Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2022 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 221/ШШ2022/0020

 

2022 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 221/ШШ2022/0020

Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Баатархүү би “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “М” ТӨХК-д холбогдох, “М” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 2019/07 дугаар тогтоолын хавсралтын “Хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн журам”-ын 6.2.2-т “нэгж эрх бүртгэх үйлчилгээний хөлс-Нийт бүртгүүлсэн үнийн дүнгийн 1 хувь гэснийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Б нь тус шүүхэд хандан гаргасан хүсэлтдээ: “М” ТӨХК-д холбогдуулан “М” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 2019/07 дугаар тогтоолын хавсралтын “Хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн журам”-ын 6.2.2-т “Нэгж эрх бүртгэх үйлчилгээний хөлс-Нийт бүртгүүлсэн үнийн дүнгийн 1 хувь” гэснийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гарган захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх хугацаанд “М” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс “Хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн журам”-ын 6.2.2 дахь заалтад 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 16 дугаар тогтоолоор :

Журмын 6 дугаар зүйлийн 6.2.2 дахь хэсэгт “нэгж эрх бүртгэх үйлчилгээний хөлс-Нийт бүртгүүлсэн үнийн дүнгийн 1 хувь“ гэснийг “Нэгж эрх бүртгэх үйлчилгээний хөлс - Нийт бүртгүүлсэн үнийн дүнгээс хамаарч:

6.2.2.1-д “20 тэрбум хүртэлх үнийн дүнд-0.5 хувь”, 6.2.2.2-т “20-50 тэрбум хүртэлх үнийн дүнд - 0.375 хувь”, 6.2.2.3-т “50 тэрбум төгрөгөөс дээш үнийн дүнд-0.25 хувь” гэж өөрчлөх, журмын 6 дугаар зүйлийн 6.2.3 дахь хэсэгт “Жилийн үйлчилгээний хөлс - Сангийн цэвэр хөрөнгийн дүнгийн 0.1 хувь, хамгийн багадаа 2,500,000 төгрөг” гэснийг “Жилийн үйлчилгээний хөлс-Сангийн цэвэр хөрөнгийн дүнгийн 0.05 хувь, хамгийн багадаа 2,500,000 төгрөг хамгийн ихдээ 150,000,000 төгрөг байна” гэж өөрчлөх, журмын хавсралтаар баталсан “Хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн гэрээ”-ний 2 дугаар зүйлийн 2.1.2 болон 2.1.3 дахь хэсгүүдэд дээр дурдсан нэмэлт өөрчлөлтүүдийг оруулах” гэж өөрчлөн Санхүүгийн зохицуулах хороогоор батламжлуулахаар хүргүүлснийг батламжилсан тухай баримтыг шүүхэд ирүүлсэн байна.

Энэхүү өөрчлөлт орсноор манай гаргасан нэхэмжлэлийн шаардлага бүрэн хангагдсан гэж үзэж болох тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.2 дахь хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэлээсээ татгалзаж байна.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Б тус шүүхэд хандан 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр “М” ТӨХК-д холбогдох, “М” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 2019/07 дугаар тогтоолын хавсралтын “Хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн журам”-ын 6.2.2-т “нэгж эрх бүртгэх үйлчилгээний хөлс-Нийт бүртгүүлсэн үнийн дүнгийн 1 хувь гэснийг хүчингүй болгуулах”шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

Улмаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр тус шүүхэд хандан нэхэмжлэлээс татгалзах тухай хүсэлтийг бичгээр гаргасан байх бөгөөд шүүхээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т “Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах”, 122 дугаар зүйлийн 122.2-т “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 122.1-д зааснаас бусад шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй” болохыг тайлбарласан.

Мөн нэхэмжлэгч “М” ХХК-аас 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 1М22/058 дугаар албан бичгээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Баярсайханд олгосон итгэмжлэлээр түүнд нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзах эрхийг тухайлан олгосон байх бөгөөд тухайн хүсэлт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ”, 20.1.1-д “нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх”, 66 дугаар зүйлийн 66.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно”, 66.2-т “Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх...” гэж заасан хуулийн шаардлагыг хангасан ба гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, нэхэмжлэгч “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “М” ТӨХК-д холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг үндэслэн “М” ХХК-аас “М” ТӨХК-д холбогдуулан гаргасан “М” ТӨХК-д холбогдох,“М” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 2019/07 дугаар тогтоолын хавсралтын “Хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн журам”-ын 6.2.2-т “нэгж эрх бүртгэх үйлчилгээний хөлс-Нийт бүртгүүлсэн үнийн дүнгийн 1 хувь гэснийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д заасны дагуу нэхэмжлэгч “М” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                               Д.БААТАРХҮҮ