Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 128/шш2022/0131

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ц.Ч

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ү.А

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Р.Л,

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: З.М,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Бнарын хоорондын Газар эзэмших эрхийг хүчингүй болгосон захиргааны актад холбогдох маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Амарбат, Р.Л хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М, Б.Бшүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ц.Чаас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн А/410 дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” захирамжийг хүчингүй болгуулах”-аар маргаж байна.

2. Нийслэлийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн А/1283 дугаар захирамжаар Хан-уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт 9156 м.кв газрыг орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх эрх олгосныг үндэслэн газар эзэмших эрхийн 000110214 дугаар гэрчилгээг Ц.Чад олгожээ.

Улмаар Нийслэлийн Засаг даргын 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” А/410 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.4, 20 дугаар зүйлийн 20.2.2, 39 дүгээр зүйлийн 39.1.4, 56 дугаар зүйлийн 56.1, 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.1, 48.2.2 дахь заалтыг тус тус үндэслэн нэхэмжлэгч Ц.Чыг хууль ёсны ашиг сонирхол, нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн, Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 /хамгаалалтын зурвасын дотор гэр, орон сууц, барилга байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөр бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно./ дэх хэсгийг зөрчсөн гэсэн үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгосон байна.

3. Нэхэмжлэгч нь маргаан бүхий актыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 02-06/3947 дугаар албан бичгээр мэдэж, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 02-06/4930 дугаар албан бичгээр “...таны газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгон шийдвэрлэсэн захирамж нь Захиргааны ерөнхий хууль болон холбогдох хууль тогтоомжийн хүрээнд гарсан байх тул таны шазар эзэмших эрхийг сэргээх боломжгүй байна” гэсэн хариу авсан, үүнийг нэхэмжлэгч эс зөвшөөрч 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

4. Нэхэмжлэгч Ц.Чнь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: 

1/ Үндсэн хууль болон Газрын тухай хуульд зааснаар газар эзэмшигчийн эрхийг зөвхөн хуульд заасан үндэслэлээр хязгаарлах ёстой бөгөөд хуульд заасан цуцлах нөхцөл нь зөвхөн Газрын тухай хуулийн 40.1.1-40.1.7 дахь үндэслэлүүд юм. Газар эзэмшигчийн эрхийг Эрчим хүчний тухай хуулийн заалтаар хязгаарлаж, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох хуулийн зохицуулалт аль ч хуульд байхгүй бөгөөд нийтийн эрх зүйд хуулиар зөвшөөрснөөс бусдыг хориглох зарчим үйлчилдэг тул энэхүү зарчмын хүрээнд зөвхөн Газрын тухай хуульд заасан үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох нь эрх зүйт төрийн үндсэн зарчимд нийцнэ. Гэтэл Нийслэлийн Засаг даргын зүгээс Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсгийг үндэслэн миний эзэмшиж байсан газар эзэмших эрхийн гэрчилгээг цуцалсан нь Үндсэн хууль болон Газрын тухай хууль тогтоомж, нийтийн эрх зүйн үндсэн зарчмыг ноцтой зөрчсөн үйлдэл боллоо.

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 97 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан "Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрэм”-д зааснаар цахилгаан дамжуулах шугамын хүчин чадлаас хамаарч 10-30 метрийн зайд хамгаалалтын зурвас тогтоохоор заасан. Гэтэл миний барилгажуулахаар болон Газрын тухай хуульд заасан зориулалтын дагуу ашиглахаар төлөвлөсөн талбай нь байдлаар зайтай байгаа болно.

Цахилгаан дамжуулах шугамаас миний эзэмшиж буй газрын зааг хүртэл 20 метр, Цахилгаан дамжуулах шугамаас барилгын ногоон байгууламж хүртэл 28 метр, Цахилгаан дамжуулах шугамаас барилгын авто зогсоолын эхний цэг хүртэл 42 метр, Цахилгаан дамжуулах шугамаас барилгын суурь хүртэл 50 метрийн тус тус зайтай байгаа болно.

Миний эзэмшлийн газрын хажууд байрлаж буй цахилгаан дамжуулах шугам нь 35 кВ-ын хүчин чадал бүхий цахилгаан дамжуулах шугам тул "Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрэм"-ийн 2.2.1-т зааснаар хамгаалалтын зурвас нь 15 метрийн зайтай байх шаардлагатай. Харин бодит байдалд миний эзэмшиж буй газрын хамгийн захын хил нь цахилгаан дамжуулах шугамаас даруй 20 метрийн зайд бусад зай нь түүнээс их байгаа нь Эрчим хүчний тухай хуулийн 33.1 дэх хэсгийг зөрчөөгүй болохыг маш тодорхой харуулж байна.

2/ Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2-т "Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.", Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т "Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална:", мөн зүйлийн 4.2.1-д "хуульд үндэслэх" хэмээн заасанчлан төрийн захиргааны байгууллага бүхий л үйл ажиллагаагаа хуульд нийцүүлэн, хуулийн хүрээнд явуулах ёстой. Харамсалтай нь хариуцагчийн гаргасан шийдвэр нь холбогдох хууль тогтоомжид үндэслээгүй, шаардлагатай хуулийн заалтыг шийдвэртээ тусгаагүй, бодит нөхцөл байдлыг шалган тогтоогоогүй үндэслэл муутай шийдвэр болсон байх бөгөөд үүнээс үүдэн миний эрх, хууль ёсны ашиг сонирхол ноцтой зөрчигдөж байна. Иймээс Нийслэлийн Засаг даргын 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн A/410 тоот захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.5-д "Сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээдэд үүрэг бий болгосон, эсхүл түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан захиргааны актыг ойлгоно.", мөн зүйлийн 37.6-д "Хууль бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг ойлгоно." гэж заасан сөрөг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актын үндсэн шинжийг өөртөө бүрэн агуулж байх тул хүчингүй болгох бүрэн дүүрэн үндэслэлтэй болно.

3/ Миний зүгээс, газраа Газрын тухай хуульд заасан зориулалтын дагуу ашиглаж байсан, Тодруулбал, тухайн газрын тодорхой хэсэгт орон сууцны барилга барих зорилгоор Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдөр ГМБЗХ2020/19-022 дугаар бүхий Архитектур төлөвлөлтийн даалгаврыг Барилгын хууль тогтоомжид заасны дагуу батлуулан авч өөрийн эзэмшлийн 9.156 м.кв эзэмшил газрын 2755 м.кв газрыг барилгажуулахаар төлөвлөөд байсан болно. Энэхүү Архитектур төлөвлөлтийн даалгаварт үндэслэн барилгажих талбай дээр Барилгын зураг төсөл, инженер геологийн "Гурвантэс" ХХК-иар 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдөр "Инженер-геологийн судалгааны ажил гүйцэтгэх гэрээ"-р барилгажих талбайн зураг төсөл боловсруулахад зориулсан инженер-геологийн судалгааны ажлыг бүрэн дүүрэн гүйцэтгүүлж, холбогдох үнэлгээ дүгнэлтүүдийг тус компани хийж гүйцэтгэсэн. Мөн барилгын зураг төслийг гүйцэтгүүлэхээр “Хаус Дизайн” ХХК-тай 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Riverside 12 давхар, 3 блок орон сууцны хотхоны барилгын эскиз болон ажлын зургийг хийж гүйцэтгэх гэрээ байгуулж, тус ажлыг гүйцэтгүүлсэн болно. Дээрх байдлаар газрын хууль ёсны эзэмшигч миний бие өөрийн бүхий л үйл ажиллагааг Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомж, холбогдох бусад хэм хэмжээний акт, норм, нормативт үндэслэн явуулж энэхүү газартаа маш их хэмжээний хөрөнгө оруулалт буюу 2021 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар нийт 436,751,017 төгрөгийн бодит хөрөнгө оруулалт оруулсан.

4/ А/410 тоот захирамжид дурдагдсан Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Шугам сүлжээ нь аюулгүй байдлыг хангах хамгаалалтын зурвастай байна. Хамгаалалтын зурвасын дотор гэр, орон сууц, барилга байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно.” гэх заалтыг зөрчсөн аливаа үйлдэл, үйл ажиллагаа явуулж, эрчим хүчний шугам сүлжээнд гэмтэл, доголдол учруулаагүй бөгөөд энэхүү хуулийн заалт нь зөвхөн хамгаалалтын зурвас дотор гэр, орон сууц, барилга байгууламж барих үйл ажиллагааг явуулахыг хориглосон заалт бөгөөд миний зүгээс цахилгаан дамжуулах шугам сүлжээний хамгаалалтын зурвас дотор ямар ч барилга байгууламж барьж, байгуулаагүй, үйл ажиллагаагүй явуулаагүй, мөн цаашид ч ийм үйлдэл, үйл ажиллагаа явуулахгүй болохоо хариуцлагатайгаар мэдэгдье.

5/ Өмнө дурдсанчлан хуульд заасан газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох нөхцөл байдал бий болоогүй байхад миний газар эзэмших эрхийг хууль зөрчин цуцалсан, мөн газар эзэмшигчийн зүгээс Газрын тухай хуульд заасан нөхцөл шаардлагын дагуу холбогдох үйл ажиллагааг явуулж, их хэмжээний хөрөнгө оруулалт оруулсаар байхад хариуцагчийн зүгээс бодит байдалд нийцээгүй үндэслэлгүй дүгнэлт хийж А/410 захирамжаар миний газар эзэмших эрхийг хөндөж, хууль ёсны ашиг сонирхолд минь халдсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.3, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1-35.1.7-д заасан үл хөдлөх эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг минь үндэслэлгүйгээр ноцтой зөрчсөн үйлдэл болсон байна. Иймд холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн, бодит нөхцөл байдалд нийцээгүй сөрөг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны акт болох Нийслэлийн Засаг даргын 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн А/410 тоот захирамжийг хүчингүй болгож, миний зөрчигдөж буй эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Ашүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...1/ Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д заасныг зөрчөөгүй гэдэг нь тодорхой болсон. Мөн хариуцагч нарын барьж байгаа нөгөө гол үндэслэл болох нийтийн эрх ашигтай холбоотой асуудал байгаа. Гэтэл яг нийтийн эрх ашиг гэдгээ юу гэж томьёолоод нийтийн эрх ашигт иргэн Ц.Чын авсан байгаа газар нь яг тодорхой ямар үндэслэл нөхцөлөөр нийтийн эрх ашигт сөргөөр нөлөөлөөд хохироогоод байгаа талаар тодорхой нотлох баримт гарч ирээгүй.

Автозамын трасс дайрч байгаа асуудал болон маргаан бүхий газрын тодорхой хэсэгт Туул голын ай сав дагуух ойн сан бүхий мод, бут дайрсан асуудал байгаа. Иргэн Ц.Чнь нийслэлийн Хот байгуулалтын албанаас А даалгаврыг батлуулж авахдаа зөвхөн барилгажих боломжтой хэсэг буюу мод бут байхгүй хэсэг дээр зохион байгуулалт хийгдсэн.

Нэхэмжлэгчийг газраа авснаас хойш замын трассын төлөвлөгөө нь батлагдсан учаас үүнийг үндэслэн шууд хүч хэрэглэн цуцлах эрх зүйн зохицуулалт байхгүй. Энэ тохиолдолд Улсын тусгай хэрэгцээг үндэслээд юм уу, нийтийн зайлшгүй хэрэгцээг үндэслээд газрыг нөхөн олговортойгоор солих буюу эргүүлэн авах зохицуулалтууд үйлчилж байхад ийм ерөнхий үндэслэлүүдээр газрыг цуцлах арга хэмжээ авч байгаа нь хуульд нийцэхгүй байна. Тийм учраас хариуцагч нийтийн эрх ашиг гээд байгаа тайлбараа холбогдох нотлох баримтууд, хууль зүйн шаардлага хангасан үндэслэлүүдээр нотолж чадахгүй байна гэж үзэж байна.

2/ Нийтийн эрх ашиг сонирхол гэдэгт ойн сан бүхий газар давхацсан эсэх орж байгаа юм аа гэдэг аман тайлбарыг гаргаж байна. Гэтэл Газрын тухай хууль бусад хууль тогтоомжид газрын тухай болоод Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн тайлбарт нийтийн ашиг сонирхол гэдэгт ойн сан бүхий газрын хамгаалалтын бүс орж байгаа гэдэг агуулга тусгагдаагүй.

3/ А даалгаварт танайд байгаа 10.000 м.кв газрыг 2700 м.кв-ийн хэсэг барилгажих боломжтой хоосон хэсэг. Бусад нь мод буттай учраас үлдэх ёстой. Үүнийг та нар хийхдээ зам баривал нийтийн эзэмшилд ашиглуулаарай. Гудамж талбайгаа өөрсдөө тохижуулаарай. Мөн орчны бүсэд байгаа ногоон байгууламжийг сүйтгэлгүйгээр тохижилттой нийцүүлээд хийгээрэй гэдэг. Ийм нөхцөлтэйгөөр “А” даалгавар батлагдаж байгааг дурдсан. А даалгавар нь нийслэлийг 2022 он хүртэл хөгжүүлэх үндсэн төлөвлөгөө, 2030 он хүртэл үндсэн чиглэл гэдэгт багтаж байгаа гэдэг үндэслэл дүгнэлтийг холбогдох мэргэжлийн хүмүүсийн баримт дээр үндэслээд А даалгавар батлагдсан.

4/ Газар эзэмших эрхтэй холбоотой Нийслэлийн Засаг даргын гаргасан захирамжтай холбоотой тодорхой хууль зүйн асуудлууд байж болохыг үгүйсгэх аргагүй. Жишээ нь цаашид энэ газрыг ногоон байгууламжийн хэлбэрээр ашиглах бодлого ч юм уу, Эсвэл цаашид энэ газар зам талбай хэлбэрээр явагдах ийм төлөвлөлт хийгдэхийг үгүйсгэх аргагүй. Гэхдээ нэгэнт олгогдсон газар байгаад түүн дээр дараа дараагийн төлөвлөлт хийгдэж байгаа бол тухайн иргэнтэй тус газрыг солих, нөхөх олговрыг нь олгоод эргүүлж авах гэдэг юм уу энэ бүх хууль зүйн боломжит хувилбаруудыг хуулинд тодорхой заасан.

6/ Замын трас дайрсан асуудал яригдаж байна. Үүнийг шүүхээс тодруулахад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хоёрдмол утгатай тайлбар гаргаж байна. Газрын үзлэгээр бодит байдалтай танилцахад байсан зам энэ трас дээр байж байгаа. Энэ зам батлагдахад үндсэн зам байсан. Хажуугаар нь дугуйн зам, хөвөө гэсэн бүтэцтэй батлагдсан. Стандарт нь өөрөө тийм байгаа. Бүх төлөвлөлт нь хийгдэж тэр зурвасаараа хамгаалалт авсан байгаа. Гэтэл хариуцагчаас тэнд бид нэмээд дугуйн зам ч тавина, явган хүний зам ч тавина гэж байна. Тэр газрыг нийслэл өөрөө бүхэлд нь цааш нь үргэлжлүүлээд цементтэй талбай болгох гэж байгаа мэтээр тайлбар гаргах замаар шүүхэд гаргасан тайлбараа үндэслэлгүйгээр нотлохыг оролдож байна гэж үзэж байна. Тийм учраас Нийслэлийн Засаг даргын гаргасан 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн А/410 тоот захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ц.Чын хууль ёсны ашиг сонирхлыг сэргээж өгнө үү.” гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Л шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...1/ Хариуцагчийн тайлбарлаж байгаагаар бол нийтийн ашиг сонирхолд нөлөөлсөн гэж тайлбарладаг. Энэхүү нөхцөл байдалд хэрэгт авагдсан хөдөлшгүй нотлох баримт буюу нийслэлийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын 147 дугаар тогтоолд авагдсан байдаг. Тогтоолын нэг дэх хэсэгт ...нийтийн эзэмшлийн амралт зугаалга биен тамирын зориулалтаар газар, цэцэрлэгт хүрээлэн амралт, зугаалга, биен тамирын зориулалттай бусад газар болон нийтээр зүй зохистой ашиглах хамгаалах зорилго бүхий нийтийн эдэлбэр газруудыг тогтоосон байршил талбайн хэмжээ, хилийн заагийн солбицлыг хавсралтаар баталсугай. Тус тогтоолын 2 дугаар заалтад нийтийн эдэлбэр газраар тогтоосон газруудыг бэхжүүлж хамгаалах, зориулалтын дагуу тохижуулах ажлыг зохион байгуулж тус газруудыг шинээр газар олгохгүй байх, барилга байгууламж барихыг хориглох талаар зохион байгуулалттай арга хэмжээ авч ажиллахыг Нийслэлийн Засаг даргад буюу хариуцагчид Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлаас үүрэг болгосон байдаг. Хариуцагчийн тайлбарлаад байдаг нийтийн ашиг сонирхол гэдэг ойлголтыг хэрэгт авагдсан баримтын хүрээнд тайлбарлахад Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын 147 дугаар тогтоолоор баталгаажуулаад түүн дээрээ маш тодорхой бичсэн буюу тайлбарлаад байдаг ногоон байгууламж баръя, тохижуулъя, зүй ёсоор арчлан хамгаалъя, мөн тухайн газарт ямар байдлаар нэмж газар олгохгүй байх, барилга байгууламж барихыг хориглох зэрэг нь энэ тогтоолоор маш тодорхой болж гарсан.

Тус тогтоолд нэхэмжлэгчийн эзэмшиж байсан газар хамаарч байгаа эсэх талаар лавлагааг авахад Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 02074/335 тоот албан бичгээр тус тогтоолд иргэн Ц.Чын эзэмшиж байсан газар нь ороогүй байна гэж маш тодорхой хариуг ирүүлсэн.

Хариуцагч захиргааны байгууллагын гаргасан хоёр үндэслэлийн нэг нь буюу ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн гэж бичигдсэн энэхүү нөхцөл байдал тогтоогдохгүй, хэрэгт авагдсан баримтын хүрээнд тогтоогдохгүй, үгүйсгэгдэж байгаа нь харагдаж байгаа.

2/ Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт заасан хамгаалалтын зурвасын дотор гэр орон сууц барилга орон сууц барих хуулийн заалтыг зөрчсөн тухай хариуцагч байгууллага маргадаг. Энэ талаар шүүх дахин тодруулах шаардлагатай гэж үзэж эрх бүхий байгууллага болох Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас албан бичгээр тодруулахад тус байгууллагаас 01/339 тоот албан бичгээр Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэн Ц.Чын эзэмшлийн 0781000804 нэгж талбарын дугаартай газарт “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК нь шугам тоноглол байхгүй, хамгаалалтын зурвасын зөрчилгүй байна гэж маш тодорхой хариуг ирүүлсэн. Иймд Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсгийг үндэслэж газар эзэмших эрхийг цуцалсан хэдий ч бодит байдал дээр тэр нь нотлогдсонгүй. Холбогдох байгууллагын хариу албан бичгээр тус газарт нэхэмжлэгчийн эзэмшиж байсан газар нь өөрөө ямар нэгэн байдлаар хамааралгүй. Эрчим хүчний шугамын зөрчилгүй гэдгийг тодорхойлжээ.

3/ Хариуцагч талаас Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т “Эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг дараах тохиолдолд хүчингүй болгоно”, 48.2.2-т “бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн” гэж тус тус заасныг баримталж тайлбараа гаргаж байна. Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2 дахь заалтын урьдчилсан нөхцөл нь бусад этгээдийн эрх хууль ёсны ашиг сонирхол нь, нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн буюу нэхэмжлэгчийн эзэмшиж байсан газар нь өөрөө тухайн нөхцөл байдалд нийтийн ашиг сонирхолд аль хэдийн сөргөөр нөлөөлсөн бөгөөд түүнийг баталж, нотолж тогтоосон байх шаардлагатай. Гэтэл ийм нөхцөл байдал тогтоогдоогүй буюу хэргийн материалд энэ нөхцөл байдал тогтоогдож байгаа ганц баримт нь нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн 2021 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн тогтоол байгаа. Тус тогтоолын түрүүн дурдсан 1, 2 дахь хэсэгт маш тодорхой заасан байгаа. Эдгээр газруудыг нийтээр ашиглах зориулалтаар дугуйн зам, бусад нийтийн сайн сайхан зориулан тохижуулна. Энэ газарт ахиж газар олгохгүй байх тал дээр сайн анхаарч ажиллах нь зүйтэй гэж маш тодорхой заасан байдаг. Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2-т заасан нь хэрэгт авагдсан баримтаар 147 дугаар тогтоолын хүрээнд нотлогдоно гэж харж байна.

Бид А даалгаврын дагуу нийтийн эдэлбэр газар, зам талбайг бүрэн зөвшөөрөөд зохицоод үйл ажиллагаа явуулах бүрэн боломжтой бөгөөд ямар нэгэн байдлаар нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн эдгээр нөхцөл байдалд хамаарахгүй. Бид ямар ч тайлбар мэдүүлэг, нотлох баримтыг гаргаагүй. Нийтийн эрх ашигт сөргөөр нөлөөлсөн гэдэг нь ямар ч нөхцөлөөр тогтоогдохгүй байхад биднийг үүнтэй холбож тайлбарлаж эрх зүйн үндэслэлээ тодорхойлж байгаа нь хууль тогтоомжид нийцэхгүй буюу Захиргааны ерөнхий хуулийн 4.2.5-д заасан захиргааны байгууллагын шийдвэр зорилгодоо нийцсэн байх буюу бодит байдалд үндэслэсэн байх гэдэг үндсэн зарчмыг бүхэлдээ үгүйсгэж байна.

Эрчим хүчний хамгаалалтын зурвас энэ талаар хуулийн заалт нь зурвасын хажуу талбайд эсвэл гадна гээгүй. Гэтэл түүнтэй давхцалгүй бөгөөд түүнээс гадна бүхэл бүтэн авто замын заагтай байхад үүнтэй холбон тайлбарлаж, үүнтэй давхцалтай байна, энэ нь маргаан бүхий актын гол үндэслэл болж байгаа гэдэг байдлаар тайлбарлаж байгаа нь бүрэн үндэслэлгүй байгаа юм. Энэ талаар Засгийн газрын эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрэмд заасан журмаар маш тодорхой үгүйсгэсэн талаар шүүхийг анхаарч үзэхийг хүс ч байна.” гэв.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...

1/ Дээрх маргаан бүхий газар нь Газрын тухай хуулийн 6.2-т заасан ойн сан бүхий газар, усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсэд багтсан, 56 дугаар зүйлийн 56.1 "Хот, тосгон бусад суурины газарт иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах үйл ажиллагааг зөвхөн тухайн хот, тосгон, бусад суурины харьяалах засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг үндэслэн боловсрогдож батлагдсан хот, хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, түүнд тулгуурласан үе шатны болон хэсэгчилсэн төлөвлөгөөний дагуу энэ хуульд заасан журмаар хэрэгжүүлнэ." бөгөөд нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын "арга хэмжээ авах" тухай 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 02-01/1355 дугаартай албан бичгийг ирүүлсэн тул Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д "Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно" гэж заасан үндэслэлээр нийслэлийн Засаг даргын 2021 оны 6 дугаар сарын 02-ны иргэн Ц.Чын Газар эзэмших эрхийн өдрийн А/410 дугаар захирамжаар гэрчилгээг хүчингүй болгож газар эзэмших эрхийг дуусгавар болгосон байна. Маргаан бүхийн захиргааны актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 02-06/2633 дугаартай албан бичгээр сонсох ажиллагааг явуулсан байна.

2/ Цаашдаа 2030 оны хөгжлийн чиг хандлага тодорхойлогдсон Улаанбаатар хотын цаашдын төлөвлөлт нь тухайн газар дээр хийгдсэн. Түүнтэй нийцүүлээд Хот байгуулалт хөгжлийн газраас гаргасан. 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага, Улаанбаатар хотын бодлого явагдаж байгаа гэдгийг түүн дээр тусгай заагаад ийм зүйл байгаа, зам явж байгаа. Төлөвлөлт явагдаж байгаа, Хийгдэж байгаа гэдгээр тодорхойлогдож байгаа.

Нийтийн эрх ашгийг хөндсөн нь тогтоогдож байгаа. Энэ нь юу бэ гэхлээр шүүхийн журмаар маргаан бүхий газар дээр үзлэг хийсэн. Түүн дээр ногоон бүсэд хамаарч байгаа гэдэг нь бодит байдал дээр хэн ч очоод үзсэн тодорхой ил харагдаж байгаа зүйл байгаа. Үүнийг заавал бичгийн нотлох баримтаар тогтоох ёстой гээд байх юм, гол нөхцөл байдал юу бэ гэхээр газар дээр нь очсон үзлэг, хээрийн судалгаагаар маргаан үүссэний дараа нотлогдсон зүйл.

Зорилгодоо нийцээгүй хууль бус захирамж байсныг мэдээд зорилгодоо нийцүүлэн залруулсан. Зорилго нь 2030 оны хөгжлийн чиг хандлага буюу Улаанбаатар хотод юу хэрэгтэй байна, түүнийг хэрэгжүүлэхийн тулд гарсан, уг захирамжийг зорилгодоо нийцсэн захиргааны акт гэж үзэж байна.” гэв.  

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараах хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгч Ц.Чын эхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв. Үүнд:

2. Нэхэмжлэгч Ц.Чшүүхэд хандаж “Нийслэлийн Засаг даргын 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн А/410 дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж түүний үндэслэлээ “...хариуцагчийн гаргасан шийдвэр нь холбогдох хууль тогтоомжид үндэслээгүй, бодит нөхцөл байдлыг шалган тогтоогоогүй,...цахилгаан дамжуулах шугам сүлжээний хамгаалалтын зурвас дотор барилга байгууламж бариагүй, үйл ажиллагаагүй явуулаагүй” гэж тодорхойлсныг хариуцагч “Нийтийн эрх ашгийг хөндсөн нь тогтоогдож байгаа... зорилгодоо нийцсэн захиргааны акт...” гэх агуулгаар бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.

3. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл нэхэмжлэгчид анх Нийслэлийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн А/1283 дугаар захирамжаар Хан-уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт 9156 м.кв газрыг орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх эрх олгосныг үндэслэн газар эзэмших эрхийн 000110214 дугаар гэрчилгээг 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 15 жилийн хугацаатай Ц.Чад олгосон, уг гэрчилгээг үндэслэн 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны мэргэжилтэн Д.Э Ц.Чнар “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх” №01122-2021/00125 дугаар гэрээг байгуулсан үйл баримтууд тус тус тогтоогдсон, эдгээр үйл баримтын талаар хэргийн оролцогчид маргаагүй..

4. Маргаан бүхий захиргааны акт болох Нийслэлийн Засаг даргын 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” А/410 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.4, 20 дугаар зүйлийн 20.2.2, 39 дүгээр зүйлийн 39.1.4, 56 дугаар зүйлийн 56.1, 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.1, 48.2.2 дахь заалтыг тус тус үндэслэн нэхэмжлэгч Ц.Чыг хууль ёсны ашиг сонирхол, нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн, Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 /хамгаалалтын зурвасын дотор гэр, орон сууц, барилга байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөр бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно/ дэх хэсгийг зөрчсөн гэсэн үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгосон байна.

5. Маргаан бүхий захиргааны актын үндэслэл болсон, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Төрөөс газрын талаар дараах зарчмыг баримтална”, 4.1.2-т “газар төрийн хяналт, хамгаалалтад байх”, 4.1.4-т “газрыг хуульд заасан нөхцөл, журмын дагуу үндсэн зориулалтаар нь үр ашигтай, зохистой эзэмших, ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх”, 20 дугаар зүйлийн 20.2-т “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга газрын харилцааны талаар дараах нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 20.2.2-т “газар эзэмшигч, ашиглагчаас газар, түүний баялгийг хууль тогтоомж, гэрээний дагуу үр ашигтай, зохистой ашиглаж, хамгаалж байгаад хяналт тавих, зөрчлийг арилгах шийдвэр гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулах”, 39 дүгээр зүйлийн 39.1-д “Газар эзэмших эрх дараахь тохиолдолд дуусгавар болно”, 39.1.4-т “газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болсон”, 56 дугаар зүйлийн 56.1-д “Хот, тосгон бусад суурины газарт иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах үйл ажиллагааг зөвхөн тухайн хот, тосгон, бусад суурины харьяалах засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг үндэслэн боловсрогдож батлагдсан хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, түүнд тулгуурласан үе шатны болон хэсэгчилсэн төлөвлөгөөний дагуу энэ хуульд заасан журмаар хэрэгжүүлнэ”, 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж...зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө...эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно”, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т “Эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг дараах тохиолдолд хүчингүй болгоно”, 48.2.1-д “хууль, захиргааны хэм хэмжээний актаар, эсхүл захиргааны актад түүнийг хүчингүй болгохоор заасан”, 48.2.2-т “бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн” гэж тус тус заажээ.

6. Хариуцагч захиргааны байгууллагаас гаргасан маргаан бүхий актын үндэслэлээс үзвэл нэхэмжлэгчийг “...хууль ёсны ашиг сонирхол, нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн, Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсгийг зөрчсөн” гэх үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгосон байх боловч хэний хууль ёсны ашиг сонирхолд сөрөг нөлөөтэй гэж үзсэн, нийтийн ашиг сонирхол гэж юуг тодорхойлсон нь ойлгомжгүй илэрхийлэгдсэнээс гадна ийнхүү хүчингүй болгохуйц нөхцөл байдлыг хангалттай шалгаж тогтоогоогүй Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.4-т “тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно.” гэж тус тус заасантай нийцэхгүй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбар болон шүүх хуралдааны мэтгэлцээний явцад “...нэхэмжлэгчид тухайн газрыг эзэмшүүлсэн нь бусдын хууль ёсны ашиг сонирхол, нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн, нийтийн ашиг сонирхол гэдэгт Ойн тухай хуулийг зөрчсөн буюу тухайн газар нь ойн сан бүхий газартай бүхэлдээ давхцалтай, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хөндсөн, Газрын тухай хууль зөрчсөн буюу автозамын трасст давхцалтай, Эрчим хүчний тухай хуулиар хориглосон талбайд хамаарч байгаа, цаашид тухайн газар дээр нийтийн зориулалттай дугуйн зам, явган хүний зам талбай барих тул эдгээр үндэслэлээр Нийслэлийн Засаг дарга өөрийн бүрэн эрхийн хүрээнд өмнө гаргасан захирамжаа залруулж гаргасан захирамж...” гэж дэлгэрүүлж тайлбарласан.

Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Шугам сүлжээ нь аюулгүй байдлыг хангах хамгаалалтын зурвастай байна. Хамгаалалтын зурвасын дотор гэр, орон сууц, барилга байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж заасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс шаардсаны дагуу ирүүлсэн, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн 01/32 дугаар албан бичигт “...тухайн газарт дулааны шугамын давхцал байхгүй”-г, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн 1/339 дүгээр албан бичигт ”...иргэн Ц.Чын эзэмшлийн 1781000804 нэгж талбарын дугаартай газарт Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн эзэмшлийн шугам, тоноглол байхгүй хамгаалалтын зурвасын зөрчилгүй” гэсэн хариуг тус тус ирүүлжээ.

Түүнчлэн маргаан бүхий газарт шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэлээр ч иргэн Ц.Чын эзэмшил газар нь эрчим хүчний шугам сүлжээний аюулгүй байдлыг хангах хамгаалалтын зурвастай давхцалгүй нь тодорхой тогтоогдсон үүнээс үзвэл хариуцагчийн гаргасан захиргааны актад заасан Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсгийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Хэрэгт цугларсан нотлох баримт болох Хот байгуулалт, хөгжлийн газрын 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 08/4261 дүгээр албан бичигт “...иргэн Ц.Чын газар нь Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага баримт бичигт эдэлбэр газрын хойд хэсэг нь эдлэнт хувийн бүс, урд хэсэг нь цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжийн бүсэд багтаж байна” гэж тодорхойлсон, маргаан бүхий захиргааны акт гарсны дараа буюу 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр гарсан, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 147 дугаар “Нийтийн эдэлбэрийн газрын байршил, хэмжээг тогтоох тухай” тогтоолын хавсралтад тухайн газар хамаарахгүй байгаа зэргээс үзвэл маргаан бүхий газрыг Ц.Чад эзэмшүүлсний улмаас нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхээргүй, энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг шүүх хүлээж авах хууль зүйн боломжгүй.

            Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын, 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 07/6049 дүгээр албан бичиг, түүний хавсралт зургаар нэхэмжлэгчийн эзэмшиж буй газар нь ойн бүсэд бүхлээрээ багтсан болохыг тодорхойлсон боловч “иргэн Ц.Чын орон сууцны цогцолбор 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн ГБМЗХ2020/19-022 дугаар Архитектур төлөвлөлтийн даалгавар”-т барилгажих талбай-2755,6 м2 байхаар, нийт эдэлбэр газрын 30 хувьд ногоон байгууламж байхаар төлөвлөж баталсан, уг Архитектур төлөвлөлтийн даалгавар хүчин төгөлдөр байгаа нь тогтоогдсон, нөгөө талаар маргаан бүхий актад нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгохдоо тухайн газрыг Ойн бүсэд багтсан гэх үндэслэл заагаагүй атлаа сүүлд шүүхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарт нэмэлтээр энэ үндэслэлийг гаргаж ирсэн нь    

Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасан үүргийг хариуцагч захиргааны байгууллага зөрчсөн гэж шүүх дүгнэв.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...нэхэмжлэгч Ц.Чын эзэмшил газар нь Автозамын сүлжээг хөгжүүлэх мастер төлөвлөгөөнд тусгагдсан автозамын трасст өртсөн” гэх тайлбар гаргасан ба Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2021 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 02-06/2633 дугаар бүхий иргэн Ц.Чад мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичигт “...ойн сан бүхий газрын хамгаалалтын бүс...автозамын трасст өртсөн байх тул...Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасны дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл бүрдсэн...” гэж дурдсан, хэдийгээр маргаан бүхий захиргааны актад энэ талаар тусгайлан заагаагүй боловч шүүхээс хийсэн үзлэгийн явцад тухайн автозам нь маргаан бүхий газрын хойд хилийн гадна талаар баруунаас зүүн тийш тууш чиглэлтэйгээр баригдаж дуусаж байсан, энэ автозамын трасст нэхэмжлэгчийн газар ямар нэгэн хэмжээгээр хамаараагүй, давхцал үүсгээгүй нь тогтоогдсон болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Эдгээрээс дүгнэвэл хариуцагч Нийслэлийн засаг дарга нь “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” тухай А/410 дугаар захирамжийг гаргахын өмнө тухайн шийдвэр гаргахад хамааралтай бодит нөхцөл байдлыг тогтоох, уг ажиллагааны хамрах хүрээг тодорхойлох, тухайлбал энэ тохиолдолд нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг дуусгавар болгох ямар ямар үндэслэл бий болсон, энэ нь ямар нотлох баримтуудаар нотлогдож, эсхүл үгүйсгэгдэж байгаа болон тухайн нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг өөрөө хүлээх ёстой атал энэ үүргээ бүрэн гүйцэд хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл хариуцагч тухайн захиргааны актад Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д заасныг зөрчсөн гэх үндэслэл заасан атлаа шүүхэд гаргасан тайлбар болон шүүхийн мэтгэлцээний явцад үүнийгээ үгүйсгэж, энэ үндэслэлээр гаргаагүй гэж тайлбарласан, уг захиргааны актыг гаргахын өмнө нэхэмжлэгчид сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлэхдээ Ойн тухай хууль зөрчсөн, автозамын трасст орсон гэж дурдсан атлаа энэ үндэслэлээ маргаан бүхий захиргааны актдаа дурдаагүй орхигдуулсан, мөн актад Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.1, 48.2.2-т заасныг баримталсан боловч энэ үндэслэлээ мөн дурдаагүй нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан захиргааны үйл ажиллагаа “хуульд үндэслэх”, 4.2.5-д заасан “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” тусгай зарчимд нийцэхгүй байна.

            Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Нийслэлийн Засаг даргын 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн А/410 дугаар захирамж хууль бус, түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4, 40 дүгээр зүйлийн 40.2, 61 дүгээр зүйлийн 61.1, Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Чаас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” тухай А/410 дугаар захирамжийг бүхэлд нь хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Н.ДУЛАМСҮРЭН