Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 2023/ШЦТ/75

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга А.Золзаяа,  

Улсын яллагч О.Батнасан,

Шүүгдэгч Б.С нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар   

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхйи ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Бо овогт Б Сд холбогдох 2309000000872 тоот эрүүгийн хэргийг 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.            

Биеийн байцаалт: .....

Яллах дүгнэлтэд бичигдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Б.С нь Монгол Улсын Боловсролын Их сургуулийн Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Монгол Улсын Их сургуулийн дэргэдэх Хэрэглээний шинжлэх ухааны инженерчлэлийн сургуулийн “Математик, хэрэглээний мэргэжил”-ээр суралцаж төгсөөгүй байж 2017 онд төгссөн гэх D201725248 дугаартай “БОЛОВСРОЛЫН БАКАЛАВР” зэргийн дипломыг хуурамч болохыг мэдсээр байж 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс Өмнөговь аймгийн Баяндалай, Даланзадгад сумын Ерөнхий боловсролын сургуулиудад багшаар тус тус ажилд орохдоо ашигласан гэмт хэрэгт холбогджээ.     

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Б.С-г яллах, өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.С шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Би хуурамч гэдгийг нь мэдээгүй байсан. Цагдаагаас шалгахад нь оюутны үнэмлэхээ өгсөн байгаа. Яагаад ингэж байгаа юм бол гэхэд хэрэглээний математикийн ангид сурч байгаагүй байж дипломтой байгаа учраас болохгүй гэж хэлсэн. Миний буруу. Мөнгө өгч гаргуулсан гэв.   

Хохирогч Г.О мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Манай яамнаас одоогоор дээрх үйлдэлтэй холбоотойгоор тооцож, тогтоосон хохирол байхгүй. Тиймээс дээрх хуурамч диплом бүхий багш нараас нэхэмжлэх зүйл байхгүй. Харин манай байгууллагын зүгээс дээрх багш нарыг хууль хяналтын байгууллагаар шалгаад зохих хуулийн дагуу арга хэмжээ авагдаж хэрэг нь шийдэгдээсэй гэсэн хүсэлтэй байгаа. Хохирол төлбөр яригдахаас өмнө Монгол Улсын сайд, засгийн газрын хэрэг эрхлэх газрыг дарга Д.Амарбаясгалан, Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Боловсрол шинжлэх ухааны яамны сайд Л.Э нарын 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хамтран баталсан “Хамтарсан албан даалгавар” гарсан байдаг. ” /хавтаст хэргийн 48-49 дэх тал/

Гэрч Я.Н мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “Энэ оны 03 дугаар сарын 02-ны өдөр удирдлагаас өгсөн үүрэг даалгаврын дагуу Боловсрол шинжлэх ухааны яамны Сургуулийн өмнөх боловсролын байгууллага, ерөнхий боловсролын сургуулийн багш, удирдах ажилтны хяналт шалгалт хийх ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж ажилласан. Тухайн шалгалтыг улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэг сургуулийн багш, удирдах ажилтны боловсролын баримт бичгийг цахим хэлбэрээр хүлээн авч, бүртгэлжүүлж дээд боловсролын удирдлага мэдээллийн системд тулгалт хийж, үндэсний архивын газраас ирүүлсэн мэдээлэл, төгсөгчдийн дээд боловсролын мэдээний маягт зэргүүдээс шүүлт хийж боловсролын баримт бичгийг бүртгэл, тулгалт хийж ажилласан. Хуурамчаар авч ашигласан дипломын дийлэнх нь Монгол Улсын Их Сургууль, Монгол Улсын боловсролын Их Сургуулийн диплом байсан. Уг дипломыг хаана ямар байдлаар үйлдвэрлэж олгосон гэдгийг тогтоох боломжгүй байна. Ажлын хэсэг нь хуурамч дипломтой багш, удирдах ажилтантай холбогдож ” /хавтаст хэргийн 52-54 дэх тал/

Гэрч Ч.Э мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “Шалгалтаар системд бүртгэлгүй, дугаар давхардсан гэх зөрчлүүд гарч байсан. Гэхдээ шалгалтын явцад цагдаагийн байгууллагад шилжүүлсэн хүмүүсийн мэдээлэл нь 4-5 өөр баримт бичиг дээр үндэслэн зөрчилтэй диплом баталгаажсан мэдээллийг үндэслэж хүргүүлсэн. Тэрнээс биш 1-2 эх үүсвэр дээр зөрчилтэй мэдээллийг цадгаагийн байгууллагад хүргүүлээгүй. Нэгт хувь хүнээс санаатайгаар хуурамчаар үйлдсэн байж болзошгүй дипломын тамга, тэмдэг, гарын үсэг, дипломын дугаар, мэргэжлийн индекс буруу /мэргэжлийн нэршил/, өөр хүний овог, нэр, регистрийн дугаар ашигласан зэрэг маш олон зөрчлүүдийг ойлгож байгаа. Эдгээр дөрвөөс таван баримт бичгийг тулгаж тогтоогдсон дипломуудыг хуурамч байж болзошгүй гэж үзээд бидний зүгээс зөрчилтэй дипломын тоонд оруулж цагдаагийн байгууллагад шалгуулахаар хүргүүлсэн. Хоёрт их дээд сургуулиудын хүчингүй болгосон дипломын дугаар ашигласан, бүртгэлгүй дипломын дугаар ашигласан , их дээд сургуулийн нэр зөрүүтэй, төгсөгчдийн диплом алдаатай бичиглэл хийсэн, дипломын дугаарыг зөрүүлэн олгосон /өөр сургуулийн дипломын дугаар/, архивын бүрдэлд өгөөгүй, дугаар давхардуулан олгосон зэрэг зөрчлүүд байсан.” /хавтаст хэргийн 56-58 дахь тал/

Гэрч А.Т мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “Тухайн үед БШУЯамны сайд Л.Эгийн тушаалын дагуу 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 09 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд боловсролын баримт бичгийн үзлэг, шалгалтын ажлын хэсэгт Н, Д, Б, С нарын хамт ажилласан. Тухайн шалгалтыг 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 09 дүгээр сарын 06-ны өдрийн хооронд явуулсан бөгөөд нарийн тоон мэдээлэл бид нарын гаргасан дүгнэлтээс дэлгэрэнгүй харагдах байх мөн тэр болгоныг нарийн санй санахгүй, маш олон багш нарын мэргэжлийн диплом, баримт бичгийг шалгасан. Яг системийн хувьд би сайн мэдэхгүй. Үүнийг яамны мэргэжилтэн Даас дэлгэрэнгүй тодруулсан нь дээр, харин миний хувьд өөрийн ажил, үүргийн дагуу дипломын хуурамч мөн эсэх болон үндэсний архивын газрын лавлагаанаас хайлт, ESIS программд дипломын дугаараар хайлт тус тус хийсэн. Зарим багш нарын хуурамч дипломыг системд бүртгүүлж, баталгаажуулса зөрчил илэрсэн. ESIS систем бол багш нарын боловсролын баримт бичгийн бүртгэл мэдээллийн систем, дээд боловсролын удирдлага мэдээллийн систем гэдэг нь өөрөө Монгол Улсад их, дээд сургууль төгссөн хүмүүсийн дипломын дугаар бүхий бүртгэлийн систем, Их дээд сургууль төгсөгчдийн мэдээний /PDF/ ДБ маягт гэдэг нь төгсөгчдөд диплом олгосон тайлан буюу жил бүр их, дээд сургуулиуд нь яаманд тайлагнаж хүргүүлсэн pdf өргөтгөлтэй файл юм. Зөрчилтэй диплом бүхий багш нарын төгссөн эсэхийг тухайн сургуулиудаас нь тодруулж лавлагаа аваагүй. Зөвхөн дээрх бүртгэл, мэдээллүүдээс шүүлт хийх замаар зөрчилтэй дипломыг тодруулсан.” /хавтаст хэргийн 60-62 дахь тал/

Гэрч Б.Д мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “Тухайн үед БШУЯамны сайд Л.Эгийн тушаалаар баталсан удирдамжийн хүрээнд хяналт шалгалтыг явуулсан. Тухайн хяналт шалгалтыг хийхдээ Боловсролын тухай хуулийн 9 дүгээр зүйл, 28 дугаар зүйлийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Боловсрол, шинжлэх ухааны яамны бүтэц, чиг үүргийг заасан Засгийн газрын тогтоолын дагуу тус тус хяналт, шалгалтыг явуулсан. Миний хувьд тухайн ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Дээрх системтэй холбоотой асуултыг мөн цахим бодлого, статистикийн хэлтсийн холбогдох мэргэжилтнүүд тайлбарлах боломжтой. Гэхдээ шалгалтын явцад анх системийн мэдээллийн дата баазыг бий болгохын тулд яамнаас гэрээт ажилчдыг хөлсөөр ажиллуулсан ба тэдгээр ажилтнууд дундаас системд дур мэдэн баталгаажуулалт хийсэн тохиолдол гарсан... Ерөнхийдөө манай яамны дотооддоо ашиглаж байгаа цахим, мэдээллийн бааз дээр тулгуурлан мөн өөрсдийн архивын нэгжтэй тулгалт хийх, Архивын ерөнхий газраас төгсөгчидтэй холбоотой лавлагааг мөн давхардуулан тулгах замаар дээрх зөрчлүүдийг илрүүлсэн. Илтэд хуурамч дипломтой, бусдын дипломыг хуурамчаар авч ашигласан гэх зөрчилтэй 600 гаруй иргэдийн мэдээллийг цагдаагийн байгууллагаар шалгуулахаар хүргүүлсэн байгаа... Эдгээр хүмүүс хуурамч диплом ашиглаж гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийж байгаа учраас үүнийг хуулийн дагуу шийдвэрлүүлэхээр цагдаагийн байгууллагад шилжүүлсэн юм.” /хавтаст хэргийн 64-66 дахь тал/

Шүүгдэгч Б.С мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2012 онд Монгол Улсын Их сургуулийн математик компьютерийн сургуульд элсэн орж математикийн багш мэргэжлээр суралцаж байагад 2017 онд мэргэжлээ хөрвүүлж хэрэглээний математик мэргэжлээр бакалаврын дипломоо гаргуулахдаа Итгэл гэх хүнд 300,000 төгрөг өгч мэргэжлээ хөрвүүлж дипломоо авсан. Тухайн мэргэжлээр суралцаагүй байж бусдад мөнгө өгч мэргэжлээ хөрвүүлж бакалаврын диплом гаргуулан авч ашигласан нь миний буруу. Тухайн дипломыг хуурамч гэдгийг нь мэдсэн даруйдаа ажлаасаа гарах хүсэлтээ өгчихсөн байгаа. Би өөрийн гэм буруугаа ойлгож ухаарсан. Дахин суралцахаар шалгалт өгсөн байгаа. Надад санал хүсэлт, гомдолтой зүйл байхгүй. Надад холбогдох хэргийг богино хугацаанд шийдвэрлэж өгөхийг хүсэж байна.” /хавтаст хэргийн 89-90 дэх тал/  

Боловсрол шинжлэх ухааны яамны Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын ХШҮДАГ-22-05-16 дугаартай танилцуулга, танилцуулгын хавсралт /хавтаст хэргийн 19-43 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл:  

Шүүгдэгч Б.С нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр прокурорт хүсэлт гаргаж, уг хэргийг 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 19 дугаартай тогтоол /хавтаст хэргийн 121 дэх тал/-оор хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлсэн байх тул хүлээн авч хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэрэгт тооцно, мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэж хохирол учирсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж заасан бөгөөд шүүгдэгч Б.Сгийн гэмт үйлдэл, түүний улмаас учирсан үр дагаврыг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг шүүх өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.С-д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.

Шүүгдэгч Б.С-гийн нийгэмд аюултай, гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Иймээс Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Б.С нь Монгол Улсын Боловсролын Их сургуулийн Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Монгол Улсын Их сургуулийн дэргэдэх Хэрэглээний шинжлэх ухааны инженерчлэлийн сургуулийн “Математик, хэрэглээний мэргэжил”-ээр суралцаж төгсөөгүй байж 2017 онд төгссөн гэх D201725248 дугаартай “БОЛОВСРОЛЫН БАКАЛАВР” зэргийн дипломыг хуурамч болохыг мэдсээр байж 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс Өмнөговь аймгийн Баяндалай, Даланзадгад сумын Ерөнхий боловсролын сургуулиудад багшаар тус тус ажилд орохдоо ашигласан болох нь хохирогч Г.О-ын мэдүүлэг /хавтаст хэргийн 48-49 дэх тал/, гэрч Я.Н-ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 52-54 дэх тал/, гэрч Ч.Э-ы мэдүүлэг /хавтаст хэргийн 56-58 дахь тал/, гэрч А.Т-ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 60-62 дахь тал/, гэрч Б.Дийн мэдүүлэг /хавтаст хэргийн 64-66 дахь тал/, Боловсрол шинжлэх ухааны яамны Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын ХШҮДАГ-22-05-16 дугаартай танилцуулга, танилцуулгын хавсралт /хавтаст хэргийн 19-43 дахь тал/ зэргээр хөдөлбөргүй тогтоогдож байна гэж үзэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурамч диплом гэдгийг мэдсээр байж ашиглах үйлдлийн хувьд уг баримт бичгийг хэрэглэж тодорхой үр дүнд хүрсэн нэг удаагийн үйлдэлтэй, эсхүл удаан хугацаанд тасралтгүй хэрэглэж, дараа дараагийн үр дүнд хүрсээр байдаг удааширсан үйлдэлтэй гэмт хэргийн шинжийн аль алийг нь агуулдаг бөгөөд удааширсан үйлдлийн хувьд уг бичиг баримтыг ашиглах, хэрэглэх боломжгүй болсон цаг хугацаа буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу таслан зогсоогдсон үеийг гэмт хэрэг төгссөн цаг хугацаа гэж үзэхээр хуульчилжээ.    

Шүүгдэгч Б.С нь боловсролын диплом хуурамч болохыг мэдсээр байж ашиглах нь хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар шүүгдэгчийн үйлдэл гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.   

Шүүгдэгч Б.С нь дипломыг хуурамч болохыг мэдсээр байж, ашиглан хууль бус үйлдлээ үргэлжлүүлж буй нь тухайн албан тушаалд шударгаар өрсөлдөж томилогдох боломжтой байсан иргэний эрхийг зөрчин, хохирол учруулахаас гадна Төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллагын үнэлэмжийг сулруулах зэрэг бусад хор уршиг учруулсанд тооцогдох үндэслэлтэй болно.

Иймд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.

Уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг тогтоогдоогүй тул шүүгдэгчийг тус хэрэгт бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.    

Шүүгдэгч Б.С-гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч Б.С нь хувийн байдлын хувьд урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 102 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хавтаст хэргийн 93 дахь тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааны хуулбар /хавтаст хэргийн 94 дэх тал/, Улсын бүртгэлийн ерөнхий газрын үл хөдлөх хөрөнгийн жагсаалтын лавлагааны хуулбар /хавтаст хэргийн 95 дахь тал/, Автотээврийн үндэсний төвийн Автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагааны хуулбар /хавтаст хэргийн 96 дахь тал/, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 97-98 дахь тал/ зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.С-г “Боловсролын дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхйи ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх нөхцөл байдлуудыг шүүх хуралдаанаар хянаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: Шүүгдэгч Б.С-д Эрүүгийн хуулийн ерөнхйи ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу бүрэн чөлөөлөх тухай  саналыг,  

Шүүгдэгч Б.С-гийн хувьд хэлэх зүйл байхгүй гэх тайлбар, дүгнэлтийг тус тус гаргав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд  “...гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан ялаас чөлөөлж болно...” гэж хуульчилсан.

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан улсын яллагчийн саналын хүрээнд эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхйи ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-д 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шүүгдэгч Б.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ялаас чөлөөлж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн D201725248 дугаартай “БОЛОВСРОЛЫН БАКАЛАВР” зэргийн диплом 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хамт хадгалж шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.С цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.  

Шүүгдэгч Б.С өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “өөрийгөө өмгөөлөх эрх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана.” гэсэн эрхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хангаж ажилласан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн.

Улсын яллагч яллах дүгнэлт болон саналдаа шүүгдэгч Б.С-д оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар чөлөөлөх тухай саналыг гаргаж хуулийг буруу бичсэн байх тул шүүх шүүгдэгч Б.С-д оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар чөлөөлж шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 4, 5 дахь хэсэг,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Бо овогт Б С-г Эрүүгийн хуулийн ерөнхйи ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

2. Эрүүгийн хуулийн ерөнхйи ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-д 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.     

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шүүгдэгч Б.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ялаас чөлөөлсүгэй.    

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн D201725248 дугаартай “БОЛОВСРОЛЫН БАКАЛАВР” зэргийн диплом 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хамт хадгалсугай.      

5. Шүүгдэгч Б.С цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.         

6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.    

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч Б.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг мэдэгдсүгэй.

              

 

                                                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Э.ОЮУН-ЭРДЭНЭ