Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 221/ШШ2022/0031

 

“Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч Д.Оюумаа, А.Сарангэрэл нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: “Г” ХХК

Хариуцагч: Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо

Гомдлын шаардлага: “Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2021 оны 11  дүгээр сарын 08-ны өдрийн 12 дугаар тогтоолд өөрчлөлт оруулж, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг хүчингүй болгох хариуцлага тооцуулах”

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.И, Ж.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, иргэдийн төлөөлөгч Х.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул нар оролцов.

 

Хэргийн индекс: 221/2021/0025/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

             1. Нэхэмжлэгч “Г” ХХК  нь “Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2021 оны 11  дүгээр сарын 08-ны өдрийн 12 дугаар тогтоолд өөрчлөлт оруулж, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг хүчингүй болгох хариуцлага тооцуулах”-аар маргасан байна.

 

             2. Монголын Өмгөөлөгчдийн Холбооны дэргэдэх Мэргэжлийн хариуцлагын хорооны 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 12 дугаар тогтоолоор “Өмгөөлөгч Э.Бийг Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсгийн 19.2.1, 19.2.2, Өмгөөллийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсгийн 15.164, 15.2 дахь хэсгийн 15.261, 15.2.3-т заасныг тус тус зөрчсөнд тооцож, Өмгөөллийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсгийн 31.3.1-д зааснаар өмгөөлөгч Э.Б /ӨНБД 2080/-д сануулах сахилгын шийтгэл хүлээлгэж” шийдвэрлэсэн байна.

 

3. “Г” ХХК нь 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд гомдол гаргасан.

 

4. Гомдлын агуулга: Нэхэмжлэгч “Г” ХХК нь дараах үндэслэлээр мэргэжлийн хариуцлагын хорооны тогтоолыг эсэргүүцэж байна. Үүнд:

 

4.1.  “Г” ХХК-аас Эрүүгийн цагдаагийн газарт “Б” ХХК-д холбогдуулан гомдол гаргасан 2021 оны 01 дүгээр сараас эхлэн компанийн хувьцаа эзэмшигчдийн хооронд буюу “Г” ХХК, “Б” ХХК-ийн хооронд ашиг сонирхлын зөрчил үүссэн гэж үзэхээр байхад урд нь үйлчилгээ үзүүлж, хөлс мөнгө авч ажиллаж байсан компанийн эсрэг компани болох “Б” ХХК-ийн өмгөөлөгчөөр эрүүгийн хэрэгт оролцсон бөгөөд Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн хуралдаан дээр гомдол гаргагч “Г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Иийн асуултад хариулахдаа өмгөөлөгч Э.Б энэхүү эрүүгийн хэрэгт “Б” ХХК-ийн өмгөөлөгчөөр ажиллаж байгаагаа хүлээн зөвшөөрч хэлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл Өмгөөллийн тухай хуулийн 15.1.4, 15.2.1, 15.2.3 болон Мэргэжлийн ёс зүйн дүрмийн 19.2.1, 19.2.2 заалтуудыг ноцтой зөрчин үйл ажиллагаа явуулсаар байна.

 

4.2. Мэргэжлийн хариуцлагын хороо хариуцлага хүлээлгэхдээ Э.Б өмгөөлөгчийн гаргасан дээрх ноцтой зөрчлийн шалтгаан нөхцөл байдал, зөрчлийн хүрээг харгалзан үзэж, зөрчлийг таслан зогсоох арга хэмжээ аваагүй, хариуцлага хүлээлгээгүйд гомдолтой байна.

 

4.3. Маргаан хянан шийдвэрлэх хуралдааны тогтоолын 3 дахь хуудаст “Г” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ф итгэмжлэгдсэн төлөөлөгч П.И, Ж.А нараас хуралдаанд гаргасан тайлбартаа “Эрүүгийн цагдаагийн газрын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэст эрүүгийн 2102000730102 дугаартай хэрэгт “Г” ХХК-ийн гүйцэтгэх захирал Фын өргөдөл, гомдолтой “Б” ХХК-д холбогдох хөрөнгө оруулалтын 4 сая евротой холбоотой эрүүгийн хэрэгт “Б” ХХК-ийн өмгөөлөгчөөр Э.Б ажиллаж байгаа” гэж оруулсан хэдий ч үндэслэх нь хэсэгт хариуцагч Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн, өмгөөлөгч Э.Б /ҮД-2080/-д хариуцлага хүлээлгэхдээ ... өмгөөлөгчид итгэх иргэний итгэлд зохих хэмжээгээр сөрөг нөлөөлөл үзүүлсэн, бусдад бодитой учруулсан хор уршиг тогтоогдоогүй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан сануулах сахилгын шийтгэл оногдуулж, зөрчлийн шалтгаан нөхцөл байдал, зөрчлийн хүрээ, өмгөөлөгчид итгэх олон нийтийн итгэлд нөлөөлсөн байдал зэргийг харгалзан үзэлгүйгээр дэндүү хөнгөн шийтгэл оногдуулсныг зөвшөөрөхгүй байна.

 

Иймд өмгөөлөгч Э.Б нь өмнөх үйлчлүүлэгч, хөлс мөнгө хангалттай авч ажиллаж байсан гадаадын хөрөнгө оруулалттай “Г” ХХК-ийн 63.23 хувийн хувьцаа эзэмшигч ХБНГУ-ын иргэн, гүйцэтгэх захирал Фын эсрэг ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн зөрчлийн хүрээ нь Монгол Улсаас хальж Монгол Улсын өмгөөлөгчид итгэх гадаадын хөрөнгө оруулагч иргэд, хуулийн этгээдүүдийн итгэлд мэдэгдэхүйц сөргөөр нөлөөлсөн бөгөөд учруулсан хор уршгийн хэмжээ гадаадын хөрөнгө оруулагч гомдол гаргагч Фын хөрөнгө оруулалтын 4 сая еврогийн бодит хохиролтой эрүүгийн хэрэгт өмнөх үйлчлүүлэгчийн эсрэг ашиг сонирхлын зөрчил гарган “Б” ХХК-ийн өмгөөлөгчөөр ажиллаж байгаа нь Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 46.3 Өмгөөлөгчийн ёс зүйн зөрчилд хариуцлага хүлээлгэхдээ дараах хүчин зүйлийг харгалзана: 46.3.1 зөрчлийн хүрээ, 46.3.2 учруулсан хор уршгийн хэмжээ, 46.3.4 зөрчлийн шалтгаан нөхцөл байдал, 46.3.6 зөрчил нь ... өмгөөлөгчид итгэх олон нийтийн итгэлд нөлөөлөх байдал гэсэн зүйл заалтуудыг үндэслэн шийтгэл нь гаргасан зөрчилд тохирсон байх зарчмыг удирдлага болгон Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн, өмгөөлөгч Э.Бд /ҮД-2080/ Өмгөөллийн тухай хуулийн 31.3.3 өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг хүчингүй болгох хариуцлага тооцож өгнө үү” гэжээ.

 

5. Хариуцагч нэхэмжлэгчийн гомдлыг үгүйсгэж, Мэргэжлийн хариуцлагын хорооны тогтоолыг дараах үндэслэлээр хамгаалж байна. Үүнд:

 

5.1. “Мэргэжлийн хариуцлагын хорооны маргаан хянан шийдвэрлэх журмын 86 дугаар зүйл ..., бүрэлдэхүүн шийдвэр гаргахаар зөвлөлдөх ..., 86 дугаар зүйлийн 86.1 ..., бүрэлдэхүүн шийдвэрээ зөвлөлдөх тасалгаанд хэлэлцэж гаргана. Хуралдаан даргалагч зөвлөлдөх тасалгаанд санал хураах, шийдвэр гаргах ажиллагааг удирдан явуулж, олонхын саналаар шийдвэр гаргана ... гэжээ.

 

5.2. Зөвлөлдөх тасалгааны нууцыг чандлан нууцлах ёстой ёс зүйн болон хууль журмын зохицуулалттай бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн гаргасан санал ба саналын эцсийн үр дүнгээр тухайн хуралдааны шийдвэрийн тогтоох хэсгийн агуулгыг уншин сонсгодог.

 

5.3. Тус гомдолд дурдсан өмгөөлөгч Э.Б /ӨНБД-2080/-д Өмгөөллийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1-д заасны дагуу “сануулах” оногдуулсан бөгөөд ийнхүү хариуцлага хүлээлгэхдээ өмгөөлөгчөөс сүүлийн 1 жилийн дотор сахилгын шийтгэл хүлээж байгаагүй. Өмгөөлөгчид итгэх иргэний итгэлд зохих хэмжээгээр сөрөг нөлөөлөл үзүүлсэн, бусдад бодитой учруулсан хор уршиг тогтоогдоогүй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэсэн.

 

5.4. Түүнчлэн маргааны материалд цугларсан баримтуудаар өмгөөлөгч Э.Б нь “Г” ХХК болон “Б” ХХК-ийн хоорондын хамтран ажиллах гэрээнд холбогдох газар, үл хөдлөх эрхийн бүртгэлтэй холбогдох газрын гэрчилгээ гаргуулах талаар шаардлага бүхий хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Швейцарын Олон Улсын Арбитрт “Б” ХХК-д өмгөөлөгч Э.Б нь өмгөөллийн мэргэжлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэн хууль зүйн туслалцаа үзүүлсэн үйл баримт нь талуудын гаргасан тайлбар, гомдол гаргагчаас гомдлын шаардлагадаа холбогдуулан гаргасан нотлох баримтууд болон бусдад бичгийн баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэн Өмгөөллийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.1.4, 15 дугаар зүйлийн 15.2.1, 15.2.3, мөн Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсгийн 19.2.1, 19.2.2-т заасныг зөрчсөн буруутайд тооцсон.

 

5.5. Гомдол гаргагчийн хувьд Мэргэжлийн хариуцлагын хорооны 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 12 дугаартай тогтоолын үндэслэл болон гэм бурууг тогтоосон хэм хэмжээг хүлээн зөвшөөрсөн байгааг дурдах нь зүйтэй. Маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа бүхэлдээ маргааны материалд цугларсан нотлох баримт, сэлтэд үндэслэгдэж шийдвэрлэгдсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд “Б” ХХК-ийн өмгөөлөгчөөр Э.Б ажиллах, 4 сая еврогийн бодит хохиролтой гэх талаар гомдлын шаардлагадаа дурдсан зүйл нь гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хуралдаанд гаргасан тайлбар болохыг тэмдэглэх хэрэгтэй.

 

5.6. Маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын тэгш эрхийн оролцоог хангаж мэтгэлцэх зарчмын хүрээнд шударгаар, тэгш эрхийн зарчимд нийцүүлэн Өмгөөллийн хууль болон ёс зүйн бусад зохицуулалт маргаан хянан шийдвэрлэх зарчмын дагуу шийдвэрлэсэн болно.

 

Иймд “Г” ХХК захирал Ф-ын гаргасан 2021оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 12 дугаартай тогтоолын зарим хэсгийг эс зөвшөөрч гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

6. Гуравдагч этгээд Э.Бий шүүхэд ирүүлсэн хүсэлт, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

6.1. “Гуравдагч этгээд Э.Б би Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд холбогдуулан Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр “Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 12 дугаар тогтоолыг хүчингүй болгож, өмгөөлөгч Э.Б Өмгөөллийн тухай хууль болон ёс зүйн дүрэм зөрчөөгүй болохыг тогтоолгох” агуулга бүхий гомдол гаргасан билээ.

 

6.2. Улмаас тус шүүхийн шүүгчийн 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 90 дүгээр захирамжаар захиргааны хэрэг үүсэж, 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 14 дүгээр магадлалаар “Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 12 дугаар тогтоолыг хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангахгүй орхин” шийдвэрлэсэн.

 

6.3. Шүүхийн магадлалын үндэслэх хэсэгт “Шүүх нэхэмжлэлийн хүрээнд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны тогтоолын үндэслэлийг хянав” хэмээн ямар маргааныг хянаж байгаа талаараа тодорхой дурдаж шийдвэрлэсэн.

 

6.4. Дээрх магадлалд гаргасан давж заалдах гомдлыг Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхим хянан шийдвэрлэж, 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 52 дугаар тогтоол гаргасан.

 

6.5. Тогтоолд: “... тус хорооны 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 12 дугаар тогтоолоор өмгөөлөгч Э.Б нь Өмгөөллийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4, 15.2.1, 15.2.3, Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 19 дүгээр зүйлийн 19.2.1, 19.2.2-т заасныг тус тус зөрчсөнд тооцож “сануулах” хариуцлагыг хүлээлгэжээ ... өмгөөлөгч хууль, дүрэм зөрчихгүйгээр өмгөөллийн үйл ажиллагаа явуулах үүрэгтэй. Зөрчсөн тохиолдолд мөн хууль, дүрэмд заасан хариуцлага хүлээх учиртай” хэмээн хүлээлгэсэн хариуцлагын талаар дүгнэлт хийсэн.

 

6.6. Гэтэл “Г” ХХК-аас “Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн, өмгөөлөгч Э.Бд /ҮД:2080/ Өмгөөллийн тухай хуулийн 31.3.3 өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг хүчингүй болгох хариуцлага тооцож өгнө үү” гэх гомдлын шаардлагаар энэхүү хэргийг үүсгэсэн байна.

 

6.7. Өмгөөлөгч Э.Б миний гомдлоор үүссэн хэргийг шийдвэрлэхдээ 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 14 дүгээр магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 52 дугаар тогтоолоор Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны хуралдааны 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 12 дугаар тогтоолд заасан үйл баримт, үндэслэлийн талаар тодорхой дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн юм.

 

6.8. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6 дахь хэсэгт заасан “нэхэмжлэлд заасан үйл баримтын ... талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн ... тогтоол байгаа” гэж үзэх үндэслэл болж байна.

 

Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн 50 дугаар зүйлийн 50.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6, 109 дүгээр зүйлийн 109.2, 124 дүгээр зүйлийн 124.5 дахь хэсэгт тус тус заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

6. Иргэдийн төлөөлөгч Х.Ц шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

 

6.1. “Өмгөөлөгчийн ёс зүйн хувьд өөрийн үйлчлүүлэгчийнхээ эсрэг компанид ажилласан нь буруу, ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэж байна” гэсэн болно

 

ХЯНАВАЛ:

 

1. Шүүх нэхэмжлэлийн хүрээнд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн Монголын Өмгөөлөгчийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны тогтоолын үндэслэлийг хянав.

 

2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

2.1. Нэхэмжлэгч “Г” ХХК нь Монголын Өмгөөлөгчийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд холбогдуулан тус хорооны 2021 оны 11  дүгээр сарын 08-ны өдрийн 12 дугаар тогтоолд өөрчлөлт оруулж, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг хүчингүй болгох хариуцлага тооцуулахаар маргасан байна.

 

2.2. Монголын Өмгөөлөгчийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн хуралдаанаар өмгөөлөгч Э.Бд холбогдуулан гаргасан “Герман Монгол пропертиз” ХХК-ийн гомдлыг хянан хэлэлцээд Өмгөөллийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1-д заасныг баримтлан сануулах хариуцлага хүлээлгэжээ.

 

2.3. Ийнхүү хариуцлага тооцох болсон үндэслэлдээ “өмгөөлөгч Э.Б нь гомдол гаргагч “Г” ХХК-д хууль зүйн үйлчилгээ үзүүлэхдээ ... хувьцаа эзэмшигчдийн хооронд буюу “Г” ХХК, “Б” ХХК нарын хооронд ашиг сонирхлын зөрчил үүссэн гэж үзэхээр байхад урьдын үйлчилгээ үзүүлж ажиллаж байсан компанийн эсрэг компани болох “Б” ХХК-ийн өмгөөлөгчөөр оролцсон нь Өмгөөллийн тухай хууль болон Мэргэжлийн ёс зүйн дүрмийн дээрх заалтуудыг зөрчсөн” гэх дүгнэлтийг хийсэн байна.

 

2.4. Маргаан бүхий тогтоолд Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “Ашиг сонирхлын зөрчил гэдэгт дараах тохиолдлын аль нэгийг ойлгоно”, 19.2.1-д “нэг үйлчлүүлэгчид үйлчилгээ үзүүлэх нь тухайн өмгөөлөгчийн бусад үйлчлүүлэгчийнх нь шууд эсрэг байх”, 19.2.2-т “урьдын үйлчлүүлэгч, бусад үйлчлүүлэгч, гуравдагч этгээдийн өмнө хүлээсэн өмгөөлөгчийн үүрэг, эсхүл өмгөөлөгчийн хувийн ашиг сонирхол нь түүний үйлчлүүлэгчид үзүүлэх үйлчилгээг хязгаарлах бодит эрсдэл бий болох” гэж заасан ба Өмгөөллийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Өмгөөлөгчид өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх явцад дараах үйл ажиллагааг хориглоно” гээд 15.1.4-д “үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, хүсэл зоригийн эсрэг байр суурь илэрхийлэх, эсхүл хэрэг, маргааны эсрэг талд ашигтай аливаа үйлдэл хийх, үйлчлэх, мэдээлэл дамжуулах”, мөн заалтын 15.2-т “Өмгөөлөгч дараах тохиолдолд үйлчлүүлэгчид хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэхийг хориглоно” гээд 15.2.1-д “хэрэг, маргааны талаар үйлчлүүлэгчтэй ашиг сонирхлын зөрчилтэй”, 15.2.3-д “хэрэг, маргааны талаар үйлчлүүлэгчийн эсрэг ашиг сонирхол бүхий этгээдэд хууль зүйн мэргэжлийн туслалцаа, үйлчилгээ үзүүлж байгаа” гэж заасныг тус тус үндэслэжээ.

 

3. Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар “Монгол өмгөөлөл” ХХН нь “Г” ХХК-тай 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд эрх зүйн туслалцаа үзүүлэхээр “Хууль зүйн зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээ” байгуулж үйлчилгээ үзүүлсэн, уг гэрээ дуусгавар болсны дараа “Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Б” ХХК-д холбогдох олон улсын арбитрын маргаанд өмгөөлөгч Э.Б нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон буюу “урьдын үйлчлүүлэгч “Г” ХХК-ийн эсрэг этгээдийн төлөөлөгчөөр оролцсон” гэх үйл баримт тогтоогдож байна.

 

3.1. Нэхэмжлэгч компаниас шүүхэд гаргасан гомдлын үндэслэлдээ “... өмгөөлөгч Э.Б нь өмгөөлөгчид итгэх иргэний итгэлд зохих хэмжээгээр сөрөг нөлөөлөл үзүүлсэн, 4 сая еврогийн бодит хохиролтой эрүүгийн хэрэгт ашиг сонирхлын зөрчил гарган урьдын үйлчлүүлэгчийн эсрэг компанид өмгөөлөгчөөр ажиллаж байгаа” гэсэн байх боловч өмгөөлөгч Э.Бий үйлдэл өмгөөлөгчид итгэх иргэний итгэлд зохих хэмжээгээр сөрөг нөлөөлөл үзүүлсэн, нэхэмжлэгчид бодитоор хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Өөрөөр хэлбэл, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооноос өмгөөлөгч Э.Бд сахилгын шийтгэл ногдуулахдаа хэргийн нөхцөл байдалд зөв дүгнэлт хийж, гаргасан зөрчилд нь тохирсон сахилгын шийтгэл ногдуулсан байна гэж шүүх үзлээ.

 

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.4-т “Өмгөөллийн тухай хуулийн 7.7, 37.1-д заасан маргаан”-ыг давж заалдах шатны шүүх анхан шатны журмаар хянан шийдвэрлэнэ: гээд мөн хуулийн 113 дугаар зүйлийн 113.6-д “Шүүх энэ хуулийн 112.1.4-т заасан маргааныг хянан шийдвэрлэж, дараах байдлаар магадлал гаргана” гэж заасан байх ба 113.6.1-д “шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхих”, 113.6.2-т “шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангах”, 113.6.3-т “шийдвэрийг хүчингүй болгож, маргааныг дахин шалгуулахаар шийдвэр гаргасан байгууллага, албан тушаалтанд буцаана” гэж зохицуулжээ.

 

4.1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгч “Г” ХХК-ийн гомдлын шаардлагын дагуу Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны тогтоолд өөрчлөлт оруулах эрх зүйн зохицуулалт байхгүй, нэхэмжлэгчийн гомдлын шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй байна.

 

5. Түүнчлэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд холбогдуулан гаргасан “Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны хуралдааны 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 12 дугаар тогтоолыг хүчингүй болгож, өмгөөлөгч Э.Б Өмгөөллийн тухай хууль болон ёс зүйн дүрэм зөрчөөгүй болохыг тогтоолгох” тухай өмгөөлөгч Э.Бий нэхэмжлэлийг 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр захиргааны хэрэг үүсгэн хянаад 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 14 дүгээр магадлалаар Мэргэжлийн хариуцлагын хорооны 12 дугаар тогтоолыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Э.Бий нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

 

5.1. Монгол Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхим тус шүүхийн магадлалыг Э.Бий гаргасан гомдлоор хянаад 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 52 дугаар тогтоолоор Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 12 дугаар тогтоол, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 14 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Э.Бий гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

 

Өөрөөр хэлбэл, “Г” ХХК-ийн гомдлоор өмгөөлөгч Э.Бий гаргасан үйлдэлд “сануулах” сахилгын шийтгэл ногдуулсан Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 12 дугаар тогтоолыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх, Монгол Улсын дээд шүүхээс хянаад өмгөөлөгч Э.Бд ногдуулсан сахилгын шийтгэл нь түүний гаргасан зөрчилд тохирсон гэж дүгнэн хэргийг эцэслэн шийдвэрлэсэн байна.

 

Иймд шүүхээс Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2021 оны 11  дүгээр сарын 08-ны өдрийн 12 дугаар тогтоолд өөрчлөлт оруулж, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг хүчингүй болгох хариуцлага тооцуулахнэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.4, 113 дугаар зүйлийн 113.6.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Өмгөөллийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2, 15.2.1, 15.2.3, 31 дүгээр зүйлийн 31.3.1-д заасныг тус тус баримтланМонголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны хуралдааны 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 12 дугаар тогтоолыг хэвээр үлдээж, “Г” ХХК-ийн Монголын Өмгөөлөгчийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд холбогдуулан гаргасан “Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2021 оны 11  дүгээр сарын 08-ны өдрийн 12 дугаар тогтоолд өөрчлөлт оруулж, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг хүчингүй болгох хариуцлага тооцуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангахгүй орхисугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                       Д.БААТАРХҮҮ

 

 

ШҮҮГЧ                                                                                  Д.ОЮУМАА

 

 

ШҮҮГЧ                                                                                  А.САРАНГЭРЭЛ