нь хоёр давхар луу гардаг шатны хажуу талын хаалгаар дамжиж гараж руу ороод жийп автомашины доор ороод нуугдсан. ...” /хх 63-65/ гэх мэдүүлгүүд,

“...05 минут 37 секундэд яллагдагч Ц.У- хохирогчийн байшингийн урд талд байрлах үүдний амбаарын вакум цонхыг гартаа мод мэт зүйл барьж цааш түлхэн хагалж байна.  Уг цонхыг хагалсны дараагаар гартаа барьсан мод мэт зүйлээр үлдэгдлийг цааш түлхэн унагаах ба уг цонхоор дотогш шагайн харж байгаад буцаж алхаад байшингийн зүүн талд байна...бичлэгний 08 минут 19 секундэд байшингийн зүүн талд байрлах 1 давхарын цонхны гадна талын төмөр хамгаалалтаас зүүгдэн 2 давхар луу авирч гарах оролдлого хийх бөгөөд нэвтэрч чадалгүй доош буух ба буусны дараагаар 08 минут 48 секундэд газраас том хэмжээтэй чулуу авч 2 давхарын цонх руу шидэж байна. Эхний шидэлт цонхыг онолгүй газар унах бөгөөд дахин уг чулууг авч цонх руу шидэж цонхыг онож, дахин чулуу шидэхэд цонх хагарч байна. Цонх хагарсны дараагаар хэсэг харж зогсож байгаад 1 давхарын цонхны төмрөөс зүүгдэн 2 давхарын цонхоор дамжин байшин руу 11 минут 07 секундэд нэвтрэн орж байна. ...” гэх хатуу дискэнд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 20-21/,

“...Ц.У-ын гарын хээний дардас нь 2018 оны 11 дүгээр сарын 21-нд Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаагийн 75-989 тоотод хулгай орсон гэх хэргийн нэг ширхэг гарын мөртэй тохирч байна...” гэх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлт /хх 45-47/, эд зүйлийн үнэлгээ /39-41/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 5-14/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн ба эдгээр нь хоорондоо ноцтой зөрүүгүй, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чаджээ.

 

 

Шүүгдэгч Ц.У-ын бусдын орон байранд нэвтэрч, 1.971.550 төгрөгийн үнэ бүхий хөрөнгийг хулгайлан, улмаар гарах гэж байхдаа баригдсан гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Харин анхан шатны шүүх шүүгдэгч Ц.У-ыг тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдэхээр завдсан хэмээн гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдах зарчим, мөн хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан шаардлагыг хангаагүй байх тул үүнийг давж заалдах шатны шүүхээс зөвтгөж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Нөгөөтэйгүүр бусдын эд хөрөнгийг хулгайлсан шүүгдэгчийн үйлдэл нь түүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдал буюу хууль сахиулагч нар ирснээр бусдын орон байрнаас гарч чадалгүй гэмт үйлдэл нь таслан зогсоогдож туйлдаа хүрээгүй учир завдалт гэж үзнэ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийг 2 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдлийн шинж ба гэмт хэргийг төгсгөж чадаагүй нөхцөл байдлыг харгалзан энэ хуулийн тусгай ангид тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр ял оногдуулна” гэж гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдэлд оногдуулах ял нь төгссөн гэмт хэрэгт оногдуулах ялаас ялгаатай байхаар заажээ.

 

Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч Ц.У-т төгссөн гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээ болох 2 жил 1 сарын хорих ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчимд нийцэхгүй байх тул давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Ц.У-ын гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдлийн шинж, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэргийг төгсгөж чадаагүй нөхцөл байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялын хэмжээг 1 жил болгон хөнгөрүүлэн өөрчлөхөөр шийдвэрлэв.

 

Иймд шүүгдэгч Ц.У-ын өмгөөлөгч П.Эрдэнэтуяагийн “...Ц.У-т оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авч, дээр дурдсан үндэслэлүүдээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4, 1.5-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 2019/ШЦТ/943 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “......../-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдэлд гэм буруутайд тооцсугай. …” гэснийг ......г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдэхийг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. …” гэж,

2 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ц.У-т 02 /хоёр/ жил, 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай. …” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Зүүн хуацай овгийн Цогбадрахын У-ыг 1 /нэг/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.” гэж,

3 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.У-т оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. …” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.У-т оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч Ц.У-ын өмгөөлөгч П.Эрдэнэтуяагийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                        ДАРГАЛАГЧ,

                        ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН

 

                        ШҮҮГЧ                                                            Б.ЗОРИГ

 

                        ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН