Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 245

 

“З Ч М" ХХК-ийн

 нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Г.Банзрагч, Х.Батсүрэн, Д.Мөнхтуяа, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгч “З Ч М" ХХК-ийг төлөөлж тус компанийн захирал Т.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д нарыг оролцуулан, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 03 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 221/МА2017/0181 дүгээр магадлалтай, “З Ч М" ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Ч.Тунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 03 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2, 19 дүгээр зүйлийн 19.3, 19.4, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “З Ч М" ХХК-ийн Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдуулан гаргасан “Ашигт малтмалын газрын даргын /хуучин нэрээр/ 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “Сонгон шалгаруулалт зарлах тухай” а/92 дугаар тушаалын 9 дэх хэсгийн Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын нутагт 8269.78 га бүхий “Баянтал” нэртэй талбайд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан гомдлоор хэргийг 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдөр хянан хэлэлцээд 221/МА2017/0181 дүгээр магадлалаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 03 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4, 17 дугаар зүйлийн 17.2.2, 19 дүгээр зүйлийн 19.1.4, 21 дүгээр зүйлийн 21.1.3, 24 дүгээр зүйлийн 24.1-д заасныг баримтлан Ашигт малтмалын газрын дарга /хуучин нэрээр/-ын 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Сонгон шалгаруулалт зарлах тухай а/92 дугаар тушаалын хавсралтын 9 дэх хэсгийн Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын нутагт 8269,78 га бүхий “Баянтал” нэртэй газарт нэхэмжлэгч “З Ч М" ХХК-ийн эзэмшиж байсан 631,78 га талбайтай давхцал бүхий хэсгийг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл гурван сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй” гэж өөрчлөн, “2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллагаас шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий захиргааны актын давхцал бүхий хэсэг хүчингүй болохыг дурдсугай” гэсэн заалт нэмж, “2 дахь заалтын дугаарыг 3” гэж өөрчлөн, бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрыг төлөөлж тус газрын дарга Б.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн магадлалын хянавал хэсэгт “Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 4/08 дугаар тогтоолоор батлагдсан тус сумын 2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний 1 дүгээр хавсралтаар Цагаанхад багийн “Цагаанхад уул” байршилд 631.78 га талбайг уурхайн эдэлбэр газрын зориулалтаар “З Ч М" ХХК-д эзэмшүүлэхээр газрын байршил хэмжээг тогтоосны дагуу сумын Засаг даргын 2014 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн А/138 дугаар захирамжаар дээрх газрыг уурхайн суурьшлын бүсийн зориулалтаар тус компанид 26 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ” гэж давж заалдах шатны шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт, хэргийн оролцогч нарын хариу тайлбар, хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийг харгалзан үзэлгүй, хууль зүйн үндэслэлгүй, хэт нэг талыг барьсан дүгнэлт хийсэн.

“З Ч М" ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт тус компани Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Засаг дарга, газрын даамалтай газар эзэмших гэрээ байгуулсан баримт, газар эзэмших эрхийг баталгаажуулсан эрхийн гэрчилгээ байдаггүй. Дээр дурдсан баримтыг нотлох баримтын шаардлага ханган авчирч өгөхийг анхан шатны шүүхийн шүүгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар удаа дараа шаардсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад авчирч өгөөгүй.

Мөн нэхэмжлэгч “З Ч М" ХХК нь 2016 оны 12 дугаар сарын 15- ны байдлаар төсөл сонгон шалгаруулалтын газрын үнэ болох 606 508 800 /зургаан зуун зургаан сая таван зуун найман мянга найман зуун/ төгрөгийг орон нутгийн төсөвт төвлөрүүлээгүй болох нь Дорноговь аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1/2021 тоот албан бичиг, мөн аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 928 тоот албан бичиг зэрэг нотлох баримтаар нотолж байдаг. Дээр дурдсан нотлох баримтуудаар “З Ч М" ХХК нь Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Цагаанхад багийн “Цагаанхад уул” байршилд 631.78 га газрыг эзэмшигч биш болох нь тогтоогдсон.

“З Ч М" ХХК нь газар эзэмшигч биш болохыг анхан шатны шүүх хэрэгт байгаа нотлох баримт, хэргийн оролцогч нарын хариу тайлбарыг үндэслэн одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.3-т “нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна”, 27.4-т “хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж заасан хуулийн заалт, нотлох баримтад үндэслэн хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэсэн.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч талын зөвхөн нэг үйл баримтыг хэт дөвийлгөн бусад үйл баримт, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж дүгнэлгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан хууль зүйн үндэслэлгүй магадлал гаргасан.

Магадлалын хянавал хэсэгт “З Ч М" ХХК-иас энэхүү газарт уурхайн ажилчдын суурьшлын бүс байгуулсан, ...барилгын суурь тавих зэргээр бодитой хөрөнгө оруулалт хийсэн болох нь хэрэгт авагдсан фото зургаар тогтоогдох бөгөөд... сонгон шалгаруулалтаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэснээс нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байна” гэжээ. Газар эзэмшигч биш этгээд “З Ч М" ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөөгүй болохыг анхан шатны шүүх нотлох баримт, хэргийн оролцогч нарын тайлбарт үндэслэн хуульд нийцсэн үндэслэл бүхий шийдвэр гаргаад байхад давж заалдах шатны шүүх анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үнэлээгүй, нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй “төсөл” гэсэн 21 хуудас фото зургийг үндэслэн хэт нэг талыг барьсан дүгнэлт хийсэн.

Энэ үйлдэл нь “давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн ...үнэлнэ”, 34.2-т “нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ”, 34.3-т “шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэж тус тус хуульчилсан заалтуудад харшилсан хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийхэд хүргэжээ.

Мөн магадлалын хянавал хэсэгт “...дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд шүүхэд энэхүү маргаан хэрхэн эцэслэн шийдвэрлэгдэхээс үл хамааран цаг хугацааны хувьд түдгэлзсэн байгаа сонгон шалгаруулалтыг үргэлжлүүлэн явуулах боломжгүй буюу тухайн талбайд ашигт малтмал эрх, хайх ашиглах үйл ажиллагаа хязгаарлагдсан байна” гэжээ.

Анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн “Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай” 8045 дугаар захирамж гарсан тул давж заалдах шатны шүүх уг маргааныг захирамжийн хүрээнд түдгэлзүүлэн шийдвэрлэх боломжтой байгаа мэтээр хайнга дүгнэлт хийсэн нь магадлал хууль зүйн үндэслэлгүй болсон гэдгийг хүлээн зөвшөөрсөн үйлдэл болжээ.

Магадлалын хянавал хэсэгт “Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т зааснаар тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзсэн төрийн захиргааны байгууллагын мэдэгдлийг хүлээн авсан холбогдох аймгийн Засаг дарга нь тухайн талбай байрших сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор дэмжсэн эсэх талаар хариу өгөхөөр зохицуулсан” гэжээ. Хэргийн оролцогч нар Дорноговь аймгийн Засаг даргын санал хуульд нийцсэн эсэх, хугацаандаа ирсэн эсэх талаар маргаагүй байхад давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй асуудлаар дүгнэлт хийж, үүнийгээ шийдвэрийн үндэслэл болгосон нь буруу болжээ.

Нэхэмжлэгч “З Ч М" ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа “Ашигт малтмалын газрын даргын /хуучин нэрээр/ 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “Сонгон шалгаруулалт зарлах тухай” а/92 тушаалын 9 дэх хэсгийн “Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын нутаг 8269.78 га бүхий “Баянтал” нэртэй талбайд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэж тодорхойлсон. Анхан шатны шүүх уг нэхэмжлэлтэй захиргааны хэргийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нотлох баримт, хэргийн оролцогч нарын тайлбарт үндэслэн төрийн захиргааны байгууллагаас гаргасан дээр дурдсан захиргааны акт нь хуульд нийцсэн болохыг тогтоож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож хууль зүйн үндэслэл бүхий шийдвэр гаргасан.

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага болсон маргаан бүхий захиргааны актын талаар нэг өгүүлбэр ч дүгнэлт хийгээгүй нь давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлгүй болсныг харуулж байна. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 03 дугаар шийдвэрийг гаргахдаа хэргийн үйл баримт, хэрэгт цугларсан нотлох баримтууд, хэргийн оролцогч нарын гаргасан тайлбарыг тал бүрээс нь шинжлэн судалж бодитой үнэлж дүгнэн хуулийг зөв хэрэглэн тайлбарлаж, гагцхүү хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон бусад хуульд нийцсэн шийдвэрийг гаргасан.

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт уг шийдвэрийг гаргахдаа үндэслэл болгосон хэрэгт байгаа нотлох баримтуудыг хуудас тус бүрээр нь нэг бүрчлэн зааж өгөн үнэн зөв дүгнэлт хийснээ улам баталгаажуулсан. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Хянавал:

Анхан шатны шүүх холбогдох нотлох баримтыг буруу үнэлж, хэргийг шийдвэрлэсэн тул давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-т заасанд нийцсэн байна.

Ашигт малтмалын газрын даргын 2015 оны 10 дугаар сарын өдрийн 12-ны өдрийн “Сонгон шалгаруулалт зарлах тухай” а/92 дугаар тушаалын хавсралтын 9-д “Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын нутгийн Баянтал нэртэй 8269.78 га талбай”-д ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтын журмаар олгохоор нийтэд зарласан, уг талбай нь “уурхайн суурьшлын бүсийн зориулалтаар эзэмшиж буй газартай давхацсан” гэх үндэслэлээр “давхцалтай” хэсгээр хүчингүй болгуулах нэхэмжлэлийг “З Ч М" ХХК гаргажээ.

Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 4/08 дугаар тогтоолоор батлагдсан “Сумын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө”-г үндэслэн Дэлгэрэх сумын Засаг даргын 2014 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн А/138 дугаар захирамжаар 631.78 га газрыг “уурхайн суурьшлын бүс”-ийн зориулалтаар “З Ч М" ХХК-д эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн, тус компани уг газарт зэс хатаах болон нойтон баяжуулах үйлдвэр, цахилгааны дэд станц, ажилчдын тосгон, кемп зэрэг барилга байгууламжуудыг барих, шинэ суурьшлын бүс бий болгох “Чандмань уул” нэртэй төслийг хэрэгжүүлэхээр болсон байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.12, 20 дугаар зүйлийн 20.1-д тус тус зааснаар Ашигт малтмалын газар нь Засгийн газраас солбицлоор тогтоосон бөгөөд улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэж эрдсийн хуримтлал тогтоогдсон, мөн тусгай зөвшөөрөл нь дуусгавар болсон, эсхүл цуцлагдсан талбайд хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулах журмаар олгох ба нэхэмжлэгч “З Ч М" ХХК нь маргаан бүхий газарт хайгуулын 36... тусгай зөвшөөрлөөр 3877.97 га талбайд хайгуул хийж байсан, үүний нөөц тогтоолгосон 571.03 га талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл /MV-015594/ авсан, үлдсэн талбай нь тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан үндэслэлээр 2010 оны 8 дугаар сарын 30-ны өдөр дуусгавар болсон 36...тусгай зөвшөөрөлд хамаарч байгаа учир уг талбайг хамруулан сонгон шалгаруулалт зарлах нь төрийн захиргааны байгууллагад хуулиар олгогдсон бүрэн эрх юм.

Гэвч нэхэмжлэгч нь “уурхайн эдэлбэр” газраа түшиглэн орон нутгийн хөгжлийг дэмжих зорилгоор “төсөл” хэрэгжүүлэхээр болсон, төслийг хэрэгжүүлэх хүрээнд сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулан, сумын Засаг даргын шийдвэрээр 631.78 га газар эзэмшиж, тухайн газар дээрээ бүтээн байгуулалтын ажлуудыг хийж, хөрөнгө зарцуулсан зэргээс үзвэл уг газрыг бүхэлд нь хамруулан хайгуулын талбайгаар зарласан шийдвэр нь нэхэмжлэгчийн ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэхээр байна.

Түүнчлэн сонгон шалгаруулалтаар зарлагдсан 8269.78 га талбай нь нэхэмжлэгчийн MV-015... тусгай зөвшөөрлийн 571.03 га уурхайн талбайтай тодорхой хэсгээр давхцалтай байгаа нь баримтаар тогтоогджээ.

Эндээс үзвэл, хариуцагч нь сонгон шалгаруулалтын журмаар олгох хайгуулын тусгай зөвшөөрлийн 8269.78 га талбайг зарлахдаа нэхэмжлэгчийн уурхайн талбайд давхцалгүйгээр, бүтээн байгуулсан үл хөдлөх хөрөнгөд халдахгүйгээр шийдвэрлэх боломжийг судалж, хэргийн нөхцөл байдлыг тодруулж шийдвэрлэх шаардлагатай ба энэ талаар хийсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Дэлгэрэх сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн А/133 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон байх бөгөөд нэхэмжлэгч нь газар эзэмших эрхтэй байх үедээ хариуцагчийн гаргасан 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн а/92 дугаар шийдвэрээр эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж нэхэмжлэл гаргасан, иймээс энэ хэргийг шийдвэрлэхэд уг захирамж нөлөөлөхгүй юм.

Иймд, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан “...хэт нэг талыг барьж дүгнэлт хийсэн, газар эзэмшигч биш этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй, Засаг даргын саналтай маргаагүй байхад энэ талаар дүгнэж, шийдвэрийн үндэслэл болгосон” гэх гомдлын үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 221/МА2017/0181 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                Ч.ТУНГАЛАГ