| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Акраны Дауренбек |
| Хэргийн индекс | 161/2023/0123/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/118 |
| Огноо | 2023-06-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Ө |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 2023/ШЦТ/118
Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Е,
Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Ө-,
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Т-,
Шүүгдэгч Н.А- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Х.Ө-ээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Н-ы А-т холбогдох 2313001480140 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 10 цаг 56 минутад хүлээн авч, ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1982 оны 3 дугаар сарын 09-ний өдөр, Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, Баян- Өлгий аймгийн Өлгий сумын .. дугаар багийн ....-р гудамжны ...... тоотод оршин суух хаягтай, Баян-Өлгий аймгийн сум дундын шүүхийн 2003 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 33 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлсэн, Т овогт Н-ы А-, регистрийн дугаар БМ..........;
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.А- нь 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6 дугаар /Хөх толгой/ багийн нутаг дэвсгэрт цагдаад дуудлага өглөө гэх шалтгаанаар хохирогч Ж.А-ийг ам руу нь гараараа цохиж зодон, түүний биед уруулын цус хуралт, бага араа шүдний 3-р зэргийн сулралттай гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлт:
1. Улсын яллагч Х.Ө-ээс шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Н.А-ийн гэмт хэрэг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна” гэв.
2. Шүүгдэгч Н.А- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хохирогчоос уучлалт гуйж эвлэрсэн, хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү” гэв.
3. Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Т- шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Н.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцоход татгалзах зүйлгүй” гэв.
4. Хохирогч Ж.А- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Надаас уучлалт гуйсан, одоо гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн 2313001480140 дугаартай хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд улсын яллагчаас:
5. Иргэн Ж.А-ээс 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр гаргасан зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 01 дэх тал/,
6. Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Х.Е-ын 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 268 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 8-9 дэх тал/,
7. Хохирогч Ж.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 23-25 дугаар хуудас/,
8. Гэрч Н.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 27-29 дэх тал/,
9. Шүүгдэгч Н.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 45-47 дахь тал/ зэргийг,
10. Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Т-эс: Шүүх хуралдаанд гаргаж өгсөн шүүгдэгч Н.А-ийн ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
11. Шүүгдэгч Н.А-, хохирогч Ж.А- нараас хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас шинжлэн судлуулаагүй болно.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
12.Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдлын талаар шинжлэн судалсан нотлох баримтууд нь тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хамааралтай, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байна.
13. Шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч Н.А-т холбогдох хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.
14. Шүүгдэгч Н.А- нь 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6 дугаар /Хөх толгой/ багийн нутаг дэвсгэрт цагдаад дуудлага өглөө гэх шалтгаанаар хохирогч Ж.А-ийг ам руу нь гараараа цохиж зодон, түүний биед уруулын цус хуралт, бага араа шүдний 3-р зэргийн сулралттай гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:
15. Иргэн Ж.А-ээс 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр гаргасан зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 01 дэх тал/,
16. Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Х.Е-ын 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 268 дугаартай “...Ж.А-ийн биед дээд уруулын цус хуралт, бага араа шүдний 3-р зэргийн сулралттай гэмтэл тогтоогдлоо. ... Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 08-09 дэх тал/,
17. Хохирогч Ж.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Манай нөхөр О- нь айлын мал хөлсөөр маллаж хөдөө рүү явдаг бөгөөд нөхөр маань хөдөөнөөс ирээд 2, 3 хоногийн дараа 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр нөхөр бид хоёр гэрт байх үеэр нөхрийн дүү болох Н.А- нь согтуу ирж манай нөхөрт элдэв бусын зүйл ярьж, чи хүний боол чамайг байхгүй хойгуур эхнэр чинь залуучуудтай явалддаг гэх зэргээр нөхөр бид хоёрын хооронд үг хаясан ба энэ үеэр манай нөхөр цагдаад дуудлага өгсөн. Түүний дараа цагдаагаас намайг ирж гомдол саналаа гаргаарай гэж хэлэхээр нь би цагдаагийн газарт нөхрийн хамт ирээд Н.А- нь миний нөхрийн төрсөн дүү нь болохоор гомдол гаргаад яах юм бэ гэж хэлээд дуудлагаа буцааж, дараа нь нөхөртэйгөө гэр лүүгээ харих замд 18 цаг өнгөрч байсан байх манай хорооллын гудмаар орж ирэх үед замд машинтай манай хүргэн дүү болох Н.А- нь машинаас бууж ирээд чи яахаараа цагдаад намайг өгдөг юм, чи надаас олж идээрэй гэж хэлээд над руу дайрч улмаар миний ам хэсэгт гараа зангидаж нударгаараа нэг удаа хүчтэй цохисон. Энэ үед миний амнаас цус гарч тухайн газарт нэлээн хэрүүл маргаан болж би тухайн машин дотор орж суугаад одоо чамайг цагдаад өгөх болно, цагдаа руу яваарай гэж хэлэхэд тухайн машины жолооч шууд манай гэрийн хашаанд ирж зогссон ба би шууд цагдаад дуудлага өгсөн. Дараа нь хэсэг хугацааны дараа цагдаа нар ирээд Н.А-ийг аваад явсан юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-25 дугаар хуудас/,
18. Гэрч Н.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр би эхнэр Ж.А-ийн хамт манай том айлын гэрт ирээд хоол идээд сууж байх үеэр орой 17 цагийн орчимд гаднаас миний төрсөн дүү болох Н.А- согтуу орж ирсэн. Хэсэг сууж байгаад Н.А- надтай хэрүүл үүсгэж чи дандаа хөдөө гадаа мал маллаад яваад өгдөг, хүний боол болсон хүн, олсон хэдэн төгрөгөө дандаа эхнэртээ өгдөг, эхнэр чинь чамайг эзгүйд залуучуудтай уулзаад явдаг гэх зэргээр надад агсарч эхэлсэн ба энэ үед би чиний хэлэх үг чинь дууссан бол би одоо цагдаа дуудлаа шүү гээд цагдаад дуудлага өгөх үеэр манай дүү зугтаад яваад өгсөн. Түүний дараа манай эхнэр бид хоёр цагдаагийн байгууллагад очиж гомдол гаргах гэснээ болиод гомдлоо буцааж, эргээд эхнэр Ж.А- бид хоёр гэр лүүгээ харьж явсан ба манай гэрийн гудамжаар ороод ирж явах үед манай дүү Н.А- нь машинтай хүрч ирээд зогсоод машинаас бууж ирээд шууд миний эхнэр Ж.А-тэй хэрэлдэж байгаад түүний аман тус газар гараараа цохисон юм. Энэ үеэр эхнэр Ж.А-ийн амнаас цус гарч би Н.А-ийг машинд суулгаад цагдаагийн газар луу яв гэхэд машин жолоодож явсан жолооч шууд манай хашаанд ирж зогсож энэ үеэр би цагдаад дуудлага өгөхөд Н.А- нь зугтаагаад явсан. Тэгээд эхнэрийн амнаас цус гарч нэг шүд нь хөдөлгөөнтэй болсон байна гээд эхнэр Ж.А- хэлж байсан. Тийм болохоор цагдаад гомдол гаргаж шалгуулсан юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27-29 дэх тал/,
19. Шүүгдэгч Н.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 15 цагийн орчимд байсан байх дүү болох Н.М-ийн гэрт очиж Н.М- бид хоёр нэг шил архи хувааж уугаад сууж байх үеэр гаднаас манай ах Н.О- орж ирээд бид нар хоорондоо ярилцаад нэг шил архи хувааж уугаад сууж байхад гаднаас бэр эгч болох Ж.А- орж ирээд та нар яагаад архи ууж байгаа юм?, зүгээр байсан хүнд архи өглөө гээд бид нар луу үгээр дайрч, хэрүүл маргаан хийгээд, Ж.А- нь цагдаад дуудлага өгнө гээд орилоод байхаар нь Н.М-ийн гэрээс гарч яваад гэртээ ирсэн юм. Түүний дараа хэсэг хугацааны дараа миний гар утас руу цагдаагаас залгаж байна, та цагдаа дээр хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд би цагдаа руу явах санаатай гэрээс гараад ирэхэд гэрийн гудамжинд танил болох А-, А-, М- нар машин дотор сууж байсан бөгөөд би тухайн машинд ороод намайг цагдаагаас дуудаж байна, цагдаа руу хүргээд өгөөч гэж хэлээд замаар уруудаад явж байх үеэр ах, бэр эгч болох Н.О-, Ж.А- нар зам дагуу явж байхаар нь би машин зогсоогоод машинаас буугаад Н.О-, Ж.А- нараас “та нар намайг цагдаад дуудлага өгсөн юм уу?, одоо намайг яг хаана дуудаж байна, цагдаагийн газар дээр юм уу?, Өлгий сум дээр дуудаж байгаа юм уу? гэж асуухад Ж.А- нь над руу хэлэх хэлэхгүй үгээр дайрч чи муу архичин, чи тэр цагдаад очиж эрүүлжүүлэхдээ хэвт гэх зэргээр дайрч над руу чулуу шидэж, ирээд салаавч гаргаад миний ам руу гараа хийгээд байхаар нь би уурлаад Ж.А-ийн гарыг түлхэх гээд хойш нь хүчтэй холдуулах үед миний гар Ж.А-ийн ам хэсэгт хүрчихсэн юм. ...Түүний дараа би анзаарч харснаар Ж.А-ийн ам, доод уруул хэсэгт нь цус гарсан байсныг харсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 45-47 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Эрх зүйн дүгнэлт:
20. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүхээс үнэллээ.
21. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлсон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
22. Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн 12 дугаар зүйлийн 13-д ”Иргэн бүр халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулжээ.
23. Шүүгдэгч Н.А- нь хохирогчийн дээрх хуулиар баталгаажуулсан эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, санаатай хууль бус үйлдлийн улмаас буюу мөргөж, хөнгөн хохирол учруулсан идэвхтэй үйлдлийг хийсэн ба уг үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул түүнийг санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
24. Шүүгдэгч Н.А-ийн үйлдлийн улмаас хохирогч Ж.А-ийн биед дээд уруулын цус хуралт, бага араа шүдний 3-р зэргийн сулралттай хөнгөн гэмтэл учирсан байх ба Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах тул хохирогчийн биед гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна.
25. Шүүгдэгч Н.А-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргээр зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул түүнийг гэм буруутайд тооцох нь зүйтэй.
26. Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч, хохирогч нарын бие биедээ хүндэтгэлгүй хандсан байдал, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдал, хуулийн мэдлэггүй байдал шууд нөлөөлсөн байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.
27. Гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээг тодорхойлох гол шинж нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг юм. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцдог.
28. Шүүгдэгч Н.А-ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ж.А-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба хохирогч нь хохирол нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч Н.А-ийг хохирогч Ж.А-д төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
29. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “Шүүгдэгч Н.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгж буюу 700.000 төгрөгийн торгуулийн ял оногдуулах” дүгнэлтийг,
30. Шүүгдэгч Н.А-ээс “торгуулийн ял оногдуулж өгнө үү” гэх хүсэлтийг,
31. Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Т-эс “Шүүгдэгч Н.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгийн торгуулийн ял оногдуулах” дүгнэлтийг гаргаж эрүүгийн хариуцлагын талаар мэтгэлцсэн болно.
32. Шүүгдэгч Н.А- нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
33. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
34. Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Н.А-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
35. Шүүгдэгч Н.А- урьд нь ял шийтгүүлж байсан болох нь хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 50 дахь тал/, Баян-Өлгий аймгийн сум дундын шүүхийн 2003 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 33 дугаартай шийтгэх тогтоол /хавтаст хэргийн 52 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
36. Иймд шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Н.А-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
37. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 төгрөгтэй тэнцэх ба 600 нэгж нь 600.000 төгрөгтэй тэнцэх юм.
38. Шүүгдэгч Н.А- нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж байна.
39. Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч шүүгдэгч Н.А- нь баривчлагдаж, цагдан хоригдоогүй, түүний хувийн бичиг баримт ирээгүй, энэ хэрэгт битүүмжилсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, энэ хэрэгт нэгтгэсэн болон энэ хэргээс тусгаарласан хэрэг байхгүй болохыг дурдаж байна.
40. Шүүгдэгч Н.А-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэх нь зүйтэй.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт Н-ы А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А-ийг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А-т нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Шүүгдэгч Н.А- нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, уг хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шүүгдэгч Н.А-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.ДАУРЕНБЕК