| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбилэгийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 172/2023/0075/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/78 |
| Огноо | 2023-06-21 |
| Зүйл хэсэг | 17.2.2., |
| Улсын яллагч | Б.Болор-Эрдэнэ |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 2023/ШЦТ/78
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,
Нарийн бичгийн дарга А.Золзаяа
Улсын яллагч Б.Болор-Эрдэнэ,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дугармаа,
Шүүгдэгч Х.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И овгийн Х-ийн Ст холбогдох 2328000000100 тоот 1 хавтас эрүүгийн хэргийг 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: ....
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Х.С нь 2023 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 16 цагийн орчимд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төвд орших худалдааны төвийн урд хэсгээс ... улсын дугаартай “Приус 20” маркийн тээврийн хэрэгслийн жолооч Д.О-тай харилцан тохиролцож Өмнөговь аймгийн Булган сумаас хүн тосно гэж хэлээд таксигаар үйлчлүүлэхдээ тус аймгийн Даланзадгад сумаас Баяндалай сумын чиглэлд явах замын 10 дахь кмт тээврийн хэрэгслийг зогсоож жолооч Д.О-ын хоолойг суудлын даруулга бүсээр боож хүч хэрэглэн, ... улсын дугаартай “Приус-20” маркийн тээврийн хэрэгслийг авч дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Х.С-ыг яллах, өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Х.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн өдөр 10 цагийн үед такси авсан. Тэгээд Булган сум руу хүн тосно гэж хэлсэн. Пост дээр очоод 1 цаг гаран хүлээлгэсэн. Тэгээд суудлын бүсээр боосон. Гараараа амыг нь дарсан. Би алдсан. Хохирогч машинаас буусан. Би зөрж суугаад Баяндалай сумын чиглэлд явсан. Хөдөө машиныг нь тавиад ууланд гарч 3 хоног бүгээд цагдаад баригдсан гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.О мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “2023 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 16 цагийн үед би өөрийн эзэмшлийн ... улсын дугаартай “Toyota pruis 20” маркийн тээврийн хэрэгслээр такси үйлчилгээнд явахаар Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Худалдааны төвийн урд талд байх таксины төв зогсоол дээр зогсож байхад нэг залуу ирээд арын суудалд суугаад Баяндалай сумын чиглэлд байдаг замын пост руу явна гэж хэлсэн. Тэгэхээр нь би тээврийн хэрэгслээ жолоодоод гэрлэн дохиогоор баруун тийшээ чигээрээ яваад Од барилгын материалын дэлгүүрийн баруун уулзвараар хойд зүг рүү эргээд Питровис шатахуун түгээх станцын баруун уулзвараар зүүн гар тийш буюу баруун тийш яваад Аянчин дэлгүүрийн уулзвараар баруун гар тийш эргээд хойшоо яваад Баяндалай сум руу явах замд байдаг пост өнгөрөөд Булган сумаас засмал зам руу ордог уулзвар дээр зогсоод Булган сумаас машин ирж байгаа тэр машинд суугаад Баяндалай сумаар дайраад Сэврэй сум руу явна гэж байсан. Тэгээд тухайн машиныг ирэхийг нь хүлээгээд 1 цаг орчим зогсоод ирэхгүй байхаар нь арай хэтэрлээ буцлаа гэхэд нөгөө залуу би тэр нөмөрт буугаад үлдэе та намайг тэр улаан тоосгон байшингийн хажууд буулгаад үлдээчих ядаж нөмөрт зогсож байя гэхээр нь би засмал замаас буугаад уулзвараас зүүн тийш 100 орчим метрийн зайд байрлах улаан тоосгон байшингийн баруун урд хэсэгт нь эргээд замын уулзвар харагдахаар газар зогсоход нөгөө залуу эгчээ хэдэн төгрөг өгөх вэ гэхээр нь миний дүү 10,000 төгрөг л хийчих гэхэд за за эгч би танд 50,000 төгрөг шилжүүлье гэхээр нь хэрэггүй ээ 10,000 төгрөг л шилжүүлчих гэж хэлчихээд Булган сумаас унаа ирж байгаа эсэхийг хараад сууж байхад гэнэт араас суудлын даруулга бүсээр хоолой хэсгээс татаж хоолой боохоор нь би гараа дээш нь болгоод барих гэхэд хаана байгаа нь мэдэгдэхгүй байсан. Тэгэхэд нөгөө залуу миний аман дээр гараараа дарахад би амьсгаа авч чадахгүй болсон. Тэгээд ам дарсан гарын хуруунаас нь татаад гарыг тавиулаад суудлын бүснийхээ түгжээг тайлаад машинаас буугаад гүйхэд араас гүйж гарч ирээд цамцнаас татахад нь цамцаа тайлаад гүйх гэхэд дахиад намайг бариад авсан. Тэгэхээр нь утасны кодыг тайлаад гар утасныхаа дэлгэцэнд нүүрээ таниулж түгжээг нь тайлуулахад миний утсыг булааж аваад миний машинд суухаар нь би эргэж очоод машиныхаа унтраах товчин дээр дарах гэхэд тухайн товчийг нь онож дарж чадахгүй байтал нөгөө залуу машин жолоодоод хөдлөөд явсан. Тэр үед би зууралдаж байгаад газар унаад үлдсэн. Харин нөгөө залуу миний машиныг унаад ухарч хөдөлгөөд засмал зам руу ороод Баяндалай сумын чиглэлд давхиад явчихсан. Тэгэхэд би нэг гартаа машины савтай алчуур, цамц, нөгөө гартаа суудлын дээр тавьдаг жижиг хивсэнцэр зэргийг бариад үлдчихсэн байсан. Тэгээд сандарсандаа гартаа барьж байсан суудлын жижиг хивсэнцрээр замын машин далалсан боловч надад унаа олдоогүй. Тэгэхээр нь би зам руу гүйгээд унаа тосож суухад хүүхэдтэй эмэгтэй хүн зогсоод намайг суулгаад пост руу явах замдаа болсон зүйлийг хэлж цагдаагийн газарт дуудлага өгүүлээд пост дээр очиж буугаад постны харуулаас утсаараа цагдаагийн газарт дуудлага өгүүлэх гэхэд утас нь сүлжээ унаад болохгүй байна гэж хэлсэн. Тэгэхэд постны зүүн талын байрны гадна цагдаагийн алаг машин зогсож байхаар нь очоод хаалгыг нь нүдээд болсон зүйлийн талаар хэлсэн. Тэгээд цаашаа яасан талаараа бас сайн санахгүй байна. Одоо болтол би сандраад балмагдаад байна. Зарим зүйлийг энд тэнд нь оруулсан ч байж магадгүй шүү. Мэдүүлгийг дуусгаад дараа тайвширсан хойноо дахин мэдүүлэг өгмөөр байна... 2023 оны 04 дүгээр сарын 15-ны орой ... улсын дугаартай тээврийн хэрэгслээ бусдад дээрэмдүүлснээс болж 04 дүгээр сарын 17-ны өдрөөс эмнэлэгт хэвтэж эмчлүүлээд 04 дүгээр сарын 26-ны өдөр эмнэлгээс гарсан. Эмнэлэгт эмчлүүлээд гарсан ч гэсэн одоо болтол айдас түгшүүртэй, биед зовиуртай байгаа. Улаанбаатар хот руу явж үзүүлэх гэж байгаа. Миний машиныг дээрэмдэж авч явсан залуугаас биеэ эмчлүүлэх хугацааны орлогыг нэхэмжлэнэ. Би 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 04 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх дансны хуулгаа авч ирсэн байгаа. Надад таксинд явж олсон орлогоос өөр орлого байдаггүй болохоор миний нэг сарын орлогыг дансны хуулганаас харж болно. Дансны хуулганд бүхлээр орсон орлого нь такси үйлчилгээнд явсан орлогоо бэлэн мөнгөөр аваад бөөгнүүлж байгаад дансандаа хийсэн орлогууд байгаа, зарим орлогуудыг хасаад дундажлаад орлогоо нэхэмжилнэ. Мөн Улаанбаатар хот руу явж эмчлүүлэх эмчилгээний зардал, шатахууны зардал зэргийг нэхэмжилнэ. Миний машиныг авч яваад 4 амартизаторыг буудуулчихсан байсныг солиулсан. Тухайн засварлуулахад гарсан 465,000 төгрөгийг нэхэмжлэнэ. Баримтыг нь авч ирсэн байгаа. Бусад нэхэмжлэлийг Улаанбаатар хот руу явж эмчлүүлж ирсний дараа баримтыг гарган ирж нэхэмжилнэ. Би 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотоос ирсэн. Улаанбаатар хотод очиж Гэмтэл согог судлалын төвд эмчид үзүүлж тархи толгойны эмчилгээ хийлгэх бичилт хийлгэсэн. Мөн мэд траума хувийн эмнэлэгт үзүүлж тархи болон өвдөгний имрай хийлгээд эмчилгээ заалгаад ирсэн. Би үзүүлсэн, эм, тариа, дусал авсан баримт болон ирж очиход зарцуулсан шатахууны баримт зэргийг авч ирсан байгаа. Нийт 1.314.081 төгрөгийн баримтыг авч ирсэн байгаа. Өмнө өгсөн баримтнуудын 465,000 төгрөгтэй нийлээд 1.779.081 төгрөгийн хохирол нэхэмжлэхээс яллагдагч талаас 500,000 төгрөгийн хохирлыг өгсөн байгаа. Үлдсэн 1.279.081 төгрөгийг нэхэмжилнэ. Мөн такси үйлчилгээнд явсан 1 сарын хугацааны орлогыг нэхэмжилнэ. Би дансныхаа нэг сарын хуулга болох 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 15-ны хугацааныхаа гүйлгээг авч ирсэн байгаа. Тухайн хуулганаас сарын орлогыг тодорхойлж болох байх. Би сарын орлогыг тодорхойлохдоо өндөр дүнтэй болон холын үйлчилгээнд явсан дүнг хасаж зөвхөн төвд үйлчилгээнд явсан 5,000 төгрөгнөөс дээш, 20,000 төгрөгийн үнийн дүнгээс доош дүнтэй орлогуудыг нэгтгэж тооцоход 1,203,000 төгрөгийн орлого олсон байгаа. Бүх дүнгээр тооцвол энэ дүнгээс хамаагүй их дүн гарна. Такси үйлчилгээний тариф янз янз байдаг. Ойрхон явсан тохиолдолд 3,000 төгрөг, арай зайтай Гурван сайхан, малчны гэр хорооллуудаар явахад 5,000 төгрөг, Морь бариа, хавцгайт зэрэг хороолол руу явахад 6,000-10,000 төгрөг зэргээр тооцож явдаг. Мөн үйлчлүүлэгч нартайгаа тохиролцоод хэд хэдэн хорооллоор явах зэргээр үнийн дүн ялгаатай байгаа.” /хавтаст хэргийн 24-25, 28-29, 31-32 дахь тал/
Гэрч Ч.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “2023 оны 04 дүгээр сарын 15-ны 16 цаг 30 минутын үед гэртээ амарч байхад хаалга нүдэхээр нь гараад очтол нэг танихгүй эмэгтэй машинаа дээрэмдүүлчихлээ гэхээр нь 14-91 уат улсын дугаартай албаны авто машиндаа суулгаад Баяндалай сумын чиглэлд хөдөлсөн. Замаараа машинаа дээрэмдүүлсэн гэх газар очиход тээврийн хэрэгсэл байгаагүй тул цаашаа чигээрээ Баяндалай сум руу явах замдаа Цагдаагийн газрын дарга болон, цагдаагийн газрын жижүүрт мэдэгдэж гэмт хэргийн дуудлаганд ажиллах бүрэлдэхүүн явуулах талаар мэдэгдсэн. Тэгээд 17 цаг 30 минутын үед тухайн дээрэмдүүлсэн гэх тээврийн хэрэгсэлтэй Баяндалай сумыг өнгөрөөд явчихлаа гэж иргэнээс мэдээлэл ирсэн талаар надад эрүүгийн ахлах мөрдөгч хошууч Ө мэдээлсний дагуу Баяндалай сумаар дайран өнгөрч цааш яваад мэдээлэл өгсөн гэх иргэнтэй уулзаад тухайн тээврийн хэрэгсэлтэй этгээд засмал замаас ертөнцийн зүгээр урагшаа бууж явсан гэж заасны дагуу араас нь явж байгаад элсэнд суугаад зогсчихсон байхад араас нэмэлт бүрэлдэхүүн ирээд цааш үргэлжлүүлэн мөрийг нь дагаж яваад миний жолоодож явсан албаны тээврийн хэрэгслийн шатахуун багасчихсан байсан болохоор замдаа таарсан айлын гадна тээврийн хэрэгслийг үлдээчихээд тухайн айлын хүнээс алдагдсан тээврийн хэрэгслийг асуухад урдуур нэг машин зөрсөн гэж хэлэхээр нь хошууч Ө-ын сууж явсан машинд хамт суугаад цааш явж дээрэмдэж авч явсан гэх тээврийн хэрэгслийг уулын энгэрт хаячихаад зугтчихсан байсныг олсон. Тэгээд тээврийн хэрэгсэлд үзлэг хийгээд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төв рүү буцаж явсан... Тухайн өдөр намайг гэртээ амарч байхад хаалга тогшоод нэг танихгүй эмэгтэй би машинаа дээрэмдүүлчихлээ гэж хэлсэн. Тэр эмэгтэй сандарчихсан байсан болохоор би олон юм асуугаагүй. Цааш тээврийн хэрэгслийг хайж байх замдаа тайвширсны дараа асуухад нэг залуу намайг таксинд явах уу гэхээр нь аваад явсан чинь морь барианаас хойш гарч зогсоод Булган сумаас намайг авахаар унаа ирж байгаа гэж хэлээд хүлээлгээд зогсож байгаад гэнэт араас суудлын бүсээр хоолой боогоод арай гэж тавиулсан. Тэгсэн чинь нөгөө дүү нь хүнд байдалд орчихоод тэгвэл би машиныг чинь аваад явлаа шүү гэж хэлээд миний машиныг унаад явчихсан гэж ярьж байсан. Тэрнээс өөр зүйл надад хэлээгүй.” /хавтаст хэргийн 34-35 дахь тал/
Гэрч Л.С мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “Манай найзын хүү Мөнхбат миний металл хайгчийг хэрэглэчихээд өгье гээд 2023 оны 02 дугаар сарын дундуур ирж авч явсан. Тэгээд 2-3 хоногийн дараа таны металл хайгчийг цагдаад хураалгачихлаа гээд ирж уулзаад ямар ч байсан төлж өгнө гэж хэлээд явсан. Тэрнээс хойш хэд хэдэн удаа утсаар ярихад мөнгө олдохгүй байна гэж хоёр удаа ирж уулзсан. Тэгээд 03 дугаар сарын эхээр утас нь холбогдохгүй сураггүй болчихсон. Тэгж байгаад 2023 оны 04 дүгээр сарын эхээр ажлаасаа бууж байна цалин буухаар мөнгө өгнө гэж хэлсэн. Тэрнээс хойш хэд хэдэн удаа залгаж хайгчныхаа мөнгийг авъя гэж залгаж байсан. Тэрнээс өөр холбоо байхгүй. Тэр залуу нь одоо утас нь бүр холбогдохоо байчихсан. Хөдөөгүүр айлын ямаа самнаад яваад байгаа сурагтай байсан. Х.С нь яах гээд байгаа нь мэдэгдэхгүй алга болчихсон. Залгахаар утсаа авдаггүй. Тэгэхээр нь би уурлаж миний хохирлыг хурдан барагдуул, мөнгө хэрэгтэй байна гэж нэхэж залгаж байсан. Баяндалай сумын экологийн байцаагч хурааж авсан гэж хэлсэн. Би цагдаа нартай нь уулзаагүй. Очиж авахаар бол бас торгууль төлөх байх гэж бодоод очоогүй.” /хавтаст хэргийн 37-38 дахь тал/
Өмнөговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 172 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Д.О-ын биед хүзүүнд зулгаралт, баруун шилбэнд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Д.О-ын биед учирсан дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. Д.О-ын биед учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” /хавтаст хэргийн 52-53 дахь тал/
“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний дүгнэлтэд: “Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2023 оны 04 сарын зах зээлийн үнэлгээгээр нийт 12.661.600 төгрөгөөр үнэлэгдэв.” /хавтаст хэргийн 60-65 дахь тал/
Шүүгдэгч Х.С мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “Би болсон зүйлийн талаар урьд нь сэжигтнээр мэдүүлэг өгөхдөө бүгдийг нь хэлсэн байгаа. Одоо бол мэдүүлэг өгөхгүй. Хууль зүйн туслалцаа авч байж цаашид өмгөөлөгч авах үгүйг шийдсэний дараа яллагдагчаар мэдүүлэг өгнө.” /хавтаст хэргийн 82-83 дахь тал/
2023 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 6-10 дахь тал/
2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 12-17 дахь тал/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хавтаст хэргийн 84 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрээ гаргах боломжтой байна гэж үзлээ.
Шүүгдэгч Х.С нь 2023 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 16 цагийн орчимд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төвд орших худалдааны төвийн урд хэсгээс ... улсын дугаартай “Приус 20” маркийн тээврийн хэрэгслийн жолооч Д.О-тай харилцан тохиролцож Өмнөговь аймгийн Булган сумаас хүн тосно гэж хэлээд таксигаар үйлчлүүлэхдээ тус аймгийн Даланзадгад сумаас Баяндалай сумын чиглэлд явах замын 10 дахь кмт тээврийн хэрэгслийг зогсоож жолооч Д.О-ын хоолойг суудлын даруулга бүсээр боож хүч хэрэглэж, ... улсын дугаартай “Приус-20” маркийн тээврийн хэрэгслийг авахаар довтолж дээрэмдсэн үйл баримт тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэрэгт тооцно, мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэж хохирол учирсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж заасан бөгөөд шүүгдэгч Х.Сын гэмт үйлдэл, түүний улмаас учирсан үр дагаврыг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг шүүх өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэв.
Шүүгдэгч Х.С-т холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.
Шүүгдэгч Х.С-ын нийгэмд аюултай, гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Х.С нь 2023 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 16 цагийн орчимд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төвд орших худалдааны төвийн урд хэсгээс ... улсын дугаартай “Приус 20” маркийн тээврийн хэрэгслийн жолооч Д.Отай харилцан тохиролцож Өмнөговь аймгийн Булган сумаас хүн тосно гэж хэлээд таксигаар үйлчлүүлэхдээ тус аймгийн Даланзадгад сумаас Баяндалай сумын чиглэлд явах замын 10 дахь км-т тээврийн хэрэгслийг зогсоож жолооч Д.Оын хоолойг суудлын даруулга бүсээр боож хүч хэрэглэн, ... улсын дугаартай “Приус-20” маркийн тээврийн хэрэгслийг авахаар довтолж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Оын мэдүүлэг /хавтаст хэргийн 24-25, 28-29, 31-32 дахь тал/, гэрч Ч.Мөнх-Эрдэнийн мэдүүлэг /хавтаст хэргийн 34-35 дахь тал/, гэрч Л.Сын мэдүүлэг /хавтаст хэргийн 37-38 дахь тал/, Өмнөговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 172 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 52-53 дахь тал/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний дүгнэлт /хавтаст хэргийн 60-65 дахь тал/, 2023 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 6-10 дахь тал/ зэргээр хөдөлбөргүй тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцдог бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон үйлдлийг дээрэмдэх гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт болох шүүгдэгч Х.Сын үйлдэл нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.О-ын хоолойг суудлын даруулга бүсээр боож хүч хэрэглэн “Приус-20” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг авахаар довтолсноор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Иймд шүүгдэгч Х.С нь 2023 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 16 цагийн орчимд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төвд орших худалдааны төвийн урд хэсгээс ... улсын дугаартай “Приус 20” маркийн тээврийн хэрэгслийн жолооч Д.Отай харилцан тохиролцож Өмнөговь аймгийн Булган сумаас хүн тосно гэж хэлээд таксигаар үйлчлүүлэхдээ тус аймгийн Даланзадгад сумаас Баяндалай сумын чиглэлд явах замын 10 дахь кмт тээврийн хэрэгслийг зогсоож жолооч Д.О-ын хоолойг суудлын даруулга бүсээр боож хүч хэрэглэн, ... улсын дугаартай “Приус-20” маркийн тээврийн хэрэгслийг авахаар довтолж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзлээ.
Шүүгдэгч Х.С нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Оын эзэмшлийн “Приус-20” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг дээрэмдэн авсны улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.О-т нийт 15.643.681 төгрөгийн хохирол учирсан, үүнээс эмчилгээний зардал 2.982.081 төгрөг нэхэмжилсэн ба тээврийн хэрэгсэлд 12.661.600 төгрөг учирсан болох нь: “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний дүгнэлтэд “Тус үнэлэгдэж буй тээврийн хэрэгсэл хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2023 оны 04 сарын зах зээлийн үнэлгээгээр нийт 12.661.600 төгрөгөөр үнэлэгдэв.” /хавтаст хэргийн 60-65 дахь тал/-ээр тогтоогдож байна.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.О-т “Приус-20” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг биет байдлаар хохирогч Д.О-т буцаан өгсөн байх ба мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн шатанд хохирогч, иргэний нэхэмжлэгчийн зүгээс 2.982.081 төгрөг нэхэмжилснээс 2.000.000 төгрөгийг хүлээж авсан, үлдэх 982.081 төгрөгийг нэхэмжлэхгүй, хохирол төлбөрийн хувьд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, харин үйлдсэн гэмт хэргийнх нь хувьд гомдолтой байна гэх хүсэлтийг гаргасныг шүүх хүлээн авах үндэслэлтэй гэж үзэж шүүгдэгч Х.С-ыг бусдад төлөх хохирол, төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч Х.С-ын хувийн байдал нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст: “Бүртгэгдээгүй” /хавтаст хэргийн 84 дэх тал/, иргэний үнэмлэхийн мэдээллийн хуулбар /хавтаст хэргийн 97 дахь тал/, Улсын бүртгэлийн ерөнхий газрын үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хавтаст хэргийн 98 дахь тал/, Улсын бүртгэлийн ерөнхий газрын иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 99 дэх тал/ зэрэг баримтуудаар тус тус тодорхойлогдож байна.
Шүүгдэгч Х.С-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, хэргийн оролцогч нарын мэтгэлцээнд дүгнэлт хийж шүүгдэгч Х.С-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: Шүүгдэгч Х.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, цагдан хоригдсон хоногийг ял эдэлсэн хоногт оруулан тооцох саналыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүдэгч Х.С-ын анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, учруулсан хохирлоо төлж барагдуулсан зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасны дагуу 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлж, мөн цагдан хоригдсон хугацааг ял эдлэх хоногоос нь хасаж өгнө үү гэх,
Шүүгдэгч Х.С-ын зүгээс ээж болон эгч шигээ хүний сэтгэл санаа болон биед нь хохирол учруулсандаа харамсаж байна, мөн энд хүрэлцэн ирсэн эгч, ах нараасаа уучлалт гуйж байна, би цаашдаа Монгол Улсынхаа сайн иргэн болно, эрхэм шүүгчээ бага ял оногдуулж өгнө үү гэх санал, дүгнэлтийг тус тус гаргав.
Шүүгдэгч Х.С-ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан хүнд гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Шүүх шүүгдэгч Х.С-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй буюу 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Х.С-ыг 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 22-ны өдрийн хооронд сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчилж, 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байх ба шүүх хуралдаан хүртэл цагдан хоригдсон 60 хоногийг шүүгдэгчийн эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хасаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Х.С-т хорих ял оногдуулж шийдвэрлэсэн тул урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Тус хэрэгт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх хохирол,төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч И овгийн Х-ийн С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.С-т 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.С-т оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.С-ын цагдан хоригдсон 60 /жар/ хоногийг шүүгдэгчийн эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хассугай.
5. Шүүгдэгч Х.С нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.От 12.661.600 /арван хоёр сая зургаан зуун жаран нэгэн мянга зургаан зуу/ төгрөгийн үнэ бүхий “Приус-20” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг буцаан өгсөн, гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирол төлбөрт 2.000.000 /хоёр сая/ төгрөгийг төлсөн болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч Х.С 60 хоног цагдан хоригдсон, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх хохирол, төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.С-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч Х.С-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ