Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2018/00535

 

Ц.Аийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч С.Энхтөр, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШШ2017/02374 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ц.Аийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: С.Дт холбогдох

 

Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлтэй, гэр бүлийн дундын өмчийг хуваах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагч С.Д, хариуцагчийн өмгөөлөгч Л.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

 

            Нэхэмжлэгч Ц.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:  Өмнө нь 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан ба шүүхээс  3 сарын эвлэрэх хугацаа өгсөн боловч бид эвлэрээгүй тул дахин нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь хариуцагчтай 2009 оны 03 дугаар сарын 04-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн. Хамтын  амьдралын хугацаанд бүх зүйлийг хамтын хөдөлмөрөөр хийсэн. Нэхэмжлэгч "Н" ХХК-нд инженерээр ажиллаж, хариуцагч нь гэр бүлийн бизнес болох бэлэг дурсгалын зүйл, гар утасны нэгж, гар утасны дагалдах хэрэгсэл худалдаалах мөн зурагчны газар ажиллуулж байсан. Сэтгэл санаа болон зан харьцааны хувьд таарч тохирохоо больсон, байнгын хардаж сэрдэн, хэл амаар доромжлох нь хэрээс хэтрээд гэр орондоо амгалан тайван байх нөхцөлгүй болоод байгаагаас гадна албан байгууллага дээр ирж хамт олны өмнө агсам согтуу тавьж, компанийн ерөнхий захиралтай утсаар ярьж, хамт олны өмнө нэр хүндийг унагаасан. Хамтын амьдралын хугацаанд хүүхэдтэй болоогүй. Олон дахин эмчилгээ хийлгэсэн ч үр дүнд хүрээгүй. Одоо хамт амьдрах боломжгүй тул  гэрлэлтийг цуцалж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч С.Д шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Гэр бүл болоод 19 жил амьдарсан,  салах  шалтгаан байхгүй.Өөрийн  хөдөлмөрөөр амьдралыг босгосон. Зодох, хөөх, хоолойг  боох зэргээр араншин гаргаж байсан. Энэ бүхнийг  тэвчин амьдарсан ч 2013 оны  12  сараас гэрийн хаалганы цоожны  голыг сольж орох боломжгүй болгосон тул найз нөхөд ах дүүгийн гэр орноор амьдрах болсон. Ц.А нэхэмжлэлдээ дундын эд хөрөнгийн маргаангүй гэжээ. Гэтэл  110 000 000 төгрөгийн үнэтэй Баянгол дүүрэг, 7 хороо, 3 хороолол, 33 байр, 42 тоот 2 өрөө орон сууц, мөн Г банкны зээлээр авсан 99 035 500 төгрөгийн үнэ бүхий 2 өрөө орон сууц, 4 550 000 төгрөгийн үнэ бүхий гэрийн эд хогшил, 8 050 000 төгрөгийн үнэ бүхий ажлын тоног төхөөрөмж, 22 000 000 төгрөгийн үнэ бүхий автомашин, бусдаас авах авлага 34 840 000 төгрөг, банк бус болон бусдад төлөх өр зээл 98 000 055 төгрөг 2013 оны 07 сарын 17-ны байдлаар  хадгаламжийн данс дахь үлдэгдэл 23 397 078 төгрөг зэрэг нь дундын өмчид хамаарах тул тэнцүү хуваагдах ёстой гэж үзэж байна. Нөхөр Ц.А нь дарамталж хүч хэрэглэн 2013 оны 10 сарын 14-ны өдрийн "Эвлэрлийн гэрээ"-нд гарын үсэг зуруулсан. Ц.А нь орон байраа захиалж тусдаа амьдар, орох оронтой болгоно гэж хэлж итгүүлсэн, мөн эвлэрлийн гэрээнд гарын үсэг зурчихвал дээрх тохироо биелэгдэнэ гэж шаардаж байсан тул зурсан. Мөн гэрийн эд хогшил, тавилгыг амьдрах хугацаандаа 3 удаа шинэчилсэн, өөрт ногдох хөрөнгөө авч чадаагүй хохирсон. Ц.Аийн ах Алтанцомирлогийн хүү Мөнхбаярыг Герман улс руу явахад нь өгсөн 3000 ам доллар буюу 5 340 000 төгрөг, Ц.Аийн ах А-т иж бүрэн тоноглолтой монгол гэр авч өгсөн 1 000 000 төгрөг, Ц.А-ийн ах н.А-д иж бүрэн тоноглолтой монгол гэр авч өгсөн 1 500 000 төгрөг, нийт 7 840,000 төгрөгийг зарцуулсан мөн эгчид өгсөн 7 000 000 төгрөг зэрэг нь дундын өмч юм. Дундын өмчийн авлагаас 20 000 000 төгрөгийг аваад энэ мөнгө нь байрны урьдчилгаанд хүрэхгүй байсан тул Б.Ж-гаас 15 200 000 төгрөгийг зээлж данс руу хийлгэсэн, үлдсэн мөнгийг машины үнээр төлсөн. Ц.Аийн зөвшөөрлөөр тохиролцсоны дагуу 25 200 00 төгрөгийн зээл авсан нь одоо хүртэл төлөгдөөгүй байна. Байрны өр зээлийн үргэлжлэл болох Г банктай 2014 оны 01 сарын 05-ны өдөр байгуулсан "Зээлийн гэрээ"-гээр 50 000 000 төгрөгийг 10 жилийн хугацаатай авсан. Хамтын өр зээл юм гэжээ.

 

Хариуцагч С.Д шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өөрийн амьдарч байсан орон сууцнаас ногдох хувиа авах ёстой тул  2013 оны 10 сарын 14-ний өдөр байгуулсан “Эвлэрлийн гэрээ”-нээс дараах үндэслэлээр татгалзаж байна. Үүнд:

Дарамтын дор байгуулагдсан эвлэрлийн гэрээгээр гэр бүлийн бүх өр зээлийг надад үлдээсэн, Ц.А нь  орон байртай болгоно гэж удаа дараа тохиролцсоны үндсэн дээр 2013 оны 05 дугаар сард байрны захиалга өгч, банкны зээл авсан нь  хамтын амьдралтай байх үед бий болсон өр зээл, байрны урьдчилгаанд өгөхийн тулд бусдаас авсан зээл, зээлийн хүү зэрэг өр төлбөртэй үлдсэн. Хамтран өмчлөх дундын хөрөнгө болох Баянгол дүүрэг, 7 хороо, 3 хороолол, 33 байр, 42 тоот 2 өрөө орон сууцны хамтран өмчлөлөөс нэр хасуулах хэлцэл хийгдсэн. Иймд эвлэрлийн болон байрны өмчлөгчөөс нэр хасуулах  гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, Баянгол дүүрэг, 7 хороо, 3 хороолол, 33 байр, 42 тоот 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, орон сууц, өр төлбөр, зээл, эд хогшил тоног төхөөрөмж бусдаас авах авлага зэргийг адил тэнцүү хэмжээгээр шийдвэрлүүлэхийг хүсэж байна. Үүнд:  хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хөрөнгийг мөнгөн дүнгээр тооцож 69 033 566 төгрөг буюу Г банкнаас авсан өр зээл 72 800 055 төгрөгийн 50 хувь 36 400 027 төгрөг, Жгийн зээл 25 200 000 төгрөгийн 50 хувь 12 600 000 төгрөг, Хадгаламжийн үлдэгдэл 23 992 500 төгрөгийн 50 хувь, 7 420 000 төгрөгийн эд хогшил 4 550 000 төгрөгийн 915 000 төгрөгийг Ц.Аөөс гаргуулж,  хамтран өмчлөх дундын үл хөдлөх эд хөрөнгө болох 85 000 000 төгрөгийн үнэ бүхий Баянгол дүүрэг, 7 хороо, 3 хороолол, 33 байр, 42 тоот орон сууцны өөрт ногдох 50 хувь буюу 42 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

            Нэхэмжлэгч Ц.А сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “Эвлэрлийн гэрээ”-гээр дундын өмч хөрөнгөө харилцан тохиролцож шийдвэрлэсэн. Гэрлэгчид , мөн хоёр талын өмгөөлөгч нар байлцаж Эвлэрлийн гэрээг байгуулсан. Эвлэрлийн гэрээгээр хариуцагч 72 160 000 төгрөг, мөн дундын өмчийн хөрөнгөөр байр худалдан авахад төлсөн мөнгөнөөс Г банкнаас 5 385 000 төгрөгийг  С.Д авсан. Ийнхүү нийт 77 545 000 төгрөгийг  С.Д авсан. Баянгол дүүргийн 7 дугаар хороо 33 байрны 42 тоот 2 өрөө орон сууцыг  эцэг эхээс өвлөж авсан. 915,000 төгрөгийн үнэтэй тавилга, эд хогшлыг өгөхийг зөвшөөрч байна.  С.Дийн авсан эд хөрөнгө нь 82  255 000 төгрөг. Задаргааг  нь хэлвэл  бэлэн 20 сая төгрөг, Ниссан мурано маркийн авто машиныг 22 сая төгрөгөөр зарсан, С Дийн нэр дээрх 9  240  000 төгрөгийн газар, ажлын тоног төхөөрөмж  15 сая төгрөгийн бараа, бусдаас авах авлага 7 сая төгрөг, орлогын бэлэн мөнгө 4  510 000 төгрөг,  гэрийн тавилга 1 360 000 төгрөг, Г банкны илүү төлөлт 5 385 000 төгрөг.  Банктай холбоотой бүх зээлийн гэрээ хэрэгт авагдсан байгаа. Б.Жгаас авсан гэх 25 200 000 төгрөг бол түүний ээж анх С.Дээс 20 төгрөг зээлээд хүүтэй хамт 25 200 000 төгрөг буцааж авсан байдаг. Өөртөө авсан мөнгөөрөө С.Д байр авсан. Гэтэл шүүхэд байрны төлбөрийн 50 хувийг төлүүлнэ гэж байгаа нь үндэслэлгүй гэжээ.

 

Шүүх: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар Боржигон овогт А, Д нарын гэрлэлтийг цуцалж, Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.3-т зааснаар Ц.А-өөс 915 000 төгрөг гаргуулж, С.Дт олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас Баянгол дүүрэг, 7 хороо, 3 хороолол, 33 байр, 42 тоот 2 өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгож, зөрчигдсөн эрхээ сэргээлгэн, улсын бүртгэлд бүртгүүлэх, өөрт ногдох хувь буюу 42 500 000 төгрөгийг гаргуулах, Г банкнаас авсан өр зээл 72 800 055 төгрөгийн 50 хувь 36,400,027 төгрөг, Б.Жгаас авсан зээл 25 200 000 төгрөгийн 50 хувь 12 600 000 төгрөг, Хадгаламжийн дансан дахь үлдэгдэл 23 992 500 төгрөгийн 50 хувь 11 698 539 төгрөг, бусдаас авах авлага 14 840 000 төгрөгийн 50 хувь 7 420 000 төгрөг, нийт 110 618 566 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-Д зааснаар нэхэмжлэгч Ц.Аөөс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, 26 510 төгрөг гаргуулж хариуцагч С.Дт, С.Дээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 944 650 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 70 200 төгрөг гаргуулж, Ц.Ат олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч С.Д давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх гэрлэгчдийн хамтын амьдралын хугацааг  зөрүүтэй байдлаар дүгнэсэн.  Нэхэмжлэгч Ц.А нь Баянгол дүүрэг, 7 хороо, 3 хороолол, 33 байр, 42 тоот 2 өрөө орон сууцыг өөрийн хуваарьт хөрөнгө гэж маргадаг ч дундын өмч. Айлгаж байгаад 2 гэрээнд гарын үсэг зуруулсан. Баянгол дүүрэг, 7 хороо, 3 хороолол, 33 байр, 42 тоот 2 өрөө орон сууцнаасаа ногдох хувиа авч чадахгүй байдалд хүргэж хохироолоо.

 С.Дийг орон байртай болгоно, зээл авахад чинь тусална гэх зэргээр итгэл үнэмшил үзүүлж ярилцаад дундын хөрөнгөнөөсөө 20 000 000 сая төгрөгийг орон сууц авахад зарцуулсанаа хэн аль нь зөвшөөрч маргадаггүй учраас 48,31 м\кв орон сууцны үнэ 99 035 500 төгрөг, зээл 50 000 000 сая төгрөг, Б.Жгаас зээлдсэн 25 200 000 сая төгрөгийг дундын өр зээлүүд үүссэн. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж,сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж чадаагүй, гэрлэгчдийн хамтран өмчлөх дундын өмчийн маргааныг хуульд зааснаар шийдвэрлэж чадаагүйг зөвтгөн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Ц.А нь хариуцагч С.Дт холбогдуулан гэрлэлт цуцлуулахыг , хариуцагч нь сөрөг нэхэмжлэлээр гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчийг хуваахыг шаарджээ.

 

Гэрлэгчид 1999 онд гэр бүл болж, 2009 оны 3 дугаар сарын 4-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн. Хамтын амьдралын хугацаанд хүүхэдтэй болоогүй, хоорондын таарамжгүй зан харьцааны улмаас тусдаа амьдрах болсон гэх бөгөөд шүүхээс 3 сарын эвлэрүүлэх хугацаа өгсөн ч үр дүнд хүрээгүй тул анхан шатны шүүхээс гэрлэлтийг цуцалсан нь хуульд нийцжээ.

 

Нэхэмжлэгч нь дундын өмчийн маргаантай асуудлыг 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн эвлэрлийн гэрээгээр зохицуулсан, одоо дундын өмчийн маргаангүй гэж сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.

 

Гэрлэгчид 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Эвлэрлийн гэрээгээр дундын өмчийн асуудлын зарим хэсгийг зохицуулсан нь хууль зөрчсөн, эсхүл хүч хэрэглэж хийсэн хэлцэл гэж дүгнэх үндэслэлгүй байна. Гэвч гэрлэгчдийн дундын өмчийг шинжээч томилон үнэлүүлэхэд гэрээгээр тохиролцсон үнэлгээнд өөрчлөлт орсон, гэрээний зарим заалт биелэгдэх боломжгүй болсон зэрэг шалтгаанаар дундын өмчийг хуваах Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дахь хэсэгт заасан агуулгад нийцээгүй тул гэрээний зарим заалтыг баримтлах боломжгүй болсон байна.

 

Түүнчлэн 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцлээр С.Д нь Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 3-р хороолол, 33 дугаар байрны 42 тоот 2 өрөө сууцны өмчлөгчөөс хасагдсан нь уг хөрөнгийг дундын өмч биш гэж үзэх үндэслэл болохгүй юм. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4-д зааснаар гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө гэр бүлийн хамтран өмчлөх дундын өмч мөн.

 

Гэрлэгчдийн дундын өмчийг гэрээгээр хуваасан байдлыг харьцуулан дүгнэж үзвэл:

Нэхэмжлэгч Ц.А нь Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 3-р хороолол, 33 дугаар байрны 42 тоот хаягт байрлах 85 000 000 төгрөгийн үнэ бүхий байрыг өмчлөлдөө авсан байна.

 

Хариуцагч С.Д нь 20 000 000 төгрөг бэлнээр, Ниссан мурано маркийн машиныг бусдад худалдаж олсон орлого 22 000 000 төгрөг, 9 240 000 төгрөгийн үнэ бүхий газар, 8 050 000 төгрөгийн тоног төхөөрөмж, гэрийн тавилга 1 360 000 төгрөг, Г банкнаас буцаан олгосон гэх 5 385 000 төгрөг зэрэг нийт 66 035 000 төгрөгийн хөрөнгө өөртөө авсан гэж үзэх үндэслэлтэй байна. Харин хоорондын шаардлагад хамаарах эсэх нь тодорхойгүй бусдаас авах авлага, бэлэн мөнгө 4 510 000 төгрөг гэх мэт хөрөнгүүд бодит байдалд байсан гэдэг нь эргэлзээтэй, нотлогдохгүй байна.

 

Дээрх байдлаас үзэхэд Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт гэр бүлийн нэг гишүүнд ногдох эд хөрөнгийн хэмжээ нь насанд хүрээгүй, хөдөлмөрийн чадваргүй бүх гишүүнийг оролцуулан нийт гишүүдэд адил байна гэж заасан тул нэхэмжлэгч Ц.Аөөс 19 005 000 төгрөг гаргуулж хариуцагч С.Дт олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзлээ.

 

Харин хэргийн баримтаас үзэхэд С.Д нь дундын өмчийн өөрт ногдох хэсгээс авч байрны урьдчилгаанд төлсөн, өөрөө иргэнийхээ хувьд иргэний эрх зүйн гүйлгээнд орж байгуулсан гэрээний үүргийн биелэлтийг өөрөө хариуцах үүрэгтэй юм.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэсэгчлэн хангав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШШ2017/02374 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад “915 000”  гэснийг “19 005 000” гэж, 4 дэх заалтын “26 510” гэснийг “252 975 ” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч С.Дийн төлсөн 715 618 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Н.БАТЗОРИГ

 

                               ШҮҮГЧИД                                                      С.ЭНХТӨР

 

                                                                          Ш.ОЮУНХАНД