Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 2023/ШЦТ/407

 

 

 

 

 

 

 

 

   2023        06          14                                   2023/ШЦТ/407

 

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Галбадар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Будмаа,

улсын яллагч Г.Булаг-Ундрал,

шүүгдэгч Н.М нарыг оролцуулан тус шүүхийн байрны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2311 00698 0830 дугаартай хэргийг 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт Н-ын М /РД:хх0000000/, Монгол Улсын иргэн, 1992 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, “Ххххххх” ХХК-д мужаан ажилтай, ам бүл 4, эх, эгч, дүүгийн хамт Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 0-0 тоотод орших суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Н.М нь 2023 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэйн 0-0 тоотод байрлах нийтийн байранд хохирогч Б.О тай маргалдан, улмаар хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг халдаж тавхайн хэсэгт дэвсэж хүний биед зүүн тавхайн эрхий хуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцраал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэллийг хүлээж авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 5 дахь тал), хохирогч Б.О ын мэдүүлэг (хавтаст хэргийн 7-8 дахь тал), Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн Дугаар 4182 тоот дүгнэлт (хавтаст хэргийн 14-15 дахь тал) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамаараалтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Н.М нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль буцсаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эхэн хэргийн улмаас хохирогч Б.О  нь мөрдөн шалгах ажиллагааны үед эмчилгээний зардалтай холбоотой хохирол нэхэмжлээгүй бөгөөд “...Н.М гэх хүнээс эмчилгээний зардал, ажилгүй байх хугацааны цалингаа нөхөж авсан тул гомдолгүй байна.” (хавтаст хэргийн 61 дэх тал) гэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ илэрхийлсэн байна. Мөн иргэний нэхэмжлэгч Д.Гантуяа мэдүүлсэн “...Б.О  нь 2023 оны 3 дугаар сарын 31-ны өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвийн гэмтлийн яаралтай тусламж 161.000 төгрөг, 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Хан-Уул ЭМТ, амбулаторийн үзлэг 15.000 төгрөг, 2023 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Хан-Уул ЭМТ, амбулаторийн үзлэг 15.000 төгрөг, Амбулаторын хяналтын үззлэг 11.000 төгрөг, 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Хан-Уул ЭМТ, амбулаторийн үзлэг, оношилгоо шинжилгээний багц 57.000 төгрөг, 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Хан-Уул ЭМТ, амбулаторийн үзлэг 15.000 төгрөгийн зардал гарсан нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 04/1917 дугаартай албан бичгээр тогтоогдож байх тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч Н.М-аас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 54 дэх тал), Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн №04/1917 албан тоот, хавсралтын хамт (хавтаст хэргийн 50-51 дэх тал) зэрэг баримтууд авагдсан байна. Шүүгдэгч Н.М нь 2023 оны 6 дугаар сарын 08-ны өдөр 275.000 төгрөгийг Төрийн сангийн 100900020080 тоот дансанд тушаасан баримт (хавтаст хэргийн 63 дахь тал) хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч Н.М нь энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй байна.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтанд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдож байна.

 Иймд шүүгдэгч Н.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М-т 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь зүйтэй гэж дүгнэв.

Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:

Шүүгдэгч Н.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурьдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Н-ын М /РД:хх0000000/-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М-т 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М-т оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Н.М-т сануулсугай.

5. Шүүгдэгч Н.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлэгдээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурьдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.М-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Л.ГАЛБАДАР