Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 128/шш2022/0148

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

    2022         02           18                                    128/ШШ2022/0099

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “2” дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.А, Д.Б

Хариуцагч: Монголын Өмгөөлөгчдийн холбоо,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б

Хариуцагч: Монголын өмгөөлөгчдийн холбооны Мэргэшлийн хороо,

Хариуцагч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны Удирдах зөвлөлийн дарга нарын хоорондын өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрх олгох шалгалт зохион байгуулахгүй байгаа эс үйлдэхүйтэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.А, Д.Б, хариуцагч Монголын өмгөөлөгчдийн холбооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, хариуцагч Монголын өмгөөлөгчдийн холбооны Удирдах зөвлөлийн дарга Б.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.А, Д.Б нараас Монголын Өмгөөлөгчдийн холбоо, Өмгөөлөгчдийн холбооны Мэргэшлийн хороо, Монголын Өмгөөлөгчдийн холбооны Удирдах зөвлөлийн даргад тус тус холбогдуулан “Монголын Өмгөөлөгчдийн холбоо болон тус Холбооны Удирдах зөвлөл, Мэргэшлийн хорооноос Өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрх олгох шалгалт зохион байгуулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, нэхэмжлэгч нарт өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрх олгохыг даалгуулах”-аар маргаж байна.

2. Нэхэмжлэгч Б.А нь 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр “Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн 5800 дугаар гэрчилгээ”-г, нэхэмжлэгч Д.Б нь 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр “Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн 6514 дугаар гэрчилгээ”-г тус тус авч Монголын хуульчдын холбооны гишүүн болсон байна.

Улмаар нэхэмжлэгч нар нь Монголын Өмгөөлөгчдийн холбоонд цахимаар 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр, мөн оны 4 дүгээр сарын 11-ний өдөр болон 2021 оны 9 дүгээр сарын 30, 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр тус тус бичгээр гомдол гаргаж, улмаар 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр “Өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрх олгох шалгалт зохион байгуулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрх олгох шалгалт зохион байгуулахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан ба шүүхийн “Бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоох тухай” захирамжийн дагуу 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд “...Монголын Өмгөөлөгчдийн холбоо болон Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэшлийн хорооны Өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрх олгох шалгалт зохион байгуулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрх олгох шалгалт зохион байгуулахыг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргаснаар захиргааны хэрэг үүсгэсэн. улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр дээрх нэхэмжлэлийн шаардлагаа “...Монголын Өмгөөлөгчдийн холбоо болон Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөл, Мэргэшлийн хорооны Өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрх олгох шалгалт зохион байгуулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, нэхэмжлэгч нарт өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрх олгохыг даалгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан. 

4. Түүнчлэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “1/...2019 оны 10-р сараас үйлчилж эхэлсэн Өмгөөллийн тухай хуулийн 7 дугаар зуйлийн 7.1 дэх хэсэгт "Өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрх олгох шалгалтад тэнцэж, өмгөөлөгчдийн нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, эрх авсан хуульч өмгөөллийн үйл ажиллагаа эрхэлнэ" гэсэн бөгөөд мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт "Өмгөөлөгчийн шалгалтыг Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэшлийн хороо жилд нэгээс доошгүй удаа зохион байгуулна" гэж заасан.

Үүнээс үзэхэд, Өмгөөлөгчдийн холбооны Мэргэшлийн хороо нь бие даасан субъект биш, Өмгөөлөгчдийн холбооны дотоод бүтцүүдийн нэг тул Өмгөөлөгчдийн холбоо нь "Өмгөөлөгчийн шалгалтыг жилд 1 удаа зохион байгуулах" үүргээ эс биелүүлж, эс үйлдэхүй гаргасан гэж үзэхээр байна. Захиргааны ерөнхий хуулийн 5.1 дүгээр зүйлийн 5.1.2 дах хэсэг, мөн Өмгөөллийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дах хэсэгт тус тус зааснаар нийтийн эрх зүйн хуулийн этгээд, захиргааны байгууллагад хамаарна гэж, мөн Өмгөөллийн тухай хуулийн 8.5 дахь хэсэгт "Өмгөөлөгчийн шалгалт зохион байгуулах журам, шалгалтын хураамжийн хэмжээг Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөл батална" гэж заасан. Өмгөөлөгчийн шалгалтыг зохион байгуулахын тулд тус Холбооны Удирдах зөвлөл нь Өмгөөлөгчийн шалгалт зохион байгуулах журмыг батлах, Мэргэшлийн хороог байгуулах чиг үүрэгтэй байна. Энэ хоёр чухал чиг үүргийг тус Холбооны Удирдах зөвлөл нь 2 жилийн туршид эс биелүүлж ирсэн.

Өмгөөлөгчдийн холбооны дүрмийн 23.1.11-аас харахад, тус Холбооны Удирдах зөвлөл нь "Мэргэшлийн хорооны шалгалтын журам"-ыг батлах үүрэгтэй байх тул энэхүү эс үйлдэхүйд Удирдах зөвлөл нь хариуцлага хүлээх субъект мөн бөгөөд Удирдах зөвлөлийн дарга нь Удирдах зөвлөлийг тэргүүлж байна.

2/ Өмгөөллийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар зөвхөн өмгөөлөгчийн шалгалтанд тэнцэж, нэгдсэн бүртгэлд бүртгүүлснээр л өмгөөллийн үйл ажиллагаа эрхэлж болно. Өмгөөлөгчдийн холбооны шалгалт зохион байгуулахгүй байгаа эс үйлдэхүйн улмаас хуульчийн эрхээ авсан, өмгөөлөгч болох хүсэлтэй, гэвч шалгалтандаа орж чадахгүй байгаа олон хуульчдын эрх ашиг, хууль ёсны ашиг сонирхол ноцтой зөрчигдөж байна.

Бид хуульчийн шалгалтад тэнцсэн атлаа хувиараа хуулийн зөвлөгөө өгч, итгэмжлэлийн үндсэн дээр иргэн, захиргааны шүүхэд төлөөлөн ажиллаж байна. Үүний үр дагаварт, нэхэмжлэгч нар Өмгөөллийн тухай хуулийн 13 дугаар зуйлийн 13.1 дэх хэсэгт заагдсан Өмгөөлөгчийн эрхүүдийг эдэлж чадахгүй, мөн хуулийн 19 дүгээр зүйлд заасан Өмгөөллийн хуулийн этгээд байгуулж чадахгүй нөхцөл байдал үүсээд байна. Ингэснээр бидний Үндсэн хуульд заасан хөдөлмөрлөх эрх, ашиг ноцтой зөрчигдсөөр байна.

3/ Тус асуудлаар Өмгөөлөгчдийн холбоонд удаа дараа амаар болон бичгээр хандсан боловч хөл хориотой холбон тайлбар тавьж, үндэслэл бүхий хариу өгдөггүй. 2021 оны 1 сард Өмгөөлөгчдийн холбооны дэд тэргүүн н.Баасанбаттай биечлэн уулзахад "Бичгээр шаардлагаа гаргаад цахим шуудангаар илгээгээрэй. Цар тахлын үе учир гарын үсэг шаардлагагүй. Имэйл, утасны дугаараа бичихэд болно" гэж хэлсэн. Ном ёсоор шаардлагыг бичин цахим шуудангаар илгээсэн боловч тус оны 5 сар хүртэл хариу өгөөгүй. 2021 оны 5 сард гомдлын хариуг бичгээр авахаар 10 хуульчид нэгдэн очиход Удирдах зөвлөлийн гэх 5 хүн ирж уулзан гомдлыг хүлээж авах боломжгүй, одоо мэргэшлийн хороогоо байгуулна. Шалгалтыг 2021 оны 10 сараас нааш авахгүй" гэсэн хариу хэлсэн. Нэхэмжлэгч нарын зүгээс Өмгөөлөгчдийн холбоог 2021 оны 9, 10 сард шалгалтын товыг зарлах болов уу гэж хүлээсэн боловч зарлаагүй тул нэхэмжлэгч Б.А шалгалт зохион байгуулах тухай хусэлтийг 2021 оны 9 сарын 30-нд, Д.Б 2021 оны 10-р сарын 08-ны өдөр Өмгөөлөгчдийн холбоонд гаргасан боловч ямар нэгэн хариу өгөөгүй өнөөдрийг хүрлээ.

4/ Хууль мэдэхгүй байх нь түүнийг биелүүлэхгүй байх үндэслэл болдоггүй. Гэтэл хуулиа мэдсээр байж 2 жилийн турш биелүүлэхгүй байгаа нь Өмгөөлөгчдийн холбоо болон Удирдах зөвлөл (түүнийг төлөөлж Удирдах зөвлөлийн дарга) нь мэргэжлийн холбооны хувьд, энэхүү холбоог удирдаж авч яваа субъектын хувьд Монгол улсын нийт хуульч, өмгөөлөгчдийн өмнө хүлээсэн үүргээ үл ухамсарлан, хариуцлага алдсан үйлдэл болоод байна. Өмгөөлөгчдийн холбоо, түүний удирдах зөвлөлөөс гаргасан шийдвэр, хийсэн ажлуудаас харахад "өмгөөлөгчийн шалгалтыг зохион байгуулах ажлыг" өдийд зохион байгуулаад авчихсан байх бүрэн боломжтой байсан. Хуульчдын холбоо, бусад төрийн байгууллагуудтай харьцуулахад Өмгөөлөгчдийн холбоонд шалгалт зохион байгуулах туршлага, санхүүжилт, хүний нөөцөөр дутагдсан зүйл байхгүй.

5/ Бид нэхэмжлэлийн шаардлагаа "эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, зөрчигдсөн эрхийг сэргээж, өмгөөллийн эрхийг нэхэмжлэгч нарт олгох" гэж өөрчилсөн нь нэхэмжлэгчид болон бусад хуульчдын 2020 оноос өдийг хүртэл зөрчигдсөн эрх ашиг бодитойгоор сэргэх учраас юм. Өмгөөлөгчдийн холбоо, түүний Удирдах зөвлөлийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч нарт өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг олгосноор бидний Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4 дэхь хэсэгт заасан ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хувийн аж ахуй эрхлэх, Өмгөөллийн тухай хуулийн 13-р зүйлд заасан өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх, 19-р зүйлд заасан өмгөөллийн хуулийн этгээд байгуулах эрх бодитойгоор сэргэх боломжтой” гэжээ.

5. Хариуцагч Монголын Өмгөөлөгчдийн холбооноос шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “...1/ Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Өмгөөллийн тухай хуулийг баталсан ба 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болсон. Өмгөөллийн тухай хуульд Монголын Өмгөөлөгчдийн Холбооны бүтэц, зохион байгуулалт болон хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэх журмыг нарийвчлан зохицуулсан. Энэ хүрээнд өмгөөлөгчийн шалгалт зохион байгуулах чиг үүргийг тус холбооны хэд хэдэн бүтцийн нэгжийн шийдвэр үйл ажиллагаанаас хамаарахаар хуульчлагдсан.

Тухайлбал: Өмгөөлөгчийн шалгалт зохион байгуулах журам батлах, шалгалтын хураамжийн хэмжээ тогтоох эрхийг Удирдах зөвлөл хэрэгжүүлэхээр, Удирдах зөвлөлөөс баталсан Өмгөөлөгчийн шалгалт зохион байгуулах журмын хүрээнд шалгалтын тов тогтоох, шалгалт зохион байгуулах чиг үүргийг Мэргэшлийн хороо хэрэгжүүлэхээр тус тус хуулиар зохицуулагдсан.

Дээр дурдсан чиг үүргийг хэрэгжүүлэх Удирдах зөвлөлийн гишүүдийг Өмгөөлөгчдийн холбооны Их хурлаас сонгохоор, Мэргэшлийн хорооны гишүүдийг Удирдах зөвлөл батламжилж, томилохоор хуульд заасан.

Өмгөөллийн тухай хуультай хамт хэрэгжиж эхэлсэн Өмгөөллийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн дагуу Хууль зүй, дотоод хэргийн яам Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Их хурлыг 2020 оны 10 дугаар сарын 03-ны өдөр зохион байгуулж, Монголын Өмгөөлөгчдийн Холбоог нийтийн эрх зүйн хуулийн этгээдийн хэлбэрээр шинэчлэн байгуулсан. Энэ Их хурлаас Өмгөөлөгчдийн холбооны Удирдах зөвлөлийн 21 гишүүн сонгогдож, 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдөр анхны хуралдаанаа хуралдуулснаар Өмгөөлөгчдийн Холбооны Их Хурлын чөлөөт цагт Өмгөөлөгчдийн Холбооны үйл ажиллагааг зохион байгуулах чиг үүрэг бүхий хамтын удирдлагын байгууллага чиг үүргээ хэрэгжүүлж эхэлсэн.

2/ Өмгөөлөгчдийн холбооны Удирдах зөвлөлийн 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор Мэргэшлийн хорооны ажиллах журмыг баталж, 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 21, 22, 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 31, 2021 оны 11 дүгээр сарын 16-ны 52 дугаар тогтоолоор тус тус Мэргэшлийн хорооны гишүүдийг батламжилж, томилсноор өмгөөлөгчийн шалгалт зохион байгуулах чиг үүрэг бүхий бүтцийн нэгж албан ёсоор байгуулагдаж, бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллах эрх зүйн орчин бүрдсэн.

Удирдах зөвлөлийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 49 дүгээр тогтоолоор Өмгөөлөгчийн шалгалт зохион байгуулах журам батлагдсан бөгөөд тус журам нь Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсэгт заасан Захиргааны хэм хэмжээний актыг улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдөнө.

Хуульчийн энэ шаардлагын дагуу “Өмгөөлөгчийн шалгалт зохион байгуулах журам”-ыг Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхээр 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 01/1522 дугаар албан бичгээр Хууль зүй, дотоод хэргийн яаманд хандсан ба тус журам нь  Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн,

3/ Монголын Өмгөөлөгчдийн холбоо өмгөөлөгчийн шалгалт зохион байгуулах чиг үүргийн хүрээнд холбогдох бүтцийн нэгжийг байгуулах, шаардлагатай журмыг баталж мөрдүүлэх үйл ажиллагаагаа зохих журмын хийж гүйцэтгээд байгаа ба Өмгөөлөгчийн шалгалт зохион байгуулах журам Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдэж, хүчин төгөлдер дагаж мөрдөх үндэслэл бүрдсэн тохиолдолд Мэргэшлийн хороо өмгөөлөгчийн шалгалтын товыг зарлана. Ийнхүү Монголын Өмгөөлөгчдийн Холбооноос өмгөөлөгчийн шалгалтыг зохион байгуулах хүрээнд шаардлагатай ажлуудыг хийж гүйцэтгэж байгаа тул үүнийг эс үйлдэхүй гэж үзэх нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд холбоо нь ажлын дотоод зохион байгуулалтын хүрээнд холбогдох ажлуудыг хийж гүйцэтгэж ирсэн болох нь дээрх дэлгэрэнгүй тайлбар болон холбогдох баримтуудаар нотлогдож байгаа болно.

4/ Түүнчлэн Короновируст халдвар /Ковид 19/ цар тахлын нөхцөлд сүүлийн 2 жил гаруйн хугацаанд ажиллаж байгаа бөгөөд хэдий нөхцөл байдал хүндрэлтэй байгаа ч Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөлөөс ээлжит бус хурлуудыг удаа дараа /цахим хэлбэрээр/ зарлан хуралдуулж, холбогдох асуудлыг шийдвэрлэн ажиллаж байна. Мэргэшлийн хорооны ажиллах журам болон Өмгөөлөгчийн шалгалт зохион байгуулах журмыг хууль тогтоомжид нийцүүлэн батлах, тэр дундаа мэргэшлийн хороог хуулийн шаардлагад нийцүүлэн байгуулах нь Өмгөөлөгчдийн холбоо, удирдах зөвлөлийн дотоод зохион байгуулалтын асуудал бөгөөд хэрэгжүүлэн ажилласаар байна. Хуульд заасан чиг үүргийн хүрээнд дээрх журмуудыг батлан, өмгөөлөгчийн шалгалт зохион байгуулах журмыг хуулийн шаардлагын дагуу захиргааны хэм хэмжээний актын бүртгэлд бүртгүүлэхээр Хууль зүй, дотоод хэргийн яаманд хандсан байгаа нь Монголын Өмгөөлөгчдийн Холбоо, Мэргэшлийн хороог эс үйлдэхүй гаргаагүй болохыг илэрхийлэх юм.” гэжээ.

Хариуцагч Монголын Өмгөөлөгчдийн холбооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “1/ Өмгөөлөгчийн эрх гэдэг нь хуульчид Өмгөөллийн тухай хуулийн дагуу өмгөөлөгчийн шалгалтад оролцоод тэнцсэн тохиолдолд олгогдох эрхийг хэлж байгаа. Түүнээс бус хуульч хүн зүгээр шууд шүүхэд хандаад өмгөөлөгчийн эрх олгохыг даалгаж шийдвэрлүүлэх нь өөрөө хууль зүйн боломжгүй. Энэ нь хууль зүйн үндэслэлгүй гэдгийг хэлмээр байна.

2/ Өмгөөллийн тухай хууль, Өмгөөлөгчдийн холбооны дүрмийн дагуу явагдах ажиллагаа гэдгийг хэлмээр байна. Өмгөөлөгчийн шалгалтыг Мэргэшлийн хороо жилд нэгээс доошгүй удаа зохион байгуулна гэдэг зохицуулалтыг хэрэгжүүлэхгүй байна гэж л тайлбарлаад байгаа. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд Мэргэшлийн хороо нь хэрхэн байгуулагдах юм, байгуулсны дараа хуралдаанууд нь яаж явагдах юм гээд тодорхой процессын ажлууд байгаа гэдгийг огт харгалзаж үзэлгүйгээр энэ тайлбаруудыг хийгээд байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Хуулийн хүрээнд Хууль зүйн яам өөрөө Өмгөөлөгчдийн холбоог байгуулах, хурлыг зохион байгуулах ажлыг хийсэн гэдгийг хэлмээр байна. Энэ бол хуулийн дагуу явж байгаа процесс. Шүүх хуралдаанаас хариуцагч нарыг хууль бус эс үйлдэхгүй гаргасан гэдгийг нотолсон зүйл байхгүй байна гэж харж байна. Яг ямар үйлдэл нь хууль бус гэж үзээд байгаа юм. Яг аль хуулийг зөрчсөн гэж үзээд байгаа юм гэдэг нь тодорхойгүй байна гэж харж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

Хариуцагч Монголын өмгөөлөгчдийн холбооны Мэргэшийн хорооны дарга Ж.А шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “...1/ Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөлөөс Мэргэшлийн хороог 9 гишүүдийн бүрэлдхүүнтэй 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр байгуулсан. Удирдах зөвлөлийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 49 дүгээр шалгалт зохион байгуулах журам тогтоолын хавсралтаар Өмгөөлөгчийн батлагдсан бөгөөд тус журам нь Захиргааны еренхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсэгт заасан Захиргааны хэм хэмжээний актыг улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдөнө. Өмгөөлөгчийн шалгалт зохион байгуулах журам Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдэж, хүчин төгөлдөр дагаж мөрдөх үндэслэл бүрдсэн тохиолдолд Мэргэшлийн хороо өмгөөлөгчийн шалгалтыг авахаар төлөвлөж байна.” гэжээ.

Хариуцагч Монголын Өмгөөлөгчдийн холбооны удирдах зөвлөлийн дарга Б.Б шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...1/ Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөлийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 49 дүгээр тогтоолоор "Өмгөөлөгчийн шалгалт зохион байгуулах журам"-ыг баталж захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлэхээр Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлсэн болно. Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 1/309 тоот албан бичгээр Өмгөөлөгчийн шалгалт зохион байгуулах журмыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлийн 5681 дугаарт бүртгэснийг Монголын Өмгөөлөгчийн Холбооны Удирдах зөвлөлд мэдэгдсэн.

"Өмгөөлөгчийн шалгалт зохион байгуулах журам"-ын 6.1-д "Шалгалтын товыг Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэшлийн хороо /цаашид "Мэргэшлийн хороо" гэх/ тогтооно." гэж журамласан байна. Монголын Өмгөөлөгчдийн холбооны Удирдах зөвлөлийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 01/149 албан бичгээр "Өмгөөлөгчийн шалгалт зохион байгуулах журам"-ыг Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэшлийн хороонд хүргүүлсэн болно. Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөлөөс Өмгөөллийн тухай хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа болно” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч хариуцагч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараахь хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үүнд:

            Нэхэмжлэгч Б.А, Д.Б нар “...Монголын Өмгөөлөгчдийн холбоо болон тус Холбооны Мэргэшлийн хорооны Өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрх олгох шалгалт зохион байгуулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, нэхэмжлэгч нарт өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрх олгохыг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж түүний үндэслэлээ “...Тус асуудлаар Өмгөөлөгчдийн холбоонд удаа дараа хандсан боловч хариу өгөөгүй, Удирдах зөвлөл нь шалгалт зохион байгуулах журмыг батлах болон Мэргэшлийн хороог байгуулах чиг үүрэгтэй боловч уг чиг үүргийг 2 жилийн турш эс биелүүлж ирсэн, нэхэмжлэгч нарт өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг олгосноор бид ...өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх, өмгөөллийн хуулийн этгээд байгуулах боломжтой болно” гэж тодорхойлсон.

Уг нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нар эс зөвшөөрч ...Монголын Өмгөөлөгчдийн Холбооноос өмгөөлөгчийн шалгалтыг зохион байгуулах хүрээнд хуульд заасан шаардлагатай ажлуудыг...хийж гүйцэтгэж байгаа тул үүнийг хууль бус эс үйлдэхүй гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй,...Өмгөөлөгчийн эрх гэдэг нь хуульчид Өмгөөллийн тухай хуулийн дагуу өмгөөлөгчийн шалгалт өгч тэнцсэн тохиолдолд олгогдох эрхийг хэлж байгаа,…шүүхээс даалгаж шийдвэрлүүлэх хууль зүйн боломжгүй” гэж маргав.

Нэг. “Монголын Өмгөөлөгчдийн холбоо болон тус Холбооны Удирдах зөвлөл, Мэргэшлийн хорооноос Өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрх олгох шалгалт зохион байгуулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр “Өмгөөллийн тухай хууль”-ийг баталснаар 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн уг хууль хүчин төгөлдөр болсон байх ба мөн энэ өдрөөс “Өмгөөллийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль” хэрэгжиж эхэлжээ.

“Өмгөөллийн тухай хууль”-ийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Өмгөөлөгчийн шалгалтын зорилго нь хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа, өмгөөлөгчийн ёс зүйн талаарх мэдлэг, мэтгэлцэх ур чадвар эзэмшсэнийг тогтооход чиглэнэ”,  8.2-т “Өмгөөлөгчийн шалгалтыг Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэшлийн хороо жилд нэгээс доошгүй удаа зохион байгуулна”, 8.5-д “Өмгөөлөгчийн шалгалт зохион байгуулах журам, шалгалтын хураамжийн хэмжээг Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөл батална.”, 42 дугаар зүйлийн 42.1-д “Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөл нь Их Хурлын чөлөөт цагт Өмгөөлөгчдийн Холбооны үйл ажиллагааг зохион байгуулах чиг үүрэг бүхий хамтын удирдлагын байгууллага байна”, 46 дугаар зүйлийн 46.1-д “Өмгөөлөгчийн шалгалт…зохион байгуулах чиг үүрэг бүхий Мэргэшлийн хороо Өмгөөлөгчдийн Холбооны дэргэд ажиллах бөгөөд есөн гишүүний бүрэлдэхүүнтэй байна” , 46.7-д “Мэргэшлийн хорооны ажиллах журмыг Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөл баталнагэж тус тус заасан байна.

            Түүнчлэн “Өмгөөллийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль”-ийн 2 дугаар зүйлд “Өмгөөлөгчдийн Холбооны Их Хурлыг Өмгөөллийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор хуралдуулах бөгөөд Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцан зохион байгуулна” гэж заасны дагуу Хууль зүй, дотоод хэргийн яам нь Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Их хурлыг 2020 оны 10 дугаар сарын 03-ны өдөр зохион байгуулж, Монголын Өмгөөлөгчдийн Холбоог нийтийн эрх зүйн хуулийн этгээдийн хэлбэрээр шинэчлэн байгуулж улмаар уг Их хурлаас Өмгөөлөгчдийн холбооны Удирдах зөвлөлийн 21 гишүүн сонгогдсон байх ба тус Удирдах зөвлөлийн 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор “Мэргэшлийн хорооны ажиллах журам”-ыг баталснаар өмгөөлөгчийн шалгалт зохион байгуулах чиг үүрэг бүхий бүтцийн нэгж албан ёсоор байгуулагджээ.

             Улмаар Монголын Өмгөөлөгчдийн холбооны Удирдах зөвлөлийн 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн “Мэргэшлийн хорооны гишүүнээр батламжлах тухай” 21 дүгээр тогтоолоор “...Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын төлөөлөл болох Э*******гийн Э*******, Иргэний төлөөлөл болох Д*******гийн Н******* нарыг”, мөн өдрийн 22 дугаар тогтоолоор “...Мэргэшлийн хорооны хуульч-эрдэмтэн гишүүнээр Академич Жгийн А, Хууль зүйн ухааны доктор, дэд профессор Бын А, Дэд профессор Ггын Н нарыг”, 2021 оны 9 дүгээр арын 14-ний өдрийн “Мэргэшлийн хорооны гишүүнээр томилох тухай” 31 дүгээр тогтоолоор “...Мэргэшлийн хорооны өмгөөлөгч гишүүнээр Цгийн Ц”, мөн оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн “Мэргэшлийн хорооны гишүүнээр томилох тухай” 52 дугаар тогтоолоор Мэргэшлийн хорооны өмгөөлөгч гишүүнээр Аийн Д, Нийн Ч, Огийн Ч нарыг тус тус томилсноор тус хороо бүтцийн хувьд бүрэн бүрэлдэхүүнтэй ажиллаж эхэлсэн байна.

Түүнчлэн Холбооны Удирдах зөвлөлийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн “Журмын төсөл батлах тухай” 49 дүгээр тогтоолоор “Өмгөөлөгчийн шалгалт зохион байгуулах журам”-ын төслийг баталж, Өмгөөлөгчийн шалгалтын хураамжийн хэмжээг тогтоон, улмаар 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 01/1522 дугаар албан бичгээр Монголын Өмгөөлөгчдийн холбооны Ерөнхийлөгч Б.Оээс Хууль зүй, дотоод хэргийн яаманд нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхээр хүргүүлсний дагуу 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Наас “...Өмгөөлөгчийн шалгалт зохион байгуулах журмыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлийн 5681 дугаарт бүртгэсэн” болохыг мэдэгджээ.

Үүний дараа буюу 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Монголын Өмгөөлөгчдийн холбооны Удирдах зөвлөлийн дарга Б.Баас тус холбооны Мэргэшлийн хорооны дарга Ж.Ад хандан 01/149 дүгээр албан бичгээр “Өмгөөлөгчийн шалгалт зохион байгуулах журам батлах тухай” 49 дүгээр тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлийн 5681 дугаарт бүртгэсэн тул өмгөөлөгчийн шалгалт авах ажлыг зохион байгуулж ажиллах”-ыг мэдэгдсэн үйл баримтууд тус тус тогтоогдов.

Эдгээр үйл баримтууд болон хуулийн заалтуудаас үзвэл хариуцагч Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөл нь шалгалтын хураамжийн хэмжээг тогтоож, Өмгөөлөгчийн шалгалт зохион байгуулах журмыг батлан, улмаар Мэргэшлийн хороог байгуулах чиг үүргээ хуульд заасан журмын дагуу хэрэгжүүлсэн болох нь тогтоогдож байх ба энэ нь Өмгөөллийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөл нь Их Хурлын чөлөөт цагт Өмгөөлөгчдийн Холбооны үйл ажиллагааг зохион байгуулах чиг үүрэг бүхий хамтын удирдлагын байгууллага байна.”, 42.4-т “Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөл дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 42.4.2-т “Өмгөөлөгчдийн Холбооны бодлого, хөгжлийн хөтөлбөр, Өмгөөлөгчдийн Холбооны дүрэм, журмын хэрэгжилтэд хяналт тавих” гэж заасан Удирдах зөвлөлийн чиг үүрэг, бүрэн эрхэд нийцсэн гэж шүүх дүгнэв.

Өөрөөр хэлбэл, Монголын Өмгөөлөгчдийн холбооны Удирдах зөвлөлөөс 49 дүгээр тогтоол гаргаж Өмгөөлөгчийн шалгалтын журам, хураамжийн хэмжээг тогтоон баталж, улмаар Мэргэшлийн хорооны бүтцийг батлан, өмгөөлөгчийн шалгалт авах ажлыг зохион байгуулж ажиллахыг мэдэгдсэнээр Удирдах зөвлөл хуулиар хүлээсэн чиг үүргээ биелүүлсэн, энэ тохиолдолд хариуцагчийг хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй.

 Харин тухайн шалгалт авах ажиллагааг Өмгөөллийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д “Өмгөөлөгчийн шалгалт болон үргэлжилсэн сургалт зохион байгуулах чиг үүрэг бүхий Мэргэшлийн хороо Өмгөөлөгчдийн Холбооны дэргэд ажиллах бөгөөд есөн гишүүний бүрэлдэхүүнтэй байна” гэж зааснаар тус Холбооны Мэргэшлийн хороо нь хариуцан гүйцэтгэх үүрэг бүхий субьект байна.

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж заасан бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас “...уг шалгалтыг 2022 оны 4 дүгээр сард багтаан зохион байгуулахаар ажиллаж байгаа” гэж тайлбарласан нь 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс хойш тооцоход цаг хугацааны хувьд удаашралтай байх хэдий ч энэ нь уг шалгалтыг зохион байгуулахгүй байгаа хууль бус эс үйлдэхүй гэж үзэх үндэслэл болохооргүй байна.

Учир нь тухайн шалгалтыг зохион байгуулах нь хариуцагч Монголын өмгөөлөгчдийн Холбоо, түүний Мэргэшлийн хорооны хуулиар хүлээсэн, заавал биелүүлэх үүрэг, нөгөө талаар “...уг шалгалтыг зохион байгуулах урьдач үе шатны ажиллагаанууд явагдаж дууссан, шалгалтыг 2022 оны 4 дүгээр сард багтаан зохион байгуулахаар ажиллаж байгаа” гэх хариуцагчийн тайлбарыг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй, хариуцагчийн гаргасан гэх “хууль бус эс үйлдэхүй”-н улмаас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй гэж шүүх үзлээ.

Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг дээр дурдсан үндэслэлүүдээр хэрэгсэхгүй болгосон болно.

Хоёр. “Нэхэмжлэгч нарт өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрх олгохыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Өмгөөллийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрх олгох шалгалтад тэнцэж, өмгөөлөгчдийн нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, эрх авсан хуульч өмгөөллийн үйл ажиллагаа эрхэлнэ.” 7.2-т “Өмгөөлөгчийн шалгалтад тэнцсэн хуульч шалгалтын нэгдсэн дүнг мэдээлсэн өдрөөс хойш нэг жилийн дотор өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрх авах тухай хүсэлтийг Монголын Өмгөөлөгчдийн Холбоонд гаргана. Энэ хэсэгт заасан хүсэлт гаргах хугацаа өнгөрсөн бол шалгалтад тэнцсэн дүн хүчингүй болно.” 7.3-т “Өмгөөлөгчдийн Холбоо энэ хуулийн 7.2-т заасан хүсэлтийг ажлын 10 өдрийн дотор хянаж, энэ хуулийн 8.6-д заасан нөхцөл байдал илрээгүй тохиолдолд өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрх олгох саналыг Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгчид хүргүүлнэ.”, 7.4-т “Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч энэ хуулийн 7.3-т заасан саналыг үндэслэн хуульчийг өмгөөлөгчдийн нэгдсэн бүртгэлд бүртгэж, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрх олгоно.” гэж тус тус заажээ.

Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох;” гэж заасан.

Үүнээс үзвэл даалгах нэхэмжлэлийн шаардлага нь захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл уг шийдвэрийг гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус, энэ нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн тохиолдолд тухайн эс үйлдэхүй, татгалзалтайгаа холбогдон гарах шаардлага, өөрөөр хэлбэл тухайн тогтоолгохоор шаардаж буй татгалзал, эс үйлдэхүй нь даалгах шаардлагатайгаа шууд холбогдон гарсан байх зохицуулалттай.

Гэтэл нэхэмжлэгч нар нь  Монголын Өмгөөлөгчдийн холбоо, тус Холбооны Удирдах зөвлөл, Мэргэшлийн хорооноос Өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрх олгох шалгалт зохион байгуулахгүй байгаа эс үйлдэхүй”-г хууль бус болохыг тогтоолгохоор маргасан атлаа нэхэмжлэгч нарт Өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрх олгохыг хариуцагчид даалгуулахаар шаардсан нь дээр дурдсан хуулийн заалтуудтай нийцэхгүй байна гэж шүүх дүгнэв.

Тухайлбал, хуульд заасан тодорхой болзол хангасан этгээдээс өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрх олгох шалгалтанд тэнцэж, өмгөөлөгчдийн нэгдсэн бүртгэлд бүртгүүлж эрх авах нь тодорхой журмын дагуу явагдах үйл ажиллагаа бөгөөд Өмгөөллийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар, ийнхүү эрх олгох шалгалтанд тэнцсэн хуульч нарт энэхүү үйл ажиллагааг эрхлэх эрхийг олгох учиртай, нэхэмжлэгч нар нь нэгэнт тухайн эрх олгох шалгалтанд ороогүй байгаа тул “...шалгалт зохион байгуулаагүй” гэх үндэслэлээр тэдэнд шууд өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрх олгохыг хариуцагч захиргааны байгууллагад даалгах хууль зүйн боломжгүй.

Иймд дээр дурдсан хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзсэн болно.  

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмгөөллийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 8 дугаар зүйлийн 8.2, 8.5, 46 дугаар зүйлийн 46.1, 46.7-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.А, Д.Б нараас Монголын Өмгөөлөгчдийн холбоо, Өмгөөлөгчдийн холбооны Мэргэшлийн хороо, Монголын Өмгөөлөгчдийн холбооны Удирдах зөвлөлийн даргад тус тус холбогдуулан гаргасан Монголын Өмгөөлөгчдийн холбоо, Өмгөөлөгчдийн холбооны Удирдах зөвлөл, Мэргэшлийн хорооноос Өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрх олгох шалгалт зохион байгуулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, нэхэмжлэгч нарт өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрх олгохыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй,

Захиргааны  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш  14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Н.ДУЛАМСҮРЭН