Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 2023/ШЦТ/74

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга А.Золзаяа

Улсын яллагч А.Амгалан,

Шүүгдэгч П.Г, А.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар        

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 69 дугаартай тогтоолоор хэрэг хянан шийдвэрлэх харьяаллыг тогтоож тус шүүхэд шилжүүлсэн Т овгийн П-ийн Г, Б овгийн А-ийн Т нарт холбогдох 1929001070077 дугаартай эрүүгийн 3 хавтас хэргийг 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.     

Биеийн байцаалт: ...

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд бичигдснээр:

Шүүгдэгч П.Г, А.Т нар нь бүлэглэн байгалийн ховор ургамал болох 1236,25 килограмм Дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг зохих зөвшөөрөлгүйгээр худалдан авч, хадгалан Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг “Цагаан хад” гэх газарт 2019 оны 04 дүгээр сарын 11-12-нд шилжих шөнө “Истана” маркийн 50-74 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч П.Г, А.Т нарыг яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:  

Шүүгдэгч П.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй гэв.

Шүүгдэгч А.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлд зааснаар би байгалийн ургамлыг гараараа өөрөө зулгаагаад түүгээд тээвэрлээд яваагүй. Албан ёсны бичигтэй Д, М гэх хүмүүсээс авсан. Хуульд заасан татвараа төлчихсөн байгаа. Хүн нэг эцэгтэй, нэг овогтой байж хүн тэрний хүүхдүүд гэж явна биз дээ. Тэрнээс биш энэ ургамлыг би тээвэрлээд явахаараа уг зүйл заалтад зааснаар зүйлчлэгдэх ёсгүй. Энэ хэрэг нь удаа дараагийн шүүхээр цагаатгагдаж шийдвэрлэгдсэн шалтгаан нь Д, М нар нь хоёулаа албан бичигтэй. М гэх хүнд дахин 2 тонн ургамал байсан. Тэгээд Мөрөн сум руу яваад нэг бичиг баримт шилжүүлээд татвараа төлчхөөд ирнэ, яваад ирэхэд тань бичиг нь бэлэн болно гэж хэлж байсан. Гэтэл энэ хэрэг шалгагдаад эхлэхэд өөрийнхөө эрх ашгийг бодоод эсрэгээр яриад энэ хүмүүст шилжүүлэх эрхгүй байсан гэж хэлсэн. М, Д нар нь худалдах эрхгүй юм бол бид нартай адил зүйлчлэгдээд явах ёстой. Энэ 2 хүний хэрэг нэг нь Улаанбаатар нөгөө нь Чойрт хэрэгсэхгүй болоод цагаатгагдсан. Биднийг прокурор л уг зүйл ангид заасан хэргийг үйлдсэн гэж үзээд байгаа юм. Төгсбаяр прокурор та 2 сумынхаа Засаг даргаас бичиг авсан бол гэж хэлсэн. Сумын Засаг дарга нь өөрийн хэрэгцээний 20-23 килограммын зөвшөөрөл өгөх эрхтэй хүн. Дорнод аймгийн Засаг даргаасаа л энэ бичиг авах ёстой. Авчихсан байвал та нартай юу ч ярихгүй гэж яриад байгаа юм. Улаанбаатар хотын Байгаль орчны яамнаас авсан бичигтэй, 15.000.000 төгрөгөө төлчихсөн албан бичигтэй барааг л би худалдаж авсан. Тэгэхэд үүнийг заавал хэрэг мөн гэж үзэж байгаа. Төгсбаяр прокурор ямар нэгэн хүний захиалгаар энэ асуудалд хандаад байгаа. Шүүх хурал болоход Төгсбаяр прокурорыг хэд хэдэн удаа харж байсан. Яг ард нь яваад хүртэл харж байсан. Утсаа авангуутаа пизда нөгөө хэрэг чинь дахиад цагаатгагдлаа гэж ярьж байсан. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлж байсан. Би албан үүргээ биелүүлж даргадаа мэдүүлж байсан гэж хэлсэн.  Даргадаа мэдүүлж байвал пизда, нөгөө хэрэг чинь тэгчихлээ гэж хэлэхгүй шүү дээ. Ханбогдыг би 3 жил ажиглаж байхад хүний юмыг улсын орлого болгоод цагдаа нь шатаасан гэж хэлээд эргүүлээд зарж байдаг. Тийм үйлдэл. Би 3 жил харсан. Бид хоёрын хувьд Баттулга шүүгч болон бусад шүүх дээр хэрэг биш гэж үзсэн. Яаж хэрэг болох юм бэ? Би энэ ургамлыг түүгээд бэлтгээд тээвэрлээд бичиг баримтгүй явж байсан бол өөр хэрэг. Албан ёсны бичигтэй хүнээс би худалдаж авсан болохоор хэрэг биш л гэж би өнөөдрийг хүртэл үзэж байгаа гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “Дэрэвгэр жиргэрүү гэдэг ургамал нь Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 08 угаар сарын 25-ны өдрийн 153 дугаар тогтоолд 2004 оны 165 дугаар тогтоолоор нэмэгдсэн ховор ургамлын жагсаалтад орсон. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн А/43 дугаар тушаалаар 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаагаар 5 жилийн хугацаанд түүж бэлтгэхийг түр хугацаагаар хориглосон байдаг. Монгол Улсын Байгаль орчин ногоон хөгжил аялал жуулчлалын сайдын 2015 оны А-282 дугаар тушаалаар батлагдсан үнэлгээгээр нэг кг дэрэвгэр жиргэрүү ургамал нь 50.000 төгрөг гэж заасан байгаа. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.3-т зааснаар ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи эдийн засгийн үнэлгээг 5 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтооно гэж заасан байдаг. Хуульд заасны дагуу байгаль орчинд учирсан хохирлыг нөхөн төлүүлнэ.” /1 дүгээр хавтаст хэргийн 160-162 дахь тал/

Гэрч Б.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “Би Г, Т нарт 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр дэрэвгэр жиргэрүү ургамалын үндсийг худалдсан. Анх надаас 1 тн ургамлын үндэс авна гээд 50.000.000 /тавин сая/ төгрөгийг миний /5414110962/ дансаар минь шилжүүлсэн. Тэгээд ирээд ачаад авч явахдаа 900 кг / багцаагаар/ нь ачсан, учир нь машинд нь багтахгүй байсан болохоор дараа нь ирж авъя гээд үлдээгээд явсан. Би Улаанбаатар хотод байгаа 2 өрөө байраа "Бид ББСБ"-д барьцаанд тавиад 25.000.000 төгрөгийн зээл авсан байсан. Тэгээд тэрний маань хугацаа нь дуусах гээд арга буюу зээлээ дарахын тулд дэрэвгэр жиргэрүү ургамлыг зарсан. Ямар зорилгоор авч байгаа талаар ярьсан зүйл байхгүй, худалдаж авъя л гэж хэлсэн. Тэгээд би зарсан. Цааш нь яах талаар би мэдэхгүй. Би 2017 оны 09 дүгээр сарын 10-наас 11 дүгээр сарын 10-ныг хүртэл БОАЖЯ-наас 2 тн-г түүж бэлтгэх зөвшөөрөл авсан. Миний өөрийн эзэмшлийн Халхгол суманд газар тариалангийн зөвшөөрөлтэй 300 га газар дээрээс түүсэн. Түүсэн зорилго гэвэл орлого олж, ашиг олох зорилгоор бэлтгэсэн. П.Г, А.Т нартай дэрэвгэр жиргэрүү ургамалын үндсийг хилээр нэвтрүүлж, бичиг баримт бүрдүүлж өгөх талаар тохиролцсон асуудал надад байхгүй. "Бэрх Цагаан овоо" ХХК-ийн тусгай зөвшөөрөл миний нэрээр байдаг, би Г, Т нарт зөвшөөрлөө дамжуулан өгөх талаар тохиролцсон асуудал байхгүй. П.Г, А.Т нар надтай болон манай компанитай эдгээр хүмүүс нь ямар ч хамаарал байхгүй ...Би Г, Т нарт 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр дэрэвгэр жиргэрүү ургамалын үндсийг худалдсан. Анх надаас 1 тн ургамалын үндэс авна гээд 50.000.000 /тавин сая/ төгрөгийг миний /5414110962/ дансаар минь шилжүүлсэн. Тэгээд ирээд ачаад авч явахдаа 900 кг /багцаагаар/ нь ачсан, учир нь машинд нь багтахгүй байсан болохоор дараа нь ирж авъя гээд үлдээгээд явсан. Би Улаанбаатар хотод байгаа 2 өрөө байраа "Бид ББСБ"-д барьцаанд тавиад 25.000.000 сая төгрөгийн зээл авсан байсан. Тэгээд тэрний маань хугацаа нь дуусах гээд арга буюу зээлээ дарахын тулд дэрэвгэр жиргэрүү ургамлыг зарсан. Ямар зорилгоор авч байгаа талаар ярьсан зүйл байхгүй, худалдаж авъя л гэсэн тэгээд би зарсан. Цааш нь яах талаар би мэдэхгүй. Би 2017 оны 09 дүгээр сарын 10-наас 11 дүгээр сарын 10-ныг хүртэл БОАЖЯ-наас 2 тн-г түүж бэлтгэх зөвшөөрөл авсан. Миний өөрийн эзэмшлийн Халхгол суманд газар тариалангийн зөвшөөрөлтэй 300 га газар дээрээс түүсэн. Түүсэн зорилго гэвэл орлого олж, ашиг олох зорилгоор бэлтгэсэн. Хилээр нэвтрүүлж, бичиг баримт бүрдүүлж өгөх талаар тохиролцсон асуудал надад байхгүй. "Бэрх Цагаан Овоо" ХХК-ийн тусгай зөвшөөрөл миний нэрээр байдаг, би Г, Т нарт зөвшөөрлөө дамжуулан өгөх талаар тохиролцсон асуудал байхгүй. Надтай болон манай компанитай эдгээр хүмүүс нь ямар ч хамаарал байхгүй.” /1 дүгээр хавтаст хэргийн 36-37, 141 дэх тал/

Гэрч А.Х мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “Би Т гэх хүнийг танина. Т нь миний дүү байгаа юм. Тийг бага байхад нь манайх өргөж авч байсан. Би эхээс хоёулаа байгаа юм. Миний төрсөн дүү нас бараад тэгээд Тийг өргөж авч байсан. Би Г гэх хүнийг танина. Манай хүргэн байгаа юм. Т-тай гэр бүл болоод 30 орчим жил болж байна. Би уг тээврийн хэрэгслийг 2019 оны 03 дугаар сард цайз захаас 10.000.000 /арван сая / төгрөгөөр худалдан авч байсан. Миний авто машиныг миний дүү болох Т нь 04 дүгээр сард надаас гуйгаад ойрхон зуур явчихаад ирье гээд авч явсан. Би машин цэвэрхэн унаарай гэж хэлээд өгч явуулсан чинь таг чимээгүй болчихсон. Би Т-аас машин хаана байна гэж асуусан чинь айлын хашаанд тавьчихсан байгаа гэж байснаа сүүлд нь цагдаагийн журмын хашаанд байгаа гэж хэлж байсан. Надад хэлэхдээ найдвартай журмын хашаанд байгаа гэж хэлсэн. Надаас дүү Т машинаа өгөөд ойр зуур явчаад ирье удаахгүй гэхээр нь машинаа өгч явуулсан одоог хүртэл ам нээвэл хэрүүл хийчих гээд байж л байна би машин гаргаж өг гээд л нэхээд байж байна. Би машинаа авмаар байна.” /1 дүгээр хавтаст хэргийн 163-165 дахь тал/

Гэрч Ш.Д мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “Би Т, Г гэх хүмүүсийг огт танихгүй. Ямар нэгэн харилцаа холбоо байхгүй. Би 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүртэлх хугацаанд Байгаль орчны яамнаас Б17.008 тоот дугаартай түүж бэлтгэх зөвшөөрлийг авч дэрэвгэр жиргэрүү гэх ургамлыг түүж бэлтгэж байсан. Надад эх хувь нь байгаа одоогоор Байгаль орчны яаманд экспортын зөвшөөрөл авахаар хүсэлтийн хамт өгсөн байгаа. Надад одоо зөвшөөрлийн хуулбар, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг даргын тодорхойлолтын хуулбар, мөн сумын төрийн дансанд тушаасан хаан банкны баримтын хуулбар байна. Манай компани нь 5 тонн дэрэвгэр жиргэрүү гэх ургамлыг бэлтгэсэн байсан 1 тонныг нь хулгайд алдаад БЗД-ын прокурорын газар дээр шалгагдаж байгаа. Байгаль орчны яамнаас зөвшөөрөлгүй хувь хүнд өгөхийг хориглодог хэдий ч хуулиар зохицуулсан зохицуулалт байдаггүй. Би 2019 оны сарыг нь сайн санахгүй байна 4 билүү 5 сард Г, Т нар нь нэг хүнээр яриулж байгаад авсан. Тухайн үед цааш нь зарж борлуулна гэж хэлээгүй. Би наадах чинь ховор ургамал хэн дуртайд нь өгдөггүй юм гэж хүртэл хэлж байсан. Би нэг килограммыг 52.000 төгрөгөөр 300 орчим килограммыг зарсан санагдаж байна, нийт 15 сая 600 мянган төгрөг болж байсан. Байгаль орчны яамнаас гаргасан журам болон ургамлын тухай хуулинд 3 жилийн хугацаанд хадгалаад цаашид эмийн ургамал болох чанараа алддаг. Тиймээс л бид гаргах гээд экспортлох зөвшөөрлөө хөөцөлдөөд байгаа. Манай компани нь тухайн ургамлыг түүж бэлтгэснээс хойш 2 жил гаруй хугацаа өнгөрч байна. Монгол Улсын хэмжээнд 22 компани уг ургамлыг түүж бэлтгэх зөвшөөрөлтэй байдаг. 2018 оны 01 дүгээр сарын 10-наар Гаалийн ерөнхий газар дээр очиход нь уг ургамлыг хилээр гаргахгүй эцсийн бүтээгдэхүүн болсны дараагаар гаргана гэсэн шийдвэр гарган мэдэгдэл хүргүүлсэн. Бид шүүхэд хандан энэ оны 08 сард шүүхээр эцэслэгдэн шийдвэрлэгдэж гаалиараа гаргах зөвшөөрөл нь нээгдэж байгаа.” /1 дүгээр хавтаст хэргийн 166-168 дахь тал/

Шинжлэх ухааны Академийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 01/88 дугаартай дүгнэлтэд: “Дээж шаардлага хангасан тул тодорхойлох боломжтой. Уг ургамлын дээж нь манай оронд тархсан Майлцтан (Apiacease Lindley 1836) овгийн Жиргэрүү (Saposhnikovia Schischkin 1951) төрөлд багтах Дэрэвгэр жиргэрүү (Saposhnikovia divaricate Schischkin 1951) гэх зүйл ургамлын газрын доорх эрхтэн болох үндэс мөн. Монгол Улсын Байгалийн ургамлын тухай (1995, 2004) хуулийн хавсралт болох ховор ургамлын жагсаалтад уг зүйл ургамал орсон болно. Тухайн ургамлын үндсийг яг хэдийд түүж бэлтгэснийг тодорхойлох боломжгүй. Асуултад дурьдагдаагүй шинээр нөхцөл байдал үүсээгүй болно.” /1 дүгээр хавтаст хэргийн 42 дахь тал/

“Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн №01/90 дугаартай үнэлгээний дүгнэлтэд: “Ssangyong Istana, 1 ширхэг, 2001 онд үйлдвэрлэгдсэн, 2019 онд монгол улсад орж ирсэн 50-74 УНЦ улсын дугаартай, ногоон өнгөтэй, нийт үнэ 8.000.000 төгрөг.” гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 170 дахь тал/

Шүүгдэгч П.Г мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэгтээ: “Би эхнэр Тийн хамт 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан хотод байдаг "Бэрх цагаан Овоо" ХХК-наас дээрх дэрвэгэр жиргэрүү ургамлыг нэг килограммыг нь 42.000 төгрөгөөр худалдаж авсан. Тухайн үед "Бэрх цагаан Овоо” ХХК-ийн захирал Ман гэдэг эмэгтэй бичиг баримтыг нь араас чинь явуулъя манай компани Гаалийн байгууллагатай шүүхдэлцэж байгаа, манай бараа асуудалгүй, албан ёсны бичиг баримттай, тээвэрлэх, түүх зөвшөөрөлтэй гэсэн болохоор нь худалдаж авсан. Тэгээд эхнэр бид хоёр 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өглөө Улаанбаатар хотод очоод 04 дүгээр сарын 10-ны орой Ханбогд сумын Гашуунсухайт хилийн боомт руу хөдөлж 04 дүгээр сарын 11-ний орой Цагаанхаданд ирсэн. Манай эхнэр бид хоёр "Бэрх цагаан Овоо" ХХК-ийн бичиг баримтыг бүрдтэл Өмнөговь аймгийн Даланзадгад суманд очиж хүлээж байгаад ирэх зорилготой байсан боловч Хөх хотод эмнэлэгт байгаа хүүхдийнхээ хоол хүнсийг Гашуунсухайт хилийн боомтоор урагш нь явуулах гээд Цагаанхадан дээр явж байгаад цагдаад саатуулагдсан. Манай эхнэр бид хоёр Улаанбаатар хотод очоод уг ургамлын хадгалалтыг бодож шуудайных нь гадна талаар хогны уутанд хийж скочоор ороосон. Би тээвэрлэх зөвшөөрөлгүй явж байсан. Би тухайн үед Х гэдэг танилынхаа машиныг гуйгаад авчихсан байсан. Уг машин Хийн машин байгаа юм.” /хавтаст хэргийн 29-31 дэх тал/  

Шүүгдэгч А.Т мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэгтээ: “Би 2019 оны 04 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө нөхөр Гтай хамт Ханбогд сумын нутаг Цагаанхад гэдэг газарт очсон. Тухайн үед нөхөр бид хоёр Хөх хотод эмчилгээ хийлгэж байгаа охиныхоо хоол хүнсний зүйлийг нүүрс тээврийн жолоочид өгч Хятад руу оруулах гээд явж байсан. Бид хоёр манай хамаатны Хийн эзэмшлийн “Истана” маркийн 50-74 УНЦ улсын дугаартай автомашинд дэрвэгэр жиргэрүү ургамал ачсан явж байсан. 2019 оны 04 дүгээр сарын 08-нд Дорнод аймгийн "Бэрх цагаан Овоо" ХХК-ийн захирал М гэдэг эмэгтэйгээс тусгай зөвшөөрөлтэй албан ёсны бичиг баримттай бараа гэж худалдаж авсан. Тус барааг 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр гаалиар гаргах шүүхийн шийдвэр гарахыг хүлээх хоорондоо Даланзадгад суманд хүлээж байя гээд явж байсан. М бичиг баримтыг нь бүрдүүлээд араас явуулна гэж байсан. Нийтдээ 1236,12 кг жинтэй ургамал ачиж явсан. Уг ургамлыг нэг килограммыг нь 42.000 төгрөгөөр тооцож 50.000.000 төгрөгөөр худалдаж авсан.” /хавтаст хэргийн 32-34 дэх тал/

Шүүгдэгч П.Г мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “Би 2019 оны 02 дугаар сарын 07-нд Дорнод аймгийн Чойбалсан сум дээр Бэрх цагаан овоо ХХК-ийн захирал гэх эмэгтэй хүнээс 1 тонн ургамлын үндэс 50 сая төгрөгөөр авсан. Мөн Улаанбаатар хотоос Даш гэдэг хүнээс 300 кг ургамал аваад Улаанбаатар хотод байдаг Х гэдэг хүнээс 50-74 УБН улсын дугаартай “Истана” маркийн авто машиныг нь Цагаан хад орж бараа буулгачихаад буцаж очино гэж тохиролцоод нийт 1234 кг Дэрэвгэр жиргэрүү ургамал ачаад 2019 оны 04 дүгээр сарын 12-ны шөнө Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэр Цагаанхад гэх газар цагдаагийн алба хаагч нарт саатуулагдсан. Хилээр гаргахыг хориглосон гэдгийг нь мэдэж байгаа. Надад зарсан хүмүүс албан ёсны зөвшөөрөлтэй гэж хэлсэн. Би тэр ургамлыг хилээр нэвтрүүлэх зөвшөөрөлтэй, мөн худалдан авах БНХАУ-н иргэд нь Гашуун Сухайтын хилийн боомтоор авах сонирхолтой байгаа гэхээр нь ойртуулж хадгалах зорилгоор тээвэрлэж ирсэн. Надад бараа худалдсан хүн 2017 онд түүсэн барааг худалдсан. Түүнээс хойш 11 сард хориг гарсан гэж надад хэлсэн.” /1 дүгээр хавтаст хэргийн 50-51 дэх тал/

Шүүгдэгч А.Т мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “Би 2019 оны 04 дүгээр сарын 11-нээс 12-ны шөнө нөхөр П.Г-ын хамт Дорнод аймгийн Бэрх Цагаан-Овоо ХХК-ийн захирал М гэдэг хүнээс тусгай зөвшөөрөл, албан ёсны бичигтэй гээд худалдаж авсан. Тэгээд М араас Халхгол сумаас нэг бичиг ирэхээр бүх бичиг баримтыг явуулна гэж хэлсэн байсан. Нөхөр бид хоёр Өмнөговь аймгийн төв рүү уг барааг тээвэрлэсэн. Тэгээд бид хоёр охин Ч БНХАУ-д эмнэлэгт хэвтэж байсан болохоор хүнс, хоол дөхүүлж өгөх гэж Цагаанхад орсон. Тэгээд нөхөр Г Оюу толгойн замын пост дээр гал авах гэж буугаад эргэхэд араас цагаан машин хөөсөн бид тэрийг цагдаагийн машин гэж мэдээгүй, тэгээд саатуулагдсан. Зөвшөөрөлгүй бараа тээвэрлэх хориотой гэж мэднэ. Өөрийн барааг зөвшөөрөлтэй гэж бодож байна. Би Бэрх Цагаан-Овоо ХХК-нд ямар нэг хамааралгүй. 930 кг ургамал авсан. Бид 1236.25 кг ургамлын үндэс ачиж яваад саатуулагдсан. Үлдсэн 300 гаруй кг ургамал нь Улаанбаатар хотын бэлтгэн нийлүүлэгч Даш гэдэг эрэгтэй хүнээс худалдаж авсан. Дашийн гэр 21 дүгээр хорооллын хавьд байсан. Бид нар гэрээс нь очиж авсан.” /1 дүгээр хавтаст хэргийн 53-54 дэх тал/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 11 дэх тал/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 12-15 дахь тал/

Эд зүйл түр хураан авсан тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 16 дахь тал/

2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 5/18 дугаартай хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол /1 дүгээр хавтаст хэргийн 21 дэх тал/

Мөрдөгчийн 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /1 дүгээр хавтаст хэргийн 22 дахь тал/

Мөрдөгчийн 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 23 дахь тал/

2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /1 дүгээр хавтаст хэргийн 39 дэх тал/

Шинжлэх ухааны академи ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 01/88 дугаартай албан тоот /1 дүгээр хавтаст хэргийн 41 дэх тал/

 Автотээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 58 дахь тал/

 Экологи эдийн засгийн үнэлгээ /1 дүгээр хавтаст хэргийн 124-125 дахь тал/

 Иргэний үнэмлэхийн хуулбарууд /1 дүгээр хавтаст хэргийн 60-61 дэх тал/

 Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хавтаст хэргийн 62, 63 дахь тал/

 Хэнтий аймаг дахь Сум дундын хоёрдугаар шүүхийн 2008 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 03 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 65-67 дахь тал/

 Дорноговь аймаг дахь Сум дундын хоёрдугаар шүүхийн 2006 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоол /1 дүгээр хавтаст хэргийн 69-73 дахь тал/

 Гэрлэсний гэрчилгээний үнэмлэхийн хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 79 дэх тал/

 Төрсний гэрчилгээний хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 80 дахь тал/

 Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 95 дахь тал/

 Оршин суугаа газрын тодорхойлолт /1 дүгээр хавтаст хэргийн 96-97 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрээ гаргах боломжтой байна гэж үзлээ.

Шүүгдэгч П.Г, А.Т нар нь бүлэглэн байгалийн ховор ургамал болох 1236,25 килограмм Дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг зохих зөвшөөрөлгүйгээр худалдан авч, хадгалан Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг “Цагаан хад” гэх газарт 2019 оны 04 дүгээр сарын 11-12-нд шилжих шөнө Истана маркийн 50-74 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн үйл баримт тогтоогдож байна. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэрэгт тооцно, мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэж хохирол учирсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж заасан бөгөөд шүүгдэгч П.Г, А.Т нарын гэмт үйлдэл, түүний улмаас учирсан үр дагаврыг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг шүүх өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэв.

Шүүгдэгч П.Г, А.Т нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.

Шүүгдэгч П.Г, А.Т нарын нийгэмд аюултай, гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч П.Г, А.Т нар нь бүлэглэн байгалийн ховор ургамал болох 1236,25 килограмм Дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг зохих зөвшөөрөлгүйгээр худалдан авч, хадгалан Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг “Цагаан хад” гэх газарт 2019 оны 04 дүгээр сарын 11-12-нд шилжих шөнө Истана маркийн 50-74 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Аийн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 160-162 дахь тал/, гэрч Б.Мын мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 36-37, 141 дэх тал/, гэрч А.Хийн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 163-165 дахь тал/, гэрч Ш.Дын мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 166-168 дахь тал/, Шинжлэх ухааны Академийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 01/88 дугаартай дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 42 дахь тал/, “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн №01/90 дугаартай үнэлгээний дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 170 дахь тал/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 12-15 дахь тал/, эд зүйл түр хураан авсан тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 16 дахь тал/, 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 5/18 дугаартай хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол /1 дүгээр хавтаст хэргийн 21 дэх тал/, Мөрдөгчийн 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /1 дүгээр хавтаст хэргийн 22 дахь тал/, Мөрдөгчийн 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 23 дахь тал/ зэргээр хөдөлбөргүй тогтоогдож байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн о/43 дугаар тушаалаар Монгол орны ховор ургамлын жагсаалтад орсон дэрэвгэр жиргэрүүг /Saposhnikovia divaricate (Turz.) Schischk./ устах аюулд орохоос урьдчилан сэргийлж, биологийн нөөцийг хамгаалах, газрын эвдрэл доройтлыг бууруулах зорилгоор судалгаа шинжилгээнээс бусад зориулалтаар байгалиас түүж бэлтгэхийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 5 жилийн хугацаагаар түр хориглосон байна.

Байгалийн ургамлын тухай хуулийн 10 дугаар зүйлд “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нэн ховор ургамлыг зөвхөн судалгаа, шинжилгээний, ховор ургамлыг ахуйн болон судалгаа, шинжилгээний, элбэг ургамлыг судалгаа, шинжилгээний, ахуйн, үйлдвэрлэлийн зориулалтаар тус тус ашиглаж болно”,

Мөн хуулийн 11 дүгээр зүйлд “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад нэн ховор, ховор ургамлыг судалгаа, шинжилгээний зориулалтаар ашиглах зөвшөөрлийг төрийн захиргааны төв байгууллага олгоно”,

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын иргэнд өмчлүүлснээс бусад газар, газрын хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг төрийн өмч мөн бөгөөд төрийн эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрлөөр ашиглахаас бусад тохиолдолд халдашгүй байна.” гэж тус тус хуульчилсан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Зохих зөвшөөрөлгүйгээр байгалийн ховор ургамлыг худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн” гэдэгт эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлгүйгээр байгалийн ховор ургамлыг өөрийн эзэмшилд авахад чиглэсэн хувь хүний хийсэн аливаа идэвхтэй үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч П.Г, А.Т нар нь эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлгүйгээр, байгалийн ховор ургамал болох 1236,25 килограмм “Дэрэвгэр жиргэрүү” ургамлын үндсийг худалдан авч, хадгалж, тээвэрлэсэн болох нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Байгалийн ховор ургамлыг хууль бусаар бэлтгэх” гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Шүүгдэгч П.Г, А.Т нарын хувьд тус гэмт хэргийг үйлдээгүй, тусгай зөвшөөрөлтэй хүнээс худалдан авсан  тул хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж өгнө үү гэх агуулга бүхий санал, дүгнэлтийг гаргасан.

 

Байгалийн ургамлын тухай хуулийн 12 дугаар зүйлд иргэн ховор ургамлыг өөрийн ам бүлийн хүнсний болон ахуйн бусад хэрэгцээг хангах зорилгоор сум, дүүргийн Засаг даргын зөвшөөрлөөр ашиглаж болно гэж хуульчилсан. Шүүгдэгч П.Г, А.Т нар Дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг дээрх хуульд заасан хэрэгцээний дагуу хэрэглэх байсан талаарх нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй ба Засаг даргын зохих зөвшөөрөлгүй байсан болох нь шүүгдэгч нарын мэдүүлэг, тайлбараар тогтоогдож байна. 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “ өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй байх эрхийг хуульчилсан.

Шүүгдэгч П.Г, А.Т нар  мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт тус гэмт хэргийг үйлдээгүй тул цагаатгаж өгнө үү гэж мэдүүлсэн боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй бөгөөд шүүгдэгч нар нь уг гэмт хэргийг үйлдээгүй болохыг нотолсон нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна гэж шүүх үзэв.

Шүүгдэгч П.Г, А.Т нар нь байгалийн ховор ургамал болох 1236,25 килограмм Дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг зохих зөвшөөрөлгүйгээр худалдан авсан болох нь гэрч Б.Мын “...Би Г, Т нарт 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр дэрэвгэр жиргэрүү ургамалын үндсийг худалдсан. Анх надаас 1 тонн ургамлын үндэс авна гээд 50.000.000 төгрөгийг миний /5414110962/ дансаар минь шилжүүлсэн... Хилээр нэвтрүүлж, бичиг баримт бүрдүүлж өгөх талаар харилцан тохиролцсон асуудал надад байхгүй. "Бэрх Цагаан Овоо" ХХК-ийн тусгай зөвшөөрөл миний нэрээр байдаг, би Г, Т нарт зөвшөөрлөө дамжуулан өгөх талаар тохиролцсон асуудал байхгүй. Надтай болон манай компанитай эдгээр хүмүүс нь ямар ч хамаарал байхгүй.” /1 дүгээр хавтаст хэргийн 36-37, 141 дэх тал/,

гэрч Ш.Д-ын “...Би Т, Г гэх хүмүүсийг огт танихгүй. Ямар нэгэн харилцаа холбоо байхгүй. Би 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүртэлх хугацаанд Байгаль орчны яамнаас Б17.008 тоот дугаартай түүж бэлтгэх зөвшөөрлийг авч дэрэвгэр жиргэрүү гэх ургамлыг түүж бэлтгэж байсан... Би 2019 оны сарыг нь сайн санахгүй байна 4 билүү 5 сард Г, Т нар нь нэг хүнээр яриулж байгаад авсан. Тухайн үед цааш нь зарж борлуулна гэж хэлээгүй. Би наадах чинь ховор ургамал хэн дуртайд нь өгдөггүй юм гэж хүртэл хэлж байсан. Би нэг килограммыг 52.000 төгрөгөөр 300 орчим килограммыг зарсан санагдаж байна, нийт 15. 600.000  төгрөг болж байсан... Манай компани нь тухайн ургамлыг түүж бэлтгэснээс хойш 2 жил гаруй хугацаа өнгөрч байна. Монгол Улсын хэмжээнд 22 компани уг ургамлыг түүж бэлтгэх зөвшөөрөлтэй байдаг. 2018 оны 01 дүгээр сарын 10-наар Гаалийн ерөнхий газар дээр очиход нь уг ургамлыг хилээр гаргахгүй эцсийн бүтээгдэхүүн болсны дараагаар гаргана гэсэн шийдвэр гарган мэдэгдэл хүргүүлсэн. Бид шүүхэд хандан энэ оны 08 сард шүүхээр эцэслэгдэн шийдвэрлэгдэж гаалиараа гаргах зөвшөөрөл нь нээгдэж байгаа.” /1 дүгээр хавтаст хэргийн 166-168 дахь тал/ гэх мэдүүлгүүдээр,

Түүнчлэн шүүгдэгч П.Г, А.Т нар нь бүлэглэн байгалийн ховор ургамал болох 1236,25 килограмм Дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг хадгалан Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг “Цагаан хад” гэх газарт 2019 оны 04 дүгээр сарын 11-12-нд шилжих шөнө Истана маркийн 50-74 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн болох нь гэрч Б.Мын “...Би Г, Т нарт 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Дэрэвгэр жиргэрүү ургамалын үндсийг худалдсан... Тэгээд ирээд ачаад авч явахдаа 900 кг /багцаагаар/ нь ачсан, учир нь машинд нь багтахгүй байсан болохоор дараа нь ирж авъя гээд үлдээгээд явсан.” /1 дүгээр хавтаст хэргийн 36-37, 141 дэх тал/ гэх мэдүүлэг, гэрч Ш.Д-ын “...Би 2019 оны сарыг нь сайн санахгүй байна 4 билүү 5 сард Г, Т нар нь нэг хүнээр яриулж байгаад Дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг  авсан. Тухайн үед цааш нь зарж борлуулна гэж хэлээгүй. Би наадах чинь ховор ургамал хэн дуртайд нь өгдөггүй юм гэж хүртэл хэлж байсан. Би нэг килограммыг 52.000 төгрөгөөр 300 орчим килограммыг зарсан санагдаж байна, нийт 15 сая 600 мянган төгрөг болж байсан...” /1 дүгээр хавтаст хэргийн 166-168 дахь тал/ гэх мэдүүлэг, гэрч А.Х-ийн ... Миний авто машиныг миний дүү болох Т нь 04 дүгээр сард надаас гуйгаад ойрхон зуур явчихаад ирье гээд авч явсан... Би Таас машин хаана байна гэж асуусан чинь айлын хашаанд тавьчихсан байгаа гэж байснаа сүүлд нь цагдаагийн журмын хашаанд байгаа гэж хэлж байсан.” /1 дүгээр хавтаст хэргийн 163-165 дахь тал/ гэх мэдүүлэг, Истана маркийн 50-74 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 59 боодолтой 1236.25 кг ургамалаас шинжилгээнд зориулж дээж авав гэх тэмдэглэл, эд зүйлийг тус тээврийн хэрэгслийн багажийг онгойлгон боодолтой эд зүйлийг буулгаж харуулсан гэрэл зураг, мөн уутыг задалж доторх эд зүйлийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт  /1 дүгээр хавтаст хэргийн 12-15 дахь тал/, 50-74 УНЦ дугаатай тээврийн хэрэгсийг 59 ширхэг хатаасан ургамлыг П.Гаас түр хураан авсан тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 16 дахь тал/, 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 5/18 дугаартай хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол /1 дүгээр хавтаст хэргийн 21 дэх тал/, мөрдөгчийн 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /1 дүгээр хавтаст хэргийн 22 дахь тал/, мөрдөгчийн 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн “ ...2019 оны 04 дүгээр сарын 11-12-нд шилжих шөнө 02 цаг 15 минутад Хайрхан багийн нутаг Цагаанхад гэх газарт ногоон өнгийн Истана маркийн 50-74 УНЦ улсын дугаартай ачаа ачсан тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад уг тээврийн хэрэгслийг Пүрэв овогтой Г нь жолоодож түүний хажуугийн зорчигчийн суудал дээр Адилбиш овогтой Т сууж явсан. Уг тээврийн хэрэгслийн арын суудалнуудыг авч хөх өнгийн гялгар ууттай зүйлийг таазанд тултал өрж ачсан байх бөгөөд П.Г, А.Т нар нь уг ачсан зүйлийг ургамлын үндэс, нүүрс тээврийн автомашинд ачуулж Ганц мод руу гаргахаар Дорнод аймгаас Улаанбаатар хотоор дамжин Цагаанхаданд орж ирсэн гэж тайлбарлаж байх бөгөөд тээвэрлэх зөвшөөрөл байгаа эсэхийг шалгахад зөвшөөрөл байхгүй байсныг тэмдэглэв. Хэсгийн төлөөлөгч цагдаагийн ахмад Б.Пүрэвсүрэн гэх тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 23 дахь тал/ зэргээр тус тус хөдөлбөргүй тогтоогдож байх тул шүүгдэгч П.Г, А.Т нарын мэдүүлэг, санал, дүгнэлт, тайлбар үгүйсгэгдэж байна.

Иймд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч П.Г, А.Т нарыг бүлэглэн байгалийн ховор ургамал болох 1236,25 килограмм Дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг зохих зөвшөөрөлгүйгээр худалдан авч, хадгалан Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг “Цагаан хад” гэх газарт 2019 оны 04 дүгээр сарын 11-12-нд шилжих шөнө “Истана” маркийн 50-74 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна гэж дүгнэлээ.    

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ, мөн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч П.Г, А.Т нар нь санаа зорилго үйлдлээрээ санаатай нэгдэж зохих зөвшөөрөлгүйгээр, ховор ургамлын үндсийг худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул уг гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлд ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи–эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр”  тогтоож, нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулахаар заасан нь байгаль орчинд хохирол учруулсан гэм буруутай этгээдээр тухайн ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээнээс гадна түүнийг нөхөн сэргээж, хамгаалахтай холбоотой гарах зардал буюу хор уршгийг давхар нөхөн төлүүлэх агуулгыг илэрхийлнэ.

Улсын яллагчаас шүүгдэгч П.Г, А.Т нараас байгаль оринд учруулсан хохирол төлбөрт 61.812.500 төгрөгийг 5 дахин нэмэгдүүлснээр тооцож байгаль орчны санд оруулах нь зүйтэй гэх санал, дүгнэлт гаргасан.

Гэвч “Байгаль орчныг хамгаалах тухай хууль” болон ховор ургамлыг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээхтэй холбогдсон харилцааг нарийвчлан зохицуулсан “Байгалийн ургамлын тухай” хуульд ховор ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр хуульд зааснаас өөр зорилгоор худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн үйлдлийг тухайн ховор ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр түүж ургамлын аймагт шууд хохирол учруулсан үйлдэлтэй адилтган үзэх, улмаар тухайн ургамлыг худалдан авсан хүнээс уг ургамлын үнэлгээг өсгөн нэмэгдүүлсэн дүнгээр нөхөн төлүүлэх агуулга бүхий заалт байхгүй болно.

Шүүх  шүүгдэгч П.Г, А.Т нарын хувьд “Дэрэвгэр жиргэрүү” ургамлын үндсийг байгалиас өөрсдөө түүж бэлтгээгүй өөрөөр хэлбэл шүүгдэгч нар нь ургамлын аймагт шууд хохирол учруулаагүй учраас “Дэрэвгэр жиргэрүү” ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг 5 дахин нэмэгдүүлэн гаргуулах үндэслэлгүй гэж үзлээ.

Харин шүүгдэгч П.Г, А.Т нараас Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3-т зааснаар 1236.25 кг “Дэрэвгэр жиргэрүү” ургамлын үндсийн үнэ болох 61.812.500 төгрөгийг хувь тэнцүүлэн тус бүр 30.906.250 төгрөгийг гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын сангийн орлогод оруулах нь зүйтэй байна.

Тус хэрэгт хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон Ханбогд сумын Засаг даргын тамгын газрын байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.А нь “...тус хэрэгт хохирол нэхэмжлэх шаардлагагүй гэж үзэж байна. Тус ургамлыг түүж бэлтгэсэн “Бэрх цагаан овоо” ХХК нь байгалийн ургамлын төлбөрт 15 сая төгрөгийг орон нутгийн дансанд төвлөрүүлсэн...миний зүгээс цаашид гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлтийг шүүхэд ирүүлсэн. /3 дугаар хавтаст хэргийн 162 дахь тал/   

Шүүгдэгч П.Г, А.Т нарт холбогдох хэрэг Хүрээлэн байгаа орчны эсрэг үйлдэгдсэн гэмт хэрэг ба Б.А-ийн хувьд төрийн байгууллагыг  төлөөлж, нийтийн эрх ашгийн үүднээс  мөрдөн байцаалтын явцад хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон.

Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлд Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна.  

Монгол Улсад иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн гэж хуульчилсан.

Иймд хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.А-ийн шүүгдэгч П.Г, А.Т нараас нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэх хүсэлт нь хэргийн зүйлчлэл болон хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй юм. Энэ гэмт хэргийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Аийн өөрийн хувийн эрх ашиг зөрчигдөөгүй хэдий ч төрийн хамгаалалт болон нийтийн эрх ашиг хөндөгдөж байна гэж үзэх үндэслэлтэй.    

Мөн тус ургамлыг түүж бэлтгэсэн “Бэрх цагаан овоо” ХХК нь байгалийн ургамлын төлбөрт 15 сая төгрөгийг төлсөн гэх үндэслэл нь шүүгдэгч П.Г, А.Т нарын  үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэл болон  хохирол төлбөрт нөлөөлөх үндэслэл болохгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Шүүгдэгч П.Гын хувийн байдлын тухайд: Урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан, А.Т-тай гэр бүлийн баталгаатай, өөрийн нэр дээр өөрийн нэр дээр эд хөрөнгөтэй  зэрэг болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст: Хэнтий аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн 20.. оны .. дугаар сарын ..-ний өдрийн .. дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн ... дугаар зүйлийн 215.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 300 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 20 700 000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан /1 дүгээр хавтаст хэргийн 62 дахь тал/, Хэнтий аймаг дахь Сум дундын хоёрдугаар шүүхийн 2008 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 03 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 65-67 дахь тал/, иргэний үнэмлэхийн хуулбарууд /1 дүгээр хавтаст хэргийн 60 дахь тал/, гэрлэсний гэрчилгээний үнэмлэхийн хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 79 дэх тал/, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаар /1 дүгээр хавтаст хэргийн 59, 95 дахь тал/,  

Шүүгдэгч А.Т-ийн хувийн байдал нь  Урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан, П.Гтай гэр бүлийн баталгаатай, өөрийн нэр дээр эд хөрөнгөтэй зэрэг болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст: Дорноговь аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн 20.. оны .. дугаар сарын ..-ны өдрийн .. дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.2-т зааснаар 500 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан /1 дүгээр хавтаст хэргийн 63 дахь тал/, иргэний үнэмлэхийн хуулбарууд /1 дүгээр хавтаст хэргийн 61 дэх тал/ Дорноговь аймаг дахь Сум дундын хоёрдугаар шүүхийн 2006 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоол /1 дүгээр хавтаст хэргийн 69-73 дахь тал/, гэрлэсний гэрчилгээний үнэмлэхийн хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 79 дэх тал/, төрсний гэрчилгээний хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 80 дахь тал/, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаар /1 дүгээр хавтаст хэргийн 59, 95 дахь тал/ тус тус тодорхойлогдож байна.   

Шүүгдэгч П.Г, А.Т нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.  

Шүүхээс шүүгдэгч П.Г, А.Т нарыг бүлэглэн, зохих зөвшөөрөлгүйгээр, ховор ургамлыг худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн  эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар хуульчлагдсан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон” гэмт хэрэг байх тул хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Г, А.Т нарт тус бүр 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэх, хохирол, хор уршгийн хувьд шүүхээс 61.812.500 төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулж Байгаль орчин уур амьсгалын санд оруулахаар, мөн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 8.000.000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгох,

Шүүгдэгч П.Г-ын зүгээс ялын санал нь арай чанга байна, ямар учраас 1 жил хоригдох ёстойг ойлгохгүй байна, байгаль орчинд учирсан хохирлыг төлөх боломжгүй, ажилгүй байгаа, 4 жил нааш цаашаа явлаа, хохирлыг төлж барагдуулж чадахгүй,

Шүүгдэгч А.Т-ийн зүгээс улсын яллагчийн үйлдэлд гомдолтой байна, ямар учраас ялтан болоод нэг жилээр хохирогдох болсон бэ, би эхнээсээ хэлж байгаа, тээвэрлэсэн, хадгалсан гэж үзэж 60.000.000 төгрөгөөр торгосон торгуулийг төлөх боломжгүй гэх санал, дүгнэлтийг тус тус гаргав.

Шүүх шүүгдэгч П.Г, А.Т нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюул, хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Гыг 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Т-ийг 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйл, 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх үзлээ.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд шүүгдэгч П.Г, А.Т нарыг өөрийн оршин суух Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, эрх бүхий газрын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг мөн хугацаагаар хүлээлгэх нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Г, А.Т нар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна.” гэж хуульчилжээ.  

Шүүгдэгч П.Г, А.Т нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Истана” маркийн 50-74 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь бусдын өмчлөлийнх болох нь:  

Гэрч А.Хийн: “Би уг тээврийн хэрэгслийг 2019 оны 03 дугаар сард цайз захаас 10.000.000  төгрөгөөр худалдан авч байсан. Миний авто машиныг миний дүү болох А.Т нь 04 дүгээр сард надаас гуйгаад ойрхон зуур явчихаад ирье гээд авч явсан.” /1 дүгээр хавтаст хэргийн 163-165 дахь тал/ гэх мэдүүлэг,  

Автотээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн лавлагаа “ногоон өнгийн 50-74 УНЦ улсын дугаартай Истана тээврийн хэрэгсэл нь Адилбиш овогтой Хийнх /МЗ53072265 регистрийн дугаартай/ гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 58 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

“Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн №01/90 дугаартай үнэлгээний дүгнэлтэд: “Ssangyong Istana, 1 ширхэг, 2001 онд үйлдвэрлэгдсэн, 2019 онд монгол улсад орж ирсэн 50-74 УНЦ улсын дугаартай, ногоон өнгөтэй, нийт үнэ 8.000.000 төгрөг.” гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 170 дахь тал/ гэжээ.  

Иймд шүүгдэгч П.Г, А.Т нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 8.000.000 /найман сая/ төгрөгийг шүүгдэгч П.Г, А.Т нараас хувь тэнцүүлэн тус бүрээс 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор эд мөрийн баримтаар тооцож хураан авч, яллах дүгнэлтийн хавсралтад бичигдсэн  59 ширхэг 1236.25 кг хатаасан Дэрэвгэр жиргэрүү  ургамлын үндсийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Эд мөрийн баримт шийдвэрлэх комиссын 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн эд мөрийн баримт хүлээлгэн өгсөн тухай актаар шүүгдэгч П.Г, А.Т нарт хүлээлгэн өгсөн болох нь эд мөрийн баримт хүлээлгэн өгсөн тухай акт, гэрэл зургийн үзүүлэлт  /3 дугаар хавтаст хэргийн 97-100 дахь тал/-ээр тогтоогдож байх тул энэ шийтгэх тогтоолоор шийдвэрлэх боломжгүй болсныг дурдах нь зүйтэй.      

Шүүгдэгч П.Г, А.Т нар цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Г, А.Т нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авч шийдвэрлэв.

Шүүгдэгч П.Г, А.Т нар өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр тус тус гаргасан тул Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “өөрийгөө өмгөөлөх эрх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана.” гэсэн эрхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хангаж ажилласан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:  

1. Шүүгдэгч Т овгийн П-ийн Г, Б овгийн А-ийн Т нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бүлэглэн, зохих зөвшөөрөлгүйгээр, ховор ургамлын үндсийг худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.       

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Г-т 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Т-т 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэсүгэй.       

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд шүүгдэгч П.Г, А.Т нарыг өөрийн оршин суух Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, эрх бүхий газрын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг мөн хугацаагаар хүлээлгэсүгэй.    

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Г, А.Т нар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Г, А.Т нараас 61.812.500 /жаран нэгэн сая найман зуун арван хоёр мянга таван зуу/ төгрөгийг хувь тэнцүүлэн тус бүр 30.906.250 /гучин сая есөн зуун зургаан мянга хоёр зуун тавь/ төгрөгийг гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын санд оруулсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Г, А.Т нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Истана” маркийн  50-74 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 8.000.000 /найман сая/ төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн тус бүрээс 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн эд мөрийн баримт хүлээлгэн өгсөн тухай актаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1236.25 /нэг мянга хоёр зуун гучин зургаа зууны хорин тав/ кг Дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг шүүгдэгч П.Г, А.Т нарт буцаан хүлээлгэн өгсөн болохыг дурдсугай. 

8. Шүүгдэгч П.Г, А.Т нар цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.      

9. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Г, А.Т нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.  

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч П.Г, А.Т нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг мэдэгдсүгэй.  

 

 

                                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Э.ОЮУН-ЭРДЭНЭ