| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Мандалбаяр |
| Хэргийн индекс | 101/2019/00955/и |
| Дугаар | 2406 |
| Огноо | 2019-09-12 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 2406
| 2019 оны 09 сарын 12 өдөр | Дугаар 101/ШШ2019/02406 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б-ын гаргасан,
Хариуцагч: Т
Хариуцагч:З нарт холбогдох,
1,700,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б, нарийн бичгийн дарга М.Дорждэрэм нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч тал тус шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Би, анх хариуцагч нарыг таньдаггүй байсан. Хариуцагч н.З миний фэйсбүүкийн найз байсан бөгөөд 2017 оны 02 дугаар сард “цагаан сар болох гээд гэр рүүгээ явах гэтэл мөнгөгүй болсон тухай”-гаа фэйсбүүк дээрээ бичсэн байсныг миний бие уншаад өөрийн минь дүүгээс ялгаагүй гэж бодоод 50,000.00 төгрөгийг данс руу нь шилжүүлсэн. Үүний дараа дахиад над руу фэйсбүүк чатаар холбоо барьж 150,000.00 төгрөг гуйхаар нь зээлсэн.
Ингээд 2017 оны 03 дугаар сарын 05, 06-ны өдрүүдэд надтай утсаар ярихдаа хадмуудтайгаа таарахгүй байгаа тул нөхөртэйгөө хамт байр түрээслэх гэсэн чинь 900,000.00 төгрөг хэрэгтэй байна гэж хэлээд түрээслэх гэж байгаа байрныхаа зургийг явуулсан ба манай гэрт нөхрийн хамт ирээд 900,000.00 төгрөг авсан.
Үүнээс хойш 2, 3 хоногийн дараа 1 өрөө байр хөлсөлсөн талаараа надад хэлээд намайг гэртээ урьсан юм. Би, энэ үед хариуцагч нарт шинэ 32 инчийн телевизор, плитка, сав суулга зэргийг өгч, нэг сарын дараа 300,000.00 төгрөгийг өгсөн. Хэсэг хугацааны дараа намайг 100 айл дээр ажилтай явж байхад машин мөргөчихлөө мөнгө хэрэгтэй байна гэж хэлээд 300,000.00 төгрөг авсан.
Миний бие хариуцагч нарт нийт 2,000,000.00 төгрөг зээлсэн ба үүнээс 300,000.00 төгрөгийг хасч, 1,700,000 төгрөгийг зээлсэн тухай бичгээр гэрээ байгуулсан боловч тэд зээлийг буцаан төлөөгүй.
Намайг энэ талаар эдгээр хүмүүстэй утсаар ярьж шаардлага тавихад маш их доромжилсонд гомдолтой байна. Иймд, хариуцагч нараас 1,700,000.00 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн баримт, нэхэмжлэгчийн тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Боос хариуцагч Б.Т, З.З нарт холбогдуулан 1,700,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэ хэрэгт шүүхээс 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.
Шүүх, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх хүсэлтийн дагуу хуралдаанаар хэлэлцэгдсэн баримт, нэхэмжлэгчийн тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Учир нь, тус шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 101/ШЗ2019/05473 тоот захирамжаар хариуцагч Б.Т, З.З нарыг эрэн сурвалжилж, тэдгээрийн оршин суугаа хаягийг ... тоот гэж тогтоосны дагуу шүүхэд ирэх дуудах хуудсыг хүргүүлсэн боловч хариуцагч нар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй учраас 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШЗ2019/09129 тоот захирамжийн дагуу албадан шүүхэд ирүүлж, 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулж, хуульд заасан эрх, үүргийг тайлбарласан.
Ингээд уг хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 11:00 цагт товлосон хэдий ч хариуцагч нар шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул шүүхийн 101/ШЗ2019/13121 тоот захирамжаар тэдгээрийг дахин албадан ирүүлэхээр болсон.
Гэвч харъяа цагдаагийн байгууллагаас ирүүлсэн баримтанд хариуцагч Б.Т, З.З нарыг тухайн хаягтаа оршин суудаггүй гэжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.8.-д “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа үед хэргийн оролцогч хаягаа өөрчилбөл энэ тухай шүүхэд мэдэгдэх үүрэгтэй. Хаягаа өөрчилснөө мэдэгдээгүй зохигч болон хэргийн оролцогчид мэдэгдэх хуудсыг түүний сүүлчийн хаягаар хүргүүлж, энэ хуулийн 77.6.-д заасан иргэн, албан тушаалтанд хүлээлгэн өгөх бөгөөд түүнийг хүргэсэнд тооцно” гэж заасан.
Шүүхээс хариуцагч Б.Т, З.З нарт нэхэмжлэлийн хувийг гардуулахад тэд өөрсдийн оршин суугаа хаягийг “*******,*******,*******,*******” гэж мэдүүлсэн боловч тухайн хаягаар шүүх хуралдааны товыг хүргэхэд оршин суудаггүй, албадан авч ирэх боломжгүй болжээ.
Тодруулбал, тус хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн зүгээс хариуцагч нарт нэхэмжлэлийн хувийг гардуулах, шүүх хуралдаанд биечлэн оролцуулахаар хуульд заасан бүхий л боломжит арга хэмжээг авсан боловч хариуцагч Б.Т, З.З нар оршин суугаа хаягаа өөрчилсөн талаар шүүхэд мэдэгдэх үүргээ зөрсөн байна.
Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2.-т “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй” гэж, мөн 72.3.-д “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2.-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3.-д зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ” гэж заасан.
Гэтэл хариуцагч нар ийнхүү нэхэмжлэлийн хувийг гардан авч, шүүхээс тогтоосон хугацаа болох 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хариу тайлбар, татгалзлаа өгөөгүй, шүүх хуралдааны товыг лавлах үүргээ биелүүлээгүй байх тул хариуцагч нарыг энэ хуулийн 72 дугаар зүйлийн 72.3.-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэж, тэдгээрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Б 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хариуцагч Б.Т, З.З нартай зээлийн гэрээ байгуулан 1,700,000.00 төгрөгийг зээлэхээр тохирчээ.
Тодруулбал, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тэрээр 2017 оны 02 дугаар сард хариуцагч нарт өгсөн 2,000,000.00 төгрөгийн зээлийг хожим ийнхүү бичгээр гэрээ байгуулж, баталгаажуулсан байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, мөн 282 дугаар зүйлийн 282.4.-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заажээ.
Өөрөөр хэлбэл, энэ хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1.-д “эд хөрөнгө шилжүүснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцно” гэж заасны дагуу тус хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д зааснаар зээлдэгчийн хувьд зээлийг буцаан төлөх болон зээлдүүлэгч зээлийг шаардах эрх, үүрэг үүсэх гол үндэслэл нь гэрээгээр тохиролцсон мөнгө болон бусад төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгийг шилжүүлсэн байх ёстой.
Хэдийгээр нэхэмжлэгч тал уг гэрээний дагуу хариуцагчдад 1,700,000.00 төгрөгийг өгсөн гэдгээ тодорхой баримтаар нотлоогүй боловч хариуцагч нар хариу тайлбар буюу татгалзал өгөөгүй.
Тодруулбал, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4.-т “Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно” гэж заасан байх тул хариуцагч Б.Т, З.З нарыг тус нэхэмжлэлд дурдсан үйл баримтыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байна.
Иймд, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл, түүний тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэв.
Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2 дугаар зүйлд зааснаар зээлдэгч нар 1,700,000.00 төгрөгийг 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр төлж дуусгах үүрэг хүлээжээ.
Гэтэл хариуцагч нар 1,700,000.00 төгрөгийг гэрээнд заасан хугацаандаа төлөөгүй байх тул тэдгээрийг гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1.-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж, мөн 208 дугаар зүйлийн 208.1.-д “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж тус тус заасны дагуу зээлийн гэрээгээр үүрэг хүлээсэн зээлдэгч нар үүргийг тогтоосон газар, хугацаандаа гүйцэтгэх ёстой бөгөөд хэрэв тодорхой хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр үл биелүүлсэн тохиолдолд түүнийг үүргээ зөрчсөнд тооцох ба үүний улмаас зээлдүүлэгчид буюу нэхэмжлэгчид учирсан хохирлыг төлөх үүрэг хүлээнэ.
Иймд, нэгэнт хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэн мэтгэлцээгүй, хуульд заасан хугацаанд хариу тайлбар өгөөгүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул 1,700,000.00 төгрөгийг гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР