Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 128/ШШ2021/0769

 



 

 

2021 11 16 128/ШШ2021/0769

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Э ХХК,

Хариуцагч: Нийслэлийн Татварын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Б, Б.А,

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Татварын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн НА-22210000034 тоот нөхөн ногдуулалтын актын зөрчлийн 1 дэх хэсэгт ногдуулсан төлбөрөөс 6,591,393.70 төгрөгийг хүчингүй болгуулах, 2, 3, 5 дахь хэсэгт ногдуулсан төлбөрийг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Т, хариуцагч нийслэлийн Татварын газрын татварын улсын байцаагч Б.А, Б.Б, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Н нарыг оролцуулав.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн **** дугаартай нөхөн ногдуулалтын актыг бүхэлд нь үл зөвшөөрч гомдол гаргаад, нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж 011 дүгээр тогтоол гарсан. Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн **** дугаартай нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гарган хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Нийслэлийн Татварын газрын газрын татварын улсын байцаагч Б. Б нар нь Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн маргаан бүхий акттай холбогдуулан хяналт шалгалт хийж, 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн НА-22210000034 тоот нөхөн ногдуулалтын акт гаргасан.

Хэдийгээр бидний маргаж эхэлсэн акт хүчингүй болсон мэт боловч Нийслэлийн татварын газрын татварын улсын байцаагч нарын 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн НА-22210000034 тоот нөхөн ногдуулалтын актаар, бидний маргаж эхэлсэн актаар тавигдсан таван зүйлийн зөрчлийг хэвээр нь зөрчилд тооцож, Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 011 тоот тогтоолыг үндэслэн, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн **** тоот нөхөн ногдуулалтын актын 2 дахь заалтад заасан төлбөр дээр 2,818,876.81 төгрөгийн төлбөр нэмж өөрчлөлт оруулан нөхөн ногдуулалтын НА-22210000034 тоот актыг гаргажээ.

Нийслэлийн Татварын газрын татварын улсын байцаагч Б.Б, Б.А нарын тавьсан 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн НА-22210000034 тоот нөхөн ногдуулалтын актын 1 дүгээр заалтаар зөрчилд тооцсон 7,188,249.70 төгрөгийн төлбөрөөс 6,591,393.70 төгрөгийг, 2 дугаар заалтаар зөрчилд тооцсон 34,949,660.41 төгрөгийн төлбөрийг бүхэлд нь, 3 дугаар зөрчилд тооцсон 36,819,961.79 төгрөгийн төлбөрийг бүхэлд нь, 5 дугаар зөрчилд тооцсон 25,579,269.10 төгрөгийн төлбөрийг бүхэлд нь тус тус эс зөвшөөрч нийт 103,940,285 /нэг зуун гурван сая, есөн зуун дөчин мянга, хоёр зуун наян таван төгрөгийн/ төлбөрийг хүчингүй болгуулах шаардлага гаргаж байна.

Уг актын 1 дэх заалтыг хэсэгчлэн үл зөвшөөрснөөр 7,188,249.70 төгрөгийн төлбөрийг 596,856.0 төгрөгийн төлбөр болгож 6,591,393.70 төгрөгөөр бууруулж өөрчлөлт оруулах шаардлага гаргаж байгаа болно.

Нэхэмжлэлийн шаардлагын тайлбар

Нэгдүгээрт. Маргаж буй актын 1 дэх заалтын тухайд.

Нэг дэх заалтад хоёр төрлийн зөрчлийг заасныг 1.1 ба 1.2 дахь зөрчил хэмээн эрэмбэлж тайлбарлая.

1.1. 2017 онд 7,008,809.90 төгрөгийн үндсэн үйл ажиллагааны борлуулалтын орлогыг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд тусгаагүй, татвар ногдох орлогыг бууруулах зөрчил илэрсэн гэх зөрчлийн тухайд:

Татварын улсын байцагч акт тавихдаа болон Маргаан таслах Зөвлөл актыг зөвтгөхдөө, 2017 онд манай борлуулсан, тайлагнасан орон сууцнуудаас чухам аль орон сууцны хувьд зөрчил үүсч байгааг тодорхой бичээгүй боловч манай тайлангаас үзэхэд, Г хотхоны ** тоот 39.3 м.кв сууцыг бусад сууцны адил 1,800,000 төгрөгөөр борлуулаагүй тул 39.3 м.кв х 1,800,000 = 70,740,000 төгрөгийн орлого ороогүй, харин 1,603,822 төгрөгөөр м.кв-ыг тооцож борлуулан 63,030,200 төгрөгийн орлого орсон тул 70,740,000-63,030,200=7,709,800 төгрөгийн зөрүү үүсч татварынхан энэ дүнгээс НӨАТ салгаад 7,008,909 төгрөгийн борлуулалтын орлого дутуу тайлагнасан гэж зөрчилд тооцсон байна.

Бид энэ зөрчлийг зөвшөөрөхгүй байна. Татвар ногдох орлогоо бууруулж тайлагнасан зүйл байхгүй. Манай анхны байр борлуулалт тул бид ийнхүү хямдруулан иргэн Д овогтой У (*********)-д худалдаж байрны төлбөрийг 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 50,000,000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 13,030,200 төгрөг нийт 63,030,200 төгрөгийн төлбөр хүлээж авсан. Ийнхүү бага үнээр борлуулсанаа Орон сууц худалдах, худалдан авах гэрээ болон төлбөр хүлээж авсан дансны хуулга зэрэг нотлох баримтаар нотлох боломжтой.

Иймд энэ хэсгээр ногдуулж байгаа 10%-ийн татвар буюу 700,890.9 төгрөгийн нөхөн татвар, үүнтэй холбоотой ногдох торгууль, алданги зэргийг үл зөвшөөрч хүчингүй болгох хүсэлтэй байна.

1.2. 2019 онд 238,457,607.80 төгрөгийн үндсэн үйл ажиллагааны орлогыг орлогын албан татварын тайланд тусгаагүй, татвар ногдох орлогыг бууруулсан зөрчил илэрсэн гэх зөрчлийн тухайд:

2019 онд Г ХХК-иас худалдан авсан С дүүрэг, ** дүгээр хороо, Э гудамж, *** байрнаас 169.31 м.кв талбай бүхий 3 орон сууцыг 1 м.кв талбайг 1,800,000 төгрөгөөр борлуулсан орлогоо татварын тайланд тусгаагүй гэх зөрчил гаргаснаа хүлээн зөвшөөрч байна.

Гэхдээ татвар ногдуулах орлогын төрөл болон тооцооллын хувьд саналын зөрүүтэй байна. Яагаад гэвэл

1/ татварын тооцоолол өөрөө ойлгомжгүй байгаа юм. Учир нь хэрэв татварын байцаагч 169.31 м.кв байрыг 1 м.кв-ыг нь 1,800,000 төгрөгөөр борлуулсан гэж үзэж байгаа бол 169.31 м.кв х 1,800,000 = 304,740,000 төгрөг болж байгаа ба үүнээс НӨАТ салгавал 277,036,364 төгрөгийн орлого дутуу тайлагнасан гэж үзэхээр байх атал татвар 262,303,368.58 төгрөгийн орлого дутуу тайлагнасан гэж гаргасан нь ойлгомжгүй байна.

Татвар энэхүү 262,303,368.58 төгрөгийн бөрлуулалтаас НӨАТ салгаад 238,457,607.80 төгрөгийн цэвэр орлого дутуу тайлагнасан гээд байгаа.

Татвар энэ зөрчлийн хувьд акт тавихдаа, нөхөн ногдуулалтын тооцооллыг хийхдээ 2019 оны дутуу тайлагнасан 238,457,607.80 төгрөгийн борлуулалтын орлогоос борлуулсан байрны 161,599,020.10 төгрөгийн өртгийг, мөн тайлант хугацааны 15,489,305.10 төгрөгийн алдагдлыг хааж, үлдэх 61,369,282.60 төгрөгийн татвар ногдуулах орлогын дүнд нөхөн татвар ногдуулав гэснийг Маргаан таслах зөвлөл нь үндэслэлтэй гэж үзсэн. Маргаан таслах зөвлөл нь дүгнэхдээ: 2019 оны 61,369,282.60 төгрөгийн орлого дээр 2017 оны 7,008,809.9 төгрөгийн орлогыг нэмж нийт 68,378,092.5 төгрөгийн орлогод 6,837,809.20 төгрөгийн нөхөн татвар, 2,051,342.80 төгрөгийн торгууль, 140,176.20 төгрөгийн алданги, нийт 9,029,328.20 төгрөгийн төлбөр ногдуулснаас 2019 ( энд сүүлийн цифрийг ашдаж бичсэн байх, учир нь 2019 онд биш, 2018 онд илүү төлөлт байгаа) 17,247,700.0 төгрөгийн илүү төлөлттэй байгаа тул уг оны зөрчилд ногдуулсан 1,841,078.50 төгрөгийн торгуулийг хүчингүй болгож, 6,837,809.20 төгрөгийн нөхөн татвар, 210,264.30 төгрөгийн торгууль (энэ нь 2,051,342.80-1,841,078.50=210,264.30 болно), 140,176.20 төгрөгийн алданги, нийт 7,188,249.70 төгрөгийн төлбөрийг төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ гэж дүгнэсэн.

Гэтэл энэ хэсгийн хувьд актад бичигдсэнчлэн 161,599,020.10 төгрөгийн өртөг гэх дүнг мөн хэрхэн тооцож гаргаж ирсэн нь тодорхойгүй байгаа болно.

Иймд энэ хэсгийн тооцооллын хувьд хэрвээ татварын байцаагчийн баримталж тооцсон татвар ногдох орлогын төрөл нь зөв гэж үзвэл манай дэвшүүлж буй бодолтын хувилбар ийм байгаа юм.Үүнд:

- 2018 онд компани 19,124,781.8 төгрөгийн алдагдалтай ажилласан нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар татварын өмнөх алдагдал дүнгээр нотлогдох бөгөөд татварын хянапт шалгалтаар 2018 онд зөрчил илрээгүй. 2006 оны Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 20.2 дугаар зүйлийн дагуу тайлант оны алдагдлыг дараагийн хоёр жилд шилжүүлэн тооцох боломжтой тул 2019 оны борлуулалтын дутуу тайлагнасан орлого 277,052,727 төгрөгнөөс 203,191,579 төгрөгийн өртөгийг хасаад, 2019 оны 15,489,305.1 төгрөгийн алдагдлыг хасаад, 2018 оны алдагдал болох 19,124,781.8 төгрөгийн 50% болох 9,562,390.9 төгрөгийг мөн хасаад, 48,809,452 төгрөгийн цэвэр орлогод нөхөн татвар 4,880,942.2 төгрөг ногдуулахаар байгаа болно. 2019 онд компани аж ахуйн нэгжийн орлогын албан татварт 5,635,680 төгрөгийг төлсөн байх тул энэхүү төлөлтөөс хаагдаж, торгууль алданги тооцогдохгүй гэж үзэж байна.

2/ Татварын алба энэхүү зөрчилд нөхөн татвар ногдуулахдаа 2006 оны Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7.3 дугаар зүйлийн 7.3.1, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх заалтуудыг тус тус баримталж нийтлэг хувь хэмжээгээр албан татвар ногдуулж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Үл хөдлөх хөрөнгө борлуулсаны орлогод ногдуулах албан татварыг 2006 оны Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7.3 дугаар зүйлийн 7.3.3, 10 дугаар зүйлийн 10.1.1 дэх заалтуудыг тус тус баримталж мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.6.4, 20 дугаар зүйлийн 20.2.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн тусгайлсан хувь хэмжээгээр буюу нийт борлуулсан үнийн дүнгээс 2%-иар тооцож татварыг төлөх ёстой гэж үзэж байна.

2006 оны Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6, 21 дүгээр зүйлийн 21.6 дахь заалтуудыг үндэслэн үл хөдлөх хөрөнгө худалдан борлуулах гэрээг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхэд бүрдүүлэх материалын жагсаалтанд үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлуулсаны орлогын албан татвар төлсөн баримт /эх хувь/-ыг шаарддаг бөгөөд худалдан авагч нь суутгагчийн үүргийнхээ дагуу үл хөдлөх хөрөнгийн төлбөрийг худалдагчид төлөхдөө үл хөдлөх эд хөрөнгө борлуулсаны орлогын 2%-ийн татварыг суутган төсөвт төлсөнөө нотолсоны дараа өөрийн өмчлөлд шилжүүлдэг. Энэ л зарчмаар манай компани нь орон сууц тус бүрийг борлуулах үедээ нийт үнийн дүнгээс 2%-ийн татвараа төлж ирсэн бөгөөд 2017 онд 75,195,460 төгрөг, 2018 онд 17,247,700 төгрөг, 2019 онд 5,635,680 төгрөг, нийт 98,078,840 төгрөгийн үл хөдлөх эд хөрөнгө борлуулсаны орлогын албан татварыг төлсөн.

2019 онд дутуу тайлагнасан 304,740,000 төгрөгийн орлогод үл хөдлөх эд хөрөнгө борлуулсаны орлогын албан татварт үнийн дүнгийн 2%-иар 6,094,800 төгрөгийн татвар төлөх байснаас 5,635,680 төгрөгийн татварыг төлсөн тул дутуу 459,120 төгрөгийн нөхөн татвар 45,912 төгрөгийн торгууль 91,824 төгрөгийн торгууль нийт 596,856 төгрөгийн төлбөр төлөхөөр тооцогдож байгаа юм.

Иймд энэ хэсгийн хувьд, актаар ногдуулсан 7,188,249.70 төгрөгийн төлбөр биш харин манай тооцоолсончлон 596,856 төгрөгийн төлбөр ногдох үндэслэлтэй гэж үзэж байна.

Хоёрдугаарт. Маргаж буй актын 2 дахь заалтын тухайд:

Актад бичсэнчлэн 2017 онд борлуулсан барааны өртгийг 232,997,736.10 төгрөгөөр илүү тооцож, татвар ногдуулах орлогыг бууруулсан нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д Дараах тохиолдолд зардлыг албан татвар ногдох орлогоос хасч тооцохгүй, 15.1.1-д Албан татвар төлөгчийн баримтаар нотлогдоогүй зардал гэж заасныг зөрчсөн гэх зөрчлийн тухайд Маргаан таслах зөвлөлөөс актыг тодруулахдаа ... уг зөрчилд 23,299,773.60 төгрөгийн нөхөн татвар, 6,989,932.08 төгрөгийн торгууль, 4,659,954.72 төгрөгийн алданги, нийт 34,949,660.42 төгрөгийн төлбөр ногдуулахаар байна гэж үзэн актаар тавьсан 30,289,705.70 төгрөгийн төлбөр дээр 4,659,954.72 төгрөгний алдангийг нэмжээ.

Энэ асуудлаар:

1. Маргаж буй актын 1 дэх заалтын 1.2 дахь хэсэгтэй уялдуулан үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлогод ногдуулах албан татвар нь 2006 оны Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 16.3.3 дахь заалтын дагуу нийт орлогын үнийн дүнгээс тусгайлсан хувь хэмжээ болох 2%-иар үл хөдлөх эд хөрөнгө борлуулсаны орлогын албан татварыг төлөх тул дээрх зөрчил нь үндэслэлгүй юм.

Дээрх зөрчил нь 2006 оны Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7.3 дугаар зүйлийн 7.3.1, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх заалтуудыг тус тус баримталж хуулийн 16.2 дахь заалтын дагуу нийт орлогоос хуулийн 12 дугаар зүйлд заасан зардлыг хасч албан татвар ногдуулахтай холбоотой гарах зөрчил юм.

Нэгэнт нийт орлогын дүнгээс тусгайлсан хувь хэмжээгээр хуулийн хугацаандаа татвараа төлсөн байтал, татвар төлсөн тухайн орлогоос дахиж өөр орлогын төрлөөр татвар тооцож авах гэж байгаа нь Татварын алба 2008 оны Татварын ерөнхий хуулийн 14 дүгээр зүйл, 17 дугаар зүйлийн 17.1-д заасан татвар төлөгч бидний эрхийг ноцтой зөрчиж байна гэж үзэж байна.

2. Нийтлэг хувь хэмжээгээр орлогын албан татвар ногдуулах нь зүйтэй гэж үзсэн ч актаар тогтоосон төлбөрын тооцоолол нь бидний үзэж байгаагаас зөрүүтэй байна.

Ингээд нэгдүгээр зөрчлийн хамт Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн хэрэгжилтийг шалгахдаа компанийн орлогыг татварын албаны баримталж байгаа үйл ажиллагааны орлого гэж үзэж, багцалж тооцоолбол:

2017 оны хувьд: ББӨ 232,997,736.10 төгрөгөөр буурч, татвар ногдуулах орлого энэ дүнгээр нэмэгдэхээр байна. Үүнээс 2016 оны алдагдлын 50 хувь болох 189,676,660.39 төгрөгийг бууруулж (Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 20.2 ба 20.3 дугаар зүйлүүдэд заасны дагуу), 43,321,075.71 төгрөгийн орлогод 4,332,107.57 төгрөгийн нөхөн татвар тооцохоор байна. Энэ нь компанийн 2017 оны жилийн эцэст тайлагнасан 65,405,947.93 төгрөгийн татвартай нийлээд 69,738,055.50 төгрөгийн татвар төлөхөөр тооцоо гарч байна. Харин төлсөн татвар нь 75,195,460 төгрөг ба илүү төлсөн татвар 5,457,404.50 төгрөг байхаар байна.

2018 оны хувьд, зөрчил байхгүй гэж үзсэн. Тайлангаар 19,124,781.77 төгрөгийн алдагдалтай, үл хөдлөх хөрөнгө борлуулсны албан татварт төлсөн татвар 17,247,700 төгрөг байна. 2018 оны жилийн эцсээрхи нийт илүү төлөлт (5,457,404.50 + 17,247,700=22,705,104.50 ) 22,705,104.50 төгрөг байхаар байна.

2019 оны хувьд, борлуулалтын дутуу орлого 277,052,727.27 төгрөгөөс 203,191,579 төгрөгийн өртөгийг хасаад, 2019 оны 15,489,305.1 төгрөгийн алдагдлыг хасаад, 2018 оны алдагдал болох 19,124,781.8 төгрөгийн 50% болох 9,562,390.9 төгрөгийг мөн хасаад 48,809,452 төгрөгийн цэвэр орлогод нөхөн татвар 4,880,942.2 төгрөг ногдуулахаар байна. 2019 онд 5,635,680 төгрөгийн татвар төлж, 2018 оны жилийн эцсийн илүү төлөлттэй нийлбэл нийт 28,340,784.50 төгрөгийн илүү төлөлт байгаагаас дээрхи 4,880,942.2 төгрөгийн ногдлыг хасвал 2019 оны жилийн эцсээр 23,459,842.3 төгрөгийн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын илүү төлөлттэй байхаар тооцоо гарч байна.

Иймд дээрх 2 төрлийн зөрчлийг гаргаснаар хүлээн зөвшөөрч тооцоход 23,459,842.3 төгрөгийн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын илүү төлөлттэй байхаар тооцоо гарч байгаа тул алданги, торгууль тооцох үндэслэлгүй юм.

Тодруулбал, 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр батлагдаж мөрдөгдөж байсан Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлд заасан зөрчлийн шинжтэй үйлдлүүдийг 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн уг хуулийн шинэчилсэн найруулгаар өөрчлөн зөрчилд тооцохоо больсон буюу эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хууль гарсныг буцаан хэрэглэж болох тул шинэ хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1 хэсэгт заасанчлан Татварыг хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй гэх зөрчил манайх гаргаагүй, харин ч илүү төлөлттэй байгаа тул дээр дурдсан асуудлаар манайд торгууль, алданги оноох үндэслэлгүй гэж үзэж актын энэ хэсгийг хүчингүй болгох үндэстэй гэж үзэж байна.

Иймд энэ хэсгийн хувьд, актаар ногдуулсан 30,289,705.70 төгрөгийн төлбөр дээр Маргаан таслах зөвлөлийн магадлалаар 2,818,876.22 төгрөгөөр алдангийг нэмж 33,108,581.92 төгрөгийн төлбөр ногдуулсаныг үл зөвшөөрч хүчингүй болгох хүсэлтэй байна.

Гуравдугаарт. Актын 3 дахь заалтын тухайд:

2017 онд 7,008,809.10 төгрөгийн, 2019 онд 238,457,607 төгрөгийн борлуулалтын орлогыг Нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгаагүй, татвар ногдуулж төсөвт төлөөгүй зөрчил илэрсэн нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7.1 дүгээр зүйлд: Хуульд өөрөөр заагаагүй бол дор дурдсан бараа, ажил үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулна; 7 дугаар зүйлийн 7.1.1-т: Монгол улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ... гэж заасныг зөрчсөн гэх зөрчлийн тухайд:

- Манай компанийн хувьд 2016-2019 оны хооронд орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө худалдан авч, засч, борлуулж ашиг олсон үйл ажиллагаагаа Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулийн 4.1.7 зүйлд заасанчлан хүн суурьшин амьдрах зориулалттай баригдсан бөгөөд зөвхөн уг зориулалтаар нь ашиглуулах зорилгоор зарж борлуулсан ба уг хуулийн 4.1.5 дугаар зүйлд тодорхойлсончлон: тэдгээр байруудыг бараа борлуулах, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх зэрэг аж ахуйн үйл ажиллагааны зориулалтаар ашиглаагүй тул уг хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.7-д заасанчлан орон сууцны зориулалтаар ашиглаж байгаа байр борлуулсны орлогыг албан татвараас чөлөөлнө гэж ойлгож байгаа болно. Өөрөөр хэлбэл, 2017, 2019 онуудад орон сууц борлуулж олсон орлого маань нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх ёстой гэж үзэж энэ зөрчлийг гаргаагүй гэж үзэж байгаа болно.

Манай компанийн борлуулсан орон сууцыг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4.1.7-д тодорхойлсонтой нийцэж буй эсэхийг тогтоохын тулд 3 үндсэн шалгуурыг хангахаар харагдаж байна. Үүнд: үл хөдлөх хөрөнгийн зориулалт, ашиглаж буй хэлбэр, шинээр барьсан компаниас анх худалдаж авахдаа 13.4 дэх заалтын дагуу нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн байдал гэж ойлгогдож байна.

1 дүгээр шалгуур: Зориулалт. Э ХХК нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3.1.1 /үл хөдлөх эд хөрөнгийн эрх гэж газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг;/ болон 5.1. /Иргэн, хуулийн этгээд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8.1.1 -д заасан эрхийг хуульд заасан журмын дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх үүснэ./ дэх заалтуудад тус тус заасны дагуу өмчлөх эрхээ батапгаажуулсан өөрийн өмчлөлийн орон сууцуудыг борлуулсан бөгөөд энэхүү эрх нь мөн хуулийн 5.3-д Улсын бүртгэлийн байгууллага энэ хуулийн 5.1-д заасан өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэснийг нотолж эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгоно./ заасны дагуу өмчлөх эрхийн гэрчилгээгээр баталгаажиж байгаа юм.

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5.4-д Энэ хуулийн 5.3-т заасан эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний загвар, гэрчилгээнд тусгах мэдээлэл, гэрчилгээ олгох журмыг Засгийн газар батална.) зааснаар улсын бүртгэлийн гэрчилгээнд тусгах мэдээллийг Засгийн газрын 2018 оны 394 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгох журам-аар тогтоож өгсөн байдаг ба уг журмын 2.2.3-т эд хөрөнгийн байршлын хаяг, хэмжээ, зориулалтыг үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнд тусгана гэж заасан байна. Өөрөөр хэлбэл тухайн үл хөдлөх хөрөнгийн зориулалтыг өмчлөх эрхийн гэрчилгээнд тусгадаг ба манай борлуулсан орон сууцны байруудын зориулалтыг дээрх хууль, журмын дагуу орон сууц гэж тодорхойлсон байгаа.

2 дугаар шалгуур. Ашиглагдаж байгаа хэлбэр. Амьдран суух зориулалттай орон сууцуудыг худалдаж авсаны дараа борлуулах хүртлээ аливаа хэлбэрээр ашиглаагүй, тэр тусмаа орлого олох зорилгоор аж ахуйн үйл ажиллагааны хэлбэрээр ашиглаагүй болно. Аж ахуйн үйл ажиллагаа гэдгийг ашиг олох зорилгоор бусад этгээдэд үйлчилгээ үзүүлэх, ажил гүйцэтгэх, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, худалдаа арилжаа хийх зэргийг ойлгож байгаа бөгөөд тус орон сууцуудыг борлуулах хүртлээ ашиг олох зорилгоор ажлын байр, үйлдвэрлэл үйлчилгээний байраар ашиглаагүй компаний үндсэн хөрөнгөд бүртгээгүй болно.

Ийнхүү аливаа хэлбэрээр ашиглаагүй нь тухайн байруудад төлөгдөж байсан ашиглалтын төлбөрийн баримтаар (жишээ нь цахилгаан зарцуулалт) нотлогдоно.

3 дугаар шалгуур. Энэ хуулийн дагуу нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулсан байдал.

Э ХХК нь орон сууцуудыг анх худалдаж авахдаа шинээр орон сууц барьж борлуулсан барилгын компаниуд болох Б К болон Г ХХК-иудаас худалдан авалтыг хийсэн ба худалдан авах үед дээрх 2 компанид нэмэгдсэн өртгийн албан татварт 339,580,289 төгрөгийг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4 дэх заалтын дагуу бид төлсөн бөгөөд энэхүү төлөлт нь манай компаний 2017 оны 6 дугаар сарын нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар баталгаажина.

Ийнхүү дээрх 3 шалгуурыг хангаж байгаа тул манай борлуулсан орон сууцуудын борлуулалт нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13.1.7 дахь орон сууцны зориулалтаар ашиглаж байгаа байр буюу түүний хэсгийг борлуулсны орлогыг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлнө гэсэн заалтад хамаарна гэж үзэж байгаа юм.

Хэрвээ нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх ёстой гэж үзвэл 2017 оны хувьд зөрчил гаргаагүй тул 2019 оны дутуу тайлагнасан борлуулалтын орлого болох 238,457,607 төгрөгийн орлогод 23,845,760.7 сая төгрөгийн нөхөн татварт тооцсон торгууль нь мөн Зөрчлийн тухай хуулийн 11.19-ийн тайлбар хэсгийн 10%-иас хэтрэхгүй гэсэн заалтанд хамаарч 2,384,576.1 төгрөгийн торгууль тооцогдох ёстой. Алдангийг тооцохдоо М банкнаас зарласан арилжааны банкуудын зээлийн жилийн жинэлсэн дундаж хүүнээс 20%-иар их байхаар тооцно гэсний дагуу 2020 оны алдангийг 2019 оны 12 дугаар сарын арилжааны банкуудын зээлийн тайлангаарх жинэлсэн дундаж хүү 17.6%-ийг 20%-иар нэмэгдүүлж 21,12%-иар тооцохоор байна. Хугацааны хувьд 2019 оны 12 дугаар сарын нэмэгдсэн өртгийн албан татварыг төсөвт төлөх хуулийн хугацаа буюу 2020 оны 1 дүгээр сарын сарын 10-ны өдрөөс хяналт шалгалтыг эхлүүлсэн 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн хоорондох 250 хоногоор тооцвол нийт алдангийн хэмжээ 3,449,468.95 төгрөг байхаар байна.

3 дугаар зөрчилд 23,845,760.7 төгрөгийн нөхөн татвар, 2,384,576.1 төгрөгийн торгууль, 3,449,468.95 төгрөгийн алданги нийт 29,679,805.72 төгрөгийн төлбөр тавигдахаар байна. Татварын алба 36,819,972.6 төгрөгийн төлбөр ногдуулсан нь 7,140,166.88 төгрөгөөр илүү байна.

Иймд энэ хэсгийн хувьд, актаар ногдуулсан 36,819,961.79 төгрөгийн төлбөрийг үл зөвшөөрч хүчингүй болгох хүсэлтэй байна.

Дөрөвдүгээрт. Маргаж буй актын 4 дэх заалтын тухайд ямар нэг маргаан байхгүй, зөрчлийг зөвшөөрч байгаа.

Тавдугаарт. Актын 5 дахь заалтын тухайд:

5 дугаар зөрчлийн хувьд компани нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх борлуулалтаар тайлагнаагүй, нэмэгдсэн өртгийн албан татвар төлөхөөр тайланг 2017-2019 онуудад татварт гаргаж өгсөн ба уг тайлангаар 97,847,013 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын өртэй байгаа юм. Уг нь энэ татварын өр үүсэхгүй байх ёстой байсан боловч нягтан бодогч нь нийт борлуулалтын дүнгээс нэмэгдсэн өртгийн албан татварын 10%-ийг салгаж нэмэгдсэн өртгийн албан татварын өр үүсгэж тайлагнасан байгаа юм.

Хэрвээ компанийн орон сууцны борлуулалт нь нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх борлуулалт гэж шүүх үзвэл хугацаандаа төлөөгүй татварын тайлангаарх өр болох 97,847,013 төгрөгт тооцсон 9,784,701.3 төгрөгийн торгууль, 15,795,471.1 төгрөгийн алданги нийт 25,579,269.1 төгрөгийн төлбөрийн тооцооллын дүнг хүлээн зөвшөөрөхгүй байх дараах үндэслэл байна.

2018 оны эцэст нэмэгдсэн өртгийн албан татварын хувьд 20,030,234 төгрөгийн өртэй, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хувьд 22,705,104.50 төгрөг илүү төлөлттэй байгаа тул татварын өрөнд алданги торгууль тооцвол Татварын ерөнхий хуулийн 17.1.4 дэх заалтын дагуу татвар төлөгч бид мөн илүү төлөлтөндөө алданги, торгууль тооцохоор байна. Энэ 2 татварын төрөл нь улсын төсвийн орлогыг бүрдүүлдэг татвар тул илүү нэгнээр нь дутууг нөхөж, шилжүүлж төлөх боломжтой байдаг.

2019 оны нэмэгдсэн өртгийн албан татварын хувьд 97,847,013 төгрөгийн өртэй, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хувьд 23,459,842.3 төгрөг илүү төлөлттэй байгаа тул татварын өр, илүү төлөлтийн зөрүү болох 74,387,170.7 төгрөгөнд алданги торгууль тооцвол 7,438,717.1 төгрөгийн торгууль, 10,760,664.69 төгрөгийн алданги нийт 18,199,381.76 төгрөгийн төлбөр гарахаар байгаа юм.

Иймд энэ хэсгийн хувьд, актаар ногдуулсан 25,579,269.10 төгрөгийн төлбөр нь нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх бараа борлуулалтаас үүссэн, хууль эрх зүйн мэдлэг дутуу нягтлан бодогчийн бэлтгэж тайлагнасан нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар үүссэн өр төлбөртэй холбоотой тул үл зөвшөөрч хүчингүй болгох хүсэлтэй байна.

Ингээд энэхүү нэхэмжлэлээр нийт нөхөн ногдуулалтын актаар тогтоосон 102,400,069.39 төгрөгийн, Нийслэлийн маргаан таслах зөвлөлийн магадлалаар нэмэгдүүлсэнээр нийт 103,377,867.11 төгрөгийн төлбөрөөс 1-р зөрчилд тооцсон 7,188,249.70 төгрөгийн төлбөрөөс 6,591,393.70 төгрөгийг, 2-р зөрчилд тооцсон 33,108,581.92 төгрөгийг бүхэлд нь, 3-р зөрчилд тооцогдсон 36,819,961.79 төгрөгийн төлбөрийг бүхэлд нь, 5-р зөрчилд тооцогдсон 25,579,269.10 төгрөгийн төлбөрийг бүхэлд нь нийт 102,099,206.51 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Татварын ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.11.1-д заасныг баримтлаад зөвхөн тооцооллын алдаагаар дахин шалгуулахаар дээд шатны татварын албан буцааж, актыг түдгэлзүүлж болно гэсний дагуу түдгэлзсэн. Харин бүрэн шалгалт дахин хийнэ гэж дурдагдаагүй байгаа. Дахин шалгуулах хүрээ нь Маргаан таслах зөвлөлийн тогтоолд заасан хүрээгээр хязгаарлагдана, тэгэхээр хяналт шалгалтыг бүхэлд нь хийгээгүй гэж үзэж байгаа. Татварын ерөнхий хуулийн 47.11.1-д зааснаар тооцооллын алдаа нь төлбөрийг нэмэгдүүлэхээр бол түдгэлзүүлнэ гэсэн байгаа. Харин тус хуулийн 47.12-т зааснаар нөхөн ногдуулалтын шинэ акт гарснаар Маргаан таслах зөвлөлийн шийдвэр нь баталгаажиж байна гэж ойлгогдож байгаа. Хэрэв шинэ акт гараагүй байсан бол Маргаан таслах зөвлөлөөр дахин акт гаргуулах байсан. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Маргаж буй захиргааны актыг гаргасан улсын байцаагч Б. нарын актын толгой хэсэгт нь Маргаан таслах зөвлөлийн тогтоолыг үндэслэн хяналт шалгалт хийхээр томилолт үүсгэв гэж бичиж актаа гаргасан байдаг.

Нийслэлийн татварын газрын татварын улсын байцаагч нарын 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн НА-2221000034 дугаартай татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай актын нэгдүгээр заалтаар зөрчилд тооцсон төлбөрөөс 6,559,393.70 төгрөгийг үл зөвшөөрч, хүчингүй болгуулж өөрчлөлт оруулах, Хоёр, Гурав, Тав дахь заалтыг бүхэлд нь үл зөвшөөрч, нийт 10,940,285 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгуулах шаардлага гаргасан.

1. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 2017, 2019 онд тус тус үйл ажиллагааны борлуулалтын орлогыг дутуу тайлагнасан гэсэн зөрчил байгаа. Татварын улсын байцаагч нар 2017 онд нийт орон сууцыг бүхэлд нь 1,800,000 төгрөгөөр 1 м.кв борлуулсан байх ёстой гэж үзсэнийг хийсвэр тооцоолол гаргасны үндсэн дээр 7,008,909 төгрөгийн борлуулалтын орлого дутуу тайлагнасан гэж үзэж байгаа. Энэ зөрчлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй Г хотхоны ** тоот 39.3 м.кв орон сууцыг бусад орон сууцны адил үнээр борлуулаагүй, харин 1 м.кв-ийг 1,603,822 төгрөгөөр борлуулсан байх тул энэ борлуулалтын 7,709,800 төгрөгийн зөрүү үүсэж татварын энэ дүнгээс нэмэгдсэн өртгийн албан татварыг хасаж 7,008,909 төгрөгийн борлуулалтын орлого дутуу тайлагнасан гэж зөрчил гэж үзсэн нь үндэслэлгүй.

Хариуцагчийн хариу тайлбартай холбогдуулан өөрийн цуглуулсан нотлох баримтаас нэмж 1 хуудас нотлох баримт шинээр гаргаж өгч байна. Хариуцагчийн зүгээс 1 м.кв талбайг 1.800.000 төгрөгөөр борлуулсан тэр дүнд Баянгол дүүргийн татварын байцаагч нар дүгнэлт хийсэн гэж ярьж байна. Тухайн үед хяналт шалгалтад манай дансны бүх хуулгыг авсан учир ** тоот н. байрыг 1.600.000 төгрөгөөр тооцсон гэж бид бодож байсан. Нотлох баримтаа дутуу гаргаж өгсөн байна. Иймээс шүүхэд ойлгомжтой байлгах үүднээс Х банкны дансны хуулгыг гаргаж өгч байна. Дансны хуулга хяналт шалгалтад хамрагдсан.

2. 2019 оны 238,457,607.80 төгрөгийн үндсэн үйл ажиллагааны орлогыг орлогын албан татварын тайланд тусгаагүй. Татвар ногдох орлогыг нуун дарагдуулсан гэх энэ дутуу тайлагнасан гэх зөрчлийг хүлээн зөвшөөрч байгаа. 2019 онд төлбөр нь орж ирээгүй учир авлага үүсэж авлагаар бүртгэх ёстой байсан бүртгэлийг хийгээгүй нь манай буруу байгаа.

Нэгдүгээр зөрчилтэй холбоотой үндсэн гол зөрчил нь манай борлуулалтын орлого нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулийн нийт борлуулалтын орлого гэсэн орлогын зүйлд хамаарна гэж үзэж байгаа. Гэтэл үндсэн үйл ажиллагааны орлого гэсэн нь ойлгомжгүй. Хэрэв нийт хэмжээгээр татвар ногдох ёстой гэж үзсэн байлаа ч татварын албаны тооцсон тооцоолол нь өөрөө алдаатай байна гэж үзэж байна.

Үл хөдлөх хөрөнгө борлуулалтын орлогоор тайлагнаагүй. Тухайн үед нягтлан бодогч буюу тайлан гаргасан хүн нь өөрөө үйл ажиллагааны орлогоор тайлагнасан байдаг. Тухайн үед үл хөдлөх борлуулсны орлогыг борлуулалт тухай бүрд нь татварт төлж явдаг хуулийн дагуу манайх төлж байсан. Тухайн үед тайлан гаргаж байсан нягтлан бодогчийн хуулийн мэдлэггүйгээс болоод үйл ажиллагааны орлогоор тайлагнасан байдаг. Үйл ажиллагааны орлогоор тайлагнахтай холбоотой татварын тооцоолол, үл хөдлөх хөрөнгө борлуулахтай холбоотой тайлан хоёр өөр зарчмаар тайлагнагддаг. Үл хөдлөх хөрөнгө борлуулахтай холбоотой тайлан нийт үнийг дүнгийн 2 хувь төлдөг, бид энэ татвараа төлсөн атал энэ татварыг татварын алба урьдчилж төлсөн татвар гэж үзээд бүртгэж аваад тайлангаар үйл ажиллагааны орлогоор тайлагнахаар зардлаа хасаад цэвэр орлогоосоо дахин 10 хувь татвар ноогдуулна гээд байгаа. Улсын бүртгэлийн алба нь бүртгэл шилжих үед суутгах үүрэгтэй гэдгээрээ шаардаад төлүүлсэн. Тэр татвар төлсөн баримтаа улсын бүртгэлд өгч үл хөдлөхөө шилжүүлдэг, үл хөдлөхтэй холбоотой татварыг тухай бүрд төлсөн атал хяналт шалгалтаар тайландаа үйл ажиллагааны орлого гэж буруу илэрхийлснээс төлсөн татварыг урьдчилж төлсөн татвар гэдгээр үзээд дахин үйл ажиллагааны орлогын татвар төлөхөөр тооцоолоод байгаа юм. Нийтлэг хувь хэмжээгээр илүү төлсөнтэй холбоотойгоор 23,459,000 төгрөгийн илүү төлөлттэй байхаар тооцоо гарч байгаа.

Хоёрдугаар зөрчлийн хувьд Аж ахуйн нэгжийн орлогын албаны татварын хуулийн нэгдүгээр зөрчилтэй шууд холбоотой татвар ногдуулах хувь нь аль төрөл вэ гэдгээс шалтгаална. Хэрэв үл хөдлөх хөрөнгө борлуулсан гэдгээр тооцогдвол хасагдах зардал гэдэг утга агуулга яригдахгүй. Нийтлэг хувь хэмжээгээр татвар оногдоно гэж үзэх юм бол борлуулсан бүтээгдэхүүний өртгийг нэмж тайлагнасан гэх зөрчлийн хувьд нийтлэг хувь хэмжээнийх нь хувьд яригдах юм. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн хасагдах заалттай холбоотой байгаа юм.

Борлуулсан барааны өртгийг илүү тооцож татвар ноогдох орлогыг бууруулсан гэсэн зөрчил байгаа. Үл хөдлөх хөрөнгө борлуулсны орлогоос албан татвар ногдуулахдаа нийт борлуулалтын үнийн дүнгээс 2 хувиар төлдөг. Энэ төрлийн татвар ногдуулалтын тухайд хасагдах зардал буюу борлуулсан бүтээгдэхүүний тухай яригдахгүй. Зөвхөн нийтлэг хувь хэмжээгээр татвар ногдуулах үндсэн үйл ажиллагааны орлогоос зарлагаа хасаад цэвэр орлогын 10 хувь төлдөг учир үл хөдлөх хөрөнгө борлуулсан төрлийн орлого юм гэж үзэж 2 дахь зөрчил гарах ёсгүй.

Гурав, тав дахь зөрчил нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд хамааралтай. Нэгдүгээр зөрчилд байгаа аж ахуйн нэгжийн орлогын албаны татварын орлого дутуу тайлагнасан гэх дүнгээс Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн хувьд орон сууц борлуулсны орлого нь чөлөөлөгдөнө гэж үзэж байгаа.

Тав дах зөрчлийн хувьд төлөгдөөгүй өр үүссэн байгаа нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар ноогдуулсан байгаа. Үүн дээр хугацаандаа төлөгдөөгүй алданги үүссэн. Энэ нь өөрөө орон сууц борлуулсан орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ноогдох ёстой эсэх асуудал гарч ирж байгаа. Хэрэв ноогдох ёстой гэж үзвэл гарах алдангийн зөрүү байгаа. Борлуулсан бараа гэж үзвэл нэмэгдсэн өртгийн албан татвар ногдоно.

Татвар төлөгчийн хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан нягтлан бодогчийн хууль хэрэглээ мэдэхгүйн улмаас буруу тайлагнасан байна гэж үзэж байна. Татварын албанд татвар төлөлтөд орохдоо гүйлгээ нэг бүрээр дугаартайгаа Э ХХК-иас үл хөдлөх хөрөнгө борлуулсны орлогын татвар гэсэн утгатай гүйлгээнүүд орж байсан. 2006 оны Татварын ерөнхий хуулийн 46, 47 дугаар зүйлд Татварын албаны татварын тайлан хүлээж авахтай холбоотой үүрэг, үндэслэлүүд байдаг. Татвар төлөгч нь тухайн үедээ буруу тайлагнаж байснаа мэдсэн бол хянах боломжтой байсан.

Сүүлд татварын хяналт шалгалтын үеэр энэ асуудал яригдаж татварын алба татварын улсын байцаагч энэ үүргээ биелүүлж татварын ерөнхий газарт бичиг өгөөд лавлагаа авагдсан. Тухайн үед татварын албанд шалгуулж байх үеэс энэ асуудлыг ярьсан. Шалгуулахаас өмнө хариуцсан байцаагч нар энэ асуудлыг залруулах боломжтой байсан. Татварын алба үүргээ биелүүлээгүй гэж харагдаж байна. Энэ илүү төлөлт гэдгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Манайх шинээр бариад борлуулж байгаа орон сууц биш юм. Хэргийн материалд Г ХХК-ийн барьсан барилгаас манай компани худалдаж авсан 2 гэрээ байгаа. Манайх худалдаж авахдаа нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн. Анх барилга барьж байгаа компани нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх үүрэгтэй. Түүнийхээ дагуу бид нэмэгдсэн өртгийн албан татвар төлчихсөн байраа худалдаж аваад борлуулахдаа мөнгө нэмж борлуулаад үл хөдлөх хөрөнгө борлуулсны татвараа нийт үнийн дүнгээсээ 2 хувиар илүү төлчихсөн. Яаж тайлагнасан нь чухал биш аль төрлийн татвар ногдуулах нь чухал байна. гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбартаа: Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулийн үйлчлэх хүрээнд маргаж байгаа асуудлын эрх зүйн асуудал үүссэн гэж үзээд энэ хуулиа баримтална. Энэ хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.7-д заалтад манай орон сууц үнэ нэмж борлуулсан үйл ажиллагааг яагаад оруулж болохгүй гэдэг маргаан юм. Харин хариуцагч тал Татварын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.4-т зааснаар хамаарахгүй гэж байгаа. Манайх худалдах зориулалтаар ашиглаагүй орон сууц зориулалтаар нь борлуулж байгаа учир энэ заалтыг үндэслэлгүй гэж үзэж байна. Анх гэрээ хийж худалдаж авахдаа хуулийн дагуу НӨАТ төлсөн байхад цааш нь манайх орон сууцаар борлуулж байхад нэмэгдсэн өртгийн албан татварыг давхар тооцох нь хуулийг буруу, хэрэглэж байгаа ойлголт юм. гэв.

 

Хариуцагч татварын улсын байцаагч Б.Б, Б.А нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Баянгол дүүргийн Татварын хэлтэст бүртгэлтэй, ***** тоот регистрийн дугаартай Э ХХК-ийн 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг тус дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д нар 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хийж 102,400,069.90 төгрөгний зөрчилд 2620902210 тоот нөхөн ногдуулалтын акт гаргасныг татвар төлөгч эс зөвшөөрч Нийслэлийн маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан байдаг.

Нийслэлийн маргаан таслах зөвлөлийн 2021 оны 03 дугаар сарын 22-ны 11 тоот тогтоолоор татварын нөхөн ногдуулалтын **** тоот актыг түдгэлзүүлж дээд шатны байгууллагаар шалгуулахаар шийдвэрлэснээр Нийслэлийн Татварын газрын Хяналт шалгалтын хэлтэст 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдөр **** тоот томилолт үүсэж санхүү, татварын тайлан, санхүүгийн анхан шатны баримт, арилжааны банкин дахь харилцах дансны хуулга, хөндлөнгийн мэдээлэл, татвар төлөгчтэй хийсэн ярилцлага зэрэг баримтад тулгуурлан хийж 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр НА-22210000034 тоот нөхөн ногдуулалтын акт гаргасан.

Татварын хяналт шалгалтаар нийт 826,322,946.79 төгрөгийн зөрчил илэрсэн.

Нэг. Тус компани нь үл хөдлөх хөрөнгийн худалдаа, гадаад худалдаа, үл хөдлөх хөрөнгийн зуучлалын үйл ажиллагаа явуулахаар байгуулагдсан ба 2016-2019 онд бусдаас үл хөдлөх хөрөнгө худалдан авч өөрийн ашгийг тооцож худалдан борлуулж орлого олж ирсэн бөгөөд энэ нь тухайн компанийн үндсэн үйл ажиллагааны орлого болно. Иймд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 т зааснаар албан татвар ногдуулах орлогыг тодорхойлж, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасан хувиар албан татвар ногдуулна гэснийг үндэслэн ногдуулав.

1.1. 2017 онд 7,008,809.90 төгрөгийн үндсэн үйл ажиллагааны борлуулалтын орлогыг тайланд тусгаагүй зөрчил нь 2017 онд Б ХХК- ийн С хотхоноос 1,695,037.50 төгрөгийн нэгжийн өртөг бүхий нийт 1279,13 м.кв талбайтай 20 ширхэг байрыг 1 м.кв талбайг дунджаар 2,500,000.00 төгрөгөөр борлуулж нийт 3,189,535,760.0 төгрөгийн, Г хотхоноос 1,197,933.00 төгрөгийн нэгжийн өртөг бүхий 339,09 м.кв талбайтай 6 ширхэг байрыг 1 м.кв талбайг 1,800,000.00 төгрөгөөр борлуулж 610,362,0.00 төгрөгийн нийт нэмэгдсэн өртгийн албан татвартай дүнгээр 3,799,897,760.00 төгрөгийн буюу нэмэгдсэн өртгийн албан татварыг салган тооцож 3,454,452,493.00 төгрөгийн цэвэр борлуулалтын орлого олсон, 2017 оны жилийн эцсийн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар 3,447,443,700.00 төгрөгийн орлого тайлагнаж 7,008,809.10 төгрөгийн борлуулалтын орлого дутуу тайлагнасан. (3,454,452,509.1- 3,447,443,700.00=7,008,809.10)

1.2. Татвар төлөгч 2019 онд 1,371,808.00 төгрөгийн нэгжийн өртөг бүхий 37.14 м.кв талбайтай 1 ширхэг орон сууцыг 1 м.кв талбайг дунджаар 1,800,000.00 төгрөгөөр худалдан борлуулж 61,591,544.00 /нэмэгдсэн өртгийн албан татваргүй дүн/ төгрөгийн орлого олж, 2019 оны эцэст 914,707,694.00 төгрөгийн өртөг бүхий 10 ш байр зарагдаагүй үлдсэн гэж тооцоолол ирүүлсэн. 2019 оны аудитлагдсан санхүүгийн байдлын тайлангаас үзэхэд борлуулах зорилгоор эзэмшиж буй эргэлтийн хөрөнгө хэсэгт 702,659.700.00 төгрөг тайлагнасан ба тус компанийн Х банкин дахь төгрөгийн 4*****5 дугаар дансны 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны гүйлгээний хуулбар ирүүлсэн. Энэ баримтаас үзэхэд 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр *** дугаар байрны 1, 2, 5, 6,10, 15, 20, 25 тоот бүхий 8 орон сууцны ашиглалтын зардалд 377,987.54, 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр *** дугаар байрны 1, 2, 5, 6, 10, 20, 25 тоот бүхий 7 орон сууцны ашиглалтын зардалд 286,671.96 төгрөгийг тус тус төлсөн бөгөөд 2019 оны жилийн эцэст 10 орон сууц бус 7 орон сууц үлдэж нийт 4 орон сууц борлуулсан гэж үзэхээр байна. Мөн татварын албаны мэдээллийн сан дахь үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаанаас үзэхэд УБ, С дүүрэг, **-р хороо, *-р хороолол, Э гудамж, *** байрны 1, 2, 5, 6, 10, 20, 25 дугаартай 7 орон сууц компанийн нэр дээр бүртгэлтэй байгаа нь 7 байр үлдсэнийг нотолж байна. Дээрх баримт, тооцооллоос дүгнэхэд 2019 онд Г ХХК-иас худалдан авсан УБ, С дүүрэг, **-р хороо, *-р хороолол, Э гудамж, *** дугаар байрнаас дунджаар 1,264,616.00 төгрөгийн нэгжийн өртөг бүхий нийт 169.31 м.кв талбайтай 3 орон сууцыг 1 м.кв талбайг дунджаар 1,800,000.00 төгрөгөөр борлуулж нэмэгдсэн өртгийн албан татвартай дүнгээр нийт 262,303,368.58 төгрөгийн буюу 238,457,607.80 төгрөгийн цэвэр борлуулалтын орлого олсныг татварын тайланд тусгаагүй байна.

2019 онд орон сууц борлуулсны 238,457,607.80 төгрөгийн борлуулалтын орлогоос борлуулсан байрны 161,599,020.10 төгрөгийн өртгийг мөн тайлант хугацааны 15,489,305.10 төгрөгийн алдагдлыг хааж үлдэх 61,369,282.6 төгрөгийн татвар ногдуулах орлогын дүнд төлбөр ногдуулсан.

Алдагдал баталгаажуулах журмын дагуу 2018 оны алдагдлыг 2019 онд хүсэлтээ өгч баталгаажуулж алдагдлыг шилжүүлж тооцуулах эрх үүсдэг ба тухайн компани алдагдлаа баталгаажуулаагүй учраас 2018 оны алдагдлыг хасах эрх үүсэхгүй.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-т Албан татвар төлөгчийн дараах төрлийн орлогод албан татвар ногдоно: 7.3.1. үйл ажиллагааны орлого, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д Албан татвар төлөгчийн үйл ажиллагааны дараах орлогод албан татвар ногдоно: 8.1.1. үндсэн болон туслах үйлдвэрлэл, ажил, үйлчилгээний борлуулалтын орлого гэж зааснаас үзэхэд татвар төлөгчийн орон сууц худалдан борлуулсны орлогод албан татвар ногдохоор байна.

Гомдол гаргагч нь үл хөдлөх эд хөрөнгө борлуулсан бус орон сууц /бараа/ худалдан борлуулах үйл ажиллагаа эрхэлсэн нь Г ХХК-тай хийсэн орон сууц захиалгын гэрээ, Б ХХК-тай захиалгаар орон сууц бариулах тухай гэрээ, дээрх орон сууцыг бусдад худалдах тухай 7 гэрээ, 2016-2019 оны аж ахуйн нэгжийн орлогын болон нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангууд, нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн худалдан авалтын падааны жагсаалт, үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөлт, 2017-2019 онд худалдан борлуулсан орон сууцны тоо, талбай, 1 м.кв талбайн өртөг, худалдсан үнэ, орон сууцны үлдэгдлийг харуулсан тооцоолол зэрэг баримтуудыг ирүүлснээс үзэхэд үндсэн үйл ажиллагааны орлого нь үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлого бус борлуулах зориулалттай орон сууц бусдаас худалдан авч борлуулсан нь нотлогдож байгаа тул үл хөдлөх эд хөрөнгө борлуулсан гэж үзэхээргүй байна.

Мөн гомдол гаргагч нь манай компанийн хувьд худалдан авсан орон сууцнуудаа борлуулах зорилгоор эзэмшиж буй үл хөдлөх хөрөнгийн данс-д бүртгэж борлуулах хүртлээ орон сууцнаас өөр зориулалтаар ашиглаагүй, түрээслүүлээгүй, шинээр нь байлгаж байгаад үнэ нэмж борлуулсан гэж худалдан борлуулах зориулалттай шинэ орон сууц гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна.

Аж ахуйн нэгж нь үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаарддаг үл хөдлөх хөрөнгө борлуулсны 2 хувийн татвар төлснөө аж ахуйн нэгжийн орлогын албан татварын дутууд суутган тооцоо хийж татварын тооцооллын зөрүүг гаргаж явдаг болно.

Хоёр. Татварын хяналт шалгалтын үйл ажиллагаагаар илэрсэн зөрчлийн 2-рт: Борлуулсан барааны өртгийг 2017 онд 232,997,736.10 төгрөгөөр илүү тооцож татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчлийг үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны нийт орлогод тусгайлсан хувь хэмжээгээр 2% -ийн татвар шууд ногдуулдаг тул хасагдах зардлын тухай ойлголт байхгүй гэж маргасан.

Уг ойлголт нь гомдол гаргагчаас гаргасан гомдлын нэгдүгээр хэсэгтэй хамааралтай байна. Өөрөөр хэлбэл гомдол гаргагч нь үл хөдлөх эд хөрөнгө борлуулсан бус орон сууц /бараа/ худалдан борлуулах үйл ажиллагаа эрхэлсэн нь нотлогдож байгаа тул ирүүлсэн баримт материалд үндэслэн борлуулсан барааны өртгийг хэрхэн тооцож бүртгэснийг хянавал:

Гомдол гаргагч нь аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 2017 оны жилийн эцсийн тайлангаар 3,447,443,683.61 төгрөгийн үндсэн үйлдвэрлэл, ажил үйлчилгээний орлоготой, 2,822,599,138.20 төгрөгийн борлуулсан бүтээгдэхүүний өртөгтэй тайлан ирүүлсэн нь цахим татварын системд хадгалагдсан байна.

Татвар төлөгчөөс ирүүлсэн орон сууц худалдан авах гэрээ, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, дэлгэрэнгүй тооцооллоос үзэхэд Б ХХК-ийн С хотхоноос 2016 онд 1,695,037.50 төгрөгийн нэгжийн өртөг бүхий нийт 1279,13 м.кв талбайтай 20 ширхэг орон сууцыг нийт 2,168,173,317.40 төгрөгөөр, Г хотхоноос 1м.кв талбай нь дунджаар 1,197,933.00 төгрөгийн нэгжийн өртөгтэй нийт 339,09 мкв талбай бүхий 6 ширхэг орон сууцыг нийт 421,428,146.00 төгрөгөөр худалдан авч 15,221,045.00 төгрөгийн засварын зардал нэмж борлуулсан бүтээгдэхүүнийг өртгийг тооцвол 2,589,601,463.40 төгрөг байхаар байна.

Дээрх тайлан баримтаас дүгнэхэд аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 2017 оны жилийн эцсийн тайланд борлуулсан бүтээгдэхүүний өртгийг нийт 2,822,599,138.20 төгрөгийн хасагдах зардлаар тайлагнаж, татвар ногдуулах орлогыг 232,997,736.10 төгрөгөөр бууруулсан байна.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 Дараах тохиолдолд зардлыг албан татвар ногдох орлогоос хасаж тооцохгүй: 15.1.1. Албан татвар төлөгчийн баримтаар нотлогдохгүй зардал гэж зааснаас үзэхэд дээрх зөрчилд хариуцлага ногдуулахаар байна.

Гурав. "Э" ХХК нь орон сууцны зориулалттай байрыг худалдан авч бусдад худалдаж ашиг олох үйл ажиллагаа эрхэлж байсныг нэгдүгээр зөрчилд гаргасан гомдлыг хянахад тогтоосон. Мөн гомдол гаргагчаас 2020 оны 09 дүгээр сарын 07- ны өдөр Татварын ерөнхий газрын Хяналт шалгалт арга зүйн газарт ирүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн хэрэгжилтийн талаар тодруулга авах тухай ***** дугаар албан бичиг, 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, магадалгаанд ирүүлсэн орон сууц худалдан авах гэрээ, орон сууц худалдах гэрээ зэргээр үл хөдлөх хөрөнгө бус бараа /худалдах зориулалттай шинэ орон сууц/ борлуулсан нь нотлогдож байна.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.7-д орон сууцын зориулалтаар ашиглаж байгаа байр буюу түүний хэсгийг борлуулсны орлогыг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлнө, 13.4-т Худалдах зориулалтаар шинээр барьсан орон сууцны зориулалттай байр, түүний хэсэгт энэ хуулийн 13.1.7 дахь заалт хамааралгүй гэж зааснаас үзэхэд орон сууцны зориулалттай шинэ байрыг худалдан борлуулах үйл ажиллагаа нь татвараас чөлөөлөгдөхөөргүй байна.

Мөн гомдол гаргагч нь манай компанийн хувьд худалдан авсан орон сууцнуудаа борлуулах зорилгоор эзэмшиж буй үл хөдлөх хөрөнгийн данс-д бүртгэж борлуулах хүртлээ орон сууцнаас өөр зориулалтаар ашиглаагүй, түрээслүүлээгүй, шинээр нь байлгаж байгаад үнэ нэмж борлуулсан гэж худалдан борлуулах зориулалттай шинэ орон сууц гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна.

Гомдол гаргагч нь 2017 онд 7,008,809.90 төгрөг, 2019 онд 238,457,607.80 төгрөгийн үндсэн үйл ажиллагааны борлуулалтын орлогыг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд тусгаагүй нь татварын албанд ирүүлсэн нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар нотлогдож байна.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол дор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулна: 7.1.1 "Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ гэж зааснаас үзэхэд Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулахаар байна.

Иймд, 2017 онд 7,008,809.10 төгрөгийн, 2019 онд 238,457,607.00 төгрөгийн, нийт 245,466,416.90 төгрөгийн борлуулалтын орлогыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд дутуу тусгасан зөрчилд 24,546,640.89 төгрөгийн нөхөн татвар, 7,363,992.50 төгрөгийн торгууль, 4,909,328.40 төгрөгийн алданги, нийт 36,819,961.79 төгрөгийн төлбөр ногдуулсан.

Дөрөв. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д Албан татвар суутган төлөгч нь борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд ногдох албан татварыг доор дурдсан журмаар дараа сарын 10-ны өдрийн дотор төрийн сангийн нэгдсэн дансанд шилжүүлж, баталсан маягтын дагуу тайлангаа харьяалах татварын албанд тушаана, 16.1.1-д тухайн сард борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд ногдох албан татварыг албан татвар суутган төлөгч төсөвт төлнө гэж зааснаас үзэхэд татвар суутган төлөгч нь сар бүр суутган төлбөл зохих татварын дүнг тайлагнаж төлөхөөр байна.

2018 онд 20,030,233.90 төгрөг, 2019 онд 77,816,779.40 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг хуульд заасан хугацаанд төсөвт төлөөгүй нь зөрчилд Татварын ерөнхий хууль /2019 оны/-ийн 73 дугаар зүйлийн 73.1-д татвар төлөгчийн хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй татварт, ... алданги тооцох бөгөөд тухайн татварын жилд мөрдөх алдангийн хэмжээг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тухайн татварын жилийн 1 дүгээр сард багтаан дараах зарчмыг үндэслэн тогтооно, 73.1.1-д татвар төлөгчийн хугацаандаа төлөөгүй татварт тооцох алдангийн хэмжээг М банкнаас зарласан арилжааны банкуудын зээлийн хүүгийн жилийн жигнэсэн дунджаас 20 хувиар илүү байхаар, 73.2-т Алданги тооцох хугацааг доор дурдсанаар тодорхойлно, 73.2.1-д татварын хууль тогтоомжид заасны дагуу тухайн татварыг төлбөл зохих өдрөөс түүнийг төлсөн өдрийг хүртэлх хоногийн тоогоор гэж, Зөрчлийн тухай хууль /2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн өөрчлөлтөөр/-ийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг Татварын хуулиар тогтоосон хугацаанд нь төлөөгүй бол хүн, хуулийн этгээдийг хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй татварын 0.1 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно Тайлбар: Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгуулийн хэмжээ нь төлөх татварын хэмжээний 10 хувиас хэтрэхгүй байна гэж заажээ. 

Иймд, татварын улсын байцаагчид нөхөн нөгдуулалтын актаар нэмэгдсэн өртгийн албан татварыг хуулийн хугацаанд төлөөгүй нийт 97,847,013.30 төгрөгийн зөрчилд 9,783,798.0 төгрөгийн торгууль, 15,795,471.100 төгрөгийн алданги, нийт 25,579,269.10 төгрөгийн төлбөр ногдуулсан.

Суутган тооцоо хийх журамд татвар төлөгч өөрөө хүсвэл албан бичгээр хүсэлтээ гаргаж татварын илүү дутууг суутган тооцуулж үлдэгдлээ бууруулах боломжтой байдаг ба энэ татвар төлөгч нь суутган тооцоолол хийлгэх хүсэлт гаргаагүй болно.

Татвар төлөгчийн тайлан тооцоог үнэн зөв гаргах нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйл. Аж ахуйн нэгж, байгууллагын нягтлан бодох бүртгэлийн удирдлага, зохион байгуулалт, 18.1 Нягтлан бодох бүртгэлийг удирдан зохион байгуулах үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх удирдлага хүлээнэ., 18.2 Аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага нь нягтлан бодох бүртгэлийн хууль тогтоомж, стандарт, дүрэм, журам, зааварт нийцүүлэн нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичгийг баталж, мөрдөж ажиллана., 18.3 Аж ахуйн нэгж, байгууллагын нягтлан бодох бүртгэлийг хөтөлж, санхүүгийн тайланг гаргаж, тайлагнах этгээд нь мэргэжлийн, эсхүл мэргэшсэн нягтлан бодогч байна., 18.4 Аж ахуйн нэгж, байгууллага нь гэрээт нягтлан бодогч, эсхүл нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийн зөвлөх үйлчилгээ авч ажиллуулж болно гэж заасан болно. гэжээ.

 

Хариуцагч нар шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Маргаан таслах зөвлөлийн тогтоолыг үндэслээд алданги торгуулийг нэмэгдэх, хасагдах тооцооллын акт гарсан. Бүрэн хяналт шалгалт хийгээгүй Маргаан таслах зөвлөлийн тогтоолыг үндэслээд зөвхөн алдангийг нэмж тооцсон. Нэхэмжлэгчийн гаргасан гомдолд тооцооллын асуудлаар гаргаагүй. Үйл ажиллагаатай холбоотой 10 хувьд маргасан. Үүний хүрээнд шалгаж Маргаан таслах зөвлөл тогтоол гаргасан үүний дагуу бид татварын 2 хувь, 10 хувьд маргаж байгаа гэж ойлгосон гэтэл шүүхэд тооцооллын алдангид маргаж байна.

1.2 дахь зөрчлийн хувьд Үйл ажиллагааны орлого гэдэг нь өөрийнх нь хэлсэнтэй таарч байгаа. Үл хөдлөх эд хөрөнгөөр баланст байхгүй. Үл хөдлөх хөрөнгө борлуулах зорилгоор эзэмшиж байгаа гэсэн бүртгэлд байгаа учир энэ бол бараа юм. Бараа гэдгээ Татварын ерөнхий газар хандаж хариугаа албан ёсоор бичгээр авсан байгаа. Энэ бичгийг хэрэгт хавсаргасан байгаа. Хэрэв үл хөдлөх хөрөнгө бол нэг дансанд бүртгэгдэнэ. Тэгэхлээр ашиг олох зорилгоор борлуулж байгаа бараа болохоор үйл ажиллагааны борлуулалтын орлогын тайландаа 10 хувиар тайлагнасан байгаа. Тайлагнахдаа дутуу тайлагнасан зарим орон сууцаа борлуулсан гэдгээ тайлагнаагүй байсан. Тэр зөрүүнд манай байцаагч нар ногдол хийгээд актаа тавьсан байгаа.

Зөрчлийн 1.1 дэх хэсэгт байгаа 7,008,000 төгрөгийн зөрүү нь татвар төлөгчөөс татварын байцаагч санхүүгийн баримт бичгээр тухай бүр шаардахад Г хотхоны ** тоотын захиалгын гэрээ материал өгөөгүй. Харин 1.800.000 төгрөгийн гэрээг өгөхөд борлуулалтыг 1.800.000 төгрөг байна гэж үзсэн. Тухайн үед нотлох баримтаа өөрсдөө гаргаж өгөөгүй. Бидний гаргаж өгсөн нотлох баримтын хүрээнд шалгасан.Үл хөдлөх хөрөнгө борлуулсны 2 хувь, үйл ажиллагаа эрхэлсний орлогын албан татварын 10 хувь гэдэгт маргасанхүлээн зөвшөөрч байгаа. Үл хөдлөх хөрөнгө борлуулсны 2 хувь, үйл ажиллагаа эрхэлсний орлогын албан татварын 10 хувь гэдэгт маргасан байгаа. Үйл ажиллагааны зар

байгаа. Үйл ажиллагааны орлого гэдэг нь өөрсдийнх нь гаргасан тайлангаар батлагдаж байгаа. Баланс дээрээ борлуулах зорилгоор эзэмшиж байгаа хөрөнгө гэдгээр бүртгэсэн учир бараа гэдгээ хүлээн зөвшөөрч байна гэж үзэж байгаа.

238,457,607.80 төгрөгийн зөрүү байгаа гэдгээ өөрсдөө дал гэдэг нь зөв гэж үзэж байгаа хэмжээгээр өртгөө өсгөсөн байгаа.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.7-д зааснаар орон сууцны зориулалтаар ашиглаж байгаа байр буюу түүнийг борлуулан орлогыг НӨАТ-аас чөлөөлөгдөнө гэсэн байдаг. Гэтэл тус хуулийн 13 дугаар зүйлийн 13.4-т худалдах зориулалтаар шинээр барьсан орон сууцны зориулалттай байр түүний хэсэгт Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.7-д заасан заалт хамаарахгүй гэж үзэхэд орон сууцны зориулалттай шинэ байрыг худалдан борлуулах үйл ажиллагаа нь НӨАТ-аас чөлөөлөгдөхгүй байгаа.

Тухайн компаниас бөөнөөр нь худалдаж аваад борлуулахдаа мөнгө нэмж борлуулсан. Уг байр шинэ байр байсан НӨАТ-тай борлуулна. Иргэн худалдан авахдаа нэмэгдсэн өртгийн албан татвартай Е-баримтынхаа 2 хувийг НӨАТ-ийн буцаан авалтаар буцаагаад авч байгаа. Дахиад НӨАТ-тай борлуулалт гэдэг худалдагдаад явж байгаа. Тэрний зөрүүгээс НӨАТ үлдэж тайлагнасан гэдэг нь зөв юм. Манай нягтланг буруу тайлагнасан гээд байна. Гэтэл компанийн хуульд тайлангаа гаргаж өгөх тухайн компанийн үүрэг юм.

Татварын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.4-т заалтад хамааруулаад байгаа нь шинээр байранд гэрээ хийгээд борлуулалтыг дамжуулан борлуулж байгаа нь нөгөө айлаас худалдан авалтаа аваад хасна. Борлуулалтыг бараа гэж үзээд НӨАТ-аас чөлөөлөгдөх бараа биш юм.

 

Хугацааны алдангийн хувьд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-т зааснаар албан татвар төлөгч нь борлуулсан бараа үйлчилгээнд ноогдох албан татварыг дараа сарын 10-ны өдрийн дотор Төрийн сангийн нэгдсэн дансанд шилжүүлсэн батлагдсан маягтыг харьяа дүүргийн татварын албанд тушаана гэсэн байдаг. Хугацаандаа төлөөгүй алданги тооцсон. гэв.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б: Маргаан таслах зөвлөлийн тогтоолоор өмнөх акт нь хүчингүй болж шинэ акт гаргасан нь дахин шинээр эхэлсэн гэсэн үг. Татварын ерөнхий хуулийн 81 дүгээрт зааснаар татварын улсын байцаагчийн үйлдсэн татварын актын гомдлыг харьяаллын дагуу Маргаан таслах зөвлөлд хандах ёстой байсан. Нийслэлийн татварын газраас гаргасан шинэ актыг Маргаан таслах зөвлөлд хандах байсныг хандаагүй байна. Хэрэв Маргаан таслах зөвлөлийн хэрэгжүүлсэн тогтоолд гомдолтой байсан бол тухай үедээ шүүхэд гаргах ёстой байсан. Харин шинэ акттай холбоотой гомдлоо Маргаан таслах зөвлөлд гаргах ёстой байсан.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлд барааг бусдын өмчлөлд шилжүүлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэхийг хэлнэ гэж байгаа. Байр худалдан авч худалдан борлуулсан тохиолдолд НӨАТ төлөх, тайлангаа өгөх ёстой. Татвар төлөгч, нягтлан бодогч тайлангаа буруу тайлагнасан учир Татварын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.4-т заалтад хамааруулна гэсэн ойлголт байхгүй. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Э ХХК-ийн 2016-2019 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд Б дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нар 2020 оны 9-11 дүгээр сард хяналт шалгалт хийж, 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр **** тоот нөхөн ногдуулалтын актаар 5 зөрчилд нөхөн татвар, торгууль, алдангид нийт 102,400,069.90 төгрөгийн төлбөр тогтоосон, татвар төлөгчийн гомдлоор нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөл 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 11 дүгээр тогтоолоор алдангийн хариуцлага ногдуулаагүй, тооцооны алдаа нь нөхөн ногдуулалтын актын дүнг нэмэгдүүлэхээр байна гэж татварын нөхөн ногдуулалтын актыг түдгэлзүүлж дээд шатны татварын албанд буцаасан, улмаар Нийслэлийн Татварын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч нар 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 2221501127 тоот томилолтоор хяналт шалгалтыг хийж 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр НА-22210000034 тоот нөхөн ногдуулалтын актаар 105,218,946.20 төгрөгийн төлбөр тогтоожээ.

Татварын хяналт шалгалтаар нийт 826,322,946.79 төгрөгийн дараах 5 зөрчил илэрсэн.

1. 2017 онд 7,008,809.90 төгрөгийн, 2019 онд 238,457,607.80 төгрөгийн үндсэн үйл ажиллагааны борлуулалтын орлогыг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд тусгаагүй,

2. 2017 онд борлуулсан барааны өртгийг 232,997,736.10 төгрөгөөр илүү тооцож татвар ногдуулах орлогыг бууруулсан,

3. 2017 онд 7,008,809.90 төгрөгийн, 2019 онд 238,457,607.80 төгрөгийн үндсэн үйл ажиллагааны борлуулалтын орлогыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгаагүй,

4. 2017 онд үндсэн хөрөнгө бэлтгэхэд зориулж худалдаж авсан 4,545,363.6 төгрөгийн худалдан авалтыг төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцсон,

5. 2018 онд 20,030,233.90 төгрөг, 2019 онд 77,816,779.40 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг хуульд заасан хугацаанд төсөвт төлөөгүй.

Нэхэмжлэгч Э ХХК нь 4 дэх зөрчилд нөхөн татвар, хариуцлага ногдуулсныг маргаагүй, нийслэлийн Татварын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн НА-22210000034 тоот нөхөн ногдуулалтын актын зөрчлийн 1 дэх хэсэгт ногдуулсан төлбөрөөс 6,591,393.70 төгрөгийг хүчингүй болгуулах, 2, 3, 5 дахь хэсэгт ногдуулсан төлбөрийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гарган маргасан бөгөөд зөрчил тус бүрээр дүгнэж, 1, 3 дахь зөрчлийн 2017 онд 7,008,809.90 төгрөгийн борлуулалтын орлогыг аж ахуйн нэгжийн орлогын болон нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгаагүй зөрчилд ногдуулсан нөхөн татвар, торгууль, алдангийн төлбөрийг хасч шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч нь орон сууц худалдан авч борлуулсан борлуулалтын орлогод тухай бүр нь үл хөдлөх эд хөрөнгө борлуулсаны орлогоор 2 хувиар татвар төлсөн тул нийтлэг хувь хэмжээгээр татвар төлөхгүй, мөн орон сууцны зориулалттай байрыг борлуулсны орлого нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөнө гэж маргаж байгаа бол татварын алба үндсэн үйл ажиллагаа нь бөгөөд үндсэн үйл ажиллагааны борлуулалтын орлогоор зөв тайлагнасан тул аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг нийтлэг хувь хэмжээгээр төлнө, худалдах зориулалтаар шинээр барьсан орон сууцыг борлуулсан тул нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх заалт хамаарахгүй хэмээн тайлбарласан, өөрөөр хэлбэл шинээр баригдсан орон сууцыг худалдан авч борлуулсан борлуулалтын орлогод аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг үл хөдлөх хөрөнгө борлуулсны орлогоор тусгай хувь хэмжээгээр ногдуулах, эсхүл үндсэн үйл ажиллагааны орлого гэж үзэж нийтлэг хувь хэмжээгээр ногдуулах, мөн энэ орлого нь нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх эсэх татварын хуулийн хэрэглээний хувьд маргажээ.

Нэг. Маргаж буй агуулгыг татварын хууль тогтоомжийн зохицуулалтаар нь дүгнэвэл:

Татварын хяналт шалгалтад хамаарах хугацаанд буюу 2016-2019 онд 2006 оны Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, 2015 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын хууль хүчин төгөлдөр үйлчилсэн байх тул аж ахуйн нэгжийн албан татвар ногдох орлогын аль төрөлд хамаарах, татварын хувь хэмжээ, нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх эсэх зохицуулалтад эдгээр хуулийг, татвараа тайлагнаж төлөх үүргийг дүгнэхэд 2008 оны Татварын ерөнхий хуулийг, зөрчилд хариуцлага хүлээлгэхэд Татварын ерөнхий хууль /2019 оны шинэчилсэн найруулга/, Зөрчлийн тухай хуулийг хэрэглэхээр байна.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 4.1.2-т бараа гэдэг ойлголтод үл хөдлөх эд хөрөнгө багтахаар, 7 дугаар зүйлийн 7.3.1, 7.3.3 дахь заалтаар аж ахуйн нэгжийн орлогын албан татвар ногдох орлогыг үйл ажиллагааны орлого, хөрөнгө борлуулсны орлого гэж ангилсан, 8 дугаар зүйлийн 8.1.1-д үйл ажиллагааны орлогод үндсэн үйл ажиллагааны борлуулалтын орлого хамаарахаар, 10 дугаар зүйлийн 10.1.1-д үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлого хөрөнгө борлуулсны орлогод хамаарахаар заасан, үндсэн үйл ажиллагааны борлуулалтын орлогын тухайд 12 дугаар зүйлд заасан хасагдах зардлыг хасаж, 16 дугаар зүйлийн 16.2-т зааснаар албан татвар ногдуулах орлогыг тодорхойлж, 17 дугаар зүйлийн 17.1-д заасан нийтлэг хувь хэмжээгээр буюу албан татвар ногдох орлогын 10 хувиар, харин үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлогыг нийт дүнгээр нь албан татвар ногдох орлогоор 16.3.3-т зааснаар тодорхойлж, 17 дугаар зүйлийн 17.2.5-д зааснаар 2 хувиар албан татвар ногдуулна.

Э ХХК нь үл хөдлөх хөрөнгийн худалдаа, үл хөдлөх хөрөнгийн зуучлалын үйл ажиллагаа явуулдаг, энэ нь үндсэн үйл ажиллагаа байх бөгөөд бусдаас үл хөдлөх хөрөнгө худалдан авч өөрийн ашгийг тооцон худалдан борлуулж орлого олдог, хяналт шалгалтад хамаарах хугацаанд Г ХХК-тай байгуулсан орон сууц захиалгын гэрээгээр Г хотхоноос, Б ХХК-тай байгуулсан орон сууц худалдан авах гэрээгээр С хотхоноос орон сууцнууд худалдан авч борлуулсан, энэ борлуулалтын орлогоо 2016 онд 456,292.29 төгрөгийн, 2017 онд 3,447,443,683.61 төгрөгийн, 2018 онд 752,388,181.82 төгрөгийн, 2019 онд 61,527,272.73 төгрөгийн үндсэн үйлдвэрлэл, ажил үйлчилгээний борлуулалтын орлогоор тайлагнасан, хяналт шалгалтад хамаарах тухайн жилүүдэд буюу энэ үйл ажиллагааг явуулсан 2016-2019 онд аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлого тайлагнаагүй[1] байна. Түүнчлэн худалдан авсан орон сууцнуудаа борлуулах зорилгоор эзэмшиж буй үл хөдлөх хөрөнгийн дансанд бүртгэж борлуулах хүртлээ ашиглаагүй, түрээслүүлээгүй, шинээр нь байлгаж байгаад үнэ нэмж борлуулсан талаараа нэхэмжлэлдээ тодорхой дурджээ.

Ийнхүү аж ахуйн нэгжийн орлогын албан татварт үндсэн үйл ажиллагааны борлуулалтын орлогоор тайлагнаснаар борлуулалтын орлогоос хасагдах зардлаа хасаад гарсан дүнгээс нийтлэг хувь хэмжээгээр буюу 10 хувиар төлөх татварын ногдол нь борлуулалтын орлогын дүнгээс 2 хувиар төлөх үл хөдлөх хөрөнгө борлуулсны орлогын татвараас зөрүү үүсэх хэдий ч шинээр баригдсан орон сууцны зориулалттай байрыг худалдан авч борлуулах замаар ашиг олох нь тус компанийн үндсэн үйл ажиллагаа тул аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг нийтлэг хувь хэмжээгээр төлөхөөр татварын ногдлыг тооцсон татварын албаны нөхөн ногдуулалтын акт үндэслэлтэй байна.

Нөгөөтэйгүүр татвар төлөгч тухайн үйл ажиллагааны орлогыг үндсэн үйлдвэрлэл, ажил үйлчилгээний борлуулалтын орлогоор тайлагнасан, худалдан авсан орон сууцнуудаа борлуулах зорилгоор эзэмшиж буй үл хөдлөх хөрөнгийн дансанд бүртгэсэн байх бөгөөд Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д зааснаар татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх, 18.1.3-т зааснаар анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам болон нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу хөтөлж, санхүү, аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэл гаргах нь татвар төлөгчийн үүрэг байна.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д борлуулалт гэж барааг бусдын өмчлөлд шилжүүлэхийг, 4.1.2-т бараа гэж мөнгөн хөрөнгөнөөс бусад бүх төрлийн хөрөнгийг, 4.1.5-д аж ахуйн үйл ажиллагаа гэж ашиг олох зорилготой болон тийм зорилгогүй, бүхэлд нь буюу хэсэгчлэн бараа борлуулах, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааг, 4.1.7-д орон сууцны зориулалтаар ашиглаж байгаа байр гэж хүн сууршин амьдрах зориулалтаар баригдан уг зорилгоор, аж ахуйн үйл ажиллагааны бус хэлбэрээр ашиглагдаж байгаа бөгөөд энэ хуулийн дагуу нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулсан нийтийн болон амины орон сууцны барилгыг ойлгохоор заасан. Мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулахаар, 13 дугаар зүйлийн 13.1.7-д орон сууцны зориулалтаар ашиглаж байгаа байр буюу түүний хэсгийг борлуулсны орлогыг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхөөр заасан ба 13.4-т худалдах зориулалтаар шинээр барьсан орон сууцны зориулалттай байр, түүний хэсэгт дээрх 13.1.7 дахь заалт хамаарахгүй гэж, тодруулбал худалдах зориулалтаар шинээр барьсан орон сууцны зориулалттай байр, түүний хэсэг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөхгүй, албан татвар ногдохоор байна.

Татвар төлөгч нь худалдан авсан орон сууцнуудаа борлуулах зорилгоор эзэмшиж буй үл хөдлөх хөрөнгийн дансанд бүртгэж борлуулах хүртлээ ашиглаагүй, түрээслүүлээгүй, шинээр нь байлгаж байгаад үнэ нэмж борлуулсан талаараа тайлбарладаг, өөрөөр хэлбэл худалдах зориулалтаар шинээр барьсан орон сууцны зориулалттай байрыг борлуулж буйгаа хүлээн зөвшөөрдөг.

Тиймээс орон сууцны байр худалдан авч борлуулж буй үйл ажиллагаа нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д заасан ашиг олох зорилготой аж ахуйн үйл ажиллагаа бөгөөд ашиг олох зорилгоор худалдан авч борлуулж буй байр нь 4.1.7-д заасан хүн суурьшин амьдрах зориулалтаар баригдан уг зорилгоор, аж ахуйн үйл ажиллагааны бус хэлбэрээр орон сууцны зориулалтаар ашиглагдаж байгаа байр биш байх тул 13 дугаар зүйлийн 13.4-т зааснаар худалдах зориулалтаар шинээр барьсан орон сууцны зориулалттай байрыг борлуулсны орлогод 13.1.7 дахь нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх заалт хамаарахгүй.

Э ХХК нь Г ХХК, Б ХХК-иас орон сууц худалдан авахдаа төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг борлуулагч тал нь суутган авч төсөвт төлөх үүрэг үүссэн, улмаар Э ХХК нь ийнхүү төлсөн баримтыг үндэслэн төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасаж тооцсон, орон сууцыг нэмэгдсэн өртгийн албан татвартай дүнгээр борлуулж буй тул худалдан авагчаас нэмэгдсэн өртгийн албан татварыг суутган төсөвт төлөх үүрэг тус компанид үүснэ. Өөрөөр хэлбэл тухайн орон сууцны хувьд нэмэгдсэн өртгийн албан татварыг төлөх этгээд нь орон сууцыг амьдран суух зориулалтаар худалдан авсан эцсийн хэрэглэгч байна. Тэр эцсийн хэрэглэгчийн төлсөн нэмэгдсэн өртгийн албан татвар нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д заасан ногдуулсан нэмэгдсэн өртгийн албан татвар юм.

Тиймээс ч хууль тогтоогч Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд 13 дугаар зүйлийн 13.1.7 орон сууцны зориулалтаар ашиглаж байгаа байр буюу түүний хэсгийг борлуулсны орлогыг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхөөр, 13.4-т худалдах зориулалтаар шинээр барьсан орон сууцны зориулалттай байр, түүний хэсэгт 13.1.7 дахь заалт хамаарахгүй зохицуулалтыг хийж өгсөн байна.

Татвар төлөгч Э ХХК нь 2020 оны 9 дүгээр сарын 07-нд 20090701 тоот албан бичгээр Татварын ерөнхий газрын Хяналт шалгалт арга зүйн хэлтсээс Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн хэрэгжилтийн талаар тодруулга хүссэн, тухайлбал барилгын компаниас захиалгын гэрээгээр шинээр баригдсан орон сууцны байрыг бусдад худалдан борлуулах замаар ашиг олох үйл ажиллагаа явуулдаг тус компанийн ийнхүү худалдан авсан орон сууцаа борлуулсан орлого Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.7-д хамаарах эсэх тодруулга хүссэн, Татварын ерөнхий газрын Хяналт шалгалт, арга зүйн газраас 2020 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 08/2757 тоот албан бичгээр[2] барилгын компанийн барьсан орон сууцны зориулалт бүхий байрыг худалдан авч ашиг олох зорилгоор бусдад худалдан борлуулах үйл ажиллагаа нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 13.1.7-д заасан чөлөөлөгдөх бараа, ажил үйлчилгээнд хамаарахгүй, энэ нь зөвхөн орон сууцны зориулалтаар ашиглаж байгаа байрыг борлуулсны орлогод хамаарна, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 11 дүгээр зүйлийн 11.1, 16 дугаар зүйлийн 16.1-д заасныг мөрдөж татвараа ногдуулж, төлөх, тайлагнах үүргээ биелүүлэхийг мэдэгдсэн байдаг.

Хоёр. Маргаж буй зөрчил тус бүрээр дүгнэвэл.

1 дэх зөрчлийн 2017 онд 7,008,809.90 төгрөгийн үндсэн үйл ажиллагааны борлуулалтын орлогыг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд тусгаагүй гэх зөрчлийн хувьд:

Нийт борлуулалтын орлогоос 7,008,909 төгрөгийн борлуулалтын орлого дутуу тайлагнасан гэх зөрчилд хамаарах дүн нь Г хотхоны 41 тоот 39.3 м.кв орон сууцыг татварын улсын байцаагч 1,800,000 төгрөгөөр борлуулалтыг тооцсоноос үүссэн зөрүү болохыг талууд маргаагүй, харин нэхэмжлэгч уг орон сууцыг бусад орон сууцны адилаар 1 м.кв-ыг 1,800,000 төгрөгөөр биш 1,603,822 төгрөгөөр тооцож борлуулсан гээд, хариуцагч 2017 онд нийт борлуулсан орон сууцнуудыг 1 м.кв-ыг 1,800,000 төгрөгөөр тооцож, тухайн жилд тайлагнасан дүнгээс үүссэн зөрүү буюу борлуулалтын орлогоо 7,008,909 төгрөгөөр аж ахуйн нэгжийн орлогын албан татвараа дутуу тайлагнасан гэж үзэж 700,880.90 төгрөгийн нөхөн татвар, 210,264.30 төгрөгийн торгууль, 140,176.20 төгрөгийн алданги нийт 1,051,321.40 төгрөгийн төлбөр ногдуулжээ.

Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нар 2020 оны 9-11 дүгээр сард анх хийгдсэн татварын хяналт шалгалтад татвар төлөгчийн банкин дахь дансны хуулга хамрагдсан бөгөөд Х банкин дахь татвар төлөгчийн дансны хуулгаар Д (******)-аас шинэ орон сууцны үнэ 50,000,000 төгрөг 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр, 13,030,200 төгрөг 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр нийт 63,030,200 төгрөгийг шилжүүлсэн буюу орлого оржээ. Хэдийгээр байр захиалгын гэрээ авагдаагүй, дансны орлогын гүйлгээний утгаас орон сууцны тоотын дугаар тодорхойгүй ч хариуцагчаас дээрх нотлох баримтыг няцааж маргаагүй тул Г хотхоны ** тоот 39.3 м.кв орон сууцыг борлуулсан орлогыг энэ дүнгээр тооцож, 2017 онд борлуулалтын орлогыг дутуу тайлагнасан гэх зөрчилд ногдуулсан нөхөн татвар, торгууль, алдангийг актаар тогтоосон төлбөрөөс хасч шийдвэрлэлээ.

1 дэх зөрчлийн 2019 онд 238,457,607.80 төгрөгийн үндсэн үйл ажиллагааны борлуулалтын орлогыг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд тусгаагүй гэх зөрчлийн хувьд:

Татвар төлөгч нь 2019 онд 169.31 м.кв талбай бүхий 3 орон сууц борлуулсан орлогыг татварын тайланд тусгаагүйгээ хүлээн зөвшөөрдөг боловч орон сууц борлуулсан тухай бүр уг орлогоос үл хөдлөх хөрөнгө борлуулсны албан татварыг 2 хувиар тооцон төлсөн гэж, аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг нийтлэг хувь хэмжээгээр төлөх учиргүй маргажээ.

Дээр дүгнэснээр Э ХХК нь үл хөдлөх хөрөнгийн худалдаа, үл хөдлөх хөрөнгийн зуучлалын үйл ажиллагаа явуулдаг, энэ нь үндсэн үйл ажиллагаа байх бөгөөд бусдаас үл хөдлөх хөрөнгө худалдан авч өөрийн ашгийг тооцон худалдан борлуулж орлого олдог, энэ орлогоо үндсэн үйл ажиллагааны орлогоор тайлагнасан, зөрчилд хамаарах 2019 онд үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлогод тайлагнаагүй атал үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны албан татвараар тооцож төлсөн гэж маргаж байгаа нь үндэслэлгүй, татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүргээ татвар төлөгч хэрэгжүүлээгүй байна.

Улсын бүртгэлийн байгууллага татварын ногдлыг тодорхойлохгүйн дээр татвар суутган төлөгч биш бөгөөд хэрэв ийнхүү орон сууц борлуулахдаа үл хөдлөх хөрөнгө борлуулсны татвар 2 хувиар тооцон төлсөн бол нийтлэг хувь хэмжээгээр үүссэн ногдлоос үүссэн зөрүүг татвар буцаан олгох, суутган тооцох журмаар тооцуулах боломжтой, үүнийг шүүх энэ нэхэмжлэлийн шаардлагаар шийдвэрлэхгүй.

Нэхэмжлэгч нь 2019 оны жилийн эцсийн тайлангаар нийт 61,591,544.00 төгрөгийн борлуулалтын орлоготой, үүнээс 61,527,272.73 төгрөгийн үндсэн үйл ажиллагааны орлоготой, 64,271.20 төгрөгийн хүүгийн орлоготой гэж үндсэн үйл ажиллагааны орлогод нийтлэг хувь хэмжээгээр буюу 10 хувиар татвар ногдуулан төлөхөөр тайлагнасан[3], үл хөдлөх хөрөнгө борлуулсан орлогод тусгайлсан хувь хэмжээгээр буюу 2 хувиар татвар ногдуулан тайлагнаагүй тул тухайн онд борлуулалт хийсэн болохоо хүлээн зөвшөөрсөн 169.31 м.кв талбайтай 3 орон сууцны борлуулалтын орлогыг татварын тайланд тусгаагүй байна.

Үндсэн үйл ажиллагааны борлуулалтын орлогоор тайлагнасан 61,527,272.73 төгрөг, татварын хяналт шалгалтаар тогтоогдсон борлуулалтын орлого 299,984,880.53 төгрөгийн зөрүү 238,457,607.80 төгрөгөөс борлуулсан байрны 161,599,020.10 төгрөгийн өртгийг, мөн тайлант хугацааны 15,489,305.10 төгрөгийн алдагдлыг хааж, үлдэх 61,369,282.6 төгрөгийн татвар ногдуулах орлогын дүнд[4] 6,136,928.30 төгрөгийн нөхөн татвар[5] ногдуулсныг үндэслэлтэй гэж үзлээ.

2 дахь зөрчил буюу 2017 онд борлуулсан барааны өртгийг 232,997,736.10 төгрөгөөр илүү тооцож татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчлийг нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны нийт орлогод тусгайлсан хувь хэмжээгээр 2 хувийн татвар шууд ногдуулдаг тул хасагдах зардлын тухай ойлголт байхгүй гэж маргасан.

Мөн дээр дүгнэснээр тус компанийн орон сууц борлуулсны орлогод үндсэн үйл ажиллагааны борлуулалтын орлогоор нийтлэг хувь хэмжээгээр татвар ногдуулах бөгөөд энэ тохиолдолд татвар ногдох орлогыг тодорхойлоход хасагдах зардлыг тооцно, 2017 оны жилийн эцсийн тайлангаар үндсэн үйлдвэрлэл, ажил, үйлчилгээний орлого 3,447,443,683.61 төгрөг, мөн хүүгийн төлбөрийн орлого 3,000,000.00 төгрөг, ханшийн зөрүүгийн орлого 132,100,965.63 төгрөг, нийт 3,582,544,649.24 төгрөгийн нийтлэг хувь хэмжээгээр татвар ногдох орлоготой, 2,822,599,138.20 төгрөгийн борлуулсан бүтээгдэхүүний өртөгтэй тайлагнасан[6], хяналт шалгалтад санхүүгийн анхан шатны баримтаар борлуулсан бүтээгдэхүүний өртөг буюу орон сууц худалдан авах гэрээний дүн, худалдан авахдаа төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаарх дүн, засварын зардал нийт 2,589,601,463.40 төгрөг гарчээ[7]. Өөрөөр хэлбэл тайлагнасан өртөгөөс татварын шалгалтаар тогтоогдсон өртөгийн зөрүү 232,997,736.10 төгрөг санхүүгийн анхан шатны баримтаар нотлогдоогүй тул энэ дүнгээр хасагдах зардлыг өсгөж татвар ногдох орлогыг бууруулсан гэж үзээд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1 дэх баримтаар нотлогдоогүй зардлыг албан татвар ногдох орлогоос хасаж тооцохгүй гэсэн заалтаар зөрчилд тооцож, 23,299,773.61 төгрөгийн нөхөн татвар, 6,989,932.08 төгрөгийн торгууль, 4,659,954.72 төгрөгийн алданги 34,949,660.41 төгрөгийн төлбөр ногдуулсан нь үндэслэлтэй байна.

3 дахь зөрчлийн 2017 онд 7,008,809.90 төгрөгт хамаарах хэсэг нь 1 дэх зөрчлийн энэ дүнд хамаарах үндсэн үйл ажиллагааны борлуулалтын орлогыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгаагүй гэсэн зөрчил тул дээр дүгнэсэн үндэслэлээр 1,051,321.36 төгрөгийн төлбөрийг хасаж шийдвэрлэлээ.

3 дахь зөрчлийн 2019 онд 238,457,607.80 төгрөгийн үндсэн үйл ажиллагааны борлуулалтын орлогыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгаагүй зөрчлийн хувьд.

Нэхэмжлэгч нь 2019 оны жилийн эцсийн тайлангаар нийт 61,591,544.00 төгрөгийн борлуулалтын орлоготой, үүнээс 61,527,272.73 төгрөгийн үндсэн үйл ажиллагааны орлоготой, 64,271.20 төгрөгийн хүүгийн орлоготой гэж тайлагнасан, тухайн онд борлуулалт хийсэн болохоо хүлээн зөвшөөрсөн 169.31 м.кв талбайтай 3 орон сууцны борлуулалтын орлогыг татварын тайланд тусгаагүй, борлуулалтын орлогоор тайлагнасан 61,527,272.73 төгрөг, татварын хяналт шалгалтаар тогтоогдсон борлуулалтын орлого 299,984,880.53 төгрөгийн зөрүү 238,457,607.80 төгрөгийн орлогод нэмэгдсэн өртгийн албан татварыг нөхөн тооцож 23,845,760.78 төгрөг, 7,153,728.23 төгрөгийн торгууль, 4,769,152.16 төгрөгийн алданги, нийт 35,768,641.17 төгрөгийн төлбөр ногдуулсныг үндэслэлтэй гэж үзлээ.

Учир нь дээр дүгнэсэнчлэн орон сууцны байр худалдан авч борлуулж буй үйл ажиллагаа нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д заасан ашиг олох зорилготой аж ахуйн үйл ажиллагаа бөгөөд ашиг олох зорилгоор худалдан авч борлуулж буй байр нь 4.1.7-д заасан хүн суурьшин амьдрах зориулалтаар баригдан уг зорилгоор, аж ахуйн үйл ажиллагааны бус хэлбэрээр орон сууцны зориулалтаар ашиглагдаж байгаа байр биш байх тул 13 дугаар зүйлийн 13.4-т зааснаар худалдах зориулалтаар шинээр барьсан орон сууцны зориулалттай байрыг борлуулсны орлогод 13.1.7 дахь нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх заалт хамаарахгүй.

5 дахь зөрчлийн тухайд.

Тайлангаарх 2018 онд 20,030,233.90 төгрөг, 2019 онд 77,816,779.40 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг хуульд заасан хугацаанд төсөвт төлөөгүй нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1-д заасныг зөрчсөн байх тул нийт 97,847,013.30 төгрөгийн зөрчилд 9,783,798.00 төгрөгийн торгууль, 15,795,471.10 төгрөгийн алданги, нийт 25,579,269.10 төгрөгийг төлүүлэхээр тогтоосон нь үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нь энэ зөрчлийг компани нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх борлуулалтаар тайлагнах байсан боловч нягтлан бодогчийн буруугаас нэмэгдсэн өртгийн албан татвар төлөхөөр тайлагнаснаас үүссэн татварын өр гэж маргажээ. Тус компани үндсэн үйл ажиллагаа болох орон сууц борлуулалтын орлогыг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар тайлагнасан бөгөөд ийнхүү худалдах зориулалтаар шинээр барьсан орон сууцны зориулалттай байрыг борлуулсны орлого нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөхгүй талаар дээр дүгнэсэн тул чөлөөлөгдөх борлуулалтаар тайлагнах байсан гэж маргаж буй нь үндэслэлгүй.

Түүнчлэн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын илүү төлөлттэй байгаа, уг дүнгээс тооцуулна гэх асуудал нь нэхэмжлэлийн энэ шаардлагаар шийдвэрлэгдэхгүй. Учир нь шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд буюу тайлагнасан татварыг хугацаанд нь төсөвт төлөөгүй зөрчилд торгууль, алдангийн хариуцлага ногдуулсан нөхөн ногдуулалтын актын заалтыг хүчингүй болгуулах шаардлагын хүрээнд дүгнэж хэргийг шийдвэрлэнэ.

Ийнхүү нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж актын 1, 3 дахь зөрчлийн 2017 онд 7,008,809.90 төгрөгийн борлуулалтын орлогыг аж ахуйн нэгжийн орлогын болон нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгаагүй нийт 14,017,618.18 төгрөгийн зөрчилд ногдуулсан 1,401,761.82 нөхөн татвар, 420,528.54 төгрөгийн торгууль, 280,352.36 төгрөгийн алданги, нийт 2,102,642.72 төгрөгийн төлбөрийг хасаж, актаар тогтоосон 103,116,303.48 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагаас актын 1 дэх зөрчилд ногдуулсан 5,508,072.34 төгрөгийн төлбөрийг, 3 дахь зөрчилд ногдуулсан 23,845,760.78 төгрөгийн нөхөн татвар, 7,153,728.23 төгрөгийн торгууль, 4,769,152.16 төгрөгийн алданги нийт 35,768,641.17 төгрөгийн төлбөрийг, 2, 5 дахь зөрчилд ногдуулсан төлбөрийг хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргахдаа болон нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 712,855 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төлбөрийг бууруулсан дүнд хамаарах буюу нэхэмжлэлийн шаардлагаар хангагдаж төлбөрийн дүнгээс хасагдсан 2,102,642.72 төгрөгт ногдох 48,592.28 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгох нь зүйтэй гэж үзлээ.

Гурав. Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл бий эсэх тухайд.

Татварын ерөнхий хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1.3-т татварын улсын байцаагчийн үйлдсэн татварын актад холбогдох гомдлыг харьяаллын дагуу Маргаан таслах зөвлөлд гомдол гаргаж захиргааны журмаар шийдвэрлүүлэхээр, харьяаллыг нь мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.5.1-д нийслэлийн татварын албанд харьяалагдах татвар төлөгчийн гомдлыг нийслэлийн татварын албаны дэргэдэх Маргаан таслах зөвлөл харьяалан шийдвэрлэхээр, Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д гомдлыг гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргахаар тус тус заасан.

Нийслэлийн Татварын газрын татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн НА-22210000034 тоот нөхөн ногдуулалтын актыг нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд хандуулж урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар хянуулах шаардлагатай эсэх асуудал шүүх хуралдааны явцад хэлэлцэгдсэн бөгөөд шүүх ийнхүү урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагагүй юм байна гэж үзсэн.

Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-т заасан зохицуулалтад гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой гэж заасан бөгөөд дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр **** тоот нөхөн ногдуулалтын актаар 5 зөрчилд нөхөн татвар, торгууль, алдангид нийт 102,400,069.90 төгрөгийн төлбөр тогтоосныг татвар төлөгчийн гомдлоор нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөл 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаар хянаад 11 дүгээр тогтоолоор алдангийн хариуцлага ногдуулаагүй, тооцооны алдаа нь нөхөн ногдуулалтын актын дүнг нэмэгдүүлэхээр байна гэж татварын нөхөн ногдуулалтын актыг түдгэлзүүлж дээд шатны татварын албанд буцаасан, улмаар Нийслэлийн Татварын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч нар хяналт шалгалтыг хийж 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр НА-22210000034 тоот нөхөн ногдуулалтын актаар 105,218,946.2 төгрөгийн төлбөр тогтоосон, хариуцагч Нийслэлийн Татварын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч нар хяналт шалгалтыг Маргаан таслах зөвлөлийн тогтоолд заасан алдангийн хариуцлага ногдуулах, алдангийн тооцооллын алдааг засах хүрээнд хийсэн, хяналт шалгалтыг бүрэн хийгээгүй гэж тайлбарлаж байх тул энэ тохиолдолд НА-22210000034 тоот нөхөн ногдуулалтын актыг дахин урьдчилан шийдвэрлүүлэх журмаар нийслэлийн Маргаан таслах зөвлөлд хандуулах шаардлагагүй гэж шүүх үзлээ.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.6, 106.3.13 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2006 оны/-ийн 7 дугаар зүйлийн 7.3.1, 8 дугаар зүйлийн 8.1.1, 15 дугаар зүйлийн 15.1.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын хууль /2015 оны/-ийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 13 дугаар зүйлийн 13.4, 16 дугар зүйлийн 16.1.1, Татварын ерөнхий хууль /2008 оны/-ийн 18 дугаар зүйлийн 18.1.1, Татварын ерөнхий хууль /2019 оны шинэчилсэн найруулга/-ийн 73 дугаар зүйлийн 73.1.1, 73.2.1, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.1, 1.2, 2, 4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Э ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, Нийслэлийн Татварын газрын татварын улсын байцаагчийн 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн НА-2221000034 дугаартай нөхөн ногдуулалтын актаар тогтоосон төлбөрөөс актын 1, 3 дахь зөрчлийн 2017 онд 7,008,809.90 төгрөгийн борлуулалтын орлогыг аж ахуйн нэгжийн орлогын болон нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгаагүй нийт 14,017,618.18 төгрөгийн зөрчилд ногдуулсан 1,401,761.82 нөхөн татвар, 420,528.54 төгрөгийн торгууль, 280,352.36 төгрөгийн алданги, нийт 2,102,642.72 төгрөгийн төлбөрийг хасаж, актаар тогтоосон төлбөрөөс 103,116,303.48 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагаас актын 1 дэх зөрчилд ногдуулсан 5,508,072.34 төгрөгийн төлбөрийг, 3 дахь зөрчилд ногдуулсан 35,768,641.17 төгрөгийн төлбөрийг, 2, 5 дахь зөрчилд ногдуулсан төлбөрийг хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 712,855 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 48,592.28 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХАЛИУНА

 


[1] Хэргийн 95-106 дахь тал

[2] Хэргийн 91, 93 дахь тал

[3] Хэргийн 104-105 дахь тал

[4] Хэргийн 193 дахь тал

[5] Хэргийн 164 дэх тал

[6] Хэргийн 98 дахь тал

[7] Хэргийн 194 дэх тал