Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 2023/ШЦТ/109

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                         

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Ж.Одтуяа

Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Ариунтөр,

Шүүгдэгч Б.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Ариунтөрөөс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.От холбогдох эрүүгийн .... дугаартай хэргийг 2023 оны 06 сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

   Монгол Улсын иргэн, Б.О

 

Холбогдсон хэргийн талаар

Яллагдагч Б.О нь 2023 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр ........ тоотод  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Э.Бтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан үсдэх, чихнээс нь хазах зэргээр эрүүл мэндэд нь “...зүүн чихний шарх, зүүн шуунд цус хуралт, зүүн хөхөнд зулгаралт...” бүхий хөнгөн хохирлыг санаатайгаар учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт  дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:            

Шүүгдэгч Б.Оийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн, зөв гэсэн мэдүүлэг,

 

Хохирогч Э.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Тэр хэд явах гэж байтал О эгч гэрийн зүүн талд байдаг хөргөгч  дээр байсан халуун ногоог аваад миний нүд рүү цацахад би юм харж чадахгүй байхад О нь намайг үсдэж дараад миний зүүн чихийг тас хазаад, 2-3 удаа миний гэдэс рүү өшиглөсөн. Тэгээд шууд М, М,О, О нар яваад өгсөн...эмчилгээний зардал мөнгийг гаргуулж авмаар байна. Нийтдээ 80,000 төгрөг болсон ” гэсэн мэдүүлэг( хавтаст хэргийн 06-08, 61  дугаар тал)   

 

Гэрч Г.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...Б надад хандаж чи дандаа худлаа хэлдэг, бөөрөнхий хэлтэй гэх мэтээр хэл амаар доромжлоод миний мөр хэсэг рүү алгадаад байлгахгүй байх үед О эгч Бт хандаж чи одоо боль боль гэхэд Б нь О эгчийг шууд үсдээд авахад О эгч зөрүүлээд шууд Бийг үсдээд зууралдаад Монгол гэрийн зүүн талд унаад шалан дээр унаад өнхрөөд байсан” гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 33-35 дугаар тал),

 

Гэрч Б.Уын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Нэлээн халамцуу ирсэн эгч гэнэт манай эхнэр Бийг 2 гараараа үсдэхэд Б зөрүүлээд тухайн эгчийг үсдээд шалан дээр унаад өгсөн ба нөгөө эгч манай эхнэр Бийн зүүн чихийг хазахаар нь Ногооноо бид 2 салгахад нөгөө эгч манай эхнэр Бийн салтааны хэсэг рүү 2 удаа өшиглөсөн.” гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 20-22 дугаар тал),

 

Яллагдагч Б.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 57 дугаар тал),

 

Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний албаны ... дугаартай “...1.Э.Бийн биед зүүн чихний шарх, зүүн шуунд цус хуралт, зүүн хөхөнд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. 3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна." гэсэн шинжээчийн дүгнэлт ( хавтаст хэргийн 37 дугаар тал),

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас ( хавтаст хэргийн 59 дугаар тал) зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.О нь 2023 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр ........ тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Э.Бтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүний үснээс үсдэж, зүүн чихийг нь хазаж, өшиглөснөөс эрүүл мэндэд нь "... зүүн чихний шарх, зүүн шуунд цус хуралт, зүүн хөхөнд зулгаралт...” бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдлоо.

 

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох хохирогч Э.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "... О эгч гэрийн зүүн талд байдаг хөргөгч  дээр байсан халуун ногоог аваад миний нүд рүү цацахад би юм харж чадахгүй байхад  намайг үсдэж дараад миний зүүн чихийг тас хазаад, 2-3 удаа миний гэдэс рүү өшиглөсөн” гэсэн мэдүүлэг, гэрч Г.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...О эгч Бт хандаж чи одоо боль боль гэхэд Б нь О эгчийг шууд үсдээд авахад О эгч зөрүүлээд шууд Бийг үсдээд зууралдаад монгол гэрийн зүүн талд  шалан дээр унаад өнхрөөд байсан” гэсэн мэдүүлэг, гэрч Б.Уын  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн“...нөгөө эгч манай эхнэр Бийн зүүн чихийг хазахаар нь Ногооноо бид 2 салгахад нөгөө эгч манай эхнэр Бийн салтааны хэсэг рүү 2 удаа өшиглөсөн” гэсэн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ... дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.Оийн хохирогч Э.Бийн биед учруулсан гэмтэл нь  гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт заасан хөнгөн гэмтэлд хамаарч байх тул эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

            Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Шүүгдэгч Б.Оийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд тэрээр хохирогчийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсан гэж үзнэ.

            Иймд хяналтын прокуророос Б.От холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангасан байна гэж шүүх дүгнээд шүүгдэгч Б.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж  үзлээ.

            Шүүгдэгч Б.О нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа  хүлээн зөвшөөрсөн болно.        

          Хохирол төлбөрийн талаар:

Хохирогч Э.Б нь эмчилгээний зардал 80,000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч нь төлж барагдуулсан байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч Б.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах санал, дүгнэлтийг гаргаж оролцлоо.

 

Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн,хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.

 

Шүүгдэгч Б.О нь урьд 4 удаагийн ял шийтгэлтэй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар , шүүгдэгчийн хувийн байдал /эрүүл мэндийн байдал,элэгний цирроз өвчний улмаас байнгын эмчийн хяналтад байдаг/  зэргийг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Б.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ. 

Бусад асуудлаар:

Шүүгдэгч Б.О нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Б.О нь бүрэн дунд боловсролтой бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг бичгээр  гаргасан нь мөн хуулийн 1.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасантай нийцэж байх тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6, 36.7,36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.От 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Шүүгдэгч Б.От оногдуулсан 900,000 төгрөгийн торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

 

4.Шүүгдэгч Б.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 

5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч Б.От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

            

                                                                                                                         

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Д.АДЪЯАСҮРЭН