Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 2023/ШЦТ/427

 

 

 

 

 

 

 

 

    2023        06          21                                   2023/ШЦТ/427

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Бат-Эрдэнээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтанд зааснаар тус тус зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг нээлттэйгээр хянан хэлэлцсэн шүүх хуралдааныг

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Галбадар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Будмаа,

улсын яллагч Б.Бат-Эрдэнэ,

хохирогч Б.Б ,

шүүгдэгч Ц.Д, түүний өмгөөлөгч Б.Батсүрэн нарыг оролцуулан эрүүгийн 2311 0000 00611 дугаартай хэргийг 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2023 оны 6 дугаар сарын 21-ны өдөр хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт Ц-ийн Др /РД:хх000000/, Монгол Улсын иргэн, 1986 оны 6 дугаар сарын 18-ний өдөр Дорноговь аймагт төрсөн, 37 настай, эрэгтэй, боловсролгүй /монголоор уншиж, бичиж чадна, 2 дугаар анги хүртэл сургуульд сурсан гэх/, мэргэжилгүй, хувиараа такси үйлчилгээнд явдаг, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 0-0 тоотод оршин суух бүртгэлтэй,

урьд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2005 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн Дугаар 217 тоот шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 250 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ял,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 13-ны Дугаар 44 тоот шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсныг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн Дугаар 213 тоот магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэхээр өөрчлөлт оруулсан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн Дугаар 2022/ШЦТ/522 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн Дугаар 2022/ШЦТ/825 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтанд зааснаар 10 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 1 жил 1 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын бүсчлэлийг Улаанбаатар хотын Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх, Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож тогтоосон /Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2023 оны 4 дүгээр сарын 14-ны өдрийн №04-01/744 албан тоотод тодорхойлсноор энэхүү ялыг биечлэн эдэлж байгаа/,  хэрэг хариуцах чадвартай,

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Д нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтанд тус тус заасан гэмт хэргүүдэд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Ц.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн, зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч Б.Б  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Гэр бүлийн хамаарал бүхий хүний эсрэг мэдүүлэг өгөхгүй. ... Ямар нэг нэхэмжлэх зүйл байхгүй” гэв.

Хавтаст хэргээс хохирогч Б.Б ийн гэрч, хохирогчоор мэдүүлсэн мэдүүлэг, гэрч Ц.Болормаа, Я.Наранчимэг нарын мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрийн шинжээчийн 2023 оны 3 дугаар сарын 14-ны өдрийн Дугаар 4440 тоот дүгнэлт,  Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн Дугаар 2022/ШЦТ/522 дугаартай шийтгэх тогтоол, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн Дугаар 2022/ШЦТ/825 дугаартай шийтгэх тогтоол, шүүгдэгч Ц.Д-ийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2023 оны 4 дүгээр сарын 14-ны өдрийн №04-01/744 албан тоот, шүүгдэгч Ц.Д-ийн иргэний үнэмлэхний лавлагаа, Хүүхдийн эрсдэлийн нөхцөл байдлын үнэлгээ, Д.Анхаа, Д.Нарка, Д.Анужин, Д.Нараа нарын төрсний бүртгэлийн лавлагаа зэрэг болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд:

            Шүүх хуралдаанд шүүгдэгч Ц.Д нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн асуудлаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлж оролцсон бол түүний өмгөөлөгч Б.Батсүрэн хэргийн зүйлчлэлийн хүрээн маргаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтанд зааснаар зүйлчилж ирүүлсэн зүйлчлэлийг хэрэгсэхгүй болгуулах суурьтай оролцсон байна.

            Прокуророос шүүгдэгч Ц.Д-т холбогдуулан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хохирогч Б.Б ийг 2023 оны 3 дугаар сарын 06-ны шөнийн 00 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 0-0 тоотод зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, 2022 оны 4 дүгээр сарын 10-11-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 2-143а тоотод хохирогч Б.Б ийг зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, 2022 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 2-143а тоотод хохирогч Б.Б ийг зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтанд зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар тухайн хуулийн үйлчлэлд хамаарах гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүсийн хооронд үйлдэгддэгээрээ онцлогтой. Шүүгдэгч Ц.Д, хохирогч Б.Б  нар нь хэдийгээр гэрлэлтийн бүртгэлгүй, гэрлэгсэд биш байх боловч хамтын амьдралтай, дундаасаа хүүхдүүдтэй болох нь хохирогч Б.Б ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 11-12 дахь тал), гэрч Ц.Болормаагийн мэдүүлэг (хавтаст хэргийн 32 дахь тал), гэрч Я.Наранчимэгийн мэдүүлэг (хавтаст хэргийн 28 дахь тал), Д.Анхаа, Д.Нарка, Д.Анужин, Д.Нараа нарын төрсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 85-88 дахь тал), шүүгдэгч Ц.Д-ийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтанд зааснаар уг хуулийн үйлчлэлд хамаарах гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс байна.

            Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл нь бие махбодын, сэтгэл санааны, эдийн засгийн, бэлгийн гэсэн төрлүүдтэй гэж тодорхойлжээ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтанд зааснаар бие махбодийн хүчирхийлэл буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд байнга халдсан үйлдлийг гэмт хэрэг тооцохоор хуульчилжээ.

            Эрүүгийн эрх зүйд гэмт үйлдлийн давтамжийн төрөл болох байнга гэх шинжийг гурав буюу түүнээс дээш удаагийн үйлдэл гэж тодорхойлдог.

            Шүүгдэгч Ц.Д нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Б.Б ийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан үйлдлүүд нь прокурорын яллах дүгнэлтэнд дурьдагдсанаар 2022 оны 4 дүгээр сарын 10-11-нд шилжих шөнө, 2022 оны 6 дугаар сарын 25-ны өдөр, 2023 оны 3 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө үйлдэгдсэн нь давтамжийн хувьд байнга гэх шинжийг хангаж байна.

            Гэхдээ эрүүгийн эрх зүйн шударга ёсны онол, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчим буюу 5 дахь хэсэгт нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна гэж заажээ. Эрүүгийн эрх зүй дэх ne bis idem гэх зарчим нь нэг үйлдэл, нэг гэмт хэрэгт нь нэгээс олон удаа яллах, давхардуулан эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг хориглосон зарчим юм.

            Шүүгдэгч Ц.Д нь 2022 оны 4 дүгээр сарын 10-11-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 2-143а тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Б.Б ийг бусадтай хардаж гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож хохирогчийн биед хоёр нүдний зовхи, хоёр хацар, ооч, эрүүний зүүн хэсэг, баруун бугалга, шуу, сарвуу, зүүн бугалга, шуунд цус хуралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлдээ Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн Дугаар 2022/ШЦТ/522 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2023 оны 4 дүгээр сарын 14-ны өдрийн №04-01/744 албан тоотод дурьдсанаар “...ялтан Ц.Д нь 450.000 төгрөгийн торгох ялын бүрэн төлж 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 22/223 дугаар ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор хяналтын хувийн хэргийг дуусгавар болгосон” гэх албан тоотоор уг ялыг эдэлж дууссан байна. Мөн шүүгдэгч Ц.Д нь 2022 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 2-143 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хохирогч Б.Б ийг бусадтай хардаж улмаар нүүрэн тус газар нь гараараа цохиж, цээжин тус газар нь хөлөөрөө өшиглөж хүний биед баруун дух, шанаа, чамархай, хацар зүүн мөрөнд цус хуралт, дээд уруулийн дотор салстад шарх бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлдээ болон хохирогч Б.Б ийг 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 37-32 тоотод, мөн 2022 оны 4 дүгээр сарын 10-11-нд шилжих шөнө, 2022 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 2-143 тоотод байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн үйлдэлдээ Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн Дугаар 2022/ШЦТ/825 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтанд зааснаар 10 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 1 жил 1 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын бүсчлэлийг Улаанбаатар хотын Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх, Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож тогтоосон, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2023 оны 4 дүгээр сарын 14-ны өдрийн №04-01/744 албан тоотод дурьдсанаар уг ялыг эдэлж байгаа нь нотлогдож байна.

            Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэгт тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн бие даасан шинж болох гэр бүлийн хамаарал бүхий хүнийг зодсон гэх үйлдэл нь байнга буюу гурав ба түүнээс дээш давтамжтай үйлдэгдсэн үйлдэл байхыг шаардахын зэрэгцээ эдгээр үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11 дүгээр бүлэгт заасан өөр гэмт хэргийн шинжийг агуулаагүй, хохирол, хор уршиг учраагүй, мөн байнга гэх шинжийг бүрдүүлж буй үйлдлүүдийнхээ аль нэгэнд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй байх ёстой.

            Шүүгдэгч Ц.Д-ийн хувьд прокурорын яллах дүгнэлтэнд дурьдагдсан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн шинжийг бүрдүүлж буй 2022 оны 4 дүгээр сарын 10-11-нд шилжих шөнө, 2022 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн үйлдлүүддээ шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр ял шийтгүүлсэн байна. Мөн нь 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 0-0 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Б.Б ийн эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг халдаж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдаж байх бөгөөд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11 дүгээр бүлэгт заасан бие даасан гэмт хэргийн шинжийг бий болгож байгаа юм.

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг нь мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх шинжийг хуулийн зүйлийн дотор иш татан хэрэглэх зохицуулалттай. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтанд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн бол хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжид хамаарахаар заажээ. Шүүгдэгч Ц.Д-ийн хувьд улсын яллагчаас 2023 оны 3 дугаар сарын 05-06-нд шилжих шөнийн 00 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 0-0 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Б.Б ийн эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг халдаж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах санал гаргаж байгаа боловч энэхүү үйлдлийг дахин урьд шүүхээр шийдвэрлэгдэж ял шийтгүүлсэн 2 удаагийн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлтэй нэгтгэн байнга гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж дүгнэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтанд зааснаар гэм буруутайд тооцуулах санал гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэв.

            Иймд прокуророос шүүгдэгч Ц.Д-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтанд зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтанд заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Шүүгдэгч Ц.Д-т холбогдуулан ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хэрэгсэхгүй болгож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтэнд буцаах шаардлагагүй юм.

Шүүгдэгч Ц.Д нь 2023 оны 3 дугаар сарын 05-06-нд шилжих шөнийн 00 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 0-0 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Б.Б ийн эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг халдаж улмаар хохирогчийн нүүр, толгой, гар орчимд цохиж, хөлөөрөө өшиглөж зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэний улмаас хүний биед баруун хөмсөг, дээд, доод зовхи, хацар, хамар, зүүн дээд, доод зовхины ирмэг дагуу цус хуралт, баруун зовхи, хацрын зөөлөн эдийн няцрал, баруун мөрөнд цус хуралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

Шүүх шинжилгээний ерөнхий газрийн шинжээчийн 2023 оны 3 дугаар сарын 14-ны өдрийн Дугаар 3510 тоот дүгнэлтэнд “...Б.Б ийн биед баруун хөмсөг, дээд, доод зовхи, хацар, хамар, зүүн дээд, доод зовхины ирмэг дагуу цус хуралт, баруун зовхи, хацрын зөөлөн эдийн няцрал, баруун мөрөнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. ...Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” (хавтаст хэргийн 23-24 дэх тал) гэх дүгнэлтээр хохирогч Б.Б ийн биед Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Дугаар А/216/422 тоот тушаалаар батлагдсан “Гэмтлийн зэрэг тогтоох, цогцост шинжилгээ хийх” журамд заасан хөнгөн хохирол учирсан байна.  

Энэхүү хөнгөн хохирол учирсан үйл баримтын талаар оролцогч нар мэдүүлэхдээ:

Хохирогч Б.Б  мэдүүлсэн “...Би нөхөр Ц.Д-тэй 2011 онд танилцаж 2013 оноос хамт амьдарч эхэлсэн одоо бид хоёр дундаасаа 4 хүүхэдтэй. Том хүү маань Д.Нарка 9 настай дараагийн охин Д.Нараа 8 настай, дараагийн охин Д.Анужин 5 настай, бага хүү Д.Анхаа 3 настай бүгд Ц.Д ээр овоглодог. Манайх 2023 оны 2 дугаар сарын 18-наас хойш Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо Нуурын 0-0 тоотод байх нийтийн байранд амьдарч байсан юм. 2023 оны 3 дугаар сарын 05-ны орой 18 цагийн орчим Ц.Д  Сэнгүр гэх нэртэй лаазтай пиво 2 ширхэгийг авч ирж уугаад тэр оройноо хүүхдүүд унтсаны дараа 00 цаг өнгөрч байсан байх намайг чи хэнтэй хаагуур янхандаад байна гээд миний баруун нүд рүү гараараа 2 удаа цохиод дараа нь намайг сууж байхад хажууд сууж байхдаа хөлөөрөө жийсэн тэгээд миний хамраас цус гараад тогтохгүй байсан ингэж явж байхаар чи үхээч гээд намайг хараагаад байсан би тэгэхээр нь цагдаа дуудъя гэж бодсон боловч айгаад чадахгүй байсан. Ц.Д  миний гар утсыг авчихсан байсан учир би өөрөө утсаа нэхэж авч чадаагүй тэгж байгаад Ц.Д  гайгүй болоод унтаад өгсөн. Тэгээд би маргааш нь миний баруун нүд тагларчихсан би юм харж чадахгүй байсан. Тэгээд цагдаа дуудъя гэж бодсон боловч миний утсыг өгөөгүй өөрийнхөө утас миний утсаар ээлжлээд тоглоом тоглоод байсан. Тэгээд тэр өдрөө гайгүй маргааш нь буюу 2023 оны 3 дугаар сарын 07-ны орой хүүхдүүдээ унтуулчихаад 22 цаг өнгөрч байхад чи 32-н хэдэн архчинтай янхандаад байдаг тийм биз дээ гээд хардаад байсан би үгүй гэсэн чинь тийм биз дээ гээд миний баруун гарын буглаг руу цохион чиний нөгөө талын чинь нүдийг ухаад гарт чинь бариулчихъя гээд байсан. Тэгээд би шөнө 2 цагийн үед гарч бие засъя гэж худлаа хэлээд гараад нийтийн байрны эгчээс гуйж дуудлага өгүүлсэн. ...бид хоёр гэрлэлтийн баталгаагүй. 2022 оны 6 дугаар сард зодоод шүүхээр орж 450.000 төгрөгөөр торгуулсан тэгээд дараа нь 2022 оны 10 сард бас зодоод зорчих эрхийг хязгаарлах ял авч байсан. ...Би Ууганаа гэж хүнийг танихгүй, 32-н тэнд архи уудаг гэсэн Ц.Д өөрөө Ууганаатай унтсан байна гээд уурлаад эхэлсэн намайг унтсан биз дээ гээд байдаг. Би унтаагүй гэхээр намайг зодоод байдаг. Би тэр Ууганаа гэх хүний талаар мэдэхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11-12 дахь тал),

Хохирогч Б.Б  гэрчээр мэдүүлсэн “...2023 оны 3 дугаар сарын 05-ны өдөр 18 цаг орчимд Ц.Д  нь Чингэлтэй дүүргийн 57 дугаар сургуулийн ард нийтийн байранд 2 пиво, тараг, жигнэмэг гэх мэт зүйл авчихсан орж ирсэн. Тэгээд орж ирээд нүүр амаа сонин болгоод байснаа 19 цаг орчимд унтацгаа гэтэл хүүхдүүд 22 цаг гээд унтъя гэтэл утсаараа тоглоод хэвтээд өгсөн. Тэгтэл 22 цаг болж хүүхдүүдээ унтуулчаад Ц.Д  нь намайг ал минь янхан минь гэж харааж байгаад чи 32-н бүх архчидтай унтсан биз дээ чи үгүй гэж хэлээч янхан минь гэж харааж байгаад зөндөө доромжлоод намайг юм ярихаар чамд ярих эрх байхгүй гээд хоолойг чинь хэрчинэ шүү чамайг алсан ч яадаг юм чи намайг 3 удаа шүүхээр оруулсан биз дээ гээд толгойны ар хэсэг рүү толгой руу утсаараа цохиод гар хэсэг рүү цохихоор нь яагаад байгаан гэж хэлтэл дуугүй бай чамд ярих эрх байхгүй гээд баруун нүд хэсэг рүү гараараа нэг удаа цохихоор нь өвдөөд орилтол дуугүй бай чамайг алмаар санагдаад байна гэж хэлж байсан. ...2023 оны 3 дугаар сарын 07-ны өдөр 22 цаг орчимд 4 хүүхэд унтаж байсан бас би бас унтах гэтэл Ц.Д  нь намайг чи бос чамд унтах эрх байхгүй гээд босоод суусан чинь янз бүрээр хэлж шүлсээ нулимсан. Тэгээд намайг янз бүрээр хэлж чи яагаад том дуугараад байгаан нөгөө нүдийг чинь ухаад гарт чинь бариуллаа шүү эсвэл хоолойг чинь хэрчинэ шүү эсвэл би хоолойгоо хэрчих үү гэх мэтээр орилоод байсан. ...Би Ц.Д  гэх хүнтэй 11 жил хамтран амьдарч байна. Бид хоёр дундаасаа 4 хүүхэдтэй. Би нэг дагавар хүүхэдтэй юм. ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-18 дахь тал),

Гэрч Д.Баяргэрэл мэдүүлсэн “...Би 2023 оны 3 дугаар сарын 08-ны шөнө 02 цагт гэртээ буюу Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо Нуурын 0-0 тоотод нийтийн байрны 10 тоот хаягт байсан. Тухайн үед манай нэг найз ирээд буцаж байсан тул зам руу дөхүүлж өгчихөөд буцаад гэр рүү алхаж байтал өөдөөс нэг хүн гүйгээд гараад ирэхээр нь яасан гэтэл 8 тоотод амьдардаг эмэгтэй уйлчихсан эгчээ цагдаа дуудаад өгөөч би ариуйн цэврийн өрөө орно гээд гараад ирсэ гэж хэлэхээр нь би цагдаа дуудаж өгсөн. ...2023 оны 3 дугаар сарын 05-ны өдөр намайг зодчихсон ер нь байнга зоддог гэж хэлж байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24 дэх тал),

Гэрч Я.Наранчимэг мэдүүлсэн “...Би Ц.Д  гэдэг хүнийг танина. Харилцаа хамаарлын тухайд гэвэл Ц.Д  нь манай хүргэн байгаа юм. Миний төрсөн охин Б.Б тэй хамт 10 гаран жилийн турш хамт амьдарч байгаа бөгөөд дундаасаа 4 хүүхэдтэй. ...Ц.Д  нь архи согтууруулах ундааны зүйл байнга тогтмол хэрэглэдэг юм. Ц.Д  нь зан аашын хувьд маш хэцүү ууртай уцаартай хүн байгаа юм. Ц.Д  нь манай охин Б.Б ийг байнга дарамтлаад доромжлоод гар хүрээд зодоод байдаг ба намайг ч гэсэн 2019 онд хэл амаар доромжлоод гар хүрч байсан удаатай. ...2023 оны 2 дугаар сард манай охин Б.Б ийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын албан хаагчид намайг гэртээ буюу Сонгионхайрхан дүүргийн 24 дүгээр хороо Зээлийн 38-34 тоотод байхад ойр дотны хүний хамгаалалтанд өгч байна гэж хэлээд авч ирж өгч байсан. Тэрний дараа 2023 оны 3 дугаар сард манай охин надад нөхөр нөхөр намайг зодоод байсан гэж хэлж байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дахь тал),

Гэрч Ц.Болормаа мэдүүлсэн “...Ц.Д 2011 онд Буянхишиг гэх эмэгтэйтэй гэр бүл болоод дундаасаа 4 хүүхэдтэй энэ хоёр байнга түрээсийн байраар явдаг байсан. Тэгээд сүүлд нэг хашаа байшин авсан гэж байсан. ...надад нэг удаа эхнэр маань өөр хүнтэй болсон юм шиг байна байнга янз бүрээр хэлээд хэрүүл хийгээд байх юм гэсэн. Тэгээд эхнэр нь дөрвөн хүүхэдтэй нь хөөгөөд гаргасан байна лээ. Тэгээд манайд амьдарч байгаад өнөөдөр Ц.Д хувцасыг нь авах гээд очтол уурлаад хөөгөөд хараагаад гаргасан байна лээ. ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32 дахь тал),

Шүүгдэгч Ц.Д яллагдагчаар мэдүүлсэн “...Би эхнэр Б.Б тэй 2011 оноос хойш хамтран амьдарч байгаа. Дундаасаа 4 хүүхэдтэй том хүүхэд маань 9 настай бага 3 настай хоёр охин хоёр хүүтэй. Манайх ер нь байнга нийтийн байруудаар амьдарч байгаа. 2023 оны 2 дугаар сарын 19-ны өдөр манайх Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо Нуурын 0-0 тоотод байх нийтийн байранд орсон түүнээс хойш манай эхнэр Буянхишиг янз бүрийн хүнтэй уулзаад байсан би мэдэж байгаа боловч юм хэлэхгүй байсан юм. Тэгээд 2023 оны 3 дугаар сарын 05-ны өдөр надад Буянхишиг надад ханиа намайг Ууганаа гэдэг залуу хүчиндсэн гэхээр нь би 12 дугаар хороон дээр очоод цагдаад хэлье гээд очтол цагдаа дээр очоод намайг манай нөхөр Ц.Д  хүчээр ингэж хэлүүлээд байна тийм юм болоогүй гэсэн. Тэгээд намайг цагдаа нь чи хүн дарамталж ингэж болохгүй гээд явуулсан. 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдөр манай дунд охин Анужины төрсөн өдөр байсан юм. Буянхишиг бид хоёр Бөмбөгөр худалдааны төв ороод мах идэх уух юм аваад тэгээд орой нь хоолоо хийж идээд орон дээр хэвтэж байгаад чи надад хэлсэн юм аа цагдаад очоод хэлэхээрээ намайг тэгж хэлж байгаан намайг эвгүй байдалд оруулаад гэж уурлаад гараараа шанаа руу нь хоёр удаа цохисон” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 41-42 дахь тал) зэрэг болон бусад нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Д нь хохирогч Б.Б ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь хангалттай, хөдөлбөргүйгээр нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Ц.Д нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж өөрийн үйлдлээр хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэмт хэргийг санаатай үйлджээ. Мөн шүүгдэгч Ц.Д нь хохирогч Б.Б ийн бусадтай хардаж хэрүүл маргаан үүсгэж улмаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлджээ. Шүүгдэгч Ц.Д нь урьд хохирогч Б.Б ийн эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг халдаж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож шүүхээс ял шийтгүүлсэн, мөн гэр бүлийн дотор гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагчтай зүй бусаар харилцах, бие махбодид халдах, сэтгэл санааны дарамтанд оруулах зэргээр гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлддэг болох нь хавтаст хэрэгт цугларч бэхжүүлсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байгааг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч Ц.Д- хохирогч Б.Б  нар нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, мөн урьд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хохирогч Б.Б ийн эрүүл мэндийн халдашгүй байдалд хохирол учруулсан хэрэгт удаа дараа ял шийтгүүлж байсан зэрэг нөхцөл байдлуудыг үнэлж дүгнэхэд шүүгдэгч Ц.Д-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж дүгнэх хангалттай хууль зүйн үндэслэлүүд бүрдсэн байна.

Хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь шүүгдэгч Ц.Д нь 2023 оны 3 дугаар сарын 05-06-нд шилжих шөнийн 00 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 0-0 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Б.Б ийг зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ. Дээрх гэмт хэргийг прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийн шүүгдэгч Ц.Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах тухай саналыг хүлээн авч шүүгдэгч Ц.Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

            Хохирогч Б.Б  нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч Ц.Д нь бусдад төлөх төлбөргүй байна.

            Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Ц.Д-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх санал зэргийг тус тус харгалзан үзлээ.

            Шүүгдэгч Ц.Д-ийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.  

            Шүүгдэгч Ц.Д нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн боловч урьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэгт зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн үедээ дахин гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

            Шүүгдэгч Ц.Д-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохируулан, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилго зэргийг харгалзан шүүгдэгч Ц.Д-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 цагаас дээшгүй хугацаагаар эдлүүлэхээр тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчим болон эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэв.  

            Хэдийгээр улсын яллагчаас зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах санал гаргасан боловч Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Дугаар 2022/ШЦТ/825 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг эдэлж байх хугацаандаа дахин гэмт хэрэг үйлдсэн байх тул түүнд зорчих эрхийг хязгаарлах ялаас өөр төрлийн ял оногдуулах нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх дүгнэсэн болно.

            Шүүгдэгч Ц.Д нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Дугаар 2022/ШЦТ/825 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтанд зааснаар 10 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 1 жил 1 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын бүсчлэлийг Улаанбаатар хотын Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх, Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож тогтоосон /Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2023 оны 4 дүгээр сарын 14-ны өдрийн №04-01/744 албан тоотод тодорхойлсноор энэхүү ялыг биечлэн эдэлж байгаа/ байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно гэж заасны дагуу шүүгдэгч Ц.Д-т урьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн Дугаар 2022/ШЦТ/825 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялаас энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулж байгаа нийтэд тустай ажил хийлгэх ялыг тусад нь эдлүүлэх боломжтой байх тул тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн энэхүү хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, хэргийн хамт 1 ширхэг сиди ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хавсарган хадгалж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлэгдээгүй, шүүгдэгчийн бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурьдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Прокуророос эрүүгийн 2311 0000 00611 дугаартай хэрэгт шүүгдэгч Ц.Д-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтанд зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтанд заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч Б овогт Ц-ийн Д /РД:хх000000/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            3. Шүүгдэгч Ц.Д-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагийн хугацаагаар эдлүүлэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Д-т Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн Дугаар 2022/ШЦТ/825 дугаартай шийтгэх тогтоолоор нэмж нэгтгэн оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялаас энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг тусад нь эдлүүлэхээр тогтоосугай.

7. Шүүгдэгч Ц.Д нь энэ хэрэгт баривчилагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, хэргийн хамт ирүүлсэн сиди 1 ширхэгийг хэрэгт хавсарган хадгалж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлэгдээгүй, шүүгдэгчийн бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Д-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Л.ГАЛБАДАР