Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 142/ШШ2019/01266

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: Э.Ч нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Т.П холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, дундын хөрөнгийг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Э.Ч, хариуцагч Т.П шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.М нар оролцов.

            ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Э.Ч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Э овогтой Ч миний бие нь 2015 онд Товогтой П-тай танилцан 2016 онд хууль ёсоор гэрлэлтээ батлуулсан. Бидний хамт амьдрах хугацаанд 2016 оны 08 дугаар сарын 05-нд охин Маргад төрсөн. Би өөрөө 2 хүүтэй нийлж ам бүл 5-лаа амьдарч байсан. Хамтын амьдрал эхэн үедээ сайхан байсан ч сүүлийн жилүүдэд зан байдал, үзэл бодол, үүрэг хариуцлагын хувьд таарч тохирохоо больж, үргэлж мараантай 2 тусдаа байж хамт амьдрах боломжгүй болсон. Гэрлэлтийн явцад бий болсон нэг өрөө байрыг миний бие, автомашиныг П авахаар бид тохиролцон шүүх болон эвлэрүүлэн зуучлагчаар орсон болно. Мөн охин Маргадыг би өөрийн асрамжинд авч өөрөөрөө овоглох хүсэлтэй байгаа тул хуулийн дагуу шийдвэрлэж бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Т.П шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Э.Ч гэрлэлтээ цуцлуулна гэж байгаа тул зөвшөөрч байна.Байрны хувьд надад маргах юм алга.Эхнэртээ үлдээнэ, машиныг ах маань надад өгсөн буцаагаад авсан байгаа.Би охинтойгоо уулзаж байх хүсэлтэй байна” гэв.

       ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Э.Ч нь хариуцагч Т.П-д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, дундын хөрөнгө гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Гэрлэгчид 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр албан ёсоор гэрлэлтээ батлуулсан, тэдний дундаас 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдөр охин П.М төрсөн, охин эрүүл бойжиж байгаа нь зохигчдын тайлбар, Анхны оч өрхийн эмнэлгийн тодорхойлолт, Хүрэнбулаг  багийн засаг даргын тодорхойлолт, 6101003068 тоот төрсний гэрчилгээний хуулбар, 6101000422 тоот гэрлэлтийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д заасан шаардлага хангасан баримтууд тул шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосон.

Шүүхээс өгсөн эвлэрүүлэх хугацаанд гэрлэгчид эвлэрээгүй, нэхэмжлэгч гэрлэлтээ цуцлуулах шаардлагаа дэмжиж байгаа зэргийг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-т заасныг баримтлан зохигчдын гэрлэлтийг цуцлаж шийдвэрлэв.

Хүүхдийн асрамжийн талаар хариуцагч маргаагүй ба, хүүхдийн насны байдал, эцэг, эхийн зүгээс хүүхдүүдэд тавих анхаарал, халамж зэргийг харгалзан насанд хүрээгүй П.М-ыг эх Э.Ч-гийн асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Орхон Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 4-14-119 тоот 1 өрөө орон сууцыг өөрийн өмчлөлд авна гэсэн шаардлага гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрч маргаагүй тул уг орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд үлдээж, нэхэмжлэгч хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй гэснийг дурьдав.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар нэхэмжлэгч Э.Ч, хариуцагч Т.П нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.-д заасныг баримтлан 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдөр төрсөн охин П.М-ыг эх Э.Ч-гийн асрамжинд үлдээсүгэй.

3.Нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүйг дурьдсугай.

4.Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2.-д заасныг баримтлан Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 4-14-119 тоот 1 өрөө орон сууцыг Э.Ч-гийн өмчлөлд үлдээж, Э.Ч-гийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгөхийг Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай.

5.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүргээ хэвээр үргэлжлэхийг дурдсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

7.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийг хувийг хүчин төгөлдөр болсноос хойш 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Орхон аймгийн Баян-Өндөр сумын ЗДТГ-ын иргэний бүртгэлийн ажилтанд явуулахыг шүүгчийн туслах Т.Баялагт даалгасугай.

8.Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногт Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛСАН ШҮҮГЧ                           Р.ҮҮРИЙНТУЯА