Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 221/ШШ2022/0024

 

  

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Бийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч Г.Билгүүн, Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Д.Б 

Хариуцагч: Монголын өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо

Гомдлын шаардлага: “Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн “Өмгөөлөгч Д.Бид холбогдох маргааны тухай” МТ/11 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах”

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н, иргэдийн төлөөлөгч О.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж нар оролцов.

Хэргийн индекс: 221/2022/0021/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Д.Б нь Монголын Өмгөөлөгчийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд холбогдуулан “хорооны 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн “Өмгөөлөгч Д.Бид холбогдох маргааны тухай” МТ/11 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн “Өмгөөлөгч Д.Бт холбогдох маргааны тухай” МТ/11 дүгээр тогтоолоор: Хариуцагч Д.Б Өмгөөллийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 15 дугаар зүйлийн 15.1.2, Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь заалтыг зөрчсөн болохыг тогтоож, Өмгөөллийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1-д зааснаар өмгөөлөгч Д.Бт сануулах хариуцлага оногдуулж...” шийдвэрлэжээ.

3. Гомдлын агуулга: Нэхэмжлэгч Д.Б дараах үндэслэлээр Мэргэжлийн хариуцлагын хорооны тогтоолыг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. Тогтоолын Үндэслэх хэсэгт “өмгөөлөгчийн зүгээс хамгийн анх 2019 оны 10 дугаар сарын 12-ны өдөр гэрээ байгуулж, уг гэрээний дагуу өмгөөллийн үйлчилгээ үзүүлж, гэрээнд заасан ажил болох Г.Бад авагдсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлснээр буюу Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1311 дүгээр захирамж гарснаар дуусгавар болсон гэж тайлбарлаж байгаа атлаа үйлчлүүлэгчийн эрх ашгийг хамгаалж байгаа нэрийн дор хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулахгүйгээр их хэмжээний мөнгийг бусдаас авч байсан нь түүний өөрийн тайлбар болон гомдол гаргагч нарын гомдол, Ц.Жгийн Хаан банкны дансны хуулга зэргээр тогтоогдож байна” гэсэн нь өмгөөлөгч миний биед үндэслэлгүй байна гэж үзэж байна.

3.2. Учир нь өмгөөлөгч миний бие Монгол улсын иргэн Г.Быг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэхээр 2019 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 19/4 дугаартай “Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ”-г түүний ах Ц.Жтай байгуулж, гэрээний дагуу өмгөөлөгчийн хөлсийг 5 сая төгрөг байхаар харилцан тохиролцсон болно. Гэрээ байгуулсан өдөр Ц.Ж нь миний зүс таних Б.Ганчимэг гэх эмэгтэйтэй хамт ирж гэрээ байгуулсан бөгөөд өмгөөллийн хөлсний 5 сая төгрөгийг н.Ганчимэг гэх эмэгтэй бэлнээр тушааж хөлс төлсөн баримт дээр гарын үсэг зурсан болно.

3.3. Мөн урьд байгуулсан “Хууль зүйн туслалцааны гэрээ” бүрэн биелэгдээд түүнээс хойш олон ажиллагааг үнэ төлбөргүй хийсэн тул дахин гэрээ байгуулахгүй бол цаашид өмгөөллийн үйл ажиллагаа явуулах боломжгүй талаар Ц.Жд утсаар мэдэгдсэн. Ингээд 2020 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Гантөмөрийн Баасанбаттай өмгөөллийн хөлс 30.000 000 /гучин сая/ төгрөг байхаар харилцан тохиролцож 20/ дугаартай гэрээг байгуулж баталгаажуулсан. Өмгөөллийн хөлсийг ах Ц.Ж нь бэлнээр хүлээлгэн өгсөн болно. Ийм 2 гэрээг үндэслэж л 2 удаа өмгөөллийн хөлсийг авснаас биш Ц.Ж гэгчийн дансны хуулганы зарлагаар харагдаж байгаа гүйлгээ болгоны мөнгийг цувуулж их хэмжээтэйгээр мөнгө авсан асуудал байхгүй. Гэтэл Ц.Жгийн дансны хуулгаар орсон гарсан бүх мөнгийг өмгөөлөгчийг авсан гэж үзэж арга хэмжээ авч байгаа нь ямар ч хууль зүйн үндэслэлгүй байна.

3.4. Хэрвээ Ц.Ж гэгчийн дансны хуулга дээрх гүйлгээ бүхнийг өмгөөлөгч миний би авсан гэж байгаа бол гүйлгээ хийгдсэн дансны нэртэй хүмүүсийг гэрчээр асуух, Ц.Жгаас тайлбар зэргийг авах ажиллагааг хийж тогтоох ёстой байтал Ц.Жгаас тайлбар аваад өгөөч гэж өмгөөлөгчийн зүгээс удаа дараа хянан шалгагчид утсаар мэдэгдэж байхад тайлбар авалгүйгээр мөн дансны хуулгыг шалгалгүйгээр намайг буруутгаж байгаа нь бодит байдлыг тогтоолгүйгээр хариуцлага тооцож байгаа төдийгүй өмгөөлөгчийн ажлыг цаашид явуулах ямар ч итгэл урам зоригийг мохоож буй хэлбэр гэж миний бие үзэж байна.

3.5. Намайг өмгөөлөгчөөр ажиллах явцад миний зүс таних Б.Гнайз Г.Бын эгч гэх эмэгтэй 1 удаа уулзаж дүүгээ цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгөхийг гуйгаад явсан Ц.Жгэх эмэгтэй, н.Батбаяр гэх эрэгтэй /урьд нь уулзаж байгаагүй/ нар ирж гэрээг цуцалж өмгөөллийн хөлсийг буцаан авна гэсэн бөгөөд н.Батбаяр гэх хүн нь зандрангуй харьцсан.

3.6. Миний бие нь өмгөөллийн хөлсийг авч ирж өгсөн Ц.Ж гэх ах руу нь холбогдож энэ хүмүүст өмгөөллийн хөлсийг буцаан өгч болох эсэхийг тодруулж, 2 дахь өмгөөллийн гэрээ хийснээс хойш зөвхөн анхан шатны шүүх хуралд орсноос өөр ажиллагаа хийгээгүй юм чинь өмгөөллийн хөлсийг нь бүтнээр нь буцаан өгсөн байдаг.

3.7. Өмгөөлөгч миний бие нь Ц.Ж, Ц.Э, Ц.Ж нараас 70 сая орчим төгрөг шүүгч, прокурорт өгнө гэж дугтуйнд хийлгэж Ц.Жгаар дамжуулж авсан өвлийн идэш, бэлэг сэлт авсан асуудал ерөөсөө байхгүй. Ц.Ж, Ц.Э гэх хүмүүстэй гэрээ хийж, уулзаж учирч байсан асуудал байхгүй байж шүүгч прокурорт өгнө гэж худлаа амлах нөхцөл байхгүйгээс гадна өргөдөлд бичсэнчлэн худлаа амласан байлаа гэхэд тухай Г.Бад холбогдох хэрэг шүүхийн шатанд ажиллагаанд явж байхад прокурор шүүхэд өгнө гэж хэлэх ямар ч шаардлага байхгүй байсан гэдгийг ямар ч тэнэг хүн ойлгохоор байгаа болно.

3.8. Миний бие хуульд заасан ажиллагаа хийж өдийг хүрсэн хөдөлмөрийг минь ингэж худлаа гүтгэлгээр үнэлж байгаад миний бие туйлын гомдож байна. Иймээс Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн МТ/11 дүгээр тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

4. Хариуцагч нэхэмжлэгчийн гомдлыг үгүйсгэж, Мэргэжлийн хариуцлагын хорооны тогтоолыг дараах үндэслэлээр хамгаалж байна. Үүнд:

4.1. Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр иргэн Цэрэнтогтохын Жигжидсүрэнгээс өмгөөлөгч Д.Бт холбогдох гомдлыг гаргасан байдаг.

4.2. Уг гомдлын дагуу маргаан хянан шийдвэрлэх журмын хүрээнд хянан шалгах ажиллагааг явуулан маргааны ээдрээ төвөгтэй байдал, цугларсан нотлох баримтын хүрээнд Мэргэжлийн хариуцлагын хороо хуралдаанаараа хэлэлцэн шийдвэрлэж 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн МТ/11 дүгээр тогтоолоор өмгөөлөгч Д.Бт сануулах хариуцлага хүлээлгэн шийдвэрлэсэн.

4.3. Маргаан шалгах ажиллагаанд өмгөөлөгч Д.Бт холбогдуулан гаргасан гомдлын үндэслэлд дурдсан 70 сая төгрөг шүүгч, прокурорт өгнө гэж зарим хэсгийг өмгөөллийн хөлс гэж дугтуй уутанд хийлгэж авдаг байсан гэх асуудал нь Ц.Э, Ц.Жболон Г.Н нарын тайлбараар үгүйсгэгдэж учир шалтгааныг сайтар ойлгоогүй хөдөөний хүмүүс учир хүнээр гомдлоо бичүүлсэн авлига өгдөг, худал амладаг зэрэг асуудал нь бидний үг биш юм гэх баримтууд болон гомдол гаргагчийн зүгээс гомдлоосоо татгалзаж байна. Гомдлоосоо татгалзаж байгаа учир нааштай шийдвэрлэж өгнө үү гэх баримтыг ирүүлсэн.

4.4. Хорооны тогтоолд өмгөөлөгч Д.Бийн ёс зүйн зөрчилд холбон буруутгасан үндэслэлд “2019 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 19/41 дугаартай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг ах Ц.Жтай байгуулж, тухайн өдрөө 5 сая төгрөг бэлнээр хүлээж авснаас хойш Г.Бтай 2020 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 20 дугаартай гэрээ байгуулах хүртэл хугацаанд ямар нэгэн гэрээгүйгээр үйлчлүүлэгч талаас их хэмжээний мөнгийг дансаар болон бэлнээр их хэмжээний мөнгө авч байсан үйлдэлд ёс зүйн зөрчилд хамаарна” гэж үзэж шийдвэрлэсэн.

4.5. Маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд гомдол гаргагч болон хариуцагчийн хэн алины гаргасан хүсэлтэд холбогдох баримтуудыг маргааны материалд бэхжүүлэн авсан ба хуралдаанд гомдол гаргагч гомдлоо дэмжин оролцоогүй боловч өмгөөлөгч Д.Б нь өөрийн биеэр оролцон тайлбар дүгнэлтээ гаргасан.

4.6. Хорооны хуралдаанаар маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа нь хараат бус бие даасан хөндлөнгийн нөлөөгүйгээр гишүүдийн олонхийн саналаар маргааныг хянан шийдвэрлэх эрх зүйн зохицуулалттай ба тухайн маргааны материалд авагдсан баримтуудаар шийдвэрлэсэн хорооны шийдвэрт хянан шалгагчийн хувьд дүгнэлт тайлбар гаргах эрхгүй болно. Иймд хэргийн цугларсан баримтууд болон бусад үйл баримтыг бодитоор хуулийн дагуу шударгаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

5. Иргэдийн төлөөлөгч О.Б шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

5.1. “Гомдол гаргагч нь өмгөөлөгч Д.Бт бэлнээр мөнгө өгснөө нотолж чадахгүй, баримтаар өмгөөлөгчийн хамаарал бүхий хүний дансанд мөнгө шилжүүлсэн нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлтэй гэж үзэж байна” гэсэн болно.

ХЯНАВАЛ:

1. Шүүх нэхэмжлэлийн хүрээнд хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн Монголын өмгөөлөгчийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны тогтоолын үндэслэлийг хянав.

2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

2.1. Нэхэмжлэгч Д.Б нь Монголын Өмгөөлөгчийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд холбогдуулан “Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн “Өмгөөлөгч Д.Бид холбогдох маргааны тухай” МТ/11 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2.2. Монголын өмгөөлөгчийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн хуралдаанаар өмгөөлөгч Д.Бт холбогдуулан гаргасан Ц.Эрдэнэчимэг, Ц.Жнарын гомдлыг хянан хэлэлцээд Өмгөөллийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1-т заасныг баримтлан сануулах хариуцлага хүлээлгэжээ.

2.3. Ийнхүү хариуцлага тооцох болсон үндэслэлдээ “...үйлчлүүлэгчийн эрх ашгийг хамгаалж байгаа нэрийн дор хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулахгүйгээр их хэмжээний мөнгийг бусдаас авч байсан нь түүний өөрийн тайлбар болон гомдол гаргагч нарын гомдол, Ц.Жгийн Хаан банкны дансны хуулга зэргээр тогтоогдож байна...” гэх дүгнэлтийг хийсэн байна.

2.4. Маргаан бүхий тогтоолоор Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 17 дугаар зүйлийн 17.3-д “Өмгөөлөгч нь үйлчилгээний хүрээ, хөлс, зардлын хэмжээ,,  тэдгээрийг тодорхойлох аргын талаарх саналаа үйлчлүүлэгчид урьдчилан танилцуулсан байна”, 44 дүгээр зүйлийн 44.1-д “Хууль болон энэ дүрэмд заасан үүрэг, шаардлагыг зөрчсөн өмгөөлөгчийн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцно”  Өмгөөллийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Өмгөөлөгчид өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх явцад дараах үйл ажиллагааг хориглоно:”, 15.1.2-т “өмгөөллийн үйл ажиллагааны үр дүнгийн талаар амлалт өгөх, шашны зан үйл ашиглах, үйлчлүүлэгчийг төөрөгдүүлэх, хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэхдээ өмгөөллийн хөлсөнд хамаарахгүй мөнгө, бэлэг, шан харамж авах, шаардах;” гэх заалтуудыг тус тус баримталсан байх боловч эдгээр хууль болон ёс зүйн дүрмийг нэхэмжлэгч Д.Б зөрчсөн болох нь тогтоогдохгүй байна гэж үзлээ.

2.5. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл 2019 оны 10 дугаар сарын 12-ны өдөр өмгөөлөгч Д.Б нь иргэн Ц.Жтай “Хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай” 19/41 дугаартай гэрээ байгуулсан бөгөөд тус гэрээний дагуу Г.Бад авагдсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэхтэй холбоотойгоор эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчөөр оролцож, хууль зүйн туслалцаа үзүүлэх зорилготой байсан.

2.6. Улмаар уг үйлчилгээний  хөлсөнд 5 сая төгрөг авсан байх бөгөөд таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэхээр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх болон Баянгол дүүргийн Прокурорын газарт тус тус хүсэлт гаргасан боловч 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 360 дугаар прокурорын тогтоол, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 175А дугаар захирамжаар хүсэлтийг хангахаас татгалзжээ.

2.7. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 175А дугаар захирамжийг эс зөвшөөрч өмгөөлөгч Д.Баас тус шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргасан байх бөгөөд шүүхийн Ерөнхий шүүгчийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1311 дүгээр захирамжаар гомдлыг хүлээн авч, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх хүсэлтийг хангахаас татгалзсан шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон үйл баримт тогтоогдож байна.

2.8. Ийнхүү Г.Бад авагдсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөгдсөнөөр нэхэмжлэгчийн Ц.Жтай байгуулсан 19/41 дүгээр хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үүрэг дуусгавар болжээ.

2.9. Дараа нь өмгөөлөгч Д.Б үйлчлүүлэгч Г.Бтай “үйлчлүүлэгчийг өмгөөлөх, нэхэмжлэл, гомдол, хүсэлт, тайлбар гаргах, баримт бичиг бэлдэх, боловсруулах, баримт материал судлах, хавтаст хэрэгтэй танилцах, амаар болон бичгээр хууль зүйн лавлагаа, мэдээлэл, зөвлөгөө өгөх, уулзалт хийх, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, анхан, давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гомдол, хүсэлт, тайлбар  гаргах, шүүх хуралдаанд оролцох” гэсэн нөхцөлтэйгөөр 2020 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 20/ дугаар хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг байгуулж, үйлчилгээний хөлсөнд 30 сая төгрөг авахаар тохиролцож, үйлчилгээний хөлсийг бэлнээр хүлээн авах талаар гэрээнд бичгээр тусгажээ.

2.10. Өмгөөллийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хууль, Ёс зүйн дүрмийг зөрчсөн өмгөөлөгчид дараах хариуцлага хүлээлгэнэ:”, 31.3.1-д “сануулах;”, 31.7-д “Энэ хуулийн 31.3-т заасан хариуцлага хүлээлгэхэд өмгөөлөгчийн гаргасан зөрчил, түүний шинж, зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэр болон Мэргэжлийн хариуцлагын хороо ач холбогдолтой гэж үзсэн бусад нөхцөл байдлыг харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

2.11. Мэргэжлийн хариуцлагын хорооны тогтоолын гол үндэслэлд “...үйлчлүүлэгчийн эрх ашгийг хамгаалж байгаа нэрийн дор хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулахгүйгээр их хэмжээний мөнгийг бусдаас авч байсан...” зөрчил гаргасан гэж тайлбарлах боловч хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэхдээ өмгөөллийн хөлсөнд хамаарахгүй мөнгө, бэлэг, шан харамж авсан гэж үзэхээргүй байна.

Учир нь Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд анх гаргасан гомдолд “өмгөөлөгч Д.Б нь 70 сая орчим төгрөгийг шүүгч, прокурорт өгнө гэж бэлнээр дугтуй, уутанд хийлгэж авдаг байсан” гэх агуулгаар гомдлын үндэслэлээ тайлбарлан гомдолдоо 5029807277 дугаартай Хаан банкны дансны хуулга хавсаргажээ.

2.12. Энэхүү баримтаас үзвэл Ц.Ж нь 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүртэл бэлнээр 24.450.000 төгрөг, шилжүүлгээр 38.300.000 төгрөгийг бусдад шилжүүлсэн байх боловч харьцсан дансны дугаар зөрүүтэй байгаагаас дүгнэн үзэхэд эдгээр мөнгийг өмгөөлөгч Д.Бт өгсөн гэдэг нь өөр бусад баримтаар тогтоогдохгүй, харин нэхэмжлэгч нь 2019 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн хууль зүйн туслалцаа үзүүлэхээр Ц.Жтай гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээний төлбөрт 5 сая төгрөгийг бэлнээр, 20/ дугаар гэрээний хөлсөнд 2 сая төгрөгийг бэлэн бусаар авсан болох нь Ц.Ж, Д.Б нарын тайлбар болон бэлэн мөнгөний баримтаар нотлогдож байна.

2.13. Хэдий Ц.Ж, Ц.Э нараас өмгөөлөгч Д.Бт холбогдуулан гомдол гаргасан боловч маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ц.Ж, Ц.Г, Ц.Э нар нь уг гомдлыг бичээгүй, буруу гомдол гаргасан гэж тайлбарлаж гомдлоосоо татгалзаж байгаа талаар тайлбар, мэдүүлэг өгөх явцдаа илэрхийлсээр байхад хариуцагч маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны маргаан хянан шийдвэрлэх журмын 11 дүгээр зүйлд заасан зөрчлийг бодитой тогтоох үүргээ биелүүлээгүй нь Өмгөөллийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.7-д заасантай нийцээгүй байх бөгөөд нэхэмжлэгч Д.Б нь гэрээнд заасны дагуу өмгөөллийн үйл ажиллагааг явуулахдаа өмгөөллийн хөлсөнд хамаарахгүй мөнгө, бэлэг, шан харамж авсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байх тул өмгөөлөгч Д.Бт сануулах хариуцлага ногдуулсан Мэргэжлийн хариуцлагын хорооны тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

2.14. Нөгөөтэйгүүр, Ц.Жгийн Хаан банкны данснаас өмгөөлөгчид мөнгө өгсөн гэх хугацаа 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс эхэлж байх боловч тухайн үед өмгөөлөгч Д.Б болон Ц.Ж нар гэрээ байгуулж байгаагүй, харин 2019 оны 10 дугаар сарын 12-ны өдөр гэрээ байгуулсан байх бөгөөд Мэргэжлийн хариуцлагын хороо гомдлыг хянан шийдвэрлэхдээ маргааны үндсэн нөхцөл байдлыг тодруулахаар ач холбогдол бүхий Хаан банкны 5033086155, 5027522704, 5027656921, 5005281445, 5065380445, 5029888633, 5031982370, 5926166708 дугаар бүхий харилцах дансны эзэмшигчийг тодруулалгүйгээр шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

2.15. Давж заалдах шатны шүүх уг маргааныг өмгөөлөгч Д.Бт шийтгэл оногдуулсан тогтоолын үндэслэл, нэхэмжлэлийн шаардлага, хариу тайлбарт үндэслэн хянан шийдвэрлэсэн бөгөөд маргаан хянан шийдвэрлэсэн материалд авагдсан бусад гаргасан гэх зөрчил буюу Г.Бад 12 жилийн ял оногдуулсан, өмгөөллийн үйлчилгээг хангалтгүй үзүүлсэн гэх гомдолд дүгнэлт өгөөгүй болно.

2.16. Иргэдийн төлөөлөгч О.Б нь шүүх хуралдаанд “Гомдол гаргагч нь өмгөөлөгч Д.Бт бэлнээр мөнгө өгснөө нотолж чадахгүй, баримтаар өмгөөлөгчийн хамаарал бүхий хүний дансанд мөнгө шилжүүлсэн нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэж үзэж байна” гэсэн дүгнэлт гаргасан бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан дээрх үндэслэлүүдээр иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авсан болохыг дурдах нь зүйтэй.

2.17. Иймд шүүхээс Монголын Өмгөөлөгчийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн “Өмгөөлөгч Д.Бт холбогдох маргааны тухай” МТ/11 дүгээр тогтоол нь нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус байх тул тус тогтоолыг хүчингүй болгож нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.4, 113 дугаар зүйлийн 113.6, 113.6.2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмгөөллийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.2, 31 дүгээр зүйлийн 31.3.1, 31.7-д заасныг тус тус баримтлан Өмгөөлөгч Д.Баас Монголын өмгөөлөгчийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн “Өмгөөлөгч Д.Бт холбогдох маргааны тухай” МТ/11 дүгээр тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                           Д.БААТАРХҮҮ 

ШҮҮГЧ                                                           Г.БИЛГҮҮН 

ШҮҮГЧ                                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН