Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 01

 

 

Э.А-д холбогдох

                                                                   эрүүгийн хэргийн тухай                                                                                                                                                                                                                                                     Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч А.Сайнтөгс, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

            Хяналтын прокурор: Б.Догмиддорж,

            Хохирогч: Б.Н,

           Шүүгдэгчийн өмгөөлөгч: Э.Батбаяр,  

           Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхжаргал нарыг оролцуулан,

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2019/ШЗ/393 дугаар шүүгчийн захирамжтай, шүүгдэгч Э.Ат холбогдох эрүүгийн 1920001310094 дугаартай, 2 хавтас, 275 хуудас бүхий хэргийг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Б.Догмиддоржийн эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Э.А-д холбогдуулан Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Б.Догмиддоржоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

Шүүгдэгч Э.А Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Р банкны ахлах теллерээр ажиллаж байхдаа, албан тушаалын байдлаа ашиглан баримт бичиг, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр, 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрүүдэд иргэн Б.Б-н нэрээр хуурамч бичиг баримт бүрдүүлэн түүний хадгаламжийг барьцаалж 56000000 төгрөгийн, иргэн Б.Н-н нэрээр хуурамч баримт бичиг бүрдүүлэн түүний хадгаламжийг барьцаалж 50000000 төгрөгийн зээл гарган авч Р банканд нийт 106000000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан залилан мэхэлсэн гэмт хэрэгт  холбогджээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Э.А-д холбогдох Эрүүгийн 1920001310094 дугаартай хэрэгт нэмж мөрдөн шалгах ажилагаа хийлгэхээр Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газарт буцааж,

энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж,

хэргийг прокурорт очтол шүүгдэгч Э.А-д авсан Монгол Улсын хилээр гарахыг хориглох тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр,

Шүүгчийн захирамжийг прокурор эс зөвшөөрвөл захирамжийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Хяналтын прокурор Б.Догмиддорж давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Прокурорын зүгээс энэ гэмт хэргийг залилах гэмт хэрэг гэж үзэж байгаа. Улсын Дээд шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 51 дугаартай тогтоолд “залилан мэхлэх арга” гэж бусдын эд хөрөнгө, өмчлөх эрхийг өөртөө хууль бусаар олж авахын тулд үгээр буюу үйлдлээр зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар эзэмшигч өмчлөгчийг төөрөгдүүлэхийг хэлнэ гэж тайлбарласан. Хуурамч баримт бичиг, тээврийн хэрэгсэл, компьютерын мэдээлэл сүлжээ ашиглан зориудаар хууран мэхлэхийг төөрөгдүүлсэн гэж үзнэ. Э.А анх Б.Цт 20000000 төгрөгийг өгөхөд залилан мэхлэх гэмт хэргийг үйлдсэн байдаг. Түүнээс биш Э.А хөрөнгө завших гэмт хэргийн шинжийг агуулж үйлдээгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудалд гэмт хэргийн сэдэл, зорилгыг тогтоохоор байгаа. Энэ гэмт хэргийн зорилго нь анхнаасаа залилан мэхлэх аргаар үйлдэгдсэн. Залилан мэхлэх аргыг хийж байх хугацаандаа Э.А өөртөө хөрөнгө завшсан байдаг. Шүүгч хэргийг захирамжаар буцаахдаа Э.Аын үйлдэл залилах гэмт хэргийн шинжийг агуулсан байна гээд буцаасан. Тэгээд зүйлчлэлийг өөрчлөхөөр хөрөнгө завших гэмт хэрэг байна гээд хоёр өөр янзын дүгнэлт хийдэг.

Б.Нийн нэрээр хуурамч бичиг баримт бүрдүүлэн 50000000 төгрөгийн хадгаламж барьцаалсан зээл гаргасан үйлдэл нь иргэн Б.Баян-Эрдэнийн нэрээр хуурамч бичиг баримт бүрдүүлэн хадгаламж барьцаалсан зээл гаргасан үйлдэлтэй 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр давхцдаг. Яллах дүгнэлтдээ энэ талаар дурдсан байгаа. Ажлын байрны тодорхойлолтыг авах нь нөхөн гүйцэтгэж болохгүй ажиллагаа биш юм. Мөн иргэний нэхэмжлэгч Б.Нгээс мэдүүлэг авахдаа хохирогчоос мэдүүлэг авах гэдгийг зөвтгөх гээд байгаа юм. Иргэний нэхэмжлэгчээс мэдүүлэг авах хохирогчоос мэдүүлэг авах зүйл ангиуд нь адилхан. Э.А, Б.Ц нараас мэдүүлэг авахад бид хоёр хамтарсан, бүлэглэсэн, үгсэн тохирсон зүйл байхгүй гэдэг. Б.Ц нь Э.Ааас 20000000 төгрөг олоод өгөөч ээ байрны урьдчилгаа хийх гэсэн юм гэхэд Э.А болно болно гэсэн байдаг. Энэ хоёр өөр өөрсдийнхөө үйлдлийг өөрсдөө л гэрчилнэ, өөрсдөө л нотолно. Тэгэхээр прокурорын зүгээс энэ ажиллагааг хийж гүйцэтгэсэн гэж үзэж байна. Иймд шүүгчийн захирамжид заагдсан ажиллагаа нь хэргийн бодит байдалтай нийцээгүй тул хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичсэн...” гэв. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Батбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний хувьд Э.Аын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан албан тушаалын байдлаа ашиглаж залилах гэмт хэрэг гэж үзэж байгаа. Прокурорын зүйлчлэл дээр маргахгүй. Эсэргүүцлийг дэмжиж байна. Э.Аын үйлдлийг шалгаад үзэхээр зөвхөн албан тушаалын байдлаа ашиглан банкийг хуурч байгаа асуудал байдаг. Иймд шүүхээс хөрөнгө завших гэмт хэрэг гээд эрх зүйн байдлыг хүндрүүлэх заалт оруулан буцааж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. Энэ хэрэг нь 2 удаа шүүхээр ороод 2 удаа буцсан. Эхний удаа хөрөнгө завших гэмт хэрэг мөн эсэх талаар мэтгэлцээн явагдаж хөрөнгө завших гэмт хэрэг биш, залилах төрлийн гэмт хэрэг байна гээд прокурорт буцаасан. Энэ нь зөв гэж үзэж байна. Албан тушаалын байдлаа ашиглан бичилт хийгээд байгаа үйлдэл нь залилах юм. Завших төрлийн гэмт хэргийг өөр ойлголттой гэж үзэж байна. Э.Ат биш банканд хадгалуулсан мөнгийг хэрэглээд байгаа. Гэтэл Э.Ат өөрт нь хадгалуулсан мөнгийг хэрэглээд байгаа юм шиг завших гэмт хэрэг гэж үзээд байгаа нь буруу. Мөн Б.Цт энэ хэрэг ямар ч хамааралгүй юм байна гэж үзсэнийг үндэслэлтэй гэж үзэж байна...” гэв.

Хохирогч Б.Н давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэлэх зүйлгүй...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж,  прокурорын бичсэн эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Гэмт хэргийн ойлголт, шинжийг

-Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан

-нийгэмд аюултай байх,

-гэм буруутай байх,

-үйлдэл, эс үйлдэхүй байх гэж, мөн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тодорхойлсон байна.

Мөн “Залилах гэмт хэрэг”-ийн гол шинжийг гэмт этгээдийн идэвхтэй, хууль бус үйлдлийн дүнд хохирогч эд хөрөнгөө гэмт этгээдэд сайн дураараа зөвшөөрч, шилжүүлсэн байхыг, харин “Хөрөнгө завших” гэмт хэргийн тухайд бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг, итгэмжлэгдэн хариуцсан этгээд завшсан буюу хууль бусаар тухайн эд хөрөнгийг хувьдаа ашигласан, захиран зарцуулсан байхыг ойлгодог.           

Итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг хариуцах этгээд гэдгийг бусдын өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээлгэсэн, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг ойлгох бөгөөд ийнхүү үүрэг хүлээсэн байдгаараа “Залилах” гэмт хэргээс ялгагдана.

 Түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэмт үйлдэл эс үйлдэхүй тухай бүрийг нэг бүрчлэн шалгаж тогтоох нь шударга ёсны болон хууль ёсны зарчимд нийцэхийн зэрэгцээ тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг төлүүлэхэд чухал ач холбогдолтой.  

            Гэтэл прокуророос шүүгдэгч Э.Аын гэм буруутай үйлдэл тус бүрд хууль зүйн дүгнэлт хийлгүй, зөвхөн 2 хадгаламж эзэмшигч, тус бүрийн хадгаламжийг барьцаалж зээл гаргасан 3 удаагийн буюу нийт 106 000 000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

            Мөн шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас учруулсан хохирлын хэмжээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний аль шинжид хамаарч байгааг шалгаж, тодруулаагүй нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх, хэргийн бодит байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр тогтоох зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчжээ.

Тиймээс хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжид заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцсэн гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл хавтаст хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудад дүн шинжилгээ хийж, харьцуулан судалж үзэхэд шүүгдэгч Э.А нь Р банкны Замын-Үүд салбарт ажиллаж байх хугацаандаа бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг, албан тушаалын байдлаа ашиглаж, завшсан, бусдад их хэмжээний буюу 176 000 000 төгрөгийн хохирол учруулсан болох нөхцөл байдлын талаар тодруулбал :

  • 2018 оны 11 сард хуурамч, хоосон бичилт хийж касснаас 20 000 000 төгрөгийг Б.Цийн 2006023216 дугаар харилцах дансанд бэлэн бусаар шилжүүлснээс кассанд 20 000 000 төгрөгийн дутагдал бий болсон,
  • 2018 оны 11 сард 2 АТМ цэнэглэх 120 000 000 төгрөгөөс, 50 000 000 төгрөгийг дутуу цэнэглэж, уг мөнгийг хувьдаа завшсан байх буюу 20 000 000 төгрөгөөр касс дахь 20 000 000 төгрөгийн дутагдлыг хаасан, үлдэх 30 000 000 төгрөгийн 26 000 000 төгрөгийг Т.Г-т байрны төлбөрт өгч, үлдэх 4 000 000 төгрөгийг хувийн хэрэгцээндээ зарцуулсан,
  • 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хадгаламж эзэмшигч Б.Б-н нэрээр хуурамч бичиг баримт бүрдүүлэн хадгаламж барьцаалсан зээлийн гэрээ байгуулан 30 000 000 төгрөгийн хуурамч зээл гаргаж хувьдаа завшсан /худалдаж авсан байшиндаа засвар хийсэн/,
  • 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Төв банкнаас “...танай АТМ ажиллахгүй байгаа бол манайх руу зузаатгал хий гэсний дагуу, 2018 оны 11 сард АТМ цэнэглэх мөнгөнөөс авсан 50 000 000 төгрөгийг нөхөж хийх шаардлагаар тус тус хадгаламж эзэмшигч Б.Н-н нэр дээр 50 000 000 төгрөгийн хуурамч хадгаламж барьцаалсан зээл авч, өөрийн Голомт банкны данс руу 1 000 000 төгрөгөөр нийт 50 удаа шилжүүлэн авч улмаар түүнийгээ Төв банк руу АТМ-ийн мөнгө гэж зузаатгасан,

- хадгаламж эзэмшигч Б.Б-н данснаас дахин 26 000 000 төгрөгийн хадгаламж барьцаалсан зээл гаргаж хувьдаа ашигласан буюу нийт 176 000 000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогджээ.

Хэдийгээр 176 000 000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл байх боловч хууль бусаар авсан энэхүү мөнгөнөөс шүүгдэгч буцаан нөхөн хийсэн /касснаас авсан 20 сая төгрөгийг АТМ дутуу цэнэглэж авсан 50 сая төгрөгөөс нөхөж хийсэн, АТМ-ийг дутуу цэнэглэж авсан 50 сая төгрөгийг хадгаламж эзэмшигч Б.Н-н нэр дээр 50 сая төгрөгийн зээл гарган нөхөж хийсэн/-ээс үзэхэд түүний учруулсан бодит хохирлын дүн 106 000 000 төгрөг болсон гэж үзэх үндэслэлтэй.  

      Харин шүүгдэгч Э.А хадгаламж эзэмшигч Б.Б, Б.Н нарыг хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар тэднийг төөрөгдөлд оруулж, тэдгээрийн эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхийг шилжүүлж авсан гэж үзэх нөхцөл байдал хэрэгт байгаа нотлох баримтаар нотлогдож, тогтоогдсонгүй.

Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 4, 39.4 дүгээр зүйл, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Cум дундын шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2019/ШЗ/393 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, хяналтын прокурор Б.Догмиддоржийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 1.3, 14.2, 14.3, 14.5 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Э.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

  3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 3, 3.1, 3.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Н.БАТЧИМЭГ

 

                                                ШҮҮГЧИД                                   А.САЙНТӨГС

 

                                                                                                    Н.БОЛОРМАА