Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 2023/ШЦТ/108

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                         

         Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Байгалмаа даргалж,

         нарийн бичгийн дарга Ж.Одтуяа,

         улсын яллагч Б.Ариунтөр,

         шүүгдэгч М.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

         Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Бт холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

         Биеийн байцаалт: М.Б

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч М.Б нь 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын ... тоотод архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Э.Бтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүний биед халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирлыг санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар М.Б нь 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын ... тоотод архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Э.Бтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүний биед халдаж түүний биед толгойн хуйх, доод уруулын шарх, хоёр шүдний булгаралт, дух, баруун, зүүн нүдний дээд зовхи, доод эрүүнд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт бүхий хөнгөн хохирлыг санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

          Дээрхи үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Э.Бын "...Би Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр багт байх Бын гэрт 2023 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 16 цагийн үед Б, Б, Б, А нарын хамт 0,5 граммын "Х" архи ууж байхад А явсан. Харин 2 дахь 0,5 граммын "Х" архинаас хоорондоо юм ярингаа ууж байхад, Б нь миний толгойн орой дээр нэг юмаар цохихоор нь яачих ваа гэж бодоод сууж байгаад боссон чинь толгой  дээрээс цус доош нүүр даган урсаж байхаар нь Бийг барьж авсан чинь Б нь ширээн дээр байсан аягаар миний нүүр хэсэгт олон удаа цохисон. Би Бийг бас цохисон байх, тэгээд ухаан балартаад Бын гэрээс гарч зугтаасан чинь Б нь Бийн сrown маркийн машиныг унан миний араас хөөхөөр айлын хашаан дотор орсон.  ...би машины жолоочийн эсрэг талын урд талын хаалгыг онгойлгож машинд орсон чинь Б ганцаараа байхаар нь Бийг чи яагаад байгаа юм, намайг яагаад ингэж байгаа юм гэж хэлээд маргалдаж байгаад эргэж Бын гэрт очсон. ...Бтой би дахин маргалдаж зууралдан бие биеэ цохиод би гэрээс гарч зугтах гэсэн чинь гэрийн үүд хэсгийн 2 унь доош унах үед нь би Бт баригдсан. Тэгээд Бийн хамт зууралдан гэрээс гарахад Б миний толгой дээрээс нэг хүнд юмаар цохисонгэсэн /хх 8 ху/, гэрч Э.Бын “...Б, Б, Б, А нарын хамт 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 15 цагийн орчимд манай гэрт 0.75 литрийн "Х" архинаас хоёрыг аван хамт архи уунгаа ажил төрлийн талаар юм ярьсан. А нь архи ууж байх үед гэртээ харихаар явсан. Б бид хоёр ажлынхаа заалны талаар хоорондоо юм яриад сууж байхад, Б нь шууд Бын толгойны хажуу хэсгээс нэг юмаар цохиход, Б нь Бтой зодолдсон. Б, Б хоёрыг Б бид хоёр салгасан боловч тэр хоёр дахин хоорондоо гэрээс гарч зодолдсон. ...Б нь Быг гэрт байх үедээ ширээн дээр байсан аягаар цохисон. Гэрээс гарч Б, Б хоёр муудах үедээ хоёр бие рүүгээ чулуу шидэж байсан” гэсэн /хх 12 ху/, яллагдагч М.Бийн “...Би 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдөр ажил амарч байхаар нь 18 цагийн үед найз Бын гэрт цуг ажилладаг Б, А, Б, Б нарын хамт 0.75 граммын "Х" архинаас 4 ширхэгийг, мөн 2,5 литрийн "Нийслэл" пивоноос нэг ширхгийг аван Бын гэрт бид нар авсан архиа хувааж уухдаа, ажлынхаа талаар юм ярингаа архиа ууж байсан. А нь 2 дахь шил архи ууж байхад гэртээ харихаар явсан. Б нь Бой заалны талаар ярингаа Б арай дээрэлхүү харилцаад байхаар нь би Быг чи яагаад томроод байгаа юм гэж хэлээд Бын толгой хэсэг рүү аягаар 1 удаа цохисон. ...Б бид хоёр хоорондоо зодолдон хоёр биеэ цохисон. Бын гэрээс Б бид хоёр гарч дахин зодолдсон. Би архи нэлээд уусан байсан болохоор яг юу болсон талаар сайн санахгүй байгаа. ...Би Бод эмчилгээний нөхөн төлбөр гэж 3.200.000 төгрөг өгсөн” гэсэн /хх 33 ху/ мэдүүлгүүд, хохирогчийн биед толгойн хуйх, доод уруулын шарх, хоёр шүдний булгаралт, дух, баруун, зүүн нүдний дээд зовхи, доод эрүүнд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон шинжээчийн 02/229 дугаартай дүгнэлт /хх 21-22 ху/, яаралтай тусламжийн хуудас /хх 19 ху/, амбулаториор эмчлүүлэгчдийн карт /хх 23-24 ху/, шийтгэх тогтоолын хуулбар /хх 38-41 ху/, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч М.Бийн “Нэмж ярих зүйлгүй. Өмгөөлөгч авахгүй. Прокурорын санал болгосон ялыг хүлээн зөвшөөрнө. Хэргийн хувьд маргахгүй” гэсэн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдож байна.

           Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгч М.Бийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.

         Шүүгдэгч М.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирол төлбөргүй байдал нь хуульд заасан шаардлагыг хангаж байгаагаас гадна шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаархи саналыг яллагдагч М.Бт танилцуулсан зэрэг нь хуульд нийцсэн байна.

           Иймд шүүгдэгч М.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, энэ хугацаанд Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, түүнд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүрэг хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй тохиолдолд зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэлээ.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Э.Бын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол 3.150.000 төгрөгийг төлсөн тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдав.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

         1.Шүүгдэгч М.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

         2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бийг 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, энэ хугацаанд Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглосугай.

         3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бт оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүрэг хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй тохиолдолд зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

         4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэнд хяналт тавихыг Дорноговь аймгийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгасугай.

        5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         6.Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                     Ж.БАЙГАЛМАА