Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 2023/ШЦТ/150

 

                                       

 

                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гантөгс даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, улсын яллагч ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Алтанцэцэг, шүүгдэгч К.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар эрүүгийн 2236002570249 дугаартай хэргийг ******* аймгийн Эрүү,Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 2023/ДШМ/09 дугаартай магадлалаар анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр ирүүлснийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1989 оны 03 дугаар сарын 01-ний өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 33 настай, эмэгтэй, дээд боловсролтой, малын их эмч мэргэжилтэй, ******* аймгийн ******* сумын *******ынд номын санч ажилтай, ам бүл 8, нөхөр, хүүхдүүдийн хамт ******* аймгийн ******* сумын 02 дугаар ( ) багт оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* ургийн овогт *******ын *******, регистрийн дугаар: ПЙ*******

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч К.******* нь 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр ******* аймгийн Жаргалант сумын багийн нутагт байрлах Баруун бүсийн зах дотор үйл ажиллагаа явуулдаг Мишээл-Од гоо сайхны дэлгүүрийн лангуун дээрээс “iphone 13 pro max” загварын гар утас олж авсан, улмаар уг олж авсан гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж өөрөө ашиглан завшсаны улмаас хохирогч П.*******д 3’700’000 төгрөгийн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

              Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгээр дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

1. Хохирогч П.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... “2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр манай дүү П.а “зах орчихоод ирмээр байна, та надад утсаа өгч байгаач” гэхээр нь би өөрийн iphone 13 загварын гар утсаа өгөөд явуулсан. Дүү П.а миний нөхөр Э.-ын хамтаар 17-18 цагийн үед бараан зах орохоор яваад 30-40 минутын дараа гэртээ ирсэн. Тухайн үед дүү П.а “би гар утсаа гээчихлээ” гэж надад хэлсэн. Тэр үед би гар утас алга болсон гэдгийг мэдсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35 дугаар хуудас);

- Гэрч П.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...“2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр гэртээ байж байгаад 17-18 цагийн үед бараан зах орохоор ах Э.-ын хамтаар явсан. Би зах явахдаа эгч П.*******ын гар утсыг аваад явсан юм. Бид хоёр гоо сайхны дэлгүүр ороод бараа аваад буцаж гарч яваад тээврийн хэрэгсэлдээ орж ирээд утсаар ярих гэтэл миний авч явсан утас алга болчихсон байсан. Би ах Э.-д “миний утас алга болчихсон байна” гээд 99173564 дугаар луу залгахад холбогдох боломжгүй болчихсон байсан. Бид хоёр буцаад гоо сайхны дэлгүүрт ороход миний гар утас байхгүй болохоор нь гадуур явсан газруудаар хайхад олдоогүй. ...маргааш нь буюу 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр барааны зах дээр үйл ажиллагаа явуулдаг гоо сайхны дэлгүүрт буцаж очоод худалдагчаас нь хяналтын камераа шүүгээд өгөөч гээд шүүлгэж үзэхэд би тухайн гоо сайхны дэлгүүрт худалдан авалт хийж байх үедээ гар утсаа лангуун дээр тавьсан байсныг хүүхэд тэвэрсэн эмэгтэй хүн аваад явж байгаа бичлэг байсан. Уг бичлэгийг гар утсандаа бичиж аваад гадуур явж байгаа хүмүүст үзүүлэхэд нэг эрэгтэй хүн тухай эмэгтэй хүнийг хараад “би наад эмэгтэйг чинь танина, манай нутгийн хүн байна” гээд утасны дугаарыг нь олж өгөөд тэр эмэгтэй хүнтэй утсаар яриад “та миний утсыг авсан байна, утсаа авах гэсэн юм” гэж хэлээд утсаа авсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24 дүгээр хуудас);

 - Гэрч Э.-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... “2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр гэртээ байж байгаад 17-18 цагийн үед бараан зах орохоор дүү П.ын хамт явсан. Бид хоёр бараан зах дээр ирээд манай дүү П.а зах руу орсон. ...П.а зах руу ороод 10-15 минут болоод гарч ирээд утсаар ярих гээд утсаа хайхад олдоогүй. Тэр үед дүүгийн 99173564 дугаар луу нь залгахад холбогдох боломжгүй болчихсон байсан. ...2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр барааны зах дээр үйл ажиллагаа явуулдаг гоо сайхны дэлгүүрт буцаж очоод худалдагчаас нь хяналтын камераа шүүгээд өгөөч гээд шүүлгэж үзэхэд манай дүү тухайн дэлгүүрт худалдан авалт хийж байх үедээ гар утсаа лангуун дээр тавьсан байсныг хүүхэд тэвэрсэн эмэгтэй хүн аваад явж байгаа бичлэг байсныг гар утсан дээрээ бичиж аваад цагдаагийн алба хаагчдад үзүүлээд гадуур хайсан. Гадуур хайж явахад миний таньдаг нэг хүн таараад тухайн бичлэг, зургийг үзүүлэхэд тухайн эмэгтэй хүнийг хараад “би наад хүнийг чинь танина, манай нутгийн хүн байна” гээд утасны дугаарыг нь олж өгсөн. Би тэр эмэгтэй хүнтэй 86867719 дугаар луу залгахад утсаа аваагүй. Цагдаагийн алба хаагч тухайн хүнтэй холбогдож ярьж байгаад авч өгсөн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27 дугаар хуудас);

- Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “...Баруун бүсийн зах дотор үйл ажиллагаа явуулдаг “Мишээл-Од” гоо сайхны дэлгүүрийн 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 16:27 цагаас 16:45 цаг хүртэлх хяналтын камерын бичлэгт үзлэг хийхээр тогтов. ...- Эмэгтэй-1 шилэн лангуун дээр тавьсан барааг үзэж байгаад 16:29:16 цагт зүүн гартаа барьж байсан гар утсаа шилэн лангуун дээр тавиад хажуу талын сагстай барааг үзэж байгаад бараа авч худалдагч дээр очин тооцоо хийж 16:32:40 цагт зүүн талын хаалгаар гарч явсан байна. - Эмэгтэй-2 орж ирээд чигээрээ явсаар байгаад зүүн талын хаалганд тулд очоод зүүн эргэж хөндлөн тавьсан лангуунууд дээрээс бараа үзэж байгаад 16:32:01 цагт эмэгтэй-1- ийн шилэн лангуун дээр тавьсан гар утасны хажууд очиж зогсон 16:32:07 цагт охин-1-ийн барьж байсан цэнхэр эрээн өнгийн тортой зүйлийг авч тухайн гар утасны баруун талд тавьж байв. Эмэгтэй-2 урдаа тэвэрч байсан хүүхдээ охин-1-т өгч тэврүүлээд өөрөө охин-1-ийн барьж байсан гар цүнхийг авч 16:33:01 цагт эмэгтэй-1-ийн орхисон гар утасны урд талд тавив. ...– Эмэгтэй-2 16:39:02 цагт эмэгтэй-1-ийн орхисон гар утсан дээр давхарлаж тавьсан өөрийнхөө гар утсыг лангуунаас хөндийрүүлэхгүй оролдож байгаад 16:39:35 цагт өөрийнхөө хар өнгийн гар цүнхийг утаснууд дээр тавьж нийлүүлэн барьж 16:39:47 цагт дэлгүүрийн зүүн талын хаалгаар гарч явав” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 38 дугаар хуудас)

Дээрх нотлх баримтуудыг  нэгтгэн дүгнэвэл 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр ******* аймгийн Жаргалант сумын 01 дүгээр () багийн нутагт байрлах Баруун бүсийн  зах дотор үйл ажиллагаа явуулдаг Мишээл-Од гоо сайхны дэлгүүрийн лангуун дээр гэрч П.а хохирогч П.*******ын “iphone 13 pro max” загварын гар утсыг мартаж гарсан байх бөгөөд уг гар утсыг шүүгдэгч К.******* нь авсан үйл баримт тогтоогдож байна.

2.2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн эд зүйл хүлээн авсан “...К.*******гаасiphone 13 загварын нэг ширхэг гар утас гаргаж өгснийг 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 12 цаг 25 минутад хүлээн авч тэмдэглэл үйлдэв” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 39 дүгээр хуудас);

 - 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн “iphone 13 pro max” загварын гар утсанд үзлэг хийж, хүлээлгэн өгсөн “Нэг ширхэг iphone-13 загварын усан цэнхэр өнгийн гар утас байх ба гар утсанд ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй байв. Хохирогч П.*******аар утсыг шалгуулахад ямар нэгэн асуудалгүй ажиллаж байна гэв” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 40 дүгээр хуудас);

 - Хохирогч П.*******ын өгсөн “...Би алга болсон гар утсаа бүрэн бүтэн хүлээж авлаа тухайн утсанд ямар нэгэн эвдрэл гэмтэл алга байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35 дугаар хуудас) зэргээр шүүгдэгч К.******* нь олж авсан “iphone 13 pro max” загварын гар утсаа 2 хоногийн дараа хохирогчид буцаан өгсөн нь нотлогдож байна.

 3. Шүүгдэгч К.*******гийн олж авсан “iphone 13 pro max” загварын гар утас нь 3’700’000 төгрөгийн үнэлгээтэй болох нь шинжээчийн ТХҮ-922/4665 дугаартай дүгнэлтээр (хавтаст хэргийн 6-8 дугаар хуудас) тогтоогджээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...гээгдэл эд хөрөнгийг ...бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан бол” гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан.

Гээгдэл эд хөрөнгө гэж өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн хайхрамж, болгоомжгүйгээс түүний хүсэл зоригоос үл хамааран хаягдаж орхигдсон, тухайн үед эзэн нь хэн болох нь мэдэгдэхгүй эд зүйлийг ойлгоно. Хохирогч П.Баянжаргалын iphone 13 pro max загварын гар утсыг түүний дүү П.а барьж яваад зах дотор бараа үзэж байгаад гээсэн нь гээгдэл эд хөрөнгө гэж үзнэ.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогчид 3,700,000 төгрөгийн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т заасан бага хэмжээнээс дээш хэмжээний хохиролд хамаарч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан” гэх шинж хангагдаж байна.

Шүүгдэгч К.******* нь уг гар утсыг бусдын гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж хувьдаа авч хууль бус эзэмшил тогтоосон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийг гэмт үйлдэлдээ гэм буруугийн санаатай хэлбэрээр хандсан гэж үзнэ.

Завших гэдэг нь гээгдэл эд хөрөнгийг өөрийн эд хөрөнгийн адил ашигласан, хэрэглэсэн, бусдад худалдан борлуулсан, барьцаанд тавьсан зэргээр хууль бус эзэмшил тогтоосон шууд санаатай, шунахай сэдэлттэй үйлдлийг ойлгоно.

Шүүгдэгч К.*******гийн хувьд уг гар утсыг ашиглаагүй ашиглах ямар нэгэн үйлдэл хийгээгүй гэх боловч гээгдэл “iphone 13 pro max загварын гар утсыг авч өөрийн эзэмшилд оруулснаар тухайн гэмт хэрэг төгссөнд тооцно. 

Иймд шүүгдэгч К.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй.

 

Эрүүгийн хариуцлагын  талаар:

 

1. Шүүгдэгч К.*******г  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

 2.1. Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.

 Шүүгдэгч К.*******г Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хэргийн 63-р хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хэргийн 61-р хуудас), иргэний үнэмлэхний лавлагаа ( хэргийн 62-р хуудас) ******* аймгийн ******* сумын *******ынийн даргын тодорхойлолт ( хэргийн 58-р хуудас), ******* аймгийн ******* сумын багийн Засаг даргын тодорхойлолт (хэргийн 59-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ.

Эдгээр нотлох баримтуудаар шүүгдэгч К.******* нь нөхөр, 6 хүүхдийн хамт ******* аймгийн ******* сумын багт амьдардаг, ******* аймгийн ******* сумын *******ынд номын санчаар ажилладаг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ойлгон ухамсарласан, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал тогтоогдож байна.

2.2. Энэхүү гэмт хэргийн хувьд гэмт этгээд бусдын өмчийг өөрт олж авахын тулд идэвхтэй үйлдэл хийдэггүй бөгөөд хохирогчийн эд хөрөнгийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас өөрийн эзэмшилд шилжүүлсний дараа бусдад зарах, шилжүүлэх, өөрийн өмч адил хууль бус эзэмшил тогтоох зэрэг аргаар завшсанаар төгсдөг. Өөрөөр хэлбэл гээгдэл эд хөрөнгө олсны дараа гэмт хэрэг үйлдэх санаа, сэдэл бий болдог тул шүүгдэгчийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Тодруулбал шүүгдэгч нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, мөн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1,1.2-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг  үйлдсэн”,  “учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 3.Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Шүүгдэгч К.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцуулж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх,  шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй,энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүйг тус тус дурдаж,шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх гэх санал, дүгнэлт,

Шүүгдэгч К.******* шүүхийн хэлэлцүүлэгт өөрийгөө өмгөөлж оролцохоо илэрхийлээд: Миний бие нь 6 хүүхэдтэй, нөхөр ажил эрхэлдэггүй, хувийн байдлыг харгалзан үзэж торгох ялыг багасгаж өгнө  үү гэх тайлбар тус тус гаргасан.

 3.1.Шүүхээс: Шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх  нөхцөл, улсын яллагчийн санал, шүүгдэгчийн тайлбар зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч К.*******д зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж,Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялын 600,000 төгрөгийг  6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч К.*******д тайлбарлаж шийдвэрлэв.

 3.2. Шүүгдэгч К.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.2, 36.2, 36.6-36.8, 36.13  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* ургийн овогт *******ын *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч ******* ургийн овогт *******ын *******г зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 600,000 (зургаан зуун мянган) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч К.*******д оногдуулсан  зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 600,000 төгрөгөөр торгох ялыг 06 (зургаа) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг   шүүгдэгч К.*******д мэдэгдсүгэй.

5.Эрүүгийн 2236002570249 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдсугай.

6.Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч К.*******д оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй,хаалттай хорих ангийн Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгчид даалгасугай.

 7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч К.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

 8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ  шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.ГАНТӨГС