Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 03

 

О, Б, Бо нарт холбогдох

эрүүгийн хэргийн талаар

226/2020/0003/Э

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч Я.Алтаннавч, Б.Сүхгомбо нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд нээлттэйгээр,

Нарийн бичгийн дарга Г.Золжаргал,  

Прокурор Б.Бямбасүрэн,  

Шүүгдэгч О, Б, Бо-, тэдгээрийн өмгөөлөгч П.Амаржаргал, С.Нарангэрэл, Г.Бадамгэрэл нарыг оролцуулан

Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Мөнхтулгын даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 268 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч О, Б, Бо нарын давж заалдах гомдлууд болон Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын эсэргүүцлээр О, Б, Бо нарт холбогдох эрүүгийн 1939000470160 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Сүхгомбын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд 1988 онд төрсөн, эрэгтэй, 32 настай, бүрэн дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг А-9 дүгээр байрны 3 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх О овогт Д-н О,

Хэнтий аймгийн Мөрөн суманд 1987 онд төрсөн, эрэгтэй, 33 настай, бага боловсролтой, ам бүл 1, Хэнтий аймгийн Мөрөн сумын 2 дугаар багт оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх М овогт О-н Б,

Хэнтий аймгийн Хэрлэн суманд 1986 онд төрсөн, эрэгтэй, 34 настай, бүрэн дунд боловсролтой, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг А-9 дүгээр байрны 3 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх А овогт Б-н Бо,

О, Б, Бо нар нь бүлэглэн 2018 оны 12 дугаар сард Хэнтий аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн нутаг болох Тариалангийн пойлноос иргэн Э-н хонгор халзан зүсмийн 1 тооны гүүг хулгайлж 1000000 төгрөгийн, 2019 оны 01 дүгээр сард Хэнтий аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн нутаг болох Тариалангийн пойлноос иргэн Х-н хээр алаг морь, цавьдар үрээ, хул алаг морь зэрэг 3 тооны адууг хулгайлж 3000000 төгрөгийн, иргэн Г-н хул зүсмийн 1 тооны морийг хулгайлж 800000 төгрөгийн, 2019 оны 01 дүгээр сарын 11-12-ны өдрийн хооронд Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын 1 дүгээр багийн нутаг болох “Чулуутын энгэр” гэх газраас иргэн Г-н зээрд морь, бор гүү, цагаан гүү, хөх бор сарвай зэрэг 4 тооны адууг хулгайлж 2650000 төгрөгийн, иргэн А-н хул морь, хүрэн морь, халтар үрээ, хул гүү зэрэг 4 тооны адууг хулгайлж 4000000 төгрөгийн хохирлыг тус тус учруулсан,

- 2019 оны 02 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын 1 дүгээр багийн нутаг болох “Дуутын эрэгзэг” гэх газраас иргэн М-н хар зүсмийн 1 тооны үхрийг хулгайлж 1100000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2019 оны 3 дугаар сарын 03-09-ний өдрийн хооронд Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын 1 дүгээр багийн нутаг болох “Дуутын адаг” гэх газраас иргэн Ж-н сартай цавьдар хязаалан үрээ, халиун соёолон үрээ, хонгор халзан үрээ, хонгор халзан морь, хүрэн буурал морь зэрэг 5 тооны адууг хулгайлж 5200000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2019 оны 4 дүгээр сарын 20-21-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Мөрөн сумын 2 дугаар багийн нутаг болох “Хутагт” гэх газраас иргэн Г-н хул морь, халтар морь, зээрд байдас зэрэг 4 тооны адууг хулгайлж 3700000 төгрөгийн хохирол учруулсан,

О, Бо нар нь бүлэглэн 2018 оны 12 дугаар сард Хэнтий аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн нутаг болох Тариалангийн пойлноос иргэн Б-н хамар цагаан хээр гүү, халтар гүү зэрэг 2 тооны адууг хулгайлж 2200000 төгрөгийн хохирол учруулсан,

О, Б нар нь бүлэглэн 2018 оны 12 дугаар сард Хэнтий аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн нутаг болох Тариалангийн пойлноос иргэн Э-н халтар зүсмийн 1 тооны гүүг хулгайлж 1000000 төгрөгийн хохирол учруулсан,

О, Б, Бо, Г нар нь бүлэглэн Хэнтий аймгийн Хэрлэн сумын 8 дугаар багийн нутаг болох Тахилгат тосгоны “Гуулингийн шил” гэх газраас иргэн Д-н хойд хөл бэлэвсэн хүрэн халзан азарга, бор гүү, өсгий цагаан зээрд сарвай, сартай хүрэн гүү, өсгий цагаан зээрд халзан сарвай, хар бор гүү, зээрд халзан гүү, хүрэн байдас, хээр байдас, зээрд шүдлэн байдас-2 зэрэг 11 тооны адууг хулгайлж 7800000 төгрөгийн, иргэн Н-н хөх бор зүсмийн байдсыг хулгайлж 2500000 төгрөгийн хохирлыг тус тус учруулж, бусдад нийт 35950000 төгрөгийн хохирол учруулсан буюу бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэргийг бүлэглэн, олон тоогоор, байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч О, Б, Бо нарт холбогдох эрүүгийн хэргээс Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын 1 дүгээр багийн нутаг болох “Чулуутын энгэр” гэх газраас 2019 оны 01 дүгээр сарын 11-12-ны өдрийн хооронд иргэн Г-н зээрд морь, бор гүү, цагаан гүү, хөх бор сарвайг, мөн Мөрөн сумын 2 дугаар багийн нутаг болох “Хутагт” гэх газраас 2019 оны 4 дүгээр сарын 20-21-нд шилжих шөнө иргэн Г-н хул морь, халтар морь, зээрд байдсыг тус тус хулгайлсан гэх хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч О овогтой Д-н О, М овогтой О-н Б-, А овогтой Б-н Бо нарыг мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэн, олон тоогоор, байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгох буюу Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн журамлан мөн хуулийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч О-ыг 8 /найм/, Б-г 5 /тав/, Бо-г 5 /тав/ жил хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О-т оногдуулсан 8 жилийн хорих ялыг хаалттай, шүүгдэгч Б, Бо нарт оногдуулсан 5 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн Хюндай портер маркийн цэнхэр өнгөтэй дунд оврын ачааны машин, “Да юун” гэсэн бичиглэлтэй улаан өнгийн мотоцикл зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хууль ёсны өмчлөгч Д-д буцаан олгож, шүүгдэгч О-аас тээврийн хэрэгслүүдийн үнэ болох 3800000 /гурван сая найман зуун мянга/ төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О-аас 5200000 төгрөгийг гаргуулж Ж-д, 1800000 төгрөгийг гаргуулж Г-д, 4000000 төгрөгийг гаргуулж А-д, 2200000 төгрөгийг гаргуулж Б-д, 3000000 төгрөгийг гаргуулж Х-д, 1100000 төгрөгийг гаргуулж М-д, 2000000 төгрөгийг гаргуулж Э-д, 6800000 төгрөгийг гаргуулж Д-д, 2500000 төгрөгийг гаргуулж Н-д, 3200000 төгрөгийг гаргуулж Г-д, 480000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Ц-д тус тус олгуулж, Г-н нэхэмжлэлээс үлдэх 2650000 төгрөг, Г-н нэхэмжлэлээс үлдэх 500000 төгрөгийн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгохоор тус тус заан шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Бо давж заалдах гомдолдоо: О Б-тэй хамт явж мал авчирдаг байсан бөгөөд би хамт явж байгаагүй, малаа авчирсных нь дараа ажиллахад нь тусалдаг байсан. Гэтэл анхан шатны шүүхээс намайг О, Б нартай хамт явж мал хулгайлсан мэтээр дүгнэж ял оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Мөн миний асрамжид 2 настай хүү маань байдаг. Анхан шатны шүүхээс ял сонсоод цагдан хоригдоход хүү маань хэний асрамжид, хэнтэй хамт үлдсэнийг ч мэдээгүй, шүүх намайг бага насны хүүхэдтэйг мэдсээр байж хүүхдийг маань ямар ч асрамж хамгаалалтгүй орхисонд гомдолтой байна. Миний амьдрал ядуу, өрх толгойлсон эмэгтэй, сүүлд О-тай танилцаж хамтран амьдрах болсон. Миний бие одоо 2 сартай жирэмсэн. Би О-тай хамт хулгай хийх талаар ярилцаж байгаагүй бөгөөд авчирсан малыг нь ажиллахад нь тусалдаг байсан нь үнэн. Иймд хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч О давж заалдах гомдолдоо: Миний бие гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Гэмт хэргийн улмаас учирсан зарим хохирлоо төлж барагдуулсан бөгөөд үүнийг анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд тусгаагүй, мөн гэрч нарыг байцаагаагүй. Мөн Бо нь надтай хамтарч хулгай хийж байгаагүй, хулгай хийх талаар ярилцаж байгаагүй, намайг хулгайн мал авчирсан гэдгийг ч мэдээгүй. Иймд хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч Б давж заалдах гомдолдоо: Миний бие 2018 оны 12 дугаар сараас О-ын малыг малладаг байсан. О-ын хий гэснийг л  хийдэг байсан. Би хулгай хийж олсон мөнгөнөөс огт аваагүй, харин цалин гэж 500000 төгрөг авсан. О-ын малыг 3 сар хараад цалин аваагүй байсан учир цалингаа авсан гэж бодож байна. Миний бие гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би эхнэр, 1 ой хүрээгүй охиныхоо хамт амьдардаг. Иймд анхан шатны шүүхээс надад оногдуулсан 5 жилийн хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү гэжээ.

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Бямбасүрэн давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэл болон дүгнэлтдээ: Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “...шүүх хууль бус бүрэлдэхүүнтэй тогтоол гаргасан...” байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.3 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар “...Эрүүгийн хуулийн тусгай ангид найман жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэргийг гурван шүүгчийн бүрэлдэхүүнээр, бусад гэмт хэргийг шүүгч дангаар хянан шийдвэрлэнэ...” гэж заасныг ноцтой зөрчиж, шүүгч хэргийг дангаар хэргийг хянан шийдвэрлэсэн.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.

Мөн шүүгдэгч Бо-д хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсан тус шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 25 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах саналтай байна. Учир нь шүүгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1, 14.3 дугаар зүйлийн заасныг удирдлага болгон захирамж гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна. Дээрх хуулийн зохицуулалт нь яллагдагч, шүүгдэгчид хамааралтай бөгөөд шүүхээс ял сонссон ялтанд хамааралгүй зохицуулалт юм. Анхан шатны шүүх ялтанд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан нь бусдад давуу байдал олгосон, эрүүгийн шинжтэй үйлдэл гэж үзэж байна гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Амаржаргал давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие анхан шатны шүүх хуралдаанаас эхлэн шүүгдэгч Б-н өмгөөлөгчөөр оролцож байна. Миний үйлчлүүлэгч бичиг, үсэг мэдэхгүй учир зүйлчлэлийн хувьд маргаантай зүйл байсныг тайлбарлаж хэлсэнгүй. Б-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн байдаг бөгөөд түүний хувьд хулгайлах гэмт хэргийг амьдралын эх үүсвэр болгосон гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй юм.

Б- нь эхнэр, 2 сартай охины хамт амьдардаг бөгөөд хүүхдийнх нь бие муу байгаа учир цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээгээр сольж өгнө үү. Прокурорын эсэргүүцлийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэл давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа:  Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн талаар гаргасан прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна.

Бо- нь 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр анхан шатны шүүхээс 5 жилийн хорих ялаар шийтгэгдсэн бөгөөд шийтгэх тогтоол гарсан өдрөө цагдан хоригдсон. Бо- нь жирэмсэн бөгөөд цагдан хоригдож байх хугацаанд биеийн байдал муудаж зулбалтын эхний шинж тэмдэг буюу эхэс ховхорсон гэх оноштой Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаад 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр эмнэлгээс гарсан. Эмнэлгээс гарахад нь эмчлэгч эмч О нь цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн тодорхойлолтыг хийж өгсөн байдаг. Цагдан хорих байр нь жирэмсэн хүн байхад тохиромжгүй байх тул анхан шатны шүүхээс түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж өгнө үү.

Бо-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах прокурорын саналын тухайд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан бөгөөд гомдол гаргасан тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлт хойшилдог. Бо-г давж заалдах гомдол гаргасны дараа өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.2, 15.3 дугаар зүйлүүдэд зааснаар хүсэлт гаргаж, шүүх хүсэлтийг хүлээн авч хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Монгол улсын Үндсэн хуульд зааснаар хүн амьд явах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах, эрүүл мэндээ хамгаалуулах эрхтэй байдаг. Бо- нь жирэмсэн бөгөөд цагдан хорих байранд байх хугацаанд зулбалтын эхний шинж тэмдэг илэрч эмнэлэгт хэвтсэн, энэ талаарх цагдан хорих байрны болон Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмчийн тодорхойлолтууд байдаг. Иймд анхан шатны шүүхээс Бо-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Бадамгэрэл давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Прокурорын эсэргүүцэл хууль зүйн үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзэж байна.

Мөн миний үйлчлүүлэгч О- нь урьд гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан зарим хохирлыг төлж барагдуулсан, цаашид хохирлыг төлөх хүсэлтэй байдаг. О- нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарахаас өмнө хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байсан. Энэ хугацаанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор гарсанаас хойш цагдан хоригдсон. Мөн О- нь цагдан хоригдож байх хугацаандаа байнга даралт ихэсдэг, байнгын эм хэрэглэдэг. Өмнө нь даралт ихсэж нүдэнд нь цус харваж байсан. Мөн эхнэр Бо- нь жирэмсэн, бага насны буюу 2 настай хүүхэдтэй, биеийн байдал муу, асаргаа шаардлагатай байдаг. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч өгнө үү гэжээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар шүүгдэгч О, Б, Бо нарын давж заалдах гомдол болон Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын эсэргүүцлээр О, Б, Бо нарт холбогдох эрүүгийн хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хуулийн тусгай ангид найман жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэргийг гурван шүүгчийн бүрэлдэхүүнээр, бусад гэмт хэргийг шүүгч дангаар хянан шийдвэрлэнэ” гэсэн заалтыг зөрчин шүүгч хэргийг дангаар шийдвэрлэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хууль бус бүрэлдэхүүнээр тогтоол гарган, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн талаарх прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байх тул  анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 25 дугаартай цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгох талаар гаргасан прокурорын тайлбарын тухайд: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.8 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгч дангаар гаргасан шийдвэрийн талаарх гомдлыг тухайн шатны шүүхийн Ерөнхий шүүгч даруй хянан шийдвэрлэхээр хуульчилсан бөгөөд шүүгчийн захирамжид гомдол гаргаагүй байх тул давж заалдах шатны шүүх шийдвэрлэх боломжгүй юм.  

Хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасантай холбогдуулан шүүгдэгч О, Б, Бо нарын давж заалдах гомдлыг хэлэлцэхгүй орхисныг дурдах нь зүйтэй байна.  

Хэргийг анхан шатны шүүхэд очтол О, Б нарт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийн яллагдагчийн хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинжийг харгалзан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч болно” гэж заасныг үндэслэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, Бо-д 4 дүгээр хавтаст хэргийн 202, 203 дугаар хуудсанд байх Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмэгтэйчүүдийн эмчийн тодорхойлолт, эрүүл мэндийн байдлыг харгалзаж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус авах нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

1. Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 268 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч О, Б нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Бо-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Б.ДЭНСМАА

                                ШҮҮГЧ                                                Я.АЛТАННАВЧ

                                                                                               Б.СҮХГОМБО