| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Рагчаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 142/2019/01156/И |
| Дугаар | 142/ШШ2019/01255 |
| Огноо | 2019-10-31 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 142/ШШ2019/01255
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.Б нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймгийн Засаг даргад холбогдох ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулж, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгахыг хүссэн нэхэмжлэлийг 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “ Миний бие Б.Б нь Орхон аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Б/10 дугаартай захирамжаар “Ирээдүйн Одод” биеийн тамир слортын мэргэжлийн сургалттай дунд сургуулийн захирлын үүрэгт ажлаас чөлөөлсөн. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 лүгээр сарын 20-ны өдрийн 449 дугаартай шийдвэрээр Б.Б намайг Орхон аймгийн “Ирээдүйн Одод” биеийн тамир спортын мэргэжлийн сургалттай дунд сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр үйлчилсэнээс хойш Орхон аймгийн Засаг дарга шүүхийн шийдвэрийг биелүүлэх байх гэж бодсон. Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй байсан учраас шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасан боловч өнөөдрийг хүртэл намайг үүрэгт ажилд минь томилохгүй хохироож байна. 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 449 дугаар шийдвэр 1.620.372 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 1103 дугаартай шийдвэр 4.688.736 төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 244 дугаартай шийдвэр 1.827.228 төгрөгийг ажилгүй байсан хугацааны тэтгэмжээ авсан. 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 1070 дугаартай шийдвэрээр 4.381.886 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 707 дугаартай шийдвэр 5.192.160 төгрөг, ажилгүй байсан хугацааны тэтгэмж нийт 9.574.046 төгрөгийг аваагүй байна. Миний сарын дундаж цалин өмнөх шүүхийн шийдвэрүүдээр 741.234 төгрөг гэж тогтоогдсон. 2019 оны 03 дугаар сарын 01-ээс өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 29- нийг ажлын 20 хоног, 2019 оны 04 дүгээр сарын 01-ээс 2019 оны 04 дүгээр сарын 30- нийг хүртэл ажлын 22 хоног, 2019 оны 05 дугаар сарын 01-ээс 2019 оны 05 дугаар сарын 31-ийг хүртэл ажлын 23 хоног, 2019 оны 06 дугаар сарын 03-аас 2019 оны 06 дугаар сарын 28-ыг хүртэл ажлын 20 хоног, 2019 оны 07 дугаар сарын 01-ээс 2019 оны 07 дугаар сарын 31-ийгхүртэл ажлын 20 хоног, 2019 оны 08 дугаар сарын 01-ээс 2019 оны 08 дугаар сарын 30-ыг хүртэл ажлын 22 хоног нийт ажпын 127 хоног. Ажлын хоногийг тооцохоор 127 хоногийг 6 сард хуваах юм бол 21.6 болж байна. Үндсэн цалинд хуваахаар өдрийн дундаж цалин 34.000 төгрөг. Үүнийг 127 хоногт үржүүлэхээр 4.318.000 төгрөг болж байна. Орхон аймгийн Засаг даргаас ажилгүй байсан хугацааны цалин 4.318.000 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийг дуустал ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О шүүхэд гаргасан тайлбартаа: “..Нэхэмжлэгч Б.Б нь ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхээр даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “...миний сарын дундаж цалинг өмнөх шүүхийн шийдвэрүүдээр 741234 төгрөг гэж тогтоогдсон” гэж дурджээ. Ингээд уг 741 234 төгрөгийг үндэслэн нийт 4 318 000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд үүнээс гадна ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр нэхэмжилсэн байна. Гэтэл нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т зааснаар уг шимтгэлийг төлөхөөр заасан байна. Нэхэмжпэлийн шаардлагын үндэслэл болсон үнийн дүн болох 741 234 төгрөг нь аливаа шимтгэл, татвар суутгагдаагүй дүн байх тул нэхэмжлэгч дээрх үнийн дүнд тохирсон холбогдох шимтгэл, татварыг өөрөө төлөх ёстой. Иймд 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөх, холбогдох дэвтэрт бичилт хийлгэх нэхэмжпэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Б нь Орхон аймгийн Засаг даргад холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор 4 318 000 төгрөг гаргуулж, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч байгууллагын төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч мэтгэлцэж байгаа.
Нэхэмжлэгч Б.Б Орхон аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Б/10 дугааартай захирамжаар ажлаас чөлөөлөгдөж, шүүхэд гомдол гаргаснаар Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 142/ШШ2017/00449 дугаартай шийдвэрээр ажилдаа эгүүлэн тогтоогдсон шүүхийн шийдвэр гарсан үйл баримтын талаар зохигчид маргаагүй.
Дээрх шүүхийн шийдвэрт эрх бүхий этгээдүүд гомдол гараагүй шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон боловч хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, түүнийг ажилд эгүүлэн аваагүй байна.
Нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор нэхэмжилж шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх хангаж шийдвэрлэсэн нь 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 449, 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 1103, 2018 оны 03 дугаар сарын 06-ны 244, 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 1070, 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 707 дугаар шийдвэрүүдээр тус тус тогтоогдож байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговорыг олгоно гэж заасны дагуу цалингаа нэхэмжлэх эрхтэй гэж заасан.
Б.Б-г ажилд нь эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр биелэгдээгүй, түүнийг ажилд томилоогүй байх тул тэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.-д зааснаар ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорыг шаардаж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128 дугаар зүйлийн 128.1.5.-д нийцэж байна.
Нэхэмжлэгч Орхон аймгийн Ирээдүйн Одод биеийн тамирын сургуулийн захирлаар ажиллаж байхдаа 741 234 төгрөгийн цалин авч байсан нь түүний нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Орхон аймгийн Ирээдүйн Одод сургуулийн тодорхойлолт, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүдээр нотлогдож байна. Тэрээр 707 дугаартай шийдвэрээр 2018 оны 08 дугаар сарын 01-нээс 2019 оны 02 дугаар сарын 26 хүртэлх хугацааны цалингаа гаргуулахаар шийдвэрлүүлсэн болох нь тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгчийн дундаж цалинг 741 234 төгрөгөөр тооцход 1 өдрийн цалин 34 476 төгрөг болж байх ба үүнийг ажилгүй байсан 2019 оны 03 дугаар сарын 01-нээс шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл тооцож 123 хоногийн цалин 4 240 548 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаарлдагаас 77 452 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж хариуцагчаас нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн хэмжээнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 82 799 төгрөг гаргуулан төрийн санд оруулахаар шийдвэрлэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3.-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийг байлцуулахгүйгээр нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Монгол Улсын Иргэний хэргийг шүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 117 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1., 69 дүгээр зүйлийн 69.1., 128 дугаар 128.1.5.-д заасныг баримтлан Орхон аймгийн Засаг даргаас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 4 240 548 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Б-д олгож, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас 77 452 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагчаас 82 799 төгрөг гаргуулан төрийн санд оруулсугай
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА