Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 142/ШШ2019/01453

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С.О-ийн нэхэмжлэлтэй,  

Хариуцагч: “Э ү” ТӨҮГ-т холбогдох,   

“Нөхөн төлбөрт 20 579 166 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.   

Шүүх хуралдаанд Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Халиунаа нар оролцов.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...С.О би 1961 онд Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суман төрсөн.Би 1977-1979 онд ТМС-д сурч Уул уурхайн баяжуулагч мэргэжлээр төгсөж 1979-07-13-ны өдрөөс "Монгол-Зөвлөлт"-ийн хамтарсан "Эрдэнэт-Үйлдвэр"-ийн Баяжуулах фабрикийн шүүгчээр /баяжуулахын шүүгчээр/ ажилд орсон. 1979-07-13-ны өдрөөс 1999-06-11-ний өдөр хүртэлх хугацаанд тэжээгчийн моторчин, шүүгч зэргээр ажиллаж байгаад хоёр хөлний артерын судасны бүдүүрэл/ цусны эргэлтийн системийн өвчин/, хоёр чихний сонсгол муудсан зэргээс шалтгаалан хөдөлмөрийн чадвараа 50% алдсан учир ажлаас чөлөөлөгдсөн. 1979-07-13-ны өдрөөс хойш биеийн байдал дээрдэхгүй хөдөлмөрийн чадвар алдалтын 65%-тай байсаар 2014-10-23-ны өдөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон. Хөдөлмөрийн тухай хуулийн 97-р зүйлийн 97.1.1.-д заасан "...мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа...,51-70% хүртэл алдсан ажилтанд 9 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа"олгоно гэжээ.

Би хөдөлмөрийн тухай хуулийн 97-р зүйлийн 97.1.1-д заасан нөхөн төлбөрөө огт авч байгаагүй учраас хуульд заасан журмын дагуу нөхөн төлбөрөө гаргуулан авахыг хүсэж байна. Э ү ХХК-д миний хийж байсан ажлыг хийж байгаа хүн 2014 оны 10-р сарын 23-ны өдрийн байдлаар сарын дундаж цалин 2.286.574 төгрөг * 9 сар = 20 579 166 төгрөг гаргуулан авсан байна. Иймд Э ү ХХК-иас нөхөн төлбөрт 20 579 166 төгрөг гаргуулан С.О надад олгуулахаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Иргэн С овогтой О нь Э ү ХХК-ийн Баяжуулах үйлдвэрийн Шүүн хатаах хэсэгт Вакум насосны тоноглолын машинчаар ажиллаж байгаад Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 1999 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 3351 тоот актаар хөдөлмөрийн чадвар алдалт 50 хувь тогтоогдож, улмаар ажлаас халагдах хүсэлтээ өгч, Баяжуулах Фабрикын даргын 1999 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 68к дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн байна.

Э ү ХХК нь мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдсан ажилтнууддаа Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар нөхөн төлбөр олгохоос гадна тодорхой хэмжээний нэмэгдэл тэтгэврийг сар бүр нөхөн төлбөрийн хэлбэрээр олгож, буцалтгүй хэлбэрээр мөнгөн тусламж, тэтгэмж өгч, эмчилгээ сувилгаанд хөнгөлөлттэй үнээр болон төлбөргүйгээр хамруулж, эмчилгээний зардалд зориулан тусламж олгож, олон талт байдлаар тогтмол дэмжлэг, туслалцаа үзүүлж байдаг.

Иргэн С.О нь 1999 онд хөдөлмөрийн чадвар хувь алдаж, ажлаас чөлөөлөгдөх үедээ 2 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж авч байсан бөгөөд Э ү ХХК-иас дээр дурдсан хэлбэрээр нөхөн төлбөр, нөхөн олговор, тусламж, тэтгэмж, буцалтгүй тусламж, нэмэгдэл тэтгэвэр зэргийг тогтмол авч байсан байна.

Тухайлбал Э ү ХХК-ийн Ерөнхий захирлын 1999 оны 10 дугаар 29-ний өдрийн 564 дүгээр тушаалаар 9 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрт 810 000 төгрөг /90 000 төгрөг*9 сар/, 2000 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 169 дүгээр тушаалаар 60 000 төгрөгийн буцалтгүй тусламж, 2002 оны 07 дугаар 03-ны өдрийн 303 дугаар тушаалаар 150 000 төгрөгийн тусламж, 2004 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 177 дугаар тушаалаар 535 000 төгрөгийн нөхөн төлбөр, 2006 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 187 дугаар тушаалаар сар бүр олгогддог нөхөн төлбөрийг 50 хувиар нэмэгдүүлэн авч байсан, 2006 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 274 дүгээр тушаалаар нөхөн төлбөрийг 2 жил тутамд нэг удаа олгуулан авч байсан, 2011 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн А/18 дугаар тушаалаар 75 000 төгрөгийн тэтгэмж, 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/740 дүгээр тушаалаар 411 750 төгрөгийг эмчилгээний зардалд буцалтгүй тусламжаар, 2012 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/46 дугаар тушаалаар 150 000 төгрөгийн тэтгэмж, 2013 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А/453 дугаар тушаалаар 810 000 төгрөгийн нөхөн олговор, 2014 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/49 дүгээр тушаалаар 150 000 төгрөгийн тэтгэмж, 2014 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/50 дугаар тушаалаар 336 000 төгрөгийг эмчилгээ, сувилгааны зардал гэх мэт олон удаагийн нөхөн төлбөр, тусламж, олговруудыг авч байжээ.

Мөн Э ү ХХК-ийн Эмнэлэг сувиллын цогцолборт хэвтэн эмчлүүлж, эмчилгээ, сувилгааны үйлчилгээг тогтмол авдаг. Түүнчлэн Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 4871 дугаар актаар С.О-ийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацаа цуцлагдаж, өндөр насны тэтгэвэр тогтоолгосон байна. Энэ үедээ С.О нь Э ү ХХК-д хүсэлт гарган, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдсан ажилчдын бүртгэлээс хасагдаж, үйлдвэрийн ахмадад шилжин, улмаар өнөөдрийг хүртэл “Э ү ХХК-ийн ахмадуудад тэтгэврийн нэмэгдэл, нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын дагуу сар бүр тэтгэврийн нэмэгдэл болон бусад тусламж, дэмжлэг авч байна.

Ийнхүү иргэн С.О нь Э ү ХХК-иас давтамжтайгаар олон удаа нөхөн төлбөр, тусламж, тэтгэмж, буцалтгүй тусламж, эмчилгээ сувилгааны зардал гээд олон талын дэмжлэг, туслалцааг тогтмол авч байсан төдийгүй одоо ахмадын журмаар нэмэгдэл тэтгэвэр, буцалтгүй тусламж зэргийг авсаар байна. Түүнчлэн иргэн С.О нь энэхүү маргаанд огт хамааралгүй хүний цалингийн тодорхойлолтыг үндэслэн, Э ү ХХК-иас нөхөн төлбөрт 20 579 166 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нь ямар ч хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн түүний шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь 1999 онд ажлаас гарах үеийнх нь үйл баримттай шууд хамааралтай байх тул энэ асуудлыг иргэний журмаар хянан хэлэлцэх хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан гэж үзэж байна.

Иймд С.О-ийн нөхөн төлбөртэй холбоотой асуудлаар гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан, Э ү ХХК-иас олон удаагийн нөхөн төлбөр, бусад байдлаар тусламж, дэмжлэгүүд авч байсан, одоо ч авч байгаа болон юхэмжлэлийн дүн нь хэрэгт огг хамааралгүй этгээдийн цалинг үндэслэсэн, мэргэжлээс шалтгаалах өвчний хувь, хугацаа нь цуцлагдсан зэрэг нөхцөл байдлуудыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул түүний Э ү ХХК-иас 20 579 166 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.О “Э ү” ХХК-д холбогдуулан нөхөн төлбөрт 20 579 166 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Э ү” ХХК нь “Э ү” ТӨҮГ болон өөрчлөгдсөн бөгөөд энэ нь нийтэд илэрхий үйл баримт юм. Тиймээс хариуцагчийг “Э ү” ТӨҮГ гэж тодорхойлох үндэслэлтэй.             

С.О нь 1979 оноос Э ү ХХК-ийн Баяжуулах үйлдвэрийн Шүүн хатаах хэсэгт Вакуум насосны тоноглолын машинчаар ажиллаж байгаад Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 1999 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 3351 тоот актаар хөдөлмөрийн чадвар алдалт 50 хувь тогтоогдож, улмаар ажлаас халагдах хүсэлтээ өгч, Баяжуулах Фабрикын даргын 1999 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 68к дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, 1999 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 68к тушаал, 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 341, 342 дугаар “Э ү” ХХК-ийн төрөлжсөн архивын лавлагаа, нэхэмжлэгчийн хөдөлмөрийн дэвтэр, 1991 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 50к тушаал, 1991 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 68к тушаал, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоосон акт зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

С.О нь 1999 онд хөдөлмөрийн чадвар хувь алдаж, ажлаас чөлөөлөгдөх үедээ Э ү ХХК-ийн Ерөнхий захирлын 1999 оны 10 дугаар 29-ний өдрийн 564 дүгээр тушаалаар 9 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрт 810 000 төгрөг авсан нь баримтаар тогтоогдож байгаа ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч энэ тухайд маргаагүй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.-д Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр өвчилсөн ажилтан болон эдгээр шалтгаанаар нас барсан ажилтны ар гэрт учирсан хохирлыг нөхөх зорилгоор үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд даатгуулсан эсэхийг үл харгалзан ажил олгогч нь дор дурдсан хэмжээний нөхөн төлбөр олгоно, 97.1.1.-д үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 30 хувь хүртэл алдсан ажилтанд 5 сар, 31-50 хувь алдсан ажилтанд 7 сар, 51-70 хувь хүртэл алдсан ажилтанд 9 сар, 71 хувиас дээш алдсан ажилтанд 18 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа гэж заасан.

Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 4871 дугаар актаар С.О-ийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацаа цуцлагдаж, өндөр насны тэтгэвэр тогтоолгосон байна.

Энэ үедээ С.О нь Э ү ХХК-д хүсэлт гарган, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдсан ажилчдын бүртгэлээс хасагдаж, үйлдвэрийн ахмад ажилчин болж, “Э ү ХХК-ийн ахмадуудад тэтгэврийн нэмэгдэл, нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын дагуу Э ү ХХК-ийн Ерөнхий захирлын 2004 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 177 дугаар тушаалаар 535 000 төгрөгийн нөхөн төлбөр, 2013 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А/453 дугаар тушаалаар 810 000 төгрөгийн нөхөн олговор, 2014 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн А/617 дугаар тушаалаар 1 035 000 нөхөн төлбөрийг дахин авсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

Дээрхи нөхөн төлбөрөөс гадна 2000 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 169 дүгээр тушаалаар 60 000 төгрөгийн буцалтгүй тусламж, 2002 оны 07 дугаар 03-ны өдрийн 303 дугаар тушаалаар 150 000 төгрөгийн тусламж, 2011 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн А/18 дугаар тушаалаар 75 000 төгрөгийн тэтгэмж, 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/740 дүгээр тушаалаар 411 750 төгрөгийг эмчилгээний зардалд буцалтгүй тусламж, 2012 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/46 дугаар тушаалаар 150 000 төгрөгийн тэтгэмж, 2014 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/49 дүгээр тушаалаар 150 000 төгрөгийн тэтгэмж, 2014 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/50 дугаар тушаалаар 336 000 төгрөгийг эмчилгээ, сувилгааны зардал тус тус авчээ.

Мөн 2006-2014 оны хооронд сар бүр тэтгэмж авсан нь Э ү ХХК-ийн төрөлжсөн архивын 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 22 дугаар лавлагаагаар тогтоогдож байна.

Түүнчлэн Э ү ХХК-ийн Ерөнхий захирлын 2006 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 187 дугаар тушаалаар Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байгаад үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдсан хүмүүсийн сар бүр авдаг нөхөн төлбөрийг 50 хувиар нэмэгдүүлсэн, 2006 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 274 дүгээр тушаалаар нөхөн төлбөрийг 2 жил тутамд нэг удаа олгосон нь баримтаар тогтоогдож байна.

Ийнхүү нэхэмжлэгч нь мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдсан хувь хэмжээний нөхөн төлбөрийг Э ү ХХК-иас удаа дараа авсан нь хэрэгт авагдсан дээрхи баримтуудаар тогтоогдож байх тул “Э ү” ТӨҮГ-ыг Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1.-д заасан нөхөн төлбөр олгох үүргээ биелүүлсэн гэж үзэж, нэхэмжлэгч С.О-ийн нөхөн төлбөрт 20 579 166 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...С.О 1999 онд нөхөн төлбөрт 810 000 төгрөг авсан.Түүнээс хойш мөнгө аваагүй.2013 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр нэхэмжлэгчийн дансанд 810 000 төгрөг орж ирсэн ч энэ мөнгийг нэхэмжлэгч аваагүй. С.О картаа хаяад энэ мөнгөнүүд дандаа АТМ-р гарсан байна.Тиймээс Худалдаа хөгжлийн банкнаас карт авахад гаргасан хүсэлтэд зурагдсан гарын үсэг С.О-ийн гарын үсэг мөн эсэхийг шинжээчээр тогтоолгоё” гэсэн хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг шинжээчээр томилсон.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 2123 дугаар дүгнэлтэд “...Худалдаа хөгжлийн банкны Эрдэнэт 407 салбарт хадгалагдаж буй 2013 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн “Дотоод төлбөрийн дебит карт эзэмших” хүсэлтийн баруун доод хэсэгт “карт эзэмшихээр хүсэлт гаргагчийн баталгаат гарын үсэг” гэсний доор болон 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн “картын нэмэлт үйлчилгээ авах” хүсэлтийн арын нүүрний доод хэсэгт “Карт эзэмшигчийн баталгаат гарын үсэг” гэсний ард тус тус зурсан шинжилж буй гарын үсгүүд нь шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн С.О-ийн гэх гарын үсгийн загваруудтай тохирч байна” гэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд “...үзлэг хийлгэсэн баримтууд болон гарын үсэг мөн гэдэгт маргах зүйл байхгүй” гэсэн тайлбар гаргасан.

Шүүх хариуцагчийн хүсэлтээр Э ү ХХК-ийн төрөлжсөн архивт хадгалагдаж байгаа нотлох баримтанд үзлэг хийж тэмдэглэлээр бэхжүүлж авсан ба Э ү ХХК-ийн төрөлжсөн архив нь Монгол улсын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Архивын Ерөнхий газрын Төрийн архивын батламжийг 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр авсан нь 13 дугаар батламжаар нотлогдож байна.

Иймд Э ү ХХК-ийн төрөлжсөн архивын хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулан ирүүлсэн нотлох баримтуудыг нотлох баримтын шаардлага хангасан баримт гэж үзэж нотлох баримтаар үнэлсэн болно.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь :   

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1.-д заасан шаардах эрхийн үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч С.О-ийн “Э ү” ТӨҮГ-т холбогдуулан гаргасан нөхөн төлбөрт 20 579 166 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 260 846 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.   

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Р.ҮҮРИЙНТУЯА