Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 2023/ШЦТ/68

 

         

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Алтанзул,

Улсын яллагч Э.*******,

Хохирогч Ж.*******,

Шүүгдэгч Д.*******, түүний өмгөөлөгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.*******д холбогдох 2323000010062 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

           Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1976 оны 03 сарын 09-ний өдөр Завхан аймгийн ******* сумд төрсөн, 47 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Завхан аймгийн Улиастай сумын ******* багийн Баатарчуудын хэсгийн ******* тоотод оршин суух хаягтай, Хот тохижилт үйлчилгээний газарт үйлчлэгч ажилтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* овогт гийн *******, регистрийн дугаар ИТ

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.*******  шүүгдэгч Д.*******ыг хохирогч Ж.*******ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

   Нэг. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар:  

   Шүүгдэгч Д.******* нь  2022 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 21 цагийн үед Завхан аймгийн Улиастай сумын багийн нутаг дэвсгэрт өөрийн хашаандаа хохирогч Ж.*******той гэрт бөөлжиж, ширээ цохилоо гэх үл ялих зүйлээр шалтаглан улмаар түүнийг түлхэж унагаасны улмаас эрүүл мэндэд нь баруун дунд чөмгөний хүзүү хэсгийн хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

- Хохирогч Ж.*******ын “...2022 оны 10 дугаар сарын 08-ны өдөр ахмад ажилчдын баяр болоод Завхан аймгийн Хүүхэд гэр бүл залуучуудын төвийн зааланд манай байгууллагын ажилчид бүгдээрээ өглөө 10 цагийн үед очиж хүлээн авалтад оролцсон. Тэгээд тухайн заалнаас орой 18 цагийн үед үйл ажиллагаа тараад ажлынхаа газрын 8 хүнтэй үйлчлэгч н.*******ынд очсон. Тэгээд 21 цагийн орчимд н. бид 2 гадаа зогсож байтал н.******* гарч ирээд намайг түлхсэн. Тэгээд би баруун талд байсан гэрийн буйрын хашлаганы модон дээр унасан. Тэгээд босох гэсэн боловч босож чадахгүй шууд эмнэлэг явсан. ...Би гэрт байхад халуун цай уучхаад босоод иртэл өөрийн мэдэлгүй гэрт нь бөөлжчихсөн. Тэгээд намайг н. авч гарсан. Гадаа одоо яах уу гээд бид 2 яриад зогсож байтал гарч ирээд намайг түлхээд унагаачихсан. Н.******* өөрөө гэрт нь бөөлжөө гээд л миний биед гэмтэл учруулсан. ...Шүүгдэгч сая гэмтэл хохирол учруулсан хүнтэйгээ учир зүйгээ олоод өөрөө 400.000 төгрөг өгсөн гэж хэлж байна. Би тухайн үед Хот тохижилт үйлчилгээний газарт ажиллаж байсан. Хувиараа өөрөө бүх зардлаа даагаад хотод очоод эмчилгээ хийлгээд ирсэн. Энэ хүний өгсөн гээд байгаа 400.000 төгрөгийг манай байгууллагын үйлдвэрчний зөвлөлөөс өгсөн. Түүнээс энэ хүн хувиараа надад мөнгө төгрөг өгсөн зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-н 10-11-р хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/,

- Гэрч П.ын “...Манай байгууллага “Ахуй үйлчилгээний баяр”, “Ахмадын баяр”-ыг хамт нийлүүлээд 2022 оны 10 дугаар сарын 8-ны өдөр тэмдэглэсэн. Тэгээд оройн 17 цагийн үед тараад халамцуу байсан хүмүүсээ машинтай хүмүүс нь аваад гэр гэрт нь хүргэж өгсөн. Тэгээд тухайн өдөр манай үйлчлэгч н.******* эгч ирээгүй болохоор н.******* эгчийнд очихоор болсон. Тэгээд н.******* эгч тухайн өдөр шагнал авсан дээрээс нь согтуу байсан болохоор 1 юм аваад явсан. Н.******* эгчийнд очоод н.******* эгч нилээн согтсон байсан. ...Тэгж байтал Ж.******* эгч согтчихоод айлын ширээг гараараа цохиод дээр нь байсан тавагтай эд зүйл рүү бөөлжчихсөн. ...Гадаа гараад Ж.******* эгч өөдөөс харж зогсоод 2 гараараа миний хүзүүгээр тэврээд юм яриад зогсож байтал Д.******* эгч араас гарч ирээд “хойшоо” гээд бид хоёрыг салгаад Д.******* эгч өөрөө намайг тэвэрч аваад уйлаад байсан. ...Би өмнө өгсөн мэдүүлэг дээрээ “хөл алдаад уначихсан байх” гэж хэлснийг “хөл алдаад уначихсан” гэж бичсэн байна. Д.******* эгч бид хоёрын дундуур орж ирээд 2 гараа алдалж Ж.******* эгч бид хоёрыг салгаад шууд намайг тэврээд авсан болохоор Ж.******* эгчийг унасан эсэхийг харах боломж байгаагүй. Намайг буцаж гэрт орох үед Ж.******* эгч хөлөө жийгээд газар сууж байсан. ...Д.******* эгчийн гэрийн ойролцоо гэрийн буйрын хашлага мод байсан санагдаж байна. Ямар ч байсан Д.******* эгч гарч ирээд Ж.******* эгч бид хоёрын дундуур орж гараа алдлах үйлдэл хийж салгаад намайг тэврээд авсан.” гэх мэдүүлэг /хх-н 18-19, 21-23-р хуудас/,

- Гэрч П.гийн “...Нэг мэдсэн чинь Ж.******* эгч гаднаас “” гээд орилохоор нь би гартал гэрийн урд хэсэгт 2 хөлөө жийсэн байдалтай боловч 1 хөлөө бага зэрэг татаж сойсон байдалтай байхаар нь би очоод “юу болов эгч” гэтэл Э.******* эгч “П. бид хоёрыг юм яриад зогсож байтал Д.******* ирээд намайг түлхээд унагаачихлаа. Миний хөл өвдөөд хөдөлж чадахгүй байна манай нөхөр н.ийг дуудаад өгөөч” гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-н 29-31-р хуудас/,

- Гэрч Г.гийн “...Ж.******* эгчийн биед учирсан гэмтлийг хэн учруулсныг мэдэхгүй байна. Манай байцаагч П. маргааш нь надад утсаар хэлэхдээ “өчигдөр Ж.******* эгч бид хоёрыг гадаа юм яриад зогсож байтал Д.******* эгч гарч ирээд дундуур орж бид хоёрыг салгатал Ж.******* эгч унаад гэмтчихсэн” гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг /хх-н 38-39-р хуудас/,

- Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ахлах шинжээч эмч П.гийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 606 дугаартай “...Иргэн Ж.*******ын биед баруун дунд чөмгөний хүзүү хэсгийн хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Иргэн Ж.*******ын биед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасны дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Биед учирсан гэмтэл нь тогтоолд тусгагдсан цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна.” гэх дүгнэлт /хх-ийн 50-51-р хуудас/,

- Шүүгдэгч Д.*******ын “...Тэгээд хоол цай идэж уугаад байж байтал ******* эгч гараа атгаж байгаад ширээн дээр 2, 3 удаа цохиод, ширээн дээр байсан тавгийн идээ рүү бөөлжихөөр нь манай ажлын аваад гарсан. Би тэр хоёрын араас 5 орчим минутын дараа гарахад манай байшингийн урдхан талд байрлах хоосон гэрийн буйран дээр өөд өөдөөсөө харан хүзүүгээрээ тэврэлдсэн байдалтай байхаар нь би очоод тэр хоёрын дундуур нь орж Ж.******* эгчийг хойшоо гэж хэлж гараа алдалж салгаад ыг тэвэрч аваад юм ярьсан. Тухайн үед ******* эгчийг газарт унасанг хараагүй. Тухайн үед харанхуй болсон байсан учир харагдаагүй. Би ******* эгчийг түлхэснээ хүлээн зөвшөөрч байна. ...Миний буруу. Бага хэмжээгээр торгож өгнө үү. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. ...Тиймээ үнэн. Ажлынхан бид бүгдээрээ нийлээд 400.000 төгрөг өгсөн. Түүнээс би өөрийн хувийн зүгээс энэ хүнд мөнгө төгрөг өгөөгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 111-115-р хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

  Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалган тогтоосон, нотлох баримт бүрдүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан, хангаагүй зөрчил илрээгүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан байна.   

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу гарсан бөгөөд дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

Хүний эрүүл мэнд халдашгүй байх талаар Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан бөгөөд уг эрхийг зөрчиж хохирол учруулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан байна.

Шүүгдэгч Д.*******ын дээрх гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т хамаарч байх бөгөөд мөн бүлгийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.*******ын бусдын хуулиар хамгаалагдсан эрхэд халдсан гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ж.*******ын  эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байна.

          Иймд шүүгдэгч Д.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Гэмт хэрэг гарахад байгууллагын аливаа баяр ёслолыг хавтгайруулан тэмдэглэх, архи согтууруулах ундааны зүй бус хэрэглээнээс гадна хохирогчийн биеэ зүй бус авч явах, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна гэж дүгнэлээ.   

  • Хохирлын талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус хуульчилсан. Үүний дагуу хохирогч Ж.******* нь гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой гарсан зардлаа шүүгдэгч Д.*******аас нэхэмжлэх эрхтэй.

        Хохирогч Ж.******* мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ “...Эмчилгээ хийлгэсэн эм тарианы зардал нийт 4,000,000 төгрөгийг гаргуулж авмаар байна” гэсэн байна. Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирлын баримтыг шинжлэн судлахад эмчилгээ сувилгаа хийлгэсэнтэй холбоотой баримт байхгүй бөгөөд Улаанбаатар хотод эмчилгээ хийлгээд буцаж ирсэн 157,400 төгрөгийн автотээврийн тасалбарын баримт ирүүлсэн байна.

    Иймд хохирогч Ж.*******ын 4,000,000 /дөрвөн сая/ төгрөгийн нэхэмжлэлээс 157,400 /нэг зуун тавин долоон мянга дөрвөн зуу/ төгрөгийн нэхэмжлэлийг хангаж үлдсэн хохирлын талаарх баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх зүйтэй байна.

Мөн Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ гэж хуульчилсан.

Иргэний нэхэмжлэгч Д. хохирогч Ж.*******ын Эрүүл мэндийн даатгалын сангаас авсан тусламж үйлчилгээний зардал 8,916,500 төгрөгийг нэхэмжилсэн байна. /хх-ийн 56-р хуудас/

Хохирлын баримтыг шинжлэн судлахад гэмт хэрэг үйлдэгдэхээс өмнөх цаг хугацаанд буюу 2022.06.10-ны өдрийн эрт илрүүлгийн 80,000 төгрөг, 2022.08.12-ны өдрийн шүд амны хөндийн амбулаторийн тусламж үйлчилгээний 48,000 төгрөг нийт 128,000 /нэг зуун хорин найман мянга/ төгрөг нэхэмжилсэн байх тул шүүх уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Мөн хохирогч Ж.******* нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...Би Нэгдсэн эмнэлгээс унаа гаргуулж Улаанбаатар хот яваагүй. Өөрийн хувийн унаагаар Улаанбаатар хот явж эмчилгээ хийлгээд буцаж ирэхдээ хот хоорондын автобусаар ирсэн” гэх бөгөөд иргэний нэхэмжлэлийн баримтад “...2022.10.10-ны өдөр алсын дуудлага /Онош R10,4/ 1,500,000 төгрөг” гэсэн байна. Мөн шүүх Ж.*******ын эрүүл мэндийн даатгалын сангаас авсан тусламж үйлчилгээний зардлын жагсаалтын тусламж үйлчилгээний төрөл болох амбулаторын үзлэг, амбулаторын хяналтын үзлэг, амбулаторын тусламж үйлчилгээ, өдрийн эмчилгээ зэргийг ямар төрлийн эрүүл мэндэд учирсан хохирлын улмаас ямар тусламж үйлчилгээ авсан болохыг шууд тодорхойлох боломжгүй байна. Иймд иргэний нэхэмжлэлийн баримтыг шинжлэн судалахад хохирлын зардалтай холбоотой эргэлзээ төрөхүйц нөхцөл байдал үүсэж байх тул иргэний нэхэмжлэгч уг зардлын тооцоог илүү дэлгэрэнгүй болгон нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

Гэм буруугийн шүүх хуралдаанаас шүүгдэгч Д.*******аас гэмт хэргийн улмаас учирсан хохирол 157,400 /нэг зуун тавин долоон мянга дөрвөн зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч Ж.*******д олгуулахаар шийдвэрлэхэд шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс шүүхээс 5 /тав/ минутын завсарлага авч хохирогчид 300,000 /гурван зуун мянга/ төгрөгийн хохирол төлснийг дурдаж байна.

             Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл:

      Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Д.*******ын  үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна.  

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзлээ.

Хувийн байдал гэдэгт тухайн хүний төлөвшил, зан байдал, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, өөрийн үйлдсэн гэмт хэрэгтээ хийж буй дүгнэлт, гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулна.

Шүүгдэгч Д.******* анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдож байна. /хх-ийн 131-р хуудас/

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдал, бусад баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Д.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ялаас сонгож оногдуулахаар хуульчилсан бөгөөд улсын яллагч эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд шүүгдэгч Д.*******д 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 550,000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох  ял шийтгэх дүгнэлт, шүүгдэгч Д.******* болон түүний өмгөөлөгч Б.******* нар нь торгох ялын талаар санал зөрөөгүй бөгөөд хамгийн бага хэмжээгээр торгож өгнө үү гэсэн саналыг тус тус гаргав.

Иймд шүүх шүүгдэгч Д.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 550,000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.*******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг,  36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ыг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 550,000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******д оногдуулсан 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 550,000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг тайлбарласугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д тус тус зааснаар хохирогч Ж.*******ын 4,000,000 /дөрвөн сая/ төгрөгийн нэхэмжлэлээс шүүгдэгч Д.******* 300,000 /гурван зуун мянга/ төгрөгийн хохирол төлсөн болохыг дурдаж, үлдсэн 3,700,000 /гурван сая долоон зуун мянга/ төгрөгийн хохирлын баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар,

Иргэний нэхэмжлэгч Д.гийн 8,916,500 /найман сая есөн зуун арван зургаан мянга таван зуу/ төгрөгийн нэхэмжлэлээс 128,000 /нэг зуун хорин найман мянга/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, үлдсэн 8,788,500 /найман сая долоон зуун наян найман мянга таван зуу/ төгрөгийн нэхэмжлэлийн зардлын тооцоог илүү дэлгэрэнгүй болгон нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь тус тус нээлттэй үлдээсүгэй.

6. Шүүгдэгч Д.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Д.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарласугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               П.ДОРЖБАЛ