| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 164/2023/0075/Э/ |
| Дугаар | 2023/ШЦТ/76 |
| Огноо | 2023-06-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Гүнжидмаа |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 2023/ШЦТ/76
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Мөнхтулга даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа,
улсын яллагч Х.Гүнжидмаа,
шүүгдэгч О.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Гүнжидмаагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч О.Т-д холбогдох 2316000000073 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, халх, 1*** оны *** дугаар сарын ****-ны өдөр Говь-Алтай аймгийн Т сумд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Говь-Алтай аймгийн Т сумын 1-р багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ДЗ********** регистрийн дугаартай, Ж овогт О-н Т.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч О.Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч О.Т нь 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 00 цагийн орчимд Говь-Алтай аймгийн Т сумын ****** багийн нутаг дэвсгэр Н гэх газарт хохирогч Б.У-н гэрт түүнийг зодож хамар ясны хугарал, баруун дээд зовхи, зүүн эгэмний зүүн тал, зүүн бугалганд цус хуралт, баруун шанаа, баруун хөмсөг хамрын уг хамрын зөөлөн эдийн няцрал буюу хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь:
1. Шүүгдэгч О.Т-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...У ахын гэрт нь ороод бурхны гээд архи тавьчихсан байхаар нь тэр архийг нь хувааж уучихаад дахиад архи нэхэж байгаад бид 2 муудалцсан. Би У ахын нүүр хэсэгт нь 2 удаа цохисон. Бас 2 удаа цээж хэсэг рүү нь өшиглөсөн байх, тэгээд би гэрээс нь гараад явчихсан...” гэх мэдүүлэг./хавтаст хэргийн 50 дугаар хуудас/
2. Хохирогч Б.У-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Шөнө 00 цагийн үед гадаа мотоцикл дуугарсан, тухайн мотоциклтой хүн нь Т байсан бөгөөд эхнэрээ сундлаад хүрээд ирсэн байсан. Тэгээд би орондоо хэвтэж байтал надад 20,000 төгрөг өгөөд 1 шил архи өгчих гэсэн. Тэгэхээр нь би “...өгөхгүй, чи мотоциклтой явж байгаа юм байна, өгөхгүй...” гэсэн юм. Гэтэл “...хар ус харамлаж байна уу...” гэж нүүр лүү өшиглөсөн. Мөн гараараа олон удаа цохисон, унагааж байгаад дээрээс дэвсээд байсан. Зүүн талын шанаа руу гараараа олон удаа цохисон... Миний доод уруулын дотор тал язарсан, зүүн талын шанаа хэсэг хавдсан, хүрэхэд зовуурьтай, баруун талын нүд улайж хавдсан, 2 хөмсөгний гол хэсэгт язарсан, бөгсөн бие хэсэг өвчтэй, толгой хэсэг өвчтэй байна...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 16-18 дугаар хуудас/
3. Гэрч Л.Л-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Т ирээд надаас архи гаргаад ир гээд нэхээд байсан. Тэгэхээр нь байхгүй харьж унт гээд хэлсэн чинь У-г оронд дотор нь зодоод нүүр амыг нь авахын аргагүй болгосон. Уг нь Т-н эхнэр ирсэн боловч У-г зодсон чинь “...хүн аллаа...” гээд гараад гүйчихсэн...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 23 дугаар хуудас/
4. Говь-Алтай аймаг дахь Шүүхийн Шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч эмч, цагдаагийн ахмад Т.Алтайбаатарын 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 141 дугаартай “...Б.У-н биед хамар ясны хугарал, баруун дээд, доод зовхи, зүүн эгэмний зүүн тал, зүүн бугалганд цус хуралт, баруун шанаа, баруун хөмсөг, хамрын уг, хамрын нуруу, зүүн хацарт зулгаралт, доод уруулын дотор салстад шарх, эрүүний зүүн талд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо... Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ... Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх агуулгатай шинжээчийн дүгнэлт./хавтаст хэргийн 36-37 дугаар хуудас/
5. Хохирогч Б.У-н “... Т-д гомдол саналгүй...” гэх агуулга бүхий бичгээр гаргасан хүсэлт. /хавтаст хэргийн 73 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч О.Т нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.У-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч баримтаар хохирол нэхэмжлээгүй бөгөөд шүүгдэгч нь хохирогчид 261,000 (хоёр зуун жаран нэгэн мянга) төгрөгийг төлсөн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
2. Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000(таван зуун мянга) төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч О.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000(таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “...цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 жилийн хугацаагаар хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож болно...” гэж, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж тус тус хуульчилжээ. Иймээс шүүгдэгчийн тухайд оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлөх талаар санал гаргаагүй, түүнчлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасанчлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд биелүүлэх боломжтой байх тул шүүх хугацаа тогтоогоогүй болно.
Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохиролд 261,000 (хоёр зуун жаран нэгэн мянга) төгрөг, төлөгдсөн, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ж овогт О-н Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Т-г 500(таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15(арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1(нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч О.Т-д сануулсугай.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохиролд 261,000 (хоёр зуун жаран нэгэн мянга) төгрөг, төлөгдсөн, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарласугай.
7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА