Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 2023/ШЦТ/519

 

 

 

 

 

 

 

 

 

     

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Дашдондов даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,

улсын яллагч Д.Түмэнжаргал /томилолтоор/,

шүүгдэгч Ц.Д-нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Д-холбогдох 2208019151712 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1971 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “******************” ХХК-д туслах ажилтнаар ажилладаг, Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужир булан 5 дугаар хэсэг, 85 дугаар гудамж, **** тоотод ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

************** овогт Ц-ийн Д (регистрийн дугаар:*******************).

 

Шүүгдэгч Ц.Д-нь 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Баянхайрханы 8 дугаар гудамж, ***** тоот хашаанд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч А.У-бусадтай хардан зодож, эрүүл мэндэд нь “цээжний зүүн 3,4,5,6,7-р хавирганы хугарал, бүсэлхийн 2,3-р нугалмын зүүн хөндлөн сэртэнгийн хугарал, тархины хоёр тал бөмбөлгийн таславч, шулууны синус, тенториумын аалзан хальсан доорх цус харвалт” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

 

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

3. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч оролцсон.

4. Шүүгдэгч Ц.Д-нь архидан согтуурсан үедээ хамтран амьдрагч А.У-хавирга хэсэгт олон удаагийн үйлдлээр цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь:

4.1. Хохирогч А.У-ын: “...П.Д бид 2 хамтран амьдарч байгаа. Дундаасаа хүүхэдгүй, гэрлэлтийн баталгаагүй хүмүүс. П.Д бид хоёр 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдөр манай эгч О-ын гэрт очиж хоносон. ...2022 оны 5 дугаар сарын 31-ний өглөө босоод байж байхад П.Д гараад явсан. П.Д ирэхгүй удаад байхаар нь би араас нь гараад хайгаад явж байхад эгчийн гэрийн ойролцоо байх дэлгүүрийн араас нэг шил нэрийг нь мэдэхгүй архи бариад хүрээд ирсэн. П.Д бид хоёр эгч П.О хашааны ойролцоо байх гол ороод уг архийг хувааж уусан. Архиа ууж дуусаад эгч П.О гэрт ороод П.Д бид 2 буцаж гараад урд талын хамар хашааны танихгүй айлд ороход тэр айлын хүмүүс архи ууж байсан. Тухайн айлд байсан танихгүй хүмүүстэй хамтран амьдрагч П.Д бид хамт нэрийг нь санахгүй байна нэг шил 0,75 литрийн Хараа нэртэй архи уусан. Буцаад эгч П.О гэр лүү орох гээд явж байхад П.Д намайг хардаад миний зүүн талын хавирга хэсэгт гараараа цохиод байсан. Хэдэн удаа цохисон талаар санахгүй байна. Ухаан ороход гэмтлийн эмнэлэгт сэрсэн. ...Миний санаж байгаагаар П.Д миний цээж, зүүн хавирга хэсэгт эгчийн гэрийн гадаа хашаан дотор байхад 2 удаа гараараа цохиод, би газар унасан.Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13, 16 хуудас),

 

4.2. Гэрч Г.У-ийн: “...Шөнө 00 цагийн орчим миний гар утас руу дүү нар залгаад “ээж, аавыгаа Баруун салаанаас ав” гэхээр нь Баруун салаанд П.О эгчийн гэрт очиход манай ээжийн зүүн хацар нь тэр чигтээ хавдчихсан “зүүн талын хавиргаар нь өвдөөд байна, яаснаа мэдэхгүй байна” гэж байсан. П.Д шал согтуу намайг хараад “яах гээд байгаа пизда вэ” гээд харааж, ерөөгөөд байсан. П.О эгч болон хүүхдүүд нь “Б.У-, П.Д хоёр гадуур явж байгаад ирэхэд ***************** зүүн хацар нь хавдсан, зүүн хавиргаар нь өвдөөд байна гэж орж ирсэн, яг яаснаа хэлэхгүй байна, хүнд зодуулсан байж магадгүй” гэж хэлэхээр нь би ээжийг хойд эцэг П.Д зодсон байж магадгүй гэж бодоод П.Дийг эрүүлжүүлэхэд өгсөн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 20 хуудас),

4.3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 8019 дугаар "...А.У биед цээжний зүүн 3,4,5,6,7-р хавирганы хугарал, бүсэлхийн 2,3-р нугалмын зүүн хөндлөн сэртэнгийн хугарал, тархины хоёр тал бөмбөлгийн таславч, шулууны синус, тенториумын аалзан хальсан доорх цус харвалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...." гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 23-24 хуудас),

 

4.4. Ц.П.Дийн яллагдагч болон шүүгдэгчээр өгсөн “...Би хамтран амьдрагч /***** гараараа цээж хэсэгт нь 2-3 удаа цохих үед газар хүчтэй 2 удаа унасан. Мөн газар унасан байхад нь нэг удаа өшиглөсөн юм. ... Би хийсэн хэрэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 63 хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

5. Хохирогчийн биед учирсан хүндэвтэр хохирол нь шүүгдэгчийн хохирол, хор уршгийг хүсэж үйлдсэн гэм буруугийн санаатай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, түүний хууль бус үйлдлийн улмаас гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах хохирол учирсан, мөн гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байгаа хүний эрүүл мэндэд халдаж хүч хэрэглэсэн, хууль бус үйлдлээ төгсгөснөөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинж хангагдсан.

6. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.

 

7. Хохирол, хор уршгийн талаар:

7.1. Хохирогч А.У нь мөрдөн шалгах ажиллагаанд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүйгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

7.2. Иргэний нэхэмжлэгч Д.Г нь энэ гэмт хэргийн улмаас Эрүүл мэндийн даатгалын сангаас 212,500 төгрөгийн зардал гарсан талаар мэдүүлсэн (хавтаст хэргийн 102-103 хуудас), мөн гэмт хэргийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийн мэдээлэл (хавтаст хэргийн 99 хуудас) хавтаст хэрэгт авагдсан.

7.3. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1. “Гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж заасан тул шүүгдэгч Ц.П.Дээс 212,500 төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Эрүүл мэндийн даатгалын санд олгох нь зүйтэй.

8. Эрүүгийн хариуцлагын талаар:

8.1. Улсын яллагчаас: шүүгдэгч Ц.П.Дийг цалин хөлс орлогогүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан.

 

            8.2. Шүүгдэгч: Би гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа, ЭМДСангийн мөнгийг төлөхөө илэрхийлж байна, би ажил эрхэлдэг тул надад торгуулийн ял оногдуулж өгнө үү гэв.

 

            8.3. Шүүгдэгч Ц.П.Дийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй.

 

            8.4. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдлыг зайлшгүй харгалзан үзэх шаардлагатай.

 

            8.5. Шүүгдэгч Ц.Д-нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд согтуурсан үедээ, хувийн таарамжгүй харилцааны улмаас хамтран амьдрагчийнхаа эрүүл мэндэд хохирол учруулсан, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй, улсын яллагч зөвхөн 2022 оны 08-10 сарын хугацааны депозит дансны хуулгаар цалин орлогогүй гэж дүгнэлт хийж буй нь бүрэн гүйцэд биш баримтад үндэслэсэн дүгнэлт болсон хувийн байдлын хувьд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа, эрхэлсэн тодорхой ажилтай болох нь “****************” ХХК-ийн захирлын тодорхойлолтоор нотлогдож байгаа зэргийг харгалзан улсын яллагчийн ялын дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй тул шүүдэгчийн торгох ял оногдуулж өгнө үү гэсэн саналыг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 06 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь  түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, хувийн байдалд тохирно гэж шүүх шийдвэрлэв.

           

            9. Шүүгдэгч Ц.Д-шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2023 оны 4 дүгээр сарын 20-28-ны өдрийг хүртэл 08 хоног цагдан хоригдсон.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар түүнд оногдуулсан торгуулийн ялаас цагдан хоригдсон 08 хоногийн 01 хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцон хасаж 2,580,000 /2,700 нэгж буюу 2,700,000 – 8 х 15000  = 2,580 нэгж буюу 2,580,000/ төгрөгөөр торгуулийн ялын хэмжээг тогтоох нь зүйтэй.

 

            10. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тогтоолд тус тус дурдаж шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилжж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. ************* овогт П.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Ц.П.Дийг 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний 2,700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Ц.П.Дийн цагдан хоригдсон 08 хоногийн 01 хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцон, түүнд оногдуулсан торгох ялаас хасч, торгох ялын хэмжээг 2580 нэгж буюу 2,580,000 төгрөгөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 06 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг Ц.Д-үүрэг болгосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Ц.Д-мэдэгдсүгэй.

 

6. Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-д зааснаар Ц.П.Дээс 212,500 төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

9. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Д-авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                       ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                             Б.ДАШДОНДОВ