Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 128/ШШ2022/0043

 

 

 

                                      

 

 

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Ш ” ХХК, 

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга нарын хоорондын газрын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.М, Ө.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, Б.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ц нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Тус шүүх анх нэхэмжлэгч “Ш” ХХК-аас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын  2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн А/60*  дугаартай “Тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” захирамжийн “Ш ” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлээр 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдөр захиргааны хэрэг үүсгэсэн.

1.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс эцсийн байдлаар “Нийслэлийн Засаг даргын  2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн А/60*  дугаартай “Тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” захирамжийн “Ш ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох,

“Ш ” ХХК-ийн Ашигт малтмал ашиглалтын MV-01558* дугаартай тусгай зөвшөөрлийн Улаанбаатар хотын ундны усны эх үүсвэрийн хамгаалалтын бүстэй давхцалтай 3.21 га талбайг хасаж, үлдсэн талбайд үйл ажиллагааг үргэлжлүүлэх шийдвэр гаргахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох, “Ш ” ХХК-ийн Ашигт малтмал ашиглалтын MV-01558* дугаартай 32.18 га талбайд тусгай зөвшөөрөл, газрын хэвлийн ашиглах эрхийг сэргээхийг хариуцагчид даалгах” гэж тодруулсан болно.

Хоёр. Маргааны үйл баримт, процессын талаар:

2.1. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч “Ш ” ХХК 2010 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн Түгээмэл тархацтай ашигт малтмалын MV-01558* дугаар тусгай зөвшөөрлийн дагуу Налайх дүүргийн 1 дүгээр хороо Их ам нэртэй газарт байрлах 39.11 га талбайд элс, хайрга олборлох үйл ажиллагаа явуулдаг байжээ[1].

2.2. Тусгай зөвшөөрөлд заасан уурхайн талбайд хуульд заасан нөхцөл, шаардлагын дагуу ашиглалтын үйл  ажиллагаа явуулж байх хугацаандаа тусгай зөвшөөрлийн төлбөр төлж[2], сунгалтаа хийлгүүлэхийн сацуу байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулан, уг биелэлтээ эрх бүхий албан тушаалтнаар дүгнүүлдэг байжээ[3].

2.3. Гэтэл Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Мэргэжлийн хяналтын газрын 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 217/16 дугаар “ Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтэд хийсэн хяналт шалгалтын тухай” хяналт шалгалтад[4] Ш  ХХК-орсон байна[5].

2.4.Улмаар Нийслэлийн Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн А/60*  дүгээр захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, 37.6, Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 5, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 1, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 50 дугаар тогтоолыг тус тус үндэслэн “...тусгай зөвшөөрөл бүхий ашиглалтын талбай нь Улаанбаатар хотын ундны усны хамгаалалтын бүсэд орсон...” үндэслэлээр “Ш ” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцалсан байна.

2.5. Нэхэмжлэгч уг маргаан бүхий захиргааны актыг үндэслэлийг эс зөвшөөрч Нийслэлийн байгаль орчин,  ногоон хөгжлийн газарт[6] “...усан сан болон энгийн хамгаалалттай бүсэд давхцалтай эсэх талаар”,  Нийслэлийн Засаг даргын Тамгын Газарт “...усан сан бүхий энгийн хамгаалалтын бүстэй 3.21 га талбай давхцалтай байгааг хасуулж үлдэх талбайд ашиглалт явуулах зөвшөөрөл олгох...”[7], Барилга хот байгуулалтын яаманд “...нийт 35.39 га газраас 3.21 га талбайг хасаж, үлдэх 32.18 га дээр үйл ажиллагааг сэргээх...”[8],  Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Нийслэлийн Засаг дарга С.Батболдод “...нийт 35.39 га газраас 3.21 га талбайг хасаж, үлдэх 32.18 га дээр үйл ажиллагааг сэргээх...”[9], Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хууль эрх зүйн хэлтсийн даргад “...хасагдаж байгаа 3.21 га талбайд олборлолт явуулаагүй тул тусгай зөвшөөрлийг сэргээх талаар...”[10], Нийслэлийн Байгаль орчны газарт “...дэмжлэг хүсэх тухай...”[11],  Нийслэлийн Засаг дарга С.Амарсайханд “...компанийн зөвшөөрөл бүхий талбайгаас Усны эх энгийн хамгаалалтын бүсэд давхцалтай 3.21 га талбайг хасуулж, үлдсэн 32.18 га давхцалгүй талбайд үйл ажиллагааг үргэлжлүүлэх хүсэлтэй...”[12], Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарт “...32.18 га талбайд үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгох захирамж гаргах...”[13] хандаж байсан.

2.6. Эцсийн байдлаар нэхэмжлэгчээс 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хууль, эрх зүйн хэлтсийн дарга Б.Мөнгөншагай хандан хүсэлт[14] гаргахад тэрбээр “...2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 07/1655 дугаар албан бичгээр “...өмнө хариу өгсөн...” талаар мэдэгджээ[15].

2.7. Нэхэмжлэгч дээрх албан бичгээр өгсөн хариу болон маргааны бүхий актыг эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 94 дүгээр зүйлийн 94 дүгээр зүйлд заасан ажиллагаа явагдсан гэж үзэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байна.

2.8. Энэ тохиолдолд нэхэмжлэгчийг Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 93 дугаар зүйлийн 93.1-д заасан эрхийнхээ хүрээнд  маргаан  бүхий актыг гаргасан албан тушаалтан, түүний харьяа байгууллага болон бусад асуудлыг шийдвэрлэхэд чиг үүрэг бүхий байгууллагад тасралтгүйгээр хандаж, гомдлоо шийдвэрлүүлэх эрхээ хэрэгжүүлснийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 30 хоногийн дотор гомдол, нэхэмжлэл гаргах  хугацаа алдсан гэж үзэх боломжгүй байна.

Гурав:  Нэхэмжлэлийн үндэслэлийн талаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгчийн тайлбар:

3.1.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Сайнбаяр шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...Анх нэхэмжлэлийн шаардлагаа маргаан бүхий захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох гэж гаргасан. Гэтэл илт хууль бус байх захиргааны актын шаардлага байхгүй байна гэж үзээд хууль бус захиргааны акт байх тул хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа гаргаж байна.

Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын эрүү ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журмын 2.6.1-т “Усны сан бүхий газрын эргээс 200 метрээс доошгүй зайд энгийн хамгаалалтын бүсийг тогтооно”, 2.6.7-т “хур бороо болон шар усаар түр зуурын хугацаанд тэжээгдэн урсан өнгөрөх тогтоол ус үүсэхгүй, тогтмол тэжээлгүй голдрил бүхий хуурай санд хамгаалалтын бүс тогтоохгүй” гэж заасан.

Налайхын гол хур бороо болон шар усаар түр зуурын хугацаанд тэжээгддэг, тогтмол ус урсдаггүй, тэнд онцгой хамгаалалтын бүс тогтоогоогүй. Налайхын голд тулгаад айлуудад эзэмшлийн бүс тогтоож өгсөн. Онцгой бүс 100 метрээс дотогш суурьшлын бүс байгуулахыг хориглосон газар. Гэтэл онцгой бүс байхгүй байтал энгийн хамгаалалтын бүс тогтоож “Ш ” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцалсан нь хууль зүйн үндэслэлгүй юм.

 Засгийн газрын тогтоол, Улсын Их Хурлын байнгын хорооны Өргөдлийн хорооноос Засаг дарга, Нийслэлийн иргэдийн Хурлын төлөөлөгчид рүү явуулсан тогтоолд “иргэд болон тэр хавьд суурьшиж байгаа айлуудын эрх ашигт хэрхэн нөлөөлөх талаар дүгнэлт хийх” гэж байсан болохоос энгийн хамгаалалтын бүсийн хилийн заагийг өөрчлөх талаар байгаагүй.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 50 дугаартай тогтоолоор хилийн заагтай давхацсан хэсгийг буцааж үлдсэн хуулиар хязгаарлагдаагүй хэсэгт тусгай зөвшөөрлөө сэргээж авах хүсэлтэй байгаа.

...Байгаль орчны газрын 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн албан бичигт “3.21 га талбайг хасаж үлдсэн талбайд үйл ажиллагааг үргэлжлүүлэхэд татгалзах зүйлгүй” гэсэн. Байгаль орчны газрыг Нийслэлийн Засаг дарга л гэж харж байгаа. 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр “тус компанийн тусгай зөвшөөрлийг сэргээх тухай Нийслэлийн засаг даргын захирамжийн төсөл боловсруулагдаж, захирамжлалын баримт бичиг гаргах ажиллагааны дагуу холбогдох албан тушаалтнуудаар хянагдаж байгаа болно” гэх албан бичиг “Ш ” ХХК-д ирсэн. Энэ албан бичгийг гаргуулахаар А.Мөнхтулга өмгөөлөгч хүсэлт гаргасан боловч “энэ баримт нь архивт байхгүй тул гаргаж өгөх боломжгүй” гэсэн хариуг шүүхэд өгсөн. 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдөр татгалзах зүйлгүй гэсэн хир нь шийдэж өгөхгүй явсаар 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 07/3620 тоот албан бичгээр “Нийслэлийн Засаг даргын А/50 дугаар захирамжаар тусгай зөвшөөрлийг цуцалсан тул тусгай зөвшөөрөл цуцалсан захирамжийг хүчингүй болгох боломжгүй” гэсэн хариу өгсөн. 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг тооцож 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан.” гэв.

3.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Мөнхтулга шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...Маргаан бүхий захиргааны актын захирамжлах хэсэгт “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 50 дугаар тогтоолоор “Ш ” ХХК-ийн 3.21 га талбай давхцалтай гэдгийг үндэслэсэн.

Энэ тогтоолоор батлагдсан хамгаалалтын бүстэй хэсэгчилсэн давхцалтай болохыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 066/6216 тоот албан бичгээр тогтоогддог. Энэ давхцалтай нэхэмжлэгч тал маргаагүй. Гэвч 35.39 га тусгай зөвшөөрөлтэй талбайн 3.21 га талбай давхцалтай байхад бүхэлд нь тусгай зөвшөөрлийг цуцалж газрын хэвлий ашиглах хэсгийг дуусгавар болгох тухай захирамж гаргасан нь хууль зөрчсөн. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 50 дугаар тогтоолоор хамгаалалтын бүсэд үйл ажиллагаа явуулахгүй байх талаар зохицуулсан болохоос хамгаалалтын бүсээс гадна талбайд үйл ажиллагаа явуулах талаар зохицуулаагүй. Мөн тогтоолд Байгаль орчны сайд, Барилга хот байгуулалтын сайдын 2015 оны А230/127 дугаартай хамтарсан тушаалаар батлагдсан журмын дагуу зохион байгуулж холбогдох арга хэмжээг авч ажиллахыг даалгасан байдаг. Уг журмын 1.1-д “онцгой болон энгийн хамгаалалтын бүс, эрүүл ахуйн бүсийн зааг, эдгээр бүсэд мөрдөх дэглэмийг тогтооход оршино”, 2 дугаар зүйлд усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын бүс ба түүний дэглэмийг зохицуулсан. 2.5-т онцгой бүсэд үйл ажиллагаа явуулах байгууллагыг нэрлэн заасан, 2.9-т энгийн хамгаалалтын бүсэд үйл ажиллагаа явуулахыг хориглосон заалт байдаг. Энгийн хамгаалалтын бүсэд заалтад элс, хайрга, чулуу олборлохыг хориглоогүй байдаг. Энэ заалтаар үйлчлүүлэгчийн үйл ажиллагаа явуулахыг хориглоогүй.

Онцгой болон энгийн бүсэд хэдэн га талбай давхцалтай болохыг нарийн тогтоогоогүй гэж үзэж байгаа. 3.21 га талбайг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй болохоос хамгаалалтын бүсийн гадна талбайд үйл ажиллагаа явуулж байгаа ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлах, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох хууль зүйн үндэслэл байхгүй байсан. Дээрх захирамжийн үндэслэл болсон тушаал, тогтоолоор энэ үйл ажиллагааг зохицуулаагүй. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасан дүгнэлт гараагүй, уг хуулийн заалт “Ш ” ХХК-д хамааралгүй. Талбайн давхцалтай холбоотой асуудлаар тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл хуульд байхгүй. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3, 41.4, 41.7-д талбайн хилийн маргааныг шийдвэрлэхээр зохицуулсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэв.

3.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...Нийслэлийн Засаг дарга тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлийг дуусгавар болгох тухай 2017 оны А/60*  дүгээр захирамжийг гаргахдаа Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 50 дугаар захирамжийг үндэслэж гаргасан. Уг захирамжийг гаргахдаа Байгаль орчны яамнаас холбогдох үндэслэл журмын дагуу дүгнэлтийг гаргасан байдаг. Улсын Их хурлын Байнгын хорооны 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 05, 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 01 дүгээр тогтоолыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны хэрэгжүүлэх чиглэлийн дагуу Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар болон Нийслэлийн Байгаль орчны газар 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 2017/16 дугаартай Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд хяналт шалгалт хийх удирдамжийн дагуу 2 байгууллагын хамтарсан хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн байдаг. Тухайн хяналт шалгалтыг хийхдээ тухайн аж ахуйн нэгжийн талбайг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 50 дугаар тогтоолоор тогтоосон Улаанбаатар хотын усны бүсийн хамгаалалтын бүстэй давхцалтай болох талаар Барилга хот байгуулалт, Газар зохион байгуулалт геодези зураг зүйн газраас лавлагааг авсан байдаг. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 03/5118 тоот албан бичгээр тухайн аж ахуйн нэгжийн талаар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 50 дугаар тогтоолоор тогтоосон Усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүстэй хэсэгчилсэн давхцалтай гэсэн лавлагааг хүргүүлсэн. Тухайн аж ахуйн нэгж нь усны хамгаалалтын бүстэй давхцалтай учраас тусгай зөвшөөрлийг цуцалж шийдвэрлэсэн.” гэв.

3.4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ууганжаргал шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 50 дугаар тогтоолоор 200, 100 метр тогтоосон талаар тайлбарлаж байна. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас ирсэн захирамжийн дагуу Усны тухай хуульд заасан эрх хэмжээний хүрээнд тогтоосон. Нэхэмжлэлийн шаардлага 200 метрийг үнэн зөв тогтоосон маргаан биш. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 50 дугаар тогтоол хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Хэсэгчилсэн давхцалтай боловч Засгийн газрын 2015 оны Гол мөрний урсац бүрэлдэх эхийн дагуу олгосон тусгай зөвшөөрлийг цуцлах, усны сан бүхий газарт энгийн хамгаалалтын бүс газарт олборлолт явуулж эхэлсэн тусгай зөвшөөрөл бүхий талбайд холбогдох арга хэмжээ авах, нөхөн сэргээлт хийлгэх журмын дагуу нэхэмжлэгч компани энгийн хамгаалалттай бүсэд давхацсан хэсгээ хасуулаад үлдэх хэсэгт ажиллагаа явуулах боломжтой байсан. Энэ үүргээ биелүүлээгүй учраас Нийслэлийн Засаг дарга газрыг энгийн хамгаалалтын бүстэй давхцалтай гэдэг үүднээс тусгай зөвшөөрлийг цуцалж газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгосон..” гэв.

       ҮНДЭСЛЭХ нь:

Дөрөв: Нийслэлийн Засаг даргын  2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн А/60*  дугаартай “Тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” захирамжийн хууль зүйн үндэслэлийн тухайд:

4.1.Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1-д газрын хэвлийг олгосноос хойш 3 жил ашиглаж эхлээгүй бол газрын хэвлийг ашиглах эрхийг дуусгавар болгож болно, 5-д газрын хэвлийг ашиглах эрхийг уурхайн эдэлбэр олгосон тухай акт буюу газрын хэвлийг ашиглуулах тусгай зөвшөөрөл олгосон байгууллага нь акт буюу зөвшөөрлөө хүчингүй болгох замаар дуусгавар болгоно”, Түгээмэл тархац ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 “тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөөгүй, байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн байгууллага дүгнэлт гаргасан”, тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцалж, шийдвэрийг эзэмшигчид болон 37.6-д зааснаар “...мэргэжлийн хяналтын байгууллагад, ...татварын асуудал эрхэлсэн байгууллага, төрийн захиргааны байгууллагад тус тус мэдэгдэнэ...” гэжээ.

4.2.Гэтэл “Ш ” ХХК нь 2010 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн Түгээмэл тархацтай ашигт малтмалын MV-01558* дугаар тусгай зөвшөөрөл олгосон цагаас эхлэн Налайх дүүргийн 1 дүгээр хороо Их ам нэртэй газарт байрлах талбай дээрээ элс, хайрга олборлох үйл ажиллагааг хийж, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлж, байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлсэн[16] болох нь дээр дурдсан маргааны үйл баримтууд болон шүүхээс маргаан бүхий газар дээр хийсэн “...нөхөн сэргээлт хийсэн/ мод тарьж хашаалсан/ тэмдэглэл[17], фото зураг[18] зэрэг хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдож байх тул маргаан бүхий актад заасан эрх зүйн үндэслэлүүдэд “Ш ” ХХК-ийн тохиолдол хамаарахгүй байх тул актын уг заалт нь “хууль зүйн үндэслэлгүй” болно.

4.3.Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 50 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын ус эх үүсвэрийн хамгаалалтын бүсийг шинэчлэн тогтоожээ[19].

4.4. Уг шинэчлэн батлагдсан хамгаалалтын бүсэд нэхэмжлэгч “Ш ” ХХК-ийн ашиглалтын MV-01558* дугаар тусгай зөвшөөрөл бүхий Налайх дүүргийн 1 дүгээр хороо Их ам нэртэй газарт байрлах 39.11 га талбайгаас 3.21 га талбай орсон болох нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 1/1541 дүгээр албан бичгээр ирсэн баримтаар тогтоогдож байна[20].

4.5.Нэхэмжлэгч болон хариуцагчаас энэхүү үйл баримтын талаар маргадаггүй болно.

4.6.Харин хариуцагч маргаан бүхий актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-т заасан ”хууль үндэслэх” захиргааны үйл ажиллагааны тусгай зарчмыг баримтлаагүй, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д ”Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж заасан захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит үнэнийг тогтоох үүргийг хэрэгжүүлээгүй.

4.7. Өөрөөр хэлбэл хариуцагч нэхэмжлэгчийн гаргасан гомдлын үндэслэлд дурдсан нөхцөл байдлыг тогтоолгүйгээр Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 50 дугаар тогтоолоор батлагдсан хамгаалалтын бүсэд Ш ” ХХК-ийн ашиглалтын MV-01558* дугаар тусгай зөвшөөрөл бүхий нийт талбайн 9.1 хувьтай тэнцэх хэмжээний давхцал бий болсон байхад 91.9 хувийн ашиглагдах тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож байгаа нь  захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан “ захиргааны шийдвэр зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий байх” тусгай зарчимд нийцэхгүй байна.

4.8. Товчхондоо хариуцагч Түгээмэл тархац ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-37.1.4-т заасан тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдоогүй байхад нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гаргасан байх тул Нийслэлийн Засаг даргын  2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн А/60*  дугаартай “Тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” захирамжийн Ш  ХХК-д холбогдох хэсгийг хууль бус, түүний хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ

Тав: “Ш ” ХХК-ийн Ашигт малтмал ашиглалтын MV-01558* дугаартай тусгай зөвшөөрлийн Улаанбаатар хотын ундны усны эх үүсвэрийн хамгаалалтын бүстэй давхцалтай 3.21 га талбайг хасаж, үлдсэн талбайд үйл ажиллагааг үргэлжлүүлэх шийдвэр гаргахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох, “Ш ” ХХК-ийн Ашигт малтмал ашиглалтын MV-01558* дугаартай 32.18 га талбайд тусгай зөвшөөрөл, газрын хэвлийн ашиглах эрхийг сэргээхийг хариуцагчид даалгах” шаардлагын тухайд:

5.1. Хэргийн оролцогчдын тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримт, маргаан бүхий газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл болон холбогдох бусад баримтаас үзэхэд нэхэмжлэгч “Ш ” ХХК-ийн Ашигт малтмал ашиглалтын MV-01558* дугаартай тусгай зөвшөөрлийн Улаанбаатар хотын ундны усны эх үүсвэрийн хамгаалалтын бүстэй давхцалтай 3.21 га талбайг хасаж, үлдсэн талбайд үйл ажиллагааг үргэлжлүүлэх шийдвэр гаргах боломжтой байна.

5.2.Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар “...нэхэмжлэгч компанийн тусгай зөвшөөрлийг сэргээх тухай Нийслэлийн Засаг даргын захирамжийн төсөл боловсруулагдаж “Захирамжлалын баримт бичиг гаргах ажиллагааны журам”-ын дагуу холбогдох албан тушаалтнуудаар хянагдаж байгаа...” талаар Налайх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэст мэдэгдэж байсан[21]

5.3.Улмаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргалын 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 07/1575 дугаар “Асуудал шийдвэрлүүлэх тухай” албан бичгээр[22], “Ш ” ХХК-ийн хүсэлт нь хууль тогтоомжид нийцэж байгаа талаар судлан хариу ирүүлэхийг“ Нийслэлийн Байгаль орчны газрын даргад даалгажээ.

5.4.Нийслэлийн Байгаль орчны газрын дарга дээрх албан бичигт заасан ажиллагааг хийж хэрэгжүүлэн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 02/1377, 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 02/1780 дугаар албан бичгээр “...Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 50 дугаар тогтоолоор батлагдсан баталсан Улаанбаатар хотын ундны эх үүсвэрийн хамгаалалтын бүстэй давхцалтай 3.21 га талбайг хасаж, үлдсэн талбайд үйл ажиллагааг үргэлжлүүлэхэд татгалзах зүйлгүй болно...” гэх хариуг буцаан хүргүүлж байжээ[23].

5.5. Түүнчлэн маргаан бүхий газар дээр шүүхээс үзлэг хийсэн тэмдэглэлээс үзвэл нэхэмжлэгч “Ш ” ХХК-ийн Ашигт малтмал ашиглалтын MV-01558* дугаар бүхий олборлолтын талбайтай Улаанбаатар хотын ундны эх үүсвэрийн хамгаалалтын бүстэй давхцалтай 3.21 га талбайд тус компаниас олборлолтын үйл ажиллагаа огт явуулж байгаагүй[24].

5.6. Уг давхцал бүхий газар дээр зуслангийн зориулалтаар газар олгосноор суурьшлын бүс шинээр үүсэж байгаа тул энэ газрыг нэхэмжлэгч  ашиглах боломжгүй байна.

5.7. Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас “...MV-01558* тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл нь Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газар нутагтай давхцалгүй, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 50 дугаар тогтоолоор баталсан Улаанбаатар хотын ундны эх үүсвэрийн хамгаалалтын бүстэй давхцалтай 3.21 га талбайг хасалт хийх солбицлыг харуулсан мэдээлэл ”[25].

5.8. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга, хот байгуулалтын сайдын /хуучнаар/ 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн А-230/127 дугаар “Журам батлах тухай” хамтарсан тушаалын 2.6-д “Энгийн хамгаалалтын бүсийн заагийг дараах байдлаар тогтооно”, 2.6.1-д” Усны сан бүхий газрын эргээс 200 метрээс доошгүй зайд”, 2.7-д “ Хур бороо шар усаар түр зуурын хугацаанд тэжээгдэн урсан өнгөрөх, тогтоол ус үүсэхгүй, тогтмол тэжээлгүй голдрил  бүхий хуурай сайранд хамгаалалтын бүс тогтоохгүй” гэжээ.

 5.9. Харин хууль зүйн талаасаа Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т “Түгээмэл тархацтай ашигт малтмалын асуудлаар аймаг, нийслэлийн Засаг дарга доор дурдсан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”-хээр заасан байх бөгөөд энэ зүйлийн 11.2.2-т “харьяалах нутаг дэвсгэрт нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг зориулалтаар ашиглуулах, зөрчил гаргасан тохиолдолд уг зөрчлийг таслан зогсоох арга хэмжээ авах”, 11.2.5-д “харьяалах нутаг дэвсгэрт нь хамаарах түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох” заажээ.

5.10. Дээрх нөхцөл байдлыг нэгтгэн дүгнэвэл “Ш ” ХХК-ийн ашиглалтын MV-01558* дугаар тусгай зөвшөөрөл бүхий Налайх дүүргийн 1 дүгээр хороо Их ам нэртэй газарт байрлах 35.39 га талбайгаас Улаанбаатар хотын ундны эх үүсвэрийн хамгаалалтын бүстэй давхцалтай, өмнө ашиглагдаж байгаагүй, цаашид ашиглагдах боломжгүй 3.21 га талбайг хасалт хийж, одоо ашиглагдаж байгаа, дээрх  Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 50 дугаар тогтоолоор баталсан бүсэд огт орох боломжгүй 32.18 га талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөлд заасан үйл ажиллагааг үргэлжлүүлэх боломжтой байсан.

5.11. Энэ талаар нэхэмжлэгчээс хариуцагчид хандан удаа дараа үндэслэл бүхий хүсэлт, уг хүсэлтийн дагуу зохих ажиллагааг хийж хэрэгжүүлсэн атлаа нэхэмжлэгчийн гаргуулахыг хүсэж буй захиргааны актыг гаргахгүй эс үйлдэхүй гаргасан нь хууль бус, үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөгдөж байх тул “Ш ” ХХК-ийн Ашигт малтмал ашиглалтын MV-01558* дугаартай тусгай зөвшөөрөл бүхий талбайн 32.18 га-д газрын хэвлийн ашиглах эрхийг сэргээх шийдвэр гаргахыг хариуцагчид даалгахаар шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.4, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Түгээмэл тархац ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.2, 11.2.5,  37 дугаар зүйлийн 37.1  дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн A/60* дугаар захирамжийн “Ш ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгон, “Ш ” ХХК-ийн Ашигт малтмал ашиглалтын MV-01558* дугаартай тусгай зөвшөөрлийн Улаанбаатар хотын ундны усны эх үүсвэрийн хамгаалалтын бүстэй давхцалтай 3.21 га талбайг хасаж, үлдсэн талбайд үйл ажиллагааг үргэлжлүүлэх шийдвэр гаргахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоон, Ш ” ХХК-ийн Ашигт малтмал ашиглалтын MV-01558* дугаартай тусгай зөвшөөрөл бүхий талбайн 32.18 га-д газрын хэвлийн ашиглах эрхийг сэргээх шийдвэр гаргахыг хариуцагчид даалгасугай

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /Далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Л.БАТБААТАР

 

 

 

 

 

 

[1] Хавтас хэргийн 7 хуудас

[2] Хавтас хэргийн 7-8 хуудас

[3] Хавтас хэргийн 13-19 хуудас

[4] Хавтас хэргийн 144-151 хуудас

[5] Хавтас хэргийн 153 хуудас

[6] Хавтас хэргийн 20 хуудас

[7] Хавтас хэргийн 21 хуудас

[8] Хавтас хэргийн 22 хуудас

[9] Хавтас хэргийн 23-24 хуудас

[10] Хавтас хэргийн 25 хуудас

[11] Хавтас хэргийн 27 хуудас

[12] Хавтас хэргийн 28-33 хуудас

[13] Хавтас хэргийн 34 хуудас

[14] Хавтас хэргийн 35 хуудас

[15] Хавтас хэргийн 48,132 хуудас

[16] Хавтас хэргийн 44-45, 125 хуудас

[17] Хавтас хэргийн 245 хуудас

[18] 2Хавтас хэргийн 5 хуудас

[19] Хавтас хэргийн 79-85 хуудас

[20] Хавтас хэргийн 195-197 хуудас

[21] Хавтас хэргийн 131 хуудас

[22] Хавтас хэргийн 130 хуудас

[23] Хавтас хэргийн 126-127 хуудас

[24] 2Хавтас хэргийн 3 хуудас

[25] Хавтас хэргийн 42-43, 179-180  хуудас