Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 2023/ШЦТ/406

 

 

 

 

 

 

 

 

   2023        06          14                                   2023/ШЦТ/406

 

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Галбадар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Будмаа,

улсын яллагч Г.Булаг-Ундрал,

шүүгдэгч Г.О, түүний өмгөөлөгч Ю.Тогмид нарыг оролцуулан тус шүүхийн байрны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2311 00000 0797 дугаартай хэргийг 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

М овогт Г-ын О /РД:хх000000/, Монгол Улсын иргэн, 1988 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Архангай аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, группт байдаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 22 дугаар хороо, Согоотын 0-0 тоотод орших суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.О нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.О нь 2023 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 22 дугаар хороо, Согоотын 0 задгай тоотод хамтран амьдрагч Х.Н-тэй хүүхэд загналаа гэх шалтгаанаар маргалдаж улмаар хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдан зодож хүний биед тархи доргилт, хүзүү, цээжинд цус хуралт зулгаралт, цээжний зөөлөн эдийн гэмтэл эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэллийг хүлээж авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 4 дэх тал), хохирогч Х.Н-тийн мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13 дахь тал), Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн Дугаар 4829 тоот дүгнэлт (хавтаст хэргийн 20-21 дэх тал) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамаараалтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Г.О нь урьд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон, мөн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хуульд заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн зөрчил, гэмт хэрэгт холбогдож байгаагүй, мөн тохиолдлын шинжтэй аливаа үйлдэл бүрт зөвхөн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эсрэг үйлдэгдсэн гэдгийг үндэслэн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх боломжгүй тул прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч Г.О нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэргийн улмаас хохирогч Х.Н-т нь мөрдөн шалгах ажиллагааны үед эмчилгээний зардалтай холбоотой баримтаар хохирол нэхэмжлээгүй, хохирогч нь гомдол саналгүй (хавтаст хэргийн 60 дахь тал), хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Г.О нь энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй байна.

Мөн иргэний нэхэмжлэгч Д.Г нь “...Г овогтой О-с 102.048 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9 дэх тал), Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн №04/1605 албан тоот, уг албан тоотын хавсралтаар ирүүлсэн Х.Н-ийн эрүүл мэндийн даатгалын сангаас авсан эрүүл мэндийн тусламж үйлчилгээний жагсаалт зэрэгтэй танилцахад дээрх эрүүл мэндийн тусламж үйлчилгээ нь гэмт хэргийн улмаас хохирогч Х.Н-ийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой болох нь тодорхойгүй мөн хохирогч Х.Н-ийн мэдүүлэг зэргээр мөн эрүүл мэндийн даатгалын сангаас авсан эрүүл мэндийн тусламж үйлчилгээ нь хэвлий эхо, шээсний шинжилгээ, зүрхний цахилгаан бичлэг зэрэгт зарцуулагдсан талаар мэдүүлжээ. Иймд иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, түүнийг төлөөлж Д.Г-ийн гаргасан нэхэмжлэлийг хангахаас татгалзаж шийдвэрлэв.

 Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацагаар зорчих эрхийг хязгаарлах ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь өөрийн өмгөөлөгчийн хамт прокуророос санал болгож буй эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талар тохиролцохдоо эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх боловч шүүгдэгч Г.О нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, урьд гэмт хэрэг үйлдэж ял, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (хавтаст хэргийн 38 дахь тал), мөн Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтанд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгаагаас гадна шүүгдэгч Г.О нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тохиолдлын шинжтэй, урьдаас төлөвлөсөн санаа зорилго агуулаагүй, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, хохирогч Х.Н-т нь гомдолгүй талаарх хүсэлтээ илэрхийлсэн, шүүгдэгч Г.О-ын хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана гэж шүүхэд олгогдсон эрх хэмжээний дагуу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж, мөн хэсгийн 1.1 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлнө” гэж тус тус зааснаар шүүгдэгч Г.О-ад прокурортой тохиролцсон төрөл хэмжээний дотор буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, уг ялаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар чөлөөлж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтанд зааснаар шүүгдэгч Г.О-ад оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялаас чөлөөлж шийдвэрлэсэн тул мөн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зорчих эрхийг хязгаарлах ялын хяналтын бүсчлэлийг тогтоох шаардлагагүй юм.

  Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:

Шүүгдэгч Г.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурьдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М овогт Г-ын О /РД:хх000000/-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О-ад 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялаас чөлөөлсүгэй.

3. Шүүгдэгч Г.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлэгдээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурьдсугай.

4. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

5. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.О-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Л.ГАЛБАДАР