Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 2023/ШЦТ/117

 

      Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,

      Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Е,

      Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Ө-,

      Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Т-,

      Шүүгдэгч К.С- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Х.Ө-ээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.т овогт К-ы С-д холбогдох 2313001570137 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авсныг 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хянан хэлэлцэв.

 

      Шүүгдэгчийн биеийн байцаалт:

      Монгол Улсын иргэн, 1982 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр, Баян-Өлгий аймгийн Ногооннуур суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын .... дугаар багийн ....-р гудамжны .... тоотод оршин суух хаягтай, Баян-Өлгий аймгийн сум дундын шүүхийн 2003 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 33 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлсэн, Баян-Өлгий аймгийн сум дундын шүүхийн 2004 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 49 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлсэн, Ш.т овогт К-ы С-, регистрийн дугаар Б3.............;

    

     Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

     Шүүгдэгч К.С- нь 2023 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 18 цагийн үед Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6 дугаар /Хөх толгой/ багийн нутаг дэвсгэрт өмнө нь зээлсэн мөнгөө өгөхгүй удаасан гэх шалтгааны улмаас хохирогч С.С-ыг зодож түүний биед хамрын таславчийн мурийлт, баруун зүүн нүдний цус хуралт, хамрын нурууны хаван хавдартай гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэг: Гэм буруугийн талаар:

            1. Прокурор Х.Ө- шүүх хуралдаанд: “Шүүгдэгч К.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 480 нэгж буюу 480,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүхэд гаргаж байна” гэв.

            2. Шүүгдэгч К.С- шүүх хуралдаанд: “Миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү” гэв.

           

            3. Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Т- шүүх хуралдаанд: “Шүүгдэгч К.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцоход татгалзах зүйлгүй, хохирлыг төлж барагдуулсан. Прокурорын яллах дүгнэлтийн хүрээнд шүүгдэгч К.С-д Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 нэгж буюу 480,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү” гэв.

 

            4. Шүүгдэгч К.С- нь 2023 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 18 цагийн үед Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6 дугаар /Хөх толгой/ багийн нутаг дэвсгэрт өмнө нь зээлсэн мөнгөө өгөхгүй удаасан гэх шалтгааны улмаас хохирогч С.С-ыг зодож түүний биед хамрын таславчийн мурийлт, баруун зүүн нүдний цус хуралт, хамрын нурууны хаван хавдартай гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь иргэн Ш.А-ээс 2023 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр гаргасан зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 01 дэх тал/, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 18-20 дахь тал/, хохирогч С.С-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 24-25, 29 дэх тал/, гэрч Ш.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 32-33 дахь тал/, гэрч Н.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 36-37 дахь тал/, Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Х.Е-ын 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 283 дугаартай шинжээчийн дүгнэлт, гавал ясны рентген зураг /хавтаст хэргийн 42-44 дэх тал/, шүүгдэгч К.С-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 71, 73 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

           

            5. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

            6. Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

            7. Шүүгдэгч К.С- нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            8. Энэ хэргийн улмаас хохирогч С.С-д учирсан хохирлыг шүүгдэгч К.С- нь төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

9. Прокурорын санал болгож, шүүгдэгч К.С-ы хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулах 480 нэгж буюу 480,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

10. Иймд шүүгдэгч К.С-д Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 нэгж буюу 480,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

11. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 төгрөгтэй тэнцэх ба 480 нэгж нь 480.000 төгрөгтэй тэнцэх юм.

 

12. Шүүгдэгч К.С- нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж байна.

 

13. Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч К.С- нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, уг хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг дурдаж байна.   

 

14. Шүүгдэгч К.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ш.т овогт К-ы С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч К.С-ыг 480 /дөрвөн зуун ная/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480.000 /дөрвөн зуун наян мянга/ төгрөгөөр торгох ял  шийтгэсүгэй.

 

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч К.С- нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

4. Шүүгдэгч К.С- нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй  болохыг тус тус дурдсугай.

 

5. Шүүгдэгч К.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч К.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        А.ДАУРЕНБЕК