Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 07

 

 

               Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Алтан даргалж, 

                Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ё.Мөнхгэрэл,

                Улсын яллагч: Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор П.Удвал,        

                Шүүгдэгч: Г.Мягмарсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар  

                Увс аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 277 дугаар зүйлийн 277.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Очирваань овгийн Ганболдын Мягмарсүрэнд холбогдох 201620000303 тоот эрүүгийн хэргийг  хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

           Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 02 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, 23 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-5, аав, ээж, дүү нарын хамт Завхан аймгийн Отгон сумын 3-р багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, РД:ИЙ94022214, Очирваань овгийн Ганболдын Мягмарсүрэн.  

            Хэргийн товч утга:

Шүүгдэгч Г.Мягмарсүрэн нь хугацаат цэргийн албанд дэд түрүүч цолтой алба хааж байхдаа 2016 оны 10 дугаар сарын 12-ны орой Хилийн 0213 дугаар ангийн Тэс сумын салбарын 1 дүгээр харуулын цэг дээр алба хааж байсан байлдагч П.Бямбадоржийг зодож бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан буюу захирагч нь захирагдагчдаа хүч хэрэглэсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

                Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд:

           1. Хохирогч П.Бямбадоржийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2016 оны 05 дугаар сард цэргийн албанд татагдаж 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 0213-р салбарт байлдагчаар хуваарилагдаж очсон бөгөөд 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр харуулын дарга дэд ахлагч Отгонбаатар бүх цэргүүдэд амрах команд өгсөн байсан тул би гаднаас ус оруулчихаад орондоо орох гэж байтал дэд түрүүч Мягмарсүрэн хэвтэж байснаа босч ирээд “Чи нэг шанаа авчихна биз дээ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “Авч чадна” гэж хэлэхэд Мягмарсүрэн миний баруун талын шанаанд нэг удаа цохисон, цохиулсаны дараа миний амнаас цус гараад нэг талын эрүү доошоо болсон байсан. Тэр үед Мягмарсүрэн надад “Чи мориноос унасан гэж хэлээрэй” гэж хэлэхээр нь би харуулын даргад “ мориноос унаад миний эрүү ийм болчихлоо” гэж хэлэхэд харуулын дарга застав руу мэдэгдсэн. Тэгээд 30 орчим минутын дараа заставаас машин ирж намайг авсан. Мягмарсүрэн намайг ямар шалтгааны улмаас цохисон болохыг би мэдэхгүй байна. Урд өдөр нь шинэ хувцас өгөөд харуулын дарга өвлийн хувцас дээр нэр, таних тэмдэг, мөрдөс зэргийг Пүрэвжав бид хоёрыг хадсан байна гээд Мягмарсүрэнгээр хоол хийлгэсэн юм. Тэгсэн Мягмарсүрэн бид  хоёр луу “Бид нар хал цэргүүдээр хоол хийлгэж үзээгүй” гэж хэлээд уурлаад байсан. Тэр шалтгааны улмаас намайг цохисон байж магадгүй, өөр шалтгаан байхгүй. Мягмарсүрэн намайг харуулын байран дотор ханан пийшингийн хажууд зогсоогоод зүүн гараа алчуураар ороож байгаад эхлээд Пүрэвжавын баруун шанааны хавьд нэг удаа цохисон. Пүрэвжав газарт уначихаад босох үед байлдагч Хадхүү аваад явсан. Дараа нь миний баруун чихний доод буюу эрүүний уг хэсэгт алчуураар ороосон гараараа нэг удаа цохисон. Тухайн үед харуулын байранд ахлах байлдагч Эрдэнэбилэг, Хадхүү нар байсан бөгөөд биднийг цохих үед Хадхүү хараад зогсож байсан. Харин Эрдэнэбилэг унтаж байсан. Мягмарсүрэнд зодуулсны улмаас миний баруун талын эрүү 2 газар хугарсан байсан. Би Улаанбаатар хотод байх цэргийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж хагалгаа хийлгэж 2 хадаас тавиулсан. Миний эрүүнд өмнө нь ямар нэгэн бэртэл, гэмтэл байгаагүй. Мягмарсүрэн намайг цохисныхоо дараа миний урд талын шүдийг харчихаад “Энүүхэндээ бага  гэмтсэн юм шиг байна, чи мориноос унасан гээд хэлчих” гээд гуйгаад байсан тул би тэгж хэлсэн юм. Миний биеийн байдал одоо ерөнхийдөө гайгүй болж байгаа. Гэхдээ юм зажилж болохгүй байгаа. Одоо надад санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг / хх-ийн 10-11-р тал/,   

2. Гэрч Б.Хадхүү /Хилийн 0311-р ангийн 0213-р салбарт байлдагч/-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би Мягмарсүрэн, Бямбадорж нарыг танина, хамт цэргийн алба хааж байсан. Мягмарсүрэнтэй нэг оны цэрэг, харин Бямбадорж нь бид нарын дараагийн ээлжинд цэрэгт татагдаж ирсэн юм. 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн урд шөнө нь би Мягмарсүрэнтэй, нөгөө талд Эрдэнэбилэг, Бямбадорж нар манаанд гарчихаад өглөө нь буугаад харуулын байрандаа байж байтал штабын дарга ирээд бид нараас шалгалт авчихаад явсан. Тэгээд харуулын дарга д/а Отгонбаатар бид нарт амрах тушаал өгөөд явсан. Тэр үед Бямбадорж, Пүрэвжав хоёр амраагүй байсан. Тэгтэл Мягмарсүрэн хэвтэж байснаа орноосоо босоод шинэ цэргүүд болох Бямбадорж, Пүрэвжав нарыг номхон зогсоогоод “Та хоёр цохилт авах уу” гэхэд тэр хоёр “Тийм, авна” гэж хэлсэн. Тэгээд Мягмарсүрэн эхлээд Пүрэвжавын баруун талын шанаанд нь зүүн гараараа нэг удаа цохисон юм. Тэр үед Бямбадорж ханан пийшин тойроод араар нь орсон бөгөөд тэр үед Мягмарсүрэн араас нь очоод цохисон байх, Бямбадорж цохиулсныхаа дараа миний хажууд ирэхээр нь би “Зүгээр үү” гэж асуухад “Зүгээр, зүгээр” гэж хэлсэн бөгөөд тэр үед Бямбадоржийн амнаас нь цус гарчихсан байсан. Тэгээд Бямбадорж усанд явчихаад ирээд надад “Миний эрүү сонин болоод байна” гэж хэлэхээр нь би түүний эрүүг үзэхэд эрүү нь доошоо унжсан байсан. Би дахин Бямбадоржоос “Зүгээр үү” гэж асуухад “Зүгээр, гэхдээ хэл жаахан орооцолдоод байна” гэж хэлж байсан. Мягмарсүрэн тэр хоёрыг цохих үед Мягмарсүрэн, Бямбадорж, Пүрэвжав, Эрдэнэбилэг бид нар байсан бөгөөд Эрдэнэбилэг унтаж байсан. Өөр хүн байгаагүй. Мягмарсүрэн ямар шалтгааны улмаас тэр хоёрыг цохисон болохыг нь мэдэхгүй байна. Эхлээд тэр хоёрыг цохих гэхээр нь би “Боль” гэж хэлээд гарнаас нь барихад “Зүгээр, зүгээр” гэж хэлээд цохисон. Нөгөө хоёр ч “Цохиулъя” гэж хэлсэн. Мягмарсүрэн нь аливаа зүйлийг зүүн гараараа хийдэг, солгой бөгөөд тухайн үед Пүрэвжавын биед ямар нэгэн гэмтэл учраагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39-р тал/,

    3.Гэрч Ж.Пүрэвжав /Хилийн 0311-р ангийн 0213-р салбарт байлдагч/-ын мөрдөн байцаалтад өгсөн: “....2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр би хилийн харуулын цагийн манааны байранд үүрэг гүйцэтгэсэн. Дэд түрүүч Мягмарсүрэн, байлдагч Хадхүү нар 177-р чиглэлд 2016 оны 10 дугаар сарын 11-ний шөнө хил эргэж манаанд яваад 12-ны өглөө үүрээр 04 цагт ирсэн. Байлдагч Бямбадорж, ахлах байлдагч Эрдэнэбилэг нар 179-р чиглэлд мөн хугацаанд манаанд яваад ирсэн юм. Тэр шөнө манай харуулын байранд д/х Мөнгөншагайгаар ахлуулсан шалгалтын бүлэг ирж хоноод 2016 оны 10 дугаар сарын 12-ны өглөө 08 цагт явсан. Тэднийг явсны дараа харуулын дарга д/а Отгонбаатар бидэнд амрах тушаал өгөөд өөрөө хянах цамхаг дээр үүрэг гүйцэтгэсэн. Эрдэнэбилэг, Мягмарсүрэн, нар орондоо орж Бямбадорж бид хоёр байраа цэвэрлэж аяга, тавгаа угаагаад дуусах үед Мягмарсүрэн орноосоо босож ирээд “Та нар яагаад байна, ганц цохилт авах уу” гэж хэлэхээр нь түүнийг 10 сард буюу хэдхэн хоногийн дараа халагдах хал цэрэг байсан тул бид хоёр “Тэгье” гэж хэлсэн. Тэгтэл Мягмарсүрэн миний хажууд ирээд хагас суу гэж хэлээд өвдгөөр хагас нугалж 2 гарыг өвдөг тулуулж зогсоож байгаад гарандаа алчуур ороож байгаад солгой гараараа миний баруун шанаанд нэг удаа цохисон. Дараа нь Бямбадорж руу очсон бөгөөд бидний дунд ханан пийшин байсан тул Бямбадоржийг цохисон эсэхийг нь харж чадаагүй юм. Тэгтэл толгойгоо угааж байсан Хадхүү хүрч ирээд Мягмарсүрэнд “Одоо боль, хэрэггүй гэж хэлээд болиулахад Мягмарсүрэн орондоо орж хэвтсэн. Тэр хооронд Бямбадорж гараад явчихсан байсан тул би араас нь гартал Бямбадорж голоос ус аваад ирж байсан. Тэгээд Бямбадорж ирчихээд “Миний шүд үүрсэн юм шиг байна, ярихад сонин болоод байна” гэж хэлсэн тул би амыг нь нээж үзэхэд үүдэн доод 2 шүд нь дээр, доор болчихсон, баруун хэсэг нь доош унжсан юм шиг харагдсан. Тэгээд бид хоёр харуулын байрлуу орж, тэнд байсан хүмүүст Бямбадорж шүднийхээ талаар хэлсэн бөгөөд тэд нар бүгдээрээ үзээд ярилцаж байгаад байдлыг хүндрүүлээд яахав гэж ярилцаад мөн Бямбадорж өөрөө гомдолгүй гэж хэлсэн тул үгээ нийлүүлэхээр болж “Бямбадорж морь услахаар яваад мориноосоо унаж гэмтсэн” гэж хэлэхээр болсон юм. Тэгээд Бямбадорж бид хоёр явган явж модон дотор аргамжсан байсан 4 морийг нэг нэг унаж 2-ыг нь хөтлөөд гол дээр очиж морио услаад буцаж аргамжаад харуулын байран дээр ирэхэд харуулын дарга Отгонбаатар хянах самбар дээр байсан тул түүнд мориноос унаж гэмтсэн талаараа Бямбадорж хэлсэн. Харуулын дарга Отгонбаатар тэр дороо заставын даргад илтгэчихээд Бямбадоржийг гүүр лүү дагуулж яваад мотоцикльд суулгаж явуулчихаад буцаж ирсэн юм. Маргааш нь ангийн штабын дарга Мөнгөншагайгаар ахлуулсан бүрэлдэхүүн ирж албаны шалгалт явуулсан бөгөөд тэд Бямбадоржийг зодуулсан талаар мэдчихээд ирсэн байсан. Тэгээд Мягмарсүрэнг аваад явсан. Бямбадорж ус авч ирээд надад “Мягмарсүрэн намайг нэг удаа цохисон, шүд сонин болчихлоо” гэж хэлсэн бөгөөд Мягмарсүрэн өөр цэрэг зодож, цохиогүй. Тухайн үед бид нар согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, эрүүл байсан. Урьд өмнө нь дэд түрүүч Мягмарсүрэн болон бусад хал цэргүүд бид нарыг зодох, цохих зэргээр ийм зүйл гаргаж байгаагүй. Мягмарсүрэнгийн намайг цохисон үйлдлийн улмаас миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй. Харин Баямбадоржийн эрүү, үүдэн шүд орчимд залгаасаараа зөрсөн, хоорондоо бага зэрэг зааг гарсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23-р тал/,

 

      4. Гэрч О.Эрдэнэбилэг /Хилийн 0311-р ангийн 0213-р салбарт байлдагч/ -ийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би Мягмарсүрэн, Бямбадорж нартай цэргийн алба хаах хугацаандаа танилцсан бөгөөд тэр хоёр Завхан аймгаас татагдсан цэргүүд юм. Мягмарсүрэн нь надтай хамт 2015 оны 2-р ээлжээр цэргийн албанд татагдсан, харин Бямбадорж нь 2016 оны 1-р ээлжийн цэрэг байгаа юм. Би 2015 оны 10 сарын 15-ны өдөр Бөхмөрөн сумаас цэргийн албанд татагдаж Увс аймгийн Тэс сумын 0213-р салбарт буюу Хошт Эргийн 1-р байнгын хилийн харуул дээр цэргийн алба хааж 2016 оны 10 сарын 20-нд цэргийн алба хаах хугацаа дуусч халагдсан. Би анх байлдагч цолтой орж халагдах үедээ ахлах байлдагч цолтой халагдсан юм. Хэрэг явдал болохын урьд шөнө нь бид хилийн цагийн манаанд үүрэг гүйцэтгэж хоноод харуулын байранд шөнө 03.00 цаг орчимд ирсэн. Тухайн үед манай харуулын байранд штабын даргаар ахлуулсан шалгалтын баг ирж ажиллаж хоноод өглөө нь 08.00 цаг орчимд явцгаасан юм. Тэднийг явсны дараа харуулын дарга, дэд ахлагч Отгонбаатар бидэнд амрах үүрэг өгөөд өөрөө хилийн харуулын манаанд хянах самбарт гарч үүрэг гүйцэтгэсэн. Учир нь бид шөнө нь харуулд явж нойргүй хоносон байсан. Би унтаж амрахаар 09.00 цагийн орчимд орон дээрээ хэвтэж байтал дэд түрүүч Мягмарсүрэн нь Бямбадоржийг “Усанд яв, Пүрэвжав ор дэрээ засаарай” гэж хэлчихээд өөрөө орондоо орж хэвтсэн. Хэсэг байж байгаад Мягмарсүрэн босож ирээд “Та нар яагаад үүрэг даалгавар биелүүлэхгүй удаад байгаа юм. Үл тоомсорлоод байгаа юм уу. Цэргийн хүн хурдан шуурхай байх ёстой” гэж хэлээд Пүрэвжав дээр очиж “Чи ажил хийж чадахгүй юм бол нэг шанаа авах уу” гэхэд Пүрэвжав “Нэг шанаа авъя” гэж зөвшөөрсөн. Тэгээд Мягмарсүрэн гартаа нүүр гарын алчуур ороож байгаад зүүн гараараа Пүрэвжавыг нэг удаа цохисон. Түүний дараа Бямбадоржийг ханан пийшингийн цаад талд байхад нь очиж түүнийг цохих гэхээр нь Хадхүү түүнд “Яах юм бэ?, наадхаа зодож хэрэггүй” гэж хэлсэн. Тэгтэл Мягмарсүрэн “Айлын хүүхдүүдийг алаг үзэхгүй” гэж хэлээд түүнийг нэг удаа цохих шиг болсон. Тухайн үед тэр хоёр ханан пийшингийн цаад талд байсан тул би яг цохихыг нь хараагүй. Гэхдээ нэг удаа цохих чимээ сонссон. Түүний дараа Бямбадорж, Пүрэвжав нар гадагш гарч усанд явсан. Тэгээд буцаж ирэхдээ Бямбадорж “Цохиулсан баруун эрүүний орчимд хавдсан, эрүү сонин болчихлоо” гэж хэлсэн. Бид нар үзэхэд эрүүний баруун хэсэг нь доош унжиж үүдэн шүд нь зөрсөн байсан. Тэр үед Мягмарсүрэн “Баларсан юм боллоо, одоо яах вэ” гэж үглээд байсан бөгөөд Бямбадорж “Гомдолгүй” гэж хэлсэн тул Бямбадорж, Мягмарсүрэн бид гурав ярилцаж байгаад Бямбадоржийг мориноос унаж гэмтсэн гэж хэлүүлэхээр болсон. Тэгээд Бямбадорж, Пүрэвдоржтой хамт морьдоо услахаар яваад буцаж ирэхдээ харуулын даргад мэдэгдсэн байсан. Харуулын дарга мориноос унаж гэмтсэн гэдэгт итгэсэн тул застав руу мэдэгдэж, жагсаалын дарга ирж Бямбадоржийг авч явсан юм. Түүний дараа албаны шалгалт хийхээр шалгалтын баг ирсэн юм. Тухайн үед харуулын байранд Мягмарсүрэн, Хадхүү, Бямбадорж, Пүрэвжав болон би байсан. Харуулын дарга гадна хянах цамхаг дээр байсан. Мөн тухайн үед бид эрүүл байсан. Урьд өмнө нь хал цэргүүдийн зүгээс шинэ цэргүүдийг зодож дарамтлах асуудал гарч байгаагүй. Шинэ цэргүүдээр ойр зуурын ажил цэвэрлэгээ гэх мэтийг хийлгэдэг байсан. Мягмарсүрэн нь аливаа зүйлийг зүүн гараараа хийдэг солгой цэрэг байсан. Цохихдоо ч солгой гараараа цохисон бөгөөд Пүрэвжавын биед гэмтэл учраагүй. Бид нар Бямбадоржийг “Гомдолгүй” гэж хэлэхээр нь мориноос унасан болгож худал зохиож хэлсэн юм. Бямбадорж нь мориноос унаж гэмтсэн зүйл байхгүй. Тэр үед морьдоо услаагүй байсан тул тэднийг Бямбадорж, Пүрэвжав нарыг морьд услахаар явахдаа мориноос унасан болгож яриулсан юм. Тухайн үед Бямбадоржийг өөр хэн нэгэн зодож цохисон зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35-р тал/,

 

 5. Гэрч Б.Отгонбаатар /Хилийн 0311-р ангийн 0213 салбарын хилийн 1-р харуулын дарга/-ын мөрдөн байцаалтад өгсөн: “Тухайн үед буюу 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр ангиас шалгалтын бүлэг ирж манай харуулын байранд шалгалт хийгээд тэр шөнөө хоноод маргааш өглөө нь буюу 2016 ны 10 дугаар сарын 12-ны өглөө 08 цаг орчимд буцсан юм. Тэр үед манай харуулын байранд дэд түрүүч Мягмарсүрэн, хахлах байлдагч Эрдэнэбилэг, байлдагч Хадхүү, Пүрэвжав, Бямбадорж нар байсан. Хадхүү, Пүрэвжав, Бямбадорж нар хилийн харуулд шөнө нь яваад өглөө нь ирсэн байсан тул тэд нарт унтаж амрах үүрэг өгөөд Мягмарсүрэн, Эрдэнэбилэг, Хадхүү нарыг оронд нь оруулчихаад би өөрөө хянах самбар дээр үүрэг гүйцэтгэж байтал 10 цаг орчимд Пүрэвжав, Бямбадорж 2 ирээд Бямбадорж надад “Морио услах гээд нэг морио унаад, нөгөөдөхийг нь хөтлөөд явж байтал хөтөлж явсан морь хойш суугаад би татагдаж хойш уначихлаа. Тэгээд бостол эрүү гэмтчихсэн байна” гэж хэлсэн. Тэгээд Бямбадоржийг үзэхэд үүдэн доод 2 шүдний баруун тал нь шүдэнзний ширхэгийн дайтай доош унжсан байсан. Хавдсан, шарх болсон зүйл байгаагүй бөгөөд Бямбадорж надад “Би өмнө нь эрүүний гэмтэлтэй байсан, тэр нь гэмтчихлээ” гэж хэлсэн тул би заставын дарга Ганзоригт мэдэгдсэн. Удалгүй жагсаалын дарга а/а Даваадорж мотоцикльтой ирээд Бямбадоржийг аваад явсан бөгөөд Бямбадорж тэгж яваад түүгээрээ аймагт эмнэлэгт хүргэгдсэн байсан. Тухайн үед Бямбадоржтой хамт явсан Пүрэвжав надад хэлэхдээ “Морь услахад би хамт явсан. Намайг урд явж байтал Бямбадорж ард унасан” гэж хэлсэн бөгөөд бусад цэргүүд ямар нэгэн зүйл хэлээгүй. Маргааш нь штабын дарга д/х Мөнгөншагай, а/х Төрболд, а/х Нэмэхбаяр нар ирж албаны шалгалт хийхэд Мягмарсүрэн нь Бямбадоржийг зодсон болох нь тогтоогдсон юм. Тухайн үед цэргүүд надад худал хэлсэн байсан. Намайг цэргүүдэд амрах үүрэг өгөх үед Бямбадоржийн биед бэртэл, гэмтэл учраагүй, үүргээ хэвийн гүйцэтгэж байсан. Бямбадорж надад уг явдал болохоос өмнө гэмтэж, бэртсэн болон бие өвдөж байгаа талаар ямар нэгэн зүйл хэлээгүй. Мөн амрах үүрэг өгөх үед цэргүүдийн хооронд хэрүүл, зодоон, маргааны зүйл ажиглагдаагүй. Намайг харуулын цамхаг дээр үүрэг гүйцэтгэж байх үед Бямбадорж, Пүрэвжав нар усанд явсан бөгөөд явахдаа мориор яваагүй явган явсан. Би буцаж ирэхдээ морио услаад унасан юм байх гэж бодсон. Бямбадоржийг мориноос унахыг хараагүй, морь унасан байхыг ч хараагүй. Бусад цэргүүд байрнаас гараагүй бөгөөд ямар нэгэн зодоон болсон зүйл сонсогдоогүй. Цамхаг нь харуулын байрнаас 40 орчим метр зайтай байдаг. Мягмарсүрэн нь дэд түрүүч цолтой, харуулын даргын туслах, манаа ахлагч албан тушаалтай байсан тул шинэ цэргүүдэд үүрэг, даалгавар, тушаал өгөх эрхтэй юм. Харуулын дарга байхгүй үед орлох үүрэгтэй. Гэхдээ цэргийн дүрэмд заасан хүрээнд л бусадтай харьцах ёстой. Зодож, цохиж, дэглэх эрхгүй байдаг. Энэ нь хориотой байдаг юм. Миний хувьд 10 хоног харуул дээр гарч, 10 хоног застав дээр үүрэг гүйцэтгэдэг. Тухайн үед хилийн 1-р харуулын цэг дээр дээрх байлдагч нар надтай хамт үүрэг гүйцэтгэж байсан. Урьд өмнө нь оны ялгаа гаргах, зодох, дэглэх асуудал гарч байгаагүй. Мөн Мягмарсүрэнгийн зүгээс ийм асуудал гаргаж байгаагүй. Бямбадорж, Мягмарсүрэн нар нь алба хаах хугацаандаа ямар нэгэн сахилга, ёс зүйн зөрчил, дутагдал гаргаж байгаагүй. Үүргээ алдаа дутагдалгүй хэвийн гүйцэтгэж байсан. Байлдагч Бямбадорж зан араншингийн хувьд илүү, дутуу зан аашгүй, муу зуршилгүй, ажилсаг, өгсөн үүрэг даалгавар сайн биелүүлдэг, бусадтай эвсэг харьцаатай, нийтэч, даруу төлөв зантай цэрэг байгаа юм. Мягмарсүрэнгийн хувьд сэргэлэн цовоо, бусадтай нийтэч, өгсөн үүрэг даалгавар сайн биелүүлдэг, 2016 оны 10 дугаар сард халагдах цэрэг байсан. Шинэ цэргүүдтэй хэвийн харьцаатай байсан. Мягмарсүрэн, Бямбадорж нар хоорондоо хэвийн харьцаатай, бусдаас ялгарах зүйлгүй байсан. Тухайн үед бусад цэргүүдийн биед ямар нэгэн бэртэл, гэмтэл байгаагүй. Би болон цэргүүд согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18-р тал/,

 

                  6. Гэрч Т.Даваадорж /Хилийн 0311-р ангийн 0213 дугаар салбарт жагсаалын дарга/ -ийн мөрдөн байцаалтад өгсөн:  “2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр намайг ажил дээрээ байтал Ганзориг намайг дуудаад “1-р харуул буюу Хошит Эрэг гэх газар байлдагч Бямбадорж мориноос унаж гэмтсэн гэнэ. Машин явах боломжгүй байгаа тул хувийн мотоциклоороо яваад аваад ир” гэж хэлсэн тул би өөрийнхөө мотоциклоор харуулын 1-р байрлуу явсан. Тэгээд тэнд очиход байлдагч Бямбадоржийг харуулын дарга д/а Отгонбаатар голын наад талд аваад ирчихсэн хүлээж байсан. Би байлдагч Бямбадоржийг үзэхэд доод уруулын дотор талд бага зэрэг цустай, шүдийг нь үзэхэд доод эрүү нь уулзвараараа зөрсөн, доод үүдэн шүднүүд зөрж дээр, доор байрласан байсан. Тэгээд Бямбадоржоос болсон явдлыг асуухад “Мориноос унаж гэмтсэн, өмнө нь эрүүгээ хугалаад хадуулж байсан. Тэр хэсгээрээ дахин гэмтсэн” гэж хэлсэн тул би түүнээс мотоциклоор явж чадах эсэхийг нь асуухад “Миний бие зүгээр байна, өвдөж байгаа зүйл байхгүй” гэж хэлсэн тул мотоцикльд сундлаад сумын төвд очиж заставд хүлээлгэж өгсөн. Тухайн үед Бямбадоржид шүднээс нь өөр ил харагдах бэртэл гэмтэл, хавдсан зүйл байгаагүй. Застав дээр ирээд түүний эрүүн доороос зөөлөн түлхэж үзэхэд сул байсан бөгөөд шүд нь нийлж хэвийн болоод гараа авахад буцаад унжиж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 16-р тал/,

 

    7. Гэрч П.Ганзориг /Хилийн 0311-р ангийн 0213–р салбарын заставын дарга/-ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “Би хилийн цэрэгт 5 жил, энэ заставын даргаар 3 сар ажиллаж байна. 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр ажил дээрээ байж байтал өдөр 11 цаг орчимд 1-р харуулын дарга, д/а Отгонбаатар утсаар ярьж “Цэрэг мориноос унаад эрүүгээ гэмтээчихлээ” гэсэн мэдээлэл өгсөн. Уг мэдээллийн дагуу жагсаалын дарга а/а Даваадоржийг мотоцикльтой уг цэргийг авч ирэх үүрэг өгөөд явуулсан бөгөөд 12 цаг 30 минут очримд байлдагч Бямбадоржийг авч ирсэн. Тэгээд Бямбадоржийн биеийг үзэхэд түүний баруун шанаа хавдсан, доод уруулыг нь сөхөж үзэхэд доод үүдэн шүд зөрсөн байдалтай байсан. Бямбадоржоос болсон явдлыг асуухад “Морь усалчихаад буцаж явж байгаад хөтөлж явсан мориндоо татагдаж унаад эрүүгээ гэмтээсэн” гэж хэлсэн тул сумын эмнэлэгт аваачиж үзүүлээд эрүүний хэсгийн зураг авахуулсан. Эрүүний зургийг үзээд эмч “Яаралтай Улаангом явуулж эмчлүүлэх шаардлагатай” гэж хэлсэн тул би болсон явдлын талаар Баруунтуруун суманд байх цэргийн ангийн холбогдох хүмүүст мэдэгдсэн. Тэгээд Баруунтуруунаас ангийн захирагч Ган-Эрдэнэ ирж байлдагч Бямбадоржийг Улаангом руу авч явсан. Тухайн үед манай застав дээр ангиас ирсэн шалгалтын бүлэг ажиллаж байсан. Байлдагч Бямбадорж Улаангомд очсоныхоо дараа дэд түрүүч Мягмарсүрэнд зодуулсан талаараа хэлсэн байсан тул шалгалтын бүлэг уг үйлдэлд албаны шалгалт явуулж дэд түрүүч Мягмарсүрэнг цэргийн ангируу авч явсан. Дэд түрүүч Мягмарсүрэн нь Завхан аймгийн Отгон сумаас 2015 оны 10-р сард цэргийн албанд татагдаж, манай заставт 2015 оны 12 дугаар сарын 14-нд ирсэн. Түүнээс хойш цэргийн албыг манай заставт хаасан бөгөөд 2016 оны 10 дугаар сарын 12-нд уг асуудал болсон. Мягмарсүрэн хэдхэн хоногийн дараа халагдах байсан юм. Зодуулсан гэх байлдагч Бямбадорж нь 2015 оны 5 дугаар сард цэрэгт татагдаж манай заставт 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр ирсэн юм. Хэрэг гарсан өдөр 1-р харуул дээр харуулын даргаар Отгонбаатар, харуулын бүрэлдэхүүнд дэд түрүүч Мягмарсүрэн, ахлах байлдагч Эрдэнэбилэг, байлдагч Хадхүү, Пүрэвжав, Бямбадорж нар байсан. Дэд түрүүч Мягмарсүрэн, байлдагч Бямбадорж нарын хооронд өр авлага, өш хонзонгийн асуудал байгаагүй. Уг байлдагч нар хугацаат цэргийн алба хаах хугацаанд ямар нэгэн зөрчил, дутагдал гаргаж байгаагүй юм. Энэ асуудал оны ялгаанаас болсон байх гэж бодож байна. Дэд түрүүч Мягмарсүрэн нь цол болон цэрэгт эрт татагдаж ирсэн гэдэг утгаараа харуулын даргын туслахын үүрэг гүйцэтгэж байсан. Тиймээс цэргийн дүрмийн хүрээнд шаардлага тавих эрхтэй. Зодох, цохих гэх мэт үйлдэл хийх эрхгүй. Дэд түрүүч Мягмарсүрэн нь үг дуу цөөтэй, сахилгын болон зан харилцааны дутагдал гаргаж байгаагүй, өгсөн үүрэг даалгаварыг биелүүлдэг цэрэг байсан. Бямбадоржийн хувьд үг дуу цөөтэй, сахилга болон зан харилцааны зөрчил гаргаж байгаагүй цэрэг бөгөөд тухайн үед мориноос унасан гэж хэлж ирэхдээ “Би бага байхдаа сурагчийн ширээн дээр унаж эрүүгээ хугалж байсан юм” гэж хэлж байсан. Өөр ямар нэгэн зүйл хэлээгүй. Цэргүүд цэргийн албанд татагдахдаа эмчийн үзлэгээр ордог бөгөөд эрүүл, чийрэг, цэргийн алба хаах шаардлага хангасан хүмүүс цэрэгт татагддаг юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21-р тал/, 

   8. Гэрч Г.Нямтайван /Хилийн 0311 дүгээр ангийн цэргийн сургалт, албаны зохион байгуулалтын албаны дарга/-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Тухайн үед Мягмарсүрэн нь дэд түрүүч цолтой байсан бөгөөд дэд түрүүч нь цэргийн дүрмээр тасгийн захирагч, хил хамгаалалтын дүрмээр хилийн манааны ахлагч албан тушаалтай байсан юм. Мягмарсүрэн нь бусад цэргүүдэд үүрэг даалгавар өгөх, сахилга ёс зүй, зохион байгуулалтыг хариуцах эрхтэй байсан. Цалингийн хувьд дэд түрүүч, байлдагч ялгалгүй сард 32200 төгрөгийн цалинтай байдаг. Дүрмээр бол дэд түрүүч нь байлдагч нарын хувьд ахлах дарга нь мөн юм. Урьд өмнө нь Мягмарсүрэн болон бусад хал цэргүүдийн зүгээс байлдагч нарыг дэглэх, зодох зэрэг асуудал гарч байгаагүй, ийм явдал гаргахыг хориглодог юм. Дэд түрүүч Мягмарсүрэн нь 2015 оны 10-р сарын дундуур Завхан аймгаас татагдаж ирээд 35 хоног цэргийн хэргийн анхан шатны мэдлэг олгох сургалтанд хамрагдаж, цэргийн тангараг өргөөд ангийн төвд 2 долоо хоногийн хугацаатай дадлагажуулах сургалтанд хамрагдаж ангийн захирагчийн тушаалаар хилийн 2-р заставт хуваарилагдаж үүрэг гүйцэтгэж байсан. Энэ хэрэг Мягмарсүрэнг халагдахаас 10 хүрэхгүй хоногийн өмнө болсон бөгөөд Мягмарсүрэн ангийн захирагчийн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн тушаалаар цэргийн албанаас бэлтгэлээр халагдсан. Мягмарсүрэн сэтгэл зүйн хувьд тогтворгүй, хөнгөн хуумгай, аливаа зүйлд хандах хандлага тухайн үеийн сэтгэгдлээрээ, өөрийн үйлдэл, хэр яриа үгний хор уршгийг ойлгож мэдэхгүй, тухайн үеийнхээрээ ханддаг. Бусаддаа хандах, нөлөөлөх, зохион байгуулах, уриалах тал дээр сайн, ар гэрийнхнээсээ хөндий өссөн бололтой, бие даах чадвар сайтай, нийтэч, бусадтай учраа олох чадвар сайтай хүн байгаа юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26-р тал/,

    9. Гэрч С.Гүррагчаа /Хилийн 0311-р ангийн бэлтгэл заставын дарга/-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “Мягмарсүрэн нь 2015 оны 2-р ээлжээр цэргийн албанд татагдан, хилийн 0311-р ангид хуваарилагдан ирж шинэ дайчдын сургалтын төвд миний хариуцсан салаанд байсан юм. Харин байлдагч Бямбадоржийг танихгүй. Мягмарсүрэн нь сэтгэл зүйн хувьд сэргэлэн цовоо, салаан дотроо нэр хүндтэй, цайлган, сэтгэл хөөрөл ихтэй цэрэг байсан бөгөөд сургалт дуусахад ахлах байлдагч цолоор шагнуулсан. Хамт олноо манлайлах чадвар сайтай, бие даасан, хувийн зорилготой, бусадтай харьцах харьцаа сайтай, оюутан байж байгаад оюутан цагийн найз Бямбасүрэнгийн хамт цэргийн албанд Завхан аймгаас татагдсан, авъяаслаг, дуулж бүжиглэдэг, марш тактикийн тэмцээнд байгууллагыг төлөөлөн оролцож, бусдаас ялгарч байсан цэрэг юм. Сүүлд дэд түрүүч цолоор шагнагдсан байсан. Урьд өмнө нь сахилга, ёс зүйн зөрчил гаргаж байгаагүй цэрэг байсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 27-р тал/,

    10. Гэрч Б.Лхагважав /Хилийн 0311-р ангийн хүн эмнэлгийн албаны хүний их эмч/ -ын мөрдөн байцаалтад өгсөн: “2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр би тус ангийн Тэс сум дахь 0213-р салбарт ажил шалгах бүлэгт багтаж үүрэг гүйцэтгэж байтал 22 цаг орчимд штабын дарга Мөнгөншагай дуудаж “Яаралтай Баруунтуруун сум, ангийн төв рүү явах шаардлагатай боллоо. Ангийн захирагч үүрэг өгөөд “Бямбадорж гэх цэрэг мориноос унаж гэмтсэн, эвгүй байх шиг байна. Улаангомд аваачиж эмнэлэгт үзүүлэхэд яаралтай Улаанбаатар хот явах болсон байна. Чи Улаанбаатар хот руу хамт явах шаардлага гарах байх” гэж хэлсэн тул би анги дээр ирсэн. Тэгээд Улаангом явж маргааш нь Бямбадоржийн хамт Улаанбаатар хот онгоцоор явсан. Улаанбаатар хотод очоод Бямбадоржийг Цэргийн нэгдсэн госпиталд аваачиж хэвтүүлэн эмчлүүлсэн. Тухайн үед Бямбадоржийн биед үзлэг хийхэд түүний шанаа орчимд хавдсан байсан. Госпиталд очоод зураг авахад доод эрүү оочны хэсэгт болон шанаа ясны өнцөг хэсэгт 2 хугаралттай байсан тул яаралтай шанаа яс хадуулах мэс засал хийлгэсэн. Би Бямбадоржийг Госпиталд хүлээлгэж өгөөд буцаж ирсэн. Тухайн үед Бямбадоржийн биед хацар хавдсанаас өөр ил харагдах шарх, цус гарсан зүйл байгаагүй. Улаанбаатар хотруу очсон, миний ирсэн зардал гарсан бөгөөд сүүлд ангиас хагалгааны зардалд 1.000.000 төгрөг шилжүүлсэн байсан. Яг хэдэн төгрөгийн зардал гарсан болохыг би сайн мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 29-р тал/,

    11. Гэрч Ч.Хүдэрчулуун /Төрийн тусгай алба хаагчийн нэгдсэн эмнэлгийн эрүү нүүрний мэс заслын эмч/-ы мөрдөн байцаалтад өгсөн: “Бямбадоржийн эрүүний баруун булан болон оочний зүүн хэсэгт хоёрчилсон хугаралттай, хугаралт зөрүүтэй, тухайн хэсэгт хавдар авч хавдаж бугилсан байсан. Уг хагалгааг 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 11 цаг 30 минутад эхэлж эрүүний хугаралуудыг эвэнд нь оруулж титанан ялтас бүхий 2 ялтас 8 хадаасаар хадаж бэхэлсэн. Эрүүний хөдөлгөөнийг хязгаарлаж амны хөндийд дээд, доод шүдэнд стандарт чиг тавьж, эрүүний хөдөлгөөнийг хязгаарласан. Уг хагалгаа нь нийт 1 цаг 30 минут үрэглжилсэн юм. Бямбадоржийн эрүүнд хагалгаа хийхэд эрүүнд нь хуучин хугарсан гэмтлийн ул мөр байгаагүй бөгөөд уг гэмтэл нь шинэ гэмтэл байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31-р тал/,

    12. Гэрч Б.Пүрэвдорж /Хилийн цэргийн 0245-р ангийн цэргийн сургалт, албаны зохион байгуулалтын албаны дарга/-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “Цэргийн дүрмээр байлдагч нь цэргийн албанд татагдаад үүрэг даалгавар сайн биелүүлсэн тохиолдолд болон албандаа амжилт гаргасан, сурлага сахилга бат зэргээс хамаарч ахлах байлдагч, дэд түрүүч, түрүүч, ахлах түрүүч цолоор шагнагдаж албан тушаал ахих боломжтой. Үүнээс дэд түрүүч цолыг дээрхи болзлыг хангасан ахлах байлдагч, байлдагч нарт өгдөг бөгөөд дэд түрүүч нь харуулын даргын туслахын албан үүргийг гүйцэтгэдэг юм. Тиймээс дэд түрүүч нь бусад байлдагч, ахлах байлдагч нарт үүрэг даалгавар, тушаал өгөх эрхтэй. Уг үүрэг даалгавар тушаалыг ахлах байлдагч, байлдагч нар нь заавал биелүүлэх үүрэгтэй. Харин уг үүрэг даалгавар, тушаал нь цэргийн дүрмээр зөвшөөрөгдсөн байх ёстой. Цэргийн дүрмээс гадуур хүний эрх эрх чөлөө, хууль, ёс зүй зөрчсөн тушаалыг биелүүлэхгүй байх эрхтэй юм. Цэргийн анги, байгууллагын харуулын даргын туслах, дэд түрүүч нь захирагч албан тушаалтан мөн бөгөөд тасгийн захирагч, бага дарга байна гэж цэргийн дүрэмд заасан байдаг юм. Дэд түрүүч нь бусад байлдагч, ахлах байлдагч нарт байр орноо цэвэрлэх талаар үүрэг даалгаар тушаал өгөх эрхтэй бөгөөд харин биелүүлээгүй тохиолдолд зодож цохихыг хориглодог юм. Биелүүлэхгүй байгаа талаар дараагийн ахлах даргадаа илтгэх ёстой юм” гэх мэдүүлэг /хх-ийн 32-р тал/,

   

    13. Гэрч Ж.Пүрэвдоржийн мөрдөн байцаалтад өгсөн: “Бямбадорж нь манай хамгийн том хүүхэд байгаа юм. Хүү маань 2016 оны 5 дугаар сарын эхээр Завхан аймгийн Улиастай суманд цэргийн комиссоор орж тэнцээд Увс аймгийн Баруунтуруун сумын цэргийн ангид хуваарилагдаад 2016 оны 10 дугаар сард эрүүл мэндийн шалтгаанаар цэргээс халагдсан юм. Бямбадорж цэрэгт байх хугацаандаа надтай хааяа л холбогддог байсан бөгөөд надтай ярихдаа хүнд дээрэлхүүлж, зодуулж байгаа гэж ярьж хэлдэггүй байсан. Сайн байгаа, гоё байна л гэж ярьдаг байсан. Бямбадорж урьд өмнө нь ямар нэгэн бэртэл, гэмтэл авч байгаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 36-р тал/,

 

    14. Гэрч О.Ганболдын мөрдөн байцаалтад өгсөн: “Миний хүү Мягмарсүрэн нь төлөв даруу зантай, ажилч хичээнгүй зантай хүүхэд юм. Ерөнхий боловсролын 11-р анги төгсөөд дээд сургуульд сурч байгаад өөрийн хүслээр цэрэгт явсан. Мал маллахдаа сайн, сум орон нутаг болон найз нөхдийнхөө дунд нэр хүнд сайтай, эцэг эхийнхээ үгнээс гардаггүй хүүхэд юм. Мягмарсүрэн архи огт уудаггүй бөгөөд би өөрөөр тамхи татдаггүй болхоор мөн тамхи татдаггүй байсан. Хүү маань урьд өмнө нь хүнтэй муудалцаж, зодоон цохион хийж асуудал гаргаж байгаагүй бөгөөд гэрээс гардаггүй хүүхэд байсан юм. Бид нар Бямбадоржид 4 сая төгрөг бэлнээр өгсөн. Мөн хавар 2 адуу өгөхөөр болсон бөгөөд хотод байхад нь сүү цагаан идээ, мах зэргийг өгч байсан. Эмчилгээний зардлыг нь бас төлж барагдуулсан байгаа.” гэх мэдүүлэг /хх-ийн 40-р тал/,

 

    15. Гэрч Ж.Гарамжавын мөрдөн байцаалтад өгсөн: “Миний хүү Мягмарсүрэн нь даруухан, дөлгөөн тайван зантай, хүний үгэнд сайн ордог, сурлагадаа сайн, 5-р ангиасаа хойш сургуулийнхаа оны шилдэг сурагч болж байсан, сум аймгаас зохиож буй тэмцээн уралдаанд орж байсан, ямар ч ажлыг чанартай сайн хийдэг, сум орон нутагтаа нэр хүндтэй, сагсан бөмбөг, гар бөмбөг сайн тоглодог, 2-р зэргийн үнэмлэхтэй хүүхэд юм. Мөн хүү маань архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй юм. Бид Бямбадоржид хохиролд 4 сая төгрөг өгсөн бөгөөд цэргийн ангийн хохирлыг мөн барагдуулж өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 41р тал/,   

           16. Иргэний нэхэмжлэгч Хилийн 0311 дүгээр ангийг төлөөлж Б.Намуубудъяагийн мөрдөн байцаалтад өгсөн: “Байлдагч П.Бямбадорж нь бусдад зодуулж гэмтэхэд Улаанбаатар хотруу явуулж Батлан хамгаалах, хууль сахиулах албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт хэвтүүлж хагалгаанд оруулах шаардлага гарсан тул байгууллагын зардлаар Бямбадорж болон эмч Лхагважав нарыг Улаанбаатар хотруу онгоцоор явуулсан. Эмч Лхагважав нь Улаанбаатар хотоос Баруунтуруун сумруу буцаж ирсэн. Хагалгааны төлбөрт байгууллагаас 1.000.000 төгрөг шилжүүлсэн зэрэг зардлууд гарсан. Дээрх зардлуудыг нэгтгэж үзэхэд 1.580.000 орчим төгрөгийн зардал гарсан бөгөөд зардлуудын талаар холбогдох санхүүгийн анхан шатны баримтууд байгаа. Манай байгууллагын зүгээс уг төлбөрийг буруутай эдгээд болох Мягмарсүрэнгээс нэхэмжилсэн бөгөөд Мягмарсүрэн байгууллагад учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Одоо хилийн цэргийн 0311-р ангийн зүгээс ямар нэгэн хохирол, гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг,

 

    17. Монгол Улсын Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгээс 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр гаргасан 14864 тоот дүгнэлтэд: “П.Бямбадоржийн биед эрүүний баруун булан, ооч хэсгийн хоёрлосон зөрөөтэй хугарал, мэс заслын дараах байдал бүхий гэмтэл учирчээ. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна” гэжээ /хх-ийн 46-р тал/,  

 

   18. Шинжээч эмч Г.Ханхүүгийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би Пүрэвдорж овогтой Бямбадоржийн биед гэмтлийн зэрэг тогтоох зорилгоор 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр шинжилгээ хийж 14864 дугаартай дүгнэлтийг гаргасан юм. Бямбадоржийн эрүүнд урьд өмнө нь ямар нэгэн эрүүний хугарал гэмтэл байгаагүй бөгөөд уг гэмтэл нь шинэ гэмтэл байсан. Хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой юм” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43-р тал/,

    19. Монгол Улсын Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгээс 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр гаргасан 615 тоот үзүүлэгч Ж.Пүрэвжавын биед гэмтэл тогтоогдоогүй талаархи дүгнэлт /хх-ийн 51-р тал/,

    20. Шүүгдэгч Г.Мягмарсүрэнгийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 60-р тал/,     

    21. Хилийн 0311-р ангийн захирагчийн 2015 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Цэргийн тангараг өргүүлэх тухай тушаал, хавсралт /хх-ийн 73-р тал/,

   22. Хилийн 0311-р ангийн захирагчийн 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Хугацаат цэргийн алба хаагчдыг хилийн заставуудад томилох тухай тушаал, хавсралт /хх-ийн 72-р тал/,

   23. Хилийн 0311-р ангийн захирагчийн 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн Цэргийн цол олгох тухай тушаал, хавсралт /хх-ийн 71-р тал/,

   24. Шүүгдэгч Г.Мягмарсүрэнгийн цэргийн алба хугацааны хувийн хэрэг /хх-ийн 77-78-р тал/,

    25. Хугацаат цэргийн албан хаагчийн анкет, харилцааны хэв шинжийн психограмм, судалгааны боловсруулалт /хх-ийн 81-83-р тал/,

    26. Хилийн 2-р заставын “Хошит Эрэг” БХХ-д явуулсан албаны шалгалтын материал /хх-ийн 84-109-р тал/,

    27. Хохирогч П.Бямбадоржийн Өвчний түүх /хх-ийн 112-129-р тал/,

    28. Хилийн 0311-р ангийн захирагчийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 86 тоот: шүүгдэгч Г.Мягмарсүрэнтэй холбоотой тооцоо дууссан, тус ангид тооцоогүй талаархи тодорхойлолт /хх-ийн 137-р тал/,

    29. Завхан аймгийн Отгон сумын засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр гаргасан 261 тоот тодорхойлолт /хх-ийн 138-р тал/,

    30. Завхан аймгийн Отгон сумын дунд сургуулийн захирлын 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр гаргасан 44 тоот тодорхойлолт /хх-ийн 139-р тал/,

    31. Хохирогч П.Бямбадоржийн нэхэмжлэх зүйл, хохирол гомдолгүй талаархи тодорхойлолт/ ноториатаар гэрчлүүлсэн/ /хх-ийн 154-р тал/,

 

    32. Шүүгдэгч Г.Мягмарсүрэнгийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би 2015 оны 10 дугаар сард Завхан аймгийн Отгон сумаас цэргийн албанд татагдаж Увс аймгийн Баруунтуруун суманд байрлах Хилийн цэргийн 0311-р ангийн Тэс сум дахь 0213-р салбарын  2-р заставд хуваарилагдан хугацаат цэргийн алба хаасан. Энэ хугацаанд ахлах байлдагч, дэд түрүүч зэрэг цолтой байсан. 2016 оны 10 дугаар сард цэргийн алба хаах 1 жилийн хугацаа дуусч халагдсан юм. Би 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 20.00 цагаас 2016 оны 10 дугаар сарын 12-ны үүрийн 04.00 цаг хүртэл хилийн цагийн манаанд 177-р тэмдэгтийн дагуу явган харуулын үүрэг гүйцэтгээд үүрийн 04.00 цаг орчимд харуулын байранд ирсэн юм. Тэр шөнө ангиас шалгалтын бүлэг ирж ажил шалгаж хоноод 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 08.00 цагт манайхаас явсан юм. Тэднийг явсны дараа харуулын дарга дэд ахлагч Отгонбаатар надад “Чи цэргүүдээр байр цэвэрлүүлээд амраачих” гэж хэлчихээд өөрөө харуулын цамхаг дээр манааны үүрэг гүйцэтгэхээр гарсан юм. Би байлдагч нарт “Харуулын байрыг цэвэрлээд унтаж амар” гэж хэлээд ороо засаж байгаад харахад ахлах байлдагч Эрдэнэбилэг хувцастайгаа орон дээрээ хэвтчихсэн байлдагч Хадхүү ор налаад зогсож байсан бөгөөд бусад цэргүүд ч гэсэн харуулын байрыг цэвэрлэхгүй байсан тул би байлдагч Пүрэвжавыг дуудахад сонсолгүй гараад явчихсан. Тэгээд би ороо засаж дуусаад байж байтал Пүрэвжав гаднаас орж ирэхээр нь би түүнийг дуудаж “Хэлсэн үгийг биелүүлэхгүй үл тоогоод байна уу. Ахаасаа ганц шанаа авах уу” гэж хэлэхэд Пүрэвжав “Тийм” гэж хэлсэн. Тэгэхээр нь би гартаа барьж байсан нүүр гарын нимгэн даавуун алчуурыг зүүн гартаа ороож байгаад Пүрэвжавын шанаа орчимд нь нэг удаа цохиод “Байраа цэвэрлэ” гэж хэлсэн. Тэр үед Бямбадорж цаана нь аяга таваг угаагаад ханан пийшингийн дэргэд зогсож байхаар нь очоод бас “Шанаа авах уу” гэхэд “Тийм” гэж хариулсан. Тэгэхээр нь би түүнийг хагас тонгойгоод хоёр гараа өвдөг дээрээ тулаад зогсохоор нь алчууртай гараараа баруун шанаа орчимд нь нэг удаа цохисон. Тэгтэл Бямбадоржийн амнаас бага зэрэг цус гараад харуулын байрнаас гараад явчихсан юм. Тэгээд би орондоо ороод амарч байтал хэсэг хугацааны дараа Бямбадорж намайг дуудаад “Миний эрүү сонин болчихлоо” гэж хэлэхээр нь би түүний эрүүг харахад доод эрүү нь заадсаараа зөрж, баруун талын үүдэн шүд нь бага зэрэг доошоо болчихсон байсан. Хөдөлгөж үзэхэд баруун доод эрүү нь хөдөлгөөн орсон байсан. Тэгэхээр нь би “Баларсан юм боллоо, одоо хаашдаа өнгөрсөн. Харуулын даргад мэдэгдье” гэж хэлэхэд Бямбадорж “Яах юм бэ. Би танд гай болмооргүй байна. Надад гомдол байхгүй, би өөрөө аргалчихъя. Мориноос унасан гээд хэлчихье” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Бямбадоржид “Чи тэгвэл яваад морио услаад ир, ирэхээр  чинь мориноос унасан гэж хэлье” гэж хэлээд явуулсан юм. Тэгээд Бямбадорж, Пүрэвжав нар морио усалчихаад ирэхдээ харуулын даргад хэлсэн бололтой харуулын дарга Отгонбаатартай хамт орж ирсэн. Харуулын дарга Отгонбаатар Бямбадоржийг мориноос унасан гэж сонсоод застав руу утсаар мэдэгдсэн бөгөөд цаанаас хүн явуулна гэж хэлсэн тул харуулын дарга Отгонбаатар Бямбадоржийг дагуулж “Хошит Эрэг”-ийн гүүр лүү тосож явган явсан. Удалгүй буцаж ирээд “Жагсаалын дарга, ахлах ахлагч Даваадорж мотоцикльтой ирээд аваад явлаа” гэж хэлсэн юм. Тэгээд би маргааш өглөө нь 06.00 цагт сэргийлэх манаанд яваад 08.00 цагт харуулын байранд ирэхэд штабын даргаар ахлуулсан шалгалтын комисс ирчихсэн байсан бөгөөд тэд намайг Бямбадоржийг цохисон талаар мэдчихсэн байсан. Тэгээд албаны шалгалт явуулаад намайг анги дээр авч ирсэн юм. Би Пүрэвжав, Бямбадорж нарыг “Байраа цэвэрлэчихээд унтаж амар” гэхэд цэвэрлэхгүй, үүрэг биелүүлэхгүй болохоор нь “Үл тоогоод байна уу, ганц шанаа авах уу” гэж асуухад тийм гэсэн тул би тэр хоёрыг нэг нэг удаа шанаадсан юм. Би тэр хоёроос өөр цэргүүдийг зодож цохиогүй. Тухайн үед харуулын байранд надаас гадна ахлах байлдагч Эрдэнэбилэг, байлдагч Хадхүү, Бямбадорж, Пүрэвжав нар байсан. Би тухайн үед дэд түрүүч цолтой, харуулын даргын туслах хийж байсан. Би болон бусад хал цэргүүд өмнө нь шинэ цэргүүдийг цохих, зодох асуудал гаргаж байгаагүй. Миний бие хийсэн хэрэгтээ маш их  гэмшиж, харамсаж байна. Энэ хэргээс болж аав ээжийгээ их зовоолоо, одоо дахиж ийм алдаа гаргахгүй байж, ирээдүйнхээ төлөө хичээх болно. Би байлдагч Бямбадоржид учирсан хохирлыг төлж барагдуулсан, нийт 4 сая төгрөг өгсөн, мөн цэргийн ангид учирсан хохирлыг бүрэн барагдуулсан. Намайг нэг удаа уучилж, надад хорихоос өөр хөнгөн ял шийтгэж өгнө үү” гэх мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн баримтууд болно.

 

                Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудыг шинжлэн судалж дүгнэвэл: Шүүгдэгч Г.Мягмарсүрэн нь 2016 оны 10 дугаар сарын 12-нд Увс аймгийн Баруунтуруун суманд байрлах Хилийн 0311 дүгээр ангийн хилийн 2-р заставын 1дүгээр харуулын застав дээр алба хааж байхдаа байлдагч П.Бямбадоржийг зодож бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан нь хохирогч П.Бямбадорж, гэрч Ж.Пүрэвжав, О.Эрдэнэбилэг, Б.Хадхүү, Ч.Хүдэрчүлуун, Б.Лхагважав, Г.Нямтайван, П.Ганзориг нарын мэдүүлэг, Монгол Улсын Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 14864 тоот шинжээчийн дүгнэлт, шинжээч эмч Г.Ханхүүгийн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон байна.    

   Шүүгдэгч Г.Мягмарсүрэн нь 2015 оны 2 дугаар ээлжээр буюу 2015 оны 10 дугаар сард  хугацаат цэргийн албанд татагдаж, Хилийн 0311-р ангийн хилийн 2дугаар заставт хуваарилагдан алба хааж байсан байх ба Цэргийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.8-д: “хугацаат цэргийн алба хаагч” гэж цэргийн албанд татагдан цэргийн байгууллагад энэ хуулиар тогтоосон хугацаанд цэргийн жинхэнэ албыг биеэр хааж байгаа иргэнийг хэлнэ” гэж заасны дагуу түүнийг хугацаат цэргийн алба хаагч гэж үзнэ.

    Цэргийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3.3-д “ хугацаат болон гэрээт цэргийн алба хаагч нь : байлдагч, ахлах байлдагч, дэд түрүүч, түрүүч, ахлах түрүүч цолтой байна”, мөн хуулийн 26 дугаар зүйлийн  26.4-д “ Цэргийн анги, байгууллагын захирагч, дарга нь хугацаат цэргийн алба хаагчийн цолыг олгоно” гэж тус тус заасан ба шүүгдэгч Г.Мягмарсүрэнг цэргийн алба хаах хугацаанд Хилийн 0311 дүгээр ангийн захирагчийн 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн Б/41 дүгээр “Цэргийн цол олгох тухай” тушаалаар түүнд дэд түрүүч цол олгосон нь хэрэгт авагдсан Цэргийн цол олгох тухай тушаал болон гэрч Г.Нямтайван, Д.Ганзориг, Б.Отгонбаатар нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

   Монгол улсын Ерөнхийлөгчийн 2008 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 379 дүгээр “ Цэргийн нийтлэг дүрмүүдийг батлах тухай” зарлигаар батлагдсан “Цэргийн дотоод албаны дүрэм”-ийн 20дугаар зүйлд “ цэргийн алба хаагч нь албан тушаалын зэрэглэл, цолны эрэмбээр нэг нь нөгөөдөө захирагч / дарга/ буюу захирагдагч байна”, мөн дүрмийн 22 дугаар зүйлд “цэргийн алба хаагч нь албан тушаалын зэрэглэл, цолны эрэмбээр нэг нь нөгөөдөө ахлах болон бага цолтон байна. Үүнд : - Түрүүч нь байлдагчийн хувьд бага цолтон болно, дүрмийн 23 дугаар зүйлд “....Бага цолтон ахлах цолтны тавьсан шаардлагыг биелүүлнэ” гэж тус тус заасны дагуу дэд түрүүч Г.Мягмарсүрэн нь байлдагч П.Бямбадоржид ахлах цолтон болох бөгөөд тэдний хоорондын харилцаа захирах, захирагдах зарчимд тулгуурлана.

    Шүүгдэгч Г.Мягмарсүрэн нь 2016 оны 10 дугаар сарын 12-ны өглөө байлдагч П.Бямбадоржийг шөнийн манааны үүрэг гүйцэтгээд ирэхэд нь түүнд “ Харуулын байрыг цэвэрлээд унтаж амар” гэх үүрэг өгч, улмаар үүргээ удаан биелүүллээ гэх шалтгаар түүний баруун шанааны хэсэгт гараараа цохиж хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан, өөрөөр хэлбэл дэд түрүүч Г.Мягмарсүрэн нь цэргийн /захирагч/ ахлах цолтны хувьд байлдагч / захирагдагч/ П.Бямбадоржтой цэргийн дүрмийн бус байдлаар харьцсанаас хүндэвтэр гэмтэл учруулсан нь тогтоогдож байх тул түүнийг цэргийн албаны эсрэг гэмт хэрэг үйлдсэн  гэж үзнэ. Иймд шүүгдэгч Г.Мягмарсүрэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 277 дугаар зүйлийн 277.2-д зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.

     Хохирогч П.Бямбадорж нь гэмтлийн улмаас УБ хот руу явж Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, эрүү хадуулах мэс засал хийлгэсэн болох нь хэрэгт авагдсан өвчний түүхийн хуулбар баримт болон хохирогч, гэрч шүүгдэгч нарын мэдүүлгээр нотлогдсон,  шүүгдэгч Г.Мягмарсүрэн нь хохиролд 4 сая төгрөг өгсөн нь  хохирогчийн мөрдөн байцаалтад өгсөн “Г.Мягмарсүрэн надад учирсан хохирлыг төлж барагдуулсан, надад одоо Г.Мягмарсүрэнгээс нэхэмжлэх хохирол, санал гомдол байхгүй” гэх мэдүүлэг, хохирогчид 4 сая хүлээлгэн өгсөн тухай тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон, түүнчлэн энэ хэрэгт иргэний нэхэмжлэгчээр Хилийн 0311-р анги тогтоогдсон бөгөөд энэ гэмт хэргийн улмаас тус ангид учирсан хохирол болох 1580000 төгрөгийг шүүгдэгч төлж барагдуулсан нь иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгчийн мэдүүлэг, Хилийн 0311-р ангийн захирагчийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 86 тоот тодорхойлолт зэргээр тус тус нотлогдож байх тул шүүгдэгч Г.Мягмарсүрэнгээс гаргуулах хохирол, төлбөргүй буюу гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураар төлж барагдуулсан гэж үзэх үндэслэлтэй байна.

     Шүүгдэгч Г.Мягмарсүрэн нь энэ гэмт хэрэгт холбогдсоны дараа буюу 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хугацаа дуусч цэргийн албанаас халагдсан болох нь Хилийн 0311 дүгээр ангийн захирагчийн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн К/13 тоот Цэрэг халах, татах ажиллагааг зохион байгуулах тухай тушаал зэрэг баримтуудаар нотлогдож байгааг дурдах нь зүйтэй гэж үзлээ.                    

         Шүүгдэгч Г.Мягмарсүрэн нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

         Шүүгдэгч Г.Мягмасүрэн нь анх удаа хүндэвтэр ангиллын гэмт хэрэг үйлдсэн, өөрийн гэм буруугаа ухамсарлаж гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураар төлж барагдуулсан зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж, түүнд оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж дүгнэв.

                Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1,284 дүгээр зүйлийн 284.1, 286 дугаар зүйлийн 286.1, 294-296, 297 дугаар зүйлийн 297.1-5 дахь хэсэг, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:  

                1. Шүүгдэгч Очирваань овгийн Ганболдын Мягмарсүрэнг захирагч нь захирагдагчаа зодож бие махбодид нь хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

                2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 277 дугаар зүйлийн 277.2-д заансаар шүүгдэгч Г.Мягмарсүрэнд 2 жил хорих ял шийтгэсүгэй.  

           3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Г.Мягмарсүрэнд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр тогтоосугай.  

           4. Шүүгдэгч Г.Мягмарсүрэн нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

           5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61дүгээр зүйлийн 61.1, 61.4-д заасныг баримтлан шүүгдэгч Г.Мягмарсүрэнд оногдуулсан 2 жил хорих ялыг тэнсэж, түүнд 1 жилийн хугацаагаар хянан харгалзах хугацаа тогтоож, тэнсэгдсэн ялтанд хяналт тавих үүргийг Завхан аймгийн Цагдаагийн газарт даалгасугай. 

                6. Шүүгдэгч Г.Мягмарсүрэнд өмнө авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

       Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                                             ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                      Л.АЛТАН