Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 707

 

“Т-” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 101/ШШ2018/00371 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Т-” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч И.Мд холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 34 200 000 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч “Т-” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: И.Мтай 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр ЖА-0022 тоот зээлийн гэрээ байгуулж, И.М нь 20 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, 7 хувийн хүүтэй зээлж авсан. Зээлээс 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэлх хүүд 1 400 000 төгрөг төлж дахин төлөлт хийгээгүй.

И.М нь зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэх баталгаа болгож 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр ЖА-0022 тоот фидуцийн гэрээ байгуулан өөрийн өмчлөлийн 52-01 УНС улсын дугаартай Тоёота ланд крузер 200 маркийн автомашиныг зээлдүүлэгчийн өмчлөлд шилжүүлсэн, автомашин нь И.Мын эзэмшилд байгаа. Хариуцагч И.Маас 52-01 УНС улсын дугаартай Тоёота Ланд крузер 200 маркийн автомашиныг “Т-” ХХК-д гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаснаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрчилсөн. Иймд зээлийн үндсэн төлбөр 20 000 000 төгрөг, 2 сарын хүү 2 800 000 төгрөг, алданги 11 400 000 төгрөг, нийт 34 200 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан, Иргэний хуулийн 286.3 дахь хэсэгт зааснаар Тоёота Ланд крузер 200 маркийн автомашиныг худалдан борлуулж үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6, 286 дугаар зүйлийн 286.1, 286.2, 286.3, 286.5-д зааснаар хариуцагч И.Маас 22 800 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Т-” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 11 400 000 төгрөгт холбогдох болон 52-01 УНС улсын дугаартай Тоёота Ланд крузер 200 маркийн автомашиныг комиссийн буюу дуудлага худалдаагаар худалдаж, борлуулсан үнийн дүнгээс мөнгөн шаардлагыг хангуулах хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 328 950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч И.Маас 271 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Т-” ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Гантулга давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй. Шүүхийн шийдвэрт И.Маас 22 800 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснээс  2 800 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. “Т-” ХХК-тай зээлийн гэрээ байгуулаад зээлийн гэрээний хүүг тогтмол төлж дуусгасан. Энэ тухай баримтыг шүүх хуралдаанд гаргаж өгөх боломжоор хангалгүй, намайг оролцуулахгүйгээр шүүх хуралдаан хийсэнд гомдолтой байна. “Т-” ХХК энэ талаар нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх боломжтой байсан боловч санаатайгаар нуун дарагдуулж илүү мөнгө нэхэмжилсэн нь хууль бус. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт заасан 22 800 000 төгрөгөөс 2 800 000 төгрөгийг хасаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэн, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлан хэрэглэснээр шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч “Т-” ХХК нь хариуцагч И.Мд холбогдуулан автомашин гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх шаардлагаа өөрчилж, зээлийн гэрээний үлдэгдэлд 34 200 000 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжилжээ.

Хариуцагчид нэхэмжлэлийн хувийг 2017 оны 11 дүгээр сарын 07, 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр тус тус гардуулсан боловч хариу тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасан хугацаанд ирүүлээгүйн улмаас анхан шатны шүүх мөн зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

            Талууд 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр ЖА-0022 дугаартай зээлийн гэрээгээр “Т-” ХХК нь И.Мд 20 000 000 төгрөгийг сарын 7 хувийн хүүтэй, 3 сарын хугацаагаар зээлдүүлэхээр тохиролцож, мөн өдрөө ЖА-0022 тоот фидуцийн гэрээ байгуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд И.М нь өөрийн эзэмшлийн 5201-УНС улсын дугаартай Тоёота ланд крузер 200 маркийн автомашиныг зээлдүүлэгчийн өмчлөлд шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна. /хх 6-11 дэх тал/

Дээрх гэрээнд талууд Иргэний хуулийн 451, 453 дугаар зүйлд заасан үүрэг хүлээхээр заасан боловч нэхэмжлэгч “Т-” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэх үйл ажиллагаа явуулдаг, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй гэх баримтгүй тул тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ. Иймээс хэн аль нь үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч тал гэрээгээр хүлээсэн буюу мөнгөн хөрөнгийг шилжүүлэх үүргээ биелүүлсэн болох нь хэрэгт авагдсан кассын зарлагын баримтаар тогтоогдсон. /хх 23 дахь тал/

Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг гардан авсан атлаа хариу тайлбараа шүүхэд гаргаагүй учир нэхэмжлэгчийн “хариуцагчийг зээлийн үүргээс 1 400 000 төгрөгийг төлсөн” гэх тайлбарыг няцаагаагүй гэж үзэх үндэслэлтэй. Нэхэмжлэгч уг төлбөрийг зээлийн хүүд суутгасан нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасантай харшлахгүй тул үлдэх үүргийг хариуцагч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зааснаар төлөх үүрэгтэй.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, хариуцагчаас үндсэн зээл 20 000 000 төгрөг, зээлийн хүү 2 800 000 төгрөг нийт 22 800 000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь зөв байна.

Түүнчлэн талууд гэрээний 2.1.3 дахь заалтаар 0.5 хувиар нэмэгдүүлсэн хүү тооцон төлөхөөр тохиролцсон боловч нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд биш байх тул мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасны дагуу нэмэгдүүлсэн хүү шаардах эрх үүсэхгүй. 

Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт зааснаар гэрээг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарах ёстой учир гэрээнд “нэмэгдүүлсэн хүү” гэж заасан бөгөөд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дахь хэсэгт заасан алданги гэж үзэх боломжгүй тул анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас анзын 11 400 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэн нэхэмжлэлийн хоёр дахь шаардлага буюу 5201-УНС улсын дугаартай Тоёота ланд крузер 200 маркийн автомашиныг комиссын буюу дуудлага худалдаагаар худалдаж, борлуулсан үнийн дүнгээс зээлийн үлдэгдлийг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх бөгөөд энэ талаар хариуцагч гомдол гаргаагүй учир иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын бие даасан байдлын зарчимд үндэслэн энэ талаар эрх зүйн дүгнэлт хийж шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзлээ.

Шүүх хариуцагчид 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр, итгэмжлэгдсэн төлөөлөгчид нь 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр тус тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдлэх эрх, хүлээх үүргийг тайлбарлан, шүүх хуралдааны товыг 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр зохих ёсоор мэдэгдэж, гарын үсэг зуруулсан /хх 20, 38 дахь тал/ байх тул итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...зээлийн хүүг төлж дуусгасан, баримтыг шүүх хуралдаанд гаргаж өгөх боломжоор хангаагүй, шүүх хуралдаанд оролцуулалгүй шийдвэрлэсэн” гэх гомдол үндэслэлгүй байна.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 101/ШШ2018/00371 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 59 750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                  

                          ШҮҮГЧИД                                         Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                   

                                                                                    Ч.ЦЭНД