| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батбаярын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 186/2023/0300/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/344 |
| Огноо | 2023-05-18 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Б.Батцэцэг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 2023/ШЦТ/344
2023 05 18 2023/ШЦТ/344
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат,
Улсын яллагч Б.Б,
Шүүгдэгч Г.Х, түүний өмгөөлөгч Т.Туул нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Хд холбогдох эрүүгийн 2311 00174 0527 дугаартай хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, Г.Х, 1992 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн, 31 настай, эмэгтэй, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, ам бүл 5, нөхөр 3 хүүхдийн хамт амьдардаг, одоо Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны Гэрэлт-Өргөө .....тоотод байнга оршин суух хаягтай, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, /РД:У39.........../.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.Хаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “..2022 оны 12 сарын 18-ны өдөр мөнгө шилжүүлсэн байсныг прокурорын тогтоолыг мөрдөгчтэй уулзахдаа мэдсэн. 12 сарын 19-нд хүүхдийн мөнгөн тэтгэмж орох үе байсан. Энэ данс нь мессеж ирдэггүй. Хүүхдийн мөнгөний тэтгэмж орж гардаг мөнгө байгаа. Миний хүүхэд төрөөд 2 сартай байсан. Шинэ хүн мэндэлсэн гээд найз нөхөд, гадаадад байдаг хүмүүс холбогдож байсан. Гадаадад байгаа найзууд ярихдаа шинэ хүнийг нь мялаана гээд миний охины дансыг авч байсан. Миний дансыг манай найзууд мэддэг. 12 сарын 19-нд төлбөр тооцоо гарсан байсан болохоор өөрийн болон нөхрийн дансаа шалгаад, Голомт банкинд хүүхдүүдийн дансаа шалгах гээд ортол 1.000.000 төгрөг орсон байсан. Тэгээд нөгөө хэд маань бэлэг өгсөн байна гэж бодоод өөрийнхөө Худалдаа хөгжлийн данс руу шилжүүлээд төлбөр тоооцоогоо төлсөн. Түүнээс хойш 2 сарын дараа нөхөр намайг ажил дээр байхад цагдаа залгаад андуурагдсан гүйлгээ орсныг нь үрсэн байна гэж байна гэж хэлсэн. Тэгээд цагдаатай ярьсан. Над руу хэн нэгэн яриагүй болохоор би мэдээгүй. Би цагдаад одоохондоо мөнгөгүй байна хугацаа өгч болох уу гэтэл 3 сар хүртэл хугацаа өгсөн. Би нөхөртэйгөө нарийн ногоо тарьдаг. 12 сараас 03 сар хүртэл цоо шинэ ашиглалтад орсон байранд тени залгаад их өрөнд орсон байсан. 7 хоног тутмын орлого өр зээл рүү яваад байсан. Тэгээд 03 сарын 13-ны өдөр хүртэл гэрийнхэндээ хэлээгүй. Найз нөхдөөсөө мөнгө асуусан боловч мөнгө олдоогүй. Одоо хохирлыг төлсөн байгаа..” гэсэн мэдүүлэг.
Шүүгдэгч Г.Хаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Би Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Бийн 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 2311001740527 дугаартай тогтоолтой уншиж танилцлаа. Сонсгож буй ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5-1-д мэдсээр байж гэж заасан байна. Миний хувьд тухайн мөнгө андуурагдсан гүйлгээ гэдгийг мэдээгүй байсан учираас хүлээн зөвшөөрөхгүй байна. 3665124646 тоот голомт банкны данс нь манай хүүхэд Г.И /6 сартай/- ийн данс байгаа юм. Тухайн дансны хамтран эзэмшигч нь миний бие байгаа юм. Тухайн дансанд манай хүүхэд болох Г.Игийн хүүхдийн мөнгөний харилцах данс байгаа юм. Мөн тухайн дансанд орлого, зарлага хийгдэхэд надад ямар нэгэн мессэж мэдээлэл ирдэггүй юм. Би тухайн данс руу өөрийнхаа гар утаснаас 2022 оны 12-р сарын 19-ний өдөр хүүхдийн мөнгө орсон эсэхийг шалгаж үзэхээр ортол 1.000.000 төгрөг орчихсон байхаар нь өөрийнхөө Худалдаа хөгжлийн 47501..... дугаарын данс руу шилжүүлж авсан юм. Манай охин Г.И нь 2022 оны 09-р сарын 21-ний өдөр төрсөн. Тухайн үед миний хамаатнууд болон, найз нөхдийн зарим нэг хүмүүсээс шинэ хүнтэй болсонд нь очиж чадаагүй учираас дансныхаа дугаарыг өгчих гэхээр нь би охиныхоо дансныхаа дугаарыг өгчихсөн байсан. Тэгээд тухайн 1.000.000 төгрөгийг хамаатны юм уу, найз нөхдийн нэг нь хийчихсэн байна гэж бодсон юм. Тухайн үед манай найз Учрал, Одко нар нь мөнгө шилжүүлнэ гэж манай охины дансыг авчихсан байсан. Тухайн хүмүүс нь Герман болон БНСУ-д ажиллаж амьдардаг юм. Би тухайн мөнгийг андуурагдсан гүйлгээ гэдгийг мэдээгүй. Би тухайн үед хүүхдийг маань мялааж мөнгөн шилжүүлнэ гэсэн хүмүүс рүү тухайн дансыг өгсөн байсан. Тухайн үед манай хамаатны эгч нар мөнгө цуглуулаад манай ээж Пүрэвсайханд өгчихсөн байсныг манай ээж манай гэрт авчирч өгсөн. Тухайн үед нь би мөнгө шилжүүлээгүй байсан юм уу гэж гайхаж асуухад бэлнээр өгсөн талаар хэлж байсан. Тэгээд тухайн үедээ найзуудынхаа өгсөн мөнгө байна гэж бодож байсан. Би тухайн мөнгийг цагдаагийн байгууллагаас ярихаас өмнө буюу 2023 оны 02-р сарын эхээр тухайн дансны гүйлгээнүүдийг хараад 1.000.000 төгрөг орсон байхаар нь KASS....гэх утгатайгаар хийсэн байхаар нь гайхаад манай дэлгүүртэй харилцдаг хүмүүсийн данс байна гэж бодоод тухайн хүмүүсээс асуухад мэдэхгүй гэж хариулсан. Тэгээд гайхаад байж байтал цагдаагийн байгууллагаас ярихаар нь андуурагдсан гүйлгээ байна гэдгийг мэдсэн. Би над руу мөнгө шилжүүлсэн хүнд гомдолтой байна. Тухайн хүнээс болж сэтгэл санаа болон санхүүгийн хувьд их хохиролтой байгаад гомдолтой байна..” гэсэн мэдүүлэг /хх-44/,
Хохирогч Ж.Дгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..2022 оны 12 дугаар сарын 18-ний өдөр хүн рүү мөнгө шилжүүлэх ёстой байсан юм. Тэгээд орой нь гэртээ унтаад сэрснийхээ дараагаар нойрмог байхад миний мөнгө шилжүүлэх ёстой хүн залгахаар нь өөрийнхөө “36651......” дугаарын Голомт банкны данс руу шилжүүлэх гэж байгаад 19 цаг 42 минутын үед “36651..............” дугаарын Индра гэх хүний данс руу андуурч шилжүүлсэн юм..” гэсэн мэдүүлэг /хх-10/,
Гэрч М.Ггаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Тухайн дансны эзэмшигч Ггийн Индра нь миний хүүхэд байгаа юм. Г.И нь 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн ба манай эхнэр Г.Х нь охиндоо зориулж тухайн дансыг нээж өгсөн, хүүхдийн мөнгөн тэтгэмж нь ордог данс байгаа юм.., ..2022 оны 12 дугаар сарын 18-ний өдөр 1.000.000 төгрөгийг андуурагдсан гүйлгээ гэдгийг 2023 оны 02 дугаар сарын эхэн үеэр цагдаагийн байгууллагаас залгасан үед нь мэдсэн юм. ..тухайн 1.000.000 төгрөгийг эхнэрээсээ асуухад гэр ахуйн төлбөр тооцооны мөнгөнд зарцуулсан гэж байсан..” гэсэн мэдүүлэг /хх-14/,
Голомт” банкны 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 14/хх/03-178 дугаартай “...366...тоот дансны эзэмшигч нь Г.И, хамтран эзэмшигч нь Г.Х байна...” гэх албан бичиг, 36651......... дугаартай дансны хуулга, Дансны хуулганд үзлэг хийсэн тухай “...2022 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 1.000.000 төгрөг орлого, 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 1.000.000 зарлага, утганд “ок ееj Х Ганболд, ХУД хөгжпийн банк гэж зарлагдсан байна” гэх тэмдэглэл, шүүгдэгч Г.Хы иргэний үнэмлэхний лавлагаа /хх-32/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-30/, болон мөрдөн шалгах ажиллагааны үед хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судаллаа.
2022 оны 12 дугаар сарын 18-ний өдөр 19 цаг 42 минутын үед хохирогч Ж.Д нь Голомт банкны “3665..........” дугаартай өөрийн данс руу мөнгө шилжүүлэх гэж байгаад “36651........” дугаарын Индрагийн данс руу шилжүүлсэн байна. Голомт банкны “36651........” дугаартай данс нь 2022 оны 09-р сарын 21-ний өдөр төрсөн охин Г.И түүний эх Г.Х нарын эзэмшлийн данс байжээ. Шүүгдэгч Г.Х нь 2022 оны 12-р сарын 19-ний 1.000.000 төгрөгийг өөрийн Худалдаа хөгжлийн 4750.............дугаарын данс руу шилжүүлж авч захиран зарцуулсан болох нь тогтоогдож байна.
Мөн шүүгдэгч Г.Хы Голомт банкны “3665.............” дугаартай дансанд орсон 1.000.000 төгрөг нь андуурагдсан гүйлгээ байсан болохыг лавтай сайн мэдэхгүйгээр захиран зарцуулсан болох нь тогтоогдсон гэж үзлээ. Шүүгдэгч Г.Х мөрдөн шалгах ажиллагааны явцанд анхнаасаа энэ талаар “36651...... тоот голомт банкны данс нь манай хүүхэд Г.Игийн данс байгаа юм. Тухайн дансны хамтран эзэмшигч нь миний бие байгаа юм. Тухайн дансанд орлого, зарлага хийгдэхэд надад ямар нэгэн мессэж мэдээлэл ирдэггүй юм. Би тухайн данс руу өөрийнхаа гар утаснаас 2022 оны 12-р сарын 19-ний өдөр хүүхдийн мөнгө орсон эсэхийг шалгаж үзэхээр ортол 1.000.000 төгрөг орчихсон байхаар нь өөрийнхөө Худалдаа хөгжлийн 4750....... дугаарын данс руу шилжүүлж авсан юм. Манай охин Г.И нь 2022 оны 09-р сарын 21-ний өдөр төрсөн. Тухайн үед миний хамаатнууд болон, найз нөхдийн зарим нэг хүмүүсээс шинэ хүнтэй болсонд нь очиж чадаагүй учираас дансныхаа дугаарыг өгчих гэхээр нь би охиныхоо дансныхаа дугаарыг өгчихсөн байсан. Тэгээд тухайн 1.000.000 төгрөгийг хамаатны юм уу, найз нөхдийн нэг нь хийчихсэн байна гэж бодсон юм. Тухайн үед манай найз Учрал, Одко нар нь мөнгө шилжүүлнэ гэж манай охины дансыг авчихсан байсан. Тухайн хүмүүс нь Герман болон БНСУ-д ажиллаж амьдардаг юм. Би тухайн мөнгийг андуурагдсан гүйлгээ гэдгийг мэдээгүй, сүүлд манай нөхөр цагдаагаас залгаж байна, андуурагдсан гүйлгээ гэж байна гэхээр нь мэдсэн” гэж мэдүүлсэн бол гэрч М.Ггийн “..2022 оны 12 дугаар сарын 18-ний өдөр 1.000.000 төгрөгийг андуурагдсан гүйлгээ гэдгийг 2023 оны 02 дугаар сарын эхэн үеэр цагдаагийн байгууллагаас залгасан үед нь мэдсэн юм” гэсэн мэдүүлгээр нотлогдож байна.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Г.Хын дээрхи үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний “мэдсээр байж завшсан” гэсэн шинж, энэ гэмт хэргийг үйлдэх болсон санаа зорилгыг шалгаж тогтоогоогүй байна. Банк, санхүүгийн үйл ажиллагаа цахимжсан, хүн бүр өдөр тутам энэхүү үйлчилгээг авдаг болсон нь төлбөр тооцооны алдаатай гүйлгээ хийгдэх, улмаар харилцагч тухайн гүйлгээг андуурагдсан болохыг мэдсээр байж завших явдал түгээмэл байх боловч шүүгдэгч Г.Хы үйлдэлд төлбөр тооцооны алдаатай гүйлгээ гэдгийг мэдээгүй, түүний гэр бүлд шинээр төрсөн хүүхдэд гадаадад байх найз нөхөдөөс нь өгсөн бэлэг гэж андуурч захиран зарцуулсан гэж мэдүүлсээр байтал алдаатай гүйлгээ гэдгийн мэдсэн байх ёстой гэж хийсвэр дүгнэж, бусдад ял сонсгон яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь үндэслэлгүй байна. Учир нь шүүгдэгчийн шинэ төрсөн хүүхэдэд нь зориулж найз нөхөдөөс нь мөнгө өгнө гэж амалсан, дансны дугаарыг нь авсан, мөнгө шилжүүлсэн эсэхийг шалгах ажиллагаа явуулаагүй бөгөөд үүнийг шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй юм.
Иймд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.Хд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2311 00174 0527 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Г.Х нь хохирогч Ж.Дд 1.000.000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь баримтаар тогтоогдсон байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.2, 36.6, 36.9, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Хд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 д заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож цагаатгасугай.
2. Цагаатгах тогтоолыг танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Хд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
3. Прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч нар тэдгээрийн өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцэл бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР