| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Акраны Дауренбек |
| Хэргийн индекс | 161/2023/0121/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/116 |
| Огноо | 2023-06-23 |
| Зүйл хэсэг | 18.12.1., |
| Улсын яллагч | Х.Ө |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 2023/ШЦТ/116
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Е,
Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Ө-,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Б-,
Шүүгдэгч Ж.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Х.Ө-ээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И овогт Ж-ийн Б-д холбогдох 2313001060163 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авсныг 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын харьяат, БА............. регистрийн дугаартай, И овогт Ж-ийн Б-, 1985 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Баян-Өлгий аймгийн Алтай сумд төрсөн, 37 настай, эрэгтэй, яс үндэс урианхай, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, Баян-Өлгий аймгийн Алтай сумын 5 дугаар багт Бардам гэх газарт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал үгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ж.Б- нь 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдөр нас барсан өөрийн хүү болох Б.С-г нас барсан болохыг нууж, улсын бүртгэлд бүртгүүлэхгүйгээр түүнийг байгаа мэтээр бодит байдлыг нууж, нийгмийн халамжийн сангаас сар бүр олгодог хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 2022 оны 4 дүгээр сар хүртэлх хугацаанд авч 2,740,000 төгрөг, 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр “Засгийн газрын нэг удаагийн дэмжлэг”-ээр олгосон 300,000 төгрөгийг хууль бусаар авч, Нийгмийн халамжийн санд нийт 3,040,000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Гэм буруугийн талаар:
1. Прокурор Х.Ө- шүүх хуралдаанд: “Шүүгдэгч Ж.Б-г Эрүүгийн хуулийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 150 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг шүүхэд гаргаж байна” гэв.
2. Шүүгдэгч Ж.Б- шүүх хуралдаанд: “Миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү” гэв.
3. Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Б- шүүх хуралдаанд: “Шүүгдэгч Ж.Б-г Эрүүгийн хуулийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцоход татгалзах зүйлгүй. Хохирлыг төлж барагдуулсан. Прокурорын яллах дүгнэлтийн хүрээнд шүүгдэгч Ж.Б-д Эрүүгийн хуулийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 150 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү” гэв.
4. Шүүгдэгч Ж.Б- нь 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдөр нас барсан өөрийн хүү болох Б.С-г нас барсан болохыг нууж, улсын бүртгэлд бүртгүүлэхгүйгээр түүнийг байгаа мэтээр бодит байдлыг нууж, нийгмийн халамжийн сангаас сар бүр олгодог хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 2022 оны 4 дүгээр сар хүртэлх хугацаанд авч 2,740,000 төгрөг, 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр “Засгийн газрын нэг удаагийн дэмжлэг”-ээр олгосон 300,000 төгрөгийг хууль бусаар авч, Нийгмийн халамжийн санд нийт 3,040,000 төгрөгийн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч К.С-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 77-78 дахь тал/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 84-86 дахь тал/, гэрч Т.М, Д.Б, С.М, Г.Т, Б.М, Т.Э, Р.Ж, Ж.А, Д.О, Ц.Ц, Э.Г нарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 88, 90-91, 94, 95, 103, 105, 107-108, 110-111, 113, 115, 117-118 дахь тал/, ХААН банкны дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 31-40 дэх тал/, нас барсан тухайн эмнэлгийн гэрчилгээ /хавтаст хэргийн 42 дахь тал/, Б.С-гийн өвчний түүх /хавтаст хэргийн 43-49 дэх тал/, вакцинд хамрагдсан хүүхдийн нэрс /хавтаст хэргийн 51-53 дахь тал/, эмчийн үзлэгийн журнал /хавтаст хэргийн 55-57 дахь тал/, шүүгдэгч Ж.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 138-139 дэх тал, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
5. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
6. Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
7. Шүүгдэгч Ж.Б- нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
8. Энэ хэргийн улмаас учирсан хохирол гэж Төрийн сангийн 100900017033 тоот дансанд 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 2.740.000 төгрөг, мөн өдөр 300.000 төгрөг тус тус тушаажээ. Шүүгдэгч Ж.Б-гийн үйлдсэн гэм хэргийн улмаас Халамжийн санд 3.040.000 төгрөгийн хохирол учирсан байна. Нийгмийн халамжийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлд “Нийгмийн халамжийн үйл ажиллагаа нь дараах төрөлтэй байна” гэж, мөн зүйлийн 5.1.2-т “нийгмийн халамжийн тэтгэмж” гэж, мөн хуулийн 13.1 дүгээр зүйлд “Нийгмийн халамжийн тэтгэмж дараах төрөлтэй байна” гэж, мөн зүйлийн 13.1.6-т “хүүхдийн мөнгөн тэтгэмж” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Ж.Б-гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас Нийгмийн халамжийн санд хохирол учирсан байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Ж.Б-гийн Төрийн сангийн 100900017033 тоот дансанд тушаасан гэх 3.040.000 төгрөгийг гаргуулж, Нийгмийн халамжийн сан /хүүхдийн мөнгөн тэтгэмж/-д шилжүүлэхийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
9. Прокурорын санал болгож, шүүгдэгч Ж.Б-гийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулах 150 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
10. Иймд шүүгдэгч Ж.Б-д Эрүүгийн хуулийн тусгай 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 150 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
11. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт зургаан цагаар тогтоов.
12. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт зургаан цагаар тогтоож, уг ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлах нь зүйтэй.
13. Шүүгдэгч Ж.Б-д оногдуулсан 150 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн Арван долдугаар бүлэгт заасан журмаар гүйцэтгэх, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
14. Энэ хэрэгт шүүгдэгч Ж.Б- нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй.
15. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 49 хуудастай ягаан өнгийн хавтастай эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэв.
16. Шүүгдэгч Ж.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч И овогт Ж-ийн Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бодит байдлыг нууж нийгмийн халамжийн тэтгэмж авч “Хууль бусаар нийгмийн халамж, үйлчилгээ авах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-г 150 /нэг зуун тавь/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Ж.Б-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Баян-Өлгий аймгийн Алтай сумын Засаг даргын Тамгын газарт “Газар шороо, мод тарих” ажил хийлгэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт зургаан цагаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол уг ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.
6. Шүүгдэгч Ж.Б-д оногдуулсан 150 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн Арван долдугаар бүлэгт заасан журмаар гүйцэтгэх, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Ж.Б-гийн Төрийн сангийн 100900017033 тоот дансанд тушаасан гэх 3.040.000 төгрөгийг гаргуулж, Нийгмийн халамжийн сан /хүүхдийн мөнгөн тэтгэмж/-д шилжүүлэхийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 49 хуудастай ягаан өнгийн хавтастай эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
9. Энэ хэрэгт шүүгдэгч Ж.Б- нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
10. Шүүгдэгч Ж.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
12. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.ДАУРЕНБЕК