| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбилэгийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 172/2023/0072/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/72 |
| Огноо | 2023-06-13 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | О.Батнасан |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 2023/ШЦТ/72
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,
Нарийн бичгийн дарга: А.Золзаяа
Улсын яллагч О.Батнасан,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Алтансүх,
Шүүгдэгч Я.Ц, Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Х овогт Я-ийн Ц, Бо овогт Б-ийн Б нарт холбогдох 2328000000072 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: ..............
Бо овогт ...................
Холбогдсон хэргийн талаар:/яллах дүгнэлтэд /
Шүүгдэгч Б.Б, Я.Ц нар бүлэглэн, 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Бага овоо 5 дугаар баг Морин заг суурьшлын бүсэд үйл ажиллагаа явуулдаг ".... ХХК"-ийн эзэмшлийн 45-22 УНА улсын дугаартай Shacman F3000 маркийн тээврийн хэрэгслээс 7 ширхэг, 45-03 УЕВ улсын дугаартай Shacman F3000 маркийн тээврийн хэрэгслээс 2 ширхэг, 45-02 УЕВ улсын дугаартай Shacman F3000 маркийн тээврийн хэрэгслээс 2 ширхэг, нийт 10 ширхэг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, ".... ХХК"-д 12,000,000 (арван хоёр сая) төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Б.Б, Я.Ц нарыг яллах, өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй гэв.
Шүүгдэгч Я.Ц шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Х мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр шинээрээ машинуудаа шалгаж үзэхэд 3 машинаас нийт 10 ширхэг дугуй алга болсон байсан. Тэгээд би компанийн жолооч нараас асуухад бүгд мэдэхгүй байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. Тэдгээр машинууд нь 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр ирээд тэндээсээ хөдлөөгүй зогсож байсан. Манай компанийн машинуудын дугуй нь бусад компанийн машинуудын дугуйнаас хээгээрээ болон серийн дугаараар өөр байгаа. Обудтайгаа нэг дугуй зах зээлийн 1.200.000 төгрөгийн үнэтэй байгаа. Нийт 12.000.000 төгрөгөөр үнэлж байна... Би бүх алдсан дугуйгаа буцаагаад авсан болохоор надад гомдол санал байхгүй.” /хавтаст хэргийн 33-34, 37-38 дахь тал/
Гэрч И.Э мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “Би он сараа сайн санахгүй байна. Нэлээн орой 22 цаг өнгөрч байхад над руу нэг залуу залгаад гараад ир уулзъя гээд ярьсан. Тэгээд гараад хартал цагаан өнгийн давхар кабинтай Ц, Б 2 ирчихсэн байсан. Надад цалингаа авч чаддаггүй, банкны мөнгө төлөх хэрэгтэй, тэгээд бас чамд өгөх өртэй байгаад байна, энэ хэдэн дугуйг авчихаач гээд надад обудтай 10 ширхэг дугуйг үзүүлсэн. Тэгэхээр нь би асуудалгүй бид хоёр хуучин машинуудынхаа дугуйг тавьчихсан асуудалгүй гэж хэлсэн. Би хаанаас ямар компаниас авсан дугуйнууд вэ гэж асуухад хариу хэлээгүй. Тэгээд хэд хоногоос мөнгөө бага багаар өгчих гээд надаас гуйгаад байхаар нь нэг дугуйг 500.000 төгрөгөөр бодож тохиролцсон. 5409020846 тоот данс руу 500.000 төгрөг, 5089029339 тоот данс руу 755.100 төгрөгийг шилжүүлсэн. Би 3 удаагийн гүйлгээгээр мөнгө шилжүүлсэн. Дансны хуулгаа аваад тодорхой хэлье. Тэр дугуйнууд манай дэлгүүрийн хашаанд байгаа. Би тэр дугуйнуудаас нэгийг ч зараагүй арвуулаа байгаа.” /хавтаст хэргийн 42-43 дахь тал/
Гэрч Б.Бадарчин мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “Би Б.Б гэх залууг сайн танина. Бид хоёр одоогоос 5-6 жилийн өмнө “Монгол оймс” ХХК-д хамт ажиллаж байсан. Я.Ц гэх хүнийг танихгүй, өмнө нь Б-тэй манай гэрт ганц, нэг удаа ирж байсан болохоор зүс танина. 37-52 УНТ улсын дугаартай давхар кабинтай цагаан өнгөтэй бонго Пронтер загварын тээврийн хэрэгсэл миний өөрийнх байгаа юм. Миний машин 2002 онд үйлдвэрлэгдсэн 2012 онд Монгол Улсад орж ирсэн. Би тухайн тээврийн хэрэгслийг 2014 онд 6.200.000 төгрөгөөр 1 дүгээр хорооллоос орж ирсэн автомашин зардаг газраас авч байсан. Би хаашаа ямар зорилгоор авч явсныг нь мэдэхгүй. Б.Б надад хандаж ахаа та машинаа түр өгчих би нэг юманд явчихаад ирье гээд гуйгаад байхаар нь өгөөд явуулсан. Тэгтэл машин авч явснаасаа хойш 2 хоногийн дараа Б.Б над руу утсаар яриад ахаа машины чинь доогуур нэг юм тачигнаж дуугараад болохгүй байна гээд надад утсаар сонсгосон. Тэгсэн чинь мотор цохисон шинжтэй дуугарч байхаар нь наадах чинь мотор нь цохиж байна чи хаана явж байгаа юм гэж асуухад говьд явна гэж хэлсэн. Би тухайн үед яг хаана явж байгаа талаар нь лавлаж асуугаагүй... Б.Б миний машиныг янзлаад бүрэн бүтэн болгож өгнө гэж хэлсэн болохоор надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй байна.” /хавтаст хэргийн 46-47 дахь тал/
Шүүгдэгч Б.Б мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “... Би Улаанбаатар хотод гэртээ амарч байгаад амралт дуусаад 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 19 цагийн үед “....” ХХК- ндаа ажиллахаар 37-52 УНТ улсын дугаартай 1 тонны “Бонго поронтер” нэртэй машинаараа нэг ХХК-д ажилладаг найз Цгийн хамт Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг “Морин заг” суурьшлын бүсэд ирсэн. Тэгээд өөрийн ажилладаг “....” ХХК-н дээрээ ирэхэд цагаан сар болтол уурхай хэсэг хугацаанд ажиллахгүй юм шиг байна гэсэн яриа гарсан байхаар нь цагаан сар хүртэл юм чинь энд ажилгүй байж байхаар гэртээ харьж цагаан сараар гэр бүлтэйгээ байсан нь дээр юм гэж бодоод буцах гэсэн машинд бензин болон мөнгөгүй байсан тул өөрийн ажилладаг “....” ХХК-нд шинэ машин ирсэн байсан ба тухайн машинаас шинэ дугуйг нь авах болоод Ц бид хоёр 3 машины 10 дугуйг аваад 22 цагийн үед “Морин заг” суурьшлын бүсийн Тамир гэх нэртэй дэлгүүрт 1 дугуйг нь 500.000 төгрөгөөр үнэлж 10 дугуйг 5 сая төгрөгөөр зарах болоод дансаар 3 сая төгрөг миний данс руу орж ирсэн ба 755.100 төгрөг бас миний данс руу орж ирээд үлдсэн мөнгөө тухайн дэлгүүрт бид хоёр тус тусдаа өртэй байсан тул тухайн өр зээлээ дарж барагдуулаад 23 цагийн үед тухайн “Морин заг” суурьшлын бүсээс Улаанбаатар хот руу явсан. Унаж явсан “Бонго поронтер” машин маань мотор нь цохиж машин дуудаж ачуулаад орсон. Улаанбаатар хотод очоод 10-аад хоног болоод байж байхад ажлаас ачаанд машинуудаа оруулахаар болсон цагаан сарын өмнө 2 удаа ачаанд орж магадгүй хурдхан ирэх шаардлагатай байна гэхээр нь хот хоорондын пургон авто машинаар Морин заг суурьшлын бүсэд 2023 оны 02 дугаар сарын 09-ний өглөө /сайн санахгүй байна/ ирсэн. Ирээд машинуудаа аваад ачаанд оруулахаар уурхай руу явсан. Уурхай дээр хоёр хонож ачаагаа ачуулаад Ноён сумын постон дээр очоод байж байхад манай менежер Х залгаад алдсан дугуйнуудаа авмаар байна гэхэд нь авсан хэргээ хүлээн гэж хэлсэн. Би өмнө нь ажилдаа ирэхдээ унаж ирж байсан. Хувийн тээврийн хэрэгсэл байхад хэрэгтэй байдаг ба сая цагаан сар болох байсан учраас буцаад битүүний өдөр юм уу эсвэл цагаан сарын шинийн нэгэнд Улаанбаатар хот руу явчихаад ирнэ гэсэн бодолтой унаж ирсэн. Хувийн автомашин унаад ирсэн хүмүүс байдаг. Би дахиж ийм үйлдэл гаргахгүй, ийм зүйл хийсэндээ харамсаж байна. Уг хохирлыг бүгдийн барагдуулсан.” /хавтаст хэргийн 89-91 дэх тал/
Шүүгдэгч Я.Ц мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “... 2007 онд жолооны үнэмлэх аваад Замын-Үүд сум руу машин барих гэж яваад 6 сарын дараа Говь-Алтай аймгийн Цээл суманд очиж бас том ачааны машин барьж байгаад 2013 онд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын 5 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулж байгаа “БЕРУН ЛОЖИСТИК” ХХК-нд ажиллахаар ирсэн. Энэ ХХК-даа ажиллаж байгаад 2015 онд эхнэр Атай нэг гэрт ороод одоо бид хоёр 3 хүүхдийн аав, ээж болсон байна. Тэгээд 2022 онд тус компанийн салбар компани болох “....” ХХК-нд ороод одоог хүртэл ажиллаж байна. Би Улаанбаатар хотод гэртээ амарч байгаад амралт дуусаад ажил руугаа явах болоод Б-тэй гар утсаар холбогдоход би машинтай байгаа цугтаа яваад дундаасаа бензин гаргаад явах уу гэхэд нь зөвшөөрч 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 20 цагийн үед “....” ХХК-даа ажиллахаар Бийн 37-52 УНТ улсын дугаартай 1 тонны “Бонго поронтер” нэртэй машинаар нь хамт Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг “Морин заг” суурьшлын бүсэд ирсэн. Тэгээд өөрийн ажилладаг “....” ХХК-н дээрээ ирэхэд цагаан сар болтол уурхай хэсэг хугацаанд ажиллахгүй юм шиг байна гэсэн яриа гарсан байхаар нь цагаан сар хүртэл юм чинь энд ажилгүй байж байхаар гэртээ харьж цагаан сараар гэр бүлтэйгээ байсан нь дээр юм гэж бодоод буцах гэсэн машинд бензин болон мөнгөгүй байсан тул өөрийн ажилладаг “....” ХХК-нд шинэ машин ирсэн байсан. Тухайн машинаас шинэ дугуйг нь авах болоод Б бид хоёр 3 машины 10 дугуйг аваад 22 цагийн үед “Морин заг” суурьшлын бүсийн Тамир гэх нэртэй дэлгүүрт 1 дугуйг нь 500.000 төгрөгөөр үнэлж 10 дугуйг 5 сая төгрөгөөр зарах болоод дансаар 3 сая төгрөг Бийн данс руу орж ирсэн ба 755.100 төгрөг бас Бийн данс руу орж ирээд үлдсэн мөнгөө тухайн дэлгүүрт бид хоёр тус тусдаа өртэй байсан тул тухайн өр зээлээ дарж барагдуулаад 23 цагийн үед тухайн “Морин заг” суурьшлын бүсээс Улаанбаатар хот руу Бийн унаж ирсэн “Бонго поронтер” гэх нэртэй машинаараа явсан. Унаж явсан “Бонго поронтер” машин маань мотор нь цохиж машин дуудаж ачуулаад орсон. Улаанбаатар хотод очоод 10-аад хоног болоод байж байхад ажлаас ачаанд машинуудаа оруулахаар болсон цагаан сарын өмнө 2 удаа ачаанд орж магадгүй хурдхан ирэх шаардлагатай байна гэхээр нь хот хоорондын Пургон авто машинаар Б бид хоёр болон манай ажлын Түмбаяр хамт ирсэн. “Морин заг” суурьшлын бүсэд 2023 оны 02 дугаар сарын 09-ний өглөө /байхаа сайн санахгүй байна/ ирсэн. Ирээд машинуудаа аваад ачаанд оруулахаар уурхай руу явсан. Уурхай дээр хоёр хонож ачаагаа ачуулаад Ноён сумын постын хажууд ирээд миний машинд хоол хийж байж байхад манай менежер Х Б рүү залгаад алдсан дугуйнуудаа авмаар байна гэхэд нь авсан хэргээ хүлээнэ гэж хэлсэн. Бид хоёр нь та хоёр дугуй авсан уу гэхэд тийм гээд цагдаагийн байгууллага дээр ирсэн дахиж хэзээ ч хулгай хийхгүй. Би ийм үйлдэл хийсэндээ үнэхээр харамсаж байна. Дахиж ийм үйлдэл гаргахгүй.” /хавтаст хэргийн 94-96 дахь тал/
“Хас Үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 1248 дугаартай үнэлгээний дүгнэлтэд: “SHAVMAN F3000 обудтай дугуй, 10 ширхэг, нэгжийн үнэ 1.200.000 төгрөг, нийт үнэ 12.000.000 төгрөг /шинэ/” гэжээ. /хавтаст хэргийн 63-66 дахь тал/
2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 11-18 дахь тал/
2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 21-26 дахь тал/
2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн “Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл” /хавтаст хэргийн 109 дэх тал/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн ... дахь тал/
Хохирол төлбөр төлсөн баримт /хавтаст хэргийн 118, 122, 125 дахь тал/
Интернэт банкны лавлагаа /хавтаст хэргийн 119 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл:
Шүүгдэгч Б.Б, Я.Ц нар нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр прокурорт хүсэлт гаргаж, уг хэргийг 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 16 дугаартай тогтоол /хавтаст хэргийн 181-182 дахь тал/-оор хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлсэн байх тул хүлээн авч хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон 4 үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэрэгт тооцно, мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэж хохирол учирсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж заасан бөгөөд шүүгдэгч Б.Б, Я.Ц нарын гэмт үйлдэл, түүний улмаас учирсан үр дагаврыг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг шүүх өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Б, Я.Ц нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.
Шүүгдэгч Б.Б, Я.Ц нарын нийгэмд аюултай, гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Иймээс Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.
Хулгайлах гэмт хэрэг гэж бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар, хууль бусаар авахыг хэлдэг.
Хууль бусаар авсан гэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууц, далд аргаар авч, өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэх захиран зарцуулсныг,
Хүч хэрэглэхгүйгээр гэж бусдын амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулж халдаагүй үйлдсэнийг,
Нууцаар гэж бусдын эд хөрөнгийг өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр далд авсныг тус тус ойлгохоор тодорхойлсон байдаг.
Шүүгдэгч Б.Б, Я.Ц нар бүлэглэн, 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Бага овоо 5 дугаар баг Морин заг суурьшлын бүсэд үйл ажиллагаа явуулдаг ".... ХХК"-ийн эзэмшлийн 45-22 УНА улсын дугаартай Shacman F3000 маркийн тээврийн хэрэгслээс 7 ширхэг, 45-03 УЕВ улсын дугаартай Shacman F3000 маркийн тээврийн хэрэгслээс 2 ширхэг, 45-02 УЕВ улсын дугаартай Shacman F3000 маркийн тээврийн хэрэгслээс 2 ширхэг, нийт 10 ширхэг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, ".... ХХК"-д 12,000,000 (арван хоёр сая) төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Хгийн мэдүүлэг /хавтаст хэргийн 33-34, 37-38 дахь тал/, гэрч И.Эрдэнийн мэдүүлэг /хавтаст хэргийн 42-43 дахь тал/, гэрч Б.Бадарчингийн мэдүүлэг /хавтаст хэргийн 46-47 дахь тал/, “Хас Үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 1248 дугаартай үнэлгээний дүгнэлт /хавтаст хэргийн 63-66 дахь тал/, 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 11-18 дахь тал/, 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 21-26 дахь тал/, 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн “Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл” /хавтаст хэргийн 109 дэх тал/ зэргээр хөдөлбөргүй тогтоогдож байна гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ, мөн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно гэж тус тус хуульчилжээ.
Шүүгдэгч Б.Б, Я.Ц нар нь урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хулгайлах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Б, Я.Ц нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч “....” ХХК-ийн эд хөрөнгөд 12.000.000 төгрөгийн хохирол учирсан болох нь “Хас Үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 1248 дугаартай үнэлгээний дүгнэлтэд: “SHAVMAN F3000 обудтай дугуй, 10 ширхэг, нэгжийн үнэ 1.200.000 төгрөг, нийт үнэ 12.000.000 төгрөг /шинэ/” /хавтаст хэргийн 63-66 дахь тал/-ээр тогтоогдсон.
Шинжээчийн дүгнэлт хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт: өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно гэж тодорхойлсон.
Шүүгдэгч Б.Б, Я.Ц нар нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн гэж үзэхээр байна.
Хохирогч “....” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Ц.Х мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би бүх алдсан дугуйгаа буцаагаад авсан болохоор надад гомдол санал байхгүй.” /хавтаст хэргийн 33-34, 37-38 дахь тал/ гэх мэдүүлгээр шүүгдэгч нарыг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Б, Я.Ц нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч Б.Б нь хувийн байдлын хувьд урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 127 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагааний хуулбар /хавтаст хэргийн 105 дахь тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагааны хуулбар /хавтаст хэргийн 106 дахь тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааны хуулбар /хавтаст хэргийн 107 дахь тал/,
Шүүгдэгч Я.Ц нь хувийн байдлын хувьд урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 126 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагааний хуулбар /хавтаст хэргийн 99 дэх тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагааны хуулбар /хавтаст хэргийн 100 дахь тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааны хуулбар /хавтаст хэргийн 101 дэх тал/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагааны хуулбар /хавтаст хэргийн 102 дахь тал/, зэргээр тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.Б, Я.Ц нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх нөхцөл байдлуудыг шүүх хуралдаанаар хянаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: Шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч Я.Ц-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулах саналыг,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: Улсын яллагчтай тохиролцож 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын саналыг дэмжиж оролцож байгаа,
Шүүгдэгч Б.Б, Я.Ц нарын хувьд ийм үйлдэл гаргасандаа харамсаж байна, дахин ийм үйлдэл гаргахгүй, улсын яллагчийн гаргасан ялын саналыг оногдуулж өгнө үү гэх тайлбар, дүгнэлтийг тус тус гаргав.
Шүүх ялын саналыг шүүгдэгч нарын гэм бурууд нийцсэн гэж үзэж, улсын яллагчийн саналын хэмжээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Я.Ц нар шүүхээс оногдуулсан 320 /гурван зуун хорь/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч Я.Ц, Б.Б нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Я.Ц, Б.Б нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Яллах дүгнэлтэд гэмт хэрэг үйлдсэн “Морин заг” гэх газрыг “Морин зан” гэж буруу бичсэнийг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Я-ийн Ц, Бо овогт Б-ийн Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Ц-г 320 /гурван зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ийг 320 /гурван зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Ц, Б.Б нар шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Я.Ц, Б.Б нар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Хд 12.000.000 /арван хоёр сая/ төгрөгийн тээврийн хэрэгслийн дугуйг биет байдлаар буцаан өгсөн болохыг дурдсугай.
5. Шүүгдэгч Я.Ц, Б.Б нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Я.Ц, Б.Б нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч Я.Ц, Б.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ