Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 128/ШШ2021/0756

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  Ш.Я,

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Засаг дарга,

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын алба,

Гуравдагч этгээд: Н.А,

Нэхэмжлэлийн шаардлага: Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Б.Бд олгосон 0000 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ болон 01110-2016/00 дугаар газар эзэмшүүлэх гэрээг, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн дугаар захирамжийн Н.Ат холбогдох хэсгийг, түүнд 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр олгосон 0000584******* тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Б, хариуцагч Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.П, хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж /цахимаар/, гуравдагч этгээд Н.А, гуравдагч этгээдийн өмгөөлөгч А.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ш.Я шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянзүрх дүүргийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн дугаар захирамж нь хууль бус, үндэслэлгүй буруу гарсан учир уг захирамжийг хүчингүй болгуулахаар Баянзүрх дүүргийн Засаг даргад гомдол гаргахад Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 13/909 тоот албан бичгээр Баянзүрх дүүргийн Засаг даргын 2019 оны дугаар захирамжаар иргэн Н.Ат Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шарханы 49- тоот хаяг байршилд 400 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна. Иймд доорх газартай холбоотой маргааныг Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.4, 60.2 дахь заалтуудын дагуу шүүхээр шийдвэрлүүлнэ үү гэсэн хариу өгсөнийг дээд шатны захиргааны байгууллага болох Нийслэлийн Засаг даргад гомдол гаргахад Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны орлогч даргын 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 03-08/2266 тоот албан бичгээр ...Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид өргөдөл ирүүлснийг хүлээн авч танилцаж, Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо Шархадны 49- тоот хаягийн 400 м газрыг Баянзүрх дүүргийн Засаг даргын тоот захирамжаар Н.Ат газар эзэмших эрх шилжсэн байна. Иймд Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.4 дэх хэсэг бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглах талаар болон газартай холбогдон үүссэн эд хөрөнгийн маргааныг шүүх шийдвэрлэнэ гэсний дагуу хуулийн байгууллагад хандаж шийдвэрлүүлнэ үү гэсэн хариуг өгсөн учир Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Асуд овогтой Шын Я миний бие нь Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шархадны 49- тоотод хүү Б.Бтэй хоёулхнаа амьдарч байгаад 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр миний хүү Б. Б зүрх нь хаагдаж нас барсан болно. Миний талийгч хүү Б.Б нь эхнэргүй байсан болохоор түүнийг нас барах хүртэл хоёулхнаа амьдарч байсан ээжийнх нь хувьд би Иргэний хуулийн 527 дугаар зүйлийн 527.1-д өвлөгдөх эд хөрөнгийг өвлөгч хүлээн авснаар өв залгамжлалыг гүйцэтгэсэнд тооцно гэсэн заалт, мөн хуулийн 527.3-д өвлөгчийн хүлээн авсан эд хөрөнгийг өв нээгдсэн өдрөөс эхлэн өвлөгчид шилжсэн гэж үзнэ гэж зааснаар миний талийгч хүү Б.Бгийн эзэмшлийн 000******* дугаартай гэрчилгээтэй Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шархадны 49- тоот хаягт байрлах 400 м талбайтай газрын газар эзэмших эрхийн гэрчилгээ, холбогдох бичиг баримтуудын хамтаар хүлээн авч эзэмшиж байгаа болно.

Гэтэл Баянзүрх дүүргийн Засаг даргын дээрх захирамжаар газар эзэмших эрхийг хууль ёсоор шилжүүлэн эзэмшигч надад мэдэгдэлгүйгээр миний талийгч хүү Б.Бгийн эхнэр нь биш, түүнтэй гэр бүлийн харилцаа тогтоогоогүй, гэр бүл болоогүй, хамтын амьдрал зохион байгуулаагүй, хамтран амьдарч байгаагүй, ямар ч хамааралгүй гадны хүн болох Н.Ат Б.Бгийн эзэмшлийн 000 дугаартай гэрчилгээтэй Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шархадны 49- тоот хаягт байрлах 400 м газрыг Баянзүрх дүүргийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн тоот захирамжаар Н.Ат уг газар эзэмших эрхийг шилжүүлсэн байна. Ингэж Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрөгдсөн хэлбэрээр бусдад шилжүүлж болно гэсэн заалт, 38.3 дугаар зүйлийн 38.3.3-т газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авсан тухайн шатны Засаг дарга газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг эзэмших эрхтэй эсэхийг тодруулна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна гэв.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Баянзүрх дүүргийн газар байгуулалтын албаны 0000 дугаар Б.Бд 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр олгогдсон газар эзэмших эрхийн гэрчилгээ болон иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх 2019 оны 06 сарын 10-ны өдөр байгуулсан гэрээг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох.

Нэхэмжлэлийн агуулга: Миний хүү болох Б.Бгийн амьдарч байсан газрыг Н.Ат 2019 оны дугаар захирамжаар эрхийг шилжүүлэн эзэмшүүлсэн байх ба энэхүү захирамжийн үндэслэл нь Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас Б.Бд 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр олгогдсон газар эзэмших эрхийн 0000 дугаартай гэрчилгээ болон 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн газар эзэмшүүлэх гэрээ болсон байдаг. Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас олгож буй гэрчилгээ, гэрээний эрх үүрэг хүлээсэн Б.Б нь 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр нас барсан бөгөөд уг газар хашаанд манайхан амьдарсаар байсан.

Гэтэл Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас нас барсан хүнд газар эзэмшүүлэх гэрчилгээ олгож, гэрээний тал болгон эрх зүйн илт хууль бус үр дагаваруудыг үүсгэсэн байна. Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын алба нь Газрын тухай хууль, журмын дагуу материалыг шалгаж нягталсан бол, хүний бичиг баримтыг шалгаж, ажиллагаа хийсэн бол дээрх илт хууль бус үр дагаварууд үүсэхгүй байсан.

Ийнхүү нас барсан хүнд эрх, үүрэг үүсгэж байгаа нь эхнээсээ бодит байдалд хэрэгжих боломжгүй, иргэний болон захиргааны эрх зүйн зарчимд нийцэхгүй, эхнээсээ хууль ёсны байх боломжгүй, ямар нэг хууль ёсны үр дагавар үүсгэх боломжгүй үйлдэл, миний эрх, ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэж байх тул энэхүү илт хууль бус үйлдлийг шүүхээр тогтоолгох шаардлагатай байна.

Шүүхээр илт хууль бус нөхцөл байдлыг тогтоолгоогүй нөхцөлд эрх зүйн болон эдийн засгийн сөрөг үр дагаваруудыг бий болгож байгаа учир шаардлага гаргаж байна. Хэрэгт авагдсан баримтаар Б.Бд олгогдсон гэрчилгээ эх хувиар гэрт нь байсан байхад Н.А нь алга болсон гэж төрийн байгууллагад хүсэлт бичиж, дахин гаргуулсан, мөн нас барсан байхад Б.Б гэж хүсэлт гаргасныг Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын алба нь хүлээн авч, шийдвэрлэсэн байдаг.

Иймд Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын албаны 0000 дугаар Б.Бд 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр олгогдсон газар эзэмших эрхийн гэрчилгээ, иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан гэрээг тус тус илт хууль бус болохыг тогтоож өгнө үү. гэжээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн зарим шаардлагаа өөрчлөхдөө: Тус шүүхэд нэхэмжлэгчээс анх Баянзүрх дүүргийн Засаг дарга болон Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан гаргасан шаардлагаа Баянзүрх дүүргийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн тоот захирамж, уг захирамжаар Н.Ат хууль бусаар олгосон 0000584******* тоот газар эзэмших эрхийн гэрчилгээ зэргийг хүчингүй болгуулах" гэж тодорхойлсон боловч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д заасны дагуу анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар өөрчилж байна.

Нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага: Баянзүрх дүүргийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн дугаар захирамж болон Н.Ат олгогдсон 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 0000584******* дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус илт хууль болохыг тогтоолгох;

Нэхэмжлэлийн агуулга: Захиргааны үйл ажиллагаа нь хуульд үндэслэх, хуульд нийцэх, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөл байдалд тохирсон үндэслэл бүхий байх, хууль ёсны итгэлийг хамгаалах зарчимд нийцсэн, захиргааны байгууллагаас хууль зөрчсөн ямарваа нэгэн үйлдэл гаргахыг, хуульгүйгээр дур мэдэн аливаа үйлдэл хийхийг хориглож, хуулиар тодорхой шаардлагуудыг тавьсан байдаг.

Гэтэл нэхэмжлэлийн шаардлагад дурьдсан Баянзүрх дүүргийн Засаг даргаас гаргасан шийдвэр / дугаар захирамж/, Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны гэрээ байгуулж, гэрчилгээ /0000584******* дугаар/ олгох үйл ажиллагаа нь илт хууль бус захиргааны акт, гэрээн дээр үндэслэж гарсан байх тул илт хууль бус байх хуулийн шаардлагыг хангаж байгаа.

Хариуцагч нарт хуулиар олгогдсон бүрэн эрх, үүргийг хэрэгжүүлэхдээ хуулиар зөвшөөрсөн хязгаарлалтыг хэтрээгүй байх, зорилгодоо нийцсэн байх нөхцөлийг хангаагүй байгаа нь хууль ёсны шийдвэр, үйл ажиллагаа гэж үзэх боломжгүй. Хариуцагч нар нь газар эзэмших эрхийг Н.Ат шилжүүлэх шийдвэр гаргах үедээ нас барсан хүний гарын үсгийг хуурамчаар зурж, гаргасан хүсэлтийг шийдвэрлэсэн ажиллагаан дээр үндэслэсэн. Иргэн Н.Аээс захиргааны байгууллагыг хууран мэхэлж, нас барсан хүний гарын үсгийг зурж, гаргасан хүсэлтийн дагуу гарсан гэрээ, гэрчилгээг илт хууль бус болохыг тогтоогдож байгаа нөхцөлд түүнд үндэслэн гарсан шийдвэр, гэрчилгээ нь хууль ёсны байх боломжгүй. ЗЕХ-ийн 47.1.7 илт хууль бусаар үүссэн эрхийг шилжүүлэх боломжгүй, бодит байдалд биелүүлэх боломжгүй, ЗЕХ-ийн 47.1.1 утга агуулгын илэрхий алдаатай, ЗЕХ-ийн 47.1.5 хууль бус үйлдэл гүйцэтгэхийг шаардсан.

Нас барсан хүний нэр дээр гарсан гэрээ, гэрчилгээ нь гарсан цагаасаа илт хууль бус байх нөхцөлд түүн дээр үндэслэн гарсан Баянзүрх дүүргийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн дугаар захирамж болон Н.Ат олгогдсон 2019 оны 11 дүгээр сарын 18-ний өдрийн 0000584******* дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ нь илт хууль бус байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагын дагуу илт хууль бус нөхцөл байдлыг дүгнэж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч болон гуравдагч этгээд нар манай гэр бүлийг үл бүтэх хүмүүс л гэж байх юм. 80 гарсан ээжийг гэрчилгээ хулгайлсан л гэх юм. Хүнтэй ингэж харьцахгүйгээр, хуулийн дагуу үг хэллэгээ хэлж өгнө үү гэж хүсэж байна. Өмнөх шүүх хуралдаанаас хойш л байнга дорд үгээр харьцаж байна. Хуулийн дагуу ажиллагаа явуулж өгнө үү. Удаа дараа н. гэдэг хүний нэр гарч байна. Босоод алхаж чаддаггүй 30 гаран жил болж байна. 18 насандаа тархиндаа гэмтэл авсан. Газар зохион байгуулалтын албанд н. гэдэг хүнтэй таарсан гэж байна. Солонгос улсаас 2020 онд ирсэн.

Газар зохион байгуулалтын албаны бүрдүүлж байгаа материал дээр 2017 оны 10 сарын материалыг ашиглаж байна гэлээ. Дээр нь 30 хоногийн хугацаатай гээд бичсэн байгаа юмыг харахгүйгээр 2018 онд хүлээж авч байгаа нь асуудалтай байна гэж үзэж байна. Мөн хариуцагчийн тайлбарт үнэн зөв гэдэг дээр тулгав гэсэн болохоор судалж уншиж чадаагүй. Б.Б нь 4 хүнд хувааж өгсөн гэж байгаа. Ямар нэгэн өргөдөлд хувааж өгсөн гэсэн зүйл байхгүй. Б.Б нь 1100 м.кв газар эзэмшиж байсан. 1100 м.кв хуваагаад 1600 м.кв болдог юм уу гэж гайхаж байна.

Мөн нэхэмжлэгч нь 1200 м.кв газар эзэмшиж байсан. Талийгаачийн эцэг н. нь 6 оноос хойш 1100 м.кв газрыг эзэмшиж хүүдээ өгч байсан. Түүнээс биш гуравдагч этгээдийн худалдаж авсан газрын хойноос хөөцөлдөөгүй. Бид нар гэр бүлийн хэрэгцээгээр ногоо тарьж байсан. Газрыг өмчлөх эрхтэй гэж л хэлж байгаа болохоос биш худалдаад авсан газрыг булааж авах гээгүй.

2017 оны 09 дүгээр сард бид нар талийгаачийг нутаглуулаад 5 хоногийн дараа хөргөгч зурагтаа нэхсэн. Тэгэхэд бид нараас газрын гэрчилгээ болон эмээгээс маань ямар нэгэн юм аваагүй. Цагдаагаар 2018 онд эмээг 2 удаа шалгуулахад даралт ихсэж байсан. Үрээ алдсан эх хүн одоо ч гэсэн зовж л байгаа. 6 оноос хойш эзэмшиж байсан ногооны газрыг бид цаашид эзэмшиж явахыг хүссэн.

Ах дүү болон төрсөн ээждээ хувааж өгсөн гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар дээр гардаг. Бүүр жич гэж байгаад бичсэн байсан. Хамаатан садан биш. Дандаа л юм болгоныг луйварддаг хүн шиг л яриад байх юм. Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албыг хууль журмаа мөрдөж үйл ажиллагаа хийгээсэй гэж хүсэж байна. Мөн шүүхийг ч гэсэн үнэн зөв шүүгээсэй гэж хүсэж байна. гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Б.Бд олгосон 0000 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ болон 01110-2016/00 дугаар газар эзэмшүүлэх гэрээг, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн дугаар захирамжийн Ат холбогдох хэсгийг, уг захирамжаар Н.Ат олгосон 000584******* тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох гэж тодорхойлж байгаа.

Нэхэмжлэлийн шаардлага тус бүрээр тайлбар хийе.

1. Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Б.Бд олгосон 0000 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ болон 01110-2016/00 дугаар газар эзэмшүүлэх гэрээг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагын хувьд:

Маргаан бүхий Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шар хадны 49- тоотын эзэмшигч Б.Б нь нас барах хүртлээ төрсөн эх Ш.Ягийн хамт тухайн газарт амьдарч байсан. Ш.Я нь газрын төлбөрийг төлж, тухайн газар дээрх хашааг барьж, уг газартаа амьдрах хүсэл сонирхолтой байсан. Б.Бд олгосон 0000 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ нь гээгдүүлсэн гэх нас барсан хүний өмнөөс нэрийг нь бичиж гаргасан хүсэлтийг үндэслэж гарсан гэрчилгээ. Гэрчилгээгээ гээгдүүлсэн гэж өргөдөл гаргасан Б.Б нь 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр нас барсан байхад 2 жилийн дараа талийгаачийн нэрийн өмнөөс гаргасан хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж, гэрчилгээ олгох ажиллагаа явуулж байгаа нь илт хууль бус юм. Иргэний хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт иргэний эрх зүйн чадварын талаар зохицуулж, иргэний эрх зүйн чадвар нь иргэнийг төрсөн үеэс эхэлж, нас барснаар дуусгавар болохоор заасан. Захиргааны байгууллагын үйл ажиллагаа нь хуульд үндэслэсэн, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөл байдалд тохирсон, үндэслэл бүхий байх ёстой. Энэхүү захиргааны шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7-д заасан бодит байдалд хэрэгжих боломжгүй, 37.1.5-д заасан хууль бус үйлдэл хийхийг шаардсан, 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасан утга агуулгын илэрхий алдаатай шийдвэр. Энэхүү гэрчилгээ нь хууль эрх зүйн дагавар үүсгэж хүчинтэй байх боломжгүй, Н.А нь нас барсан хүний өмнөөс нэрийг нь ашиглан төрийн байгууллагыг хууран мэхэлсэн үйлдэл.

2. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн дугаар захирамж, уг захирамжаар Н.Ат олгосон 000584******* тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын хувьд:

Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дээрх илт хууль бус шийдвэрийг үндэслэн Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлд заасан захиргааны гэрээг байгуулсан байдаг. Уг гэрээнд мөн нас барсан Б.Бгийн нэр байдаг. Нас барсан хүн эрх эдэлж, үүрэг хүлээх боломжгүй. Тиймээс эрх зүйн хэм хэмжээнд нийцсэн гэж үзэх боломжгүй. Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.8, 52.1.9, 55.1.12-т заасны дагуу энэхүү гэрээ нь илт хууль бус юм.

Захиргааны байгууллага хууль журмын дагуу ажлаа зохих ёсоор гүйцэтгэж, Газрын тухай хууль болон Газар эзэмших эрхийн гэрчилгээ олгох журмын дагуу үйл ажиллагаа явуулах ёстой. Гэтэл хууль журмыг баримтлахгүй, шалгаж тогтоохгүйгээр үйл ажиллагаа явуулж шийдвэр гаргасан нь хуульд нийцэхгүй. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн дугаар захирамж нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасныг зөрчсөн, илт хууль бусаар үүссэн, шилжүүлж шийдвэрлэсэн захирамж гарсан. Нас барсан хүний газрын эрхийг Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу шилжүүлэх боломжгүй.

Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-т заасны дагуу захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах ёстой. Гэтэл маргаан бүхий захирамжид өв залгамжлах эрхийн гэрчилгээ баримтыг үндэслэсэн зүйл байдаггүй. Газар ашиглах, эзэмших эрхийн гэрчилгээ олгох журмын 3, 4, 5 дугаар зүйлд заасан шаардлагатай бичиг баримтуудыг шалгаж тогтоосон зүйл байдаггүй. Журмын 10.2 дугаар зүйлд иргэн, хуулийн этгээдэд холбогдох Засаг даргын шийдвэрийг үндэслэн газар эзэмших, ашиглах эрхийн гэрээг байгуулсны үндсэн дээр газар ашиглах эрхийн гэрчилгээг олгоно гэж заасан. Нас барсан хүний өмнөөс нэрийг нь барьж гэрчилгээг гаргаж байгаа нь хуульд заасан шаардлагыг хангахгүй байна.

3. Н.Ат олгосон 000584******* тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.5 дахь заалтыг үндэслэж илт хууль бус захирамжид үндэслэн гарч байгаа тул хууль ёсны шаардлагыг хангахгүй.

Ш.Ягийн Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасан газар эзэмших эрх хүсэх эрх нь зөрчигдөөд байгаа.

Хариуцагч Газрын алба, гуравдагч этгээдийн зүгээс нас барсан хүний өмнөөс гарын үсгийг нь зураагүй гэж маргахгүй байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Хууль ёсны гэрлэлтийн баталгаатай учраас нөхөж өргөдөл гаргуулсан гэж байна. Хууль ёсны гэр бүлийн хүмүүс нэгнээ төлөөлнө гэх хуулийн зохицуулалт байхгүй. Нэг талдаа нас барсан хүний нэрийг бичиж төрийн байгууллагыг хуурч байна. Гэрчилгээг гээгдүүлсэн бол яагаад хууль журмын дагуу баримт материалыг бүрдүүлж болоогүй юм бэ?

Иргэний хэргийн анхан шатны шүүхэд өвлөх эрхтэй холбоотой маргаан явж байгаа. Нас барсан хүний өмнөөс гарын үсэг зурсан эсэхтэй холбоотой асуудал Баянзүрх дүүргийн цагдаагийн газарт шалгагдаж байгаа.

Дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Баянзүрх дүүргийн Засаг даргын 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн дугаар захирамжийг Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь заалтыг баримтлан олгосон гэдэг. Гэвч маргаан бүхий дугаар захирамж нь Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь заалтыг баримтлаагүй байдаг. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 38 дугаар зүйлийг үндэслэсэн байдаг. Тиймээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар нь маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлтэй зөрөлддөг.

Гуравдагч этгээдээс талийгаачийн өмнөөс гарын үсэг зурснаа хүлээн зөвшөөрч байна. Гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн зүгээс иргэний, эрүүгийн хэрэг дээр маргаан хаагдсан юм шиг ярьж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох гэсэн 2 тусдаа ойлголт байдаг. Хэргийг хэрэгсэхгүй болгоно гэдэг нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхойгүй, эсхүл хуульд заасан татгалзах үндэслэл байвал хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалздаг. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн ******* дугаартай захирамж иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан захирамж.

Захиргааны байгууллага хууль журамд заасны дагуу үйл ажиллагаа явуулах ёстой. Гэтэл хууль ёсны гэр бүл учраас өмнөөс нь нэрийг бичиж гэрчилгээ олгосон гэж тайлбарлаж байгаа нь хуульд нийцэхгүй.

Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журмын 3.4.1-д Шинээр газар эзэмших, ашиглах тохиолдолд: 3.4.5.1-д иргэний үнэмлэх /улсын бүртгэлийн гэрчилгээ/-ийн хуулбар;, 3.4.2.5-д газрын төлбөр төлсөн тухай баримт, 3.4.5.3-д үрэгдүүлснийг нотлох баримт баримтыг бүрдүүлэхээр заасан. Амьдрал дээр үрэгдүүлснийг сонинд зарлуулах зэргээр нотолж болдог. Гэтэл хариуцагчийн тайлбараас үзвэл өөрөө ирсэн учраас өөрөө нотолж байгаа гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм.

1 дүгээр хавтаст хэргийн 13 дугаар талд байх Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны Засаг даргын 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн оршин суугаа газрын тодорхойлолтоор Ш.Я, Б.Б нар нь Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны шар хадны 49- тоот хаягт амьдарч байсныг нотолдог. Н.А нь Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны шар хадны 49- тоотод амьдардаггүй. Н.А нь 9 дүгээр хорооны ******* тоотод бүртгэлтэй байдаг. Хэргийн газарт очиж үзэхэд Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны шар хадны 49-, 817 тоотууд нэг том хашаатай, тоотод гэрийн буйр, 817 тоотод гэр, амбаар байдаг.

Гэрчилгээг хүчингүй болгосон гэж газрын албанаас хэлж байна. Газрын хувийн хэргийг удаа газрын албанаас шаардаж байсан. Нас барсан хүний эрх зүйн чадамж дууссан учраас дахин эрх зүйн үр дагавар үүсэх боломжгүй.

н.Б нь 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр нас барснаар эрх зүйн чадваргүй болсон. Ийм байхад н.Бд эрх олгож, үүрэг хүлээлгэсэн байна. Өөрөөр хэлбэл газрын зориулалтын дагуу эзэмших, төлбөр төлөх үүрэг хүлээлгэх боломж нөхцөл байдал байхгүй.

Газар зохион байгуулалтын албанд холбогдох гэрээ гэрчилгээтэй шаардлага нь цаг хугацааны хувьд захирамжийн өмнө нь гарсан байдаг. Иймд илт хууль бус үйл ажиллагаа нь гарсан хууль бус шийдвэр нь өөрөө шийдвэр гарах үндэслэл болохгүй. Хэрэв үндэслэл болоод гарлаа гэхэд илт хууль бус шийдвэрийг үндэслэж гарсан учир илт хууль бус гэж үзэж байгаа. гэв.

 

Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн дугаар захирамжаар Н.Ат олгосон 0000584******* тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Хариуцагчийн зүгээс дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна.

Анх Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай ******* дугаар захирамжаар тус дүүргийн 9 дүгээр хороо, Шархад 49- тоот хаягт газар эзэмших эрхийг Б.Бд, Шархад ******* тоот хаягт газар эзэмших эрхийг Ш Яд тус тус олгосон байна. Улмаар 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдөр иргэн Н.А дүүргийн Газрын албанд хандан газар эзэмших тухай хүсэлт гаргасан бөгөөд хүсэлт нь холбогдох хууль тогтоомжид заасан нөхцөл болзол, шаардлагыг хангасан тул дүүргийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн Газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай дугаартай захирамжаар дээр дурдсан 9 дүгээр хороо, Шархад 49- тоот хаягт 400 м.кв талбай бүхий газрыг 15 жилийн хугацаатай гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлж шийдвэрлэсэн.

Ийнхүү Баянзүрх дүүргийн Засаг дарга иргэн Н.Ат газар эзэмшүүлэхдээ Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зуйлийн 29.2 дахь хэсэг, 31 дүгээр зүйлийн 31.1.3 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэг, 38 дугаар зүйл, Газрын харилцаа геодизи зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалаар баталсан Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам-ыг тус тус баримталсан.

Иргэн Н.Ат эзэмшүүлсэн газрыг иргэн Б.Б анх 2015 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны Засаг даргад өргөдөл гаргаснаар газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээ гарсан байна. Иргэн Н.А нь 2006 онд Б.Бтэй гэр бүл болж гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлсэн бөгөөд 2017 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр газар эзэмшигч Б.Б нас барсан тул хууль ёсны гэр бүл Н.А 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн тойргийн нотариатчид Өвлөх эрхийн гэрчилгээ авах тухай хүсэлт гаргаснаар 55 дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээ олгогджээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг хэлнэ, 106 дугаар зүйлийн 106 3.1-д захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгоно гэж тус тус заажээ.

Үүнээс үзвэл тухайн захиргааны байгууллагаас гаргасан шийдвэр нь хууль бус бусдын ашиг сонирхлыг зөрчсөн байх ёстой. Маргаан бүхий газар болох Баянзүрх дүүргийн 09 дүгээр хороо Шархад 49- тоотод нэхэмжлэгч нь амьдарч ирсэн гэх боловч нотлогдоогүй болно.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх заалтад заасны дагуу нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Анх дүүргийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн ******* дугаар Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай захирамжаар Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны Шар хадны 49- тоот газрын газар эзэмших эрхийг Б.Бд, Шар хадны ******* тоот газрын газар эзэмших эрхийг Ш.Яд тус тус олгосон байдаг.

Н.А нь дүүргийн Засаг даргад хандан газар эзэмших эрхийг өвлөж авах хүсэлтээ гаргасан. Тус хүсэлт нь холбогдох хууль тогтоомжид заасан нөхцөл болзол, шаардлагыг хангаж байсан тул дүүргийн Засаг дарга 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдөр А/830 дугаартай захирамж гаргаж Шар хадны 49- тоотод байрлах 400 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар гэр бүлийн зориулалтаар өвлөгчид нь шилжүүлэн эзэмшүүлж шийдвэрлэсэн. Дүүргийн Засаг дарга нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 31 дүгээр зүйлийн 31.3, Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасныг үндэслэн газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон.

Н.Ат эзэмшүүлсэн газрыг анх иргэн Б.Бд 2015 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр эзэмшүүлсэн. Н.А нь Б.Бтэй 2006 онд гэр бүл болж, гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлсэн. 2017 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Б.Б нас барсан тул хууль ёсны гэр бүл өвлөгч Н.А нь 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн нотариатчид өвлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлт гаргаснаар 55 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ гарсан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь хэсэгт нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг хэлнэ гэж, 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох гэж тус тус заасан. Үүнээс үзвэл тухайн захиргааны байгууллагын шийдвэр бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байх ёстой байна.

Маргаан бүхий газар болох Баянзүрх дүүргийн Шар хадны 9 дүгээр хороо 49- дугаар тоотод нэхэмжлэгч нь амьдарч ирсэн гэх боловч энэ нь нотлогддоггүй.

Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсэгт Газар эзэмшигч нас барсан, нас барсан гэж зарлагдсан, сураггүй алга болсонд тооцогдсон тохиолдолд уг иргэний хууль ёсны өв залгамжлагч нь хүсвэл газар эзэмших эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлж, анхдагч гэрээнд заасан газар эзэмших хугацаа дуустал газрыг үргэлжлүүлэн эзэмшиж болно гэж заасан. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн дугаар захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан.

Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь заалтаар өв залгамжлагч газар эзэмших хүсэлт гаргах эрхтэй, газар эзэмших эрхтэй эсэхийг зохицуулсан. Газар эзэмших эрхийг шилжүүлэхдээ өмнөх гэрчилгээг газар эзэмшигчээс хурааж авах зохицуулалттай. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь заалтад газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэхэд талуудын гаргаж өгөх баримтуудыг заасан. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2.1 дэх хэсэгт нотариатчаар гэрчлүүлсэн гэрээ, 38.2.2 дахь заалтад эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тухай нотолгоо-г гаргаж өгөхөөр заасан. Б.Бгийн нэрээр шинээр гэрчилгээ гаргаад, уг гэрчилгээ нь Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтаас хураагдаад Н.Аийн нэр дээр шилжсэн.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар 2 асуудлыг л анхаарч шийдэх талаар зохицуулсан байгаа. Нэгт захиргааны акт хууль зөрчсөн үү эс зөрчсөн үү гэдэг асуудлыг шийднэ. Хэрэв захиргааны акт хууль зөрчсөн бол нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэх талаар тогтоох ёстой. Нэхэмжлэгч тал нь тус тоот газрыг эзэмшиж байгаагүй гэдэг нь тогтоогдсон. Хүчин төгөлдөр гэрчилгээгээр эзэмшиж байгаагүй. Иймд нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн зүйл тогтоогдохгүй байна. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

 

Хариуцагч Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Баянзүрх дүүргийн Засаг даргын 2004 оны 202 тоот захирамжаар иргэн Б.Бд төмс хүнсний ногоо тарих зориулалтаар газар эзэмшүүлсэн байдаг.

Иргэн Б.Б нь дүүргийн Засаг даргын 2011 оны тоот захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулж 2015 онд өөрийн хүсэлтээр газар эзэмших эрхийн гэрчилгээний зориулалтыг өөрчилж гэр бүлийн хэрэгцээний" зориулалтаар болгож эзэмшлийн газраа 4 хувааж иргэн Ш.Я, Б.Ю, Б.Г болон Б.Б өөрийн нэр дээр тус тус газар эзэмших гэрчилгээ гарган авсан байна. 2019 онд иргэн Б.Б бурхан болсон талаар эхнэр болох Н.А дүүргийн Газрын албанд ирж талийгаачийн газар эзэмших эрхийн гэрчилгээ олдохгүй байгаа талаар мэдэгдэж алга болсон гэрчилгээг ямар бичиг баримт бүрдүүлэн авдаг талаар лавлагаа аваад өвлөх эрхийн гэрчилгээ болон бусад хуульд заасан баримтуудыг бүрдүүлэн дүүргийн Газрын албанд хандсаны дагуу Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5 дах хэсэг, Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.7, 24 дүгээр зүйлийн 24.3.2 дах заалт, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 03 дугаар тушаалаар батлагдсан Газар эзэмших, ашиглах, эрхийн гэрчилгээ олгох журмын 10 дугаар зүйлийн 10.17 дах хэсгийг үндэслэн Н.Аийн хүсэлтийг нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд илгээж олдохгүй байгаа алга болсон гэрчилгээг нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2013 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн Үрэгдүүлсэн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, нөхөн олгох тухай А/27 тоот тушаалаар хүчингүй болгож Б.Бгийн алга болсон гэрчилгээг 2018 оны 10 дугаар сарын 04-ны өдрийн номер 55 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг үндэслэн Н.А*******д 0000 дугаар гэрчилгээг бичиж өгсөн байдаг.

Иргэн Б.Б нь өөрийн эзэмшлийн ногооны газрыг зориулалт өөрчлөн амины хашаа болгохдоо ээж ш.Яд 400м2, өөрийн ах болон дүү нарт тус бүр 400 м2 газрыг эзэмшүүлж гэрчилгээ авсан байдаг. гэв.

Хариуцагч Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Б.Бгийн хууль ёсны баталгаат эхнэр Н.А нь 2018 оны 10 дугаар сард Б.Б бурхан болсон, газар эзэмших эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэх гэхээр гэрчилгээ нь эх хувиар олдохгүй байна гэж ирсэн. Газар эзэмших эрхийн гэрчилгээ олдохгүй хаяж үрэгдүүлсэн, гээгдүүлсэн тохиолдолд хүсэлтийг нь манайх Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба руу илгээж, холбогдох бичиг баримтыг бүрдүүлж хүргүүлдэг. Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба хүсэлтийг судлаж үзсэний үндсэн дээр тухайн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгодог. Н.А нь 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 55 дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээ, мөн холбогдох бусад бичиг баримтуудыг бүрдүүлэн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Газрын албаны 5574 бүртгэлийн дугаарт бүртгүүлж манайд өргөдлөө өгсөн. Өргөдлийг нь хүлээж аваад баримт дутуу байсан тул өргөдлийг нь буцаасан. 2019 оны 2 дугаар сарын 02-ны өдөр дахин гаргасан өргөдлийг нь хүлээж аваад гэрчилгээ нөхөж авах талаарх Н.Аийн хүсэлт, өргөдлийг Нийслэлийн газар зохион байгуулалтын алба руу явуулсан.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн А/27 тоот захирамжийн 13-т Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 5******* тоот захирамжтай Б.Бгийн ******* дугаартай гэрчилгээг хүчингүй болгосон шийдвэр ирсэн. Үүнийг үндэслэн гэрчилгээний үнийг 0.5 хувиар нэмж, 30,000 төгрөгөөр төлүүлэн Б.Бгийн нэр дээр Н.Ат гэрчилгээ бичигдсэн.

Албан ёсны гэр бүлийн баталгаа, өвлөх эрхийн гэрчилгээ хийгдсэн, дараагийн ажиллагааг явуулах гэхээр гэрчилгээ эх хувиар олдохгүй буюу үрэгдүүлсэн, хаясан гэсэн шалтгаантай байсан тул дахин гэрчилгээ бичигдсэн. Хэдий Б.Б нас барсан ч гэсэн тэр хүний нэр дээр өмнөх алга болсон гэрчилгээг нөхөж бичүүлж байж дүүргийн Засаг даргын 2019 оны 330 тоот захирамжаар нэр шилжих материалыг бүрдүүлж, Н.Аийн нэр дээр шилжүүлж гэрчилгээ бичигдсэн. Сүүлд талийгаачийн гэрчилгээ ээж билүү дүүгээс нь гарч ирсэн байдаг. Үүнийг бид мэдэхгүй. Гэрлэлтийн баталгаатай эхнэрийнх нь хууль ёсны өвлөгчийн хувиар эзэмших эрх өвлөж авах хүсэлтийг үндэслэж гэрчилгээ гээгдүүлсэн гэж хүчингүй болгоод нөхөн олгоод нэр шилжүүлэхэд бүрдүүлэх материалын бүрдэл хангуулаад нэр шилжүүлж гэрчилгээ олгосон.

Нас барсан хүний гэрчилгээг өвлөж нэр шилжихийн тулд гэрчилгээ эх хувиараа байх ёстой. Гээгдүүлсэн гэрчилгээг нь Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын тушаалаар хүчингүй болгосон. Гээгдүүлсэн гэрчилгээгээ нөхөн авахдаа Н.А нь Б.Б гэж авсан байх.

Гэрчилгээгээ гээсэн гээд манайд хүсэлт гаргахаар нь өмнөх гэрчилгээг нь архиваас хуулбарлан авч өгөхөөр дараа нь асуудал үүсдэг. Амьдрал дээр архичин хүүхэд нь гэрчилгээг нь дэлгүүрт тавиад 2 шил архи уучихсан, ломбардад тавиад мөнгө зээлээд зугтаачихсан байдаг. Хүчингүй болгохгүй бол 2 хүчинтэй гэрчилгээ бий болно. Тиймээс өмнөх гэрчилгээг заавал хүчингүй болгодог.

Өвлөх эрхийн гэрчилгээг үндэслэж шинээр газар эзэмших эрхийн гэрчилгээг олгодог. Түүнээс биш зөвхөн гэрлэсний баталгааг үндэслэн газар эзэмших эрх олгохгүй. Тухайн газар дээр хашаа, байшин байгаа эсэх нь тухайн газрыг эзэмшиж байна гэж үзэх үндэслэл болохгүй. Зөвхөн газрын гэрчилгээнд байх нэгж талбарын дугаараар хүчинтэй болдог зүйл.

Н.А Б.Б нар нь 2015 оноос хойш газрыг хуваагдах үед над дээр байнга ирдэг байсан. Захирамжаар өмнөх гэрчилгээг хүчингүй болгоход сонинд зарлуулдаг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас өр зээлгүй, барьцаанд байхгүй гэх тодорхойлолт авдаг. Эдгээр баримт мөн Хорооны даргын тодорхойлолт, хүсэлт гаргагчийн өргөдөл, иргэний үнэмлэхийн хуулбар зэргийг үндэслэж, архиваас өмнөх гэрчилгээний хуулбарын хамт Нийслэл рүү явуулдаг. гэв.

 

Гуравдагч этгээд шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Гуравдагч этгээдээр оролцож байгаа Н.А миний бие овогтой Бтэй танилцаж, 2000 оноос хамт амьдарч 2006 оны 07 дугаар сарын 07-ны өдөр гэр бүл болж, 2006 оны 10 дугаар сарын 25-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Ингээд хамтран амьдрах хугацаанд Баянзүрх дүүргийн 09 дүгээр хороо 49 дугаар гудамж тоот хаягт байрлалтай 400 м.кв талбайтай газрыг нөхрийн аав нь ногооны зориулалтаар ашиглаж байснаа бид нарт өгсөн. Энэхүү газар нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн тоот шийдвэрийг үндэслэн гарсан

Баянзүрх дүүргийн Газрын албаны дарга А.Эн 2011 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 0365315 дугаар гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээтэй газар юм. Нөхөр маань 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр нас барсан. 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 55 тоот Өвлөх эрхийн гэрчилгээгээр нөхрийн минь нэр дээрх Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шархадны 49 дүгээр гудамж, тоотод хаягт байрлалтай 400 м.кв талбайтай, 000******* тоот эзэмших эрхийн гэрчилгээтэй газар миний нэр дээр өвлөгдөн ирсэн.

Ингээд дээрх газрыг Өвлөх эрхийн гэрчилгээ гарсан өдрөөс хойш өөрийн нэр дээр авахаар хөөцөлдсөн. Их удаан хөөцөлдсөн. Шилжин ирсэн газрыг өөрийн нэр дээр авахаар өргөдөл, гомдлын бүртгэл хяналтын картын маягт бөглөн 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн Газрын албанд өгсөн.

Талийгаач Б.Бгийн нэр дээр дүүргийн Засаг даргын захирамж 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн ******* тоот шийдвэрийг үндэслэн Баянзүрх дүүргийн 09 дүгээр хороо, Шархадны 49 дүгээр гудамж, тоотод хаягт байрлалтай 400 мкв талбайтай газрыг гэр, орон сууцны хашааны газар зориулалтаар 13 жилийн хугацаатай эзэмшүүлэх Дүүргийн Газрын албаны зохион байгуулалтын албаны дарга Д.Бын 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 0000 дугаар иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ гарсан. Энэхүү гэрчилгээ нь нэгж талбарын хил, заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн актыг үндэслэжээ.

Гуравдагч этгээд миний нэр дээр иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 01110-2019/02935 тоот гэрээ, дүүргийн Засаг даргын захирамж 2019 оны 8 дүгээр сарын 23-ны өдрийн тоот шийдвэрийг үндэслэн Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шархадны 49 дүгээр гудамж, тоотод хаягт байрлалтай 400 мкв талбайтай газрыг гэр орон сууцны хашааны газар зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дарга *******ын 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 0000584******* дугаар иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ гарсан. Дээрх баримтуудад үндэслэн асуудлыг үнэн зөв шийдвэрлэж өгнө үү гэв.

Гуравдагч этгээд нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн, өөрчилсөн шаардлагад гаргасан тайлбартаа: Н.А миний бие овогтой Бтэй танилцаж, 2000 оноос хамт амьдарч 2006 оны 07 дугаар сарын 07-ны өдөр гэр бүл болж, 2006 оны 10 дугаар сарын 25-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Ингээд хамтран хугацаанд Баянзүрх дүүргийн 09 дүгээр хороо, Шархадны 49-р гудамж, тоотод хаяг байрлалтай 400 мкв талбайтай газрыг нөхрийн аав нь ногооны зориулалтаар ашиглаж байснаа бид нарт өгсөн. Энэхүү газар нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн тоот шийдвэрийг үндэслэн гарсан Баянзүрх дүүргийн Газрын албаны дарга А.Эн 2011 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 0365515 дугаар гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээтэй газар юм.

Нөхөр маань 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр нас барсан. 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 55 тоот Өвлөх эрхийн гэрчилгээгээр нөхрийн минь нэр дээрх Баянзүрх дүүргийн 09 дүгээр хороо, Шархадны 49-р гудамж, тоотод хаягт байрлалтай 400 мкв талбайтай, 000******* тоот эзэмших эрхийн гэрчилгээтэй газар миний нэр дээр өвлөгдөн ирсэн.

Ингээд дээрх газрыг Өвлөх эрхийн гэрчилгээ гарсан өдрөөс хойш өөрийн нэр дээр авахаар хөөцөлдсөн. Их удаан хөөцөлдсөн. Шилжин ирсэн газрыг өөрийн нэр дээр авахаар өргөдөл, гомдлын бүртгэл-Хяналтын картын маяг-т бөглөн 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн Газрын албанд өгсөн. Талийгаач Б.Бгийн нэр дээр Дүүргийн Засаг даргын захирамж 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн ******* тоот шийдвэрийг үндэслэн Баянзүрх дүүргийн 09 дүгээр хороо, Шархадны 49-р гудамж, тоотод хаягт байрлалтай 400 мкв талбайтай газрыг гэр, орон сууцны хашааны газар зориулалтаар 13 жилийн хугацаатай эзэмшүүлэх Дүүргийн Газрын албаны зохион байгуулалтын албаны дарга Д.Бын 2012 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 0000 дугаар иргэний Газар эзэмших эрхийн гэрчилгээ гарсан.

Энэхүү гэрчилгээ нь Нэгж талбарын хил, заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн актыг үндэслэжээ.

Гуравдагч этгээд миний нэр дээр Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 01110-2019/02935 тоот гэрээ, дүүргийн Засаг даргын захирамж 2019 оны 08 дүгээр сарын 23-ны өдрийн тоот шийдвэрийг үндэслэн Баянзүрх дүүргийн 09 дүгээр хороо, Шархадны 49-р гудамж, тоот хаягт байрлалтай 400 мкв талбайтай газрыг гэр, орон сууцны хашааны газар эзэмшүүлэх Дүүргийн Газар зорион байгуулалтын албаны дарга *******ын 2012 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 0000584******* дугаар иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ гарсан.

Маргаан бүхий газар Монгол Улсын Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу Өв залгамжлах эрхийг гэрчилгээг" үндэслэж дүүргийн Засаг даргын 2019-08-23-ны өдрийн дугаар захирамжаар хууль ёсны эхнэр надад газар эзэмших эрх шилжсэн. Б.Б нь 2017 оны 9 сарын 17-ны өдөр нас барсан ба хууль ёсны гэр бүл Н.А миний бие 2018.10.04-ний өдөр БЗД-ийн тойргийн нотариатчид Өвлөх эрхийн гэрчилгээ авах тухай хүсэлт гаргаснаар 55 дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээ олгогдсон.

Би уг газрыг хууль бусаар авах гээгүй, маргаан бүхий газар болох Баянзүрх дүүргийн 09-р хороо, Шархад 49- тоотод хадам ээж Ш.Я гуай анхнаасаа амьдарч ирээгүй. Баянзүрх дүүргийн 9-р хорооны Засаг даргын ажлын албанаас Н.А нь Иргэний хуулийн 528.1-д заасны дагуу өвлүүлэгчийг нас барах хүртэл БЗД-ийн 9-р хороо, Шар хад 49- тоотод хамт амьдарч байсан гэдгийг тодорхойлсон /хх-29/. Талийгаач Б.Бд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 558 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 9-р хороо, Шархадны 49- тоот хаягт байрлах амины орон сууцны зориулалт бүхий 400 м.кв талбайтай газрыг эзэмшүүлсэн. Гуравдагч этгээд Н.А миний нэр дээр гарсан газар эзэмших эрхийн Гэрчилгээ хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийн дагуу олгогдсон. Иймд асуудлыг үнэн зөв шийдвэрлэж өгөхийг шүүхээс хүсч байна гэв

 

Гуравдагч этгээд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2002 онд өөрийн аав ээжийн хашаанд жижиг гэр барьж талийгаачтай цуг амьдарч байсан. 2003 онд талийгаач авто замын осолд орж шилбээрээ 2 хугарч гэмтэлд хөлөө шохойдуулж байсан. 2004 онд талийгаач маань группт орсон. Энэ хугацаанд талийгаачийн ах дүү нараас хэн нь ч ганц удаа ирж биеийг нь асууж, уулзаж байгаагүй. 2007 оноос 2017 он хүртэл өрхийн эмч н.Цгийн хяналтад талийгаач бид хоёр хоёулаа байсан. Бид хоёр хоёулаа группэд байсан. 2005 онд талийгаач хазгар болж явж чадахгүй болсон. 2006 онд бид хоёр гэрлэлтээ батлуулж, 2007-2008 онд найзынх нь хашаанд харуул манаачийг нь хийж цалинтай ажилладаг байсан. 2009 оноос миний төрсөн дүүгийн караокед жил гаран ажилласан. 2011 онд миний бие муудаад бид хоёр хотод буцаж ирээд хадам ээжийн хашааны хойд талын 1 байшинд нь амьдарч байсан. Удалгүй манай аав ээжийн том хашаанд 2013 оноос хойш амьдарсан. Хадмуудындаа ирж очдог байсан. Бид хоёр ногооны 00.4 га 4 газрыг группийнхээ мөнгөөр мод авч банзалж хашаалсан байсан. Талийгаачийн ах шоронгоос гарч ирээд удалгүй 2 газрыг нь авчихсан. 1 газрыг нь би нэр дээрээ авах гэтэл миний нэрээс хасалт хийгээгүй байсан учраас миний нэр дээр гарахгүй гээд би авч чадаагүй. Талийгаачийн ээж Ш.Я Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны Шар хадны ******* дугаар гудамжны ******* тоотоос хасалт хийлгэнгүүтээ нэг газрыг нь авсан. Үлдсэн нэг газар нь талийгаачид маань үлдсэн.

2015 онд талийгаачийн нэр дээр үлдсэн нэг газар дээр бид хоёр гэрээ барьсан боловч ямар ч тоггүй газар байсан. 2016 онд улсууд нь жигдэрснээр шугам татаж, айлууд бууж эхэлсэн. Би өөрийн аав ээжийн хашаанаас мод, зурагт, хөшиг авсан. Нэг өдөр ирэхэд талийгаач Б.Э ирчихсэн, өвөөгөө буулгаж байгаа гэсэн. Тухайн үед Б.Э дотуур байранд амьдардаг байсан. Талийгаач бид хоёр гэрчилгээгээ хийдэг байсан төмөр сейфиндээ гэрчилгээгээ хайгаад олоогүй. Удалгүй талийгаач өнгөрсөн. Нэг өдөр хадам ээж дээр очоод гэрчилгээ асуухад гэрчилгээ байхгүй гэсэн. 2015-2017 онд талийгаач хөл нь гэмтэлтэй болохоор хүнд ажил хийж чадахгүй, хөнгөн туслах ажил хийдэг байсан. Тэгж байгаад 2017 онд аваарт орж өнгөрсөн.

Газар эзэмших эрхийн гэрчилгээгээ авах болоод Д.П гуай дээр очоод учраа хэлэхэд нэг жилийн дараа ир гэсэн. Жилийн дараа 2018 онд 2, 3 хоног хэтрээд очиход эхнээс нь бүгдийг нь хөөцөлд гээд бүрдүүлэх материалын жагсаалт өгсөн. Нотариат дээр очиход өвлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгсөн. Хорооны тодорхойлолт, өргөдөл хоёрыг гаргаж өгсөн. Бусад материалуудыг цаанаас гаргаж өгсөн. Өргөдлийн загварыг харж байгаад өргөдлөө бичээд Б.Б гэж бичиж өгч байсан. Гэрчилгээ нь нилээн удаж байж гарсан.

Би хадам хөгшин дээр очиж байсан чинь өөрөө байгаагүй. Хадам ээжийн дүүгийнх нь Төв аймагт байдаг. Тийшээ явсан гэж хэлж байсан. Талийгаач бид хоёр нэг сейфний ард түлхүүрээ хийчихдэг байсан. Тэр түлхүүрийг аваад баахан гэрчилгээгээ хайгаад олоогүй. Дараа нь би газрын гэрчилгээгээг хадам ээжээс асуухад байхгүй гэсэн.

 

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хадам ээж болох Ш.Я болон бэр Н.А нарын хооронд Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шар хадны 49- тоот газрын маргаан үүсч, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд энэ маргаан явагдаж, шүүхээс өв залгамжлалын гэрчилгээг хууль ёсны гэж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Баянзүрх дүүргийн цагдаагийн газарт өмнө нь нэг асуудлыг шийдвэрлэж хэргийг хэрэгсэхгүй болгосон байсан.

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэл бүхий гарсан. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1, 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт заасны дагуу өвлөх эрх эхнэр, хүүхдэд нэн тэргүүнд олгогдох ёстой. Гэр бүлийн дундын хөрөнгийн хувьд гэрлэснээс хойш бий болсон хөрөнгийг хэлнэ. Б.Б, Н.А хоёр нийт албан ёсны гэрлэлтээр 11 жилийн хугацаанд хамт амьдарч, гэрлэснээс хойш 9 жилийн дараа уг газрыг авсан. Иймд гэрлэгчдийн дундын хөрөнгө болно. Гэр бүлийн тухай хууль, Өвийн тухай хууль, Иргэний хуульд нийцүүлж гаргасан захиргааны актыг илт хууль бус гэж үзэх үндэслэлгүй. Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар гарсан гэрчилгээ хүчин төгөлдөр. Нас барсан хүний нэр дээр газар эзэмших эрх олгогдсон бол шүүхийн журмаар хүчингүй болгох эрхтэй. Гэтэл Н.Аийн нэр дээр газар эзэмших эрхийн гэрчилгээ хуулийн дагуу олгогдсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Нотариатын үйлдэл хуулийн дагуу явагдсан. Гуравдагч этгээд Н.Аийн эрх ашиг хөндөгдөж байгаа. Түүнчлэн 2006 онд гэр бүл болоход хамт байсан Н.Аийн дагавар хүүхдийн эрх ашиг хөндөгдөх ёстой. Нас барсан хүний нэр дээр газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдоогүй. Хууль ёсны эхнэр Н.Аийн нэр дээр газар эзэмших эрхийн гэрчилгээ гарсан. Одоогийн мөрдөгдөж байгаа хуульд Н.Аийн үйлдэл харшлахгүй. Хууль бус үйлдэл гаргаагүй.

Талийгаач нь 2017 оны 11 дүгээр сарын 27-ны А/551 шийдвэрийг үндэслэн 9 дүгээр хороо, Шар хадны 49 дүгээр гудамжид байрлах газрыг 13 жилийн хугацаатай эзэмшүүлэх тушаал гарсан. Хууль зүйн талаасаа Гэр бүлийн тухай хууль, Иргэний тухай хуулиа зөрчиж гаргасан үйлдэл байхгүй. Анх манай үйлчлүүлэгч Монголын өмгөөлөгчдийн холбоон дээр ирж байсан. Түүнээс хойш маш олон газраар 5-6 сарын турш явж байна. Энэ хүн тулдаа л ингэж явж байна. Манай өмгөөллийн холбоо энэ хүнд туслаад өгье гэдэг байдлаар л хамгаалж ирсэн юм шүү. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ш.Я нь түүний хүү Б.Бгийн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны ******* дугаар захирамж, 000******* дугаартай гэрчилгээгээр эзэмшиж байсан тус дүүргийн 9 дүгээр хороо, Шархад 49- тоот газрыг эзэмших эрхийн гэрчилгээг Н.Ат шилжүүлсэнтэй холбоотой шийдвэрийг буюу Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Б.Бд олгосон 0000 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ болон 01110-2016/00 дугаар газар эзэмшүүлэх гэрээг, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн дугаар захирамжийн Н.Ат холбогдох хэсгийг, түүнд 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр олгосон 0000584******* тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус илт хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлон маргасан, хуульд заасан журмаар хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбаруудыг үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч анх хүү Б.Б нь эхнэргүй байсан, хууль ёсны өв залгамжлагч биш буюу эхнэр нь биш, ямар ч хамааралгүй этгээдэд газар эзэмших эрхийг шилжүүлсэн, газар эзэмших эрхийг өөрөө өвлөж авсан гэж маргаж байсан бол нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ газар эзэмшигч нас барсны дараа түүний нэрээр гэрчилгээ гээгдүүлсэн гэсэн хүсэлтээр гэрчилгээ олгосон нь буюу нас барснаар эрх зүйн чадваргүй болсон байхад эрх олгож, үүрэг үүсгэсэн нь бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй үндэслэлээр илт хууль бус, илт хууль бус шийдвэрийг үндэслэн газар эзэмших эрхийг шилжүүлсэн шийдвэр мөн илт хууль бус гэж маргажээ.

Улсын бүртгэлийн ерөнхий газраас болон Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн архиваас ирүүлсэн иргэний бүртгэлийн лавлагаа, гэрлэлтийн бүртгэлийн хувийн хэргээс[1] үзвэл Б.Бгийн төрсөн эх нь нэхэмжлэгч Ш.Я, Б.Б нь 2006 оны 10 дугаар сарын 25-нд Н.Атэй гэрлэлт бүртгүүлсэн, 2017 оны 9 дүгээр сарын 12-нд нас барсан нь бүртгэгджээ[2].

Маргаанд хамаарах газрын эзэмшлийн тухайд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2004 оны 202, 2011 оны дүгээр захирамжаар Б.Бгийн ногооны зориулалтаар эзэмшиж байсан 1100 м.кв газраас 400 м.кв газрыг 9 дүгээр хороо, Шархад 49- тоот хаягаар Б.Б, 400 м.кв газрыг ******* тоот хаягаар түүний ээж нэхэмжлэгч Ш.Я нар дүүргийн Засаг даргын 2015 оны ******* дугаар захирамжаар эзэмшсэн байх бөгөөд Б.Б 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр нас барсан, түүний эзэмшиж байсан 49- тоот хаягтай 400 м.кв газрын хувийн хэргээс /дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас шүүхэд ирүүлсэн/ үзэхэд[3] өвлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлт, 255 тамганы дугаартай нотариатчийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр олгосон 55 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ, хорооны Засаг даргын тодорхойлолт, гэрлэлтийн болон нас барсны бүртгэлийн лавлагаа, газар эзэмших эрхийн гэрчилгээ, газар эзэмших эрх шилжүүлэх хүсэлтийг үндэслэн газрын эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн хурлаар газар эзэмших эрх шилжүүлэх хүсэлтийг хэлэлцээд зөвшөөрч[4] дүүргийн Засаг даргын 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн дугаар захирамжаар түүний эхнэр Н.Ат шилжүүлэн эзэмшүүлсэн байна.

Тухайн газар нь өмчлөгдөөгүй буюу төрийн өмчийн газар байх бөгөөд хуульд заасан журмаар иргэний гаргасан хүсэлтийн дагуу эзэмшүүлэх асуудлыг дүүргийн Засаг дарга шийдвэрлэхээр, мөн газар эзэмшигч нас барсан тохиолдолд түүний хууль ёсны өв залгамжлагч нь хүсвэл газар эзэмших эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлж, анхдагч гэрээнд заасан газар эзэмших хугацаа дуустал газрыг үргэлжлүүлэн эзэмшиж болохоор Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т тодорхой заажээ.

Хууль ёсны өв залгамжлагч гэж хэнийг ойлгох талаар Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эхийг хууль ёсны өвлөгч гэх бөгөөд тэдгээр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй гэж, өвлөх эрхийн гэрчилгээг хэрхэн авах талаар 531 дүгээр зүйлийн 531.1-д хууль ёсны ... өвлөгч нь өвлөх эрхийн гэрчилгээ олгох хүсэлтийг өв нээгдсэн газрын нотариатад гаргана., 531.2-т хууль ёсны өвлөгчид өвлөх эрхийн гэрчилгээг өв нээгдсэнээс хойш 1 жил өнгөрсний дараа олгоно. гэж заажээ.

Нотариатын лавлагаа[5], нотариатчийн бүртгэлийн хувийн хэргээс[6] үзвэл Б.Бгийн эзэмшлийн 000******* дугаартай гэрчилгээтэй Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шархад 49- тоот хаягт байрлах 400 м.кв газрын эзэмших эрхийг түүний эхнэр Н.Аийн хүсэлт, нас барсны бүртгэлийн лавлагаа, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, кадастрын зургийн хуулбар, оршин суугаа хаягийн тодорхойлолт, Нотариатын танхимын архивын өөр хууль ёсны өв залгамжлагч өв хүлээн авахаар хүсэлт гаргасан, гэрчилгээ олгосон бүртгэл байхгүй тухай тодорхойлолт, өвийн лавлагаа зэргийг үндэслэн 2018 оны 10 дугаар сарын 04-нд Өв залгамжлалын 55 дугаарт бүртгэж, өвлөх эрхийн гэрчилгээг олгосон, өөр хууль ёсны өв залгамжлагчаас өв хүлээн авах, өв хүлээн авахаас татгалзах хүсэлт гаргасан, өвлөх эрхийн гэрчилгээ олгосон мэдээлэл өвийн нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй байна.

Нэхэмжлэгч Ш.Я нь өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатч Б.Б болон өвлөх эрхийн гэрчилгээ авсан Н.А нарт холбогдуулан газар эзэмших эрхийн гэрчилгээний хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийг иргэний хэргийн шүүхэд гаргаж, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, шүүгчийн 2021 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн ******* дугаар захирамжаар нэхэмжлэлийн үндэслэл шаардлага тодорхойгүй, урьдчилан шийдвэрлүүлэх журмыг хэрэглээгүй үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, мөн тус шүүхийн шүүгчийн 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн захирамжаар Ш.Ягаас нотариатчид холбогдуулан гаргасан Н.Ат 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 55 дугаарт бүртгэж өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлээр иргэний хэрэг үүсгэсэн, шийдвэрлэгдээгүй байна.

Дээрхээс үзвэл Б.Бгийн эзэмшлийн ******* дугаартай гэрчилгээтэй Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шархад 49- тоот хаягт байрлах 400 м.кв газрын эзэмших эрхийг Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар түүний төрсөн эх болон эхнэр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй бөгөөд эхнэр Н.Аийн өвлөх эрхийн гэрчилгээ олгуулах хүсэлт, холбогдох баримтуудыг үндэслэн өвлөх эрхийн гэрчилгээг 1 жилийн дараа олгох хуулиар тогтоосон хугацааг хангуулан олгосон, нотариатчаас олгосон энэ өвлөх эрхийн гэрчилгээ хүчинтэй байгаа, ийнхүү уг газрыг эзэмших эрхийг шилжүүлэн авах эрхийг өвлөх эрхийн гэрчилгээгээр олж авсан эхнэр Н.Ат газар эзэмших эрхийг шилжүүлсэн захиргааны шийдвэр хууль зөрчөөгүй, нөгөө талаас нэхэмжлэгч Ш.Ягийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хууль бусаар хөндөөгүй байна.

Учир нь Газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар иргэнд өмчлүүлснээс бусад газар төрийн өмч, төрийн өмчийн газрыг иргэн, хуулийн этгээдийн хувьд эзэмших, ашиглах эрхийг хуульд заасан журмын дагуу гаргасан хүсэл зоригийн үндсэн дээр тодорхой хугацаа, зориулалтаар гэрчилгээ, гэрээний дагуу ашиглуулах, эзэмшүүлэх асуудлыг эрх бүхий Засаг дарга, түүний газрын асуудлыг хариуцсан агентлаг шийдвэрлэдэг. Тиймээс мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т заасан зохицуулалт нь гэрээ, гэрчилгээний үндсэн дээр газрыг эзэмшиж байсан иргэн нас барсан тохиолдолд түүний хууль ёсны өв залгамжлагч хүсэлтээ гарган эзэмшиж байсан хугацааных нь үлдсэн хэсэгт үргэлжлүүлэн эзэмших эрхийг шилжүүлэн авах эрх эдлэх агуулгатай. Тэр ч утгаараа Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1, 528.2 дахь хэсэгт заасан өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч нь өв нээгдсэнээс хойш 3 сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариатад мэдэгдээгүй бол өвийг хүлээн авсан гэж үзнэ, мөн бусад өвлөгчид нь өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан бол өвийг хүлээн авсан гэж үзнэ гэх өвийг хүлээн авсанд тооцох зохицуулалтыг шууд агуулгаар нь хэрэглэх боломжгүй. Өөрөөр хэлбэл эрх бүхий этгээдээс тодорхой журмын дагуу олгогдсон газар эзэмших эрхийг шилжүүлэн авах хүсэлт гаргах, шийдвэрлүүлэх эрх л өвлөх эрхийн гэрчилгээний дагуу олгогдож байгаа гэж үзнэ.

Харин ийнхүү газар эзэмшигч нас барснаар газар эзэмших эрхийг шилжүүлэн эзэмшихээр өвлөх эрхийн гэрчилгээтэй гуравдагч этгээдийн гаргасан хүсэлтийг шийдвэрлэхдээ захиргааны байгууллага буюу дүүргийн Газар зохион байгуулалтын алба, газар зохион байгуулагч бүрдүүлэх баримт бичигт газар эзэмших эрхийн гэрчилгээг эх хувиар шаардаж, гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмшигчийн нэрээр нөхөн гаргуулах замаар бичиг баримтын энэ бүрдлийг хангуулах шаардлага тавьснаар Н.А газар эзэмших эрхийн ******* дугаартай гэрчилгээг гээгдүүлсэн, нөхөн авах хүсэлтийг нас барсан нөхөр Б.Бгийн нэрээр гаргаж[7], холбогдох баримтууд буюу Ө ХХК-ийн Өдрийн сонинд зар хүлээн авсан 0001684 дугаартай баримт, Өдрийн сонины 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 218 дугаарын 10 дахь нүүрэнд ийнхүү Б.Бгийн нэр дээрх ******* дугаартай гэрчилгээг гээгдүүлсэн тул хүчингүйд тооцуулах зар, Шийдвэр гүйцэтгэх албанаас 2017 оны 10 дугаар сарын 06-нд авсан Б.Бгийн шүүхийн шийдвэрээр тогтоогдсон өр төлбөргүй талаарх тодорхойлолт, 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр авсан гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, мөн 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр авсан нас барсны бүртгэлийн лавлагаа, хорооны Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б.Бгийн хаягийн тодорхойлолтыг хавсаргасныг[8] үндэслэн Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2019 оны 5 дугаар сарын 17-ны А/27 дугаар тушаалаар Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 558 дугаар захирамжийг үндэслэн Б.Бд олгогдсон газар эзэмших эрхийн 000******* дугаартай гэрчилгээг хүчингүйд тооцсон[9] байна.

Улмаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр дүүргийн Засаг даргын 2015 оны ******* дугаар захирамжаар Б.Бд эзэмших эрх олгогдсон Шархад 49- тоот хашааны 400 м.кв газрыг эзэмших эрхийн гэрчилгээг 0000 дугаараар нөхөн олгож, эрхийн улсын бүртгэлд Э-******* дугаарт бүртгэн, гэрээг шинэчилж байгуулсан байна.

Үүнийг нь нэхэмжлэгч газар эзэмшигч нас барсны дараа түүний нэрээр гэрчилгээ гээгдүүлсэн гэсэн хүсэлтээр гэрчилгээ олгосон нь буюу нас барснаар эрх зүйн чадваргүй болсон байхад эрх олгож, үүрэг үүсгэсэн нь бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй үндэслэлээр илт хууль бус, илт хууль бус шийдвэрийг үндэслэн газар эзэмших эрхийг шилжүүлсэн шийдвэр мөн илт хууль бус гэж маргажээ.

Б.Бгийн эзэмшиж байсан газрыг өвлөх эрхийн гэрчилгээгээр шилжүүлэн авах Н.Аийн хүсэлтийг шийдвэрлэхдээ Баянзүрх дүүргийн Засаг даргын 2019 оны дугаар захирамжид Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийг буюу газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх заалтыг баримтлан Б.Бгийн эзэмшиж байсан газрын эзэмших эрхийн гэрчилгээг Н.Ат шилжүүлсэн, ингэхдээ шилжүүлж буй гэрчилгээг эх хувиар байх бүрдүүлбэрийн шаардлагыг хангуулахаар өмнөх гэрчилгээг хүчингүй болгож шинээр олгох замаар ийнхүү газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх ажиллагааг захиргааны байгууллага хэрэгжүүлсэн байх тул захиргааны байгууллагыг хууран нас барсан хүний нэрээр хүсэлт гаргасан гэж Н.Аийг буруутгах нөхцөл байдал тогтоогдохгүй, захиргааны байгууллагын тавьсан шаардлагаар Н.А нь нас барсан хүний нэрээр хүсэлтээ гаргасан, нас барснаар эрх зүйн чадваргүй болсон байхад эрх олгож, үүрэг үүсгэсэн нь бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй гэх нөхөн олгосон гэрчилгээ, гэрээг илт хууль бус гэж захиргааны байгууллагыг буруутгах үндэслэл мөн тогтоогдохгүй, захиргааны байгууллага газар эзэмших эрхийн гэрчилгээ олгох, нөхөн олгох, нэр шилжүүлэх тохиолдолд өмнөх эрхийн гэрчилгээг эх хувиар хураан авах журмын заалтаа хэрэгжүүлсэн явдал байна.

Үүнийгээ хариуцагч Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь заалт нь хууль ёсны өвлөгч нь эрхийн гэрчилгээг шилжүүлэн авах эрх олгосон заалт бөгөөд газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх заалтаа баримтална, шилжүүлж буй эрхийн гэрчилгээ хүчин төгөлдөр байх ёстой, тиймээс эрхийн гэрчилгээг шилжүүлэхдээ хураан авч шинэ эзэмшигчийн нэрээр гэрчилгээг бичиж олгодог, хурааж аваагүй тохиолдолд хуучин гэрчилгээг ашиглах явдал гарна, 1 нэгж талбар дээр хүчин төгөлдөр 2 эрхийн гэрчилгээ байх боломжгүй гэж тайлбарласан нь үндэслэлтэй.

Учир нь газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журмыг Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын тушаалаар баталсан, уг журмаар газар эзэмших эрхийн гэрчилгээ нь эзэмшигчийн эрхийг төрөөс баталгаажуулсан үнэт цаасны нууцлал бүхий хууль ёсны баримт бичиг бөгөөд газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас олгосон нэгдсэн дугаартай, газар эзэмших эрхийг шилжүүлэх тохиолдолд хүсэлтэд хавсаргахыг шаардах баримт бичгийн бүрдүүлбэрт газар эзэмших эрхийн гэрчилгээг эх хувиар байхыг, эрхийн гэрчилгээг гэмтээсэн, үрэгдүүлсэн тохиолдолд шинээр дугаар бүхий гэрчилгээ нөхөн олгодог, ийнхүү нөхөн олгох тохиолдолд үрэгдүүлснийг нотлох баримтыг шаарддаг, гэрчилгээг нөхөн олгохдоо эзэмшүүлэх захирамжийг дахин гаргахгүй, үрэгдүүлсэн, гэмтээсэн гэрчилгээг аймаг, нийслэлийн Газрын албаны даргын тушаалаар хүчингүй болгодог байна.

Иймд газрын хувийн хэрэгт авагдсан баримт, хүсэл зоригоо илэрхийлсэн өргөдөл хүсэлтэд газар эзэмшигч нас барснаар өвлөх эрхийн гэрчилгээтэй хууль ёсны өв залгамжлагч нь газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэн авах хүсэлтээ гаргасан, захиргааны байгууллага өвлөх эрхийн гэрчилгээтэй хууль ёсны өв залгамжлагчид газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлсэн байх тул захиргааны байгууллагын дээрх шийдвэр, үйл ажиллагааг илт хууль бус гэж үзэхгүй тул Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Б.Бд олгосон 0000 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ болон 01110-2016/00 дугаар газар эзэмшүүлэх гэрээг, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн дугаар захирамжийн Н.Ат холбогдох хэсгийг, түүнд 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр олгосон 0000584******* тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2, 38 дугаар зүйлийн 38.1, 38.3.2 дахь заалтыг баримтлан Баянзүрх дүүргийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан гаргасан Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Б.Бд олгосон 0000 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ болон 01110-2016/00 дугаар газар эзэмшүүлэх гэрээг, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн дугаар захирамжийн Н.Ат холбогдох хэсгийг, түүнд 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр олгосон 0000584******* тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэгч Ш.Ягийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 70200 төгрөгийн төрийн сангийн данснаас гаргуулан нэхэмжлэгч Ш.Яд буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХАЛИУНА

 

 

 

 

 


[1] Хэргийн 1 дүгээр хавтсын 193-200 дугаар хуудас

[2] Хэргийн 1 дүгээр хавтсын 99-101 дэх тал

[3] Хэргийн 1 дүгээр хавтсын 33-96 дугаар хуудас

[4] Хэргийн 1 дүгээр хавтсын 42-47 дугаар хуудас

[5] Хэргийн 1 дүгээр хавтас 23 дахь тал

[6] Хэргийн 1 дүгээр хавтас 25-31 дүгээр хуудас

[7] Хэргийн 1 дүгээр хавтсын 58 дугаар хуудас

[8] Хэргийн 1 дүгээр хавтсын 57, 58, 59, 60 дугаар хуудаснуудын ар тал, 2 дугаар хавтсын 186-187 дугаар хуудас

[9] Хэргийн 2 дугаар хавтсын 182-184 дүгээр хуудас