Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 2023/ШЦТ/403

 

 

 

 

 

 

 

 

    2023        06          13                                     2023/ШЦТ/403

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Баярчимэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг нээлттэйгээр хянан хэлэлцсэн шүүх хуралдааныг

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Галбадар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Будмаа,

улсын яллагч Б.Баярчимэг,

хохирогч О.Э,

шүүгдэгч Б.Э   нарыг оролцуулан эрүүгийн 2311 00741 0823 дугаартай хэргийг 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авсныг 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт Б-н Э /РД:хх0000000/, Монгол Улсын иргэн, 1996 оны 2 дугаар сарын 29-ний өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, Хххххх группт ерөнхий менежер ажилтай, ам бүл 7, эцэг, эх, дүү, хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо 0-0 тоотод оршин суух бүртгэлтэй,

урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 216 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай,

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Э   нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Тухайн үед би хохирогчид гэмтэл учруулсан гэдгийг цагдаа дээр очоод мэдсэн. Дараа нь хохирогч руу хохирлоо барагдуулъя, уучлаарай гэж хэлэх гээд утсаараа залгатал утсаа авахгүй байсан учраас “Уучлаарай, би хохирлоо барагдуулъя. Боломжтой бол эмнэлэг рүү хамт явж үзүүлье” гэж мессеж бичсэн. Дараа нь би хохирогчтой прокурор дээр уулзсан. Тэгээд гар бариад шүүх дээр уулзъя гээд салсан. ... 180,000 төгрөг нэхэмжилсэн учраас барагдуулсан. ... Хохирогчийн ярианы өнгө аяс болон зарим зүйлс нь надад таалагдаагүй. Хохирогч О.Э тухайн хэргийн дараа нь өөрийнхөө яриагаа цэгнэж байя гэж хэлсэн” гэв.

Хохирогч О.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Шүүгдэгч Б.Э   өөрийн хийсэн буруу үйлдэлдээ гэмшиж байгаа учраас түүнд хөнгөн ял оногдуулж өгнө үү. ... Би ёжилсон маягтай, сонин ярианы өнгө аястай ярьсан. ... Би тухайн үед уурлаж, шаналсан байсан. Түүнийгээ гаргахын тулд түүнийг загнаж, яриаг нь тасалсан учраас уурласан. ... Шүүгдэгч Б.Э  ээс нэхэмжлэх зүйл байхгүй. Ямар нэг гомдол, саналгүй” гэв.

Хавтаст хэргээс хохирогч О.Э, гэрч О.Түшиг нарын мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрийн шинжээчийн 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн Дугаар 4440 тоот дүгнэлт, шүүгдэгч Б.Э  ийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг зэрэг  болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд:

            Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Э   нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн асуудлаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлж, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөх байр суурьтай оролцсон байна.

            Шүүгдэгч Б.Э   нь Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Репаблик” гэх пабад хохирогч О.Э тай маргалдаж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг халдаж хохирогчийн нүүрэн тус газарт нь гараараа цохиж зодсоны улмаас хүний биед дээд уруулд язарсан шарх, зулгаралтаас үлдсэн нөсөө, доод 2 шүдний паалангийн эмтрэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

Шүүх шинжилгээний ерөнхий газрийн шинжээчийн 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн Дугаар 4440 тоот дүгнэлтэнд “...О.Э ын биед дээд уруулд язарсан шарх, зулгаралтаас үлдсэн нөсөө, доод 2 шүдний паалангийн эмтрэл гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтлүүд тухайн үед учирсан байх боломжтой байна. ...Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” (хавтаст хэргийн 23-24 дэх тал) гэх дүгнэлтээр хохирогч О.Э ын биед Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Дугаар А/216/422 тоот тушаалаар батлагдсан “Гэмтлийн зэрэг тогтоох, цогцост шинжилгээ хийх” журамд заасан хөнгөн хохирол учирсан байна.  

Энэхүү хөнгөн хохирол учирсан үйл баримтын талаар оролцогч нар мэдүүлэхдээ:

Хохирогч О.Э мэдүүлсэн: “...2023 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Ард кино театрын тэнд Маргад, Түшиг бид гурав тухайн газарт ороод байж байтал Б.Э  гаднаас орж ирээд манай 2 найз Маргад, Түшиг хоёртой гар бариад мэндлээд харин надтай бол алгадаж мэндлээд би чамд уураа гаргах болно гээд миний өөдөөс хараад ширээн дээр суусан.” Өмнө надаас мөнгө зээлж авчихаад төлсөн. Гэхдээ сэтгэл дундуур өгчихөөд юм бодоод надаас хэрүүл хийгээд суугаад байсан би өөдөөс нь хэдэн юм хэлэхээр намайг цохих гээд байсан тэгээд тайвширч байгаад намайг гэнэдүүлээд нүүр рүү 2-3 удаа цохисон тэгээд найз Маргад салгасан ...миний нүүр толгой хэсэгт нэг удаа алгадсан, 2-3 удаа гараа атгаж байгаад цохьсон” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16 дахь тал),

Гэрч О.Түшиг мэдүүлсэн: “...2023 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо  Ард кино театрын арын “Репаблик” пабад орой 22 цагийн орчим Маргад, О.Э  бид гурав уулзаад юм яриад байж байтал араас Б.Э  орж ирээд Маргад бид хоёртой гар барчихаад О.Э руу харчихаад шууд зүүн талын хацар хэсэгт нь нэг удаа алагдчихаад ширээн дээр суусан. Б.Э , О.Э хоёр маргалдаад байсан болохоор гол нь Маргад суугаад бүгд ширээн дээр сууцгаасан Б.Э , О.Э тай маргалдаад дайраад бас ширээн дээр байсан пивоны шилийг барьж авч шидэх гээд байхаар нь би аваад ширээний доор тавьсан, Б.Э  босоод О.Э ыг нүүрэнд 1-2 удаа цохихоор нь Маргад хажууд нь байсан болохоор салгаад удалгүй Б.Э  яваад өгөхөөр нь О.Э цагдаад дуудлага өгнө гээд дуудлага өгсөн ...О.Э ын нүүрэнд гараараа 1-2 удаа цохисон. Нэг удаа алгадсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дахь тал),

Шүүгдэгч Б.Э   яллагдагчаар мэдүүлсэн “...Тухайн хэрэг гарсан өдөр буюу 2023 оны 3 дугаар сарын 25-ны өпөр Ард кинотеатрын хажууд байрлах нэг ресторанд уулзсан. Тухайн орсон паб нэрийг санахгүй байна, анх удаа очсон. Тэгсэн Маргад анх манай найз О.Э  хамт сууж байсан тэгээд О.Э  ярьдаг хачин зүйлүүдээ яриад байхаар нь “бид нараас өөр хүн байсан бол чамайг ална шүү дээ битгий ийм юм ярьж бай” гээд О.Э ыг 1-2 удаа алгадаад найз Маргад салгаад би тэгээд гараад яваад өгсөн.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 48 дахь тал) зэрэг болон бусад нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Э   нь хохирогч О.Э ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь хангалттай, хөдөлбөргүйгээр нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Э   нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж өөрийн үйлдлээр хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэмт хэргийг санаатай үйлджээ.

Хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Б.Э  ийн үйлдсэн гэмт хэргийг прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Б.Э  ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

            Хавтаст хэрэгт авагдсан хохирогч О.Э аас М...... и......... с....... эмнэлэгийн эмчилгээний зардалтай холбоотой 180.000 төгрөгийн баримт ирүүлсэн (хавтаст хэргийн 40 дэх тал), шүүгдэгч Б.Э   нь хохирогч О.Э ад 180.000 төгрөгийг төлсөн талаарх баримтыг ирүүлсэн, хохирогч О.Э нь “...шүүгдэгч Б.Э  ээс нэхэмжлэх зүйл байхгүй. Ямар нэг гомдол, саналгүй” гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн байх тул шүүгдэгч Б.Э   нь бусдад төлөх төлбөргүй байна.

            Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Б.Э  т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх санал зэргийг тус тус харгалзан үзлээ.

            Шүүгдэгч Б.Э   нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтанд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Иймд шүүхээс шүүгдэгч Б.Э  т ял оногдуулахдаа шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэв.

            Шүүгдэгч Б.Э  ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохируулан, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилго, улсын яллагчийн санал зэргийг харгалзан шүүгдэгч Б.Э  т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж зэргийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчим болон эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэв.  

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн энэхүү хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлэгдээгүй, шүүгдэгчийн бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурьдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Б-н Э /РД:хх0000000/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Шүүгдэгч Б.Э  т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э  т оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Э  т сануулсугай.

5. Шүүгдэгч Б.Э   нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлэгдээгүй, шүүгдэгчийн бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурьдсугай.  

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э  т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Л.ГАЛБАДАР